Wednesday, 31 October 2012

Г.ЖАРГАЛСАЙХАН:МОНГОЛ УЛС ЮНЕСКО-ГИЙН 108 ДАХЬ ГИШҮҮН ОРОН

Монгол Улс Нэгдсэн үндэстний Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын /ЮНЕСКО/ бүрэн эрхт гишүүн болсны 50 жилийн ой маргааш буюу 11 дүгээр сарын 1-нд тохионо. Энэ хүрээнд ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссын (МҮК) Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхантай ярилцлаа.

-ЮНЕСКО-гийн тусламж дэмжлэг манай улсын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсныг монголчууд сайн мэднэ. Манай улс ямар замналаар ЮНЕСКО-д элссэн бэ?

-Боловсрол, шинжлэх ухаан, соёл, мэдээлэл харилцаа холбооны салбараа дэлхийн түвшинд хөгжүүлье гэвэл НҮБ-ын системд эдгээр салбарыг хариуцсан байгууллагад элсэн орох зайлшгүй шаардлагатай.

Тийм ч учраас манай улс 1961 онд НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсны дараа жил буюу 1962 оны 11 дүгээр сарын 1-нд ЮНЕСКО-д элсэн орсон. ЮНЕСКО-д элсэн орсноор манай улс ЮНЕСКО-гийн шугамаар олон улсын хамтын нийгэмлэгийн тусламж дэмжлэг авах, хамтран ажиллах боломж бүрдсэн юм.

-Яагаад НҮБ-ын системд боловсрол, шинжлэх ухаан, соёлыг дэмжих тусгай байгууллага байгуулсан юм бол?

-Олон сая хүний амийг авч одсон Дэлхийн II дайны дараа дайнд нэрвэгдсэн улс орнууд дахин дайн гаргахгүй байх арга замыг хайсны үр дүнд боловсрол, шинжлэх ухаан, соёлыг хөгжүүлэх нь даян дэлхийд энх тайвныг мандуулах ганц арга зам гэдгийг ухамсарлаж 1946 онд ЮНЕСКО-г байгуулсан.

Анх ЮНЕСКО-г ЮНЕКО (UNECO) гэж нэрлэх гэж байсан байдаг юм. Учир нь хүн төрөлхтөн энх тунх амьдрахад шинжлэх ухаан тус биш ус болно гэж үзсэн учраас шинжлэх ухаан гэдэг үгийн эхний S үсгийг оруулаагүй. Үнэхээр ч шинжлэх ухааны хөгжлөөс болж Дэлхийн II дайн хүн төрөлхтний түүхэнд хамгийн их цус урсгасан дайн болсон шүү дээ. Тиймээс энх тайвныг мандуулах чиг үүрэгтэй уг байгууллагад шинжлэх ухааныг хамруулахыг олонх нь эсэргүүцсэн. Гэвч Японы Хирошимо, Нагасаки хотод АНУ цөмийн бөмбөг дэлбэлсний дараа бүгд цочирдож, шинжлэх ухааныг зөнд нь орхих биш харин зөв залах хэрэгтэйг ойлгосон. ЮНЕСКО-гийн Дүрэмд “Дайн хийх сэдэл хүний бодол санаанд төрдөг учраас хүний сэтгэлд энх тайвны үрийг тарих хэрэгтэй” бичсэн нь бий. Энэ утгаараа Монгол Улс дэлхийн дэвшилт улс орнуудтай хамтран 50 жил даян дэлхийн энх тайвны төлөө зүтгэж байна.

-ЮНЕСКО хичнээн гишүүнтэй болсон бэ?

-Өнөөгийн байдлаар ЮНЕСКО 195 гишүүн, 8 туслах гишүүнтэй. 195 гишүүн нь тусгаар тогтносон улс орон харин 8 туслах гишүүн нь гадаад бодлогоо бие даан явуулдаггүй газар нутаг байдаг. Жишээ нь Хятадын Макао туслах гишүүн. ЮНЕСКО-гийн гишүүн гурван улс НҮБ-д элсээгүй. Эдгээр гурван улсын нэг нь хамгийн сүүлд элссэн Палестин. Манай улс 108 дэх гишүүн болж ЮНЕСКО-д элссэн. ЮНЕСКО-гийн дүрмийн дагуу МҮК-ыг 1963 онд байгуулсан юм. 1969 оноос Монгол Улсаас БНФУ-д суугаа Элчин сайд ЮНЕСКО-гийн дэргэд суух Байнгын төлөөлөгчийн үүргийг хавсран гүйцэтгэх болсон.

-Ер нь МҮК ямар чиг үүрэгтэй байгууллага вэ?

-Манай байгууллагын гол чиг үүрэг нь Монгол Улс, ЮНЕСКО-гийн харилцаа, хамтын ажиллагааг соёл, боловсрол, шинжлэх ухаан, мэдээлэл харилцаа холбооны салбарт зохицуулахаас гадна ЮНЕСКО-гийн үзэл санааг дэлгэрүүлэх, зорилтуудыг хэрэгжүүлэхэд Засгийн газартаа зөвлөж, төрийн бодлого чиглэлд тусгах гэж товчхондоо хэлж болно. Анхны даргаар Соёлын яамны коллегийн гишүүн, Урлал судлалын газрын дарга Э.Оюун, Ерөнхий нарийн бичгийн даргаар ГЯЯ-ны Олон улсын байгууллагын газрын дарга П.Цэрэнцоодол нар томилогдож байсан. Өнөөг хүртэл нийтдээ 13 дарга, 13 Ерөнхий нарийн бичгийн дарга, 10 Байнгын төлөөлөгч ажилласан бөгөөд ажиллаж байна.

-Энэ жил ЮНЕСКО санхүүгийн хувьд хүндрэлтэй байгаа. Энэ нь та бүхний үйл ажиллагаанд нөлөөлсөн үү?

-Энэ жил ЮНЕСКО-гийн төсвийн гуч орчим хувь нь танагдсан. 2011 онд АНУ, Израил, Канад зэрэг улс улс төрийн нөхцөл байдлаас болж өгдөг хандиваа зогсоосон. Гэхдээ энэ байдал нь энэ жилийн хувьд манай үйл ажиллагаанд төдийлөн нөлөөлөөгүй. 2011 онд Монгол Улс, ЮНЕСКО-гийн хооронд байгуулсан дунд хугацааны Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд бид Зүүн Азийн бүс нутгийг хариуцдаг ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газартай нягт хамтран ажиллаж Япон, БНСУ, Монакогийн Вант улс зэрэг улс орны Итгэлцлийн сангийн санхүүжилттэй төслүүдийг хэрэгжүүлж байна.

Монгол Улс, ЮНЕСКО-гийн Олон улсын Ус зүйн хөтөлбөр болон Бүх нийтийн мэдээллийн хөтөлбөрийн Засгийн газар хоорондын зөвлөлд гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Энэ жил бид усны асуудалд их анхаарч олон нийтийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх төсөл хөтөлбөр боловсруулж байна. Ирэх 12 дугаар сард ШУТИС-тай хамтран шилдэг илтгэл шалгаруулах “Усны хүч 2012” оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулна. Мөн ЮНЕСКО-д элссэний 50 жилийн ойг тохиолдуулан холбогдох бусад байгууллагатай хамтран Ерөнхийлөгчийн ивээл доор Улаанбаатар хотод Зүүн Азийн Хүүхдийн урлагийн Х наадам болон Парис дахь төв байранд Монгол дээлний загварын театрчилсан тоглолт зэрэг томоохон арга хэмжээг зохион байгуулсан. Өнгөрсөн онд мөн ЮНЕСКО-гийн төв байранд морин хуурын тоглолтыг зохион байгуулсан нь амжилттай болсон.

-ЮНЕСКО-гийн хэдэн Конвенцид манай улс нэгдэн орсон вэ? Ямар ач холбогдолтойг нь та дурдахгүй юу?

-Манай улс ЮНЕСКО-гийн гуч гаруй Конвенцийн аравт нь нэгдсэн. Хамгийн анх Зэвсэгт мөргөлдөөний үед соёлын өвийг хамгаалах тухай Гаагийн Конвенц болон Боловсролын салбарт ялгаварлан гадуурхахтай тэмцэх Парисын Конвенцид 1964 онд нэгдэн орж байлаа. Хамгийн сүүлд Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг Конвенци болон Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай Конвенцид 2007 онд нэгдэн орсон. Манай нэгдэн орсон Конвенциудын 5 нь соёл, 3 нь боловсрол, 1 нь спорттой холбоотой.

Манай улс нэгдэн орсон Дэлхий өвийн Конвенцийн 40 жилийн ой энэ жил тохиож байна. Ирэх жил Соёлын биет бус өвийг хамгаалах тухай Конвенцийн 10 жилийн ой мөн болно. Дээрх хоёр Конвенцид нэгдэн орсноор манай улс байгаль, соёлын өвөө ЮНЕСКО-д бүртгүүлж, дэлхийд сурталчлах боломж нээгдсэн юм.

Дэлхийн өвийн Конвенци буюу бүтэн нэрээрээ 1972 оны Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай Конвенцид манай улс 1990 онд нэгдэн орсноос хойш Увс нуурын хотгор, Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолборыг Дэлхийн өвд бүртгүүлээд байна. Дэлхийн өвийн Конвенцид үл хөдлөх соёлын өвийг хамруулдаг.

Харин Соёлын биет бус өвийг хамгаалах тухай Конвенцид биет бус буюу хэлбэргүй соёлын өвийг хамруулна. Энэ Конвенцид манай улс 2005 онд нэгдэн орсноос хойш тус Конвенцийн Яаралтай хамгаалах болон Төлөөллийн жагсаалтад монгол тууль, бий биелгээ, цуур хөгжмийн уламжлалт урлаг, монгол ардын уртын дуу, морин хуурын уламжлалт урлаг, монгол наадам, хөөмий, бүргэдийн ан, монгол лимбэчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга барил-битүү амьсгаа зэрэг есөн өвөө бүртгүүлээд байна. Мөн манай улс ЮНЕСКО-гийн Дэлхийн дурсамж хөтөлбөрт оролцон “Лу. Алтан товч”, “Монгол Шунхан Данжуур”-ыг Дэлхийн баримтат өвийн бүртгэлд оруулсан.

Ер нь аливаа Конвенцид нэгдэн орно гэдэг маань олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө үүрэг хариуцлага хүлээнэ гэсэн үг. Жишээ нь, соёлын өвөө ЮНЕСКО-д бүртгүүлснээр хүн төрөлхтний нэрийн өмнөөс хадгалж хамгаалах үүрэг хариуцлагыг хүлээж байгаа юм. Тэр утгаараа ч дэлхий нийтийн жишигт хөгжих баталгаатай болж, тусламж дэмжлэг авах бололцоо нээгдэж байгаа хэрэг.

-Өнгөрсөн тавдугаар сард АНУ-д дуудлага худалдаагаар зарагдсан “Тиранозаурс Батаар” үлэг гүрвэлийн олдворыг ЮНЕСКО-гийн аль Конвенцийн дагуу Монголд буцаан авчирах боломжтой вэ?

-Манай улс 1991 онд нэгдэн орсон Соёлын үнэт зүйлийг хууль бусаар хилээр гаргах, оруулах, түүнчлэн өмчлөх эрхийг шилжүүлэхийг хориглох, урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай 1970 оны Конвенцийн дагуу буцаах авах боломжтой. АНУ ч энэхүү Конвенцийн гишүүн улс. Конвенцид нэгдсэн улс орнууд хууль бусаар хил нэвтрүүлэн нутаг дэвсгэрт нь оруулсан өөр улсын соёлын өвийг уугуул нутагт нь буцаахад бүхий л бололцоог хангах үүрэг хүлээсэн байдаг. Тэр утгаараа ч АНУ-ын холбогдох яам, байгууллагууд манай улстай хамтран ажиллаж байна.

-Өнгөрсөн 50 жилд их зүйл өөрчлөгдсөн. Манай улсын нийгмийн тогтолцоо ч өөрчлөгдсөн. Мөн ЮНЕСКО ч өөрчлөгдсөн байх. Өнөөгийн Монгол Улс ЮНЕСКО-гийн харилцааг та товчхон дүгнэж хэлнэ үү?

-Товчхон хэлэх юм бол манай улс ЮНЕСКО-гийн Монгол Улсын хамтын ажиллагаа, харилцаа жилээс жилд өргөжсөөр байна. 1990-д оны дунд үе хүртэл МҮК-ыг тухайн үеийн ГХЯ-ны ажлын аппаратад ганц хүн хариуцан ажиллаж байлаа. Харин одоо МҮК 10 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

Элссэн цагаасаа хойш манай улс ЮНЕСКО-гийн идэвхтэй гишүүдийн нэг байсан. Бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгахад онцгой гавьяа байгуулсан байгууллага, хүмүүст ЮНЕСКО-гоос олгодог Н.Крупскаягийн нэрэмжит шагналыг 1970 онд ШУА-ын Хэл зохиолын хүрээлэн хүртэж байсан нь манай ард түмэн нэг бахархал байдаг. Харин энэ жилийн хувьд залуу эрдэмтэн эмэгтэйд олгодог “ЮНЕСКО-ЛОреал”-ийн тэтгэмжит шагналыг ЭХЭМҮТ-ийн судлаач, их эмч Д.Энхмаа хүртсэн. Хоёр дахь удаагаа энэ шагналыг Монгол эмэгтэй хүн хүртэж байна.

ЮНЕСКО санхүүгийн бодитой тусламж дэмжилгийг социализмын үед ч өнөө цагт ч Монголд үзүүлж байна. Тухайлбал 1960 оны сүүлээр Политехникийн дээд сургуулийг (одоогийн ШУТИС) байгуулахад ЮНЕСКО санхүүжүүлсэн. Харин 2011 онд МҮОНРТ 2 дугаар сувгийг ЮНЕСКО-гийн тусламж дэмжлэгээр нээлээ.

Өнгөрсөн 50 жилийн хуга¬цаанд манай улс ЮНЕСКО-гийн олон арван тогтоол зөвлөмжийн төслийг хэлэлцэн батлуулах, хурлын баримт бичигт тусгуулах зэрэг ажлыг гүйцэтгэлээ. Манай санаачилгаар НҮБ, ЮНЕСКО хоёр 1990 оныг “Бүх нийтээр бичигтэн болох олон улсын жил” болгосон бол 2003-2012 оныг “Бичигтэн болох НҮБ-ын 10 жил” болгон зарласан. 1971 оноос хойш ЮНЕСКО-гийн 5 Ерөнхий захирал манай улсад айлчилж, Монголын Засгийн газартай хамтын ажиллагааны Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Хамгийн сүүлд 2011 онд ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Ирина Бокова манай улсад айлчиллаа. Санамж бичгийн агууллага дэлхийн нийтийн болон манай нийгмийн хөгжил дэвшлээс хамаарч өөрчлөгдөж байгаа.

Цаашид Монгол Улс, ЮНЕСКО-гийн харилцаа улам өргөжиж, дэлхийн нийтийн өмнө тулгарах шинэ сорилт, тулгамдсан асуудлуудыг шийдэхэд хамтран ажиллах нь гарцаагүй. ЮНЕСКО бол эрдэм, соёл дэлгэрүүлэх төв юм. Дэвшилт хүн төрөлхтний дэвшилт үзэл санаа, эрдэм мэдлэгийг ЮНЕСКО-гоор дамжуулан эх орондоо үндэслүүлэн, улс орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулах нь бидний зорилго байсаар байх болно.

Ярилцлагынхаа төгсгөлд Монголын ард түмэндээ 50 жилийн ойн баярын мэндийг байгууллагаа төлөөлж хүргэе. Тэр тусмаа ЮНЕСКО-гийн МҮК-т ажиллаж байсан үе үеийн шилдэг сэхээтнүүд, хамтран ажилладаг төрийн ба төрийн бус байгууллага, олон улсын байгууллага болон Монгол Улсад суугаа гадаад улс орнуудын ЭСЯ-нд энэ түүхт ойн баярын мэндийг хүргэж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье.
МОНЦАМЭ
Н.Гантуяа

No comments: