Tuesday, 8 October 2013

ЯРУУ НАЙРГИЙН ЭЛЕМЕНТҮҮД

Шүлэг, яруу найргийг бүтээлчээс нь тусгаарлан, зөвхөн үгийн хэлбэрт хууртан судалдаг хэвшмэл дадлаасаа яруу найргийн шүүмжлэл ангижрах цаг болжээ. Урлагийн бүтээл бол хүнээс төрдөг учир урласан хүн нь яруу найргийн ундарга, үндэс. Иймд Монголын яруу найрагчдыг нийтлэг үзэл санааны шинж төрхөөр нь элемент болгон бүлэглэн тодорхойлж, ямар нийгэм, үзэл бодлын нөлөө, сэтгэлгээний хэв маягаар уран бүтээл туурвидгийг судалбал яруу найраг улам амьд болно.
 
Гэхдээ шинж төрхөөр нь ялгахаас өмнө орчин цагийн Монголын урлагийн ертөнц дэх залуу, хөгшин гэх заагийг зөв ойлгох шаардлагатай. Хөгшин яруу найрагч гэж бараг өргөмжилдөггүй ч, залуу яруу найрагч гэх тодотгол элбэг тохиолддог учир хөгшин гэж хэлэгдэх хүмүүс байж л таараа. Мэдээж залуу гэдэг нь хүний насыг ерөнхийдөө хэлсэн ч манай урлагт энэ нь хятадын цагаан хэрэм шиг зааг ялгааг гаргасан их учиртай үг. Нарийн яривал залуу гэсэн тодотголыг хуссан цагт л жинхэнэ яруу найрагч болно. Хэзээ энэ тодотголоосоо салах нь тухайн хүний нас, шүлгийн чанараас бараг шалтгаалахгүй. Харин хэр олон хүнд архи авч өгөн хэр зэрэг танилтай болсноос хамаарна. Залуу гэдэг тодотгол бол хэсэг нөхөд орон зайгаа шинээр гарч ирж буй дайсагнасан элементүүдээс хамгаалахын тулд гаргасан маш боловсронгуй аргын нэр юм. Өөрсдөөсөө цэвэрхэн салгаж бидний эгнээнд орох арай болоогүй гэж хэлсэн хэрэг. Эндээс л манай яруу найраг хэчнээн амь нэгтэй, бүтцийн зохион байгуулалттай, хувийн бус сүргийн сэтгэлгээ давамгайлсан нь харагдана. Одон медалийн төлөө ил, далд тэмцдэг нь үүний баталгаа.

Яруу найраг цэвэр утгаараа оршихгүй, албан тушаал, байр суурийн төлөөх тэмцэл болсон. Яруу найрагч шүлгээ туурвин жинхэнэ уран бүтээлийн таашаал авах биш шагнал авч байж яруу найрагчаа мэдэрнэ. Медал авахгүй бол яруу найрагч болохгүй гэдэг ойлголт нь Болор цомд харагдаагүй л бол ямар яруу найрагч гэх юм гэсэн сэтгэлгээтэй агаар адил. Зөвхөн уран бүтээлээрээ ахуй амьдралаа аваад явах боломж Монголд бага болохоор медал авч нэр хүнд, танил талтай болох нь арын хаалганы паспорт мөн учир медалийн төлөөх тэмцэл хуйвалдааны түвшинд очсон.

Яруу найргийн шүүмжлэлд итгэхийн аргагүй, хэн нэгнээ медалийн тавцанд гаргахын тулд хор найруулах нь элбэг. Хэрэв үнэхээр л архи уудаг сайн найзууд биш л бол баруун аймгийн хүн, зүүн аймгийн хүнийг магтсан нь ховор. Зүүн аймгийн хүн, баруун аймгийн хүнийг магтсан нь үгүй. Чөлөөт зохиолч, чөлөөт бус зохиолчийн медалийн замыг хэзээ ч засахгүй. Манай зохиолчид улс төрийн намууд шиг оргилын төлөө бүлэглэн тэмцэж яваа. 

Монголын яруу найрагт хөшигний ардах тулаан их байдаг нь Монголын Зохиолчдын Эвлэл фундаментаа социалист нийгэмд тавьсантай холбоотой. Нэг үзэл бодолд бүгдийг нь барьж, сортойж сөртийснийг нь гадуурхан хусаж байхад үүргээ онц биелүүлсэн МЗЭ өнөөдөр удирдах изм-гүй болсон ч инерцээрээ сүргийн нягтаршлаа сулруулаагүй явна. Тэр утгаараа олон янзын уралдаан, тэмцээн бол энэ байгууллага хүч нөлөөгөө бэхжүүлдэг амин тэжээл нь болжээ. Эдийн засгийн хувьд энэ нь ойлгомжтой ч, цэвэр бүтээлээрээ баяжиж чаддаггүй ядуу яруу найрагчдыг төлжүүлдэг нь жинхэнэ уран бүтээлийн мөн чанарыг гутаасан үзэгдэл.

Одоо элемент рүү оръё: Хамгийн өргөн дэлгэрсэн элемент бол сэтгэлтэн буюу сэтгэлийн хөөрлөөр бичигчид. Аливаа хүн шүлэг бичиж эхлэхдээ сэтгэлийн хөдөлгөөнөөр давамгайлан бичдэг. Сэтгэлтний чухам юу нь осолтой, өрөөсгөл гэхээр тэд залуу халуун насны аагаар бичдэг үе дээрээ гацчихаад, хүний мэдлэг, хөгжил, тархины хүчийг үгүйсгэдэгт байгаа юм. Үхсэн морийг ташуурдахтай адил, хамаг эрч нь шавхагдахаар, хий сэтгэлийн хөөрлөөр бичих гэж бие сэтгэлээ тамлах нь өрөвдөлтэй. Шүтдэг зүйл нь унаган авьяас.

Дараагийн элемент бол арай дэвшингүй ариунтан буюу онгончууд билээ. Ариунтан яруу найргийг маш нандин, гэгээн, хир буртаг огт хүргэж болохгүй хэмээн үздэгээс болж бодит амьдралыг сохор мэт олж хардаггүй, бодит байдлаас зугтдаг, хийсвэр нөхөд. Тархиа тодорхой хэмжээгээр цэнэглэсэн, энд тэндээс иш татдаг, хааяа хэлбэр хөөчихдөг. Яруу найрагчид дундаасаа алдаршсан хүмүүс. Номонд сохроор мөргөдгөөс болоод Буддын шашны Гурван Эрдэнэд мөргөнөм гэдгийн Номыг үгчлэн ойлгоод ном л байвал утга агуулга хамаагүй духаараа очиж мөргөх гээд байдаг осолтой хүмүүс. Бүтээл нь номын хөгцөрсөн үг хэллэг ихтэй, амьдралгүй хоосон.

Онгончуудаас арай газардсан элемент бол догшин хутагтууд, энэ элемент яруу найргийн талбарт ч, нийгмийн салбарт ч хүчирхийллийг дээдэлсэн, хүн загнаж сүржигнэсэн, заргач этгээдүүд. Данзанравжааг сурталчлагчид боловч Буддизмыг ойлгодоггүй учраас хоосон хэлбэрдэн үндсэрхэг үзлийг хөөрөгдөгчид. Мөн эд нутагрхаг үзлийг өөгшүүлэн нийгэмд хагарал үүсгэгчид. Хэрэв Равжааг сайн ойлгосон бол манайх, танайх гэж маажигнан гүйхгүй л байхсан. Энэ элемент Равжаагийн гүнзгий сургаалыг хаяж, ахуйн чанартай шүлгүүдийг нь тоть мэт давтан ардыг мунхруулагчид. Догшин гэж жигтэйхэн, өөрийг нь хүлээн зөвшөөрөхгүй бол билиг танхай болж байна гээд барьж аван зодож мэдэх хүмүүс. Агсан гэж аймаар.

Дашрамд хэлэхэд, билиг гэдэг үгийг манай яруу найрагчид буруу ойлгодог. Билиг гэдэг нь Буддизмийн гүнзгий ойлголт. Бодисадын мөрд орж, насаараа бясалгал үйлдэн хүрдэг оюуны байдал. Түүнээс биш манай яруу найрагчид шиг архи ууж агсан тавиад байхаар л болчихдог зүйл бишээ. Архи ууж агсарсан хүнийг зүгээр л танхай гээд эрүүлжүүлэхэд хийх хэрэгтэй болохоос манайхан шиг билиг танхай гээд өргөмжлөөд байх шаардлагагүй.

Бас нэг элемент бол сэтгэлийн хөдөлгөөний золиос, нийгмийнхээ жинхэнэ толь болсон архичид билээ. Тархиа цэнэглэдэггүй учир шүлэг сэтгэлээс нь гардаг. Эсвэл тархи нь спиртэд хатаж ажиллахаа байснаас уран бүтээл нь гүнзгий санаагүй. Нас ахиад шүлэг цөөрөхөөр сэтгэлийн галзуу морийг нүдээ анин унасан шулуудсан гарууд. Сэтгэлийг архиар ташуурдан, тархины тусламжгүйгээр туурвих гэж оролдсон нөхөд. Архичид бас санаашран шүүрс алдагсад юм. Өнгөрсөн алтан үеийг дурсан, олон сэдэвгүй, хэвшсэн сэтгэлгээгээр үг эвлүүлэн хөндий шүлэг бичин үхэж чадахгүй байгаа нөхөд. Согтохоороо амбасын үед бичсэн ганц хоёр нийтэд тархсан гайгүй бүтээлээ дурсан би, би хэмээн дөвчигнөгчид.

Дөвчигнөгчид хэмээх бас нэг элемент бий. Эд эсчлэн яривал дөвчигнөгчдийг элемент гэхээсээ илүү дэвсгэр гэвэл таарна. Монголд яруу найргаар мөнгө олж баяжих нь ховор, зөвхөн медал л зүүж нэр хүнд, танил талтай болж л амьжиргаагаа сайжруулах боломж байдаг учир Монголын бүх шүлэгчид би-гээ өргөмжлөн бусдыг үгүйсгэдэг зуршилтай. Их бага, илд далд. Би-г ухаад байвал хязгаарагдмал болно. Бусдыг тоохгүй өөрийгөө л бичээд байна гэдэг тун өрөвдөлтэй. Тиймээс манай өнөөгийн яруу найраг бяцхан. Жинхэнэ уран бүтээл би-гээсээ салж чадсан мөчид л төрнө. Уусаж байж л шүлэг гарна уу гэхээс урагшгүй би-гээр шүлэг бичихгүй.

Социалист уран зохиолыг жинхэнэ гардан бүтээгчид болох оросууд ба түүний залгамж үе оросжмол баруунтнууд хоёр ондоо элемент боловч хоорондоо бусдаасаа илүү нягт холбоотой. Оросууд бол социализмын үед Зөвлөлт Холбоот Улсын Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийг нам засгийн буянаар дүүргэсэн манай лундгарууд юм. Гол шинж нь Орос ба Оросын уран зохиолыг тэнгэрт тултал магтана. Өөрсдөд нь харьцуулаад үзэх мэдлэг, соёл байхгүй учир ихэвчлэн оросын шүүмжлэгчид өөрсдийгөө магтсаныг жаахан давс нэмж байгаад ярина. Эдгээр лундгарууд бол жинхэнэ үнэнч дүү нар, байнга л ах нар, ах нар хэмээн долигонож бөгс улайлгадаг хүмүүс. Арга ч үгүй юм, амьдралынхаа алтан үеийг алтан Москвад дөрөв, таван жил диваажин мэт өнгөрөөсөн юм чинь. Хувиас нь сохор зоос ч гарахгүй, стипенд авч архи, хүүхэн, хоолныхоо мөнгийг санаа зовохгүй төлчихнө. Монголд ирэхэд нь өндөр албан тушаал бэлэн. Тийм байхад хэн муу санаж ачийг нь дурсахгүй байх билээ. Социалист лагерийнхантай ханьсан, төмөр хөшигний цаадах нөхдийг муулж, зуу татсан шиг сургууль төгссөн улс. Нарийн яривал архичин яруу найрагчдын армийг жинхэнэ үүсгэгчид байгаа юм. Ондоогоор бол архины нөлөөгөөр бичсэн яруу найргийн салбарыг үндэслэгчид.

Оросжмол баруунтнууд бол Монголд одоо толгой цохиж байгаа их мэдэгчид. Нөхөд жаахан хүрээгээ тэлж орос хэлээр дамжуулан өрнөдийн утга зохиол руу орсон. Оросын шүүлтүүрээр орсон өрнөдийн соёлыг хүлээж авч байгаа учир орчин цагийн өрнөдийн яруу найргийн судсан дээр хараахан мордоогүй яваа этгээдүүд.
Оросжмол баруунтантай хольж хутгадаг элемент бол изм үндэслэгчид. Горькийн сургууль төгсөх хувь дутсан ч нийгэм нээлттэй болох үед бусдын мэдэхгүй ганц, хоёр гайгүй зохиол шургаад ирэхэд түрүүлж уншин, барууны хориотой байсан залуучуудын дуунуудыг соргог мэдэрч, өөрийн жаахан юмтай холин изм байгуулсан. Харамсалтай нь угийн үндсэн соёлгүй болохоор дахиж будаа идэх ном олдохгүй бол гацчихдаг. Үндэсний соёлтой байж л бусдын юмыг илүү сайн ашиглана гэдгийг, мөн изм бол гаднаас бус дотроосоо хувьсан гарч ирвэл илүү амьтай болно гэдгийг одоо хүртэл ойлгоогүй яваа нөхөд.

Бурхантай Дорнынхон бол будилсан элемент. Баруун ба Зүүний ялгааг олж харж чадаагүй. Бид соёлоо устгасан учир Баруун ч биш Зүүн ч биш. Гэтэл эд Өрнөдийг дутуу ойлгож, Дорныг изм-дүүлэх гэж монголчуудын сэтгэлгээг бүр бантагнуулж байгаа хүмүүс. Барууны Зүүнд өгсөн эртний оношилгоогоор Дорнын соёлыг дүгнэдэг.

Ардчилалтай хамт Бурхан шашнаар рекламдсан хэсэг нөхөд гарч ирсэн. Ганжуур, Данжуурыг зөвхөн яруу найраг гэж будилсан, дээлээр гоёгсод. Орчин цагийн үгийн ард үлэг гүрвэл шиг настай дагавар залгаж соёлоо сэргээгчид. Хэрэв жаахан дураар нь тахивал сексдмуй, машиндмуй хэмээн шинэ үг төрүүлэх гэгээнтнүүд.
Хөдөөнийхөн бол хөнгөн элемент. Хашрууд байгаагаараа байх гээд зогсохгүй, харин байсан шигээ байх гэж хөгжлийг арагш чангаадаг зөрүүдүүд. Жинхэнэ хөдөөнийхөн бол нутагтаа том яруу найрагчид, хотод ирээд зурагтаар гардаг, томчуудтай нийлж хааяа савдаг, номынхоо өмнөх үгийг медалтай яруу найрагчаар бичүүлчихдэг сэргэлэн гарууд.

Хотын хөдөөнийхөн бол арай өөр. Насаараа хөдөөний тухай бичсэн боловч амьдралынхаа дийлэнх хугацааг хотод өнгөрөөсөн. Сэдэвтээ гацаж, санаж сарвайсан аястай шүлэг биччихээд амьдарч байгаа нийгмээ олж хардаггүй, ямар ч төрийн үед буйр алдахгүй аятайхан сэдвийнхээ буянд хүйтэнд хөрч, халуунд халахгүй хашир андгайнууд. Тэд зөвхөн хөдөөг хөдөө байлгах гээд зогсохгүй Монголыг дэлхийн хөдөө байлгах гэж мөрөөддөг этгээдүүд.

Шинэ цагийн нэг шинэ элемент бол тамирчид юм. Тэдний мөрөөдөл тэмцээнд түрүүлэх. Энд хөдөөнөөс ирсэн залуучууд өндөр амжилттай яваа. Тэр дундаа бүсгүйчүүд. Зурагтаар гарахаар нутгийнхан нь үзэх учир тун чармайлттай.

Бүсгүйчүүд гэснээс сэрэлтэй хүүхнүүд элемент мэр сэр үзэгдэх болсон. Шүлэг, яруу найргийн ачаар эрчүүдийг уургалах гэсэн эрмэлзлэл нь илт. Тэрүүхэндээ XXI зууны Цогзолмаа болон мөнхрөх мөрөөдөлтэй. Монголын яруу найрагт тэсрэлт хийсэн зүйл нь эр эмийн хурьцлыг эмэгтэй хүний үгээр зоригтой анх монгол хэлээр бичсэн явдал. Адаг сүүлд нь ханахгүй сонин сэтгүүлд элдэв хурьцлын (порно) жүжигчид шиг ёс зүйгүй зүйлс ярин биеэ үнэгүй рекламдана.

Шүүгчид гэдэг архи нэхсэн, цол гуншинтай хашир бурхинууд бий. Жинхэнэ хор найруулагчид. Энэ элементэд орохын тулд хор удаан найруулж, архи ч их уух хэрэгтэй.

Иймэрхүү янзаар манай уран бүтээлчдийн сэтгэлгээний хэв маягийг  ангилж болно. Нэгэнт л амьд процесс өрнөж байгаа учир шинэ элемент гарч хуучин элемент устах, эсвэл нэг хүн олон төрлийн элемент агуулах боломжтой. Тэгээд ч эзэнгүй шүлгийг биш түүнийг үйлдвэрлэж байгаа хүмүүсийн үзэл бодлыг илүү анзаарвал яруу найраг улам хөгжинө.
                                                                                

2003.11  

Wednesday, 18 September 2013

ҮНДЭСНИЙ СУРГАГЧ БЭЛТГЭХ “МУЗЕЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ БА ГАМШГААС ХАМГААЛАХ” СУРГАЛТ


Музейн тогтвортой хөгжлийн чадавх дээшлүүлэх” Японы Итгэлцлийн сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй ЮНЕСКО-гийн төслийн үндэсний сургагч бэлтгэх “Музейн аюулгүй байдал ба гамшгаас хамгаалах” сургалт энэ сарын 23-27-нд Монголын Үндэсний Музейд болно.

ССАЖЯ, Монголын Үндэсний Музей, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс хамтран зохион байгуулж байгаа энэ сургалт нь үндэсний сургагч бэлтгэх 4 цуврал сургалтын 3 дахь нь бөгөөд олон улсын нэр хүндтэй сургагч багш нараар хичээл заалгасан Монголын музей болон соёлын салбарын 20 мэргэжилтэн, хөдөө орон нутгийн музейн боловсон хүчинд мэдсэн сурснаа түгээж, манай улсын музейн хөгжлийг олон улсын түвшинд хүргэхэд хувь нэмэр оруулна.

Музейн эд зүйлсийн хулгай, гэнэтийн халдлага, байгалийн нөхцөл байдлаас үүсэх эрсдэлээс хэрхэн сэргийлж, хамгаалах талаар “Музейн аюулгүй байдал ба гамшгаас хамгаалах” сургалтаар заах юм. Музейн сан хөмрөгийг гал усны аюул, байгалийн гамшиг, хүнээс хамаарах буруу үйл ажиллагааны эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх нь аливаа музейд шийдэх ёстой асуудал билээ. 

Үндэсний сургагч бэлтгэх 3 дахь сургалтыг Бүгд Найрамдах Чех Улсын Соёлын Яамны Музей ба Галлерей, Соёлын хөдлөх өвийг хамгаалах газрын дарга асан ЮНЕСКО-гийн сургагч багш, олон улсын нэр хүндтэй мэргэжилтэн Павел Жирасек удирдана.

Үндэсний сургагч бэлтгэх эхний “Музейн менежмент” сургалтыг ОХУ-ын Санкт Петербургийн Угсаатны музейн дэд захирал, олон улсын сургагч багш Ю.А.Купина, хоёр дахь “Маркетинг, боловсрол, олон нийтийн харилцаа” сургалтыг Норвеги Улсын Осло хотын Норск угсаатны музейн Олон нийттэй харилцах албаны дарга олон улсын сургагч багш Пол Моорк удирдан явуулсан.

Японы Засгийн газрын санхүүгийн дэмжлэгээр 2012-2014 онд хэрэгжиж буй Музейн тогтвортой хөгжлийн чадавх дээшлүүлэх” төслийн хүрээнд Монголын музейн үйл ажиллагаатай холбогдох стандарт, дүрэм журмыг олон улсын шинжээчээр дүгнүүлж зөвлөгөө авах, ЮНЕСКО-гийн  музейн холбогдолтой гарын авлагуудыг орчуулж хэвлүүлэх, Монголын музейн менежментийн практик гарын авлагыг боловсруулах зэрэг бусад ажлыг гүйцэтгэнэ. Энэ  төсөл нь музейн хөгжлийг дэмжин Монголд хэрэгжүүлж буй хамгийн том төсөл юм. 

Төслийн нэг үр дүн нь 2008 онд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор улс аймаг, орон нутгийн музейг мэргэжил-арга зүйн удирдлага, мэдээллээр хангах, сургалт явуулах үүрэг хүлээсэн Монголын Үндэсний музейн Сургалт арга зүйн төвийн үйл ажиллагаа идэвхжиж, жигдрэх болно.

Үндэсний сургагч бэлтгэх 4 сургалтыг дүүргэсэн мэргэжилтнүүд энэ ондоо багтан хөдөө нутагт очиж сургалт хийнэ. 21 аймгийг бүсчилэн хувааж, 4 сургалт зохион байгуулахаар төслийн багийнхан төлөвлөж байна.

Wednesday, 31 July 2013

АМТАТ БЯЛУУНЫ АМТЫГ ҮГЭЭР ХЭРХЭН ДҮРСЛЭХ ВЭ?

Англид ирээд жил гаруй болж байгаа Болдын ажил үйлс өөдрөг. Лондонгийн амьдралд хурдан дасаж, хичээл сургуульдаа шамдан, хажуугаар нь 7 хоногийн 20 цагийн ажил олоод хийчихсэн, ер нь л дажгүй. Харин хааяа нэг гэнэ гэнэхэн санамсаргүй санаа алдана. Заримдаа ч даабл дээкийн[1] дээд давхарт суучихаад ганцаар бодлогошрон хаашаа ч хамаагүй тэнүүчлэх нь бий. Уг нь тэрээр сэтгэлээр амархан унадаггүй, хаа очсон газраа найз нөхөдтэй явдаг нийтэч залуу. Гэтэл Англид ирээд жил гаруй болоход хүссэн ч мартаж чаддаггүй хүн бас байдаг юм байна хэмээн ухаарчээ. Болд аав ээж, ах, эгч дүүсээ санасангүй: зүгээр л бодлоос нь нэг охин гардаггүй.
 
Цаг хугацаа хурдан өнгөрөх юм аа” хэмээн Болд бодсоор Хайд паркийн модон сандал дээр ганцаар сууна. Эгц өөдөөс ээх нар түүнд тун таатай санагдана. Хаврын уур амьсгал орж, хажуугаар өнгөрөх хүмүүс аль болох энэ үдийн таатай мөчийг инээмсэглэлээр дүүргэх гэсэн мэт аядуухан алхана: хичээлийн дараа тэр нарлан суугаа нь энэ.


Орой ажилгүй, зөвхөн даалгавраа хийх бөгөөд өнөөдөр хичээлээ тараад Монголын ЭСЯ-ны гуанзанд хэдэн хуушуур идчихсэн тул умгар өрөөндөө очоод хоол ч хийх хэрэггүй. Тэгээд ч тэр өнөөдөр даалгавар хийх гэж санаа зовсонгүй.

Өнөө өглөө Болд хичээлийн завсарлагаанаар Монгол руу, одоо хүртэл мартаагүй цээжээрээ мэддэг нэгэн дугаар луу залгасан боловч:
Байна уу? гэх танил хонгор дууг сонсоод зүрх нь түргэн цохилж, амьсгаа нь давчдан үг хэлж чадалгүй утсаа тасалсан.

Нарлан суугаа Болдод цээжинд бөөгнөрөх бөөн хар юмыг гаргахгүй бол болохгүй, эс тэгвээс санаа алдах тусам хүндрээд байгаа мэт санагдана. ''Нэгэнт л өнгөрсөн хойно мартвал яасан юм бэ?'' хэмээн байнга өөрөөсөө асуудаг асуултаа сэтгэлдээ тавив; хариулт нь ч мөн элэгдсэн: ''Харин тиймээ март!...''. Гэхдээ тэр мартахын тулд яах ёстойг мэдэхгүй байв. Хэн ч түүнд энэ талаар зөвлөгөө өгч чадахгүй гэдгийг ч тэр гадарлаж байлаа.

Ийнхүү санаа сэтгэлээ амраан нарлан суусан Болд гэнэт зүүнд хатгуулсан мэт огцом босож, хичээлийн үүргэвчээ модон сандал дээрээс шүүрэн аваад шийдэмгий гээч нь Квийнсвэйгийн Монгол прокат руу алхлаа. Түүнд нар жаргаж бүрэнхий болохоос өмнө зоригтой шийдвэр гаргах ёстой гэж бодогдов. Хайд Паркаар хөндлөн гулд Квийнсвэй рүү алхах зуураа ''Өнөөдөр ингэж дэмий бодлогоширч суух өдөр биш. Би заавал нэг зүйл хийх хэрэгтэй'' гэж тэр хатуу шийдээд хажуугаар зөрөх аз жаргалтай, амгалан тайван хүмүүсийг дуурайх аядан дүр эсгэж зовнилоо мартахыг завдав.

Хоёр жилийн өмнө хаврын нэгэн салхитай өдөр, МУИС-ийн II байрны өмнө Болд, Золоотой санамсаргүй танилцжээ. Танилцсан мөчөөсөө л Болд урьд зөвхөн зүүдэнд л мэдэрч байсан болов уу гэмээр шинэ орон зай руу цөмрөөд орчих шиг болжээ. Болдын нүдэнд Золоо аядуу зөөлөн асарвал улам л дэлгэрэн дэлбээлэх гоёмсог цэцгийн дэлбээ шиг харагдаж, харин Золоогийн нүдэнд Болд багадаа үздэг байлдаантай киноны баатар шиг нь шулуун шударга, зоригтой, гоолиг сайхан залуу болж хувирчээ. Ёстой л түшээд ч авмаар, тушаад ч хоримоорөөрөөсөө ч Золоо ичэх шиг болж дээ.

Жил гаруй үеэрхдээ Золоо, Болдоо хоёр хайр сэтгэлээ илчилсэнгүй. Яагаад гэвэл элдвийн энгийн зүйлс ярих нь тэдэнд хангалттай бөгөөд, хамтдаа хэсэгхэн байхад л хаанаас ч олж уншаагүй, ямар ч киноноос үзээгүй увдист мэдрэмжинд автана. Тэр хоёрт нууцхан мэдрэмжээ оноод хэлчих үг ч олдсонгүй. Хамаг амьдрал нь урьд байхад залуу насны босгон дээр амьдралын гүнзгий, сонин амт шимтийг мэдрэх юм гэж Болд ч, Золоо ч таагаагүй билээ.
Нэгэн удаа өвлийн адаг сарын нэгэн үдэш цас хаялсан хотын төвийн гудамжаар алхаж явахдаа Болд, би Америкад байдаг найз охинтой гэж яагаад ч юм онгирмоор санагдаад худлаа хэлчихэж л дээ. Тэгэж хэлснийх нь дараа Золоогийн ааш хувиран түүнтэй нэг л хөндий харилцаж, удахгүй хүнтэй суух гэж байгаа гэж хэлэн хариугаа авчээ. Хэдийгээр Америкт найз охинтой ч Болдод энэ нь хүнд цохилт болж Золоог нөхөртэй болох гэж байгааг сонсох нь битгий хэл, төсөөлж ч чадахгүй байлаа. 

 Дуралсан хоёрын сэтгэлд хар сүүдэр унаж, жаргал нь зовлон болов. Болд Золоотой тэр бүр дураараа уулзаж зүрхлэхээ байж заримдаа түүнийг хичээлдээ явахаар өглөө орцноосоо гарахад нь хажуугийн байрны орцных нь цонхоор харч зогсдог ч болов. Харин Золоо Болдтой уулзахыг тэсэн ядан хүлээдэг ч өөрөө зориглож түүн рүү утасдаж чаддаггүй байлаа.

Ийнхүү битүүхэн дуралсан хоёрыг мунгинаж байтал хавар өнгөрч, зун болов. Зуныхаа амралтаар Болд гэрийнхээ хажуу талын интернэтээс английн нэгэн хэлний сургууль руу захиа бичиж гэнэ, урилга хүрээд ирж гэнэ. Урилгаа бариад Английн ЭСЯ-наас виз хүсч гэнэ, виз гарчихаж гэнэ. Тэгээд л Золоог хүнтэй гэрлэхээс өмнө Лондон руу ум хум нисэж дээ. Золоо тэр үед өвөө, эмээгийндээ хөдөө амарч, намар очоод Болдоос надад найз охинтой гэж худлаа хэлсэн үү? гэж асуугаад, худлаа хэлсэн гэвэл би ч гэсэн хэмээн хариулна гэж сэрүүн зүүдлэн голын эрэг дээр өнждөг байжээ...

Харин одоо Болд Квийнсвэйгийн олон улс, үндэстний хүмүүс жижиг жижиг тасалгаа, павилион түрээслэн өөр өөрсдийн онцлогтой худалдаа наймаа хийдэг нэгэн худалдааны төвд байдаг Монгол прокат руу ирчихсэн сумогийн шинэ бичлэг үзэн, үсээ засуулдаг ч юм билүү гээд л зогсож байна. Энэ худалдааны төвд орос баншнаас эхлээд үсчин, компьютер засвар хүртэл байдаг. Үнэ нь ч гайгүй боломжийн. Гэхдээ компьютерийн хувьд боломжийн үнээр болохгүй юм авснаас шинийг нь авсан дээр гэдгийг Болд яс махандаа ортол сайтар ойлгосон.

Учир нь Англид ирээд анх өрөө шейрлэдэг[2] шри-ланк залуугаас хуучин лаптопийг[3] нь 7 хоногийн цалингаараа авчихаад, таарах зайг нь Квийнсвэйгийн ихэвчлэн лалын шашинтай, эндэхийн монголчууд халтарууд гэж нэрлэдэг хүмүүсээс лавлаж асууж байгаад их сайхан ааштай, хөмсөг, сахал болсон залуугаас 30 паундаар авсан юм. Гэтэл өнөөх зайг нь өрөөндөө очиж цэнэглээд лаптопоо асаах гэтэл ажилладаггүй. Дутуу цэнэглэсэн гэж байхгүй тул нурсан зай авсан нь тодорхой болов. Бүр худалдаж авсан зай нь хуучин зайнаасаа ч долоон дор юм байв.

Болд элдвийг бодсон ч үгүй шууд нөгөө хөмсөг, сахал болсон алаг нүдэн халтар залуу руугаа очиж, нурсан зайгаа солиулья гэжээ. Халтар залуу ч хариулт нь бэлэн:
—Нэмээд 10 паунд өгчих би чамд шинэ зай маргааш аваад ирнэ. Чи маргааш өдөр хүрээд ир гэжээ. Болд ч мөнгө нь бэлэн, түрүүвчнээсээ 10 паунд сурмаг гээчийн гаргаж, thank you-тай өгчээ.  Ингээд see you-тэй тэд салцгаав. Харин эргэж уулзацгаасан түүх нь жаахан баргардуу. Үнэндээ бол жаахан баргардуу ч биш—зурагтын тод бүдгийг тохируулдаг шиг гэгээнтэйгээс пад хар луу орсон. Ярих ч юм биш. Оросын яруу найрагч Пушкиний Алтан загасны үлгэр шиг л юм болсон. Гэхдээ даварсан өвгөний биш, харин  даварсан алтан загасны тухай үлгэр байсан гэвэл илүү ононо. Мэдээж нааш цааш гүйж харайснаараа манай Болд өвгөн нь болно. 

Сүүлдээ бүр мөнгөө авья гэж хэлэхэд нь даварсан алтан загас хөөрхий Болдыг маань тэнэг мангараар нь дуудаж, бид буцаадаггүй, хэрэв шинийг авахыг хүсэж байгаа бол нэмээд 60 паунд өг гэж ирээд л англиар дуржигнатал загнаад хаячихна. Хэчнээн хэрэлдмээр байсан ч Англид ирээд хоёр сар ч болоогүй шахам байсан Болд маань түүний хэл амыг гүйцэхгүй лангууных нь өмнө дэмий л хачин царайлан зогсож плийз, мээн[4] гэхээс цаашгүй.

Арчаагүй байдлаасаа Болд хэчнээн их ичсэн гээч, “энэ будааны хүүхдэд хэл амаар доромжлуулж, дээрэмдүүлээд зогсож байх ч гэж дээ” хэмээн монгол залуу маань хор шарандаа бодоод, англи хэлийг хурдан сурья гэж хатуу шийдсэн. Зөв дүгнэлт хийдэг ухаантай залуу байгаа биз. Ухаантай учраас л энэ бараа явдлыг гэгээтэй үр дагавартай болгосон юм.


Тэр явдлаас хойш Болдын англи хэл цусанд нь түмпэн түмпэнгээр юүлж (тархинд биш, бүр цусанд нь шүү!) өдөр өдрөөр сайжирсан. Гэхдээ манай Болд 40 паундаа алдаагүй л дээ. Квийнсвэйд хулхидуулсан тухай зохион бичлэг маягтай юм бичиж бэлдээд ангийнхаа багшид ярьжээ. Багш нь бараг хагас дутуу сонсоод л, алив хоёулаа очье гээд түүнийг араасаа дагуулан алхсан. Ингэнэ чинээ ч Болд бодсонгүй, Англи хүмүүс хувь хувийнхаа ажил хэргийг дор доороо болгоод байвал боллоо гэсэн үзэлтэй тул хэн нэгэнд туслах гэж хэн нэгэн нь цаг заваа гарзддаггүй гэж тэрээр санаж явсан. Харин багш нь шал ондоо хүн байлаа. Магадгүй орос гаралтай бүсгүй байсан болохоор тэгж тусалсан ч байж мэднэ. Багш нь нөгөө халтарыг ч ёстой жижигрүүлсэн дээ.

Эхэндээ нөгөөдөх чинь багшийг нь сонжиж хараад л доогтой нь аргагүй сууж байсан чинь сүүлдээ бага ангийн сурагч мэт өрөвдөлтэй царайлан босоод зогсчихсон. Тэгээд багшийг нь шаардаагүй байхад 40 паундыг нь сарвайн өгч салахын түүс болсон билээ. Тэр явдлаас хойш энд ирэх тоолондоо Болд ялсан баатар шиг пээдгэр алхах болсон юм.

Монгол сумочдын урамтай сайхан барилдааныг үзэж зогсож байгаад хэдийгээр түүнд байр, ажлын зар сонирхох шаардлагагүй ч нэг л авралын алтан од тэнд байгаа мэт совин татахад өөрийн эрхгүй зарын самбар руу хараа тусгав. 
Ихэвчлэн гараар бичсэн зарын самбар дээрх жижигхэн зар, зарын дундаас жаазтай диплом шиг содон А4-ийн цаасан дээр нэг зар байх юм гэнэ. Уншлаа: Таны хайр шингэсэн сэтгэлийн үгс чинь тансаг амтат бялууны хамт зөвхөн ганцхан өдрийн дотор Улаанбаатарт амьдарч байгаа ар гэрийнхэнд чинь очих болно. Үнэ 15 паунд. Бид өөрсдийнхөө унаагаар гэрт нь хүргэж шуурхай үйлчилнэ…”.

Энэхүү зар зөвхөн Болдод л зориулсан мэт, түүнд л үг хэлж, сэтгэлд нь бөөгнөрсөн бөөн хар үүлийг туугаад үлээчихсэн мэт санагдав. Зар дээр утасны дугаарын ард Туяа гэж бичсэн байлаа. Түнэр харанхуйг сарны туяа хурц процектор шиг захаас нь гэрэлтүүлсээр зүрхэн дээр нь тусах мэт гайхалтай сонин төсөөлөл Болдын тархинд зурсхийхэд хоёр долоон хоногийн цалингаараа авсан шинэхэн гар утсаа Болд тэрхэн зуур халааснаасаа гаргаад, амьдралдаа анх удаа гар утсандаа дугаар хийж буй мэт зар луу нэг, гар утасныхаа дэлгэц рүү нэг харсаар тоо бүрийг нягтлан 0…7…8…3…8…2…9…6…0…7…9 гэж бичээд Амтат торт Туяа гээд алдаа мадаггүй хадгалав. Тэгээд Улаанбаатарын Төмөр замын вокзал хавиар холхилдож байгаа мэт тэр хавиар байнга эргэлдэх хэсэг бүтэлгүй нөхдөөс хөндийрч холдоод гүнзгий амьсгаа аваад Амтат Торт Туяа руу  залгав аа: дүүд…дүүд…дүүд:
Байна уу? хэмээн их л дотноор нэгэн бүсгүйн намбалаг дуу сонсогдоход, төрсөн эгчтэйгээ ярих гэж буй мэт сэтгэл төрсөн Болдын хэл татсангүй, гар салганасангүй.
Аа байнаа, би торт сонирхсон юм. Танайх Монголд торт хүргэж өгч байгаа юм уу? гэж их л эвлэгхэн, тодорхой хэлэв.
—Тиймээ, Улаанбаатарт хаана ч хамаагүй хүргээд өгнө. Хэрэв одоо захиалвал маргааш гэхэд хүссэн цагт чинь аваачаад өгчихнө гэж бүсгүй хариулав. Болдод яагаад ч юм утсаар ярьж буй бүсгүй их дотно санагдаад, урьд нь яг ингэж утсаар ярьсан мэт санагдахад тэрбээр өөрийн эрхгүй:
—Туяа эгчээ хэмээн өөриймсөж,—би найз охиндоо торт бэлэглэх гэсэн юм,—тэрээр найз охиндоо гэж  хэлээд сэтгэл нь гэнэт онгойж уужрах шиг болов,—гэхдээ үүнийг гэнэтийн бэлэг болгож өгөх хэрэгтэй байна л даа. Харин надаас гэдгийг нь тортоо өгсний дараа хэлмээр байгаа юм. Тэгж зохицуулж болох болов уу? гэж асуулаа.
—Өө тэр бололгүй яах вэ? Бид утсаар нь холбогдоод хаана байгаа газар нь очоод өгөх хүртлээ Англиас гэдгийг нь хэлэхгүй хэмээн бүсгүй залуугийн бодлыг таасан мэт хариулав.
—Тэгвэл эгчээ та тортоо өгсний дараа Англиас Болд,—тэрээр арай найз залуу чинь гэж хэлж зүрхэлсэнгүй—илгээсэн гэдгийг нь хэлээрэй гэж Монголд байгаа хүмүүстээ захиарай хэмээн Болд гуйв. 
—Миний дүү тэрэнд санаа зоволтгүй. Гэхдээ чи гэнэтийн бэлэг барьж байгаа бол өөрөө мессэж бичээд эгчийнхээ утас руу явуулж болно шүү дээ. Эгч нь Монголд байгаа хүмүүстээ чиний мессэжийг илгээчихнэ. Тэгээд л тортоо өгсний дараа хэнээс өгч байгааг нь асуухад тэд чиний мессэжтэй ил захидал өгнө хэмээн Амтат торт Туяа жинхэнэ киноны сценари шиг санал хэлэв. Болдын нүдэнд тэр даруй Золоогийн гайхсан, баярласан алаг нүд нь үзэгдэв. Тэрхүү кино шиг үйл явдлыг ганцхан үг хэлээд л түргэлүүлчих мэт санагдах Болд, золтой л ура хашгирчихсангүй:
—Тэгээд эгчээ мөнгөө яаж төлөх юм бэ? Би тань руу очиж өгөх юм уу? хэмээн уралдааны хөөрүү морь шиг аль хэдийн хөөрчихсэн Болд, Туяа эгчийнх Лондонгийн нөгөө захад байсан ч хамаагүй, хар эрчээрээ гүйсээр аваачаад өгөхөд бэлэн болчихов:
—Өө миний дүү заавал уулзаж өгөх албагүй. Halifax банкны салбараас эгчийнхээ дансанд мөнгө хийчих нь дээр гэлээ. Үнэхээр цаг хугацааг хурдасгасан санаа байсан тул Болд шууд л Монгол прокат байрладаг худалдааны төвөөс гарахаар үүд рүү алхлаа. Харин утсаар түүнтэй ярьж буй бүсгүй түүнийг нэг зүйл мартаж буйг нь хажууд нь байгаа мэт мэдрээд:
—Эгч нь одоо чиний утас руу дансны дугаар явуулна гэлээ. Болдод энэ үг төрсөн эгч нь машин замаар сайн харч гараарай гэж хэлсэн аятай сонсогдов.
—Эгчээ танайд Лондонгийн бэлэг дурсгалын зүйл байхгүй л байхдаа хэмээн Болд гэнэт асуулаа. Тэрээр Золоог сувенир цуглуулдгыг мэддэг болохоор Лондонгийн гудамжаар алхаж худалдаа наймаа сонирхож явахдаа гоё чамин зүйлсийг хараад ямагт Золоод бэлэглэх юмсан гэж дотроо боддог байсан билээ.
  —Манайх чинь бас Лондонгийн бэлэг дурсгалыг хамт өгдөг шүү дээ хэмээн бүсгүй утасны цаанаас хариулахад, Болд хүсэл нь ийм амархан биелж байгаад маш гайхан золтой л дахиад ура хашгирсангүй:
—Тэгвэл эгчээ та хамгийн гоёос нь...хамгийн гоёос нь миний найз охинд өгөөрэй. Яагаад гэвэл миний найз охин хамгийн хөөрхөн, хамгийн гоё охин хэмээн Болд яг л романтик кинонд тоглож байгаа мэт чанга хэлэв. Утасны цаанаас тачигнасан цээлхэн инээд сонсогдож:
—За тэгвэл хамгийн хөөрхөн, хамгийн гоё охинд юу өгдөг юм билээ? хэмээн бүсгүй асууллаа.
—Эгчээ танайд Лондонгийн модон сандал байгаа юу? хэмээн Болд асуув. Тэрээр цэцэрлэгт хүрээлэнд модон сандал дээр бодлогошрон ганцаар суух болгондоо, Золоотойгоо ингээд сууж байх юмсан гэж мөрөөддөг бөгөөд нэгэн дэлгүүрт тийм сувенир харсан билээ.
—Тэр чинь харин ёстой ганцхан үлдсэн байгаа шүү гэж бүсгүй хариулахад Болд золтой л дахиад ура хашгирсангүй.
—Ямар үнэтэй бэ? гэлээ.
—Лондонгийн үнээр хэмээн бүсгүй хэллээ. Болд үнийг нь сайн мэддэг болохоор шууд худалдааны төвийн хаалгаар гүйх шахам гарав. Бүсгүй түүний хажууд байгаа мэт:
—Миний дүү, мессэжээр зурвас, найз охиныхоо утасны дугаарыг явуулахаа мартав аа гэж түүнд сануулахад:
—Мартахгүй эгчээ хэмээн хажуухан талд харагдах Halifax банкны салбар луу гүйлээ.

Банкны салбарт дарааллаа хүлээн зогсож байхдаа Болд “Золоо найз нь чамайгаа маш их санаж байна. Хоёулаа удахгүй Лондонгийн тэнгэр доор энэ модон сандал дээр суух болно” гэж огт түүртэлгүй бичээд, огт эргэлзэлгүй маш итгэлтэйгээр Амтат торт Туяа руу илгээв.

*

Уншигч та намайг уучлаарай. Болдыг энд түр орхиод, түүнтэй ярилцсан Туяатaй та бүхнийг танилцуулъя. Хэрэв та Англид байдаг бол би хэлсэн хэлээгүй Туяа эгчийг сайн мэдэх байх. Олон хүнийг баярлуулж, сэтгэлээ тэжээн урам зориг авдаг сайхан сэтгэлтэй бүсгүй байдаг билээ. Энэ үгүүллэгийн нэрийг ''Амтат бялууны амтыг үгээр хэрхэн дүрслэх вэ?'' гэсэн нь ч учиртай. Нэг өдөр миний бие бялууны амтыг үгээр хэрхэн хэлэх вэ? гэж бодсоор түүнтэй уулзаж асуухаар шийдсэн юм. (Энүүхэндээ хэлэхэд бас тийм ч биш юм аа. Англид гарын таван хуруунд багтахаар монгол бизнес эрхлэгчид байдаг. Тэдний нэг, бид бүгдийн гар утсан дээр дугаар нь байдаг хүн бол Туяа эгч яах аргагүй мөн. Тийм учраас би түүнтэй уулзаж монголчууддаа туршлага болох болов уу хэмээн бодоод бизнесийн санаа яаж олох, хэрхэн түүнийгээ хэрэгжүүлэх талаар ярилцсан юм.)

Торт Туяа (би гар утсандаа ингэж тэмдэглэсэн) Ийст Лондонд төрмөл буюу оргинал нөхөр (өөрөө тэгж дууддаг) ганц, төрүүлсэн хүү хоёр, төрүүлсэн охин нэгтэйгээ хамт амьдран суудаг, цайлган сэтгэлтэй бүсгүй. Уулзаад нэг үдшийн турш бид хоёр элгээ хөштөл инээлдсэн. Гэрт нь хаа сайгүй дэвтэр, цаасны тасархай, бал байх юм. Яадаг юм бэ? гэсэн чинь захиалга бичдэг гэнэ. Одоо гэрийнхэн нь бүгд сургуультай болчихсон, Туяа эгч утсаа аваад захиалга бол толгойгоо дохиход л үзэг цаасыг нь дөхүүлж өгдөг гэнэ. Гурван настай бага банди нь хүртэл авчирч өгдөг гэнэлээ. Эндэхийн олон монголчууд өглөө эрт ажилд гарч, шөнө дөлөөр гэртээ ирдэг болоод ч тэр үү, өглөө тав, зургаагийн үед, шөнө нэг, хоёр цагт утасдах тохиолдол бишгүй л байдаг гэнэ. Тэрээр өөрийнх нь зүтгэл талаар өнгөрөөгүй байна хэмээн бодож утас дуугарах болгонд баярлан, аль болох түргэн шуурхай захиалгаа авч, хэрэв удвал захиалагчийн маань утасны мөнгө гүйнэ хэмээн санаа зовдог гэнэ.


Туяа эгч английн монголчуудын нөхцөл байдлыг сайн мэддэг учир, тус дэм болохсон гэж үнэн сэтгэлээсээ боддог нэгэн. Яаралтай амтат бялуу бэлэглэх шаардлагатай ч банк хаачихсан, дээрээс нь өөрөө завгүй нэг захиалагчтай шөнө очиж уулзан зурвас, мөнгийг нь авч байсан тохиолдол ч бий ажээ. Тэрээр:
Миний хувьд бол хэрэглэгч хаан гэдгийг байнга санаж, аль болох хүнд тустай, сэтгэлээсээ л үйлчлэхийг чармайдаг, тэрнийхээ хүчинд ч байнгын үйчлүүлэгчидтэй болсондоо их баяртай байдаг. Утас дуугарах болгонд би баярладаг шүү гэж байлаа


Монголдоо очилгүй арваад жил болсон, аав ээж, ар гэр, анд нөхдөөсөө хөндийрсөн залуус ч олон байдаг. Тийм залуус сэтгэлийн гансарлаа амтат бялуугаар эмчлэн тасарсан холбоогоо сэргээсэн тул баярласан талархснаа Туяа эгчид байнга илэрхийлдэг. Зарим нь бүр зурвасаа хэрхэн бичихээ түүнээс асуун, зав муутай явбал та бичээд явуулчихаар гээд өндөр итгэлийг хүлээлгэдэг ажээ.


Өдөр бүр хүмүүст гэнэтийн бэлэг барьж сайн сайхан, баяр баясгалангийн шалтаг болдогтоо их сэтгэл хангалуун явдаг. Манай монголчууд чинь хүн хоосон гаргах дургүй болохоороо гэрт нь бялуу хүргэж өгсөн хүмүүсийг цай уугаад гар, хоол идээд яв гэх нь элбэг. Ялангуяа өндөр настай хүмүүс их баярлаж хэлэх үгээ олохгүй хоёр гараа тосож авдаг. Харин хүүхдүүдийн нүд бол орж ирээд л гаран гартал нь торт ширтээстэй байдаг гэж байгаа хэмээн тэр хэлсэн.

Туяа эгчийн бялуу ч амтайгаараа алдартай. Амтат бялуу гэдэг нэрэндээ яг таарсныг английн монголчууд Монголд амссан ар гэр, амраг садан, найз нөхдөөсөө сонсож сайн мэддэг болсон. Англиас ирсэн торт амттай байхаас ч өөр яах билээ дээ гэсэн үнэмшил английн монголчууд, монголын монголчуудын дунд аль хэдийн бий болжээ.

 Туяа эгч ба түүний багийнхан Англиас захиалсан амтат  бялууг худалдаанд гаргадагүй, онцгой чигээр нь байлгах бизнесийн зарчим бас баримтлана. Тэдний бялуу амттай байдгийн бас нэг шалтгаан нь ар талын баталгаа сайтайд бий. Өнгөрсөн жил Монгол дахь хамт олон нь 2005 оны хэрэглэгчдийн найдвартай түнш болж,  Монголын Тэргүүний тогооч цолтой дүү нь шилдэг 10 бизнес бүсгүйгээр тодорчээ.

Гэр бүлийн бизнесийн нэг давуу тал нь хэрэв үнэхээр л сэтгэл нэгдвэл нэг зорилгын төлөө нягтарч ажиллаж чаддаг гэж Туяа эгч хэлсэн бөгөөд тэрээр гэрийнхээ хамгийн том нь болохоор бүгдийг Англиас командлаж, атмаанддаг аж.

Тэнд хийж байгаа хүмүүсийнхээ гомдлыг би хүлээж авдаггүй. Харин эндээс үйлчлүүлэгчдийнхээ хүсэлтийг тулгадаг. Би сэтгэлийн бэлгээр тоглоё гэж бодоогүй, одоо бид үйлчлүүлэгчдийнхээ хүссэнээр зөвхөн амтат бялуу биш бас бэлэг дурсгалын зүйлс дагалдуулж өгч байгаа. Хүслэнт хүнээсээ бэлэг авах шиг сайхан зүйлс хаа байх билээ. Амтат бялуугаар Англи, Монголыг холбож, хэн нэгнийх нь сэтгэл зүрхэнд итгэл, найдвар, аз жаргалыг авчирдаг гэж бодоход их урамтай байдаг гэж Туяа эгч туяа цацруулан ярихыг нь сонсоход сэтгэлийн илч дулааныг нь мэдрэх шиг болсоон.

Түүний яриаг сонсож суухад, мөнгө бол хүний амьдралд гарцаагүй хэрэгтэй зүйл. Гэхдээ олон жил уулзаагүй найздаа, ажлынхаа хамт олондоо, эсвэл хэн нэгнийхээ насны ойгоор, шагнал авсных нь баяраар заримдаа алс суугаа хүмүүс юу бэлэглэхээ мэддэггүй. Тэгэхээр мөнгө хэдий хэрэгтэй ч бидний сэтгэлийг тэр бүр илчилж чаддаггүй. Харин санамсаргүй байхад нь төрсөн өдөр, баяр наадмын үеэр амтат бялуу алс газраас мөнгөнийхөө оронд бэлэглэвэл юу юунаас илүү хүний сэтгэлийг илчилж өгөх юм байна даа гэж боддогдож байлаа.

Тухайлбал, өнгөрсөн цагаан сараар үнэхээр олон хөгшчүүл гэнэтийн амтат бялуу авч баярлажээ. Цагаан сарынх нь ширээн дээр өнгө үзэмж сайтай Англиас ирсэн амтат бялуу байж байх нь үр хүүхдээрээ бахархах, тэднийхээ тухай ярих нэг сайхан сэжим болж өгдөг аж. Харин сургамжтай ч гэмээр, хөгжөөнтэй ч гэмээр нэг явдлыг Туяа эгч надад ярьж өгөхөд би элгээ хөштөл инээсэн ч, хөөрхий настан буурлыг бас өөрсдийнхөө байдлыг өрөвдөх шиг болсон:
Англид ирж ажиллаад гурван жил болсон хүү нь өндөр настай ээж, ар гэрийнхэндээ амтат бялуу захиалсныг Туяа эгчийн дүү Хайлаастад хүргэж өгч л дээ. Бялуу оруулж өгөхдөө Туяа эгчийн дүү:
—Хүү чинь Англиас амтат бялуу илгээгээд танд болон эгч дүү нартаа “Хамгаас эрхэм ээж, эгч, гурван дүүдээ аз жаргалын дээдийг ерөөгөөд, хүү чинь ажил хийж, мөнгө цуглуулаад удахгүй та нар луугаа очно” гэсэн зурвас илгээлээ гэтэл өндөр настай ээж нь гэнэт уйлж:
Манай хүү чинь их алиа хүүхэд байгаа юм. Эхлээд бэлгээ оруулж өгөөд дараа нь өөрөө орж ирэх нь гээд гэнэт айлчилсан амтат бялуу руу нэг, авчирч өгсөн хүн рүү нэг харч эхэр татан, хангинатал уйлжээ. Гэртээ байсан гурван дүү нь ч барайгаад яахаа мэдэхгүй, ээж рүүгээ, бие бие рүүгээ харцгаан дуугүй босоод зогсцгоож. Ийм юм болно чинээ төсөөлөөгүй Туяа эгчийн дүү ч хэсэгтээ л яахаа мэдэхгүй алмайрснаа гэнэт сэхэл аван:
—Үгүй ээ, эгч минь тийм биш. Танай хүү чинь Англид байгаа—
—Тэгвэл наадах чинь юу юм бэ?
—Энэ бол Англиас захиалсан амтат бялуу—гээд үгээ хэлж дуусаагүй байхад нь:
—Тэгээд—хэмээн өөрөө ч үгээ дуусгалгүй уйлжээ.
—Та буруу ойлгоод байнаа. Манайх Англиас захиалгаар амтат бялуу Монголд байгаа гэр бүлийнхэнд нь авчирч өгдөг газар байгаа юм. Танай хүү бүгдийг төлсөн. Тэгээд таньд торт захиалсан...гээд л учирлажээ.

Настан буурал нэг л итгэхгүй, их л алиа хүүхэд байгаа юм даа. Ингэж ээжээрээ тоглох ч гэж дээ гэсээр суужээ. Азаар тэр үед хүү нь Англиас утсаар залгаж, ээжийнхээ зовсон нулимсыг, баяр хөөрийн нулимсаар солин тэдний бор гэр Англиас илгээсэн бөөн гэнэтийн баяр баясгалангаар бялхаж дээ. Хөөрхий настан буурал хэчнээн их баярласан бол доо.

Буянтай монгол эхчүүдээ нэг удаа ч гэсэн баярлуулахад бидний үйлс өөдрөг явах нь гарцаагүй. Хол газар хэдэн жилээр явахдаа, хэдийгээр утас шөрмөсөөр холбогддог ч гэлээ үрчлээг нь тэнийтэл ганц удаа ч гэсэн бид баярлуулж чадаж байна уу даа...

Туяа эгч бид хоёр бизнесийн тухай олон зүйл ярилцсан. Түүний хэлсэн саналууд надад их авууштай санагдсан. Анх амтат бялууг гэрт нь хүргэж өгөх санаагаа эндэхийн pizza delivery-гээс олсон гэнэ.
Хэдийгээр хүн бүхэн үүнийг мэддэг ч яг хэрэгжүүлээд хийсэн нь хэд билээ. Тэр дундаа алс газраас Улаанбаатарт хүссэн хаягаар нь бэлэг аваачиж өгсөн нь олон биш. Миний мэдэхийн л Англид  бол ганцхан Туяа эгч байна. Эндээс би бизнес их жижигхэн зүйлээс эхэлж, өргөждөг юм байна гэж ухаарсан.

Санаа олох нэг өөр, санаагаа хэрэгжүүлэх бас нэг анги билээ. Туяа эгчийн хэлснээр бол гараагаа бага гэж гололгүй, хүн бүхэн чаддаг зүйлээ барьж авбал зүгээр гэнэ. Хэрэв их анзааргатай явбал бизнесийн их олон санаа оноо эндээс олж Монголд хэрэгжүүлж болмоор байгаа ажээ. Мөн түүний бизнес амжилттай байгаагын нэг шалтгаан нь, миний ажигласнаар, үйлчилгээгээ үргэлж шинэчилж, сайжруулахыг эрмэлздэгт бий. Өөрийнх нь хэлснээр тэр өлөн нүдлэн хаа очсон газраа бялууны шинэ загвар, үйлчилгээний дэвшилт хэлбэрийг ажиж явдаг гэнэ лээ.

—Энд байхдаа л бизнесээ сэдэж эхлүүлмээр юмшиг. Заавал Монголд очоод эхлэх албагүй шүү дээ. Хэдийгээр бид харьцангуй цөөхөн ч биеэ биенээ дэмжээд явбал бүтэхгүй  юм гэж байхгүй байхаа. Намайг анх 2004 онд эхэлж байхад Монгол Центр, Монгол прокат гээд бүгд л тусалсан. Одоо хүртэл манай зарыг тавин, утсыг маань асуусан болгонд хэлж өгч их тус болдог. Энэ мэтчилэн нэг нэгэндээ бид тусалвал бүгд л хожино гэж тэр хэлсэн.

Цаг хугацаа байнга өөрчлөгддөг шиг бизнес ч мөн өөрчлөгдөнө. Тиймээс шинэ цаг үе, шинэ боломж, шинэ санаа, оноо төрүүлнэ. Тэр бүгдийг мэдэрч өрсөж л хийж чадсан нь хождог билээ. Гэхдээ Туяа эгч ганцхан би гэсэн өвчнөөр өвчлөөгүй. Тиймээс олон английн монголчууд бизнес эрхлэн, ажил амьдралаа дээшлүүлээсэй хэмээн хүссэн бүхэнтэй уулзаж зөвлөгөө өгдөг.

Мэдээж аливаа амжилтын зэрэгцээ алдаа; магтаал талархлын хажуугаар зэмлэл ч байсан. Тэрээр эрүүл сэтгэдэг учир үүнийгээ нууж хаадаггүй. Надад тэрээр:
—Алдаа байлгүй яахав. Зэмлэл шүүмжлэл ч сонссон. Шөнө болгон 01 цагт Монгол руу утасдан өдрийн мэдээгээ авч алдаа оноогоо ярилцдаг. Анх баярын өдрүүдэд гэнэт захиалга их ирж цаг алдах тохиолдол байсан. Тэр бүгдэд нь бид сургамж авч алдаагаа засахыг чармайдаг. Ихэнх зэмлэл хүртсэн шалтгаан нь замын бөглөрлөөс болдог гэнэ лээ. Амтат бялуу зөөдөг тэрэг хурдан давхиж болохгүй, замын хөдөлгөөний аясыг дагахаас өөр аргагүй байдаг гэж хэлж байсан.

Үнэхээр ч тийм байгаа байх Улаанбаатар ямар ч гудамжны зохион байгуулалтгүй, тэр бүү хэл гудамжны ч нэргүй, авто зам нь нарийхан, дээрээс нь том том суудлын тэргүүд их давхидаг болсон болохоор байсхийгээд л п-гаа урсгасан, гартаа төмөр, цохиур барьсан том, том мангаа эрчүүд ханцуйгаа шумлан тааралдах нь олширсон ажээ.
Бид Улаанбаатарын хаа ч байсан хүргэж өгч байгаа, зарим үйлчлүүлэгч маань дахин дахин лавлан, манайх гэр хороололд байдаг гэж асуудаг. Бидэнд бол гэр хороололд байна уу, 3-р хороололд байна уу ялгаагүй. Бүгд л адилхан манай үйлчлүүлэгчид билээ хэмээн түүнийг хэлэхэд надад сайхан санагдаж байлаа.

Туяа эгч ажил үйлс нь амжилттай яваагаа Англид ажиллаж, амьдарч буй бид бүгдийн ач хэмээн бодно. Анхны захиалагч Анхбаярын нэрийг мартаагүй, Хүслэн хүүд нь төрсөн өдрийн амтат бялууг нь жил болгон хүргэхээ ааваас нь ч түрүүлж санана. Амтат бялууны амтыг амсаагүй хүнд хэрхэн дамжуулах вэ? гэсэн миний зүггүй асуултанд тэрээр, сэтгэлийн дулаанаар гэж түгдрэлгүй хариулав. Нээрээ ч, хүн хүндээ муу санаж амтат бялуу бэлэглэхгүй, тэр тусмаа хол газраас…тиймээс сэтгэлээсээ өгч байгаа бэлгээ бид сэтгэлээсээ бизнесээ хийдэг, түүнээсээ таашаал авдаг хүмүүсээр дамжуулахыг хүснэ. Тэр хүмүүсийн нэг нь Туяа эгч юм. Түүний хэлснээр сэтгэлийн бэлэг арвиждаг гэдэг шиг үйлчлүүлэгчид нь ч арвижан зөвхөн английн төдийгүй австри, францын монголчууд хүртэл захиалдаг.

Сэтгэлийн дулаанаар алс газарт суугаа хүмүүсийг холбоно гэдэг сайхан хэрэг юм даа.

*

Тэр нэгэн өглөө Золоогийн хувьд жирийн л нэгэн өглөө байлаа. Жирийн гэдэг нь уйтгар гуниггүй, өөдрөг гэсэн үг. Өглөө сэрэхэд цэлмэг өглөөний наран цонхоор тусан “Золушка инээмсэглээрэй” гэж түүнийг өхөөрдөж буй мэт сэтгэл төрөхөд Золоо эрхлэнгүй нүдээ нухлан эвшээчихээд зурагтын сурталчилгаагаар гардаг сайхан амарсан сайхан европ бүсгүй шиг их л ялдам инээмсэглэл нүүрэндээ тодруулан (түүнд тэгж санагдсан) хичээлдээ явахаар орноосоо өндийн, углаашаа углан, хөлөө чирэн угаалгын өрөө рүү хүзүүгээ эргүүлэн нойрмог алхан очоод толинд нүүрээ хальт харангуутаа өөрийнхөө хөөрхнийг өөрөө мэдэлгүй өхөөрдсөн билээ.

Тэрээр сүүлийн үед өнгө үзэмжиндээ их анхаардаг болсон нь хотын гудмаар хажуугаар өнгөрөх залуусын харц түүнд дээр тусч, бүр зарим нь эрээ цээргүй араас нь эргэн харах бөгөөд энэ нь эвгүй ч гэмээр, эвтэйхэн ч гэмээр сэтгэгдэл төрүүлж сайхан бүсгүйчүүд бүхэнд бий бардам зан, зөн совин Золоог улам өөртөө итгэлтэй болгож байгаатай холбоотой.

Хаврын өдрүүдэд түүнийг гадуур явахад хэчнээн залуус, эрчүүдийн харц түүн дээр тусдгыг ёстой хэлж мэдэхгүй. Биеэ барьсан нимгэн хувцас, богино банзал, өндөр өсгийтэй гутал өмсчихвөл бүр явуулахгүй. Заримдаа Золоод хотын бүх залуучууд ганцхан түүнийг л харахыг хүсэн явдаг замыг нь тоссон зогсдог мэт сэтгэгдэл төрдөг. Гэхдээ тэр ухаантай, даруухан охин болохоор үүнийг хэнд ч хэлээгүй. Үнэндээ бол Улаанбаатарын бүх залуус түүнийг харж, шүлэнгэтээд ч (найз охидынх нь үг) ч яах билээ?

Найз охидынх нь хэлдгээр бол шүлэнгэтсэн залуус нэг л юм хүсдэг. Тэд таалагдсан охидынхоо хойноос ороо нь орсон ноход шиг гүйж, хүслээ биелүүлсний дараа эргэж харах ч үгүй, залгахад утсаа авах ч үгүй хаячихдаг гэнэ лээ. Гэхдээ сайхан хувцаслаж гуалиг биеэ гайхуулах нь аз жаргал, итгэлтэй болгодгыг мэдэрсэн Золоо эмэгтэй хүний гоо сайхан эрчүүдийг сөхрүүлэх хүч гэдгийг сэнхэрч байгаа.

Эрэгтэй хүн бол эцэг хүн билээ. Айл гэрийн толгой. Тэр утгаараа тэрээр аавыгаа, ахыгаа, багш нараа хүндэлнэ. Харин гудамжинд эрээ цайгүй өөрийг нь хоргоох, хойноос нь улаан цайм дагах залуусыг хэрхэн үнэлэхийг тэр мэдэхгүй байгаа. Тэд сайн залуус ч байж магадгүй, муу залуус ч байж магадгүй. Эцсийн эцэст бүгд л ээжтэй, эгчтэй, эсвэл охин дүүтэй байж л таараа. Харин Золоо тэд сайн залуус уу, муу залуус уу гэж огт бодоогүй. Бодохыг ч хүсдэггүй. Юугаа ч бодох билээ. Хэрэв өөрийг нь хүндэлсэн бол гудамжинд ганц харчихаад уулзая, утасныхаа дугаарыг өгчих гэж гуйхгүй шүү дээ. Унтая гэж шууд гуйх нь холгүй байгаа залуус яавч олигтой залуус биш л байх. Соёлтой, боловсролтой, ухаантай залуус бол арай ингэж гудамжинд таарсан охинтойгоо хамаагүй ярихгүй. Золоогийн мөрөөдлийн ханхүү арай ч ийм байх ёсгүй. Золоо ингэж боддог.

Яагаад гэвэл Золоо саяхнаас өөрийнхөө мөрөөдлийн ханхүүг олоогүй гэж үнэмших болсон. Нэрийг нь хэлэхийг ч хүсэхээ больсон, өөрийг нь хаяад явсан нэгэн залууг Золоо огт мартсан. Тэр огт мартсан залуутай Золоо их сургуулийнхаа II байрны өмнөх автобусны зогсоол дээр анх таарсан ч бусдаас ялгаатай нь гэвэл: нэгдүгээрт, тэр хоёр хоёулаа санамсаргүй танилцсан; хоёрдугаарт, Золоо бараг өөрөө утасных нь дугаарыг эхэлж асуусан билээ. Чухам яагаад асуусан гэхээр…тэр залуугаас англи хэлээ хэрхэн сайжруулах талаар зөвлөгөө авах гэсэн юм.

Халимаг үс нь салхинд хийссэн ч,  англи-монгол хэлний жижиг толь бичиг бариад юуг ч анзаарахгүй, амандаа бувтнан үг цээжлэн автобус хүлээн зогссон тэр залууг Золоо анх хараад л мундаг залуу байна гэж санасан. Одоо заримдаа тэр учралыг бодохоор Золоо өөрөөсөө ичдэг л дээ. Магадгүй, дөнгөж их сургуульд орох бүх шалгалтаа амжилттай өгчихөөд, сэтгэл амарсан байсан болохоор тэгж илэн далангүй байсан байх.

Харин одоо бол тэр тухай Золоо дурсдаггүй. Зүгээр л мартсан. Ямар ч гомдол, үзэн ядалтгүй. Үнэнийг хэлэхэд өмнө нь тэр залууг санагдуулсан бүх юмыг үзэн яддаг байсан үе бий. Гэвч анх учирсан их сургуулийн II байрны өмнөх гудамжыг үзэн ядна гээд яах билээ. Огт боломжгүй шүү дээ. Өдөр болгон л тэр гудамжаар алхаж явах юм чинь. Өнгөрсөн намар бол үнэхээр хэцүү байсан. Харин одоо бол тэр залуу өөрийнх нь мөрөөдлийн ханхүү биш байсан гэдэг нь тодорхой болсон учир бүх зүйлийг үзэн ядаад ч хэрэггүй, зөвхөн түүнийг л огт мартах ёстой юм байна гэдгийг л Золоо ухаарсан билээ. Золоо ийм л ухаантай охин доо.

Түүнийг мартана гэдэг нь түүний хэлсэн үгийг л мартана гэсэн. Угаасаа эмэгтэй хүн чихээрээ дурладаг болохоор энэ бол хамгийн зөв шийдэл билээ. Дүр төрх, үнэр бол уулзахгүй удвал амархан мартагдана. Харин хамгийн удаан мартагддаггүй нь үг болохоор хэлсэн үгсийг нь л хурдан мартах ёстой.

Саяхан ганц сайн найз нь огт мартсан залуугийн хэлсэн онигоог өөрт нь тоглоом шоглоомоор хэлэхэд тэр ямар их уурласан гээч. Тэднийхээр бол “Гучин нас хүртлээ эмэгтэй хүн—ганцхан чи минь, ганцхан чи минь… Дөчин нас хүртлээ—нууцхан чи минь, нууцхан чи минь…Харин дөчин наснаас хойш бол—хэн ч яахав, хэн ч яахав” гэдэг гэнээ. Анх энэ балиар онигоог огт мартсан залуу хэлэхэд Золоо бүр ой гутаж:
—Чамайг ийм юм хэлнэ гэж ёстой санаагүй гэж билээ. Гэтэл нөгөөх нь буруугаа хүлээх нь битгий хэл өөдөөс нь марсайтал инээснийг яана. Дотроо үеэрхэж байгаа гэж бодож явсан залуу нь ийм юм ярина гэдэг...бүр хүлээн зөвшөөрөөд бодож явна гэдэг бол үнэхээр байж болшгүй. Үнэхээр өөрийг нь тэгж боддог байсан гэж үү.

Анх сонсоод гутраад өнгөрсөн ч, сүүлд нь бодоод байх нээ эмэгтэй хүнийг тэгж л үнэлдэг, өөдгүй залуу байж л дээ. Тийм биш бол хэл сураг ч үгүй, утсаар ярих ч үгүй орхиод Америк руу явах уу? Хэчнээн мөрөөдөж, уулзах хүсэлтэй хөдөөнөөс ирлээ. Бүр яаж охин биеэ өгөх талаар ч бодсон гээч. Одоо бодохоос ч ичмээр. Тэгээд унтраасан гар утас руу нь хэчнээн их залгалаа даа. Сүүлдээ бүр автомашины осолд ороод, эсвэл нөгөө яриад байдаг нууц цэргийн албаныхаа тагнуулын ажлаар гадаадад яваад алга болсон юм болов уу гэж бодсон гээч. Гэтэл арван жилийн найзтай нь гудамжинд санамсаргүй тааралдаад сонссон зүйл түүнийг үнэхээр цочроосон. Сэтгэлээр унагасан. Зөндөө их уйлуулсан. Найз нь:
 —Манай Болдоо Америкт байдаг найз охин руугаа явсан. Чамд мэнд хүргээрэй гэж хэлсэн гэхэд нь Золоо золтой л уйлчихаагүй. “Америкт найз охин нь байдаг нь үнэн байх нь ээ. Бас мэнд хүргэж байна гэнээ. Ямар өөдгүй, муухай залуу вэ! Арай ч ийм залуу гэж бодоогүй” хэмээн Золоо тэрхэн зуур бодсон ч, найзынх нь хажууд биеэ барин, үл тоомсорлосон дүр эсгээд:
—Өө тийм үү? хэмээн өнгөрсөн билээ.

Үнэхээр өөдгүй залуус ийм байдаг байх. Найдаж явсан ганц залуу нь ийм байгаа юм чинь бусад нь ойлгомжтой шүү дээ. Хэрэв найз охинтой юм бол яахаараа Золоотой дотно болсон юм. Хэнийг хуурч байгаа юм бэ? Найз охиноо хуурдаг ямар муухай, хоёр нүүртэй залуу бэ? 

Золоо бол хэзээ ч тэгж хоёр нүүр гаргаж чадахгүй. Түүнээс өөр залуутай тэгж дотно ч байж үзээгүй. Мэдээж ангийнхан нь, байрных нь гээд багаасаа найзалсан олон эрэгтэй хүүхдүүд байдаг л даа, гэхдээ л...тэдэнтэй Болдоотой үеэрхдэг шигээ үеэрхээгүй.

Бүр өглөө болгон түүнийг орцных нь үүднээс тосч аваад их сургуульд нь хүргэж өгчихөөд, өдөр хичээл тарахад нь албатай мэт хүлээгээд зогсдог байсан гээч... Тэгээд бас ичихгүй гараас нь хөтлөөд гудамжаар алхана гээч.

Ангийнхан нь, байрных нь бүгдээрээ л түүнийг Золоогийн үеэрхдэг залуу гэж боддог байсан. Тэр бүү хэл гэрт нь орж ирчихээд аав ээж, ах эгчтэй нь танилцсан гээч...бүр сүүлдээ Золоог байхгүй үед гэрт нь ороод, хоол унд идээд сууж байдаг болсон гээч...бүр хэзээ язааны юм шиг. 


Гэтэл Золоо ичээд тэднийд олон очоогүй. Болдоогийн охин дүүтэй танилцаж хоёр удаа  тэр гурав хамтдаа кино үзсэн ч сүүлд түүнийг алга болоход шууд дүүгээс нь асууж зүрхлээгүй. Утасдаж ах чинь хаачсан бэ? гэж асуугаагүй нь ч болсон юм. Ах нь Америкт найз охинтойг мэддэг л байсан байж таараа. Харин Золоод хэлээгүйг бодоход муу л охин байгаа биз дээ. Ерөөсөө ахтайгаа л адилхан хоёр нүүртэй охин гэдэг нь ойлгомжтой.

Нэг салхитай хүйтэн намрын орой, байшингийнх нь гадаа очоод гэрэлтэй цонхных нь доор хэчнээн удаан өнгийн харч зогслоо... Гэхдээ одоо энэ бүх уйтгартай түүхийг Золоо огт мартсан. Түүнд тэгж сэтгэлээр унах цаг зав ч байхгүй.

Харин өнөөдөр өглөө шүршүүрт орж, бүрэн сэргэчихээд, өөрийн бие хаагаараа бахархдаг хөөрхөн охидын нэгэн адилаар ганц ч соривгүй булбарай арьс, сэртийсэн том хөх, төвийсөн өгзөгөө анзааран нуруугаа хотойлгон тос түрхэх үед шинэхэн худалдаж авсан богино даашинз, ягаан даавуун цамцаа өмсөнө гэж тэр бодож байлаа.

Орой ангийнх нь найз охины төрсөн өдрийн баяртай. Бас тэр анхны болзоотой. Дээд курст сурдаг  оюунтны зөвлөлийн дарга анх Золоотой танилцая гээд ангийнх нь охидоос утасны дугаарыг нь асуухад Золоо битгий өг гэсэн билээ. Харин нэгдүгээр курст сурдаг дүү охин нь сагсан бөмбөгийн тэмцээний үеэр:
—Манай ах таныг байнга надад ярьдаг. Та үнэхээр гоё эгч юмаа гэж хэлэхэд нь Золушка (дотны хүмүүс нь тэгж дууддаг) өөрийн эрхгүй дотроо баярлаж дүүтэй нь утасны дугаараа солилцсон боловч танихгүй дугаараас залгахаар нь түүнээс хойш бараг авахаа байсан билээ. Оюунтны зөвлөлийн дарга залгавал чухам яаж ярихаа Золоо мэдэхгүй л байгаа юм.

Оюутны зөвлөлийн даргад охидууд их ам сайтай байдаг. Их сүрхий, ухаантай, гоё залуу гээд л найз охидууд нь ярих үед Золоо ч гэсэн ам нийлээд ярьж л байсан. Гэхдээ энэ нь Золоог сонирхдог гэж олон нийтэд зарлахаас өмнө л дөө. Харин одоо бол Золоо дуугүй жуумалзаад өнгөрдөг болсон.

Дээд курсын залуучууд Оюунаагийн төрсөн өдрийн баярт ирнэ гэдгийг ангийнх нь охидууд хоорондоо ярилцан хөхрөлдөж байхад үүнийг аль хэдийн мэдснээ Золоо тэдэнд хэлээгүй. Өмнөх өдөр нь түүнд танихгүй дугаараас “Та нар Оюунаагийн төрсөн өдрийг хаана тэмдэглэх юм бэ. Манай ангийнхан би бас уригдсан. Чи очно биз дээ” гэсэн мессэж ирэхэд тэр хариулаагүй ч хэн илгээснийг нь таагаад дугаарыг нь Оюутны зөвлөл гэж тэмдэглэж авсан билээ.

Ер нь Золоо хичээлдээ сайн охин. Тэрээр сонгосон мэргэжилдээ дуртай учраас хичээлдээ ч дуртай, сайн хийдэг, сайн ч ойлгодог. Үнэндээ бол, эдийн засгийн чиглэлээр сурдаг МУИС-ийн олон гоё охидуудаас сурлагаараа ч, бие хаа, хөөрхөн дүр төрхөөрөө ч ялгарна гэдэг олон охидын мөрөөдөл биш гэж үү. Тиймээс ч Золоо улам л шамдан суралцана гэж бодож байсан. Харин тэр өдрөөс хойш бодол нь өөрчлөгдөж МУИС-иас чөлөө аваад, Англид үргэлжлүүлэн сурах болно гэдгээ төсөөлөөгүй явсан.

2005 оны 5 дугаар сарын 23-ны 12 цагийн алдад хичээлийн завсарлагааны үеэр түүн рүү нэгэн залуу залгаж, МУИС-ийн II байрны замын урд байдаг автобусны зогсоол дээр хүрээд ирэхгүй юу? Өөрт чинь амтат бялуу бэлэглэх гэсэн юм гэхэд Золоо эхэндээ хэн нэг нь тоглоом хийж байна гэж санаад итгээгүй билээ. Харин Монголд нэртэй амтат бялуу хийдэг нэгэн компанийн суурин утаснаас түүн рүү дахин залган түүнийг МУИС-ийн автобусны зогсоол дээр амтат бялуу өгөхөөр хүн хүлээж байгаа, очоод ямар учиртайг нь мэдээрэй гэж эмэгтэй хүн ярихад Золоо найз охинтойгоо ямар учиртайг нь тааж ядан хоёулаа хөхрөлдсөөр очсон билээ.

Хэн түүнд амтат бялуу бэлэглэснийг Золоо үнэхээр тааж чадаагүй, асуусан боловч хэн бэлэглэж байгааг нь очиж авсны дараа хэлнэ гэж тэр хүмүүс хариулаад, түүнийг очихийг гуйсан юм.

Уг нь тэр автобусны зогсоол дээр Золоо огт мартсан залуутайгаа анх танилцсан түүхтэй. Тэгэхэд огт мартсан залуу хамаг анхаарлаа төвлөрүүлэн жижигхэн англи-монгол толь бичгээс үг цээжлээд зогсож байв. Хожим нь Золоо, энэ тухай түүнд өөрт нь ярьж өчнөөн дооглож, элгээ хөштөл инээдэгсэн. Гэтэл тэр залуу Америк явсан болохоор Золоо түүний тухай тэр үед огт бодоогүй.

Золоог хэлсэн газар нь очиход амтат бялуу зөөдөг залуу нэг гартаа амтат бялуу, нөгөө гартаа англи сувениртэй тор бариад зогсож байв. Тэгээд түүнийг найз охинтойгоо хөхрөлдөн, нэг нэгнээ харан итгэж ядан зогсоход, хэн нь Золоо болохыг асуугаад гартаа барьсан зүйлсээ түүнд гардуулчихав. Хэн өгснийг түүнээс лавлахад:
—Жаахан хүлээж бай. Одоо утасдана гээд утас дуугарахыг хүлээн хоёр, гурав минут зогссоноо утас нь дуугарахад Золоод дамжуултал түүнийг үүлгүй тэнгэрээс аянга ниргэх шиг л болсон:
—Байна уу, Золоо юу? гэх огт мартагдсан залуугийн зэвүүн атлаа дотно, огт мартаж чадахгүй байсан дуу сонсогдоход Золоо үнэхээр балмагтаж, инээж хөхөрч байсан хүн чинь, царай нь гэнэт барайгаад, золтой л хүний утас унагачихаагүй.

Тэрээр найз охин, илгээмж авчирсан залуугийн хажууд бие барьж чадсаан... Үг биш авиа унаган хариулан байж зүүд үү, бодит амьдрал уу гэдгийг ялгахтайгаа болсны дараа чухам хаанаас, юу болоод гэв гэнэт утасдсаныг л лавлан асуусан билээ.

Болдоо Америк биш, Англи явсан юм байна. Найз охин руугаа яваагүй, зүгээр л англи хэлний сургуульд сурахаар явжээ. Тэгээд Золоо руу залгах гээд санаа нь зовоод утсаар ярьж чадаагүй юм байна. Хэд хэдэн удаа залгах гэж оролдсон гэнэ. Сүүлийн үед дугаар нь харагдахгүй ганц хоёр дуудлага ирсэн нь тийм учиртай байж. Харин Англид амтат бялуу илгээдэг үйлчилгээ саяхнаас бий болохоор нь Болдоо зориглоод түүнд бялуу илгээсэн нь энэ ажээ. Золоо эхэндээ хүйтэн хөндийн ярилцаж байснаа, өөрийн эрхгүй уясан “Овоо ш дээ, хөөрхий минь намайг бас боддог л байсан юм байна. Гэхдээ тэнэг юм шиг залгахгүй яасан удав аа” гэж баярлаж гомдож тунирхсан бодол төрөхөд зөөлрөн, Болдоотой өчигдөрхөн салсан мэт хүний гар утсыг халтал удаан ярилцсан билээ.

Утсаар ярьсны дараа Золоо Лондонгийн Хайд паркийн цөөрөмд хөвж буй хос хунтай “Золоо найз нь чамайгаа маш их санаж байна. Хоёулаа удахгүй Лондонгийн тэнгэр доор энэ модон сандал дээр суух болно” гэсэн бичигтэй ил захидлыг найзтайгаа хамт уншиж тачигнатал инээсэн түүхтэй. Тэхэд Золоо амьдралдаа ийм их аз жаргалтай байснаас ч санахгүй байсан билээ.

Тэр орой Оюунаагийн төрсөн өдрийг Золоогийн найзууд нижгэр тэмдэглэсэн дээ. Золоо өглөө ахаасаа авсан 30 мянган төгрөгнөөсөө 10 мянгыг өгч  найзуудтайгаа нийлээд Оюунаад бэлэг авч өгснөөс гадна Англиас ирсэн амтат бялууг ирсэн бүгдтэй нь хамт идсэн. Бүгд л Золоогийн найз залуугийн илгээсэн амтат бялуу амттай байна гэж магтсан. Оюунаа бүр их баярласан. Түүнтэй танилцахыг хүсдэг Оюутны зөвлөл ч бас амтархан идсэн. Золоо мөрөөдлийн залуугаа сэтгэлдээ төсөөлөн night club-д шөнөжингөө галзуу бүжиглэсэн дээ.

Ийнхүү Болд маань Туяа эгчийн амтат бялууны буянаар Золоогийнхоо сэтгэлийг дахин татаж чадсан бөгөөд зөвхөн сэтгэлийг нь ч биш бас биеийг нь ч Лондон руу тун удалгүй татаж өнөөдөр тэд хамтдаа Англид сурч, ажиллаж, амьдарч байна.

*
2006 оны 4 дүгээр сарын 26. Золушка Лондон хотын нэгэн дүүрэг Вест Кэнсигтонд байрлах Mongol Centre-ээс английн монголчуудын гаргадаг Mongol News сонинг авч 28 гэсэн дугаартай даабл дээкийн дээд давхарт суун Лондонгийн зохиолч гэж өөрийгөө өргөмжилсөн Ээбээгийн эвгүй сэрэлтэй шүлгүүдийг жуумалзан уншина:
Миний амраг одоо гэсэн харцтай
Миний цусыг ууя гэсэн тачаалтай
Оргүй намайг замхруулах увидастай
Орчлонд ганцхан энд гэсэн хаягтай.
Үзээд сохор гэсэн биетэй
Үнсээд мажий гэсэн уруултай
Илээд аахил гэсэн арьстай
Шиншлээд мансуур гэсэн үнэртэй... гэнээ.

Бас болоогүй найз бүсгүйгээ:
Бачуурахад амьсгалах—тал,
Базахад баригдахгүй—зэрэглээ,
Учраад л наалдах—цавуу
Амсаад л даврах—дарс...гэчихжээ.

Хэхэхэ... Хэрэв Болдоо намайг ингэж бичсэн бол гоё ч юм уу?  Үгүй ээ, балай юмаа... Үсэнд нь өөрийгөө гээдэг гэнээ... Хэхэ... Ямар балиар залуу вэ? Ээбээ гэдэг чинь. Харахад тийм сексий залуу биш л юм байна лээ ш дээ...

Тэрбээр ийнхүү бодол автан эвгүй болчихсон автобусанд сууж явтал гэнэт гар утас нь дуугарч, дугаарыг нь хартал ээж нь байлаа. Монголоос залгасны шалтгаан нь эгч нь хүү төрүүлсэн сайхан мэдээ байв.


Золоо газар дээр ганц эгчтэй бөгөөд Зулаа эгч нь Золоог Англи явахаас өмнө жирэмсэлсэн юм. Эгч нь аягүй азтай Монголдоо алдартай, баян улстөрчийн ганц хүүтэй суун, 3 өрөө байр, 30 саяын машинтай болчихсон болохоор ажил хийхгүй хүүхэд гаргаад байхад ч алзахгүй сайхан амьдарна.

Ухаангүй хайртай эгчийгээ 3 кг 800 грамм хүүтэй болсныг дуулаад Золоо маш их баярлаж, ажиллаж байсан Болдоо руу залган баяраа хуваалцахын дашрамд эгчдээ юу бэлэглэх талаар бас ярилцав. Болд Золоод:
Баян эгчтэй гээд баячуудын дэлгүүр Харродсоос бэлэг авч өгөлтэй биш. Тэгээд ч хамгийн хурдан гэхэд агаарын каркогоор 7 хоногийн дараа очно. Тиймээс миний хайрт, Туяа эгч рүү залгаад торт явуулчих, танай эгч чинь маш дуртай шүү дээ. Тэднийх бас Лондонгийн зурагтай ил захидал, бэлэг дурсгалын зүйл өгнө шүү дээ. Миний хайрт найзынхаа үгэнд ороорой гэж зөвлөв.

Золоо ч хэлснийг нь зөвшөөрч Туяа эгч рүү утасдав. Мөн Харродсоос эгчдээ жижигхэн бэлэг аван Mongol Centre-ээр нууцаар явуулахаа ч мартсангүй.

2006. 05.
2013.06.



[1] Хоёр давхар улаан автобус
[2] хамт амьдардаг гэсэн утгатай английн монголчуудын хэллэг
[3] зөөврийн комьютер
[4] найзаа гуйж байна  гэсэн утгатай