Monday, 8 July 2013

Алтайн уулс дөрвөн улсын хил дамнасан Дэлхийн өв болно

2013 оны 7 дугаар сарын 3-4-ны хооронд Улаанбаатар хотноо Алтайн уулсыг дөрвөн улсын хил дамнасан Дэлхийн өв болгож ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгүүлэх талаар хэлэлцсэн “Алтайн алтан уулс—Бидний өв” сэдэвт олон улсын хурал боллоо.

Уг хуралд Орос, Хятад, Казакстан, Монголын холбогдох яам, байгууллагууд болон ЮНЕСКО, Байгаль хамгаалах олон улсын холбооны (IUSN) нийт 32 мэргэжилтэн оролцож санал бодлоо солин, Алтайн уулсыг Дэлхийн өвд хэрхэн бүртгүүлэх арга тактик, ажлын чиг шугамаа хэлэлцсэн.

ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, БОНХЯ, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар зэрэг байгууллагууд хамтран уг хурлыг зохион байгуулсан бөгөөд ХБНГУ-ын Байгаль хамгаалах Холбооны агентлаг санхүүжүүлсэн.

1998 онд ОХУ өөрийн газар нутагт орших Алтайн уулсын 1,611,457 гектар газрыг “Алтайн алтан уулс” нэрээр, 2010 онд БНХАУ “Хятадын Алтай” нэрээр нийт 341 700 гектар нутгийг  Дэлхийн өвд байгалийн ангиллаар бүртгүүлсэн бөгөөд харин манай улс 2011 онд “Алтайн нурууны хадны зургийн цогцолбор”-ыг Дэлхийн өвд бүртгүүлэхдээ соёлын ангиллаар бүртгүүлсэн билээ. 

Улаанбаатар хотод болсон уулзалтын үеэр хөрш 4 улс болон ЮНЕСКО, ЮНЕСКО-гийн зөвлөх байгууллага Байгаль хамгаалах олон улсын холбоо, ХБНГУ-ын Байгаль хамгаалах Холбооны агентлагийн мэргэжилтнүүд ОХУ-ын Дэлхийн өв “Алтайн Алтан Уулс”-ыг хэрхэн тэлж, 4 улсын хил дамнасан Дэлхийн өв болгох талаар хэлэлцсэн.

Уг Дэлхийн өв “Алтайн Алтан уулс” нь 1 сая гаруй жилийн хүний хөгжлийн түүхийг харуулсан гайхамшигт газар нутаг бөгөөд хэдийгээр ховордсон ургамал, амьтад байдаг болохоор нь биологийн олон төрөл зүйлийг хамгаалах чухал түшиж газар хэмээн Дэлхийн өвийн Конвенцийн Дэлхийн Түгээмэл Хосгүй Гайхамшигт Үнэ цэнэт байдлын Тодорхойлтын 10 дугаар ангиллалаар (шалгуураар) бүртгүүлсэн ч уг газар нь нүүдэлчдийн соёлын асар их ач холбогдолтой соёлын өв гэдгийг ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан хурлыг нээж үг хэлэхдээ дурдлаа.  


Тэрбээр мөн “Алтайн Алтан уулс”-ын Дэлхийн Түгээмэл Хосгүй Гайхамшигт Үнэ цэнэт байдлын Тодорхойлтод энэ талаар дурдахдаа Хүннү, Турк, Уйгар, Енисэйн Киргиз, Монгол, Ойрдууд гээд нүүдэлчин ард түмний түүх соёлтой нягт холбоотой газар нутаг гэж бичсэн байдгыг онцолсон.

Иймээс хэрэв “Алтайн Алтан Уулс”-ыг 4 улсын хил дамнасан Дэлхийн өвд бүртгүүлвэл соёлын ангиллыг нэмж, байгаль соёлын холимог ангилал, шалгуурт тэнцсэн Дэлхийн өв болгоно гэдэг саналыг Монгол, Казакстаны төлөөлөгчид дэвшүүлсэн.

Энэ саналыг Орос, Хятадын төлөөлөгчид хүлээн авсан бөгөөд хурлын дараа гаргасан тогтоолд “Алтайн алтан уулс”-ыг 4 улс дамнасан Дэлхийн өвд холимог ангиллаар бүртгүүлнэ гэж онцолсон.

Мөн төлөөлөгчид 4 улс дамнасан Алтайн нурууг хэрхэн нэрлэх талаар санал солилцлоо. Монголын төлөөлөгчид анх Алтайн уулсын байгаль, соёлын дурсгалт газар гэх зэрэг саналыг дэвшүүлэх гэж байсан боловч анх уг нэрийг чухам ямар учраас өгсөн талаарх ОХУ-ын төлөөлөгчдийн хариултыг сонсоод “Алтайн алтан уулс” гэсэн нэрийг нь үлдээх нь зөв гэсэн байр суурьтай болсон.

Алтай гэдэг гэдэг бол турк хэлний алт гэсэн үгнээс гаралтай, бид анх “Altai – Golden mountains” гэсэн нэрийг санал болгосон ч Дэлхийн өвийн төвийн мэргэжилтнүүд энэ нь бодит байдал дээр алтаар боссон уул гэсэн сэтгэгдэл төрүүлээд байна гэсэн учраас “Golden mountains of Altai” гэж нэрлэхээр тохиролцсон гэж ОХУ-ын Алтайн техникийн их сургуулийн доктор, профессор Михайл Шишин хэлсэн билээ.

Монгол хэлээр чухам үүнийг “Алтан Алтайн уулс” гэх үү, “Алтайн Алтан уулс” гэх үү гэдгийг хараахан нэг мөр болгоогүй байна. Алтай гэдэг үг алт гэдэг үгнээс гаралтай болохоор Алтан гэдгийг нь өмнө нь гарвал зүйтэй болов уу гэсэн саналыг зарим төлөөлөгчид дэвшүүлсэн.
Монголын талаас Алтайн таван богд, Сийлхэмийн нуруу, Мөнххайрхан уул, Мянган Угалзат, Цамбагарав, Чигэртэй голын ай сав газар гэх зэрэг хэд хэдэн байгалын цогцолборт газруудыг оруулах санал тавьсан. Гэхдээ энэ нь эцсийн хувилбар биш.

Дэлхийн өвд бүртгүүлэхийн тулд Дэлхийн өвийн Үндэсний Урьдчилсан жагсаалтад оруулах шаардлагатай байдаг. Урьдчилсан жагсаалтад тухайн газар нэг жил болсны дараа Дэлхийн өвд нэр дэвшүүлэх ёстой. Тиймээс аль болох хурдан, болвол 2013 онд багтаж манай улс Дэлхийн өвд бүртгүүлэх 4 улс дамнасан Алтайн нурууны Монголын боломжит газар нутгуудыг  Урьдчилсан Жагсаалтад бүртгүүлэх шаардлагатай байгаа билээ.



Энэ талаар ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын Г.Жаргалсайханаас тодруулахад, “Манай улс Дэлхийн өвийн Урьдчилсан Жагсаалтыг бүрэн шинэчлээгүй хориод жил болж байна. Анх 1996 онд бид Дэлхийн өвийн Урьдчилсан Жагсаалтаа гаргаж ЮНЕСКО-д өгч байсан. Түүнээс хойш Дэлхийн өвд бүртгүүлэх гэж байсан газруудынхаа ганц хоёр тасархай хэсгүүдийг Урьдчилсан Жагсаалтанд нэмж оруулж, сүүлд нь бүртгэгдсэний дараа Урьдчилсан Жагсаалтаас хасах маягаар өдий хүрсэн. Түүнээс биш Урьдчилсан Жагсаалтынхаа газар нутгуудыг дахин нягтлан, хээрийн судалгаа хийсэнгүй. Уг нь Дэлхийн өвийн Конвенцийн Үйл ажиллагааны Удирдамжийн дагуу 10 жилд дор хаяж нэг удаа дахин нягтлан Урьдчилсан Жагсаалтаа шинэчлэхийг зөвлөсөн байдаг. Тиймээс ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, БОНХЯ, ССАЖЯ болон холбогдох бусад байгууллагын мэргэжилтнүүдтэйгээ ярилцаад Дэлхийн өвийн Урьдчилсан Жагсаалтыг шинэчлэн нягтлан үзэх асуудлыг хэлэлцэж санхүүгийн эх үүсвэрийг нь олох талаар хөөцөлдсөн. 

Манай комисс ямар ч байсан Дэлхийн өвийн Сангаас Урьдчилсан Жагсаалтыг шинэчлэх тодорхой хэмжээний мөнгийг босгосон. Дэлхийн өвийн Конвенцид нэгдэн орсноос хойш бид энэ сангаас анх удаа санхүүгийн дэмжлэг авч байгаа. Гэхдээ энэ санхүүгийн дэмжлэг маань хангалтгүй. Ер нь аливаа улс орон өөрсдийн газар нутгийг Дэлхий өвд бүртгүүлэх сонирхолтой байгаа гэдгээ харуулж, өөрсдөө тодорхой хэмжээний мөнгө зарцуулах ёстой байдаг. Иймээс ССАЖЯ, БОНХЯ хоёр тодорхой хэмжээний төсөв мөнгийг гаргах шаардлагатай байгаа” гэж хариулав. 

Тэрбээр мөн “Алтайн Алтан Уулс”-д оруулах газар нутгийг Үндэсний Урьдчилсан Жагсаалтыг дахин нягтлан шинэчлэх үйл ажиллагаатай давхцуулан судалж, нягтлаад Урьдчилсан Жагсаалт оруулах боломжтой гэв.

4 улсын хил дамнасан “Алтайн Алтан Уулс”-ыг манай улс байгаль, соёлын холимог ангиллаар Дэлхийн өв бүртгүүлэх сонирхолтой байгаа болохоор ССАЖЯ, БОНХЯ хоёр урьд урьдынхаасаа илүү хамтран ажиллах шаардлага гарч байгаа. Учир нь өнөөгийн манай нөхцөлд байгаа практикаар бол байгалийн ангиллаар бүртгүүлсэн Увс нуурын ай сав газрыг БОНХЯ, соёлын ангиллаар бүртгүүлсэн Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Алтайн нурууны хадны зургийн цогцолборыг ССАЖЯ хариуцаж байгаа билээ.

Манай улс Дэлхийн өвд 3 газар бүртгүүлж, Урьдчилсан Жагсаалтандаа албан ёсоор 10 газрыг одоогийн байдлаар оруулсан байгаа бол манай урд хөрш БНХАУ нийт 45 өвөө Дэлхийн өвд бүртгүүлж, Урьдчилсан Жагсаалтандаа 50 өвөө оруулсан байгаа билээ. ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн Конвенцид нэгдэн орсон улсуудаас хамгийн их өвөө Дэлхийн өвийн Жагсаалтад оруулсан орон бол 49 өвтэй Итали Улс байдаг бол манай урд хөрш Хятад хоёрдугаарт нь ордог. Харин ОХУ 25 Дэлхийн өвтэй. Казакстан манай улстай адил 3 Дэлхийн өвтэй.

“Алтайн алтан уулс—Бидний өв” олон улсын сургалт маш амжилттай болсныг оролцогчид санал нэгтэйгээр хэлцгээж байлаа. Уулзалтын уур амьсгал элэгсэг дотно, ажил хэрэгч байсан тул ондоо чухал асуудлуудаа уулзалтанд оролцогчид уулзалтын бус цагаар ярилцаж санал бодлоо сольж амжсан байна. ОХУ-ын төлөөлөгчдийн ахлагч уулзалтын үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа хэлээд “Хятадын төлөөлөгчид маш найрсаг, ажил хэрэгч байсан болохоор бид хоёр улсын Засгийн газар 1997 онд бар хамгаалах талаар Хамтын ажиллагааны санамж бичигт баталцгаасныг ярилцаж амжлаа. Энэ талаар цаашдаа улам эрчимтэй ажиллах ёстой гэдгийг тохиролцож, энэ сарын сүүлээр манай төлөөлөгчдийг Хятадын тал хүлээн авахаар тохиролцсон нь бидний хувьд нэг сумаар олон туулай агнахтай л адил үр дүнтэй уулзалт боллоо” гэж хэлсэн билээ.

4 улсын төлөөллөөс бүрдсэн Стратеги боловсруулах ажлын хэсэг бий болгох, мөн улс болгон үндэсний мэргэжилтнүүдээ багтаасан ажлын хэсэг байгуулах зэрэг цаашдын бодит үр дүнд хүрэх чухал алхмуудыг уулзалтын үеэр тохиролцсон. 

Монголын З Дэлхийн өвийн талаар товч 

Энэ дашрамд сонирхуулахад, Дэлхийн өвийн Жагсаалтад 160 орны 981 газар бүртгүүлсэн. Үүнээс 759 нь соёл, 193 нь байгаль, 29 нь холимог ангиллаар бүртгүүлсэн Дэлхий өвүүд юм.

Манай улс Дэлхийн өвийн Конвенцид 1990 онд нэгдэж орсон. 1996 онд анх Дэлхий өвд бүртгүүлж болох Монголын байгалийн болон соёлын өвийн Урьдчилсан жагсаалтыг боловсруулж Дэлхийн өвд хүргүүлж байсан.

2004 онд Монголын байгалийн болон соёлын өвийг Дэлхийн өвд бүртгүүлэх,  Урьдчилсан жагсаалтад оруулах, Дэлхийн өвд бүртгүүлсэн өвийн болон Конвенцийн тайлан илтгэлийг бичих, Конвенцийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Дэлхийн өвийн Үндэсний хороог соёлын болоод байгаль хамгааллын зүтгэлтэн, мэргэжилтэн, нэрт эрдэмтдийн бүрэлдэхүүнтэй байгуулсан.
 
Өдгөө 2013 оны байдлаар Монгол Улс Дэлхийн өвд Увс нуурын ай сав газар, Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Алтайн нурууны хадны зургын цогцолбор зэргийг бүртгүүлсэн бөгөөд Урьдчилсан жагсаалтад нийт албан ёсоор 10 газар оруулсан байгаа:

Соёлын ангиллаар
       1.     Цагаан салаагийн хадны зураг
       2.     Хойд цэнхэрийн агуйн хадны зураг
       3.    Амарбаясгалант хийд ба соёлын дурсгалт газар
       4.    Тахилгат Биндэр уул түүний орчны түүх, соёлын дурсгалт газрууд
       5.    Балдан Бэрээвэн хийд түүнтэй холбогдох тахилгат газар нутаг
       6.    Öàãààí ãîëûí ýõ 

Холимог ангиллаар
7. Ìîíãîëûí òàõèëãàò óóëñ (Богд хаан, Отгонтэнгэр, Бурхан халдун уул)

Байгалийн ангиллаар
8. Ãîâèéí èõ öºë 
9. Ãîâü ãóðâàí ñàéõàíû öºëèéí ýðòíèé îðä
10. Монгол Дагуурын Ландшафт.

Эдгээр 10 газраас Цагаан голын эхийг Алтайн нурууны хадны зургийн цогцолборын номинацид орж бүртгүүлсэн тул Урьдчилсан жагсаалтаас хасах нь зүйтэй гэж зарим хүмүүс үзэж байна.

Мөн нэг тодруулга хийхэд: Дэлхийн өвд аливаа газар нутгийг бүртгүүлэх гэж байгаа бол Дэлхийн өвийн Конвенцийн Үйл ажиллагааны Удирдамжинд буй Дэлхийн нийтийн Хосгүй Гайхамшигт Үнэ Цэнэт байдлыг тогтоох 10 шалгуурын (байгалийн болон соёлын) аль нэгийг хангасан байх ёстой билээ.

No comments: