Wednesday, 6 February 2013

МАЛИЗМ

Марксист–ленинист онолоор бол хөрөнгөтний нийгмийн суурь болсон хувийн өмчийг устгаж; буржуа нарын төр засгийг үндсээр нь мулт татаж, орвонгоор нь эргүүлсэн хувьсгал хийж; засгийн эрхийг байлдан авч пролетарийн диктатур тогтоон, бүхнийг төрийн хяналтанд төвлөрүүлж; социализмыг байгуулаад, социализмаас коммунизмд шилжэх ёстой байсан. Гэтэл онол бодит амьдралд хэрэгжихдээ тухайн нийгмийн онцлогоос шалтгаалан хувирч өөрчлөгдөнө.
  
Английн түүхч Баулен Бауден Mонголын орчин цагийн түүхийг судлаад 1960-аад онд мализмийн онолыг дэвшүүлжээ. Тэр үед Монголд социалист бүтээн байгуулалт өрнөж байсан тул энэхүү онол, судалгаа монголчуудад хүрээгүй нь ойлгомжтой. Харин Ардчилал мандаад хориод жил болж байхад энэ онолын талаар амаа ангайсан монгол хүн байхгүй нь хачирхалтай. Зүй ёсоор бол хориод жил бусдын соёлын тогоо шагайж, шүлсээ савириулан өлөнтөж байхаас эхлээд мөрөн дээрх бөндгөрөө уудлах ёстой баймаар... Учир иймээс өдгөө хэдий оройтсон ч мализмийн онолтой танилцахад хоргүй. Бид социализмыг байгуулахдаа онол, сургаалаас нь хэр гажсан, Монголын онцлог юу байсан, зөв сонголт байсан уу, бидний ухамсарт юу үлдээсэн гэх зэрэг олон асуудлыг одоо хариулах шаардлагатай.

Капитализм, тэр бүү хэл феодализм ч Европын болон Азийн суурин соёлтой улс орнуудтай адил хөгжөөгүй оронд марксизмийг хүчээр тулгасан нь үнэхээр сонин туршилт болсон.

Монгол бол бухын бүдүүн хүзүү шиг гүжүүдэлсээр нүүдлийн соёл иргэншлийг бий болгосон нүүдэлчдийн өвөрмөц түүхтэй улс. XX зууны эхэнд хоцрогдсон хөгжилтэй буурай монголчууд хөгжих замаа мэдэл, эрхээрээ сонгох боломжгүй байсан бөгөөд манж үндэстэн Хятадыг манах завшааныг ашиглан материалист бус замаар хөгжих гэсэн Монгол, Төвдийн оролдлого мухардаж; нийгмийн бүхий л давхаргын төлөөллийг хамарсан Бурхан шашныг нь лам хуваргууд нь ялзаруулж эхэлжээ.

Хэдийгээр Буддын шашин хэд хэдэн удаа өмнө нь нүүдэлчдийн дундад дэлгэрсэн ч, Монголын их гүрэн задрахад уугуул нутагтаа үлдсэн монголчууд соёлын аль хүрээнд хамрагдахаа эргэлт буцалтгүй шийдэх ёстой эгзэгтэй цаг үед бөө мөргөлийн хийж гүйцэтгэж чадахгүй байсан түүхэн үүрэг хариуцлагыг Төвдийн Буддизмын дөрвөн том урсгалын нэг гелугпа урсгал үүрч монгол туургатныг нэгтгэсэн төдийгүй Монгол, Төвдийн ард түмний оюуны санааны орон зайг харилцан адил тэлж: шинэ агаар, хүчээр сэлбэн бусад соёлоос хамаарах сохор хамаарлыг багасгаж чаджээ.

Дундад зуунд монголчууд хүчирхэг байхдаа Төвдийн Буддизмын ивээн хамгаалагч нь байсан бол харин хожим Бурхан шашин монголчуудын оюун санааны дархлаа, нэгдмэл нийгмийн үндэс нь болжээ. Гэвч ХIX зуунд Монгол, Төвд болон тэдний бүтээсэн соёлын хүрээнд хамрагдсан үндэстэнгүүд Европ, Азийн бусад улс орны материалист хөгжилд идэгдэн, хумигдаж, биеэ хамгаалах эсэргүүцэл нь суларч, сүм хийдүүд нь завхарч; мэдлэгийг олон нийтэд ижил хувь, хүртээмжтэй түгээж чадаагүйгээс мухар сүсэг дэлгэрэн; ард түмний мухар сүсгийг ард түмнээ удирдан залахдаа хэт ашигласны уршгаар өөрөө өөрсдийнхөө гараар хөрсөө хатаасан мухар сүсэгт ламист нийгмийг бий болгосон нь—ялангуяа монгол туургатан улам сульдаж, сэхэл авахгүй доройтохын шалтаг болсоон. 

Ийм эгзэгтэй мөчид манжийн ноёрхол Хятадад унаж, монголчууд VIII Богд Жибзундамба хутагтын удирдлагаар Үндэсний хувьсгал хийн тусгаар тогтнолоо зарлаж, ХХ зууны хөгжлийн сууриа тавьчээ. Харамсалтай нь төвдүүд энэ түүхэн боломжит цаг үеийг монголчууд шиг сүйхээтэй ашиглаж чадаагүй билээ. Газар зүйн хувьд хоёрхон хөрштэй монголчуудтай хамтарч, адил зам мөр хайхаасаа илүү өөрсдийн геополитикийн онцлогыг харгалзан эх гүрнүүдийн тоглоомд оролцсон бол—өнөөгийн байдлаас харахад—төвдүүдэд ашигтай байсан нь тодорхой байна.

1911-1924 он хүртэл (VIII Богд Жибзундамба хутагт “орос үрэл өмхөх” хүртэл) монголчууд өөрийн мэдлээр хөгжих гэсэн дэвшилт он жилүүд байлаа. Социалист Mонголын түүхчид хувьсгалын эхний 2 арван жилийг 3 үе болгон хувааж үздэг: 1921-1924 оныг Бүгд Найрамдах Улсыг байгуулсан бэлтгэл үе, 1924-1932 оныг намын ерөнхий шугамыг хамгаалсан тэмцлийн үе, 1932-1940 оныг капиталист бус замналаар явахыг тууштай шийдсэн үе.

© SU Xinping
Харин Баулен Бауден 1928 он буюу МАХН-ын VII Их хурлыг эргэлтийн цэг байсан гэж үзжээ. 1928 оноос өмнө Оросод харьцангуй зөөлөн бодлого хэрэгжин, монголчууд ч эрхэнд нь тэр чигээрээ орчихолгүй хувь заяагаа өөрсдөө шийдэх боломж элбэг байжээ. Учир нь хэдийгээр 1924 онд VIII Богд тэнгэрт хальсан ч монгол туургатны сэхээтнүүд бүгд хядуулаагүй байж. Коминтерний заавраар сүм хийдийг галдан шатааж, лам хуврагуудыг үй олноор нь хоморголон устгахаас өмнө шашин төрийн харилцаа шинэ шатанд хөгжих үндэс тавигдан, монгол туургатны сэхээтнүүд Буддизм, социализм хоёрыг ижил төстэй шинжээр нь эвлэрүүлэн соёлоо үндсээр нь таслалгүй авч үлдэх оролдлого хийж байв. Хэрэв монгол туургатанд үйлдэл хийх эрх чөлөө олгосон бол социализмыг онцлогтоо тохируулж, оросын томдсон бакал өмсөн далан жил хөлдөө цэврүү үсэртэл холхихгүй байлаа. Ингэж чадсан бол өнөөдөр монголчууд ядахнаа гудамжны (хотын) соёлтой, анги хүмүүс байх байсан.
  
Гэтэл МАХН-ын VII Их хурлаас хөдөөнийхөн буюу малчин овогтнууд хүчийг аван Коминтерний удирдлага, туслалцаатайгаар баруунтан хэмээн толгой сэхээтнүүдийг алж талан, айлгаж сүрдүүлэн зүүний нугалаа гэж түүхэнд тэмдэглэгдсэн гажуудлыг гаргажээ. Энэ үеэс эхлэн Монголын төр Оросын шууд хараанд орон, тэнд болсон үйл явц ягштал Монгол, Тува хоёрт давтагдах болжээ. Чухам энэ оныг ламизмаас мализмад шилжсэн он гэнэ. Малчин ангийн ноёрхол, нэг үзэл бодол далан жил дарамталсан нь яах аргагүй 1928 оноос эхтэй.

Мализм гэж юу вэ?
Мализм бол социализм, капитализм шиг нийгмийг ангичилсан (малчин—сэхээтэн, хөрөнгөтөн—ажилчин, буржуа—пролетариат г.м.) онол биш юм. Мализм бол монголын соёлын хөрсийг үл харгалзан, хариас хүч, албадлагаар сэтгэх хэв маяг, үзэл суртлын “тариаг” хүлээн авах чадваргүй, бэлтгэлгүй байсан монголчуудын оюун санаанд “тарьснаас” улбаалан бий болгосон гажуудлын үр дагавар юм. 

Монголчуудад сонголт хийх эрх, боломж өгөлгүй харь соёлын хөрсөнд үндэслэсэн үзэл бодол, ёс суртахууныг маш богино хугацаанд монголчуудын тархинд шахсан нь монгол хүний тархинд саатал, гажиг үүсгэж, монгол сэтгэлгээний гинжин холбоос таслалдан, балартаж; тулгуур, хөрс, суурьгүй;  богино хугацаа, зайнд л амьдрах чадвартай соёл, сэтгэлгээг бий болгосон тул мализмын вирус шимэгч хорхой адил ямагт бусад соёлоос шимж амь зогоодог бөгөөд үндэс суурь үгүй тул зөвхөн амиа хичээж, төлжин үржсээр байгаа нь монгол үндэстнийг мөхлийн ирмэгт хөтөлж байна. Аливаа соёл хөгжин цэцэглэх гол нөхцөл бол үндсээ тэтгэж, бусдын соёлыг саглагар сайхан модныхоо мөчирт цэцэг, навч шиг ургуулсан цоморлог бий болгох билээ. Гэтэл мализмын шимэгч сэтгэлгээг зөвхөн хувиа хичээсэн, сохор, шунаг сэтгэл хөтөлдөг тул малист соёл бусдыг шулж, хуулж, амиа зогоосоор яваад хаана очиж, аль үндсэнд олзлогдох нь тааж хэлшгүй сүйрэл бөлгөө. 


Алив ургамал үндэсгүй ургадаггүй шиг мализм дангаараа урт хугацаанд амьдрах чадавхгүй боловчиг өнөөгийн даяарчлалын эринд мэдээлэл, харилцаа холбооны технологийн ачаар “хөнжлөөс хөнжил дамжин” мализм өдөр хоногийг өнгөрөөсөөр монголчуудын сэтгэлгээнд хор хөнөөл учруулсаар байх болно. Хэдийгээр жамыг хүчээр зогсоож, таслаж, эсвэл зохиомлоор өөрчлөн шинэ соёлыг бий болгох гэсэн оролдлого нь хэзээ нэгэн цагт “тэжээгдэх зайгүй” болж эргээд жамд баригдах магадлалтай боловчиг хэрэвзээ жам нь сэргэж, сэхэлгүй, үндсийг нь услах оюунтангүй бол мализмын вирус улам төлжин, хорт хавдар адил монголчуудыг устган, харь элгийн соёлын хөрсөнд бойжсон шинэ хувилбар–монгол маягийн хүмүүсийг бий болгох явцыг түргэсгэнэ.   

Гэтэл, харамсалтай бөгөөд эмгэнэлтэй нь монголчуудад шинэ эринд өсөн төлжих уламжлалт соёлын хөрсөө услах тун богинохон цаг хугацааны цоорхой байгаад оршино.

Товчхондоо, мализм бол монголчуудын тархин дахь БӨӨС,  манай нийгэмд ноёлж байгаа ухагдахуунуудын нэр юм. Mализм бол Монголын тусгаар тогтнолд хамгийн осолтой, монгол үндэстнийг үндсээ танихаа байтал хувиргах 1928 оноос эхэлсэн тархины цэвэрлэгээний үр дагавар.

Монголчуудын тархины энэхүү гажуудлыг эмчлэх цор ганцхан арга бол өөрийн соёлын үндсийг тэмтэрч мэдэрсэн бүтээлч сэтгэлгээ бөлгөө. Мализмыг сталинизмын монгол хувилбар гэж нэрлэж болох ч өдгөө сталинизм үгүй болсон байхад мализмын вирус улам төлжин амь бөх оршсоор байгаа билээ.

Мализмын ухагдахуунуудыг тууштай хамгаалан тэмцэгчийг малист гэдэг бөлгөө.

Мализмын үе шат
1928-1932 он хүртэл зүүний нугалаа дуустал сохор мализм, 1930-1954 он хүртэл нэг хүнийг дахин шүтэх үед солиотой мализм, 1950-1980-аад он хүртэл малист сэхээтэнажилчин анги жинхэнэ утгаараа буй болсон архаг мализм, 1990 оноос өдий хүртэл нэн архаг мализм гэж тодорхойлно.

Мализмын хэтийн төлөв, хэрхэн тэмцэх
© SU Xinping
Хэдийгээр мализм социализм, сталинизмаас гаралтай ч социализм устахад мализм устах албагүй. Тарьсан тарианы нөлөө шпирцээсээ урт хугацаанд оршдогтой адил мализм социализмаас урт настай.

Чухам мализм хэр удаан Монголд оршин байх нь хэр түргэн монголчууд үндсээ таньж, төрмөл үнэт зүйлсээ сэргээхээс шалтгаална. Сталинизмийн үед тарьсан тарианаасаа сэргэхэд бидэнд уламжлалт соёлын үндэс, хүчилтөрөгч, бордоо болсон Буддын шашныг XXI зууны түвшинд ойлгон дэлгэрүүлэх нь нэн чухал.

Нөгөөтэйгүүр монгол соёл, мэдлэгийг эзэмшиж байсан хүмүүс бүгд шахам гадагш зугтаж чадалгүй хяргуулснаас болж монгол сэтгэлгээний хөгжилд хоосон орон зай үүссэн нь өнөөгийн монголчууд соёлоо сэргээхэд нөхөшгүй хохирол болсон бөгөөд мализм амь бөхтэй өдий хүртэл анзаарагдалгүй монгол тархийг бөөсдүүлсээр байгаагийн шалтгаан юм.

Үндэсгүй мод ургахгүйтэй адил хийсвэр үнэт зүйлс, ёс суртахуун, үзэл бодолд   хөтлөгдсөн ард түмэн удаан тэсэхгүй учраас монголчууд үндэсний шинжээ алдалгүй цааш хөгжихөд хувь заяаг сөрөн зогссон зоригт нүүдэлчдийн сонгосон Буддын шашныг гүнзгий судалж, бүтээлчээр орчин цагийн пост-коммунист соёлоо тэтгэн,  лам хуврагуудад Винайн ёсыг чандлан сахиулж, сүсэгтэн төвтэй, мэдлэг олгох сүм хийдийг байгуулах хэрэгтэй. Ул сэтгэлгээ, хөгжлийн гинжин холбоос нь гаднаас хүчээр оруулж ирсэн хийсвэр үзэл суртахуунд тасарсан үндэстэн өнөөгийн ийм хурдацтай дэлхийд суурьгүй болж хөгжихөөсөө өмнө “ховхорч”, өөрсдийгөө хөнөөх аюултай тул Монголын аврал бол малист ухагдахуунуудыг сэтгэл, тархинаасаа арчин, үндсээ таньж, хоосон орон зайг бөглөж өнөө цаг үетэй хөл нийлүүлэн алхахад оршино.

Мализмтай мал болтлоо тэмцэх бол шинэ үеийнхний ариун үүрэг бөлгөө.
    
Яагаад мализм Монголд төлжив?
Нэгдүгээрт: XX зууны эхэнд Монголд Орос, Европын орнууд шиг сүм хийдээс тасарсан эрдэмтэн, уран бүтээлч гэх мэт нийгмийн анги, давхарга байгаагүй. Монголын сэхээтнүүд бүгд шахам сүм хийдүүдэд төвлөрсөн байлаа. Мухар сүсэг тархсан, нийтэд бус сүм хийдэд мэдлэг хуримтлагдсан, хот суурин газар хөгжөөгүй, нүүдлийн амьдралын хэв маяг зонхилсон, эдийн засаг дорой орон байлаа. Тийм ч учраас мэдлэг эзэмшсэн сүм хийдийн тоотойхон хүнийг устгахад мализм дэлгэрэх таатай хөрс бэлэн болсон.

Хоёрдугаарт: Геополитикийн хувьд тун ашиггүй байдалд XX зууны Монгол орсон. Хоёр хөршид нь зэрэг шахам коммунизм мандаж газар нутгийн хувьд бөглүү Монгол улс гарах гарцгүй болсноос дэлхийн хөгжлөөс тасран Оросын эрхшээлд автахаас анги сонгох зам байгаагүй.

Гуравдугаарт: Монголтой шашин ижил, ёс заншил төстэй ганц ч улс тухай үед тусгаар тогтноогүй учир Монгол олон улсын харилцаанд ганцаардан, туршилтын туулай болж Хятадаас зугтан хөнжилд нь гулсан орсон Оросын гарыг харахаас өөр аргагүй байсан. 

Дөрөвдүгээрт: Их гүрнүүдийн улс төрийн тоглоом мөн үзэл суртал дэлхийг хоёр хувааж заагласан нь нөлөөлсөн.  1961 онд НҮБ-д элсэн орохоос өмнө Монгол Улс, дэлхийн хамтын нийгэмлэгээс тасархай, зөвхөн коммунизмын онолыг лагштал цээжлэн, тоть шиг давтсан социалист “тархигүй даянч” улс байв.

Тавдугаарт: Хүн ам цөөн, эдийн засаг бага учир газрын баялгийнхаа хариунд оросын эдийн засагт хувалз маягаар наалдан зохиомлоор тэжээгдэн хэсэг хугацаанд амьдрах боломжтой байлаа.

Зургадугаарт: Монголын соёлын үндэс, ундарга болсон шашныг нугачин дарснаас болж мализмыг дотроос нь задлах дотоод эсэргүүцэл сульдсан байжээ. Тийм ч учраас 1990-ээд оны ардчилсан хөдөлгөөн бол ухамсаргүй хийсэн эсийн үйлдэл юм. Тэжээл өгөх төвийн ажиллагаа саатаж эхлэнгүүт шинэ тэжээл хайсан эд эсүүд бужигналдан түр сэрсэн. Энэ үеэс эхлэн монголчууд нэн архаг мализмийн шатанд орсон. Сүүлийн үед Монголд болж байгаа явдлууд  үүнийг баталж ардчилал—алагчлалын замаар явж байна. 


1990-ээд оны өлсгөлөн
 Долдугаарт: Хэдийгээр сталинизмаас монголчууд мултарч, социализмаас үл мэдэх капитализм шургаж чадсан ч мализмын нэн шинэ төрх намизм ил, далдаар хүчийг авч, нийгмийг хүчирхийлсэн нь гамшгийн харанга дэлдэх хүчирхэг гарыг сульдуулсан байна. Намын ерөнхий шугамыг хамгаалсан тэмцлийн үе дахин давтагдаж (1924-1932), Монголын ирээдүйг монголчууд өөрсдийнхөө гараар сүйрүүлэх далд ухамсарын үйлдлүүд хийгдэж байна. Бар улс болох гэж байгаад баар улс болчихдог...бүтээлч сэтгэлгээг намчирхал атгачихдаг...траншейныхаа нүхийг таглаж чадахгүй байж үсрэнгүй хөгжлийн ирмэг дээр ирчихдэг...Буддист улстөрч Ху-г тахиж улстөрийн гурав дахь хүчин болчихдог...дөрвөн зуухан мянган төгрөгний сарын цалинтай албан хаагч дөрөвхөн жилийн хугацаанд дөрвөн зуун саяын машин хөлөглөн давхидаг гэх мэт зөвхөн сайтар нухлуулсан уран сэтгэмжит зохиолчийн тархинд бий болох парадокс үзэгдлүүд энгийн мэт үзэгдэх болсон нь “намын ерөнхий шугамыг хамгаалах тэмцэл” хэтэрхий даварсны илэрхийлэл.

Баулен Бауден эдгээр саналаа Urbanization of nomadic society” (Нүүдлийн нийгмийн хотжилт), Nomadic Proletariat’’ (Нүүдэлчин Пролетариат), From Lamaism To Malism” (Ламизмаас Мализм руу), Russian experience become Russian hindrance” (Оросын туршлага Оросын садаа), Little brothers big trouble” (Бага дүүгийн их төвөг) зэрэг зохиолууддаа бичжээ.

Little brothers big troubleгэдэг зохиолдоо Oрос, Mонголын харилцаа, цаашлаад манай гадаад харилцааны алдаа оноог шүүжээ: хэрхэн Оросын нэр хүндийг бага дүү монгол нь НҮБ болон Барууны улс оронд ганхуулан шараа болгож байсан; xэрхэн манай шинэхэн дипломатчид зарим зүйл дээр биеэ даа гэсэн дохиог буруу ойлгож, өөрсдийгөө ч, оросуудыг ч байдалд оруулж байсан зэрэг хөгтэй явдлуудыг дурссан байна.           
     
                                          Изм дэвшүүлэгч Эрдэмбилэг  

2004.7.31/9.24
2013.01.27-31

1 comment:

Anonymous said...

You could definitely see your expertise within the work you write.
The arena hopes for even more passionate writers like you who are not afraid to say how
they believe. At all times go after your heart.
Feel free to visit my site ... payday loans no faxing