Thursday, 10 March 2016

СОЛОНГОСЖИЛТ УУ, ХЯТАДЖИЛТ УУ: ГУТРАНГИ ПРОГНОЗ


Дөрвөн жилийн өмнө Солонгосжилт уу, хятаджилт уу? гэдэг нэг сүртэй нэртэй нийтлэл бичсэнээ саяхан санамсаргүй олж уншаад засаж бичмээр санагдав. Тэр нийтлэлийн санаа нь бид Зүүн Xойд Азитай сүжирсээр хятаджихаас сэргийлдэг дархлаагаа сулруулж адагтаа хятад болчих вий гэсэн аятай. Учир нь энэ бүс нутгийн—өдгөө монголчууд нуруугаа тасартал урд нь тонголздог—Япон, Солонгос улсууд өлгийтэйгээсээ хятадын соёлоор бойжсон, түүнийхээ хүчинд ч өдий зэрэгт хүрсэн. Харин бидний өвөг дээдэс нүүдэлчид—яагаад ч юм бэ, бүү мэд—бөөснөөсөө салахыг хүсээгүй мэт хятадын Цагаан хэрмээс дутахааргүй Хятадаас хажигладаг их зантай явжээ. Үүний гай (гавьяа ч юм уу?), бид хөгжөөгүй, бүдүүлэг хэвээрээ.
Одоо Зүүн Хойд Азид шургахаар ханцуй шуун нэгэнт зүтгэсэн тул дээрх санааг оролдмооргүй л байна. Гэнэн ч сонсогдоно: Ерөнхий сайд С.Баяр хүртэл “Монгол Улс өдгөө эдийн засаг, улс төрийн хувьд эргэлт буцалтгүйгээр Зүүн Хойд Азийн орон болжээ” гэсэн тул угаасаа л бүгд тодорхой, Монголд хурдан хөгжих өөр гарц алгаа.
Гутранги прогноз гэж давхар гарчиглахдаа хятад болчихлоо гэж гаслаагүй. Харин хэчнээн чармайгаад—Япон, Өмнөд Солонгосоос тэс өөр болохоор—хурдан хөгжиж Азийн бар болохгүй байх гэж гутарсан юм. Уламжлалт соёл, үнэт зүйлсээс харахад Япон, Солонгос хоёр Монголоос ондоо байна.
Xөгжил зөвхөн материаллаг баялаг биш тул бүс нутгийн эдийн засгийн интергацид хамрагдах нь зөвхөн эдийн засаг, улс төрийн бус мөн соёл, үнэт зүйлсийн асуудал. Иймд манай улс төрчид алгасдаг энэ асуудлыг хөндөх нь илүүдэхгүй бөгөөд ялгаа зааг, ижил зүйлсээ сайн мэдэж бусадтай харилцвал бидэнд л өгөөжтэй.
Өнөөгийн байдлаар гадаадад ажиллаж, амьдардаг монголчуудын хамгийн олон буюу ойролцоогоор 32 мянган монгол иргэн[1] Солонгост ажиллаж, сурч; хамгийн их мөнгө тэр зүгээс цутгаж байна. Манай нийгэм Өмнөд Солонгос, Японы соёлыг памбалзуур шиг л ховх сорон; телевизийн олон ангит кинонууд нь монголчуудын амьдрах хэв маяг, хувцас, хоол, ааш зан, хэл яриаг өөрчилж, манай өсвөр үеийнхнийг хүмүүжүүлж байна.
Кимчитэй хуушуур амттай биз дээ? Японы сумогийн хоёр их аварга хэн билээ?  Хэдийгээр монгол залуус ч Японы соёлын том импортлогч нар бөлгөө. Японтой харилцаа холбоог сайжруулах гол зорилготой Д.Кекүшюзан УИХ-д сонгогдож; Дархан, Эрдэнэт явж байгаа юм шиг Токио, Киото нисэн зөвлөгөө, заавар өвөртлөн арлын орноос ард түмэндээ хэрэгтэй зүйлийг бүтээхээр буцан ирдэг. Энэ бүхэн бол факт. Гутарч гуних ч зүйл биш. Болоод л байна. ХXI зуунд Монгол Улс амжиж хөгжихийн тулд бүхий л арга чаргаа хэрэглэж байна.

*
Хэд хоногийн өмнө Орчин цагийн Солонгосын товч түүх[2] гэдэг ном уншлаа. Уншаад товч түүхтэй юм гэсэн сэтгэгдэл анх төрлөө. Товч түүх уншсан тул аргагүй л дээ. Мөн дандаа гадагшаа дайpдаг манайхтай харьцуулбал солонгосчууд ганц газартаа гадсаа зоогоод өдий хүрсэн нь товч санагдсан байх. Солонгосчууд гадагш дайтсангүй харин харийн зандалчдаас болж их зовжээ. Хятад, монгол, манж, япон гээд есөн шидийн нөхөд ёстой л нэг Солонгос орныг талхалжээ.
Солонгосын хойг үүдний өрөө шиг л байж. Хэн дуртай нь ирж л байдаг, явж л байдаг. Ихэвчлэн хувь заяаг нь гаднаас шийддэг. Үүний шалтгаан нь байгалийн баялаг бус газарзүйн байршил: стратегийн чухал ач холбогдолтой тул хөршүүдийнхээ хорхойг их хүргэдэг аж. Орос, Хятад, Японтой хиллэж; Номхон далайгаас эх газрын Азийн бусад улсууд руу очиход байгалийн гүүр болдог улс юм байна. Хубилай хаан Японыг эзлэхээр оролдохдоо (1274, 1281 онуудад) Солонгосоор дамжсан. Япончууд мөн эхэлж Солонгосыг эзлээд Хятад руу довтолсон. 1950 онд Хойд Солонгос, Өмнөд рүү довтлоход Америк, Хятад хоёр үзэлцсэн… Япончууд зүрх рүү заасан хутга, хятадууд дагзан дээр хэзээд ч буухад бэлэн лантуу гэдэг Солонгосын хойгийг өвөл Сибирийн хүйтэн агаар, зун Номхон далайн агаар хоёр дайрч, цаг агаарыг нь эрс хувьсгана.
Хэдийгээр солонгосчууд Төв Ази, Манжуураас гаралтай; солонгос хэл монгол, турк хэл шиг урал-алтайн хэлний бүлэгт багтдаг ч олон зууны туршид утга зохиолоо сонгодог хятад хэлээр бичсэн; үгсийн сангийнх нь тал хувь хятадаас зээлсэн үгс гэнэ. Манай хувьд хятадаас зээлсэн үгс арай тал хувийг эзлэхгүй. Шийгуа, бууз, цонх гэх мэт үгс хятад гаралтай; голцуу Юань гүрний үед л монголчууд утга зохиолоо хятадаар бичсэн санагдана. (Өвөр Монгол ондоо байгаа нь мэдээж.)
Солонгос, Хятадын харилцаа маш дотно бөгөөд эртнийх. МӨЭ 108 оны үед хятадын Хан династи солонгосын Эртний Жусон улсыг эзэлснээс хойш хятадын нөлөө эрчимжиж, өнөөг хүртэл тасалдаагүй. Хэрэв манай өвөг дээдэс бүдүүлгээрээ дуудуулсаар өдий хүрсэн бол солонгосчуудын өвөг дээдэс Дундад Улсаас байнга үлгэр дуурайл авч, хятадуудаас бүр Күнзийн сургаалыг дотор хүнээс илүү чанд мөрдөж сахидаг гэсэн үнэлгээ авчээ.
Хятадын нөлөө гурван маягаар хэлбэржин, солонгосын нийгэм, соёлд үүрдийн ул мөрөө үлдээж. Хамгийн чухал нь хятадын дүрс үсгийг хэрэглэсэн явдал. XV зуунд солонгосын 28 үсэгтэй хангыл бичгийг зохиохоос өмнө бичгийн хэл нь хятад байжээ. Гэхдээ XIX зууны шинэчлэл өрнөтөл хангыл бичгээ дорд үзэн идэвхтэй хэрэглэлгүй, баруун европынхон латин бичгийг хэрэглэдэг шиг ханзаар албан хэргээ хөтөлсөөр ирж.
Хоёр дахь хятадын импорт бол Буддын шашныг авсан явдал. Буддын шашин солонгосын бөө мөргөл, зан заншилтай холилдож, нийгмийн бүх давхаргад нь хүржээ. Мөн Солонгосоор дамжин хятадын соёл Японд нөлөөлжээ. (Монголчууд Төвдөөс Буддын шашныг авсан.)
Гурав дахь хятадын соёлын довтолгоо бол Күнзийн сургаал. Күнзийн сургаалын нөлөөгөөр солонгосын төр, нийгмийн тогтолцоо, үнэт зүйлс бүрэлдсэн.
Нэгдсэн Шилла Улсын үед (676-935)[3], хэдийгээр хятадуудыг хөөсөн ч, 735 онд Хятад албан ёсоор Солонгосын Вант Улсыг хүлээн зөвшөөрч, Хятадаар толгойлуулсан олон үндэстний Күнзийн дэг, системийн хүрээнд Солонгосыг бүрэн эрхт гишүүн болгожээ. Тэр цагаас хойш Солонгос, Хятад хоёр эцэг хүүгийн дотно харилцаатай байсан. XVII зуунаас хойш энэ харилцааг ах дүүгийнх гэж томъёолох болжээ. Үүний хүчинд ч Дундад Улс солонгосчуудыг зэрлэгүүд гэж үзэхээ больж, Күнзийн соёл Солонгост нэвтэрч хаадууд нь Тэнгэрийн хөвүүнд бэлэг сэлт, татвар өгч захирах эрхээ зөвшөөрүүлдэг байж. Энэ заншил 1895 он хүртэл буюу Барууны жишгээр тусгаар улс болтол нь үргэлжилсэн байна.
Шиллагийн дараа гарч ирсэн Курёо улс (936-1392) Күнзийн сургаалыг улс төрийн баримтлал, Буддын шашныг төрийн шашнаа болгосон байна. Энэ Курёогийн улс шавар ваар болох Сангамчонжаг урлаж, дэлхийд анх удаа төмөр бар зохиожээ. Энэ үед Буддын шашны эсрэг Күнзийн шинэ урсгал (Neo-Confuicianism) үүсэж, бас түүхийн oлон ном бичсэн боловч манайхан очоод яйруулчихаж.
Курёо улс монголчуудад дарамтлуулсныг, энэ номонд катастрофи (great catastrophes) буюу маш их гамшиг гэж бичжээ. Монголчууд зуу гаруй жил Солонгостой ураг барилдахдаа олигтой зүйл хийгээгүй боловч хятаджих явцыг сааруулсан байж магад.
Монголчуудын дараа Курёог Жусон улсаар (1392-1910) сольж, Буддын шашныг халан Күнзийн сургаалыг төрийн шашнаар өргөмжилж, хятадын Мин улстай эцэг хүүгийн харилцаагаа сэргээсэн боловч харамсалтай нь тэдний янаг харилцаа мөнхөд үргэлжилсэнгүй. XVII зуунд манжууд Мин  улсыг эзлэн Солонгосын шинэ ноёдоор тодорсон байна. Манжийн дарлалд байхдаа Солонгос Күнзийн системд багтсан улсын хувьд бүх гадаад харилцаагаа Манжид даатгаж, гадаадынхныг улс орондоо ирэхийг хориглон, сайн дураараа өөрсдийгөө гадаад ертөнцөөс тусгаарлаж Даянч улс гэгдэх болжээ.
Монголчуудад сонирхолтой нь юу гэвэл, хэрэв Манжийн дарлалаас манайхан үхэх гэж байсан (650 мянгахан хүн амтай)[4] улс гарч ирсэн бол, харин эд нар хоёр зуун жилийн дараа нэлээн үржчихсэн, эдийн засаг нь сайжирчихсан мултарчээ. 1657-1753 он хүртэл арвай, будаа арвин ургасны хүчинд 2 сая гаруй байсан хүн ам 7 сая болтлоо үржсэн байх юм. Үнэхээр хачирхалтай. Хоёулаа Манжид дарлуулж, бөглүү зэлүүд орон байсан… Манжууд маниуст хатуу хандаад байв уу? Эсвэл хэтэрхий удаан байлдав уу? Эсвэл манайхны арчаагүй зан уу? Эсвэл шарын шашныг ашигласан сүм хийдийн гай юу?… Бүү мэд.
Солонгосын түүхээс парадокс ч гэмээр зүйл ажиглагдлаа. Хятадын соёлыг их доозоор хүртэхдээ Хятадад уусаж өвөрмөц шинж төрхөө алдаагүй. Гэхдээ өдий зэрэгтэй яваагийн гол хүчин зүйл нь оргиналиараа байхдаа биш, харин хэзээ ч Күнзийн сургаалын цөмийг хадгалж, төрийн зохион байгуулалтаа гээгээгүйд бий.
Күнзийн сургаал бол эртний хятадын үзэл суртал, гүн ухаан. Заримдаа шашин ч гэж нэрлэгддэг. Энэ сургаал зөвхөн Зүүн Азид биш Төв Азид ч нөлөөлсөн. Гэхдээ Төв Азийн нүүдэлчдийн хувьд Күнзийн сургаалыг Солонгос, Япон шиг үхэн хатан мөрдөж дагаагүй. Харин ч өөдөөс нь сөрөх шашин соёлыг хөгжүүлж байсан.
Күнз ойролцоогоор МЭӨ 500 онд амьдарч байж.[5] Түүний гол сургаал бол ертөнцөд хамаг юмс өөрсдийн зохих байр суурьтай—хүний нийгэм ч адил. Хэрэв хүн бүхэн зохих байр сууриа мэддэг, мөн хариуцлагаа хүлээж чаддаг бол амар амгалан, зохицлыг олох ажээ. Күнзийн сургаал таван харилцааг чухалчилдаг: Хаан ба сайд ноёд, эцэг ба хүү, ахмад ба залуу, нөхөр ба эхнэр, мөн анд найзуудын харилцаа тус бүр өөр өөрийн онцлох чанартай, дагаж мөрдөх ёстой. Энэ сургаалд орсон улсуудын хувьд Хятад бол төв цэг бөгөөд бусад нь нарыг тойрон эргэлдэх гаригуудтай адил байр суурьтай.
Иймд Күнзийн сургаалыг сайн судалбал уг сургаалд эрт дээр үеэс орсон улс орнуудтай харилцах харилцаагаа бэхжүүлж, хэдийд наалдах, хэдийд зайгаа авахаа мэдэх болно. Хориод жилийн өмнө монгол судлаач, япон бүсгүй Кимүро Аяоко хятадын соёлыг судалж мэдэхгүйгээр тархины тураалаас монголчууд гарахгүй гэж Тархины тураал гэдэг нийтлэлдээ бичиж байсныг, мөн 2006 онд манай улс БНСУ-тай хөрш орнууд болсныг санахад илүүдэхгүй. Манай улсад төрийн айлчлал хийсэн хөрш орны маань Ерөнхийлөгч Ну Мү Хён, манай Засгийн газартай хамтарсан мэдэгдэл гаргахдаа: Хоёр орон Зүүн Хойд Азид орших хөрш орнуудын хувьд цаашид улс төр, эдийн засаг, соёлын бүхий л салбарт хамтын ажиллагаагаа ‘Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл’-ийн зарчмын үндсэн дээр хөгжүүлэхээр[6] тохирцгоосон билээ.
Хэрэв Монгол, Зүүн Хойд Азид оршдог л юм бол энэ бүс нутагт их нөлөөлсөн хятадын соёлыг судалж, мэдэх шаардлагатай. Хятадын соёлыг соосогдсон Япон, Солонгос гэх мэт улсууд хятад болчихолгүй харин ч бүр хөгжөөд, бүрэн аж үйлдвэржсэн байна. Хэрэв хөгжвөл хаанахын соёл нь хамаагүй ч юм уу? Төвдийг хар! Oндоо шашин соёлтой атлаа Хятадын салшгүй нэг хэсэг байхад, Күнзийн системд сайн дураар багтсан Япон, Солонгос тусгаар улсууд болчихсон л байна.
Хятадыг судлах нь хятаджихдаа биш харин Зүүн Хойд Азийг таньж, манай нийгмийн үнэт зүйлсийн шилжилт өөрчлөлтийг зөв тодорхойлоход чухал. Монгол хүний уламжлалт үнэт зүйлс хэрхэн хувирч өөрчлөгдөж буйг сайн судлаагүй. Гуйлгачинд сонголт үгүй гэдэг шиг хүчгүй соёлтой өнөөгийн бид ардчиллын далимаар юу л бол юу тархи толгойдоо цутгаж байна. Энэ нь ч тархины тураалд орсноос дээр. Өдөр тутам далд өрнөх үнэт зүйлсийн харшилдаанд монголчууд байнга хүчиндүүлж, Монгол Улсын Ерөнхий сайд соёлоо түгээцгээ гэхийн оронд харьд зугтаж очсон голцуу шал, шаазан, жорлон угаадаг хүмүүсээс соёлыг аваад ирээч хэмээн доош орон гуйлаа.
Бодит байдлаас ажихад, орчин цагийн Солонгос ба Зүүн Хойд Азиас зөвхөн хятадын соёлыг импортлоогүй мөн тэдний авчирсан барууны соёл, олон янзын шашин, бас бус маш олон үл анзаарагдах үнэт зүйлсийг тархи, зүрхэндээ юүлсэн.
Өмнөд солонгосчуудын, 2005 оны байдлаар, нийт хүн амын 46.5 хувь нь шашин шүтдэггүй, 29 хувь нь Христийн, 22.8 хувь нь Буддын шашин шүтдэг ба Өмнөд Солонгос гадаадад явуулсан христийн шашны номлогч нарынхаа тоогоор дэлхийд АНУ-ын дараа хоёрт ордог гэнэ.[7]
Бас нэг мэдээгээр бол, Засгийн газрынх нь статистикаар, 1985 оны байдлаар Өмнөд Солонгосын хүн амын 42.6 хувь буюу 17 саяас илүү нь зохион байгуулалттай шашны ямар нэгэн урсгалыг дэмждэг. Дор хаяж 8 сая хүн буюу нийт хүн амын 20 хувь нь Буддын шашинтай, ойролцоогоор 6.5 сая нь Протестант (хүн амын 16 хувь), 1.9 сая Католик (5 хувь), 500 000 орчим нь Күнзийн сургаалыг дагадаг (1 хувь), 300 мянгаас илүү нь (0.7 хувь) бас бусад шашны урсгалуудад хамрагддаг гэнэ. 1980 оны сүүлээр Өмнөд Солонгост шашны 300 гаруй шинэ урсгалууд тоолуулсан байх юм.[8]
Яг энэ үед манайд Ардчилал мандаж, хамаг юмс замбараагүй, аз туршсан авантюристүүд чөлөөтөй ирж байсан бөгөөд 300 гаруй урсгалын хэд нь манай улсад туршилт хийсэн бол. Хамгийн осолтой нь эдгээр сургаал номлолын ихэнх жижиг, хувьсан өөрчлөгдсөн үзэгдлүүд байсан нь бүр барьцгүй болгож байна. Ерээд онд шинэ нэвтэрсэн сургаал номлолыг шүтдэг зарим хүүхэд залуус аав ээждээ дахиж төрнө гэж зурвас бичээд өндөр байшин дээрээс нисэж үхцгээсэн. Чухам ямар сургаал тэгж сургадаг байсан юм бол?
Мэдээж, Зүүн Хойд Азийн соёл, үнэт зүйлс Монголд нэвтрэхэд эрс эсэргүүцэх утгагүй. Солонгос түүхэндээ Монгол шиг харийн улсуудыг эзэлж их гүрэн байгуулаагүй ч өнөө үед Өмнөд Солонгос дэлхийн баян улсуудын нэг болсны хувьд дэлхийд биш юм аа гэхэд Азид эдийн засаг, улс төр, соёлын хүчтэй нөлөөтэй болсон тул соёл, моодоо бусдад тархааж байна. Солонгосын таеквондо, японы жудо Олимпийн спорт болсон нь үүний баталгаа. Гол нь бид хэн бэ? Тэд хэн бэ? гэдгийг л заагтай мэдэх чухал.
Хятад, cолонгос, япончуудаар Монголд хийлгэх юм ч их бий. Наад зах нь зөв хооллох идээ ундаа. Хоолой давбал хоол гэдэг нүүдэлчдийн ухагдахууныг эрс өөрчлөхгүй бол манайхан олдсоноо хамаагүй идсээр метр, метрээр харайж яваад л чадхийх юм. Гэтэл Зүүн Хойд Азийн улсууд эрүүл хоол хүнсээрээ дэлхийд алдартай. Настан буурлууд нь мм, мм-ээр алхсаар ёстой нөгөө үхдэггүй ээ гэдэг шиг урт насалдаг нь идэж уудаг хоол хүнсээс нь шалтгаалдгийг хөгжсөн бусад улсууд дүгнээд, судалчихжээ. Мөн оросын нөлөөг саармагжуулж, гээсэн соёл, зан заншлаа ч эднээс олж болох юм: Буддын шашинтай улсуудын хувьд. Жишээ нь, хүний өмнө бөхөлздөгийг залуу үе сурч байна. Заавал 90 градус өнцөг гаргаж, гялс тонгос гэлгүй, (цэргийн ёслол шиг), жаахан чөлөөтэй, аажуу бөхөлзвөл жинхэнэ л монгол болно.
Бас хүүхнүүдийг дардаг аргуудыг нь монгол эрчүүд суралцмаар байна. Эс тэгвээс энэ хүүхнүүд үнэн даварлаа. Эрчүүдтэйгээ эн зэрэгцэж зодолдоод л, архидаад л, явалдаад л адаг сүүлд нь буруу хүмүүжсэн хүүхэд шиг бухын хүзүүнээс ч илүү хатуу боллоо. Хатуу арга хэмжээ авч өгөхийг монгол хүүхнүүд ч далд хүсэж байна. Манай хүүхнүүд захиргаа замбараагүйгээсээ цаагуураа шаналан, уяа хүссэн золбин ноход шиг золбирох юм. Монгол сумочдыг хар! Монгол хүүхэнтэй суусан нь бараг бүгд салсан! Харин япон хүүхэнтэй суусан залуус ганц ч салалтгүй, элдэв шуугиан, зодоонгүй жаахан уйтгартай л амьдардаг бололтой. Зүүн Хойд Азийн ухаантай улсууд эмэгтэйчүүдийн дур, эрхийг элдэв нарийн чамин аргаар боомилон нөхөр, гэр бүлдээ үнэнч зүтгэдэг болгож чаджээ. Тэгсэн нь хэн хэнд нь өлзийтэй. Солонгос эрчүүд архи ууж агсан тавьдгаараа алдартай тул тэднийг Азийн ирландууд гэж хочилдог. Гэтэл тийм эрсийг эмэгтэйчүүд нь Чингис хаан шиг тахисны хүчинд улс орон нь хагартлаа баяжжээ.
Мөн энүүхэндээ гэж хэлэхэд энэ янхан, нохой хоёрыг урд зүгийнхнээр янзлуулмаар. Аль эртнээс л Монголд янхны ард заавал урд газрын хүмүүс байдаг чинь манайхан янхандаа дургүйдээ биш, эд нар заваан балиартаа ч биш, зүгээр л уламжлалт соёл, үнэт зүйлс нь эмэгтэй хүнийг арай анги үздэгт байгаа юм. (Күнзээр үүнийг цэр цээжинд, бөөр бөгсөнд байг гэдэг аж.) Урд зүгийнхэн монгол хүүхнүүдийг ангилж, янзлаад шилэн хоргонд хийхийг нь хийгээд, амбаардахыг нь амбаардаад журамлаад өгнө. Олон мянган жилийн туршлага цаадуулд чинь бий. Очиж туршлага судалсан олон монгол хүүхэн ч манайд бий.
Монгол соёл, үнэт зүйлсийн хувьд бол эмэгтэй хүнийг эх хүн гэж арай ахиу хүндэлж өргөмжлөөд, эр эмийн явдлын зэмсэг гэдгийг бага хайхардаг. Харин одоо нийгэм өөрчлөгдөж, хүссэн хүсээгүй янхнаар дүүрсэн байхад, хэрэв өөрсдөө энэ асуудлыг янзалж чадахгүй бол чаддагаар нь хийлгэмээр байна.
Нохойны хувьд бол монголчууд дангаараа золбин нохдоо янзалж чадахгүй ээ. Тэр олон золбин нохдыг винтовдах сум хаа байна. Тэгэхийн оронд тарган банхар харахаараа шүлс нь гоождог Со нарт даатгачихвал манай хот суурин газруудыг золбин нохдоос маань салгаж өгөөд, вакцинжуулж, бөөснөөс нь ангижруулаад, нохойн фермерийн аж ахуй хөгжүүлээд, хайран амийг яйран үрэлгүй ашиг олж, улсын төсөвт татвар төлөн нэмэр болно. Зөвхөн гадагшаа гаргах биш манай дотоодын зах зээлээс ч ашиг олно. Солонгост удаан ажиллаж амьдарсан олон монголчууд нохойн махаа санаж байгаа, бас нийгмийн доод давхаргынхан аль хэдийн нохой махыг иддэг нь нууц биш.
Эцэст нь, өнөөдөр (2009 оны 3 дугаар сарын 17) МҮОРТ-ийн MМ агентлагийн Цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрт мэдээлснээр, Монголд 40 м/сек хүртэл хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, хасах 31 градус хүртэл хүйтэрч, урд зүгийнхэн зүүдлээ ч үгүй байгалийн гамшиг катастроф болж байна. Тэсхийм хүйтэнд амь тэнцэн яваа малчинд солонгос уу, хятад уу огт хамаагүй, урдахаа л харан, яаж мал сүргээ алдчихалгүй, өөрөө үхчихэлгүй амьд үлдэх вэ? гэж л бодогдож яваа. Эрт цагт зөөлөн дулаан уур амьсгалтай Зүүн Хойд Ази руу малаа туугаад нүүх боломжтой л байсан байх. Даанч одоо хил гааль давах баримт бичиг бүрдүүлэх, виз авах гээд бөөн төвөг удна. Виз хэрэггүй боллоо ч гэсэн малтайгаа очих боломжгүй. Тэд хувь заяатайгаа эвлэрэн Монголдоо байж, монголоороо зутран амьдрахаас өөр аргагүй. Хотын хэд Зүүн Хойд Азижиж баяжлаа ч,  нийт хүн амын 40 гаруй[9] хувь нохойн мах идэлгүй бүдүүлгээрээ дуудуулан цөөрсөөр Төв Азиараа үлдэхдээ л үлдэнэ.


2009.03.17

 Миний аав Бурхан биш номноос





[1]Б.Батболд: Нийгмийн даатгалын шимтгэлийн ашиг тусыг Солонгосын монголчууд ойлгож эхэлсэн, Үнэн сонин. 2009.03.16

[2] A short history of modern Koreo. David Rees
[4]Хэлний хүчирхийлэл, Л.Түдэв. Дал сонин. сонин.мн. 2009.03.16
[6]Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын хамтарсан мэдэгдэл  (2006.05.10). http://www.forum.mn/index.php?coid=1400&cid=296
[9] Хөдөө орон нутагт нийт хүн амын 40 гаруй хувь амьдардаг. http://www.president.mn/show_module.php?index=speech&speechid=119


No comments: