Tuesday, 8 October 2013

ЯРУУ НАЙРГИЙН ЭЛЕМЕНТҮҮД

Шүлэг, яруу найргийг бүтээлчээс нь тусгаарлан, зөвхөн үгийн хэлбэрт хууртан судалдаг хэвшмэл дадлаасаа яруу найргийн шүүмжлэл ангижрах цаг болжээ. Урлагийн бүтээл бол хүнээс төрдөг учир урласан хүн нь яруу найргийн ундарга, үндэс. Иймд Монголын яруу найрагчдыг нийтлэг үзэл санааны шинж төрхөөр нь элемент болгон бүлэглэн тодорхойлж, ямар нийгэм, үзэл бодлын нөлөө, сэтгэлгээний хэв маягаар уран бүтээл туурвидгийг судалбал яруу найраг улам амьд болно.
 
Гэхдээ шинж төрхөөр нь ялгахаас өмнө орчин цагийн Монголын урлагийн ертөнц дэх залуу, хөгшин гэх заагийг зөв ойлгох шаардлагатай. Хөгшин яруу найрагч гэж бараг өргөмжилдөггүй ч, залуу яруу найрагч гэх тодотгол элбэг тохиолддог учир хөгшин гэж хэлэгдэх хүмүүс байж л таараа. Мэдээж залуу гэдэг нь хүний насыг ерөнхийдөө хэлсэн ч манай урлагт энэ нь хятадын цагаан хэрэм шиг зааг ялгааг гаргасан их учиртай үг. Нарийн яривал залуу гэсэн тодотголыг хуссан цагт л жинхэнэ яруу найрагч болно. Хэзээ энэ тодотголоосоо салах нь тухайн хүний нас, шүлгийн чанараас бараг шалтгаалахгүй. Харин хэр олон хүнд архи авч өгөн хэр зэрэг танилтай болсноос хамаарна. Залуу гэдэг тодотгол бол хэсэг нөхөд орон зайгаа шинээр гарч ирж буй дайсагнасан элементүүдээс хамгаалахын тулд гаргасан маш боловсронгуй аргын нэр юм. Өөрсдөөсөө цэвэрхэн салгаж бидний эгнээнд орох арай болоогүй гэж хэлсэн хэрэг. Эндээс л манай яруу найраг хэчнээн амь нэгтэй, бүтцийн зохион байгуулалттай, хувийн бус сүргийн сэтгэлгээ давамгайлсан нь харагдана. Одон медалийн төлөө ил, далд тэмцдэг нь үүний баталгаа.

Яруу найраг цэвэр утгаараа оршихгүй, албан тушаал, байр суурийн төлөөх тэмцэл болсон. Яруу найрагч шүлгээ туурвин жинхэнэ уран бүтээлийн таашаал авах биш шагнал авч байж яруу найрагчаа мэдэрнэ. Медал авахгүй бол яруу найрагч болохгүй гэдэг ойлголт нь Болор цомд харагдаагүй л бол ямар яруу найрагч гэх юм гэсэн сэтгэлгээтэй агаар адил. Зөвхөн уран бүтээлээрээ ахуй амьдралаа аваад явах боломж Монголд бага болохоор медал авч нэр хүнд, танил талтай болох нь арын хаалганы паспорт мөн учир медалийн төлөөх тэмцэл хуйвалдааны түвшинд очсон.

Яруу найргийн шүүмжлэлд итгэхийн аргагүй, хэн нэгнээ медалийн тавцанд гаргахын тулд хор найруулах нь элбэг. Хэрэв үнэхээр л архи уудаг сайн найзууд биш л бол баруун аймгийн хүн, зүүн аймгийн хүнийг магтсан нь ховор. Зүүн аймгийн хүн, баруун аймгийн хүнийг магтсан нь үгүй. Чөлөөт зохиолч, чөлөөт бус зохиолчийн медалийн замыг хэзээ ч засахгүй. Манай зохиолчид улс төрийн намууд шиг оргилын төлөө бүлэглэн тэмцэж яваа. 

Монголын яруу найрагт хөшигний ардах тулаан их байдаг нь Монголын Зохиолчдын Эвлэл фундаментаа социалист нийгэмд тавьсантай холбоотой. Нэг үзэл бодолд бүгдийг нь барьж, сортойж сөртийснийг нь гадуурхан хусаж байхад үүргээ онц биелүүлсэн МЗЭ өнөөдөр удирдах изм-гүй болсон ч инерцээрээ сүргийн нягтаршлаа сулруулаагүй явна. Тэр утгаараа олон янзын уралдаан, тэмцээн бол энэ байгууллага хүч нөлөөгөө бэхжүүлдэг амин тэжээл нь болжээ. Эдийн засгийн хувьд энэ нь ойлгомжтой ч, цэвэр бүтээлээрээ баяжиж чаддаггүй ядуу яруу найрагчдыг төлжүүлдэг нь жинхэнэ уран бүтээлийн мөн чанарыг гутаасан үзэгдэл.

Одоо элемент рүү оръё: Хамгийн өргөн дэлгэрсэн элемент бол сэтгэлтэн буюу сэтгэлийн хөөрлөөр бичигчид. Аливаа хүн шүлэг бичиж эхлэхдээ сэтгэлийн хөдөлгөөнөөр давамгайлан бичдэг. Сэтгэлтний чухам юу нь осолтой, өрөөсгөл гэхээр тэд залуу халуун насны аагаар бичдэг үе дээрээ гацчихаад, хүний мэдлэг, хөгжил, тархины хүчийг үгүйсгэдэгт байгаа юм. Үхсэн морийг ташуурдахтай адил, хамаг эрч нь шавхагдахаар, хий сэтгэлийн хөөрлөөр бичих гэж бие сэтгэлээ тамлах нь өрөвдөлтэй. Шүтдэг зүйл нь унаган авьяас.

Дараагийн элемент бол арай дэвшингүй ариунтан буюу онгончууд билээ. Ариунтан яруу найргийг маш нандин, гэгээн, хир буртаг огт хүргэж болохгүй хэмээн үздэгээс болж бодит амьдралыг сохор мэт олж хардаггүй, бодит байдлаас зугтдаг, хийсвэр нөхөд. Тархиа тодорхой хэмжээгээр цэнэглэсэн, энд тэндээс иш татдаг, хааяа хэлбэр хөөчихдөг. Яруу найрагчид дундаасаа алдаршсан хүмүүс. Номонд сохроор мөргөдгөөс болоод Буддын шашны Гурван Эрдэнэд мөргөнөм гэдгийн Номыг үгчлэн ойлгоод ном л байвал утга агуулга хамаагүй духаараа очиж мөргөх гээд байдаг осолтой хүмүүс. Бүтээл нь номын хөгцөрсөн үг хэллэг ихтэй, амьдралгүй хоосон.

Онгончуудаас арай газардсан элемент бол догшин хутагтууд, энэ элемент яруу найргийн талбарт ч, нийгмийн салбарт ч хүчирхийллийг дээдэлсэн, хүн загнаж сүржигнэсэн, заргач этгээдүүд. Данзанравжааг сурталчлагчид боловч Буддизмыг ойлгодоггүй учраас хоосон хэлбэрдэн үндсэрхэг үзлийг хөөрөгдөгчид. Мөн эд нутагрхаг үзлийг өөгшүүлэн нийгэмд хагарал үүсгэгчид. Хэрэв Равжааг сайн ойлгосон бол манайх, танайх гэж маажигнан гүйхгүй л байхсан. Энэ элемент Равжаагийн гүнзгий сургаалыг хаяж, ахуйн чанартай шүлгүүдийг нь тоть мэт давтан ардыг мунхруулагчид. Догшин гэж жигтэйхэн, өөрийг нь хүлээн зөвшөөрөхгүй бол билиг танхай болж байна гээд барьж аван зодож мэдэх хүмүүс. Агсан гэж аймаар.

Дашрамд хэлэхэд, билиг гэдэг үгийг манай яруу найрагчид буруу ойлгодог. Билиг гэдэг нь Буддизмийн гүнзгий ойлголт. Бодисадын мөрд орж, насаараа бясалгал үйлдэн хүрдэг оюуны байдал. Түүнээс биш манай яруу найрагчид шиг архи ууж агсан тавиад байхаар л болчихдог зүйл бишээ. Архи ууж агсарсан хүнийг зүгээр л танхай гээд эрүүлжүүлэхэд хийх хэрэгтэй болохоос манайхан шиг билиг танхай гээд өргөмжлөөд байх шаардлагагүй.

Бас нэг элемент бол сэтгэлийн хөдөлгөөний золиос, нийгмийнхээ жинхэнэ толь болсон архичид билээ. Тархиа цэнэглэдэггүй учир шүлэг сэтгэлээс нь гардаг. Эсвэл тархи нь спиртэд хатаж ажиллахаа байснаас уран бүтээл нь гүнзгий санаагүй. Нас ахиад шүлэг цөөрөхөөр сэтгэлийн галзуу морийг нүдээ анин унасан шулуудсан гарууд. Сэтгэлийг архиар ташуурдан, тархины тусламжгүйгээр туурвих гэж оролдсон нөхөд. Архичид бас санаашран шүүрс алдагсад юм. Өнгөрсөн алтан үеийг дурсан, олон сэдэвгүй, хэвшсэн сэтгэлгээгээр үг эвлүүлэн хөндий шүлэг бичин үхэж чадахгүй байгаа нөхөд. Согтохоороо амбасын үед бичсэн ганц хоёр нийтэд тархсан гайгүй бүтээлээ дурсан би, би хэмээн дөвчигнөгчид.

Дөвчигнөгчид хэмээх бас нэг элемент бий. Эд эсчлэн яривал дөвчигнөгчдийг элемент гэхээсээ илүү дэвсгэр гэвэл таарна. Монголд яруу найргаар мөнгө олж баяжих нь ховор, зөвхөн медал л зүүж нэр хүнд, танил талтай болж л амьжиргаагаа сайжруулах боломж байдаг учир Монголын бүх шүлэгчид би-гээ өргөмжлөн бусдыг үгүйсгэдэг зуршилтай. Их бага, илд далд. Би-г ухаад байвал хязгаарагдмал болно. Бусдыг тоохгүй өөрийгөө л бичээд байна гэдэг тун өрөвдөлтэй. Тиймээс манай өнөөгийн яруу найраг бяцхан. Жинхэнэ уран бүтээл би-гээсээ салж чадсан мөчид л төрнө. Уусаж байж л шүлэг гарна уу гэхээс урагшгүй би-гээр шүлэг бичихгүй.

Социалист уран зохиолыг жинхэнэ гардан бүтээгчид болох оросууд ба түүний залгамж үе оросжмол баруунтнууд хоёр ондоо элемент боловч хоорондоо бусдаасаа илүү нягт холбоотой. Оросууд бол социализмын үед Зөвлөлт Холбоот Улсын Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийг нам засгийн буянаар дүүргэсэн манай лундгарууд юм. Гол шинж нь Орос ба Оросын уран зохиолыг тэнгэрт тултал магтана. Өөрсдөд нь харьцуулаад үзэх мэдлэг, соёл байхгүй учир ихэвчлэн оросын шүүмжлэгчид өөрсдийгөө магтсаныг жаахан давс нэмж байгаад ярина. Эдгээр лундгарууд бол жинхэнэ үнэнч дүү нар, байнга л ах нар, ах нар хэмээн долигонож бөгс улайлгадаг хүмүүс. Арга ч үгүй юм, амьдралынхаа алтан үеийг алтан Москвад дөрөв, таван жил диваажин мэт өнгөрөөсөн юм чинь. Хувиас нь сохор зоос ч гарахгүй, стипенд авч архи, хүүхэн, хоолныхоо мөнгийг санаа зовохгүй төлчихнө. Монголд ирэхэд нь өндөр албан тушаал бэлэн. Тийм байхад хэн муу санаж ачийг нь дурсахгүй байх билээ. Социалист лагерийнхантай ханьсан, төмөр хөшигний цаадах нөхдийг муулж, зуу татсан шиг сургууль төгссөн улс. Нарийн яривал архичин яруу найрагчдын армийг жинхэнэ үүсгэгчид байгаа юм. Ондоогоор бол архины нөлөөгөөр бичсэн яруу найргийн салбарыг үндэслэгчид.

Оросжмол баруунтнууд бол Монголд одоо толгой цохиж байгаа их мэдэгчид. Нөхөд жаахан хүрээгээ тэлж орос хэлээр дамжуулан өрнөдийн утга зохиол руу орсон. Оросын шүүлтүүрээр орсон өрнөдийн соёлыг хүлээж авч байгаа учир орчин цагийн өрнөдийн яруу найргийн судсан дээр хараахан мордоогүй яваа этгээдүүд.
Оросжмол баруунтантай хольж хутгадаг элемент бол изм үндэслэгчид. Горькийн сургууль төгсөх хувь дутсан ч нийгэм нээлттэй болох үед бусдын мэдэхгүй ганц, хоёр гайгүй зохиол шургаад ирэхэд түрүүлж уншин, барууны хориотой байсан залуучуудын дуунуудыг соргог мэдэрч, өөрийн жаахан юмтай холин изм байгуулсан. Харамсалтай нь угийн үндсэн соёлгүй болохоор дахиж будаа идэх ном олдохгүй бол гацчихдаг. Үндэсний соёлтой байж л бусдын юмыг илүү сайн ашиглана гэдгийг, мөн изм бол гаднаас бус дотроосоо хувьсан гарч ирвэл илүү амьтай болно гэдгийг одоо хүртэл ойлгоогүй яваа нөхөд.

Бурхантай Дорнынхон бол будилсан элемент. Баруун ба Зүүний ялгааг олж харж чадаагүй. Бид соёлоо устгасан учир Баруун ч биш Зүүн ч биш. Гэтэл эд Өрнөдийг дутуу ойлгож, Дорныг изм-дүүлэх гэж монголчуудын сэтгэлгээг бүр бантагнуулж байгаа хүмүүс. Барууны Зүүнд өгсөн эртний оношилгоогоор Дорнын соёлыг дүгнэдэг.

Ардчилалтай хамт Бурхан шашнаар рекламдсан хэсэг нөхөд гарч ирсэн. Ганжуур, Данжуурыг зөвхөн яруу найраг гэж будилсан, дээлээр гоёгсод. Орчин цагийн үгийн ард үлэг гүрвэл шиг настай дагавар залгаж соёлоо сэргээгчид. Хэрэв жаахан дураар нь тахивал сексдмуй, машиндмуй хэмээн шинэ үг төрүүлэх гэгээнтнүүд.
Хөдөөнийхөн бол хөнгөн элемент. Хашрууд байгаагаараа байх гээд зогсохгүй, харин байсан шигээ байх гэж хөгжлийг арагш чангаадаг зөрүүдүүд. Жинхэнэ хөдөөнийхөн бол нутагтаа том яруу найрагчид, хотод ирээд зурагтаар гардаг, томчуудтай нийлж хааяа савдаг, номынхоо өмнөх үгийг медалтай яруу найрагчаар бичүүлчихдэг сэргэлэн гарууд.

Хотын хөдөөнийхөн бол арай өөр. Насаараа хөдөөний тухай бичсэн боловч амьдралынхаа дийлэнх хугацааг хотод өнгөрөөсөн. Сэдэвтээ гацаж, санаж сарвайсан аястай шүлэг биччихээд амьдарч байгаа нийгмээ олж хардаггүй, ямар ч төрийн үед буйр алдахгүй аятайхан сэдвийнхээ буянд хүйтэнд хөрч, халуунд халахгүй хашир андгайнууд. Тэд зөвхөн хөдөөг хөдөө байлгах гээд зогсохгүй Монголыг дэлхийн хөдөө байлгах гэж мөрөөддөг этгээдүүд.

Шинэ цагийн нэг шинэ элемент бол тамирчид юм. Тэдний мөрөөдөл тэмцээнд түрүүлэх. Энд хөдөөнөөс ирсэн залуучууд өндөр амжилттай яваа. Тэр дундаа бүсгүйчүүд. Зурагтаар гарахаар нутгийнхан нь үзэх учир тун чармайлттай.

Бүсгүйчүүд гэснээс сэрэлтэй хүүхнүүд элемент мэр сэр үзэгдэх болсон. Шүлэг, яруу найргийн ачаар эрчүүдийг уургалах гэсэн эрмэлзлэл нь илт. Тэрүүхэндээ XXI зууны Цогзолмаа болон мөнхрөх мөрөөдөлтэй. Монголын яруу найрагт тэсрэлт хийсэн зүйл нь эр эмийн хурьцлыг эмэгтэй хүний үгээр зоригтой анх монгол хэлээр бичсэн явдал. Адаг сүүлд нь ханахгүй сонин сэтгүүлд элдэв хурьцлын (порно) жүжигчид шиг ёс зүйгүй зүйлс ярин биеэ үнэгүй рекламдана.

Шүүгчид гэдэг архи нэхсэн, цол гуншинтай хашир бурхинууд бий. Жинхэнэ хор найруулагчид. Энэ элементэд орохын тулд хор удаан найруулж, архи ч их уух хэрэгтэй.

Иймэрхүү янзаар манай уран бүтээлчдийн сэтгэлгээний хэв маягийг  ангилж болно. Нэгэнт л амьд процесс өрнөж байгаа учир шинэ элемент гарч хуучин элемент устах, эсвэл нэг хүн олон төрлийн элемент агуулах боломжтой. Тэгээд ч эзэнгүй шүлгийг биш түүнийг үйлдвэрлэж байгаа хүмүүсийн үзэл бодлыг илүү анзаарвал яруу найраг улам хөгжинө.
                                                                                

2003.11  

2 comments:

Сэгсгэр said...

маш сайн бичлэг байна, хэнийх вэ?

Орчин цагийн үгийн ард үлэг гүрвэл шиг настай дагавар залгаж соёлоо сэргээгчид. Хэрэв жаахан дураар нь тахивал сексдмуй, машиндмуй хэмээн шинэ үг төрүүлэх гэгээнтнүүд.

ооо

Anonymous said...

Миний бичлэг ш дээ. Ээбээ