Thursday, 20 December 2012

ОЛОН ОВООТОЙ ШААЗГАЙ

 Овоо босгоогүй бол шаазгай хаана суух вэ?

Олон шийдвэрлэх асуудал овоорсон манай нийгэмд шаазгай цөөдсөн үү гэхээс овоо ховордоогүйг МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар МОНЦАМЭ агентлагийн 50 гаруй сэтгүүлч, орчуулагчдад (хятад, орос, англи хэлний) сануулав. Тэрбээр олон овооноос сонгож, шилж суусаар ганцаардаж, цөхөрсөн тул хүссэнтэй нь хамтарч ажиллъя гэлээ. Түүнийг өнгөрсөн Пүрэв гарагт МОНЦАМЭ агентлагын түүхт 90 жилийн ойн баярыг угтсан бүтээлч аяныг эхлүүлэх “Монгол Улс хөгжих үү?” сэдэвт илтгэл тавиулахаар урьсан юм.

“МОНЦАМЭ-гийнхантай уулзана гэдэг нийгмийн төлөө зүтгэж яваа хүнд олз шүү дээ” гэж яриагаа эхэлсэн тэрбээр аадармаатай олон санаатай, барин тавин баримттай, ээдрээтэй өргөн мэдлэгтэй хүн ажээ. Түүнд ярих сэдэв, маш олон байгаа болохоор давчуу цаг хугацаанд багтаах хэцүү байсан байх. Ямартаа ч түүний уран илтгэлийг хурлын танхимдаа дарга цэрэггүй цугласан манай ажлынхан ялаа дүнгэнэхэд сонсогдохоор нам гүм байдалд цаг шахам сонсов. “Хэдэн жил багшилчихаар чинь зэрэг дандаа босож толгойд юм ордог болсон шүү дээ” гэж учирласан Ганбаатар харин энэ удаа сууж илтгэв.

Эхлээд тэр өөрийгөө танилцууллаа. Ганбаатар Баянхонгор аймагт төрсөн. Дархан хотод 10 жилийн дунд сургуульд сурч байсан. Аав нь нэлээд заргач, ард иргэдийг өмгөөлж явсан тул хавчигдсан. Дарханы Барилгын техникумын багш, удирдлагууд оюутны намрын ажлын мөнгөнөөс идснийг илрүүлж, хоёр жил заргалдаад заргаа авч байжээ. Гэвч дараа нь Дарханд багтах шингэх газаргүй болоод Баянхонгор луу гэр бүлээрээ буцсан аж.

За ингээд та нар өөрсдөө түүний яриаг тухтай сууж уншицгаа. Дэс дарааг нь өөрчлөлгүй, ганц хоёр сул үг хасаж, бас уншигчдаа чилээхгүйн тулд товчилж, дэд гарчиг өгч түүний яриаг буулгалаа. Ганбаатар 13 удаа UB palace-д уран илтгэл тавьсан хүн учир ярих урлагийг нь суралцах залуус ч олон байгаа байх.

Фенг-шү бол монголынх!

“Фенг-шү гэдэг зүйлийг би ард түмэндээ таниулж, ойлгуулж тэрүүгээрээ бас хүмүүст танигдсан. Зүй нь бол ‘Байгаль дэлхийтэйгээ хүн зохицож амьдрах ухаан’ гэж 3 мянган жилийн өмнө Монголд үүссэн ухаан. ‘Арга билгийн ухаан’ гэдэг нэртэй байсан. Дараа нь ‘Хүн байгальдаа шингэх ухаан’ гэж хэсэг нэртэй яваад хятадууд биднээс авсан. Одоо үүнийг НҮБ-д манай патентаар бүртгүүлэх юмсан! (Монголд ашигтай гэж үү? Х.Э)

Яг одоо монгол гэрийн байрлалыг дэлхий тэр чигээр нь дагаж байна шүү дээ. Английн банкирууд бүгдээрээ монгол гэрийн байрлалаар дотоод зохицолуудаа хийж байна. Яагаад монгол аав өглөө цайгаа уухдаа гэрийн баруун хойморт суудаг юм бэ? Өнөөдөр шинжлэх ухаан нотлоод байгаа өглөөний тэр сайхан энергитэй нар баруун хойд талын хананд хамгийн түрүүнд тусдаг юм байнаа. Нар зүүн хойд талаасаа манддаг гэдгийг олон мянган жил нүүдлэж, байгальтайгаа хамгийн ойрхон байсан монголчууд л [анх] таньсан. (Үүнийгээ л харин бүртгүүлэх юмсан. Яасан амиа бодсон монгол аав вэ? Х.Э) Үгүй нэг ийм амбиц монгол залуугийн толгойд байдаг юм байна, энийг одоо монгол ухаан шүү гэдгийг тунхаглах юмсан гэж нэг хэсэг нэлээн амбицлаж явсан. Зарим нь ойлгоно. Зарим нь ойлгохгүй…”

Дахиад л өөрийнхөө тухай

“Өнөөдөр би та бүхний ач буянаар түмэнд танигдаж, бас ч гэж нэг жаахан нөлөөтэй, нэр хүндтэй боллоо. Муугаар ч бай, сайнаар ч бай. Энийгээ л би түмэнд нь буцааж зориулах гэсэн юм.

Түрүүн хэллээ Дарханд байсан. Буцаад Баянхонгорт очиж 10 төгссөн. Ингээд Германд сургуульд явсан. Хөөгдсөн. Хэл олигтой сурч чадаагүй учраас би хөөгдсөн. Ингээд дотоодын Полийн дээд сургуульд би сурсан. Хоёрдугаар курсээ төгсөөд гуравт ордог жилээ Новосибирскэд сургуульд явсан. Хойно сургуулиа төгсөөд хараар юм даа, хараар гэж хэлэх ёстой… Одоо энэ…тэр үед чинь одоо энэ Хөрөнгийн бирж чинь хамгийн гоё байгууллага байлаа ш дээ. 91, 92 онд чинь 5 сая доллараар босгосон. Үр дүнд нь монголын ард түмнээс 60 жил бий болгосон социализмын их бүтээн байгуулалтыг хулгайлсан. Маш том дээрэм хийсэн. Яг зах зээлийн эдийн засагт нь очиж сурсан хүний хувьд би үүнийг ёоз ёозоор нь тайлбарлаж чадна. Тэгээд…яагаад би Хөрөнгийн биржийг ярьсан бэ гэвэл Хөрөнгийн биржид ажилладаг найзынхаа ахаас худлаагаас тэнд ажилладаг гэсэн тодорхойлолт гаргуулаад Английн Элчингээс визээ гаргуулж байсан юмаа.

Очоод эхний 2 жилдээ хэлний курст сурсан. Дараа нь би тэнд 2 дээд сургуулийг төгссөн. Лондонд би 8 жил ажиллаж, амьдарсан. Ядуу орны оюутан, ямар нэг дарга сайд, хамаатан садан байхгүй хүний хувьд хар ажил хийхийн хажуугаар оюутан байсаан гэвэл арай дөхөм. Хүмүүс нуудаг байж болно. Харин би ичдэггүй, ил ярьдаг. Бахархдаг. Хамгийн гол нь эндээс жилийн 30 мянган долларын тэтгэлэг сколошип авч яваад тэнд очоод сайхан амьдарч байгаа сайд дарга нарын хамаатан, дүү нар бол бий… Тэд бол ард түмнээ доромжилж байгаа. Энэ бол гэмт хэрэг. Харин би өөрийнхөө бор зүрхээр яваад ажил хийгээд, сургууль төгсөөд, энд ирээд сурсан юмаа түмэнд хүргэх гэж 13 удаа UB palace-д лекц уншсан. Би 15 ном бичсэн “Далд уул”, “Хөх цэрэг”, “Зөв замд” гэдэг 3 номондоо би хайртай бусдууд нь англи хэлний, мэргэжлийн, эдийн засгийн номнууд.

Тэгээд ирэнгүүтээ Банкны салбарт удирдах ажил хийж байгаад Удирдлагын академид багшилсан. Санхүүгийн эдийн засгийн дээд сургуульд багшилсан. УИХ-д богинохоон хугацаанд нэг хүний [туслахаар] ажилласан. Тэгээд энэ бүхэн болохгүй юм байна гээд…уг нь би Их Хурал дотор л өрөөтэй байсан санагдах юм. Тэгээд бүгдийг хаяад Оюутолгойчин болсон доо. Миний хамгийн анхны ажил бол автобусны үнийг 100 төгрөг болгоноо гэж тэмцсэн. (Одоо 400 болох гээд байдаг! Х.Э) Дараа нь газрын авлига…Оюутолгой, за тэгээд л сүүлдээ бүр мэдэхгүй Үйлдвэрчин рүү давхиж орж ирсэн… Тэгээд өнөөдрийн Ганбаатар таны өмнө сууж байна.” (Хаана юу ярьж суугаагаа мэдэж байсан байх даа. Х.Э)

Гол сэдэв рүүгээ оръё

Ганбаатар “Сэдэв юу байх вэ?” гээд ингэж ярив: “Би залуучуудтай бол ондоо юм ярина. Мэргэжлээ яаж сонгох вэ ч гэдэг юм уу? Би 7 дээд сургууль сэлгэж хоёрхоныг нь төгссөн. Сая харин би Техникийн их сургуулиасаа эрдмийн цол тэмдэг авлаа. Яагаад гэвэл би Техникийн Их сургуулиа төгсөж чадаагүй ч цолоо хамгаалсан юм. Геолог-геофизикийн судалгаа гэдгээр хамгаалсан. Инженер хүн эдийн засаг судлана гэдэг хэрэгтэй юм байна лээ. Инженер гэдэг бол юмны дандаа гарцыг хайдаг. Улстөрч, хууль ч нар дандаа уснаас яаж хуурай гарах тухай л боддог. Инженерүүд дандаа Хятад орны эдийн засгийг авч явч байна… Би одоо инженер гэж хэлүүлэх дуртай. Дандаа эдийн засгийн цол гуншинтай байсан бол анх удаа геологийн инженерийн чиглэлийн цолтой боллоо.”

Гол сэдэв

“Тэгээд мэргэжлээ яаж эзэмших вэ? Бизнес яаж хийх вэ? гэж залуучуудад би ярьдаг бол та нартай бол ондоо сэдвээр ярина. Та нар бол монголын оюуны хөтөч, ард түмэн юу бодох вэ гэдгийг урьдчилан оюундаа бодоод та нарын бодсон юмыг ард иргэд рүү илгээж, ард иргэдийг оюунаар нь хөтөлдөг улсууд. Оюуны хөтөч. Энэ утгаараа Монгол Улс хөгжих үү?

Энэ бол та нарын сэтгэлд хамгийн их шаналгаатай, зүдэргээтэй, бодлууд. Энүүгээр би та нартай санаа бодлоо хуваалцмаар байна. Би чин сэтгэлээсээ хөгжинө гэж итгэдэг… Хөгжинө! Xөгжинө гэж би итгэхгүй бол ийм эрсдэлтэй ажил яаж хийх вэ дээ. Надад шүүмжлүүлж байгаа хүмүүст бол мэргэн буудагч байгаа, шорон байгаа, бүх албан тушаалууд байгаа, зарим коммерцский телевиз, зарим сонин хэвлэл байгаа. Маш сайн бөөчинтэй тэднүүс, маш хэцүү хүмүүстэй тэмцэж байгаа. Надад итгэл найдвар мөрөөдөл байдаг. Тэрэндээ би итгэж явдаг. Тэрийгээ та нартай хуваалцах нь хэрэгжих зүйлийг хурдасгана гэж бодож байгаа... Ингээд Монгол хөгжих үү гэнэ. Ийм том сэдвийг авч байгаа нь…та нартай өөр ямар сэдвээр ярих юм бэ дээ?” (Дуу нь өндөрсөв. Х.Э)

Промошен аарт, флиэтинг аарт

“Ажлын байранд яаж аз жаргалтай ажиллах вэ? Яаж албан тушаал дэвших вэ? Яаж яадаг юм бэ? Би монголын залуучуудтай маш олон сэдвээр ярьмаар байна... ‘Промошен аарт’ гэж баруунд хичээл заадаг шүү дээ. Энэ хүүхдүүдэд яаж ажилд орох вэ? Яаж интервью өгөх вэ гэдгийг зааж өгмөөр байна! (Дуу нь огцом чангарав.) Яаж заяаны ханиа олох вэ гэдгийг нь зааж өгмөөр байна! Надад хэлэх юм асар их!... Асар их! (Маш чанга гэхдээ бүр цөхөрсөн шинжтэй хэлэв.)...  (Хэсэг хугацаанд хурлын танхим нам жим болов.)

‘Флиэтинг аарт’ гэж сээтэгнэх урлагийн хичээлийг баруунд заадаг шүү дээ. Одоо залуу банди нар, охидуудыг ялангуяа их өрөвдмөөр. Би 6 дүүтэй. 4 эмэгтэй, 2 эрэгтэй дүүтэй. Би олон олон монгол залуучуудын ах нь гэж өөрийгөө боддог. Энэ болгонд санаа зовж явдаг.” (Бүр уйлах нь ээ.)

Гарцын тухай ба 5 гэр бүл—бишээ 3

“Та нарт ярих сэдэв бол Монгол хөгжих үү? (Гол сэдэв рүүгээ ороогүй л байна. Х.Э) Өнөөдөр Монголд нөхцөл байдал ямар муу байгааг ёоз ёозоор нь тайлбарлаж гайхамшигтай бичиж чадаж байна. Нэг нэртэй нийтлэгч энэ орон ёстой дууссан! Ийм арчаагүй, криминал ард түмэн гэж бие биенээ криминал нүдээр хартал бичиж байна. 20 жил бичлээ!

Ямар нэг гарцыг ярихгүй харин чиний үйлс пад харалчихсан байна гэдэг ламыг гэмт хэрэг хийж байгаа гэж үзэх ёстой шүү! Ямар нэг гарц заахгүй бол чимээгүй бай… Харин миний онцлог бол гарц хайхыг хичээдэг… Товчхондоо, өнөөдөр бидний нөхцөл байдал хамгийн тэнэг байдалтай байгаа. Яагаад гэвэл…зүгээр яахав тодорхойлох юм бол…өнөөдөр Монголыг өндөр байшин дээрээс харах юм бол. Бид их арчаагүй байдалтай байна! Сайн юм нь юу вэ? гэвэл хүн дээшээ үсрэхийн тулд доошоо бөхийдөг. Хүн болгоны сэтгэлд харанхуй бачуурал байгаа. Хэрэв Улаанбаатарыг өнгөц харвал бие бие рүүгээ бичиг барьж гүйсэн хүмүүс! Нэг ч саван үйлдвэрлэхгүй байна! Нэг ч олигтой бүтээл алга. Гаднаас юм оруулж байна. Зэстэй шороогоо жаахан зарж байна. Тэгээд үндсэндээ төрийн алба гэдэг гайхамшигтай гоё бизнес болчихсон. Энэ дарга гэдэг бол бизнес. Шударга бус өрсөлдөөн гэдэг бол [төрийн] бизнес. Өнөөдөр Монгол 5 гэр бүлийн атганд орчихсон. Бид капитализм руу яваагүй феодализмыг байгуулж байгаа…”

Дашрамд хэлэхэд, Ганбаатарын уран илтгэлийн дараа 5 гэр бүлээ нэрлэж өгнө үү? гэж асуухад тэр “За тэрийг олоход аягүй амархан” гээд гурав дээр гацав. Үлдсэн хоёрыг нь асуухад “5 гэр бүл гэж би санаанаасаа хэлж байна… Одоо толгойдоо бодож байгаад нэр олж чадна л даа. За хэн байж болох уу?” гэж хариулав. Гэхдээ тэр мөрдөн байцаагч хэрэв асуувал хариулах л байх гэсэн юм. За уран илтгэлээ үргэлжүүлье.

Барууны философи монголын хажууд юу ч биш

“1906 оны, би яах уу, английн эдийн засгийг нэлээн иш татаж ярьдаг. Тэндээс л жаахан юм сурсан. Энэ дашрамд жаахан хазайгаад хэлэхэд Англид очоод миний сурсан гол юм бол… Анх явахдаа би бенз машинтай болох юмсан гэж мөрөөдөж явсан. MB цолтой, сард 5 мянган долларын цалинтай гоё гэр бүлтэй, сайхан амьдрал зохионо гэж мөрөөдөж явсан маань үнэн. Очиход энэ бүхэн миний гарт орж ирсэн. Би нэг оройдоо кока-кола уудаг, хааяа ресторанд ордог тансаг амьтан болж хувирсан. Эцэст нь юу ойлгосон бэ гэвэл барууны философи монголын философийн хажууд юу ч биш юм байна гэдгийг ойлгосон. Өнөөдөр миний ярианаас дандаа монгол ухаан үнэртээсэй гэж би хичээдэг. Хэзээ ч барууны үнэрийг гаргадаггүй. Яг барууны онолуудыг сурсны дараа монгол ухааны хажууд ямар өчүүхэн юм бэ гэдгийг ойлгодог.

Хүн ээжийнхээ хажууд байхад ээжийгээ ойлгодоггүй. Ээж маань ямар аугаа юм бэ? Надад ямар хайртай, ямар аугаа философитой юм бэ гэж хүн мэддэгггүй. Харин ээжээсээ холдоод дамартаад, хүнд байдалд орохоороо ээжийнхээ аугаа хайрыг ойлгодог. Тэрэн шиг хүний газар монгол гэр минь ямар аугаа юм бэ? Монголын ард түмэн ямар аугаа юм бэ гэдгийг чин сэтгэлээсээ ойлгодог. Магадгүй 2012 он дөхөхөөр ийм яриа ихсэж магадгүй л дээ. Гэхдээ би яг үнэнээсээ хэлж байгаа шүү.”

Англид сурсан философи—бишээ амьдрах ухаан

“Хүний амьдралд садаа их учирч л байвал их баярлах ёстой” гэж Ганбаатар ярьж байгаад гэв гэнэт “Надад ярих юм их байгаа учраас ярьж байгаа юмаа ургуулаад л ярих гээд байна шүү. Гэхдээ би энийгээ яриатахъя.” гэж учирлаад цааш ингэж ярьлаа. “Жишээ нь би Европоос сурсан нэг философио яръя. За философи гэж томруулаад яах вэ дээ. Зүгээр амьдрах ухаан. Надад ингээд л ачаалал тулгараад л, гүжир гүтгэлгэн дунд ороод л алуурчнаараа дуудуулаад л аймшигтай хэцүү байхад, бүр шөнө нойр хүрэхгүй, хоол шингэхгүй болоход...нүүрэн дээрээ бол юу ч болоогүй юм шиг инээмсэглээд л, доромжлолыг будаа болгоноо гэсэн шүү юм яриад л явж байна. Гэхдээ цаана бол би хүн. Гутарна... Гэхдээ энэ болгоны дараа одоо надад аягүй азтай юм ирнэ. Ард түмэндээ би аягүй сайн юм хийж өгч чадна, харж л байгаарай гэж боддог.”

Нохойн бөөс

Иргэний нийгмийн тэмцэгч, нийгмийн зүтгэлэн С.Ганбаатар өөрийгөө мөн нохой бөөстэй зүйрлэв. Ард иргэдийнхээ итгэл, талархлыг хүртэхдээ тэрбээр их баярладаг гэнэ. Тэхийн цагаан нуурын хажууд явж байгаад нэг хүнээс гар чийдэн авснаа Ганбаатар ихэд бэлгэшээдэг ажээ.

Иргэний нийгэмд хүмүүсийн төлөө зүтгэж байгаа бол нохой бөөс шиг байх ёстой гэж нэг гадаад найз нь түүнд сургаж. Баруунд ард түмнийг нохой гэж үздэг. Харин шийдвэр гаргагчдыг атгаалжин хар мангас гэдэг гэнэ. Нохдыг хянаж байгаа хоточ нохой бол сэтгүүлчид аж. Нохойн арьсанд шигдсэн нохойн бөөс бол Ганбаатар. Нохойн бөөсийн үүрэг бол сэтгүүлчдийн арьсанд шигдэж “Цаана чинь болохгүй байна” гэж чимхэх. Хоточ нохой тайван сууж, хэвтэж чадахаа байгаа уур нь хүрээд хуцвал сүрэг ноход босож шийдвэр гаргагч Засгийн газрыг айлгана. Айсан Засгийн газар нохойн бөөсийг хэлэлцээрийн ширээний ард суулгана. Тэгж байж ард түмэнд ашигтай шийдвэр гаргадаг ажээ.

Ийнхүү МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар МОНЦАМЭ-гийнхантай уулзаж, чин сэтгэлээсээ ярьж, “бөөснийхөө ажлыг хийхдээ” зэвсэг барьсан Робин Гудын биш харин зарга хийдэг Ард Аюушийн замналаар замнахаа зарлав. Улам сайн энэ ажлаа хийхийг чин сэтгэлээсээ бид түүнд хүснэм. Харин түүний яриаг сонсох үед миний хулхин дээр юм гараад жаахан бэрхшээлтэй байлаа. Тиймээс ч яриаг нь бичгээр бичив. Ярих бичих хоёр ондоо болохоор МҮЭХ-ны ерөнхийлөгчийн уран илтгэлийг бүр төгс байдлаар нь дамжуулж чадаагүй дээ хүлцэл өчье...

Жич: Л.Ганбаатар олигархи гэдэг үг олигарполи гэдэг үгнээс үүсэлтэй гэж байсан.  Гэтэл Оксфортын толь бичгээс харахад XV зууны сүүлчээр хэрэглэж эхэлсэн oligarkhia гэдэг грек гаралтай үг бололтой. Oligoi гэж цөөн, arkhein гэж захирах гэсэн утгатай үг ажээ. Дараа дараагийнхаа илтгэлд залруулна биз дээ.
 

2011.01.8




No comments: