Sunday, 17 March 2013

Олон нөхөртэй болох хууль батлая

Цэргийн баярын биш Мартын 8-ы өдөр монголын сайхан эмэгтэйчүүдийг олон нөхөртэй болгох хууль батлах санал дэвшүүлэхээр зэхсэн. Даанч 3 дугаар сарын 7-ны Пүрэв гарагт ажлын газрын хүүхнүүд; Баасан гарагт ээж, дүү, эхнэр (азаар бүгд амарсан); хагас, бүтэн сайнд бас бус хүүхнүүдийг баярлуулж цэнгүүлээд шартаж үхэх шахсан амьтан, автобусны ч мөнгөгүй болчихоод 11-ны Даваа гарагт ажилдаа ирсэн тул эмэгтэйчүүдийнхээ эрхийг хамгаалах чухал санаагаа толилуулж амжсангүй. Хүлцэл өчье.

Уг нь Мартын 8 нь чинь эрээ цээргүй архи дарс ууж, эсрэг хүйстнээрээ сайхан муухайгаа үнэлүүлдэг өдөр биш юм байна лээ. Мартын 8-ыг зуугаад жилийн өмнө санаачилсан социализмыг дэмждэг хүүхнүүд бол эрэгтэйчүүдээс бэлэг сэлт горьдож, байдгаараа хүүхэлдэй шиг гоёж гоодож, архи дарсанд мансууран тансаглах гэж жагсаагүй. Хэрэв тэгсэн бол эрхээ хамгаалах гэж жагссан тэд өөрөө өөрсдийгөө доромжилсон болно. Тэр тусмаа хавтгай архидалд өрнөдөг монгол маягийн Мартын 8-ыг тэд мөрөөдөө ч үгүй: хэрэв монголчуудыг  тэд нэг харсан бол “бидний тэмцлийг янхны баяр болгох гэж” хэмээн халаглах л байсан.

Олон бүсгүйчүүдийг ичээх хүмүүн
Хуучин Зөвлөлт Холбоот Улсын толгойлсон социалист блокийн зарим улсуудад л Мартын 8-ыг илүү өргөн хүрээнд тэмдэглэдэг. Гэхдээ эмэгтэйчүүд эрхээ хамгаалах ёстойг умартуулж, Барууны орнуудад тэмдэглэдэг ээжүүдийн ба Валентиний  хоёр баярыг хольж хутгасантай адил баяр болгосон нь цаанаа л нэг “большевик нохой санаа” үнэртүүлдэг. Хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байсан гэх социалист нийгэмд эмэгтэйчүүд байтугай, эрэгтэйчүүдийг ч жинхэнээсээ эрхээ хамгаал гэж баярлуулах байсан гэж үү. Үгүй гэдэг нь ойлгомжтой.

Гэхдээ монгол хүүхнүүд маань хэчнээн архи дарсанд мансуурсан ч Чингисийн удам гэсэндээ, цаанаа л нэг өөр, эрчүүдтэй Мартын 8-ыхаа өдөр ана мана үзэж л байсан. Бүр хоёр эрэгтэйг нэг эмэгтэй нэг дор хутгалчихсан хэрэг ч гарсан. Гоёлын даашинз, туфелиэ золионд гаргасан эмэгтэйчүүд маань согтуу эрчүүдтэй үсдэлцэн, цохилцож, “үзэж тарч үсэрч наалдаж” байсныг—ялангуяа Пүрэв гарагийн орой Улаанбаатарт хаа сайгүй харах боломжтой байлаа. Тэр орой таксигаар нийслэлийн нэг захаас нөгөө зах ороход өчнөөн л юм үзлээ: согтуу хүүхнүүд шиг элбэг юм гэж үнэндээ байсангүй.

Уг нь Улаанбаатарт такси, хүүхэн хоёртой ганцхан үгээр л тохиролцдог: “явах уу” гэхэд л хангалттай байдаг. Гэтэл албан байгууллагууд хүүхнүүдээ баярлуулсан Пүрэв гарагийн орой явах такси шиг ховор юм байсангүй—золтой л хөлдөж үхсэнгүй. Харин согтуу хөлжүү “явах” хүүхнүүд  хаа сайгүй л  байлаа. Тэр орой лав Улаанбаатарын бүх буудлууд пиг дүүрэн байсан байх. Бүр хоутелууд ачааллаа даахаа байгаад эрүүлжүүлэх рүү зарим хүүхнүүдийг нь шилжүүлснийг зурагтаар мэдээлсэн.

Үнэхээр эрхийнхээ төлөө тэмцэх шаардлагагүй, хоёр ба холимог хүйстний эрх тэгш хангагдсан нийгэмд бол ялгуурсан амжилтаа тэмдэглэж амар сайхандаа жаргадаг үлгэр шиг хундага тавилгүй архи ууж, хутга тавилгүй бялуу идэхсэн. Харин манай нийгэмд тэгж баярлаж, амар сайхандаа жаргах цаг ирсэн гэж үү. Эрхээ хамгаалахыг үнэн сэтгэлээсээ хүссэн бол проблем асуудлууд өчнөөн л байна.

Наад зах нь хошин шогийн продакшнуудыг монгол хүүхнүүд шүүхэд өгмөөр юм. Өчнөөн л доромжлууллаа шүү дээ. Үгүй, яахаараа дандаа голцуу царай муутай, муухай биетэй эрчүүд (Бооёо, Амбий, Аси, Ганбаа, Лхагваа, Онон гээд л...) эмэгтэй хүний дүрд тоглодог юм бэ? Бүр тэнэг хүүхнүүдийг басамжлан доромжлоё гэсэн мэт Мартын 8-ы үеэр “Х-Түц” продакшны “Папараци”, мөрөөдлийн театрын “Тэр чинь би” гэх тоглолтуудад баахан л “балиар эрчүүд” эмэгтэй хүн болж бүсгүйчүүдээ баярлуулна гээд л байсан. Саяхан нэг сонин дээр бүр Төөтөөг “хэр баргын хүүхэн атаархахаар дэгжин чамин хүүхэн болохыг яана” гэж магтсан байна. Тэгээд бас болоогүй ээ, “олон бүсгүйчүүдийг ичээх энэ хүмүүн” гэчихжээ. Энэ чинь одоо юу гэсэн үг вэ? Манай хүүхнүүд Төөтөөгөөс царай муутай гэж үү, эсвэл гомо нарыг магтаад байгаа юм уу? Хэрэв жаахан боддог бол, энэ чинь эмэгтэйчүүдийн гоо сайхныг доромжилж, мөн эмэгтэй жүжигчдийг шахан хавчиж ажилгүй болгох гэсэн эрчүүдийн увайгүй үйлдэл юм.

Эртний Грекэд эмэгтэйчүүдээр урлагийн ариун тайзыг гутаалгахгүй гээд эмэгтэй хүний дүрийг эрчүүд орлон тоглодог байсан гэж дуулсан. Хятад ч мөн ялгаагүй тэгдэг байжээ. Тэгэхээр одоо эрчүүд эмэгтэйчүүдийн ур чадварыг үл ойшоон дүрийг нь булаах шаардлага байна уу. (Хамгийн эмгэнэлтэй нь эмэгтэйчүүд өөрсдөө эрэгтэй хошин шогийнхыг даган баясаад өөрсдийгөө доош хийгээд байдаг!)

Үнэндээ бол сүүлийн үед хошин шогийнхон зохиолынхоо агууллагыг хайхралгүй, болсон болоогүй түүхий тоглолтуудаа амьгүй үйлдвэрийн дамжлага шиг л үйлдвэрлэж—зөвхөн эмэгтэй ч биш хүүхдийн ч эрх ашгийг ч их зөрчиж байна шүү дээ. Монгол хүүхдүүд хүүхэд байх насыг нь хошин шогийнхон хороож байна. Үүнийг манай эмэгтэйчүүд анзаарч тэдний тоглолтыг насны хязгаар, ангиллалтай болгох талаар тэмцмээр санагдах юм. Гэр бүлээрээ үзэж болно гэж тоглолтоо сурталчлах боловч, бага насны хүүхдүүдээ дагуулж очоод үзэхээр бөөн гэр бүлийн хэрүүл, араар тавилт, хормой хотны явдлыг үзүүлдэг. Очиж үзэхгүй гэхээр бараг бүх л телевизийн сувгаар завхай зайдан явдлаар хөгийн хэрүүл, үзэгдэл хийгээд гэрийн хойморт урилгагүй ороод ирэх юм. (Хошин шогийнхон өөрсдөө ч хүүхдүүддээ тоглолтуудаа үзүүлдэггүй байх. Хэрэв байнга үзүүлдэг бол айхтар хэлтэй амтай, хэрүүлтэй уруултай, явдалтай хүмүүс болж өсөх байх. Ямар сайндаа Аглуугийн охин нь аавдаа "Та тэр Одончимэгтээ л хайртай юм байгаа биз" хэлж Одноотой түүнийг харддаг гэнэ. Аргагүй шүү дээ, хөөрхий. Аав нь дандаа л тийм сэдвээр тоглож байгаа юм чинь.)

Өнөө үед жирийн нэг ажил төрөлтэй, тэр бүр үр хүүхдээ хянах зав чөлөөгүй эцэг эхчүүдийн хүүхдүүд хошин шог, солонгос кино хоёроор л хүмүүжиж байна. Гэтэл хошин шогийнхон маань эмэгтэйчүүдийг далдуур доромжлохын зэрэгцээ ижил хүйстэнтэйгээ явалдах явдлыг сурталчлаад байгаа нь хэр зохистой вэ? Эмэгтэйчүүдээ! Та бүхэн л энэ ЗХУ-ын цагаас л бий болсон КВН-ий (Клуб Весёлых и Находчивых) монгол хувилбарыг (АСК буюу Авхаалж сэргэлэнчүүдийн Клуб) зөв замд нь оруулахгүй бол өөр хэн оруулах юм бэ? (Үнэндээ манай хошин шогийнхон өөрсдийгөө хаана ч байхгүй гэдэг ч яс юман дээрээ бол КВН-ээс л гаралтай юм байна лээ ш дээ.)

Мөн бүсгүйчүүд маань зарим даварсан эрчүүд олон эхнэртэй болох хууль санаачлах гэж байна гэж (Сэтгэшгүй эмнэлгийн С.Хүрэлбаатар тэгж хэллээ гэж их ад үзэгдсэн), харааж зүхэж, дэмий шуугицгаахын оронд харин сөргүүлээд эмэгтэйчүүд олон нөхөртэй болох хуультай болох санал дэвшүүлж яагаад болоогүй юм бэ. Болох байсан. Бид эрх чөлөөтэй, ардчилсан нийгэмд амьдардаг. Та нар өөрсдөө энэ саналыг дэвшүүлээд эрчүүд шиг эрхтэй гэдгээ харуулах ёстой байлаа. Гэтэл эр хүйстэй надаар энэ саналыг гаргуулж байгаа нь ямар учиртай юм. Би та нарт л хайртай болохоор тэссэнгүй бичиж байна. Зүй ёсондоо бол Мартын 8-ы өдөр л энэ мэтчилэн асуудлуудыг хэлэлцэж баймаар.

Энүүхэндээ, хэлэхэд олон эхнэртэй болох хууль батлагдаагүй цагт олон нөхөртэй болох хууль батлагдана гэдэг гонжийнжоо. Гэхдээ яаж ч мэдэх улстөрч эрчүүдийн эсрэг “олон нөхөртэй болох хуулийг баталсан цагт л олон эхнэртэй болох хуулийг батална” гээд сөргүүлээд санал тавьчихад асуудал наашаа ч үгүй, цаашаа ч үгүй бат гацаанд орж, сэтгэл амар болох байсан.  Тэгээд ч ид шидээр олон нөхөртэй болох хууль батлагдчихвал хохирох ямар эмэгтэй хүн байгаа билээ. Асуудал яаж ч эргэсэн эмэгтэйчүүд маань л хожино. Тэртэй тэргүй албан ёсны ганц нөхөр нь бүх хэрэгцээг нь хангаж чаддаг “бүстэй” хүүхнүүд хэд байгаа билээ. Нэг нөхөр нь гэр орон, хоол унд; нөгөө нөхөр нь хувцас хунар, машин тэрэг; бас нөхөр нь зугаа цэнгэл, сексийн хэрэгцээг нь хангадаг байвал амьдрал үзсэн ямар монгол хүүхэн дургүйцэх билээ. Гэр бүлтэй боловч өчнөөн л нууц амрагтай хүүхнүүд зөндөө л байна. Нуруун  дээрх ачаа нь жаахан ч гэсэн хөнгөрөх учраас эрчүүд ч гэсэн дургүйцэхгүй дээ.

Харин өнөөдөр Цэргийн баяраа тохиолдуулж бас нэг саналыг дэвшүүлье: Энэ саналаа дэвшүүлэхээс өмнө та бүхнээр нэг судалгаа хийлгэе. Маргааш, архи дарс зардаг дэлгүүр, эсвэл нэг паабнаас “Мартын 8, Цэргийн баяр хоёрын алинд нь архи илүү зарагдсан бэ?” гээд л асуучих. Гэхдээ хариултыг надад хэлээд хэрэггүй. Би мэдэж байна. Мартын 8-аар илүү архи зарагдсан гэнэ. Энэ юуг харуулж байна вэ? гэхээр манай хүүхнүүд эрчүүдээсээ илүү архи уудгыг харуулаагүй; xарин эрчүүд эмэгтэйчүүдэд зориулж, хамт уух гэж хамаг мөнгөө шавхдагийг харуулж байгаа юм. (Яах гэж хамт ууж идье гэдэг нь ойлгомжтой асуудал.)

Гэхдээ нэг нюансийг бас умартаж болохгүй. Хэрэв та бүхэн орой үдшийн цагаар Улаанбаатарын ресторан, пааб нэртэй газруудад орвол голцуу хүүхнүүд сууцгааж байдгыг анзаарсан байх. Бүгд ганц бие хүүхнүүд үү гэхээр бишээ. Гэр бүлтэй хүүхнүүд ч бас олон сууцгааж байдаг. Энэ юуг баталж байна вэ? гэхээр манай хүүхнүүд олон нөхөртэй болохоос татгалзахгүй гэдгийг давхар баталж байна.

Өөрийгөө жаахан ч гэсэн үнэлдэг хүүхэн бол—хэрэв нялх ногоо л зулгаачихаагүй, эсвэл нөхрөө хорлох гэсэн мөнгөндөө хахаж цацсан баян хүүхэн биш л бол—хэр барагтай л мөнгө төлж залуучуудыг согтоож, буудалд даахгүй. Тиймээс хэдийгээр Улаанбаатарт орой үдшийн цагаар эрчүүдээсээ олон хүүхнүүд пааб, ресторанд сууцгааж байдаг ч хэрэв эрчүүдийг дагаж, дайлуулаагүй бол согтотлоо уудаггүй бөгөөд хэрэв таалагдсан залуу дайлвал дуртайяа ууж идэх зүйлээс нь хуваалцахад бэлэн сууцгаадаг. “Хэрэв тийм л дуртай юм бол өөрөө л даагаад, төлнө биз. Би лав тэгж мөнгө гаргаж ууж, унтдаггүй” гэж миний хажууд нөхөртэйгээ мөнгөнөөс болж хэрэлдэж байсан хүүхэн сайрхсаныг би хоёр чихээрээ сонссон. Гэхдээ (ахиад л гэхдээ! гэхдээ гэхдээ”-гийн тухай Чехов хэлчихсэн болохоор би давтаад яах вэ), энэ хүүхнүүд арай нөгөө улсаас өгдөг хүүхдийн мөнгөөр л наргиж, цэнгээд явдаг юм биш биз...

Тиймээс—би одоо саналаа хэллээ—гэр бүлийг тогтвортой байлгахын тулд, адилхан ажил хийсэн эмэгтэйчүүдэд эрчүүдээс бага цалин өгөх хэрэгтэй. Япон, Өмнөд Солонгост яг ийм хууль үйлчилдэг юм байна. Тэглээ гээд эдгээр улс орнуудад ямар ч муу юм болсонгүй харин ч дэлхийн өндөр хөгжилтэй орнууд болсон. Энэ маш олон давуу талтай. Дээрх жишээнээс ургуулаад ярихад л, тэртэй тэргүй, эрчүүдэд очиж байгаа мөнгө архи пиво, зочид буудлаар дамжаад эмэгтэйчүүд л очиж байна. Ганцхан архи пивоор биш бас бусад олон хэлбэрээр эрчүүдийн гар дээр байгаа мөнгө санаснаас хурдан эмэгтэйчүүдийн гар дээр очдог. Жишээ нь, эхнэр нь Мартын 8-аар шинэхэн гар утастай болж байхад (хэн бэлэглэснийг бүү мэд) нөхөрт нь Цэргийн баяраар ганц аяга пиво ч үнэгүй олдохгүй байна. Тиймээс л хүүхнүүдэд их мөнгө хэрэггүй гэдэг нь илт. Тэд тэртэй тэргүй бор ходоо борлуулчихна...

Хүүхнүүдэд бага цалин өгдөг нь монгол үндэстнээ бодсон бас нэг давхар санааг агуулж байгаа юм. Хэрэв бид маш богино хугацаанд хүн амаа өсгөхгүй бол мөрөөдөөд байгаа хөгжилдөө хэзээ ч хүрэхгүй гэдгийг зах зухаасаа бүгд ойлгож, зарим улстөрчид бүр монголын хүн амыг зохиомлоор өсгөх тактик боловсруулаад ч байгаа дуулдана. Тиймээс эртхэн хүүхнүүдийг ажил хийлгэх сонирхолгүй болгож (өчнөөн эрчүүд гудамжинд лааз өшиглөж, эхнэрүүдээр тэжээлгэж байхад) хүүхэд гаргах л сонирхолтой болгомоор байна. Тэгээд ч сэтгэл хангалуун амьдарч, хүүхдүүдээ өсгөхийг бүх л эхчүүд хүсдэггүй гэж үү. Үүнийг давхар араанд нь хийхийн тулд гурваас дээш хүүхэд төрүүлсэн гэр бүлд улсаас тохирох зай талбайтай орон сууцыг бэлэглэдэг, эсвэл хөнгөлттэй үнээр олгодог баймаар байгаа юм. Хэрэв тэгж чадвал ажлын байрны бэлгийн мөлжлөгө, дарамт ч багасгана—авилгал ч ямар нэг хэлбэрээ багассана. (“Бэлгийн авилгал” гэж нэг хэллэг, ухагдахуун бий.)

Жинхэнэ эмэгтэйчүүд
Энүүхэндээ хэлэхэд хүүхнүүд улстөрд гарснаар авилгал Монголд багасна гэдэгт би итгэдэггүй. Энэ бол эмэгтэйчүүдийн төрөлх инстиктээс ч гаж юм. Бодоод үз л дээ, ар гэр, үр хүүхдээ боддоггүй ямар эмэгтэй хүн байнаа. Эрэгтэйчүүд л ажил ажил гэж хар амиа хичээн, ар гэрээ хайхардаггүй болохоос эмэгтэйчүүд бол байнга л ар гэр үр хүүхдээ бодож, ямар хоол идүүлэх үү, ямар хувцас өмсүүлэх үү гээд л шаналж явдаг. Сөүлээс Улаанбаатарт онгоцоор нисэж ирэхэд хамт ажилладаг эмэгтэй нь хүүхдүүддээ нөмрүүлэхээр онгоцны хучлаг сэмхэн  цүнхэлчихээд буусан байхад, харин хэнэггүй эр хүн ар гэрээ бодоогүй, архи дарсыг нь л горьдож суусан байх жишээтэй.

Хэрэвзээ хүүхэдтэй, гэр бүлтэй эмэгтэйчүүдийг сэтгэл хангалуун амьдрах нөхцлийг нь бүрдүүлээд өгвөл, хүүхнүүд маань ч гадны хүн амьтантай суух гэж хошуурахгүй, гадуур архи дарс уухгүй (энэ нь бас монголын ирээдүй эрүүл хэвлийд бойжино гэсэн үг), монгол эрчүүдэд ч амар олдож, нээх их мөнгө зарлагдаад байхгүй аваад суух боломжтой болноо.

Ер нь, Монголд эмэгтэй хүн ажил төрөл хөөцөлдөж хэчнээн дарга цэргийн дунд гүйж, хор найруулна төдий чинээ бэлгийн мөлжлөгө, дарамтанд орох эсвэл “бэлгийн авилгал” өгөх нөхцөл бүрдэх бөгөөд монголчууд гэр бүлийн нандин үнэт зүйлсийг үл хайхардаг хамгийн “аюултай бүст" амьдардаг гэдгийг хэний янаагүй санахад илүүдэхгүй.

Тиймээс л өнөөдөр Цэргийн баярын өдөр (цэрэг, цагдаа, хүчний байгууллагуудад ажилладаг эмэгтэйчүүдээ үл умартан), зөвхөн эрчүүдэд биш харин эмэгтэйчүүдэд ч гэсэн зориулж хүйсний ижил тэгш эрхийн төлөө хоёр саналаа дэвшүүллээ. Нэг нь, олон нөхөртэй болох талаар, нөгөөх нь хүүхнүүдээр олон хүүхэд гаргуулж, улс үндэснээ аврах талаар... Ойлгосон биз дээ, таминь ээ.

Төгсгөлд нь боловч, хамгийн чухал нь: Цэргийн баярыг мэндийг цэрэг эрчүүд, эмэгтэйчүүдэд хамгийн түрүүнд хүргэе. Архи дарс бага уугаарай.


2013.03.18

No comments: