Wednesday, 18 September 2013

ҮНДЭСНИЙ СУРГАГЧ БЭЛТГЭХ “МУЗЕЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ БА ГАМШГААС ХАМГААЛАХ” СУРГАЛТ


Музейн тогтвортой хөгжлийн чадавх дээшлүүлэх” Японы Итгэлцлийн сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй ЮНЕСКО-гийн төслийн үндэсний сургагч бэлтгэх “Музейн аюулгүй байдал ба гамшгаас хамгаалах” сургалт энэ сарын 23-27-нд Монголын Үндэсний Музейд болно.

ССАЖЯ, Монголын Үндэсний Музей, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс хамтран зохион байгуулж байгаа энэ сургалт нь үндэсний сургагч бэлтгэх 4 цуврал сургалтын 3 дахь нь бөгөөд олон улсын нэр хүндтэй сургагч багш нараар хичээл заалгасан Монголын музей болон соёлын салбарын 20 мэргэжилтэн, хөдөө орон нутгийн музейн боловсон хүчинд мэдсэн сурснаа түгээж, манай улсын музейн хөгжлийг олон улсын түвшинд хүргэхэд хувь нэмэр оруулна.

Музейн эд зүйлсийн хулгай, гэнэтийн халдлага, байгалийн нөхцөл байдлаас үүсэх эрсдэлээс хэрхэн сэргийлж, хамгаалах талаар “Музейн аюулгүй байдал ба гамшгаас хамгаалах” сургалтаар заах юм. Музейн сан хөмрөгийг гал усны аюул, байгалийн гамшиг, хүнээс хамаарах буруу үйл ажиллагааны эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх нь аливаа музейд шийдэх ёстой асуудал билээ. 

Үндэсний сургагч бэлтгэх 3 дахь сургалтыг Бүгд Найрамдах Чех Улсын Соёлын Яамны Музей ба Галлерей, Соёлын хөдлөх өвийг хамгаалах газрын дарга асан ЮНЕСКО-гийн сургагч багш, олон улсын нэр хүндтэй мэргэжилтэн Павел Жирасек удирдана.

Үндэсний сургагч бэлтгэх эхний “Музейн менежмент” сургалтыг ОХУ-ын Санкт Петербургийн Угсаатны музейн дэд захирал, олон улсын сургагч багш Ю.А.Купина, хоёр дахь “Маркетинг, боловсрол, олон нийтийн харилцаа” сургалтыг Норвеги Улсын Осло хотын Норск угсаатны музейн Олон нийттэй харилцах албаны дарга олон улсын сургагч багш Пол Моорк удирдан явуулсан.

Японы Засгийн газрын санхүүгийн дэмжлэгээр 2012-2014 онд хэрэгжиж буй Музейн тогтвортой хөгжлийн чадавх дээшлүүлэх” төслийн хүрээнд Монголын музейн үйл ажиллагаатай холбогдох стандарт, дүрэм журмыг олон улсын шинжээчээр дүгнүүлж зөвлөгөө авах, ЮНЕСКО-гийн  музейн холбогдолтой гарын авлагуудыг орчуулж хэвлүүлэх, Монголын музейн менежментийн практик гарын авлагыг боловсруулах зэрэг бусад ажлыг гүйцэтгэнэ. Энэ  төсөл нь музейн хөгжлийг дэмжин Монголд хэрэгжүүлж буй хамгийн том төсөл юм. 

Төслийн нэг үр дүн нь 2008 онд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор улс аймаг, орон нутгийн музейг мэргэжил-арга зүйн удирдлага, мэдээллээр хангах, сургалт явуулах үүрэг хүлээсэн Монголын Үндэсний музейн Сургалт арга зүйн төвийн үйл ажиллагаа идэвхжиж, жигдрэх болно.

Үндэсний сургагч бэлтгэх 4 сургалтыг дүүргэсэн мэргэжилтнүүд энэ ондоо багтан хөдөө нутагт очиж сургалт хийнэ. 21 аймгийг бүсчилэн хувааж, 4 сургалт зохион байгуулахаар төслийн багийнхан төлөвлөж байна.