Wednesday, 9 September 2015

Есөн сарын нэгэн

Хоёрдугаар ангидаа, шинэ сургууль руу шилжив. 9 дүгээр сарын 1-нд 47 дугаар сургуулийн гадаах талбай дээр жагссан хүүхдүүдийн дунд шинэ ангиа олоод зогсов. 9 дүгээр сарын 1 өчигдрийнх шиг нартай сайхан өдөр байв. Таних хүүхэд байхгүй болохоор мэдээж ичингүйрэн зогссон байлгүй. 2-ын Г-ийнхний ардхан зогсож байтал, нээх өндөр нөхөр хүрч ирээд, том ангийн ахаа дагуулчихсан, надад томров. Бодвол, оочер дайрах гэсэн байх. Том ангийн ах нь дэмжиж, танай ангийн наадах шинэ хүүхдээ жаахан дарамтал гэх маягийн зүйл хэлээд өөгшүүлээд байв. 

Би уг нь шинэ сургуульд орохдоо анхны өдөр зодолдоно гэж ерөөсөө төсөөлөөгүй. Нэгдүгээр ангиа онц төгсчихсөн, хоёрдугаар ангидаа онц сурна гэсэн итгэл найдвартай, ямар толгойтой хүүхэд вэ гэж гайхуулах бодолтой 47 руу алхаж явснаа санадаг юм. 

Гэтэл хэрэг бишдлээ: нөгөө өндөр нөхөр намайг оролдож, нааш цааш түлхэж, зөөлөн нударсан бололтой, мань нь камбинаатынхаа зангаараа мөчөөгөө өгсөнгүй. Дээрэлхүүлнэ ч гэж байхгүй шүү дээ. Ганцаараа байсан ч үзээд гарна. Манай цагаан хаалганы цагаан байрны хажуугаар хэн ч явахдаа айдаг байсан болохоор би юунаас айх билээ. Биднийг харчихаад нүдэнд нь зуудаг нохой харсан мэт айдас тусаж, зугтаж ч чадахгүй зогсдог байсан юм чинь. Бүр том том эгч нар хүртэл, айгаад маруужингаа булаалгадаг байж билээ. Тэгээд бодохоор нийтийн цагаан байрныхан тун хэцүү нөхөд байсан бололтой. Дөнгөж орчлонтой танилцаж байгаа хүүхдүүд өөрсдийгөө яаж мэдэх билээ дээ.

Үнэхээр хэрэг бишдэв: Батнасаан, миний дүү наадахаа зодоод өг, битгий даварга гээд том ангийн жаахан доголондуу ах нь дүүгээ зоригжуулна. Би зодолдох дургүй, цүнхээ хаана тавихаа мэдэхгүй, хашуулсан гөлөг шиг арга сүвэгчлэн зогсоно. Бүгд дайснууд, охид нь хүртэл, дооглонгуй хараад байх шиг зэвүү төрүүлнэ... 

Гэтэл манай шинэ байрны хэд харин ирж, цүнх манаж санаа амраав. Цоо шинэ цүнхээ өөрийн талын хүүхдэд өгчихөөд хараад зогсов. Бид хоёрыг тойроод дугуй хүрээ үүсэж, Батнасаны ах нь хоёр нохой зодолдуулах гэж байгаа юм шиг бид хоёрыг турхирна. Дүүгээ ялна гэдэгт их бардам байна аа. Аргагүй шүү дээ, дүү нь надаас тохой хэрийн өндөр юм чинь. Би хараад л зогсов. Батнасан өрж байна. Энэ хэсгийг би тод санадаг юм...

Хүүхдүүдийн зодоон удах биш... Хичээлийн хонх дуугарч, ангидаа орцгоон, би арын партан дээр суув. Загдаа багш орж ирэн бүгдтэй нь мэндлээд, хүүхдүүдээ манай ангид шинэ хүүхэд орж ирсэн гэв. Гэтэл нэг охин гараа өргөж босоод:
-Багшаа энэ шинэ ирсэн хүүхэд манай Батнасаныг зодчихсон гэж хэлээд над руу заадаг байгаа.
Амьдралдаа би тэгж ичиж үзээгүй. Загдаа багш чинь манай аавыг таньдаг, нэг нутгийн хүн. Онц сурдаг сайн хүүхэд гэж байгаад намайг ангид нь оруулсан гэж аав хэлснийг хэлэх үү. Гэтэл анх ирсэн өдрөө л зодоон хийдэг. Гөөмөн тусгүй еэ. Ингэхийг мэдсэн бол байрныхаа хэдтэй нэг ангид орох байсан юм. Эсвэл 15 дугаар сургуульдаа л үлддэг байж гэж бодож байлаа.

Надад томорч зодолдуулсан хүүхэд бол хүүхдийн зохиолч Данигайн Даваанямын бага банди. Өндөр Гонгорын гуч нь. Арван жилдээ түүнийг зодоо цохион хийж байхыг хараагүй. Зөөлөн зантай хүүхэд байсансан. Одоо их сургуульд тооны багш хийдэг сурагтай. Тэр өдөр ямар тахилаа буруу тавиулах гэсэн юм. Бүү мэд... Зуны амралтаар суга өсчихөөд, бусдад гайхуулах гэсэн юм болов уу. Тэгээд шинэ ирсэн жаахан биетэй хүүхдийг дээрэлхэх гээд, эсвэл ах нь шургаасаар байгаад, дүүгээрээ жаахан хүүхэд зодуулж, найз нартаа гайхуулах гэж байгаад муу дүүгээ золиослосон болж таараад байгаа юм. Ер нь Батнасан зуны амралтаараа цоордог хүүхэд байсан юм. 4, 5 дугаар ангидаа зуны амралтаар цоорч дээд ангийнхаа тоог бодоод ирчихсэн. Тэр цагаас хойш тоогоор явж биднээс тасарсан даа.

Гэхдээ, тухайн үедээ Батнасан чинь намайг очтол 2-ын Г-дээ хамгийн том биетэй, атмаан маягийн нөхөр байсан байж таараад байгаа юм. Нэг байрны Сүхбаатартайгаа нийлж байгаад... Би ямар мэдэх биш... Амьдралдаа жинхэнэ атмаантай ч таарч үзсэнгүй. Хаа очсон газраа зодолдож, орц гудамжны лус савдгийг баясган, хамарны цусаар тахилга өргөдөг хүүхэд байсан атлаа, жинхэнэ атмаантай ерөөсөө таараагүй юм даа. Жинхэнэ атмаан байдаг гэдэгт итгэхээ больсон. Энэ нь намайг, одоо бодоход, либерал гэх үү дээ, маягийн, болгосон юм шиг байгаа юм. Үнэндээ миний очсо бүх газар атмаан гэж байдаггүй байлаа. Хүүхдүүд, 1.2, 3 дугаар атмаан гэж ярихаар хар багаас инээд хүрдэг байв. Атмаан бол атмаан л байх ёстой биз дээ. Дугааргүй. Бүр хар багаасаа тэр жинхэнэ атмаан гэж ямар байдаг юм бол, ганц удаа ч болсон харах юмсан гэж мөрөөддөг байж билээ. Мөрөөдөл маань даан ч биелээгүй дээ...

Thursday, 22 January 2015

Дурсамж зурвас


Их сургуульд элсэлтийн шалгалт өгөх боллоо. Шүлэг, уран зохиол бичдэг хүүхдүүдийг авна. Зохиолч, яруу найрагчдын шүүмж бил үү, зөвлөмжтэй ирнэ гэсэн санагдаж байна. Тэмдэглэлийн дэвтэр дээрээс хэдэн шүлэг сонголоо. Тэгээд хэн нэгэн яруу найрагчаар уншуулж зөвлөгөө авч засуулаад өгчихвөл их сургуулийн сэтгүүлийн ангид орох магадлалтай гэж сэтгэлээ. Аавдаа ямар уншуулалтай биш, ичин барин, нууж бичдэг хүн чинь... Лхагва ах гэнэт санаанд орлоо. Аав бас магтаж байсан санагдаж байна. "Толгодын цаана ингэ буйлана" гэж мундаг зохиол гэж хэлж байсан санагдаж байна. Манайд ганц хоёрхон удаа л уусан байх намайг бараг танихгүй байх гэж бодлоо. Гэр нь манай хажуугийн дэлгэмэл 44 дүгээр байр. Гэрийг нь мэддэг байсан бололтой... Жаахан итгэлтгүй, хаалгыг нь тогшлоо. Охин нь онгойлгож байна. Манай доод ангийнх байсан байх. Гайхаад харж байна. Аав чинь байна уу гэлээ. Байна гэж байна. Уулзая гэлээ. Ороод уулз гээд гэр лүүгээ дагуулж байна. Угсармалын, хэвшмэл гурван өрөө байр. Баруун талынх нь жижиг өрөөнд ортол, төмөр орон дээр Лхагва гуай дээл нөмрөөд унтаж байна. Нойрмогдуу, юу билээ гэсэн янзтай хараад өндийлөө. Би их сургуульд орох гэж байгаа тэгээд бичсэн шүлгүүдээ таньд шалгуулах гэсэн гэлээ. Унш даа гэж байна. Дээлээ нөмрөөд орон дээр суучихав. Би модон сандал өөрөө аваад хажууд нь сууж байгаад уншлаа. Юу уншсанаа бүдэг бадаг санаж байна: Ганган машинтай, будмал хүүхэн суулгаад найз минь чи намайг тоохгүй өнгөрлөө. Яах вэ, чи томорч л байг, багын зангаа битгий орхиороо гэсэн маягтай ч юм уу, их л догшин "эмоцтой" шүлэг ганц хоёрыг уншлаа. Хашир жаахан эвгүйцсэн бололтой харж байсан санагдаж байна. Юу хэлснийг нь санахгүй байна. Бодвол болж байна, бичээд бай л гэсэн байх... Энэ хүүхдийн шүлэг сайн майн гэсэн бичиг хийлгэнэ гээд гарсан болов уу. Би дахиж очоогүй. Харин нэг удаа гудамжинд аавтай явж байгаад таарсан чинь... Намайг энэ чинь юун хүүхэд билээ гэсэн байртай харж байсан. Би ичсэн гэж... Газар доор л орчихмоор санагдсан даа. Лхагва гуайг шууд алга болчихоосой гэж бас хүссэн... Намайг танихгүй хүн шиг өнгөрлөө... Дотроо баярлаж байлаа. Ширүүн харцтай, хяналттай, няхуур хүн байсан.

Тэр явдал миний анхны бөгөөд сүүлчийн зохиолч, яруу найрагчид өөрөө зорьж очиж шүлгээ уншсан тохиолдол билээ. Хожим их сургуульд ангийнхныхаа өмнө албадлага маягаар, хэнхэглэж уншсаан уншсан.

Хожим "Хайрын зурвас" унших тусам, тэр явдал дандаа бодогддог. "Адуунаас унтаж хоцорсон цагаан унага шиг сэтгэлийн манан дундуур янцаан давхиж айсуй... АНХНЫ ИЧИНГҮЙРЭЛ минь... Гэмт хэрэг хийж байгаа мэт тэгэхэд санагдсан шүү... Аавд хэлээгүйд баярлаж явдаг шүү..."



Хайрын зурвас /Ж.Лхагва/


Анхны хайрын тухай бодол адуунаас унтаж хоцорсон цагаан унага шиг сэтгэлийн манан дундуур янцгаан давхиж айсуй. Босовч суувч нэхэн дагасаар билээ.


Анхны хайр минь хөвөнтэй ногоон дээлтэй, хоёр салаа гэзэгтэй торгон савхин түрийд шальгүй нарийдсан чилгэр бор шилбэтэй байжээ.


Би завсарлага бүхнээр ангийн нь хавьцаа эргэлдэж, дараагийн нь завсарлагаанаар очих шалтгаанаа хичээл бүхэн дээр боловсруулан суудагсан. Түүний ангийнхан дээр очиж байхын тулд мөн ч олон хүүхдийн гэрийн даалгаврын тоог бодож өгсөн дөө.


Орой ангидаа суугаад давтлага хийхэд онгорхой хаалгаараа чамайг хараасай гэж цааш нааш мөн ч олон гардагсан. Нэгэн шөне ангидаа би түгжиж суугаад анхны хайрын захидлаа бичиж билээ.


Лааны гэрэлд цаасны өнгө шарланги, миний сэтгэл тогоотой сүү шиг дэврэн, анхны хайр минь өрөм шиг ариухан байжээ.


Сурагчийн эмзэгхэн үзэг хайрын үгийг итгэлгүйхэн сийлэхдээ гэмт хэрэг хийж байгаа юм шиг үл мэдэгхэн чичрээд байсан. Гадна талын хаалга дуугарахад давхийн цочиж, бичиж байгаа захидлаа шүүрэн авч базчихаад хөлийн чимээ тасарсан хойно, дахин өөр цаасан дээр бичиж байлаа. Тийнхүү шөнөжин бичсэн илгээлтээ өвөртөлчихөөд явж байхад тэрхэн зурвасны хэмжээгээр дөрвөлжин газар халуу шатаж би бээр улсын нууц хадгалсан төмөр авдар шиг хариуцлагад тохогдсоноо мөч бүхэнд ухаарч байсан. Түүнийг гардуулах эвтэй мөчийг хүлээн хэд хоносны эцэст сургуулийн довжоон дээрээс би чам руу чиглээд: трамплин дээрээс л үсэрчих шиг хоёр чих юм сонсохоо больж аврах ганцхан шийдвэр эх дэлхийн цагаан цас шиг чи минь ойрхон л юм шиг атлаа эрин өнгөрөх шиг хол байсан. Дотно байна гэж бодоод байсан чамайгаа хичнээн хөндий байсныг тэгэхэд л би гадарласан.


Чи зурвасыг минь авчихаад хоёр салаа гэзгээ годогнуулж гүйх шахам булан тойрсон, би сургуулийн үүдэнд ургаастай юм шиг яахаа ч мэдэлгүй зогссоор байлаа.


Маргааш нь дөрөвдүгээр цагийн завсарлагаанаар танай ангийн Чимгээ ирж миний алгебрын номыг гуйгаад эгүүлэн авчирч өгөхдөө их л учиртай инээж нэг юм хэлэх гэсэн боловч хонх нэгэнт дуугарч, багш журналаа барьсаар айсуй тул анги анги руугаа эргэн гүйлдэнэ.


Хичээл ид дундаа явж байхад номоо дэлгэвэл дөрөв нугалсан дэлбээ цаас нүднээ тусав. Түүнээс минь хариу иржээ. Номоо сэмхэн хамхиад саванд нь хийвэл тийм хүндтэй юм хадгалж явахад хуучирсан муу цүнх минь их л гологдож байх шиг санагдлаа. Зүрхний цохилт түргэсэн хацар улайж, хуучин муу цүнхнийхээ оосроор гараа ороож барьчихаад хичээл тарахыг ирээдүй мэт хүлээв. Хичээл тараад хамт явдаг хүүхдүүдээс албаар хоцорч ганцаар дөлөн явсаар замын баруун овоон дээр гарч суугаад уул зурвасыг задлан үзлээ. Дэлбээн цаасны голд "10б-ийн тэнэг. Дахиад өгвөл багшид хэлнэ дээ" гэж нямбай нь аргагүй бичээд нэрээ ч тавьсангүй. Би өндийн сууж зам руу харлаа. Нөгөө аймаг даяар магтагдаад байгаа шинэ ирсэн эмч хүүхэн төмөр замын инженер залуутай хөхрөлдөн явна. Олигтой ч хүүхэн биш л байна. Харин муу хуучин цүнх тэгтлээ гологдоод байхаар эд биш байлаа. Нөгөө зурвасны захын цагааныг таслан хаясаар суутал зевхөн "106-ийн тэнэг" гэдэг нь үлдэв. Би туүнийг зажилж, зажилж залгичихлаа. Дотор сэтгэл хоёр адилхан горойж залгисан зүйл маань их л хатуу байлаа. Түүнийг зөөлрүүлэх гэсэн мэт аяндаа гарсан нулимс завьж даган аманд орсоор байв.