Wednesday, 9 September 2015

Есөн сарын нэгэн

Хоёрдугаар ангидаа, шинэ сургууль руу шилжив. 9 дүгээр сарын 1-нд 47 дугаар сургуулийн гадаах талбай дээр жагссан хүүхдүүдийн дунд шинэ ангиа олоод зогсов. 9 дүгээр сарын 1 өчигдрийнх шиг нартай сайхан өдөр байв. Таних хүүхэд байхгүй болохоор мэдээж ичингүйрэн зогссон байлгүй. 2-ын Г-ийнхний ардхан зогсож байтал, нээх өндөр нөхөр хүрч ирээд, том ангийн ахаа дагуулчихсан, надад томров. Бодвол, оочер дайрах гэсэн байх. Том ангийн ах нь дэмжиж, танай ангийн наадах шинэ хүүхдээ жаахан дарамтал гэх маягийн зүйл хэлээд өөгшүүлээд байв. 

Би уг нь шинэ сургуульд орохдоо анхны өдөр зодолдоно гэж ерөөсөө төсөөлөөгүй. Нэгдүгээр ангиа онц төгсчихсөн, хоёрдугаар ангидаа онц сурна гэсэн итгэл найдвартай, ямар толгойтой хүүхэд вэ гэж гайхуулах бодолтой 47 руу алхаж явснаа санадаг юм. 

Гэтэл хэрэг бишдлээ: нөгөө өндөр нөхөр намайг оролдож, нааш цааш түлхэж, зөөлөн нударсан бололтой, мань нь камбинаатынхаа зангаараа мөчөөгөө өгсөнгүй. Дээрэлхүүлнэ ч гэж байхгүй шүү дээ. Ганцаараа байсан ч үзээд гарна. Манай цагаан хаалганы цагаан байрны хажуугаар хэн ч явахдаа айдаг байсан болохоор би юунаас айх билээ. Биднийг харчихаад нүдэнд нь зуудаг нохой харсан мэт айдас тусаж, зугтаж ч чадахгүй зогсдог байсан юм чинь. Бүр том том эгч нар хүртэл, айгаад маруужингаа булаалгадаг байж билээ. Тэгээд бодохоор нийтийн цагаан байрныхан тун хэцүү нөхөд байсан бололтой. Дөнгөж орчлонтой танилцаж байгаа хүүхдүүд өөрсдийгөө яаж мэдэх билээ дээ.

Үнэхээр хэрэг бишдэв: Батнасаан, миний дүү наадахаа зодоод өг, битгий даварга гээд том ангийн жаахан доголондуу ах нь дүүгээ зоригжуулна. Би зодолдох дургүй, цүнхээ хаана тавихаа мэдэхгүй, хашуулсан гөлөг шиг арга сүвэгчлэн зогсоно. Бүгд дайснууд, охид нь хүртэл, дооглонгуй хараад байх шиг зэвүү төрүүлнэ... 

Гэтэл манай шинэ байрны хэд харин ирж, цүнх манаж санаа амраав. Цоо шинэ цүнхээ өөрийн талын хүүхдэд өгчихөөд хараад зогсов. Бид хоёрыг тойроод дугуй хүрээ үүсэж, Батнасаны ах нь хоёр нохой зодолдуулах гэж байгаа юм шиг бид хоёрыг турхирна. Дүүгээ ялна гэдэгт их бардам байна аа. Аргагүй шүү дээ, дүү нь надаас тохой хэрийн өндөр юм чинь. Би хараад л зогсов. Батнасан өрж байна. Энэ хэсгийг би тод санадаг юм...

Хүүхдүүдийн зодоон удах биш... Хичээлийн хонх дуугарч, ангидаа орцгоон, би арын партан дээр суув. Загдаа багш орж ирэн бүгдтэй нь мэндлээд, хүүхдүүдээ манай ангид шинэ хүүхэд орж ирсэн гэв. Гэтэл нэг охин гараа өргөж босоод:
-Багшаа энэ шинэ ирсэн хүүхэд манай Батнасаныг зодчихсон гэж хэлээд над руу заадаг байгаа.
Амьдралдаа би тэгж ичиж үзээгүй. Загдаа багш чинь манай аавыг таньдаг, нэг нутгийн хүн. Онц сурдаг сайн хүүхэд гэж байгаад намайг ангид нь оруулсан гэж аав хэлснийг хэлэх үү. Гэтэл анх ирсэн өдрөө л зодоон хийдэг. Гөөмөн тусгүй еэ. Ингэхийг мэдсэн бол байрныхаа хэдтэй нэг ангид орох байсан юм. Эсвэл 15 дугаар сургуульдаа л үлддэг байж гэж бодож байлаа.

Надад томорч зодолдуулсан хүүхэд бол хүүхдийн зохиолч Данигайн Даваанямын бага банди. Өндөр Гонгорын гуч нь. Арван жилдээ түүнийг зодоо цохион хийж байхыг хараагүй. Зөөлөн зантай хүүхэд байсансан. Одоо их сургуульд тооны багш хийдэг сурагтай. Тэр өдөр ямар тахилаа буруу тавиулах гэсэн юм. Бүү мэд... Зуны амралтаар суга өсчихөөд, бусдад гайхуулах гэсэн юм болов уу. Тэгээд шинэ ирсэн жаахан биетэй хүүхдийг дээрэлхэх гээд, эсвэл ах нь шургаасаар байгаад, дүүгээрээ жаахан хүүхэд зодуулж, найз нартаа гайхуулах гэж байгаад муу дүүгээ золиослосон болж таараад байгаа юм. Ер нь Батнасан зуны амралтаараа цоордог хүүхэд байсан юм. 4, 5 дугаар ангидаа зуны амралтаар цоорч дээд ангийнхаа тоог бодоод ирчихсэн. Тэр цагаас хойш тоогоор явж биднээс тасарсан даа.

Гэхдээ, тухайн үедээ Батнасан чинь намайг очтол 2-ын Г-дээ хамгийн том биетэй, атмаан маягийн нөхөр байсан байж таараад байгаа юм. Нэг байрны Сүхбаатартайгаа нийлж байгаад... Би ямар мэдэх биш... Амьдралдаа жинхэнэ атмаантай ч таарч үзсэнгүй. Хаа очсон газраа зодолдож, орц гудамжны лус савдгийг баясган, хамарны цусаар тахилга өргөдөг хүүхэд байсан атлаа, жинхэнэ атмаантай ерөөсөө таараагүй юм даа. Жинхэнэ атмаан байдаг гэдэгт итгэхээ больсон. Энэ нь намайг, одоо бодоход, либерал гэх үү дээ, маягийн, болгосон юм шиг байгаа юм. Үнэндээ миний очсо бүх газар атмаан гэж байдаггүй байлаа. Хүүхдүүд, 1.2, 3 дугаар атмаан гэж ярихаар хар багаас инээд хүрдэг байв. Атмаан бол атмаан л байх ёстой биз дээ. Дугааргүй. Бүр хар багаасаа тэр жинхэнэ атмаан гэж ямар байдаг юм бол, ганц удаа ч болсон харах юмсан гэж мөрөөддөг байж билээ. Мөрөөдөл маань даан ч биелээгүй дээ...

No comments: