Wednesday, 4 January 2012

МОНГОЛ ЮНЕСКО-Д НЭР ХҮНДТЭЙ

Дэлхий яавал дайн дажингүй орших вэ? Хорь дугааp зуунд хүн төрөлхтний олсон нэг арга бол боловсрол, соёл, шинжлэх ухааныг хөхиүлэн дэмжснээр даян дэлхийд энх тайвныг мандуулах...

Дэлхийн II дайн ид өрнөж байсан 1942 онд нацист Германы эсрэг байлдаж байсан холбоотон улсуудын боловсролын сайд нар Их Британид цуглаж дайны дараа боловсролын системийг хэрхэн сэргээх талаар хэлэлцсэн нь орчин цагийн Нэгдсэн Үндэстний Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын байгууллага буюу дэлхий дахинаа орчуулгагүй ЮНЕСКО (UNESCO) гэж дуудагддаг байгууллагын үндсийг тавьсан түүхтэй. Энэ чуулга уулзалт дайны жилүүдэд тогтмол болж түүхэнд Холбоотон Улсуудын Боловсролын Сайд нарын Чуулга уулзалт гэж тэмдэглэгджээ.

Анх чуулахдаа боловсролыг хэлэлцэж байсан сайд нар яваандаа соёлыг мөн хөндөх болсон тул 1945 оны 11 дүгээр сарын 1-16-нд Нэгдсэн үндэстний Боловсрол, Соёлын байгууллагыг (UNECO) байгуулахаар Их Британийн Лондон хотод цугласан байна. Дөнгөж дайн дуусч байх үед цугласан дөчөөд улс орны төлөөлөгчид дэлхийн дайныг дахин дэгдээхгүй төлөө хүн төрөлхтний оюун ухаан, ёс суртахууны эв нэгдлийг илэрхийлэх, “жинхэнэ энх тайвны соёлыг тарих” шинэ байгууллагатай болохыг зорьсон нь энэ.
ЮНЕСКО биш ЮНЕКО гэж нэрлэхээр завдаж байхад түүхэнд хамгийн их хүний амь үрэгдсэн дайнд “онцгой үүрэг гүйцэтгэсэн” шинжлэх ухааны салбарыг шинэ байгууллагад хамруулахыг олон хүн хүссэнгүй. Зөвхөн цөөн хэдэн эрдэмтэд л шинжлэх ухааныг хамруулахыг зүтгэжээ. Эдгээр эрдэмтдийн хүчин зүтгэлд 1945 онд Японы Хирошимо, Нагасаки хотод дэлбэрсэн атомын бөмбөг түлхэц болсон юм. Чухам энэ үйл явдлын дараа бүгд шинжлэх ухааныг залж энхийн үйлсэд зүтгүүлэхгүй бол горьгүй нь гэдгийг хүлээн зөвшөөрчээ.
Тиймээс Лондонд болсон чуулга уулзалтыг даргалсан Их Британийн Боловсролын сайд, хатагтай Еллен Вилкинсон “Хэдийгээр Байгууллагын анхны санал болгосон нэрэнд шинжлэх ухаан багтаагүй ч Их Британийн төлөөлөгчид шинжлэх ухааныг шинэ байгууллагын нэрэнд оруулж, “Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын байгууллага” гэж нэрлэхийг санал болгож байна. Эрдэмтэд дахин ямар шинэ зүйл хийх бол гэж бид бүгд сэрэмжилж буй өнөө үед тэдний хөдөлмөрийн үр шим хүн төрөлхтний өмнө хариуцлага хүлээх ёстойг эрдэмтдэд мэдрүүлж, хүмүүнлэг ёс зүйтэй нягт холбох нь чухал” гэж хэлжээ.
Ийнхүү ЮНЕКО гэсэн нэрийн анхны хувилбарт “С” үсэг нэмж ЮНЕСКО (United Nations Educational, Scientific and Cultural Organization) гэгдэх болжээ.Тус чуулга уулзалтаар ЮНЕСКО-гийн Дүрмийг 37 орон зөвшөөрч гарын үсэг зурсан бөгөөд 1946 оны 11 дүгээр сарын 4-нд НҮБ-ын хорин улс баталснаар хүчин төгөлдөр болсон байна.

Манай улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсныхоо нэг жилийн дараа буюу 1962 оны 11 дүгээр сарын 1-нд ЮНЕСКО-д элсэн орсон юм. 2012 онд Монгол Улс ЮНЕСКО-д элсэн орсны 50 жилийн ой болж байна. Энэ түүхт ойн жилийн босгон дээр ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхантай уулзаж ярилцлаа.

-Анх хэн ЮНЕСКО-гийн Дүрэмд Монголыг төлөөлж гарын үсэг зурсан бэ?

-Манай улс 50 жилийн өмнө ЮНЕСКО-гийн 108 дахь гишүүн орон болсон. Анх тухайн үеийн Гадаад Явдлын Яамны Олон Улсын байгууллагын газрын дарга П.Цэрэнцоодол ЮНЕСКО-гийн Дүрэмд гарын үсэг зурж БНМАУ, ЮНЕСКО-гийн бүрэн эрхт гишүүн болсон түүхтэй. Энэ бол түүхэн чухал ач холбогдолтой үйл явдал юм.

-Түүхэн чухал ач холбогдолтой үйл явдал гэж та хэллээ. ЮНЕСКО-д элссэн нь Монголын хөгжилд үнэхээр тус дэм болсон уу?

-Бололгүй яах вэ. Цухас дурдахад л ЮНЕСКО манай улсад эрдэм боловсролыг тэгш хүртээмжтэй түгээх, шинжлэх ухаан, мэдээлэл, харилцаа холбоог хөгжүүлэх, үндэстний соёл урлаг, түүх соёлын өв, байгаль орчныг хамгаалах гэх зэрэг олон үйлсэд монголчуудтай хамтран ажиллаж үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Тэр бүгдийг дурдвал нэг ярилцлага хангалтгүй. Товчхондоо бол Монгол Улс ЮНЕСКО-д элсэн орсноор боловсрол, соёл, шинжлэх ухаанаа дэлхийн хэмжээнд хөгжүүлж, хүлээн зөвшөөрөгдөх түүхэн боломж нээгдсэн юм.

-Манай улс ЮНЕСКО-гийн нэр хүндтэй гишүүн болж чадсан уу?

-Энэ нэр хүндтэй байгууллагын нэр хүндтэй гишүүн нь Монгол Улс. Ганцхан жишээ дурдахад, ЮНЕСКО-д манай улс элсэн орсноос хойш наймхан жилийн дараа бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгахад онцгой гавьяа байгуулсан байгууллага, хүмүүст ЮНЕСКО-гоос олгодог Н.Крупскаягийн нэрэмжит шагналыг ШУА-ын Хэл зохиолын хүрээлэн хүртэж, энэ шагналын хамгийн анхны эзэн болсон. Үүгээр манай ард түмэн бахархдаг шүү дээ. Мөн манай улс нэр хүндтэй гишүүн гэдгийг өнгөрсөн жил айлчилсан ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал, хатагтай Ирина Боковагийн айлчлал батлана. Ер нь 1971 оноос хойш Монголд ЮНЕСКО-гийн 5 Ерөнхий захирал айлчилж Монголын Засгийн газартай хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан байдаг юм.

-Боловсролын салбарт бид ЮНЕСКО-той илүү түлхүү хамтран ажилласан гэж үзэж болох уу?

-Зөвхөн боловсролын салбарт ч биш шинжлэх ухаан, соёл салбарт ч бид адилхан хамтран ажилласан. Магадгүй ард иргэдийнхээ боловсролд бид илүү анхаарсан тул тэгж харагдаж магадгүй. Одоо манай улсын бичиг үсгийн тайлагдалтын түвшин 98.3 хувь байгаа нь олон үеийн Засгийн газраас хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн.
Өнгөрсөн 50 жилийн хугацаанд манай улс ЮНЕСКО-гийн олон арван тогтоол зөвлөмжийн төслийг хэлэлцэн батлуулах, хурлын баримт бичигт тусгуулах зэрэг ажлыг гүйцэтгэлээ. Тухайлбал, манай санаачилгаар НҮБ, ЮНЕСКО хоёр 1990 оныг “Бүх нийтээр бичигтэн болох олон улсын жил” болгосон бол 2003-2012 оныг “Бичигтэн болох НҮБ-ын 10 жил” болгон зарласан билээ.

-“Бичигтэн болох НҮБ-ын 10 жил”-ийг манай улсын санаачилгаар зарлажээ. Энэ чиглэлээр Монголд одоо юу хийгдэж байна...

-Хүн ардынхаа бичиг үсгийн боловсролыг дээшлүүлэхэд монголчууд бид арвин туршлага хуримтлуулсан. Бид 1970-д онд насанд хүрэгчдийн бичиг үсэг үл мэдэх явдлыг бүрэн устгаж чадсан. Тиймээс ч дэлхий нийтээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд идэвхтэй оролцож байгаа.

Өнөөдөр дэлхийн хэмжээнд бичиг үсэгт тайлагдаагүй насанд хүрсэн хүмүүс 796 сая буюу нийт хүн амын 17 хувийг эзэлж байгаа. Харин сургуульд сураагүй, сургууль завсардсан хүүхдийн тоо 69 сая гаруй байгаагийн 50 хувь нь ядуу, буурай хөгжилтэй 15 оронд хамрагдаж байна. Бичиг үсгийн тайлагдалтын түвшин нь улс орны хөгжлийн тодорхойлогч үзүүлэлтийн нэг болохоор Монгол хөгжлийнхөө нэг суурь үзүүлэлтийг хангасан гэж хэлж болно л доо.

“Бичигтэн болох НҮБ-ын 10 жил”-ийн гол зорилго нь бүх орны Засгийн газар, олон улсын байгууллагууд хамтран “Бүх нийтийн боловсролын Дакарын үйл ажиллагааны хүрээ”-ний зарим зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэхэд цаг хугацааны зорилт тавин ажиллах, бичиг үсэг үл мэдэх явдалтай тууштай тэмцэх, албан болон албан бус боловсролын аргаар бүх нийтээр бичигтэн болоход оршиж байгаа юм.

Албан бус боловсролыг энгийнээр тайлбарлавал аливаа хүн алдсан боломжоо эргүүлэн олж боловсрол эзэмших боломж гэж хэлж болно. Манайд албан бус боловсролыг бичиг үсгийн сургалт, дүйцсэн хөтөлбөрийн сургалт, амьдрах ухааны сургалт гэсэн хэлбэрээр хэрэгжүүлж байна. Үүнд хүүхэд, насанд хүрсэн хүмүүс гээд бүхий л насныхан хамрагдаж байгаа.

Бага, суурь боловсролыг хүн амд нөхөн эзэмшүүлэхийн тулд албан бус боловсролын “Гэгээрэл” төвүүдийг нийслэл болон хөдөө орон нутагт нийт 375-ыг байгуулсан. Жил бүр энэ төвүүдэд 10000-12000 иргэн суралцаж, алдсан боломжоо нөхөж байна.

-“Бүх нийтийн боловсролын Дакарын үйл ажиллагааны хүрээ” гэдгийг тодруулахгүй юу?

-2015 он хүртэлх дэлхий дахины зорилтыг тодорхойлсон “Бүх нийтийн боловсролын Дакарын үйл ажиллагааны хүрээ”-г 2000 онд Дэлхийн боловсролын Форумаас баталсан юм. Гол зорилго нь хүн бүрийн боловсрол эзэмших эрхийг хангаснаар ядуурал, ажилгүйдлийг бууруулах гэж хэлж болно. Зургаан зорилтыг анх батлахдаа тодорхойлсон. Үүнд бага насны хүүхдийн боловсролыг сайжруулах, ялангуяа эмзэг бүлгийн болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг анхаарах; 2015 он гэхэд бүх хүүхдэд яс үндэс, хүйс харгалзалгүй бага боловсролыг үнэ төлбөргүй эзэмшүүлэх; бүх насанд хүрэгчдийн сурч боловсрох хэрэгцээг хангах; 2015 он гэхэд насанд хүрэгчдийн, ялангуяа эмэгтэйчүүдийн 50 хувьд бичиг үсгийн боловсрол эзэмшүүлэх гэх зэрэг зорилтууд багтсан байгаа.

-Өнгөрсөн жил ЮНЕСКО-гийн Бүх Нийтийн Боловсролын (БНБ) 7 хоног Монголд зохион байгуулагдсан. Энэ нь ямар учиртай арга хэмжээ вэ?

-Жил бүр бүх нийтийн боловсролд олон орны Засгийн газар, олон улсын байгууллага, хандивлагчдын анхаарлыг хандуулахын тулд БНБ-ын 7 хоногийг зохион байгуулдаг. 2011 онд БНБ-ын 7 хоногийг “Далд хямрал: Зэвсэгт мөргөлдөөн ба боловсрол” сэдвийн дор зохион байгуулсан. Монголд зэвсэгт мөргөлдөөн байхгүй учир бид албан бус боловсролд түлхүү анхаарсан. Тэр үеэр бид олон нийтэд БНБ тэр дундаа албан бус боловсролын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэхийн тулд олон арга хэмжээ хэрэгжүүлсэн. Цаашдаа ч хэрэгжүүлнэ. БНБ-ыг түгээхэд их хувь нэмэр оруулна гэж үзээд ЮНЕСКО МҮОНРТ-ийн 2 дугаар сувгийг нээхэд тусалж дэмжсэн. Бид үүгээр дамжуулж алслагдсан хөдөө орон нутагт, нийгмийн эмзэг давхарга, үндэсний цөөнхөд хүрч боловсролыг хүртээх зорилт тавин ажиллаж байна. Үүнд төрийн болон төрийн бус, иргэний нийгмийн байгууллагууд идэвхтэй оролцож байгааг хэлэх хэрэгтэй.

Мөн үүнээс гадна цаашдаа алслагдсан хөдөө орон нутагт амьдарч байгаа сургалтад хамрагдах бололцоо муу хүүхэд залуус, иргэдэд зориулж явуулын хөдөлгөөнт буюу контейнер сургалт зохион байгуулах боломжийг судалж ажил хэрэг болгох талаас нь анхаарч байна.

Oнцолж нэг зүйлийг дурдахад ЮНЕСКО-гийн шинжээчид боловсруулахад нь голлох үүрэгтэй оролцсон монголын боловсролыг хөгжүүлэх 2006-2015 оны мастер төлөвлөгөө дуусахад гурван жил үлдээд байна. Манай улс 2015 онд бичиг үсгийн боловсролын түвшинг 99 хувьд хүргэх зорилттой байгаа. Үүнийг “Амьдрах ухаанд суурилсан бичиг үсгийн сургалтын хөтөлбөр”-ийн хүрээнд 2010 оноос хэрэгжүүлж байгаа.

-Сүүлийн үед тогтвортой хөгжлийн боловсрол гэж яригдах боллоо. Энэ тухайд та юу хэлэх вэ?

Ерөөс боловсрол бол аливаа улс орны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг. Боловсрол бол тогтвортой хөгжлийг хангах түлхүүр хүчин зүйл гэдгийг эрдэмтэд судлаад гаргаад ирсэн. Иймээс ч НҮБ 2005-2014 оныг “Тогтвортой хөгжлийн боловсролын 10 жил” болгон зарласан билээ. ЮНЕСКО энэ ажлыг зохион байгуулах гол байгууллага. Бид тогтвортой хөгжлийн боловсролыг хөгжүүлэхэд үндэсний болон орон нутгийн онцлог, амьдралын хэрэгцээ шаардлага, бодит байдалтай нягт холбохыг онцолж байгаа. “НҮБ-ын тогтвортой хөгжлийн боловсролын 10 жил”-ийн хүрээнд Засгийн газраас “Тогтвортой хөгжлийн боловсролын үндэсний хөтөлбөр”-ийг шинээр боловсруулж байгаа бөгөөд цаашид хийх ажлыг нэгтгэн уялдуулах зорилгоор үндэсний баг байгуулах санаачилга гарган ажиллаж байна.

-Соёлын болон байгалийн өвийг хамгаалахад ЮНЕСКО-д бүртгүүлэх зайлшгүй шаардлагатай юу? Ер нь манайд бүртгүүлсэн ямар өвүүд байна вэ?

-Улс үндэстнийхээ түүх соёлын ул мөр, зан заншил уламжлалаа ЮНЕСКО-д бүртгүүлнэ гэдэг дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдөж, үнэлүүлж байгаа хэрэг гэж үзэж болно. ЮНЕСКО ч мөн аливаа улсын соёлын өвийг бүртгэж авснаараа олон янзын соёл, соёлын төрөл зүйлийг хүндэтгэж, хадгалж хамгаалахад нь анхаарах ёстойг дэлхий нийт болон тухайн улсынх нь хариуцлага болохыг тодотгож буй илэрхийлэл юм. Харин байгалийн өвийн хувьд онцлоход хүн төрөлхтний тусын тулд тухай өвийг хадгалж хамгаалах ёстойг дэлхий дахинд зарлаж байгаа хэрэг.
Манай улсын хувьд 1972 оны Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай Конвенц, 2003 оны Биет бус соёлын өвийг хамгаалах тухай Конвенц зэрэг соёл өвийг хадгалж, хамгаалахтай холбогдох таван конвенцид нэгдэн орсон идэвхтэй гишүүн. Өнөөдөр Монгол Улсаас Дэлхийн өвд гурван дурсгалт газар, Биет бус соёлын өвд ес, Дэлхийн баримтат өвд хоёр өв бүртгэгдээд байна.
ЮНЕСКО-д бүртгэгдсэн Дэлхийн өвийг цухас дурдвал, Соёлын өвийн ангиллаар Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор, Байгалийн өвийн ангиллаар Увс нуурын ай сав газар бүртгэгдсэн. Харин ЮНЕСКО-гийн “Хүн төрөлхтний биет бус соёлын өвийн жагсаалт”-д морин хуур, уртын дуу, наадам, хөөмэйн урлаг, бүргэдийн баяр, тууль, бий биелгээ, цуур хөгжим гэх мэт өвүүдийг дурдаж болно. Бас ЮНЕСКО-ийн Дэлхийн дурсамж хөтөлбөрийн хүрээнд Лу.Алтан товч, Монгол Шунхан Данжуурийг Дэлхийн баримтат өвөөр бүртгэсэн. Цаашдаа ч монголчууд соёлын болон байгалийн өвөө ЮНЕСКО-д бүртгүүлсээр байх болно.

-Соёлын болон байгалийн өвийг Дэлхийн өвд бүртгүүлэхэд ямар шаардлага тавьдаг вэ?

-Соёлын болон байгалийн өвийг Дэлхийн өвд бүртгүүлэх анхан шатны шаардлага нь тухайн улсаас Дэлхийн өвд бүртгүүлж болох дурсгалын үндэсний жагсаалтыг гарган, тогтмол хугацаанд шинэчилж ЮНЕСКО-д хүргүүлж байх ёстой. Манай улс 1990 онд Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай Конвенцид нэгдэн орсон бөгөөд энэ хугацаанд нэг удаа жагсаалт гаргаж ЮНЕСКО-д хүргүүлснээс хойш шинэчлэл хийгээгүй. Бид өвийн урьдчилсан жагсаалтыг шинэчлэх ажлын хэсгийг БСШУ болон БОАЖ-ын сайдын хамтарсан тушаалаар байгуулаад байна. Энэ урьдчилсан жагсаалтаас бид Дэлхийн өвд бүртгүүлэхээр хүсэлтээ гаргаж ажиллана. Одоогийн байдлаар бид Бурхан Халдун уул, түүний хүрээлсэн тахилгат газар нутгийг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгүүлэхээр ажиллаж байна.
Саяхан хэвлэл мэдээллээр нум сум, шагайн харвааг ЮНЕСКО бүртгэлээ гэсэн ташаа мэдээ гарсан байна лээ. Бүртгүүлэхээр бид хүсэлтээ гаргасан байгаа. Шийдвэр нь хараахан гараагүй байна. Харин өнгөрсөн 11 дүгээр сард ЮНЕСКО-гийн Биет бус соёлын өвийг хамгаалах тухай Конвенцийн Засгийн газар хоорондын 6 дугаар хуралдаан Индонезид хуралдсан юм. Энэ хуралдаанаар манай улсаас нэр дэвшүүлсэн “Монгол лимбэчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга барил - битүү амьсгаа” өвийг хэлэлцэж, Хүн төрөлхтний яаралтай хамгаалах шаардлагатай өвийн жагсаалт”-д бүртгэсэн. Ийнхүү лимбэний битүү амьсгаа манай улсаас биет бус соёлын өвийн чиглэлээр ЮНЕСКО-д бүртгэгдсэн ес дэх өв болж байгаа юм.
Энэ дашрамд хэлэхэд өвд бүртгүүлнэ гэдэг бол тэмцээн уралдаан биш, тухайн өвийг орон нутаг, улс үндэстэн, олон улсын түвшинд танин тогтоож, хадгалж хамгаалах, сэргээн амилуулж, хөгжүүлэх асуудал юм. Түүнчлэн тухайн улс орны олон улсын өмнө хүлээсэн үүрэг хариуцлага ч давхар багтдаг. Энэ утгаараа өвөө бүртгүүлсэн улс орнууд идэвхтэй ажилладаг. Хэрэв өвөө бүртгүүлсэн улс идэвхтэй ажиллахгүй бол жагсаалтаас хасагдах явдал ч гарна. Дээрх Конвенцид 130 гаруй улс нэгдэн орсон байдаг бөгөөд 2011 оны байдлаар 90 шахам улсын 239 өвийг “Хүн төрөлхтний яаралтай хамгаалах шаардлагатай болон төлөөллийн жагсаалт”-д бүртгэсэн байна. Энэ Конвенцийн хүрээнд өвийг хоёр жагсаалтад бүртгэж авдаг бөгөөд эдгээр нь хамгаалалтын дэглэм, хариуцлагын хувьд ялгаатай.
Манай улсын “Монгол тууль”, “Монгол ардын бүжгийн урлаг: Бий биелгээ”, “Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг”, “Монгол лимбэчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга барил - битүүамьсгаа”-г “Хүн төрөлхтний яаралтай хамгаалах шаардлагатай өвийн жагсаалт”-д бүртгэгдсэн өвүүд учир нэн яаралтай сэргээн амилуулах, хамгаалах учиртай. Эдгээр өвүүдийг хамгаалахаар Засгийн газрын тусгайлсан хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа. Харин одоо бид ЮНЕСКО-гийн санхүүжилтээр монгол тууль хайлах уламжлалыг сэргээн амилуулах чиглэлээр төсөл хэрэгжүүлэхээр хөөцөлдөж байна.
-Соёлын үнэт зүйлсийг хадгалж хамгаалахад монголчууд бид өөрсдөө хэр анхаарч халамжилж байна вэ? Бидэнд мэдлэг чадвар дутагдаж байна уу?
Ер нь соёлын болон байгалийн өвөө бид ЮНЕСКО-д бүртгүүлэхийг анхаарахаас гадна өөрсдөө соёлын болон байгалийн өвөө хамгаалахад их анхаармаар байгаа юм. Засгийн газраас хөрөнгө мөнгө илүү гаргах шаардлагатай. Учир нь түрүүн хэлсэн, өвд бүртгүүлсэн соёлын болон байгалийн өвөө өөрсдөө хадгалж, хамгаалахад хөрөнгө мөнгө хангалттай зарцуулахгүй бол жагсаалтаас хасах ч тохиолдол байж болдог гэж. Хэрэв ийм тохиолдол гарвал улс орны нэр хүнд ч унана. Энэ нь бүгд ойлгомжтой байх. Өөрсдөө яаралтай хамгаалах шаардлагатай гэж дэлхийн жагсаалтад бүртгүүлчихээд бусдыг гарыг хараад сууж болохгүй. Нэн яаралтай сэргээн амилуулах ёстой.
Соёлын үнэт зүйлсийг хамгаалж хойч үедээ өвлүүлэн үлдээх нь аливаа улс орны эрхэм үүрэг. Ялангуяа даяарчлалын энэ үед Монгол шиг хоёр их гүрэнтэй хөрш улсын хувьд энэ бол үнэхээр тулгамдсан асуудал. 3 сая хүрэхгүй хүн амтай манай улссоёлын үнэт зүйлсээ нандигнан хамгаалж л өвөрмөц онцлог, “соёлын толбоо” хойч үедээ өвлүүлнэ. Энэ утгаараа соёлын өвөө хамгаалах нь тусгаар тогтнолын бас нэг чухал баталгаа. ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс үүнд их анхаарч ажилладаг.
Монголд соёлын үнэт зүйлсийн талаарх иргэдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Бид 2010-2011 оны хооронд Монакогийн Вант Улсын Итгэлцлийн сангийн санхүүжилтээр Монголд “Соёлын эд зүйлсийг хууль бусаар хил дамнуулан худалдаалахтай тэмцэх чадавхийг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлсэн. Цаашдаа ч энэ төсөл хэрэгжинэ. Төслийн хүрээнд зургаан сургалт семинарыг зохион байгуулсан. Соёлын үнэт зүйлсийн ач холбогдол, музейн аюулгүй байдал, олон улсын хууль, эрх зүйн орчин, хууль хяналтын байгууллагуудын уялдаа холбоо гээд соёлын үнэт зүйлсийг хууль бусаар дамлан худалдаалахтай тэмцэх чадавхийг сайжруулах цогц мэдлэгийг дээрх төслийн хүрээнд олгосон. Дунд сургуулийн багш, музейн ажилтан, хил, гааль, цагдаа, мэргэжлийн хяналтын болон соёлын байгууллагын ажилтнууд гэх зэрэг олон хүн энэ төсөлд хамрагдсан. Ер нь сүүлийн үед соёлын үнэт зүйлсийг хууль бусаар дамлан худалдаалах явдал буураагүй ихэссэн гэж болно. Энэ нь нэгдүгээрт, нийгэм нээлттэй болж, гадаад харилцаа холбоо идэвхижсэнтэй холбоотой. Хоёрдугаарт, соёлын үнэт зүйлсийг хадгалан хамгаалах манай иргэдийн мэдлэг, боловсрол мөн холбогдох байгууллагуудын чадавх, боломжтой холбоотой. Тэр утгаараа Монакогийн Вант Улсын санхүүжүүлж хэрэгжүүлсэн төсөл тун цагаа олсон төсөл юм даа.

-Хэдэн сарын өмнө Занабазарын Ногоон дарь эх бурханыг хулгайд алдсан...

-Үнэхээр соёлын үнэт зүйлсийг хадгалж хамгаалахад их анхаарах хэрэгтэй болсон. Тиймээс ч бид гадаад улс орнуудын тусламж, дэмжлэгтэйгээр төслүүд хэрэгжүүлж байна. Ялангуяа соёлын хөдөлгөөнт өвийн асуудал бол их хурцаар тавигдах асуудал юм. Хулгайлж авч яваад, нуугаад, дамлан зарах боломжтой болохоор соёлын хөдөлгөөнт өвийг бид эн тэргүүнд анхаарах хэрэгтэй. Дундговь аймгийн Цагаан­дэлгэр сумын хийдээс хулгайлагдсан Ногоон дарь эх бурхан бол том сануулга. Хамгийн харамсалтай нь дайн дажин, байгалийн гамшиг болоогүй байхад монголчууд өөрөө өөрсдөө соёлын үнэт зүйлсээ хулгайлж, хууль бусаар дамлан худалдаалж буй явдал юм. Сүүлийн үед ашиг хонжоо хайгч этгээдүүд эртний олон арван хот суурины туурь, палеонтологийн олдворт газрууд, булш хиргисүүрийг сүйтгэж байна. 2008-2010 онд хийсэн судалгаагаар зөвхөн зүүн таван аймгийн нутаг дахь 5000 гаруй булш хиргисүүрийн 800 орчим нь сүүлийн 15 жилийн дотор тонуулчдын гарт өртөж ямар нэг хэмжээгээр устаж сүйдсэн тоо баримт байна.

-ЮНЕСКО шинжлэх ухааны салбарт бас үйл ажиллагаа явуулдаг байгууллага, энэ салбарт Монголд ямар ажлууд хийгдэж байна?

-Шинжлэх ухааны салбар дахь ЮНЕСКО-гийн үйл ажиллагаанд манай улс идэвхтэй оролцож, олон төрлийн хөтөлбөр, төслүүд хэрэгжүүлж байна. 1962 онд монголын төлөөлөгчид ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хуралд “Байгаль, байгалийн баялгийг хамгаалах тухай” тогтоолын төслийг хэлэлцүүлж батлуулж байсан нь эдүгээ дэлхий дахины өнөөгийн хөгжлийн стратегийн зорилт болон хувирсан юм.

2007 онд батлуулсан Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн хөгжлийн 2007-2020 он хүртэлх мастер төлөвлөгөөг боловсруулахад ЮНЕСКО-гийн шинжээчид ирж тусалсан. ЮНЕСКО монголын суурь болон бусад шинжлэх ухааны салбарын бүтэц, тогтолцоог боловсронгуй болгох, материаллаг баазыг бэхжүүлэх, эрдэм шинжилгээний боловсон хүчин бэлтгэх, давтан сургах төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр ирсэн. Тухайлбал, Нийгмийн өөрчлөлтийн удирдлага, Хүн ба шим мандал, Дэлхийн дурсамж, Олон улсын усны хөтөлбөр зэрэг олон хөтөлбөрийг дурдаж болно.

Цөөхөн жишээ дурдахад, анх нарны эрчим хүч ашиглах шинэ санааг Монголд дэлгэрүүлэхэд ЮНЕСКО-гийн дэмжлэг туслалцаа их түлхэц болсон. ЮНЕСКО-гийн тусламжтайгаар МУИС-д нарны энергийг шууд цахилгаан энерги болгох судалгааны ажил хийсэн. Бас нарны эрчим хүчний үзэсгэлэнг 1989 онд Улаанбаатарт гаргаж байлаа. Мөн тухайн үеийн Политехникийн дээд сургуулийг (ШУТИС) байгуулахад ЮНЕСКО бодитой хувь нэмэр оруулсан билээ.

Мэдээлэл, харилцаа холбоог Монголд хөгжүүлэхэд ч ЮНЕСКО хувь нэмрээ оруулсан. Мэдээлэл, харилцаа холбоо бол тогтвортой хөгжлийн нэг салшгүй хэсэг, мэдээлжсэн бөгөөд мэдлэгт суурилсан нийгэм байгуулахад мэдээлэл, харилцаа холбоог хөгжүүлэх нь чухал гэж ЮНЕСКО үздэг юм.

-Сэтгүүлзүйн салбарыг хөгжүүлэхэд бас багагүй ажил хийгдэж байгаа гэж сонссон?

Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хэвлэлийн эрх чөлөөг хүний үндсэн эрх гэж ЮНЕСКО үздэг тул бие даасан, олон ургальч хэвлэл мэдээллийн хэрэгсэл хөгжихөд ЮНЕСКО Монголд их тусалсан. Ялангуяа шилжилтийн үед их хувь оруулсан шүү дээ.

Өнгөрсөн жил бид сэтгүүлзүйн хөгжилд хувь нэмэр оруулах хэд хэдэн ажлыг хийлээ. Жишээлбэл, есөн их, дээд сургууль, коллежийн багш нартай хамтран “Монголын сэтгүүлзүйн боловсролын загвар хөтөлбөр”-ийг боловсруулан гаргалаа. Энэхүү хөтөлбөр нь монголын сэтгүүлзүйн боловсролын хөтөлбөрийг олон улсын түвшинд мөрддөг хөтөлбөрт ойртуулах ажлын эхлэл бөгөөд сэтгүүлзүйн сургалтын агуулга, чанар нэмэгдэнэ гэж үзэж байна. Мөн эрэн сурвалжлах сэтгүүлзүйг хөгжүүлэхийн тулд төсөл хэрэгжүүлсэн. МОНЦАМЭ агентлаг, Хэвлэлийн Хүрээлэнтэй хамтарч “Мэдээллийн эрх чөлөө, эрх зүйн харьцуулсан судалгаа”, “Таамагт суурилсан судалгаа: эрэн сурвалжлах сэтгүүлчдэд зориулсан гарын авлага номыг орчуулан сэтгүүлчдэд тараасан. Гэх мэтчилэн арга хэмжээнүүдийг бид хэрэгжүүлсээр ирлээ.

Түүнээс гадна ойрын ирээдүйд Монголд мэдлэгт суурилсан эдийн засгийн суурийг тавьж, үндэсний инновацийн үр ашигтай тогтолцоог хөгжүүлэхэд бид ЮНЕСКО-той хамтран ажиллах төлөвлөгөөтэй байгаа. “Үндэсний Инновацийн тогтолцооны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд ЮНЕСКО тусалж байна. Мэдээлэл, холбооны өндөр технологийн инновацийн кластер байгуулах чиглэлээр судалгааг хийх, олон улсын туршлага судлах зорилгоор төсөл хэрэгжихээр төлөвлөгдөж байгаа.

Дахин онцолж хэлэхэд, монголчууд ЮНЕСКО-той бүхий л салбарт хамтран ажиллаж байгаа. Эрүүл мэндийн салбарт гэхэд л ЮНЕСКО-гийн дэмжлэгээр хэрэгжиж буй “ХДХВ ба ДОХ-той тэмцэх, урьдчилан сэргийлэхэд боловсролын салбарын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн үргэлжлэл болгонманай байгууллага ХДХВ/ДОХ-ын Үндэсний хороотой хамтран "ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэхэд боловсролын үүрэг оролцоо" үндэсний зөвлөлдөх уулзалтыг 2010 онд зохион байгуулсан. Гол зорилго нь ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэхэд боловсролын салбарын үүрэг оролцоо болон ХДХВ/ДОХ-ын талаар нэгдмэл ойлголттой болгох, ХДХВ/ДОХ-той холбоотой үндэсний стратеги түүнийг цаашид хэрэгжүүлэх чиглэл баримжаатай болгоход оршсон юм. Түүнчлэн жендэрийн боловсрол, ардчилалын боловсрол зэрэг асуудлаар дорвитой ажлуудыг хийхээр төлөвлөж байна.

-Үйл ажиллагааныхаа талаар дэлгэрэнгүй ярьсан танд баярлалаа. Эцсийн асуултыг таньд үлдээе…

-Монгол бол ЮНЕСКО-гийн нэр хүндтэй гишүүн гэдгийг давтаж хэлмээр байна... Дэлхийд энх тайван, амгалан байдлыг бататгахыг үндсэн зорилтоо болгосон энэ байгууллагад манай улс ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын орлогч даргаар хоёр удаа сонгогдсоноос гадна ЮНЕСКО-гийн Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр 1983-1987, 2007-2012 оны хооронд сонгогдон идэвхтэй ажиллаж ирлээ. Мөн энэ оноос эхлэн ЮНЕСКО-гийн Олон улсын ус зүйн хөтөлбөрийн Засгийн газар хоорондын зөвлөл, Бүх нийтийн мэдээлэл хөтөлбөрийн Засгийн газар хоорондын зөвлөлийн гишүүнээр тус тус сонгогдсон байгаа. Мөн энэ оноос ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн Засгийн газар хоорондын зөвлөлд нилээд идэвхтэй ажиллах болно.

Энэ жилийн хувьд бол ЮНЕСКО санхүүгийн бэрхшээлтэй тулгарч байна. ЮНЕСКО-гийн төсвийн 22 хувийг бүрдүүлж өгдөг АНУ Палестинийн асуудлаас болж санхүүжилтээ зогсоосон нь ийм байдалд хүргэлээ. Гэхдээ батлагдсан төсвийнхөө хүрээнд үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхээр ЮНЕСКО шийдвэрлэсэн.

Бидний хувьд нэгдэн орсны 50 жилийнхээ ойн хүрээнд бүх салбарыг хамарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, олон арга хэмжээ тухайлбал “Соёл ба хөгжил” чуулган, олон улсын хүүхдийн наадам зэргийг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Эхний ээлжинд бид ЕБС-ын багш нарын дунд англи хэлээр бичих “ЮНЕСКО ба монголын боловсрол” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг зарласан байгаа.

Бидний ажлыг дэмжиж хамтран ажиллах иргэд аж ахуйн нэгж байгууллагуудад манай хаалга байнга нээлттэй байх болно.

Эцэст нь хэлэхэд Монгол Улс дэлхийд энх тайвныг бэхжүүлэхэд өөрийн соёл, боловсрол, шинжлэх ухаанаар дамжуулан хувь нэмрээ оруулж байна гэж хэлэх бүрэн эрхтэй. Энэ бол монгол хүн бүрийн бахархал юм шүү.

No comments: