Wednesday, 19 November 2014

“Миний аав Бурхан биш ” бол “Манай аав архичин, танай ээж янхан уу?”


( шүүмж)
Миний ширээн дээр байгаа номын гарчиг анх ийм л сэтгэгдэл төрүүлж, эгдүүцүүлж билээ.

Х.Эрдэмбилэг  “Миний аав бурхан биш”  ( УБ хот, 2014 он, 351 тал ) номныхоо заримыг баруун европын Англи улсад ( United Kingdom) бичсэн учраас  “ Лондонгийн бичлэгүүд” гэсэн давхар гарчиг дагалдуулжээ.

Тус ном 2 бүлэгтэй. 1-р бүлэг  нийтлэл, тэмдэглэл,  2-р бүлэг өгүүллэгүүдээс бүрдсэн бөгөөд сонин нийтлэлийн болон уранзохиолын найруулгаар сүлэлдүүлэн бичжээ.

Бид чинь эцэг эхээ Бурхан гэж хөөрцөглөн өргөмжилж,  дуу шүлэг зохиолдоо бичдэг болгон нь оруулж, сонссон болгон нь итгэсээр будилмаар олон Бурхантай болчихжээ. Гэтэл бодит амьдралд өөрсдийн минь аав ээж Бурхан ч биш, чөтгөр ч биш жирийн л нэг хүн байдаг.

Энэ бол Монголчууд бид хэт хийсвэрлэн сэтгэж,  Бурхан ба хүнээ ч ялгахаа байсан сэтгэлгээний логик алдааг өөрийнхөө ааваар жишээ аван, хошин өнгө инээмсэглэлээр  “Миний аав Бурхан биш”(63т) нийтлэлдээ бичжээ. Нээрээ Бурхан нь тэнгэртээ,  хөгшид минь газартаа байг л дээ.

Аав ээжээ амьд Бурхан болгочихсон болохоор тэднийгээ  шүүмжилж чаддаггүй, Бурхад маань ч үнэнийг сонсох дургүй. “Ээждээ хүүхэд гаргах, аавдаа авгай авахыг ” зааж болохгүй. Гэтэл...

Аав ээжийн үүргээ биелүүлж чаддаггүй Бурхадыг дагасан энэ Бурхадын хүүхдүүдийн ирээдүй ямар байх вэ? Учир нь ихэнх монгол аав архичид, өнөөгийн монгол ээжүүд дунд  янхан байна. Эцэг эхийн үг бүрийг  зөв гээд дагаж дарцаглаад байх уу...?

Өнгөрсөн үеийн буруу хазгай бодлыг өвлөн авах биш, өөрсдийн үеэр бахархаж авах гээхийн ухаантай байхыг “Манай аав архичин,танай ээж янхан уу?” ( 23т) нийтлэлдээ ёжтойгоор халаглажээ.

Үнэндээ,  урьдын  сургаал болгоныг үнэн гэж дагах уу? Тухайлбал одоо нэлээд дэлгэрсэн “Хүнд мөнгөө зээлэх нь тэнэг, зээлснээ эргүүлж төлөх  нь усан тэнэг” гэсэн хоржоо үг хожмоо сургаал болоод үлдвэл ямар ёс суртахуун ноёлж эхлэх вэ? Чи өөрөө болж байвал бусад нь падлийгүй гэсэн сэтгэлгээний өвчлөл мөн үү...

Сэтгэлгээний буруу төлөвшилт нь нийгмийн ёс суртахууны ариун байдлаа буртаглаж байгааг “Нэг сайныг үйлдээд – нэг муу хэрэг хий!” ( 53т) нийтлэлд их аварга Дагвадоржийн ээжийн энгийн цагаан яриагаар жишээлэн хийсэн нь нулимстай инээд хүргэнэ.

Энэ бүхний эх сурвалж нь манай Бурхан ярьсан лам нарын будлиантай номлолоос үүдэлтэй       “Бурхан гэдэг Будлиан үг”(38т) бөгөөд шашныг мэдлэггүй дэлгэрүүлбэл хөгжил биш хоцрогдол авчирч байгааг ч ”Ярилцлагаас үүдсэн бодрол”(8т)   асуудал болгон дэвшүүлэн тавьсан нь  гашуун инээдийн хажуугаар сонирхол татна.

Х.Эрдэмбилэг нь өөрөө Будда-гийн гэгээн хутагт, хувилгаадын бичсэн Бурхан болон хүний мөн чанар ба оюун гэгээрэл,  бясалгалын талаарх туурвил бүтээлийг англи хэлээр өрнөдөд дэлгэрсэнийг нилээдгүй уншиж судалж, гэтэл манай лам нар оюун гэгээрэл,  танин мэдэхүйн шинэ ертөнцийн талаар  ард түмэндээ номлох биш харин өөрсдөө  орчлонгийн  хар цагаандаа ороолцолдоод,  хөлтолгойгоо  алдчихсан бөгөөд  Бурханы нэр барьж  буруу  зөрүү  үзэл төлөвшүүлж  байгааг  “Хамбын араас шидсэн чулуу”( 143т) мөн өмнө нь ч байсныг ”Архангайн авшигтай хүү”( 22т) хатуухан чимхэж, хоржоонтой инээдээр догиожээ.

Нийгэмсудлаач, сэтгэлзүйчид өнөө үеийн сэтгэлгээний доройтлыг ардчилалтай холбон гайхан шогширч муулдаг.

Гэтэл сэтгэлгээний өвчний зөв оношийг олж эрүүлжүүлэх хэрэгтэйг Х.Эрдэмбилэг сануулахдаа үүний эх үүсвэр  нь малист сэтгэлгээтэй холбоотой гэж  “-изм” дэвшүүлж...
Бидний сэтгэлгээний ядуурал нь феодалын нийгмийн ёс суртахууны үндсэн хэв маяг руу гулган орж байгаа шалтгааныг “Мализм”(138т) гэсэн бодрол болон асуудал дэвшүүлсэн нийтлэлдээ хурцаар хөнджээ.

Х.Эрдэмбилэг нь  бичлэгийнхээ хэлнайруулгадаа дүрслэлийн ёгтлол, егөөдлийг түлхүү бас оновчтой  хэрэглэж, егөө догиотой  хөнгөн хошигнолоор  бичсэн нь  уншсан хүнээ уйдаахгүйн хамт учиртай  инээд, ухаарал төрүүлж байна.

Ер нь  түүний бичлэг нь ёгт дүрслэмж, ёжтой  инээмсэглэлээр  дүүрэн. Хошин шог өнгө  аясаар хэлэх  санаагаа  гаргадаг  нь сонин сэтгүүлийн найруулгаар  “Шанаагаа санаж байна”(18т), ”Яруу найргийн елементүүд”(28т) гэсэн нийтлэл болон  шүүмжид, харин уранзохиолын найруулгаар   ”Могжоохон морьтой  жогжоохон  цэргүүд”(251т),  ”Эндүүрэл”(255т) өгүүллэгүүдэд тод  мэдрэгдэнэ.

Оросын уран зохиолын  нөлөөнд  орж,  бичлэгийн  загварыг нь  үлгэр  болгодог бидэнд  түүний бичлэг  этгээд байж  болно.  Гэлээ  ч  Орос  халуун чихэртэй  байхуу цайны амтыг мэдэрдэг бидэнд  өрнийн  ханххийсэн аатай үнэртэй,  нойр сэргээм кофений амтыг санал болгожээ.

Анхааруулахад,  амьдралыг хэтэрхий илэн далангүй дэлгэж, эрээ цээргүй нүгэлт гэмийг зөвшөөрөөд байгаа ч юм шиг  “Их амьдралын эхэнд”(263т) гэх гагц нэг  өгүүллэгийг  насанд хүрээгүй  эсвэл  ухаан төлөвшөөгүй  залуучуудыг уншихыг хоригломоор, ингэж  бичиж болох уу... гэсэн бодлоо  дурдмаар байна.

Жил  бүрийн улсын наадмаар хүчит бөхчүүд бяр хүч, уран мэхээрээ улсын цол авдаг шиг Монголын зохиолчдын гаргасан номуудыг оюуны цар  хэмжээ, бичлэгийн урчадвараар нь шалгаруулбал  Х.Эрдэмбилэгийн ном энэ жилийн үзүүр түрүүнд хүрч, арслан зааны цолны дайтай оюуны арал бяр заах юм байна гэж төсөөлөгдөж байна.

Х.Эрдэмбилэгийн номыг уншвал инээнэ, тэгээд  эгдүүцэж ч болно, бас...

Хэл судлаач З. Ганболд (Ph.D)

Нийтэлсэн: 2014-11-19 08:58:10
http://sonin.mn/news/easy-page/35377

Friday, 14 March 2014

НҮҮДЛИЙН АМИН СҮНС—ХОН ХОН ДУУТ

Эх орноо хайрлах гэдэг яг юу гэсэн үг вэ? Эх орондоо хайртай гэж хэлэхээр л хайртай болчихдог хэрэг үү? Би монгол хүн, Монголдоо хайртай гээд л болоо юу? Тийм амархан гэж үү? Тэгээд Монголыг муулсан, эсвэл шүүмжилсэн этгээдийг “ална, хядна” гэж хөөрч онгирон хоороороо интернэтээр коммент бичээд жинхэнэ монгол хэмээн өөрийгөө бодоод л суух уу?


Жинхэнэ эх орончид Монголд амьд уу? Монголын төлөө шанаадуулж, шатаж, золиослогдогдохоос үл эмээж эрч хүчтэй амьдралаа зориулан Монголыг Монголоор нь хөгжүүлж, үнэт зүйлс, соёлыг нь хамгаалж хойч үедээ хүргэх чин эрмэлзэлтэй—эрмэлзлээ ажил үйлсээрээ баталдаг залуус бий юу? Эсвэл бүгдээрээ л улс төрийн өндөрлөгт дүүлэхийн тулд монгол, монгол гэж монголчуудаа молигоддог гэж үү?

Азаар бүгд тийм биш юм даа. Улс төрийн тогоонд шалзартлаа чанагдаж дарга болохыг хүсэхээс илүү эх орныхоо ширхэг ч гэсэн соёл, соёлыг бүрдүүлж буй “элементийг” мөхлийн хувиас холдуулж авралын замд оруулах хүсэл зорилготой; зорилгоо биелүүлэхэд бие сэтгэл, мөнгө төгрөгөө золиослож чаддаг сайхан залуус байдаг ажээ.  Үр хойчдоо өвлүүлэх ёстой нэгэн соёлыг маань дамжуулахаар, өөрөө өөртөө үүрэг хүлээлгээд, олны анзаарч хайрхаагүйг түрүүлж мэдээд сэтгэл зүрхнийхээ дуудлагаар “илгээлтийн эзэн” болдог залуу өнөөгийн өнгө мөнгө хөөсөн нийгэмд байдаг л юм байна: Ийм бодолд—Аянгын монгол нохойн фермийг үзчихээд буцах замд—автагдав.

Нохой тэжээx амаргүй. Нохой тэжээх тэжээхдээ, “үхэж далд орохоороо айлгаад байгаа моодны биш” монгол хоточ нохдыг эртний түүхт эх газрын булан тохой бүрээс эрдэнэсийн чулуу мэт олж, худалдаж аваад, эргээд малч ахуйд тавих зорилгоор сүрэглүүлж, “өөртөө лай”, үндэстэндээ буян үйлдэн хамаг бүхнээ хаяад хашаа бариад суух хэр баргийн аавын хүү хийж зүрхлэхгүй, шантрахаар үйлс юм байна: Эд хөрөнгө, эрүүл мэнд, ар гэрийн амьдрал ч “будаа болохоор даахгүй булуу” ажээ, мань мэт нь. Зөвхөн ноход хооллоход л сая сая төгрөг ходоод руу нь чулуудна,  өвдөж шархадсныг нь эмчлэх барих гээд бусад зардлыг нь хамт тооцвол нэг жижиг тэрэг аваад унах мөнгийг хоёр, гурван сард үрнэ гээд бод доо...


*
Үргэлж л гоё ганган костюмтэй явдаг анд маань анчин Жуураа шиг (бидний бага насны орос киноны баатар) халаад маягийн хөдсөн дээл углачихаад хашааныхаа хаалганы завсараар цухуйхад бушуухан буцаагаад хаагаасай гэж хүсэв: Дэнхийсэн том хар улаан халтар толгой бас цухуйсан юм л даа.

Аянгыг гарч ирэхээс өмнө хашааны дээгүүр өнгийгөөд харахад “жинхэнэ мангаснууд” бэлчиж байгаа юм чинь... Ямар ч “гадны хулгайч” зориглож орохгүй хамгийн бат хамгаалалтай газар чинь монгол нохдын ферм юм байна лээ дээ. Бидний очсон өдөр хоол хийдэг тогоог нь эзэн нь шатаачихаад мунгинаасаар өглөөний зоогийг нь 3 цагаар оройтуулсан тул хон хон дуутай, хондлой дээрээ дэгээтэй ноход “хашааных нь хамарт” тулсан гадаад тэрэгний үнэр, чимээнээр далимдуулан улам л “эсэргүүцлээ илэрхийлэн” хаврын урь орсон уулсын бэлийн гялтгасан цасыг “дагжран чичиртэл” хуцаж байв аа.

Энэ нохдыг л төв талбай дээр “жагсааж эцсийн удаа” эзэн Чингистээ сонсгох юмсан. Их эзэн хаан баатар эрсийнхээ уухайг сонссон аятай хэчнээн их баярлах бол... Яадаг юм трактoр жагсааж болсон юм чинь, жинхэнэ монгол xоточ нохдоо төв талбайд яагаад жагсааж болохгүй гэж... Монгол ноход Чингисийн их үйлсэд их тус үйлдсэн—сайтар судлаагүй л болохоос... Нэгээхэн жишээ татахад л, хаа холын Европын улсуудад бие томтойгоороо брэнд болсон нохдыг монгол нохойноос гаралтай гэж түүх сударт тэмдэглэсэн нь монголчууд нохойтойгоо хамт дэлхийг дайлаар морьдсоны гэрч шүү дээ.

Тогоогоо янзлаад мэндийн ч завгүй нөхрөө ойлгосон хүүхэд багачуултай нийлсэн бидний хэдэн томчуул машинаасаа буулгүй, хашаан дотор “экскурс” хийж, Африкийн зоопаркт арслан, заан үзэж буй аятай алаг бяруу шиг амьтдыг машин дотроосоо айн эмээн, алмайран ажиж байгаад тэндээс явсан.

Хоточ нохой үржүүлэх гэдэг хүсэл эрмэлзэл, зоригтой залуу хүний л хийх ажил аж. Түүнээс мань мэтийн жулдрайнууд хийдэг ажил лав биш. Ард түмэн төр засагтайгаа л нийлж хийх үйлсийг хэсэг залуус сэтгэлийнхээ дуудлагаар зориглоод хийж байгаа нь бахархмаар. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гээд гараа хамхиад суучихад хэн ч буруушаахгүй дэгээ. Харин Аянга бол гараа хамхиж зүгээр суусаар монгол хоточ нохой мөхөхийг үзээд, ниргэсэн хойно нь хашхирав гэхчээр төр засгийг эсвэл хэн нэгнийг муулаад явах эр лав биш: тийм “совестгүй”. Хар багын л нохойд элэгтэй, өөрийн бодолтой, нэг зүйл бариад авбал заавал судалж гүн рүү нь орох өвчтэй, сэнтэг гэмээр эх оронч хүүхэд байсан. Орос школоор хүмүүжсэн түүнийг монгол малч ахуйн амин сүнсийг бариад авсныг ааш авирыг нь мэддэгийн хувьд би гайхаагүй ээ. Бусад хүмүүс гайхаж магадгүй.

Монгол нохой нүүдлийн ахуйн амин сүнс гэдгийг би ухаараач үгүй явж.
—Нохой бол тухайн үндэсний “индикатор”, аливаа үндэстний нохой нь эхэлж алга болсны дараа, тухайн үндэстэн нь алга болдог гэж Аянга ярихад төдийлөн шимтэн сонсож байгаагүй, нуулгүй хэлэхэд. Хааяа нэг түүнтэй уулзахад монгол нохойн тухай л тэр яриад байдаг байсан. Үл ойшоогоогүй ч, үнэн сэтгэлээсээ сонирхож тоогоогүй ээ. Гэхдээ очиж үзье гэснээ биелүүллээ. Монгол нохойг амьдралдаа анх удаа зурагт, зурагнаас биш бодитоор харсан маань тэр. Үнэхээр л хаанаас нь ч харсан өвөрмөц, Монголоос өөр газар үзэхгүй амьтан байна лээ. Би ч бас галуу шувууны мах идэж гадаад далайг гаталж харийн улс орнуудад олон ч үүлдэрийн нохой харсан даа. Тэр дундаас хамгийн хайртай үүлдэрийн нохой маань бидний нэрлэж заншсан “немц овчарка”. Гэхдээ л хон хон дуутай, хондлой дээрээ дэгээтэй нохойг хараад сүрдэж, эмээсэн шиг нь үгүй ээ. Хүндэтгэл шаардсан, монгол бөхийн их аварга шиг амьтан ажээ.

Нүүдлийн малч ахуйн жинхэнэ дайсан чоно хүртэл монгол нохойтой хот айл руу шууд дайрч зүрхэлдэггүй нь учиртай аж. Байгаль эх эсрэг тэсрэг “элементүүдийг” бий болгохдоо нүүдэлчидтэй хамтран, нохойн заяаг хүнд ээлтэй болгон зохицуулсаар монгол хоточ нохой “үйлдвэрлэснийг” чоно хүртэл “хүлээн зөвшөөрчээ”. Харин зассан хоточ нохойтой хот айл руу чоно огтхон ч эмээлгүй дайрч ордог. Зассан нохойн дуу, биеэс нь ялгарч байгаа үнэр огт ондоо байдаг гэнэ лээ.

Өөрийн хөрөнгөөр жинхэнэ монгол хоточ ноходыг хөдөө хээрээр эрж явахдаа зарим сайхан амьтдын төмсгийг барьж үзээд засчихсан байдаг нь тэр их харамсдаг. Уг нь зассан монгол хоточ нохой, тайган хүн шиг бүр том биетэй, сүрлэг болчихдог юм байна л даа. Гэтэл жинхэнэ дайснаа үргээж чаддаггүй нь сонин. Үүнийг байгаль эхийн зохицуулалт гэж л тайлбарлахаас өөр яах уу. Жилд ганцхан удаа дүн өвлөөр монгол хоточ нохойны ороо орж, гөлөглөдөг. Бусад цагт бол “үндсэн ажлаа” үнэнчээр хийдэг. Энэ мөчлөгийг чонотой давхцуулж зохицуулсан нь ч учиртай. Тэгтэл бусад үүлдэрийн ноход завхай эрчүүд шиг хэзээ л бол хэзээ ороо нь ордог аж.

Манай эрчүүд чоныг магтаж магтаж байгаад л өөрсдөө таарвал алах хүсэлтэй. Алчихвал хийморьтой яваагаараа бахархдаг. Алах гэж магтдаг гэлтэй. Мэдээж монгол нохойд тийм магтаал хэрэггүй л дээ. Тэртэй тэргүй мөхөх гэж байгаа амьтад, бараг чоноос ч цөөхөн: гэтэл хоточ нохойгоо хамгаалдаггүй нь л харамсалтай. Монгол малчин айл бүрийн хотонд хоточ нохой байдаггүй нь хачирхалтай. Хувьсгалын эсэргүү гээд хамгийн түрүүнд “хэлмэгдүүлсэн” гэлтэй. Магадгүй маниусыг мангар байхад оросууд монгол ахуйг устгахын тулд амин сүнсийг нь “хяргахаар” монголчуудын гараар могой бариулсан ч юм бил үү. Эсвэл монголчууд сайн дураараа жинхэнэ коммунист болох гэж монгол хоточ нохойгоо хяргасан уу? Ер нь алийн болгон бусад руу буруугаа чихэх билээ. Одоо хэн ч биднийг “захиргаадаагүй” байхад байдал дээрдсэн нь хаа байна. Аянга шиг залуустай тулдаа л бусдын өмнө нүүр улайхааргүй байна шүү дээ. Социалист нийгмийг цогцлоон бүтээж байхдаа монголчууд хаа таарсан газраа монгол нохойг алах гэж хошуурцгаадаг байсныг гэрчлэх нэрт зохиолч Донровын Намдагын 1948 онд өөрөө үзсэн нэгэн явдлыг тухай бичсэн намтар ч байдаг. Үндэсний юм бүхнийг дорд үзсэн сэтгэлгээ монголчуудын тархинд баттай сууснаас болж өнөөгийн бид олон зуун жил, бүр магадгүй, мянга мянган жил нүүдлийн ахуйг чоноос хамгаалсаар өдий хүрсэн “хийморьтой чоноос хийморьтой нохойгоо” дорд үзээд нохойг дээдлэх монгол ухаан, суурин ахуйтай улс орнуудын “гоёл чимэглэлийн” нохдоос шал ангийг ойлгоогүй явна.


*
Усанд хаясан давс шиг ор сураггүй уусаад алга болмоор цэлийсэн талд жинхэнэ монгол ерөөлөөр чонотой газар гэрээ барьсан, зуугаад мал сүрэгтэй, эрүү өвдөг нь нийлсэн хоёр хөгшин л амьдарч байсан гэх. Тэдний “ганц гангараа” нь холын газраас хон хон цуурайтсан хоточ нохой. Нохой нь ч бараг хоёр хөгшин шиг өтөлчихөж, гэхдээ л тэр айлын “дархан хил хязгаарын аюулгүй байдлын” баталгаа. Аянга болон түүний нөхөд машид бэлгэшээн, тэр сайхан амьтныг жингэртэй нэг хавьтуулчихвал үр удам нь үлдэж магадгүй гэж найдаад хоёр хөгшнөөс нохойг нь гуйхад огт хавьтуулаагүй гэдэг. Залуу нохой, дээрээс нь мөнгө өгье гэж гуйгаад ч бараагүй гэнэ лээ.
—Үйлийн үрээр учирч бид хоёрын харах хараа, сонсох чих болдог ханиа өгч чадахгүй ээ. Олон жил бараа түшиг болж, үр хүүхдүүдээс маань ялгаагүй манай гэрийн гишүүн болсон энэ буянтай амьтнаа нутагт нь ясыг нь тавиулна. Хойд насандаа хүн болж үр удмыг маань залгуулах ч юм бил үү. Энэ нохой байхгүй бол бид хоёр гар хөлгүй л гэсэн үг гэж гэрийн эзэн түс тас хэлжээ. (Монгол малчны хоточ нохойг хайрлах жинхэнэ ухаан даа.) Тийм ч байлгахыг Аянга хүсдэг учраас тэр сайхан амьтнаас адис аваад Монголдоо олон гөлөг төрүүлж үлдээгээрэй гэж дотроо залбираад явсан гэж байгаа юм.
—Хэрэв завтайсан бол нэг сайхан жингэр аваачаад тавьчих юмсан. Үр төлийг нь үлдээх юмсан. Удах тусам “шаансгүй” болж байгаа, хайран амьтан. Хасар, Басар мину зээ хэмээн Аянга халаглаж суусан нь нүдэнд үзэгдэж, инээд хүргэдэг юм. (Хорвоогийн жамыг ойлгосон хүний л үг дээ.)

Мал дагаад мал боллоо гэдэг. Үнэний ортой. Нүүдлийн малч ахуйн амин чухал “элементийг” гээсэн болохоор бүр ортой. Мал маллах ухаанаа монголчууд нохойд заадаг байж. Харин өдгөө хоточ нохойгоо мартачихаад хийдэг ажлыг нь өөрсдөө хийгээд явж байгаа нь эмгэнэлтэй. Цасан шуурганд малаа дагаж явсаар малчин осгож үхлээ гэх. Гэтэл монгол хоточ нохойтойсон бол цасан шуурганд уруудсан малыг малчин биш хоточ ноход нь дагаад явах байлаа. Цасан шуурга намдсаны дараа араас нь очиж, хоточ ноход нь нөмөртэй газар “хорьсон” малаа буцаагаад туугаад ирэх байлаа. Олон зуун жил шалгарсан энэ арга мартагдаагүйсэн бол олон малчин осгож үхэхгүй дэгээ. Монгол хоточ нохой цасан шуурганд мал сүргээ нөмөр нөлөөлгө газар хоргоож эзнээ хүлээдэг “цусанд шингэсэн сургуультай” гэнэ лээ. Монгол Туургатны Уугуул Нохой Судлалын Холбооныхон 2013 онд Орос руу 9 хоточ нохойтой тэмцээнд дайлаар очоод 7 алт, 1 мөнгө, 1 хүрэл медал авсан нь үүнийг батална.

Өнгөрсөн зун Шинэ Зеландаас ирсэн малчин, анчин хоёр “хүнд гарыг” Хустайн нуруу үзүүлээд явж байхад мал дагасан нохой харахаараа л (жинхэнэ монгол үүлдэрийнх биш л дээ) матар хочит Дэнди шиг шүгэлдээд болдоггүй. Яагаад дэггүйтээд байна гэтэл, манай хоньч ноход ингэж шүгэлдэхээр хонио эргүүлээд хүрээд ирдэг юм, бараг танайхаас сурсан байх гэж билээ. Би юу ч хэлээгүй, жинхэнэ монгол ноход л тэгдэг юм гэж хэлээд өнгөрсөн дөө.

Хэрэв нүүдлийн мал аж ахуйг жинхэнэ утгаар нь “амьд үлдээхийг” хүсвэл цогц бүрэлдэхүүнээр нь харж, бүх “элементүүдийг” нь аврах хэрэгтэй. Нүүдлийн малч ахуй үгүй болчихвол, монголын уламжлалт соёл ор тас алга болно. Наад зах нь монгол гэрийг тойрсон зан заншил, айраг бүлэх арга гээд олон зүйлс устах аюултай. Урлагийн тайзнаас л хардаг болно. Мал маллах монгол арга ухаан ч устана. Өнөөгийн малчид хятад мотоциклоор малаа хариулдаг нь нэг “элемент” алга болсныг хэлээд байна шүү дээ. Бид л хайхрамжгүй тэнэг байна. Харин эртний нүүдэлчид тэнэг биш байж: тэд ажлаа хөнгөлөх аргыг аль хэдийн олоод уламжлуулсан аж. Тэдэнд мотоцикл байгаагүй ч хоточ нохой байжээ. Зөвхөн ан хийдэг ондоо үүлдэрийн ноход ч байсныг дундад зууны үеийн зурагнуудаас ч харж болдог шүү дээ. Өнөөгийн бидэнд үлдсэн нь зөвхөн хоточ нохой бололтой. Ганц үлдсэн монгол үүлдэрийн нохойгоо Ардчиллын эринд алга болгочихгүй юмсан.

Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 5-д “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэсэн заалт орсныг олон хүн янз янзаар шүүмжилдэг. Уг санаа нь бол монгол нүүдлийн аж ахуйг тодорхой хэмжээнд хамгаалах гэсэн байх. Түүнээс биш зөвхөн махыг нь идэх гэсэндээ тэгж томьёолоогүй. Ямар чоно биш. Үүнийг манай улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенциудын үзэл бодолд бүрэн нийцүүлье гэвэл цогцоор томьёолох шаардлагатай. “Уламжлалт нүүдлийн малч ахуй үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж томьёолбол дэлхий нийтээр нүүдлийн соёл, ахуйг бүхлээр нь хүлээн зөвшөөрүүлж, ЮНЕСКО-гийн Биет бус Соёлын Өвийг Хамгаалах Конвенцийн Төлөөллийн болон Яаралтай хамгаалах шаардлагатай өвийн жагсаалтад оруулах боломжтой. Тэр тусмаа хоточ нохойн мал маллах арга барилыг Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын өвийн жагсаалтад оруулбал улс үндэснийхээ соёл төдийгүй, үндэсний аюулгүй байдлын бэлгэ тэмдгийг давхар давхар хүлээн зөвшөөрүүлж, дэлхий нийтийн өмнө хамгаалах үүрэг хариуцлага хүлээнэ гэсэн үг. Тэгсэн цагт манай улс нүүдлийн соёлын амин сүнс хоточ нохойг хамгаалах үүргээ нэгдэн орсон конвенциудын хүрээнд биелүүлэхээс өөр замгүй болно.

Төр засаг дэмжээсэй. Биологийн болон соёлын олон төрөл зүйлийг хамгаалах нь өнөөгийн хүн төрөлхтний нэгэн чухал зорилт болсон учир монгол хоточ нохойг хамгаалах нь зөвхөн монголчуудын ч биш хүн төрөлхтний үүрэг юм.

Өнгөрсөн жил ОХУ-ын “Планета собак” гэдэг алдартай нэвтрүүлгийнхэн монгол хоточ нохойн тухай баримтат кино хийгээд буцсан. Гэтэл бид нэг ч олигтой кино хийгээгүй. Байдаг ч байж магадгүй, би лав үзсэнгүй. Байдаг бол сайн л байна.

Хорин жилийн дараа л оросуудаас киноных нь хальсыг гуйхгүй байх юмсан даа.

2014 оны 3 дугаар сар 9
16.03

Wednesday, 5 March 2014

БРЭНД САНААТАЙ НОМ ГАРЛАА



Хүрэлбаатарын Эрдэмбилэгийн “Миний аав Бурхан биш: Лондонгийн бичлэгүүд” эссэ нийтлэл, богино үгүүллэгийн ном худалдаанд гарлаа.

Арваад жилийн өмнөөс өдийн хүртэл бичсэн хамгийн эсэргүү эссэнүүдээ энэ багтаасан гэх зохиолчийн гурав дахь номын эхний бүлэгт өнөөгийн монголын нийгмийн сэтгэлгээ, үнэт зүйлсийг задлан шинжилж, оношлосон болон буддын шашны талаарх бодрол, мухар итгэлийг хэрхэн арилгах талаар эргэцүүлэл багтсан эссе нийтлэл орсон бол хоёрдугаар бүлэгт нь шог хошин зохиолын төрлөөр бичсэн богино өгүүллэгүүд багтжээ.

МОНЦАМЭ агентлагийн сэтгүүлчээр ажиллаж байсан тэрбээр “Миний эсэргүү эссэнүүд, Лондонд намайг шашны харьцуулсан уншлага хийж, английн нийгмийн соёл, ул үнэт зүйлс, байдлыг ардчилсан нийгэм байгуулж байсан монголчуудынхаа соёл, үнэт зүйлс, байдалтай бодол санаандаа жишиж, бренд хувцас биш бренд санааг эрж байх үед төрсөн гээд  3  дахь номонд орсон бичлэгүүдээ Буддын шашны ухагдахуун, үнэт зүйлст түшэглэсэн гэж номынхоо нээлтийн үеэр хэлж байлаа.

Тэрбээр мөн "Миний аав Бурхан биш"-ийг шимтэн шүүмжлэн уншсан этгээд гэв гэнэт ганцаар инээх, гуниглах, уурлах гэх мэт эсэн бусын сэтгэлийн хөдөлгөөнд нэг бус удаа өртөх нигууртай гэж сануулж байна.

Эссэ нийтлэлийн “Толбогүй монгол” номоо 2005 онд хэвлүүлснээс хойш, “ЭнДүүрэл ба бусад өгүүллэг” хэмээх богино өгүүллэгийн ном хэвлүүлжээ.

Нэрт утга зохиолч судлаач, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын шинжлэх ухааны академич, доктор профессор Х.Сампилдэндэв агсан Х.Эрдэмбилэгийн анхны номыг өлгийдөн авч “авьяас билгийн очийг нь олж харсан” бол, нэрт шог зохиолч Соёлын гавьяат зүтгэлтэн И.Цэрэнжамц Х.Эрдэмбилэгийн богино өгүүллэг бичих арга барилыг орчин цагийн эзэмшвэл зохих арга барил яах аргагүй мөн гэж дүгнэжээ.

Мөн нэрт нийтлэлч Баабар Х.Эрдэмбилэгийг социал психологи чиглэлээр бичигч, сэтгэгч гэж дүгнэснийг номын ард талын нүүрэнд тавьсан байна.