Thursday, 2 May 2013

Соёлын өвөө олон улсын сүлжээгээр хамгаална

Cүүлийн үед манай улсад өрнөж буй нийгэм, эдийн засгийн өөрчлөлтүүдээс болж соёлын өвийг хадгалж, хамгаалах асуудал хурцаар тавигдаж байна. Ялангуяа соёлын эд зүйлс буюу хөдлөх соёлын өвийн хулгай, дамлан худалдаалах явдал эрс нэмэгдэж байгаа нь зөвхөн манай улсын төдийгүй эрчимтэй даяарчлагдаж буй дэлхий дахины сэтгэл зовоосон асуудал болжээ.

Олон улсын худалдаа, аялал жуулчлал дахь улстөр, эдийн засгийн хориг саад багассан нь аливаа улс үндэстний тусгаар тогтнолын нэг баталгаа болсон соёлын өвийн эсрэг гэмт хэрэг гаарахад нөлөөлсөн гэж үндэсний болон олон улсын шинжээчид санал нэгтэйгээр дүгнэдэг.

ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс (МҮК) энэ оны 4 дүгээр сард соёлын эд зүйлсийн хууль бус худалдаатай тэмцэх чиглэлээр ажилладаг цагдаа, хил, гааль, тагнуулын байгууллага болон ССАЖЯ-ны мэргэжилтнүүдийг Италийн соёлын өвийг хамгаалах Карабиенири алба, олон улсын эрүүгийн цагдаа ИНТЕРПОЛ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга нарын газрын Урлагийн бүтээлийн хэлтэс, Францын Соёлын өвийн хууль бус худалдаатай тэмцэх үндэсний газарт сургалтанд хамруулж, тухайн хоёр улсын Соёлын яам, хил, гаалийн мэргэжилтнүүдтэй ажил хэргийн холбоотой болгож, туршлага судлуулжээ. Энэ үйл ажиллагааг Монакогийн Вант Улсын санхүүжилтээр хэрэгжиж буй “Соёлын эд зүйлсийн хууль бус худалдаатай тэмцэх чадавх дээшлүүлэх” төслийн хүрээнд хэрэгжүүлсэн байна.

Энэ талаар ЮНЕСКО-гийн МҮК-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайханаас тодруулга авлаа.

-Соёлын эд зүйлсийн хууль бус худалдаатай тэмцэх чиглэлээр ажилладаг холбогдох яам, хүчний байгууллагын мэргэжилтнүүдийг Баруун Европын хоёр улсын болон олон улсын байгууллагуудад туршлага судлуулжээ. Чухам яагаад хариуцсан яам, хүчний байгууллагууд биш танай байгууллага үүнийг хэрэгжүүлсэн бэ?

-Манай улсын түүхэнд анх удаа хууль сахиулах, хүчний байгууллагын соёлын эд зүйлсийн хууль бус худалдаатай тэмцэх чиглэлээр ажилладаг болон энэ асуудлыг тухайн байгууллагадаа ерөнхийд нь хариуцдаг нийт 7 албан хаагчийг Баруун Европт төдийгүй дэлхийд соёлын өвөөрөө гайхагддаг, хадгалж хамгаалахад асар их хөрөнгө зардаг Итали, Франц улсуудад туршлага судлууллаа. Энэ бол санамсаргүй хийгдсэн ажил биш. Соёлын эд зүйлсийн эсрэг гэмт хэрэг манай улсад сүүлийн жилүүдэд их гаарсан тул холбогдох яам, байгууллагуудын ажиллагсдын ур чадвар, мэдлэг ойлголтыг дээшлүүлэх зайлшгүй шаардлага бий болсон. Манай байгууллага энэ асуудалд их анхаарч эх орондоо соёлын эд зүйлсийн эсрэг гэмт хэргийг бууруулах зорилготой олон үйл ажиллагааг 4 жилийн өмнөөс Монакогийн Вант Улсын санхүүжилттэй төслийнхөө хүрээнд хэрэгжүүлсээр ирлээ. Ер нь соёлын эд зүйлсийг дамлан худалдаалах, хууль бусаар олшруулах асуудалтай тэмцэхэд манай байгууллага анхаарч үйл ажиллагааныхаа нэг чиглэл болгодог.

Учир нь Монгол Улс соёлын хөдлөх өвийн эсрэг гэмт хэрэгтэй олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран тэмцэхээр 1964, 1991 онуудад тус тус ЮНЕСКО-гийн хоёр Конвенцид нэгдэн орсон байдаг. Тухайлбал, “Çýâñýãò ìºðãºë人íèé ¿åä сî¸ëûí үнэт зүйлсийг хàìãààëàх òóõàé 1954 оны Гаагийн Êîíâåíö болон “Ñî¸ëûí ¿íýò ç¿éëñèéã õóóëü áóñààð õèëýýð гàðãàõ, оðóóëàõ, ò¿¿í÷ëýí өì÷ëºõ ýðõèéã øèëæ¿¿ëýõèéã õîðèãëîõ, óðüä÷èëàí ñýðãèéëýõ àðãà õýìæýýíèé òóõàé 1970 оны Êîíâåíö юм. Тиймээс МҮК, Засгийн газартаа ЮНЕСКО-гийн бодлогыг хэрэгжүүлэх болон нэгдэн орсон конвенциудын хэрэгжилтийг хангахад зөвлөмж, зөвлөлгөө өгдөг чиг үүргийнхээ дагуу Монгол Улсад соёлын өвийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэхэд анхаардаг. Дээрх зорилгоор 2003 онд Улаанбаатар хотод манай Комиссын зохион байгуулсан ЮНЕСКО-гийн бүсийн сургалт-семинарийн дараа гарсан зөвлөмжинд үндэсний мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг сайжруулах, сүлжээ бий болгох болон ИНТЕРПОЛ гэх зэрэг олон улсад нэр хүндтэй соёлын эд зүйлсийн хулгай, гэмт хэрэгтэй тэмцдэг байгууллагуудтай холбоо тогтоож, тэдний сүлжээнд үндэсний мэргэжилтнүүдээ оруулах зэрэг санаа тусгагдсан байдаг бөгөөд энэ зөвлөмжийн дагуу бид Итали, Францад мэргэжилтнүүдээ аваачиж туршлага судлуулж, хичээл заалгалаа.

-Хэр үр дүнтэй болов оо?

-Манай мэргэжилтнүүдийн зорьсон хэрэг маш амжилттай бүтлээ. Мянга сонсохоос нэг үз гэдэг үг бий. Тэд дэлхийн шилдэг туршлага, мэдлэгийг өөрсдөө очиж судалж, мэдлээ. Тэднийг дэлхийд нэр хүндтэй, соёлын эд зүйлсийн хууль бус худалдаатай тэмцдэг томоохон байгууллагууд хүлээн авч, хичээл зааж, үйл ажиллагаатайгаа илэн далангүй танилцуулан, шаардлагатай бүхий л мэдээллээр хангасан. Мэдээж хүчний байгууллагуудын төлөөллүүд уулзсан тул тодорхой хэмжээнд нууцын зэрэглэлтэй асуудлууд хөндөгдөх эмзэглэл байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ энэхүү үйл ажиллагааны нэг гол зорилго бол монголын холбогдох байгууллагуудын төлөөллүүдийг Италийн Соёлын өвийг хамгаалах Карабиенири алба, ИНТЕРПОЛ болон бусад байгууллагуудын төлөөллүүдтэй уулзуулж, олон улсын соёлын өвийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх сүлжээтэй холбож өгөх явдал байсан. Энэ зорилгоо бид маш сайн биелүүлсэн гэж дүгнэж байгаа. Баруун Европын төдийгүй дэлхийн хэмжээнд гэж яригдах соёлын эд зүйлсийн хууль бус худалдаатай тэмцэх сүлжээнд монголын хүчний байгууллагын мэргэжилтнүүд нэгдэн орох боломж нээгдсэн нь том ололт. Жишээлбэл, хууль бусаар Монголоос гаргаж Баруун Европод олдсон соёлын эд зүйлс байвал энэ мэдээллийг заавал албан шугамаар харилцаж цаг алдалгүй, харин холбогдох мэргэжилтнүүд нь хоорондоо харилцаж, солилцох боломж нээгдлээ. Энэ нь ямар нэг асуудлыг дипломат арга замаар шийдвэрлэхэд дөхөм болно. Гэхдээ мэдээж аливаа асуудлыг зохин түвшинд албан шугамаар шийдвэрлэх ёстойг мартаж болохгүй.

-Хэрэв хулгайлагдсан соёлын өвийг гадаадын аль нэг улс орноос эргүүлэн авах шаардлага гарвал албан ёсоор яаж хандах ёстой юм бэ?

-Албан ёсоор хандахаар болвол Монголын Улсын Засгийн газрыг төлөөлж холбогдох яам нь тухайн улс орны зохих этгээдэд албан захиа бичнэ. Мөн тухайн улсад манай улсаас суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд хүсэлтээ гаргаж болно. Мөн олон улсын эрүүгийн цагдаа ИНТЕРПОЛ-д хүсэл гаргахаар бол Монгол дахь ИНТЕРПОЛ-ийн Үндэсний төв товчоогоор дамжуулж хүсэлтээ гаргана. Жишээлбэл, ИНТЕРПОЛ-ийн Урлагийн бүтээлийн хэлтэст хүсэлт гаргах, хулгайлагдсан соёлын эд зүйлсийн талаар мэдээлэл өгөхөөр бол заавал Үндэсний төв товчоо, ЮНЕСКО, эсвэл Олон улсын музейн зөвлөлөөр дамжуулах журамтай. Иймд манай улсын ИНТЕРПОЛ-ийн Үндэсний төв товчоотой соёл урлагийн байгууллагууд нягт хамтран ажиллах шаардлагатай байгаа юм. Харин хулгайлагдсан эд зүйлсийн талаар мэдээлэл дамжуулахдаа тодорхой зааврын дагуу маягт бөглөдөг. Үүнийг манай сургалтанд оролцогчид Францын Лион хотод байрладаг ИНТЕРПОЛ-ийн төв байранд очиж заалгасан. Ер нь олон улсад мөрдөгддөг “Эд зүйлсийн тодорхойлолт” гэж нэрлэдэг маягтыг манай бүхий л соёлын эд зүйлс хадгалдаг байгууллага, музейнүүд бөглөж, хадгалж байх шаардлагатай байгаа. Үүнийг үндэсний болон олон улсын мэргэжилтнүүд эртнээс зөвлөсөөр ирлээ.

-Итали, Францын талууд манай мэргэжилтнүүдийг хэрхэн хүлээж авсан бэ?

-Итали, Францын талууд маш сайхан  хүлээж авсан. Энэ үйл ажиллагааг тэд дэмжиж, биднийг ийм санаачлага гаргасанд сайшаасан. Бид бүхний зорилго нэг учир хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь зүйтэй гэдгийг тэд дурдаж байсан. Хэрхэн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар ч тэд саналаа хэлсэн. Италийн Соёлын өвийг хамгаалах Карабиенири алба манай найдвартай түншлэгч болж, мэдээллийн эх сурвалж өгөх нэг гол суваг болох хүсэлтэй байгаагаа ч илэрхийлсэн. Харин энэ дашрамд дурдахад цаашдын хамтын ажиллагаа Итали, Францад сургалтад оролцсон монголын мэргэжилтнүүдээс ихээхэн шалтгаална. Тэд өөр өөрсдийн чиглэлээр Карабиенири, ИНТЕРПОЛ болон бусад холбогдох Итали, Францын яам, байгууллагуудын мэргэжил нэгтнүүдтэйгээ холбоо тогтоосон нь бидний ажлын нэг гол үр дүн.

-Та нууцын зэрэглэлтэй асуудлыг хөндөх эмзэглэл байсан гэж дурдлаа. Энэ талаар тодруулж болох уу?

-Чухам ямар асуудлууд гэдгийг тодруулах боломжгүй. Гэхдээ мэдээж, Итали, Франц, Монголын хүчний байгууллагын ажиллагсад уулзаж байгаа болохоор ийм асуудлууд байсныг үгүйсгэхгүй. Ганцхан зүйлийг бид баттай хэлэхэд Итали, Франц болон манай мэргэжилтнүүд илэн далангүй ярилцаж, өөрсдийн улс орныхоо соёлын эд зүйлсийн хууль бус наймаа, гэмт хэргийн талаар мэдээлэл солилцож, цаашдын хамтын ажиллагааныхаа үндэс суурийг баттай тавьсан. Тэд манайханд соёлын өвийг хадгалж хамгаалах талаарх хэрэгтэй мэдээлэл, мэдлэгийг сэтгэл харамгүй өгсөнд нь бид талархаж байгаа. Жишээ нь, ганцхан жилийн өмнө нууцын зэрэглэлтэй байсан Италийн Гаалийн Ерөнхий газрын Хууль бус үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх төвийн үйл ажиллагаатай танилцуулсан нь эдгээр улс орон манай улсад туслах ямар их хүсэл эрмэлзэлтэй байгааг илэрхийлж байна гэж би хувьдаа бодсон.

-Итали, Францад сургалтад явах оролцогчдыг хэрхэн сонгосон бэ? Ихэнх нь хүчний байгууллагын төлөөллүүд байна лээ?

-Бид ССАЖЯ-тай их ойр дотно ажилладаг. Дээрх үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ ч тус яамны зөвлөлгөөг авсан. Өгсөн зөвлөлгөөний дагуу яг соёлын эд зүйлсийн хууль бус худалдаатай тэмцэх галын шугам дээр ажилладаг албан хаагчдыг сонгохыг хичээсэн. Тиймээс ч ЦЕГ, ТЕГ, ХХЕГ, ГЕГ гээд соёлын эд зүйлсийн хууль бус худалдаатай тэмцэхэд гол үүрэг гүйцэтгэх бүхий л гол тоглогчдын төлөөллийг багтаасан. Гэхдээ эдгээр байгууллагыг төлөөлөн оролцсон бүх оролцогчид маань тухайн байгууллагадаа зөвхөн соёлын эд зүйлсийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ажилладаг гэвэл ташаа. Өнөөгийн байдлаар бол Эрүүгийн цагдаагийн газарт л соёлын эд зүйлсийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ажилладаг албан хаагчдыг томилсон байгаа. Харин цаашдаа манай хүчний байгууллагууд соёлын эд зүйлсийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр дагнан ажилладаг албан хаагчдын орон тоог бий болгоно байх гэж найдаж байна. Энэ тал дээр ССАЖЯ ч их анхаарч ажиллана гэсэн. АНУ-д хууль бусаар зарагдах гэж байсан Тиранозаурс батаар үлэг гүрвэлийн араг ясыг эх орондоо эргүүлэн авчирах ажлын хэсэгт орсон хүмүүс ч манай оролцогчдын дотор бий. Тэд улам ихийг сурч мэдсэн гэж бид найдаж байна. Бид тэдний сурч мэдсэнийг бусад түгээхэд анхаарч, өөр өөрсдийн байгууллагадаа тайлан тавиж мэдсэн сурснаа бусадтайгаа хуваалцах ёстойг онцолж тэдэнтэй гэрээ байгуулсан.

-Тиранозаурс батаар үлэг гүрвэлийн араг ясыг эх орондоо хэрхэн эргүүлэн авчрах болсныг Баруун Европод сонирхож байв уу?

-Сонирхолгүй яах вэ. Манай оролцогчдыг очсон газар бүхэнд нь уг үлэг гүрвэлийн араг ясыг АНУ-аас эх орондоо авчрах гэж байгаад баяр хүргэсэн. Манай мэргэжилтнүүдийг асар богино хугацаанд их ажлыг гүйцэтгэсэнд тэд маш их үнэлсэн. Мөн МҮК-оор дамжуулсан өөрсдийнх нь өгсөн мэдээлэл хэрэг болсон уу? гэж лавлаж байсан. Тэдний өгсөн мэдээллийг манай холбогдох байгууллагын мэргэжилтнүүд бүрэн ашиглаж, их тус болсныг ч хэлж, талархснаа илэрхийлсэн.

-Таны дээр дурдсан 1954, 1970 оны хоёр Конвенциас өөр соёлын эд зүйлсийг хадгалж хамгаалах талаар олон улсын гэрээ, Конвенци байдаг уу?

-Итали, Францад холбогдох байгууллагын мэргэжилтнүүдээ аваачиж туршлага судлахаар явуулахдаа нэг чухал зорилтыг бид тавьсан. Нэг сумаар хоёр туулай буудах гэж оролдсон гэх үү дээ. Манай мэргэжилтнүүдийн сургалтын хөтөлбөрт “Хулгайлагдсан болон хууль бусаар хилээр гаргасан соёлын үнэт зүйлийн тухай” 1995 оны ЮНИДРУА-гийн Конвенцийн талаар хичээл багтсан. Энэ хичээлийг уг Конвенцийг санаачлагчдын нэг нь заасан юм. Харин манай Комисс Монгол Улсаас Франц Улсад суугаа ЭСЯ-ны хариуцах ажилтныг энэ үйл ажиллагаанд хамруулсан нь их ач холбогдолтой боллоо.

1995 оны ЮНИДРУА-гийн Конвенцид манай улс хараахан элсээгүй байгаа. Хэрэв элсэн орвол манай улсаас хууль бусаар хил дамнуулан худалдаалсан соёлын эд зүйлсийг эх орондоо эргүүлэн авахад улам их тус болох учиртай. Өөрөөр хэлбэл, энэ Конвенци дээрх нэгдэн орсон конвенциудаас илүү хүчирхэг, бодит байдалд хэрэгжих хатуу заалттай эрх зүйн баримт юм. Мөн энэ Конвенцид элсэн ороход ЮНЕСКО дэмжлэг үзүүлнэ гэж Монгол Улсын Засгийн газар, ЮНЕСКО хоёрын хооронд байгуулсан 2011-2015 оны хооронд хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичигт дурдсан бий. Тиймээс ГХЯ үүнд анхаарч, Итали болон Франц улсуудад суугаа ЭСЯ-нийхан анхаарал хандуулж ажиллах байх. Мөн дээрх Харилцан ойлголцлын санамж бичигт 1954 оны Гаагийн Конвенцийн I, II Протоколд Монгол Улс нэгдэн орох нь зүйтэй гэсэн санааг тусгасан байдаг. Энэ талаар манай холбогдох яам, байгууллагууд судалж, одооноос шийдвэрээ гаргах хэрэгтэй байгаа. Энэ дашрамд, Монгол Улсаас Итали болон Франц Улсад суугаа хоёр Элчин сайд Ш.Одонбаатар, Ш.Алтангэрэл нартаа бидний үйл ажиллагааг дэмжиж, тусалсанд баярласнаа илэрхийлмээр байна. Мөн манай оролцогчдын зорчих визийг маш богино хугацаанд саадгүй гаргаж өгсөн Монгол Улсад суугаа Францын ЭСЯ-ныханд талархаж байна.


-Танд баярлалаа. Соёлын өвийн хууль бус худалдаа, хулгай, дээрэм тонуултай тэмцэх үйлст тань амжилт хүсье.

-Баярлалаа. Манай байгууллага энэ чиглэлээр ажиллах аль ч байгууллага, хувь хүнтэй хамтран ажиллахад бэлэн гэдгийг энэ дашрамд дурдая.