Thursday, 5 July 2012

ХУБИЛАЙ ХААНЫ ЗУНЫ ОРДОН ДЭЛХИЙН ӨВД БҮРТГЭГДЛЭЭ


Энэ оны 6 дугаар сарын 24-өөс 7 дугаар сарын 6-ны хооронд ОХУ-ын Санкт-Петербург хотод Дэлхийн өвийн хорооны 36 дугаар хуралдаан боллоо.

Уг хуралдаанаар Дэлхийн өвийн хорооны гишүүн 21 улс хэлэлцэн тохирч байгалийн ангиллаар 5, соёлын ангиллаар 20, хосолмол ангиллаар 1 газар буюу нийт 26 газрыг Дэлхийн өвд бүртгэн авав.

Чад, Конго, Палау, Палестин зэрэг улсууд анх удаа Дэлхийн өвд дурсгалт газар бүртгүүллээ.

Чад, Хятад, Энэтхэг, Орос болон Африкийн гурван улсын (Камерун, Конго, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс) хамтран бүртгүүлсэн газруудыг байгалийн ангиллаар бүртгэсэн байна.

Бахрей, Бельгия, Бразили, Канада, Хятад, Франц, Герман, Индонези, Иран, Израил, Малайз, Португал, Турк гэх зэрэг нийт 20 орны 20 дурсгалт газрыг соёлын ангиллаар, Палау Улсын Хадан арлын өмнөд усан санг (lagoon) байгалийн болон соёлын хосолмол ангиллаар бүртгэжээ.

Соёлын ангиллаар Иран Улс хоёр дурсгалт газар бүртгүүлсэн бол Словени, Испани хоёр улс хамтарч нэг дурсгалт газрыг Дэлхийн өвд бүртгүүлэв.

Мөн Мали Улсын хоёр, Англи болон Панама улсуудын Дэлхийн өвд бүртгэсэн нэг нэг газрыг Аюул учирсан Дэлхийн өвийн жагсаалтанд оруулсан байна. Харин Пакистан болон Филиппин улсуудын хоёр газрыг Аюул учирсан Дэлхийн өвийн жагсаалтаас гаргаж, хадгалж хамгаалахад хийсэн ажил үйлсийг нь үнэлжээ.

Далайн худалдаа наймааг хөгжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн боомтууд байрладаг хот учраас Английн Ливерпул хотыг 2004 онд Дэлхийн өвд бүртгэсэн. Гэвч сүүлийн үед Ливерпул хотын хойд хэсэгт шинэ бүтээн байгуулалт хийхээр зэхэж буй нь дэлхийн хосгүй гайхамшигт үнэ цэнэт байдлыг нь алдагдуулна гэж мэргэжилтнүүд сэрэмжлүүлээд Ливерпул хотыг Аюул учирсан Дэлхийн өвийн жагсаалтад оруулсан байна. 

БНХАУ-ын Дэлхийн өвд шинээр бүртгэгдсэн Занаду/Шанду (Xanadu) соёлын дурсгалт газар  Хубилай хааны байгуулсан Юань гүрний анхны нийслэл (1263-1273) байсан бөгөөд хожим Хубилай хаан нийслэлээ Даду буюу одоогийн Бээжинд шилжүүлэхэд  зуны нийслэл хот нь (1274-1364) болсон.

Өнөөгийн Өвөр Монголын Өөртөө Засах Орны  Шилийн гол аймагт оршдог тус хотыг 1256 онд байгуулсан бa Монголын нүүдэлчдийн болон Хятадын Хан үндэстний соёлыг хослуулсан маш өвөрмөц дурсгалт газар юм.

Шанду хотод 13 дугаар зуунд Буддын шашин болон Даосизм хоёрын алдарт маргаан, хэлэлцүүлэг болсон түүхтэй. Энэ үйл явдлын үр дүнд Төвдийн Буддизм Зүүн хойд Азид өргөн тархсан гэж Шанду хотыг Дэлхийн өвд нэр дэвшүүлсэн тодорхойлтод бичсэн байна.

Эцэст нь, Дэлхийн өвийн Конвенцийн 40 жилийн ой тохиож буй 2012 онд зохион байгуулагдаж байгаа уг хуралдаанаар Дэлхийн өвд бүртгэгдсэн газруудыг хадгалж хамгаалахад орон нутгийн уугуул иргэдийн оролцоо, уламжлалт ёс заншил, байгаль орчныг хамгаалах мэдлэг чухал болохыг дурдаж, тухайн газар нутгийн уугуул оршин суугчид Дэлхийн өвд бүртгэгдсэн газруудын тогтвортой хөгжлийг хангахад голлох үүрэгтэйг онцлов.