Saturday, 26 November 2011

Улаанбаатарын алдарт утаа

Америкийн Ерөнхийлөгч баруун гараа өргөлөө, буулгалаа... Монгол алдаршлаа. Хоромхон зуур болоод өнгөрсөн үйл явдал, америкийн баахан чалчаа нэвтрүүлгүүдийн (talk show) амны зугааг гаргаж, Монголын Улсын Ерөнхийлөгчийг “алган нүүртэй” болгов.

Харин манай Ерөнхийлөгч Монголд ирсэн хойноо, Барак Обама миний нүүрийг тагласан ч Монголын нүүрийг таглаагүй гэж жинхэнэ ардчилсан Ерөнхийлөгчийн байр сууринаас өнгөрсөн үйл явдлыг тайлбарлав. Үнэхээр Обамагийн баруун гар эх орныг маань бас Ерөнхийлөгчийг маань алдаршуулав. Сохорсон биш завшив гэдэг шиг л юм болов.

Олны танил болох нь маш чухал болсон өнөө үед ямар нэг аргаар алдаршина гэдэг хүлээн зөвшөөрөгдөхийн нэг хэлбэр. Хэрэв Обама баруун гараа өргөөгүйсэн бол, хэрэв ард нь манай Ерөнхийлөгч зогсоогүйсэн бол манай улс болон Ерөнхийлөгчийг маань америкийн зурагт, сонин хэвлэлээр онцгойрч гарахгүй л байх байсан. Тэгэхээр Обамагийн баруун алганд талархая.

Улаанбаатарын бохир агаар бол бидэндээ “Обамагийн баруун савар” юм. Учир нь...тайлбарлаад байх шаардлага бий юу? Бүгд л мэдэж байгаа шүү дээ. Байсхийгээд л олон улсын нэр хүндтэй байгууллагууд Улаанбаатар хотыг дэлхийд хамгийн их агаар нь бохирдсон хотоор цоллож алдаршуулах боллоо. Хамгийн сүүлд, өнгөрсөн сард Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нийслэлийг маань бас “алдаршуулав”. Иран, Энэтхэг, Пакистан гэх зэрэг нэг хотынх нь оршин суугчид Монголын нийт хүн амаас хэд дахин илүү эдгээр улсын хотуудтай манай нийслэл эн зэрэгцэн агаараа бохирдуулсан гэнэ.

Бид ч үүнд бүр дөжирчээ. Бохир агаараас болж хэдэн ч хүн өвдөж, хэдэн ч хүүхэд дутуу төрж байгаа юм, тооцоолоход бэрх. Олон жил агаарын бохирдлыг ярилаа, бичлээ, тэмцлээ. Агаарын бохирдлыг бууруулах гэж их ажиллав. Гэвч хэдхэн жилийн дараа агаарын бохирдол буурна гэдэгт итгэх хүн цөөхөн л байна.

Гэхдээ энэ гол нь биш. “Азийн цагаан дагина” маань алдаршсан нь чухал. Түүнээс биш дөрвөн уулын дунд “халтартаж” харагдах нийслэлд маань өөр цоллуулчих шаанс байна уу. Байхгүй. “Ангайсан” траншей, угаартсан хэдэн модоо л гайхуулах гээгүй юм бол манай нийслэлийг Азийн цагаан дагина гэх хүн бараг олдохгүй шүү. Үүнийг бид заавал гадаадынхнаар хэлүүлэлтгүй мэдэхийн дээдээр бүгд мэднэ. Гадаадад явж ирсэн хүмүүс бүр ч сайн мэднэ. Эрээн очоод ирэхэд л илд анзаарагдана. Дарга нар бол хэнээс хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Ил хэлэхгүй л болохоос... Сонгууль дөхөхөөр дарга нар их гадаад явна. Зөв шүү дээ. Сонгуулийн дараа юу ч болох юм билээ. Төсвийн мөнгөөр газар үзэж хамгийн тансаг зочид буудалд тухлаж жаахан ч атугай уушиг нь дахь угаараа цэвэр агаараар сэлгэвэл урт насална л гэсэн үг. Боломжтой бол нэг ч гэсэн монгол хүн эрүүл энх байг л дээ.

Зөвхөн эд ч биш. Хөдөөнөөс ирсэн бор царайтай малчин бүсгүй Улаанбаатарыг бас голж байнаа. “Нийслэл гээд нэх гоё юм бодоод ирсэн чинь гаднаа гяланцаг, дотроо пяланцаг газар байна” гэнээ. Үнэн шүү дээ. Үнэн гэдгийг нийслэлийнхэн бүгд мэднэ. Дарга нар баахан мөнгө ярьж хотын үзэмж сайжирлаа гэдэг ч хот маань эмх замбараагүй, согтуу хүн барьсан аятай л байдаг. Үүнийг бүгд зөвшөөрнө. Ил хэлдэггүй л болохоос... Дуулж хуурдаж, наргиж цэнгэхдээ л бид үзэсгэлэнт Улаанбаатар гэдэг. Харин гадаадын жуулчдыг эх орондоо урихдаа Улаанбаатараа дурсдаггүй. Онгон байгаль, Чингис хаанаараа л “далалдаг”. Улаанбаатараасаа харин ичдэг. Гэхдээ яах ч аргагүй Улаанбаатарын онгоцны буудалд буулгаж, мордуулдаг болохоор яалтай билээ.

Албан ажлаар ирсэн нэгэн шар толгойт уушийн газар толгой сэгсэрч “Улаанбаатарт ямар ч зохион байгуулалт алга. Цэгцтэй гудамж алга. Хэлд ороогүй жаахан хүүхэд лего тоглоомоор хот барьсантай адилхан” гэж байна. Үнэн. Жаахан хүүхэд эвлүүлдэг тоглоомоороо хот барьвал юу болох уу? Төсөөлөлж байна уу. Төсөөлөхгүй бол Улаанбаатарыг төсөөл...
Улаанбаатарт нэр устай гудамж ховор. Нэргүй гудамжууд нийслэлийг гутааж байна. Нэргүй болохоор нь хэн ч гудамж, гудамжны соёлыг хүндлэхгүй юм. Бид хотын соёл гэж их ярьдаг. Гэтэл хотын соёл гудамжнаас л эхэлнэ. Гудамж нь хоёр дахь гэр шиг бол хотын соёл бий болно. Хаа ч гэж харин гэр хорооллуудад жирийтэл эгнэсэн гудамнууд байх юм. Хотын байшинтай хэсэгт бол мөнгөтэй, хор найруулах чадалтай хүмүүс байшин барилга бариад нийслэлийг төөрдөг байшин шиг болгоод хаячихлаа. За барих нь дүүрч, харин хүн хаагуур явах вэ? гэдгийг л бодолцоосой...

Уул уурхай, онгон байгаль, Улаанбаатарын утаа гурав Монголыг алдаршууллаа. Уул уурхайн гэдэг бол мөнгө гэсэн үг. Тэгэхээр мөнгөөр далалвал хэн ч гэсэн хаана ч гэсэн зориод очно. Үүнийг энэ жил зохион байгуулсан олон уул уурхайн чуулга уулзалт баталлаа. Бас манайд ирсэн дэлхийн олон орны дарга нар давхар батлав. Харин тэд Чингис хаан онгоцны буудлаас төрийн ордон хүртэл машинаар давхихдаа юу боддог бол “Ийм аймаар хоттой улс. Ингэж томрох” гэж гайхдаг болов уу.

Яармагаар өнгөрөхөд л гэр хороолол үзэгдэнэ. Мөн машины угаар, гэрийн утаа, үйлдвэрийн хаягдлаас болж цонхийж сүр жавхаагүй болсон модод харагдана. Улаанбаатарын жавхаагүй, үзэмжгүй, мухар гартай хүн шиг болгоод тайрчихсан модыг хараад, модыг хүн шиг хүндэлдэг гадаад хүмүүсийн сэтгэл нь эмзэглэж байгаа. Үнэн шүү. Японы “Жайка” байгууллагад ажилладаг нэгэн япон “Мод зун ч, өвөл ч үзэмжтэй сайхан харагдах ёстой. Модыг тайрахдаа үүнийг бодолцох ёстой. Гэтэл танайхан хэтэрхий тайрчихдаг тул навчгүй үед нь харахаар өрөвдмөөр байдаг” гэж байна лээ. Тэгэхэд нь би бодож байлаа. Ингэж хэтэрхий тайрснаас болж бас модод үхэж байна уу гэж. Хэрэв Улаанбаатарын автозамын дагуу ургах моддыг сайн харвал өвчтэй, бүр “босоогоороо” үхчихсэн мод олныг харна. Нэгдүгээр хорооллоос баруун дөрвөн замд хүрэх замд бол ийм “талийгаачууд” олон. Хавар, намар, зун, өвөл өнгөрөөд л байдаг. Гэтэл тэднийг аваад “амраачих” сэтгэлтэй хүн ховор л байна. Харангатсан уу, угаартсан уу шалтгааныг нь ч олоосой. Үхсэн модод хүний сэтгэл ч дутсан байх. Бид модоо асарч, хайрлаж, хамгаалахгүй юм бол тариад ч яах билээ... Мод бол агаарын бохирдлын эсрэг бидний урдаа барьдаг нэг зэвсэг шүү дээ. Улаанбаатарчууд агаарын бохирдлоо хэмжих ч шаардлагагүй. Гудамжинд ургасан моддоо харахад л хангалттай. Заримын маань уушиг ч хорчийсон халтар навч шиг болсон байгаа.

Уушгийг маань хорчийсон навч шиг болгосон гол буруутан нь утаа гэж байгаа. Утаагаар нийслэлчүүдийг утдаг гол буруутан нь гэр хорооллынхон гэж байгаа. Бүр тодруулвал монгол гэр. Хорин нэгдүгээр зуун гараад монгол гэр “чимээгүй ад үзэгдэв”. Бүгд л монгол гэрийг ад үзэж, гэр хорооллыг орон сууцжуулах хэрэгтэй гэж ярих боллоо. Тэгэх тусам нь үхэхдээ үхэр буугаа тавина гэдэг шиг өвөг дээдсийн маань өвлүүлж өгсөн эсгий гэр Улаанбаатарыг утаагаар утаж (хүйтний улиралд) бас дэлхийд алдаршуулав. Эсгий туургатныг нэгтгэж, Чингис хаан Монголыг нэг алдаршуулсан. Харин одоо Чингис хаан үгүй ч эсгий гэр Улаанбаатарыг алдаршууллаа. Алдаршуулахдаа жаахан буруу талаас нь алдаршуулчих шиг боллоо. Олигтой том үйлдвэр ч байхгүй, цөөхөн хүн амтай атлаа дэлхийн хамгийн бохир агаартай хот гэж Улаанбаатарыг “хаданд гаргав”.

Гэхдээ монгол гэр буруутай гэж үү? Монгол гэрт буруугаа тохвол алдас болно. Эзэн болсон бидний л арчаагүйнх. Байгальд хамгийн ээлтэй монгол гэрийг агаарт хамгийн аюултай болголоо. Шавар байшинд шавааралдан суудаг гэж ад үзэгдэж байсан улсууд хамгийн цэвэр агаарыг амьсгалж байна. Гэтэл бид ганц зуух ч сольж чадахгүй. Хэрэв тэгвэл ядахнаа монгол гэр утаа үйлдвэрлэдэг гэж ад үзэгдэхгүйсэн. Монголын Мянганы сорилтын сангийн Цэвэр агаар төсөл утаагүй зуухыг, америкийн ард түмний татварын мөнгөөр хямдруулж зуу хүрэхгүй мянган төгрөгөөр нийслэлийн зарим гэр хорооллын хороодод борлуулсан. Дараа нь манай Цэвэр агаарын сан дэмжлэг үзүүлж утаагүй зуухыг Хүний хөгжлийн сангийн 21 мянган төгрөгөөр бараг авах боломжтой болгосон. Гэтэл ажил нэг л урагшлахгүй байна. Дарга нар их бүтээн байгуулалт гэсээр энэ сайхан санаагаа бүрэн хэрэгжүүлэхгүй байна. Олон санаа оргож бусгадаг шүү.

Цэвэр агаар төслийнхөн утаагүй зуух хямдарсан үнээр зарахдаа хуучин зуухыг сольж өгч байгаа нь утаагүй зуух борлогдохгүй байгаагийн нэг шалтгаан болж байгаа билээ. Иргэд гал голомтоо өгөхгүй гээд утаатай зуухаа утаагүй зуухаар солих дурамжхан байгаа аж. Үүнийг гэр хорооллын иргэдэд зөвөөр ойлгуулж ухуулах хэрэгтэй байна. Гал голомт бол өсөн дэвшиж байх учиртай. Орон сууцанд амьдардаг зуухгүй айл ч гал голомттой. Тиймээс зуун жилийн өмнө тулгатай байсан эсгий гэр, зуухтай болсон, харин одоо утаагүй зуухтай болвол дэвшил биз дээ.

Мөн бас нэг чухал зүйл бол өвөг дээдсийн өв соёл болсон монгол гэрийн “имижийг” аврах нь монгол хүн бүхний үүрэг. Нэгэнт л нийслэлийн утааны жар далан хувийг үйлдвэрлэдэг гэр хорооллын (монголын нийт хүн амын 45 хувь нь зөвхөн эсгий гэрт амьдардаг) айлуудыг хоёр, гурван жилийн дотор орон сууцанд оруулж чадахгүйгээс хойш монгол гэрийн зуухыг утаагүй болгох нь хамгийн эхэлж хийх арга хэмжээ мөн. Ер нь зөвхөн Улаанбаатарын гэлтгүй, цаашдаа, монгол гэрт утаагүй зуух тавих ёстой гэсэн стандарттай болмоор юм. Мэдээж утаагүй зуухыг илүү монгол ахуйд тохируулах хэрэгтэй. Мөн муу амьдрахаас сайн үх гэдэг. Ингэж бүгд монгол гэрээ чимээгүй ад үзэж байхаас ойрын ирээдүйд хот суурин газар эсгий гэрт амьдрахыг зохицуулсан хуультай ч болмоор байгаа юм. Эс тэгвээс “Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдрах юмсан” гэдэг алдартай мөр “Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л чамайг хордуулна даа” гэж ойлгогдох гээд байна шүү дээ... Монгол гэрийнхээ нэр төрийг аврах нь бидний үүрэг гэдгийг дахин сануулъя... Эсгий гэрээс гарах утааг багасгаж чадвал Улаанбаатарын нэг алдар хасагдах ч монгол гэр нүд үзүүрлэгдэхгүй, нэр хүндтэй байх болноо.

ЧИНГИСИЙН НЭРИЙГ БАРЬЖ ИНДОНЕЗИД БИЗНЕС ХИЙГЭЭРЭЙ

Зүүн Өмнөд Азийн хамгийн том эдийн засагтай Индонези Улс манай уул уурхайн салбарт хөрөнгө оруулж, худалдаа наймаагаа өргөжүүлэх сонирхолтой байгааг өнгөрсөн долоон хоногт болсон анхны Монгол-Индонезийн бизнес форумын үеэр Индонезийн Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Имрон Котан хэлж байлаа.

Индонези Улсын Элчин сайдын яам Монголд байдаггүй тул БНХАУ-ын Бээжин хотоос Монголын хэргийг хавсран ажилладаг Элчин сайд Имрон Котан өнгөрсөн долоон хоногт албаны болон бизнесийн салбарын төлөөлөгчдийг дагуулан Улаанбаатар хотод ирж ажилласан юм.

Индонези бол Зүүн Өмнөд Азийн хамгийн том эдийн засагтай, хурдан хөгжиж байгаа улсуудын нэг. Өнгөрсөн жил эдийн засгийн өсөлт 6 хувь байсан бол энэ жил 7 хувь болж байна. ДНБ-ний 700 тэрбум ам.долларт хүрсэн. Нийт 250 сая хүн амтай асар том зах зээл гэж Элчин сайд Имрон Котан эх орноо танилцуулсан.

Тэрбээр мөн Монгол Улсыг индонезичүүд сайн мэднэ. Бид Хувилай хааны үеэс нэг нэгнээ сайн мэдэх болсон. Чингис хаан, Хубилай хаан гэдэг нэрийг манай улсад андахгүй. Хэрэв та Индонезид очихийг хүсвэл гадаад паспортоо авч ирээд л Монголоос ирсэн гэдгээ хэлээрэй тэгвэл таниас юу ч асуухгүй шууд л виз дараад өгнө гэж ярьж байлаа.

Монгол, Индонезийн худалдаа өнгөрсөн жил 3 сая ам.долларт хүрчээ. Харин жил 8 сая ам.долларт хүртлээ өссөн байна. Үүнд Элчин сайд Имрон Котан их бахархаж буйгаа хэлсэн. Түүний хэлснээр бол манай хоёр улсад худалдаа наймаа хийх асар их боломж байгаа гэнэ.
Индонезид үйлдвэрлэдэг олон бараа бүтээгдэхүүний Монголын зах зээлд шингээх боломжтой. Жишээлбэл, хүнсний бүтээгдэхүүн, эм зэргийг импортлох бүрэн боломж бий гэж Элчин сайд Имрон Котан ярьж байв.

Манай хоёр улсад аялал жуулчлалын салбарт ч хамтран ажиллах боломж бийг тэрбээр бас дурдсан. Чингис хаан, Хубилай хаан гэхийг сонсоод л индонезичүүд Монголд ирэхийг хүснэ. Тиймээс та нар Чингис хаан, Хубилай хааныг нэрийг барьж манай улсад бизнес хий. Манай зах зээл маш том. Аялал жуулчлал хөгжсөн. Мөн монголчууд ч гэсэн Индонези рүү чөлөөтэй аялаж болно. Дөнгөж гэрлэж байгаа монгол залуус Индонезид очиж Бали арал дээр бал сараа тэмдэглээрэй. Хэрэв та баян бол бүхэл бүтэн арал түрээслээд бал сараа ч тэмдэглэж болно. Яагаад гэвэл манай улсад ойролцоогоор 18 мянган арал бий гэж тэрбээр бас ярьсан.
Элчин сайд Имрон Котан мөн өөрийгөө монголтой төстэй гэж хошигнон хэлж байлаа. “Манай улсад 500 гаруй үндэстэн угсаатан бий. Зарим нь та нартай төстэй. Би ч гэсэн тэндээс гаралтай. Хэрэв миний нэрийг Эрдэнэ болгочихвол та нар намайг монгол гэж андуурна” гэж тэр алиалж байлаа.

Уул уурхайн салбарт хамтран ажиллах их боломж байгааг ч Элчин сайд Имрон Котан мэдээж бас дурдсан. Индонезид уул уурхайн салбарыг хөгжүүлсэн туршлага, туршлагатай мэргэжилтнүүд бий гэдгийг тэр онцолж байсан. “Өнгөрсөн жил танай Ерөнхий сайд Индонезид айлчлахад би дагалдаж явсан. Тэгэхэд би манай хоёр улс уул уурхайн салбарт хамтарч ажиллахад их ашигтай юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Ерөнхий сайд С.Батболдтой мөн биечлэн уулзахад тэрбээр бас надтай санал нэг байсан” гэж Элчин сайд Имрон Котан хэлээд Индонезийн гурван том хөрөнгө оруулагч Монголд хөрөнгө оруулахыг сонирхож байгааг Монгол-Индонезийн бизнес форумын үеэр монголын бизнес, улстөрийнхөнд хэлэв. Тэрбээр “Би жижиг жараахайнуудыг яриагүй шүү. Харин том загаснуудыг ярьж байна. Энэ гурван хөрөнгө оруулагч бол дэлхийн хамгийн баян хүмүүсийн тоонд ордог. Хэрэв үүнийг сонирхож байгаа хүн байвал надтай биечлэн уулзаарай. Та нар сэтгэл хангалуун байна гэдгийг би амлаж байна” гэсэн. Элчин сайд мөн хоёр улсын хамтын ажиллагааг улам хөгжүүлж, бизнес хийх санаа оноотой хүн байвал хувийн утасны дугаараар өгнө гэж хэлж байлаа.


МОНЦАМЭ 2011.9 сар

Металлурги, гангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх бүрэн боломжтой

Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг сүүлийн жилүүдэд Монголд олон зохион байгуулах болсон. Шил дараалан болж буй эдгээр чуулга уулзалтад гадаад, дотоодын оролцогчдын тоо цөөрөхгүй, нэмэгдсээр буйг харахад уул уурхайн сэдвээр олон улсын чуулга уулзалтыг зохион байгуулах нь ашигтай бизнес болжээ. Ганцхан энэ жишээ л манай уул уурхай дэлхийн анхаарлын төвд байгааг батална. Арваадхан жилийн өмнө хойноос нь гүйгээд ч биднийг тоохооргүй дэлхийн том компани, үйлдвэрүүд өөрсдөө манайх руу хошуурах боллоо. Энэ бол сайн мэдээ.

Өнгөрсөн долоон хоногт хоёр өдөр Төрийн ордонд болсон “Metals Mongolia-2011” уул уурхай, металлургийн салбарт хөрөнгө оруулагчдын анхдугаар чуулга уулзалт бол манайд зохион байгуулагдсан олон чуулга уулзалтын нэг юм. Чухам яагаад анхдугаар гэж нэрлэснийг, зохион байгуулагчид нь тайлбарлахдаа, ашигт малтмалын асар их нөөцөө зөвхөн түүхийгээр нь гадагшаагаа гаргах биш, харин нэмүү өртөг шингээж боловсруулахыг илүү анхаарч буй тул энэ чуулга уулзалт бол анхных. Өмнө нь уул уурхайн олборлох үйлдвэрлэл хөгжөөгүй байхад боловсруулах үйлдвэрлэлийг ярих боломжгүй байсан. Гэтэл одоо уул уурхайн олборлох үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж дэлхийн анхаарлыг татаж байна. Ийм цаг үед олборлох үйлдвэрлэлийг түшиглэсэн металлургийн салбарыг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Манай чуулга уулзалт бол уул уурхайг дараагийн хөгжлийн шатанд гаргаж, Монголын эдийн засгийн хөгжилд шинэ эргэлт хийх зорилготой гэцгээж байсан.

Уул уурхайн хөгжлийг шинэ шатанд гаргах энэ чуулга уулзалтанд Монголд металлургийн үйлдвэр байгуулахад техник технологиос нь авахуулаад бүгдийг нь шийдээд өгчих дэлхийн бүх л том компани, аж ахуйн нэгжийн төлөөлөгчид оролцжээ. Хоёр зуу гаруй гадаадын боловсруулах үйлдвэрлэлийн аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчид ирсэн гэж зохион байгуулагчид нь хэлсэн. Жишээ нь, Казакстанаас “Тау-Кен Самрук”, Японоос “Кобе стийл”, Өмнөд Солонгосоос “Поско”, Австралиас “Экстрато технологи”, Финляндаас “Оутотек” гээд л дэлхийн металлургийн салбарт нэр хүндтэй том компаниуд Улаанбаатарт цуглажээ.

Чуулга уулзалтад нийт 800 гаруй төлөөлөгчид оролцсоноос 60 гаруй хувь нь дотоодын хөрөнгө оруулагчид байлаа. Мөн ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, ҮХШХ-ны дарга Ч.Хашчулуун, ЗТБХБ-ын Х.Баттулга нар илтгэл тавьж Монголын эдийн засаг, нийгмийн байдал, хар төмөрлөгийн болон зэс хайлуулах үйлдвэр байгуулах боломж гээд л хамаг бүхнээ хөрөнгө оруулагчдад тайлагналаа.

ЭБЭХ-ний сайд, “Монголын геологичид судалгаа хийж төмрийн хүдрийн ордын 14 гол бүс нутаг тогтоон, 11 тэрбум тонн төмрийн хүдрийн таамаг нөөц бий гэж тодорхойлсон. Үүнээс нөөц нь тогтоогдсон 33 ордын 660.8 сая тонн баталгаат төмрийн хүдрийн нөөц байгаа” гэж илтгээд Дарханд жилд 1 сая хүртэлх тоннын хүчин чадалтай ган бэлдэц, төмөр хийцийн үйлдвэр, Сайшандад жилд 4.5 сая хүртэлх тонн хүчин чадалтай хорголжин төмрийн үйлдвэр байгуулах төлөвлөгөө, хувилбар бий гэдгийг ч танилцуулсан.

Харин ЗТБХБ-ын Х.Баттулга, монголчуудын өвөг дээдэс хүрэл болон төмөр зэвсгийн үеэс хүрэл, төмөр зэр зэвсэг, эд эдлэлийг ахуй амьдралдаа өргөнөөр хэрэглэн, ган төмөр хайлж, төмрийг эзэмшиж ирснийг археологийн олдворууд нотолсон гэдгийг сануулаад Монголд металлурги, гангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх бүрэн бололцоотой гэж хэллээ. Мөн тэрбээр, хэдийгээр бид дэлхийн хамгийн том түүхий эдийн хэрэглэгч Хятад улстай хаяа нийлэн оршин буй нь эерэг талтай ч нөгөө талаас хоёрхон улстай хиллэлдэг далайд гарцгүй газар зүйн байршил нь сул тал болдог. Бид хоёрхон улстай бус харин бүс нутаг дахь бусад аж үйлдвэржсэн улсуудад уул уурхайн бүтээгдэхүүнээ худалдах бодлого баримталж байна. Энэ бодлогыг хэрэгжүүлэх үүднээс манай Засгийн газар эрдэс баялгийн олборлолт, боловсруулалт, тээвэрлэлтийг цогц байдлаар харж, эдийн засгийн болоод геополитикийн ашиг сонирхолоо хангахад чиглэгдсэн тээврийн дэд бүтцийн бодлогыг боловсруулаад хэрэгжүүлж эхлээд байна гэв.

Манай улс 2010 онд төмөр замаар БНХАУ руу 3.3 сая тонн төмрийн хүдрийг экспортолсон бөгөөд “Болдтөмөр Ерөө гол” ХХК дангаараа 2.3 сая тонныг гаргажээ. Цаашид 2011-2015 онуудад, Төмөртэйн ордыг ашиглахад 6 сая гаруй тонн төмрийн хүдэр экспортлох магадлалтай байгааг ч Х.Баттулга дурдсан.

Харин ҮХШХ-ны дарга Ч.Хашчулуун “Улаан, Цавын холимог металлын баяжмалыг боловсруулах үйлдвэрийг 2015 оноос барьж эхэлнэ... Сайншандад коксын, хар төмөрлөгийн, нүүрс хийжүүлэх, зэс хайлуулах, барилгын материалын, газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг барьж хүнд аж үйлдвэрийн цогцолборыг байгуулна... Цагаан суваргын зэс, молибдений ордын олборлолтыг 2012 оноос эхлүүлж, катодын зэсийн үйлдвэрийг 2013 оноос ашиглалтанд оруулна” гэх зэрэг олон бүтээн байгуулалтыг дурдав.

Гэхдээ боловсруулах үйлдвэрлэл, олборлох үйлдвэрлэлээс ялгаатай нэг онцлог нь хүссэн хэмжээгээрээ экспортлох боломжгүйд оршиж байгаа. Учир нь манайх одоохондоо баяжуулсан, хагас боловсруулсан бүтээгдэхүүнээ хямд үнээр урд хөрш рүүгээ гаргаж байгаа болохоор Хятадын зах зээлд өрсөлдөх чадвартай байгаа. Гэтэл, жишээ нь, боловсруулсан төмрийг их хэмжээгээр үйлдвэрлээд Хятад руу гаргахад бэрхшээл учирч болох юм гэж зарим мэргэжилтнүүд хэлж байсан.

Тухайлбал, манай улс боловсруулсан төмөр экспортолж ашиг олж чадахгүй гэж Өмнөд Солонгосын “Поско” компани Монголд судалгаа хийхдээ дүгнэсэн байна. Нэгэнт л боловсруулсан төмөр экспортлохгүйгээс хойш танай улс дотоодын хэрэгцээндээ зориулж уламжлалт технологиор биш шинэ технологиор бага оврын төмрийн үйлдвэр байгуулах л ашигтай. Бид багаар бодоход 5 сая тонн хүртэлх төмөр боловсруулдаг үйлдвэр байгуулж өгнө. Түүнээс доош үйлдвэр манай технологиор байгуулвал ашиггүй гэж "Поско" компанийнхан зөвлөжээ.

Манай дотоодын төмрийн хэрэгцээ 200 зуу гаруй тонн. Ойрын ирээдүйд 1 сая тонн хүрэх төлөвтэй байгаа. Ер нь бол 1 сая хэтрэхгүй. Тиймээс төмрийн хүдрээс эцсийн бүтээгдэхүүн гаргахдаа зөвхөн дотоодын хэрэгцээндээ л зориулж үйлдвэрлэх хэрэгтэй. Харин завсарын бүтээгдэхүүнийг (аргалж, хорголжийг) экспортонд гаргах боломжтой гэж зарим мэргэжилтнүүд тооцоолж байна.

Цайр боловсруулах үйлдвэр байгуулсан ч гэсэн хүчин чадлын хувьд том биш бага оврын байвал манай зах зээлд илүү тохиромжтой гэнэ. Зургаа дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа Монголын анхны цайрын уулын баяжуулах үйлдвэр “Цайрт Минералс” ХХК-ийн тэргүүн дэд захирал С.Батхүүгээс ямар хэмжээний хүчин чадалтай цайр боловсруулах үйлдвэр байгуулвал тохиромжтой вэ? гэж асуухад “Бага хүчин чадалтай үйлдвэр байгуулах тохиромжтой болов уу. Жилдээ 20 мянга ч юм уу, 100 орчим мянган тонн үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байвал зүгээр байх. Зүүн бүсэд бол 100 орчим мянган тоннын хүчин чадалтай үйлдвэр байгуулах тохиромжтой” гэж хариулсан.

Чуулга уулзалтанд мөн алт цэвэршүүлэх үйлдвэр барих талаар илтгэл тавьсан. "Гложекс" группын ерөнхий захирал Л.Наранбаатар тавьсан илтгэлдээ, Монгол алтны арвин нөөцтэй улс. Тиймээс алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулахад эхний ээлжинд 2012-2015 оны хооронд жилд 15 тонн, дараа нь үүнийгээ өргөжүүлж 2016 оноос 40 тонн цэвэршүүлсэн алт гаргах хүчин чадалтай үйлдвэр байвал тохиромжтой гэсэн судалгааг бид хийсэн. Мөн байршилын хувьд алт цэвэршүүлэх үйлдвэрийг, хэдийгээр одоогийн байдлаар Сайншандын аж үйлдвэрийн цогцолборт барина гэж байгаа ч, олон улсын туршлагаас харахад олон улсын онгоцны буудалтай ойрхон байлгах нь зүйтэй. Алт цэвэршүүлэх үйлдвэрийн барилга байгууламж нь том биш авсаархан, эрчим хүч, ус маш бага шаардана. Олон улсын онгоцны буудалд ойрхон байснаар аюулгүй байдлыг хангаж, тээвэрлэлтийн зардлыг багасгахад тустай гэлээ. Гэхдээ тэрбээр “урт нэртэй” хууль байгаа нөхцөлд алт цэвэршүүлэх үйлдвэрийг барих тухай ярих утгагүй зүйл гэж бас хэллээ.

Мөн зэс хайлуулах үйлдвэр байгуулахад тулгарах эрсдэлийн талаар "Монгол-999" үндэсний нэгдэл ХК-ийн зөвлөх С.Дамбадаржаа илтгэл тавьсан. Тэрбээр, Сайншандын аж үйлдвэрийн цогцолборт жилд 300 мянган тонн зэс хайлуулах үйлдвэр байгуулахад анхаарах зүйл бол хүхрийн хүчил юм. 1 тонн зэс үйлдвэрлэхэд 3-4 тонн хүхрийн хүчил гардаг. Хүхрийн хүчлийг яах вэ? гэдгийг шийдэж байж л зэс хайлуулах үйлдвэрийг ашигтай ажиллуулна. Хэрэв Монголд 300 мянган тонн зэс гаргах үйлдвэр барьвал сая гаруй тонн хүхрийн хүчил гарна. Тиймээс хүхрийн хүчлийг ашиглаж бордоо хийж зарвал зэс хайлуулах үйлдвэр зэснээсээ биш харин дагалдах хүхрийн хүчлийг ашиглаж бий болгосон бүтээгдэхүүнээсээ илүү ашиг олно гэлээ.

300 мянган тонн зэсийг нэг тонныг 350 ам.доллароор зарахад сая орчим ам.долларын ашиг олох аж. Харин 1 сая гаруй тонн хүхрийн хүчлийг нэг тонныг нь 60 ам.доллароор бодоход 60 сая гаруй ам.доллар олох боломжтой. Гэтэл энэ хүхрийн хүчлээ ашиглаад бордоо хийвэл 150 сая орчим ам.доллар олох боломжтой ажээ. Тиймээс Сайншандын аж үйлдвэрийн паркад химийн үйлдвэрийг байгуулвал илүү ашигтай гэж С.Дамбадаржаа санал болгов.

Иймэрхүү сонирхолтой саналууд “Metals Mongolia-2011” чуулга уулзалтын үеэр гарч байлаа. Ер нь Монголд металлургийн салбар олигтой хөгжөөгүй, бараг бараг үүсэх шатандаа л хөгжиж байгаа гэж олон хүмүүс дүгнэж байсан. Тэдний нэг нь ЭБЭХЯ-ны Уул уурхай, хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга Б.Батхүү. Түүнтэй уулзаж чуулга уулзалтын ач холбогдлыг асуухад “Монголд одоо төрийн өмчит Дархан төмөрлөгийн үйлдвэр л хаягдал төмрийг хайлуулж, цувиад барилгын салбарт ашиглах төмрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Мөн гадны хөрөнгө оруулалттай жижиг оврын хар төмөрлөгийн хэдэн үйлдвэр энэ аргаар бас төмөр үйлдвэрлэж байгаа. Эрдэнэт үйлдвэрийн хажууд хүдрийн хаягдлаар маш бага хүчин чадалтай бас нэг үйлдвэр бий. Харин хувийн өмчит “Хөх ган” үйлдвэр Архангай аймагт олборлосон төмрийн хүдрээ хагас боловсруулж гаргадаг. Зэсийн хувьд бол Эрдэнэт үйлдвэр л ганцхан зэсийг хагас боловсруулж, баяжуулаад гадагш гаргаж байгаа. Тиймээс үндсэндээ Монголд металлургийн салбар хөгжиж чадаагүй. Үүнийг хөгжүүлэхийн тулд л энэ чуулга уулзалтыг хийж байгаа” гэж хариулав.

Чуулга уулзалтын сүүлд Засгийн газар, хувийн бизнес эрхлэгчдийн төлөөлөгчид чөлөөтэй санал бодлоо солилцоход өнгөрсөн жил болсон “Goal Mongolia” чуулга уулзалт шиг халуун маргаан үүссэнгүй. Ямартаа ч Засгийн газар металлургийн салбарыг хөгжүүлэхэд тууштай дэмжинэ гэдгээ илэрхийлэв. Гэхдээ боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд зангилаа бодлого дутагдаж байгааг ЭБЭХ-ний сайд хэлэв.
2011.11.4-5

Хөвсгөл нуур төрсөн нутгийн минь санагдуулсан

Вашингтоны гудамжаар бороотой өдөр алхаж явах үедээ Монголд хоёр жил ажилласан Олон улсын валютын сангийн суурин төлөөлөгч Пармершвар Рамлоган эрс тэс уур амьсгалтай манай орны нартай өдрүүдийг үгүйлэх нь гарцаагүй.

Өнгөрсөн бямба гарагт тэр гэр бүлийн хамт нутаг буцсан билээ. Нутаг буцахаас нь нэг өдрийн өмнө намрын шаргал наран цонхоор нь туссан ажлынх өрөөнд түүнтэй уулзахад тэрбээр Монголын нартай өдрүүдэд дуртай гэж байсан.

“Монголын зун сайхан. Би Карибын тэнгисийн Тринидад, Тобагогийн арлууд дээр төрсөн болохоор зуны улиралд дуртай. Миний төрсөн нутагт борооны, хуурай гэж хоёр л улирал байдаг. Ер нь Монголд нартай өдрүүд их болох юм. Өвөл ч гэсэн нартай сайхан өдрүүд олон. Гэтэл Вашингтонд өвөл жиндүү хүйтэн, бороотой өдрүүд их болдог. Хэдийгээр Монголд богинохон хугацаанд ажиллаж, амьдарсан ч би өөрийн гэр бүлийнхэнтэй хамт дурсамжтай сайхан олон мөчийг өнгөрөөлөө. Монголд ирж ажиллаж, амьдарсан энэ хугацаандаа Монголын ард түмний соёл, аж амьдралтай танилцлаа. Монголын байгаль үнэхээр үзэсгэлэнтэй. Би дэлхийн олон орноор явахдаа ийм үзэсгэлэнтэй байгальтай газар үзээгүй” гэж тэр ярьсан юм.

Түүнээс Монголд хийсэн ажлынх нь талаар болон Монголын эдийн засгийн өнөөгийн байдлыг асуув.

СТАНД-БАЙ ХӨТӨЛБӨР БҮТЭЛГҮЙТЭХ ВИЙ ГЭЖ САНАА ЗОВЖ БАЙСАН ҮЕ БИЙ

Засгийн газартай хамтран Станд-бай хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэндээ Пармершвар Рамлоган сэтгэл хангалуун явдгаа илэрхийлэхдээ “ОУВС-гийн Монголд амжилттай хэрэгжсэн анхны хөтөлбөр миний ажиллах хугацаанд таарсанд би их баяртай байдаг. Монголын Засгийн газар, ОУВС хоёр үнэхээр сайн хамтран ажилласан. Бидний харилцаа нэг нэгнээ хүндэтгэсэн, халуун дотно уур амьсгалтай байсан” гэж хэлэв.

Гэхдээ санал зөрөх асуудал байсныг тэр нуусангүй. Хөтөлбөр бүтэлгүйтэх вий гэж заримдаа санаа зовдог байж. Хөтөлбөр хэрэгжих үед суурин төлөөлөгч нойргүй хонох ч тохиолдол гардаг байсан байна. Вашингтон, Улаанбаатарын цагийн зөрөөнөөс болж, өдөр нь ажлаа хийсний дараа шөнө дөл болтол төвтэйгээ харилцаж гэртээ ажилладаг байж.

Чухам ямар асуудлаар санал зөрөлддөг байсныг түүнээс асуухад “Төсвийн бодлогыг хэрэгжүүлэхэд их санал зөрсөн. Бид Засгийн газрыг илүү чанга төсвийн бодлого хэрэгжүүлж, зарлагыг багасгахыг шаардсан. Одоо ч гэсэн бид энэ оны төсвийн тодотгол хийх шаардлагагүй гэж үзэж байгаа. Учир нь төсвийн зарлага ихэссэн нь инфляци өсөхөд нөлөөлсөн” гэж хариулав.

ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХИЙВЭЛ БОДЛОГЫН ХҮҮГ НЭМЭХЭЭС ӨӨР АРГАГҮЙ

Хэрэв Засгийн газар 2011 оны төсөвт тодотгол хийн, зарлагаа нэмбэл Монголбанк бодлогын хүүгээ одоо байгаагаасаа улам нэмэх шаардлагатай болно гэж Пармершвар Рамлоган үзэж байна.

“Засгийн газрын зарлага дахин нэмэгдвэл инфляцийн дарамтыг улам ихэсгэнэ. Одоо ч гэсэн инфляцийн дарамт их байна. Эдийн засаг хурдан тэлж, хэт халж байна. Энэ үед Засгийн газрын зарлага нэмэгдвэл дотоодын үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, хэрэгцээг хангаж чадахгүй инфляцийг өсгөнө. Энэ нь ядуу, эмзэг бүлгийнхэнд л илүү хүндээр тусна. Тиймээс л бид төсвийн тодотгол хийхийг дэмжихгүй байгаа. Хэрэв Засгийн газар инфляцийг үл хайхран зарлагаа нэмэгдүүлвэл Монголбанк мөнгөний бодлогын байр сууриа хатууруулж, бодлогын хүүгээ өсгөх шаардлагатай болно. Засгийн газрын зарлага нэмэгдэхэд хувийн салбарынхан агших шаардлагатай нөхцөл байдал үүснэ. Энэ бол төсвийн тодотгол хийсний нэг үр дагавар... Мэдээж мөнгөний бодлогыг чангалвал зээлийн хүү өсөх нь ойлгомжтой. Зээлийн хүүг нэмвэл бизнес эрхлэгчдэд сөргөөр нөлөөлнө. Харамсалтай нь үүнээс өөр арга байхгүй. Хэрэв инфляцийн эсрэг арга хэмжээ авахгүй бол байдал улам дордож мэднэ. Гэхдээ төсвийн тодотгол хийгээгүй байлаа ч инфляцийн дарамт их байгаа болохоор Монголбанк мөнгөний бодлогоо сулруулж болохгүй.”

“Инфляци бууруулахад мөнгөний бодлогыг чангалахаас өөр арга байхгүй юу?” гэж түүнээс асуухад “Инфляци өсч, буурах гол шалтгаан нь Засгийн газрын зарлага. Тиймээс инфляцитэй тэмцэнэ гэвэл төсвийн зарлагыг л хянах ёстой. Монголын эдийн засагт төсвийн бодлогоос л бүх юм хамаарч байна. Мөнгөний бодлого ч мөн төсвийн бодлогод хариу арга хэмжээ авсан байдалтай байгаа тул инфляцийг бууруулахад төсвийн бодлогыг л хумих ёстой. Монголд мөнгөний бодлого олон зүйлийг хийж чадах боловч ганцаараа инфляцийг бууруулж чадахгүй. Инфляцийн эсрэг хамгийн түрүүнд төсвийг бодлогыг хумиж тэмцэх ёстой” гэж хариулав.

Тэрбээр мөн, эрдэс баялгийн дэлхийн зах зээлийн үнээс шууд хамаарч төсвийн бодлого тодорхойлогдож байсныг болиулахын тулд УИХ Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталсан. Энэ хуулийн гол санаа бол дэлхийн зах зээл дээр эрдэс баялгийн үнэ өндөр байхад Засгийн газар зарлагаа нэмэлгүй, хуримтлал үүсгэнэ. Харин эрдэс баялгийн үнэ унаж, улсын төсвийн орлого багасахад, хуримтлуулсан хөрөнгөө ашиглаж, төсвөө танах шаардлагагүй байхад оршино гээд “Гэтэл энэ жил Засгийн газар тэртэй тэргүй алдагдалтай баталсан төсөвтөө тодотгол хийх гээд байгаа нь 2008 хямралын өмнөх үеийг санагдуулж байна” гэв.

ХУУЛЬ ТОГТООХ, ГҮЙЦЭТГЭХ ЗАСАГЛАЛЫН ЗААГ БҮДЭГ
Пармершвар Рамлоган Монголын улс төр, эдийн засаг хоёр салшгүй холбоотой байдгийг сайтар ойлгосон байна. Түүний ажиллаж байсан олон улсад улс төр, эдийн засаг хоёр нь манайх шиг нягт холбоотой байгаагүй гэнэ.

“Монголд улс төр, эдийн засгийг ялгаж салгах боломжгүй. Яагаад гэвэл Монгол хүчтэй парламенттай орон. Монголын парламент бусад орныхтой харьцуулахад эдийн засагт их нөлөөтэй. Тиймээс бид Монголын парламентийн гишүүдтэй их ойр ажиллах шаардлага гарсан. Зөвхөн Засгийн газар, мэргэжилтнүүдтэй ярилцаад асуудлыг шийдэх боломжгүй. Заавал ч үгүй, УИХ-ын гишүүдтэй уулзаж, бодлогын зөвлөмжөө тайлбарлах шаардлагатай байсан. Өмнө нь миний ажиллаж байсан улс орнуудад ингэх шаардлага гарч байгаагүй. Харин Монголд л би улс төрчидтэй уулзаж ажлаа танилцуулж, итгүүлэхэд их цаг зарцуулсан. Монголд хууль тогтоох, гүйцэтгэх засаглал хоёрын зааг ялгаа их бүдэг байна” гэж тэр хэлж байлаа. Дашрамд дурдахад, Пармершвар Рамлоган Латин Америк, Өмнөд Африк, Карибын тэнгисийн улс орнууд гээд олон улсад ажиллаж байжээ.

ХӨГЖЛИЙН БАНК ТӨСВИЙН ЗАРЛАГЫГ НУУХ ХЭРЭГСЭЛ БОЛОХ ВИЙ
Хөгжлийн банкыг улсын төсвөөс гадуур зарлага нэмэгдүүлэх нэг хэрэгсэл болох вий гэж ОУВС сэрэмжүүлэх болсон. Үүнийг Пармершвар Рамлоганаас тодруулж асуухад тэрбээр ингэж хариуллаа.

“Хөгжлийн банк бол арилжааны банк байх ёстой. Үйл ажиллагаагаа санхүүжүүлэх чадвартай арилжааны банк байхын тулд зарлагаа нөхөх боломжтой, ашиг олох төслүүдийг санхүүжүүлэх учиртай. Гэтэл Хөгжлийн банкны төлөвлөгөөнд одоогоор ийм зүйл байхгүй байна. Хөгжлийн банк дэд бүтэц, барилга, төмөр зам гэх мэт шууд орлого олох боломжгүй төслүүдийг санхүүжүүлэхээр яригдаж байна. Хэрэв Хөгжлийн банк зээл авч эдгээр төслүүдийг санхүүжүүлсний дараа ямар ч ашиггүй байвал зээлийн эргэн төлөлтийг төсөвт л найдахаас өөр аргагүй болно. Эндээс харахад эцсийн эцэст улсын төсөв л дээрх төслүүдийг хэрэгжүүлж байгаа санхүүгийн эх үүсвэр гэдэг нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын төслүүд эцсийн эцэст төсвөөс санхүүжих атлаа төсөвт тусгагдаагүй Хөгжлийн банканд харьяалагдаж байдаг. Тиймээс л бид Хөгжлийн банк, Засгийн газрын төсвөөс гадуурх зарлагын хэрэгсэл болж байна гэж үзэж байгаа юм. Засгийн газар зарим зарлагаа Хөгжлийн банк руу шилжүүлснээр цаасан дээр харьцангуй зарлага багатай мэт харагдах болно. Гэвч яг бодит байдал дээрээ бол энэ бол Засгийн газрын зарлага.”

СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ СҮҮНД ОРООД БУЦЖЭЭ
Хэдийгээр нүүдэл суудал хийгээд завгүй байсан ч тэрбээр цааргалж түдгэлзсэнгүй ийнхүү ярилцлага өгсөн. Ер нь их энгийн хүн. Тэрбээр зургаан хүүхэдтэй өнөр өтгөн айлын дөрөв дэх хүүхэд. Гурван ахтай, эмэгтэй, эрэгтэй нэг дүүтэй. Харин өөрөө дөрвөн хүүхэдтэй. Нэг хүү, гурван охинтой. Том хүү нь 30-тай бол том охин нь 28 настай. Түүний дараах нь 20 настай одоо их сургуульд сурдаг. Бага охин маань Монголд эцэг эхтэйгээ хамт амьдарч энэ хавар дунд сургууль төгссөн. Одоо Канадад суралцаж байгаа гэнэ. Тэрбээр Монголын байгаль, зуны улиралд дуртай. Ноднин зун Хөвсгөл нуурыг очиж үзээд төрсөн нутгаа санасан гэнэ. Цэвэр тунгалаг Хөвсгөл нуурын ус түүнд төрсөн нутаг дахь Карибын тэнгисийг нь санагдуулжээ.

Хоёр жил гаруй Монголд ажиллахад нэг бэрхшээл нь Вашингтон, Улаанбаатарын цагийн ялгаа. Нөгөө бэрхшээл нь мах байсан гэнэ. Монгол дахь ажил нь дуусахад Вашингтонд ажлын цаг эхэлж байдаг болохоор зарим үед гэртээ очоод үүр цайтал төвтэйгээ холбогдож ажилладаг байж. Харин махны хувьд гэвэл тэрбээр угаасаа мах иддэггүй ногоон хоолтон учир монгол найз нөхдийнхөөрөө зочилохоос авахуулаад ажлаар хөдөө гадаа явахад нь хоол ундны асуудал байнга тулгардаг байсан байна.

Анх Монголд ирэхдээ тэр мах байтугай сүү, сүүн бүтээгдэхүүн ч хэрэглэдэггүй, ер нь малын гаралтай ямар хоол хүнс хэрэглэдэггүй жинхэнэ ногоон хүнстэн байжээ. Харин Монголоос буцахдаа сүү, айраг уудаг болж цагаан хоолтон болсон байна.

Мэдээж зунд дуртай хүн, өвөлд дургүй байх нь ойлгомжтой. Өвөл түүний хамгийн дургүй зүйл нь олон хувцас давхарлаж өмсөх. “Олон хувцас давхарлаж өмсөхөөр биед эвгүй байдаг юм. Гэртээ очоод бараг арван минут хувцсаа тайлах гэж зүдэрдэг” гэж хошигнон хэлж байсан. Гэхдээ Монголын өвөл санасныг нь бодоход харин ч гайгүй байсан гэнэ. Монголд ирэхээс нь өмнө хүмүүс Монголын өвлийн тухай ярихыг сонсоод тэр эмээж байжээ. Харин ирээд хуурай уур амьсгалтай Монголд өвлийн нартай өдрүүд олон болдгийг тэр мэджээ.

Вашингтонд очоод ОУВС-ийн удирдах дээд байгууллагын ажлын албанд ажиллах юм байна. Энэ удирдах дээд байгууллага нь ОУВС-ын үйл ажиллагааг ерөнхийд нь удирдаж, шийдвэр гаргадаг байгууллага тул Монголд хийж байсан ажлаас нь арай ондоо гэнэ.

Ийнхүү хоёр жилийн өмнө Монголын эдийн засаг хямарч байхад ирсэн ОУВС-гийн суурин төлөөлөгч Монголын эдийн засаг сэргэж байх үед нутаг буцлаа.

2011.10

Tuesday, 15 November 2011

БУДДЫН ШАШИН ДААТГАЛЫН КОМПАНИ БИШ

Дээрхийн гэгээн 14 дүгээр Далай лам, орчин үед Буддын шашны ном сургаалыг энгийн иргэдэд тайлбарладаг төвүүд их хэрэгтэй. Монголын залуучууд та нар өөрсдөө жижиг жижиг бүлгэмүүд байгуулаад Буддын шашны сургаал, онол зэргийг хоорондоо ярилцаж, санаа оноогоо солилцож бай. Ийм төвүүдийг энэтхэг, төвд залуучууд Энэтхэгийн Дарамсалад олноор байгуулж байгаа. Их үр дүнтэй, ач тустай юм байна лээ. Буддын шашны нотлохуй ухаан бол бүх ажил мэргэжилтэй хүмүүст ач тусаа өгнө. Та бүхэн Буддын шашны нотлохуй ухааныг эзэмшээд ажил төрөлдөө ашиглаа гэж айлдсан билээ.

Монголын Бурханы шашинтны нийгэмлэг бол Далай ламын сургаалыг бодитойгоор биелүүлж буй байгууллага юм. Тус нийгэмлэг энгийн хүмүүст Бурханы шашны сургаал, номлолыг тайлбарлаж, орчин үеийн Бурханы шашинтныг бэлтгэхийг зорин нэг сарын хугацаатай сургалт зохион байгуулж байна.

Уг сургалт сүсэгт суурилсан бус харин мэдлэгт суурилсан Бурханы шашныг иргэдэд түгээх зорилготой. Хэрэв мэдлэгт суурилсан Бурханы шашныг энгийн иргэдэд түгээвэл орчин үеийн, мэдлэгтэй Бурханы шашинтныг олноор төрүүлнэ гэж МБШН-ийн багш, гавж Д.Нямсамбуу хэлж байна.

Орчин үеийн, мэдлэгтэй Бурханы шашинтан гэж хэнийг хэлэх вэ? гэвэл шашныхаа ертөнцийг үзэх үзлийг мэддэг, сайн үйл хэргээрээ үүнийгээ илэрхийлдэг, өөрөө өөртэйгээ тэмцэж, муу сэтгэлээ дийлж, өөрийгөө засаж байж л амар амгаланг олохыг ухаарсан хүнийг хэлэх аж. Түүнээс биш Бурханы шашны талаар юу ч мэдэхгүй байж, зовж ядрахдаа л “Намайг авраачээ, би мөнгө өгсөн шүү!” гээд Ганданд очиж хүрд эргүүлдэг, ламд өргөл барьц, “хээл хахуул” өгч ном уншуулдаг хүний хэлэхгүй гэнэ.

ХХI зуунд Монголд мэдлэгт суурилсан Бурханы шашин маш чухал. Угаасаа л мэдлэгт суурилсан бүхэн чухал болсон зуун бол ХХI зуун. ХХI зууны хувь хүн бол аливааг “Энэ юу вэ?” гэж эргэцүүлэн бодох ёстой. Мухар сүсэг бол хүний эргэцүүлэн тунгаах чадварыг сохолдог. ХБуддын шашны нотлохуй ухаан асар гүнзгий. Энэ давуу талаа ашиглаж хүмүүст хүрэх хэрэгтэй гэж Д.Нямсамбуу ярьж байлаа.

Тэрбээр мөн: Монголчуудын дийлэнх нь Бурханы шашинд даатгалын компани шиг хандаж хар амиа хаацайлан лам хуврагуудад мөнгө өгч байна. Энэ бол таатай хэрэг биш. Бурханы шашин бол үйлийн үрийг л номлодог. Зөв юм хийвэл зөв сайхан байна. Буруу юм хийвэл буруу байна. Энэ чинь зүй тогтол юмаа гэж л номлодог. Орчлон хорвоод та нар бие биенээсээ хамааралтай, бие биендээ хэрэгтэй. Тийм болохоор та нар бие биенээ хүндэлвэл жаргана шүү гэдэг аргыг л Бурхан багш зааж өгсөн. Түүнээс биш надад л итгэвэл, юунд ч бүү санаа зов. Би бүгдийг шийднэ гэж хэлээгүй. Бусад зарим шашинд Ертөнцийн эзэн гэж байдаг бол Бурханы шашинд Бурхан багш гэж бий. Бурхан багш сохроор дагаж мөрдөхийг шаардаагүй. Харин аливааг эргэцүүлж, тунгааж байж мөрдөхийг зөвлөдөг. Тиймээс Бурханы шашинд зөв амьдрах аргыг нь зааж өгдөг. Бурханы шашны аврах, аврагдах зарчим бусад зарим шашнаас ялгаатай. Хэрэв бусад зарим шашинд хүн хүсээд, итгэх л юм бол аврагдана гэж сургадаг бол харин Бурханы шашинд хүн хэчнээн аврагдая гэж бодсон ч үйлийн үр байвал аврагдах боломжгүй. Тиймээс л өнөөгийн монголчууд бид сайн юм хийвэл сайн үр дагавартай, муу юм хийвэл муу үр дагавартай, бид нэгнээсээ хамааралтай гэдгээ ухаарвал манай нийгэм сайн сайхан болох учиртай. Нэг нэгнээ хүндэлдэг, бусдын эрх ашгийг эрхэмлэдэг үзэл Бурханы шашны сургаалыг зөв ухаарсан цагт бий болно гэж сургаж байлаа.

Үнэхээр нийслэлийнхэн бид нэг нэгнээсээ хамааралтай гэдгээ мартсан мэт амьдардаг. Бүгд л “би, би”, “надад, надад” гэсээр ээлж ээлжээрээ таггүй траншейнд унаж үхэцгээх нь. Ер нь зөвхөн онгорхой траншей ч биш ер бүх юманд монголчуудын хувиа хичээсэн, мунхаг чанар харагддаг билээ. Нэг нэгэндээ зам тавьж өгдөггүй. Оочерлож чаддаггүй. Баярлалаа гэж хэлдэггүй. Энэ бүхэн “би бусдаас хамааралгүй тусгай хүн” гэдэг бодлоос бий болсон. Хэрэв монголчууд хамаг юмс харилцан хамааралтай гэдэг Буддын шашны сургаалыг зөв ухаарч, мэддэг бол ядахнаа ухсан нүхээ тойруулаад хашлага бариад, хүн амьтан унаж гэмтэхээс сэргийлэх л байсан. Гэтэл тэгдэггүй нь даанч харамсалтай… Энэ бүхнээс харахад Бурханы шашныг ард иргэддээ зөв ойлгуулж, нийгмээ хүнлэг, соёлтой болгоход ашиглах нь их чухал гэдэг нь тодорхой.

“Бидний амьдрал аль нэг далдын ид шидээс хамаарах биш харин өөрсдөөс маань хамаарна. Тиймээс зовлонгын шалтгааныг өөрөө өөрөөсөө л хайх чухал. Ерөөсөө л харилцан хамаарал, зүй тогтолын үүднээс жаахан ухаж үзэхэд л бусдыг хүндлэх надад ашигтай юм байна гэдгийг ойлгоно. Машин жолоодоод эам дээр явахад дүрэм журмаа мөрдөөд, нэг нэгэндээ зам тавиад сурчихвал эргээд энэ үйлдэл нь өөрт нь ашигтай болно гэдгийг харилцан хамаарал, зүй тогтолын үүднээс ч батлагдана” гэж Д.Нямсамбуу нотолж байна.

Түүний хэлсэн маргашгүй үнэн билээ. Монголчууд буян хийнэ гэдгийг өдөр тутмын амьдралаасаа тустай, хааяа нэг дотны хүн нас барахад хийдэг зүйл гэж ойлгоно. Гэтэл тийм биш. Хүн унаад гэмтэж бэртчих вий гээд траншейны тагыг таглахад ч гэсэн буян болно. Мөн ядарсан хүнд автобусанд суудал тавьж өгвөл ч буян болно. Тиймээс ч Бурхан багш “Буян хийвэл амар амгаланг олно” гэж айлджээ. Харин өнөөгийн монголчууд бидэнд хийсэн үйлдэл маань хамаагүй. Харин том мундаг ламд очоод л “бүх юмаа аргалуулах” хангалттай байдаг. Энэ бол буруу гэдгийг гавж Д.Нямсамбуу бас хэллээ.

“Буддын шашинд ид шид гэмээр зүйл бий. Гэхдээ энэ бол голлох хүчин зүйл болдоггүй. Ном уншуулж байгаа хүмүүсийг Бурхан багшийн айлдаагүйг хийлээ гэвэл туйлшрал. Мөн Бурхан багшийн хий гэснийг хийж байна гэвэл бас туйлшрал. Миний бодлоор бол бид голлох хүчин зүйлээ, гишүүн хүчин зүйлээр л солиод байна даа” гэж Д.Нямсамбуу хэлээд Бурханы шашны цөм бол хүн өөрөө өөртөө аврал гэдэг сургаалд л оршино. Аливаа ид шид бол хэзээ ч Бурханы сургаалын гол цөм нь байгаагүй гэв.

Далай лам мөн ч үүн лүүгээ агаар нэг сургаал айлдаж байсан. Тэрбээр Бурханы шашны талаар мэдлэгтэй байх нь хоосон сүсэгтэй байхаас чухал шүү. Бурханы шашны талаар ч ямар ч мэдлэггүй байж, өвдөж шаналахаараа л сүм хийдэд очих нь XXI зууны Буддын шашинтанд тохирохгүй. Ганжуур, Данжуур бол Бурханы шашны сургаал. Ганжуур, Данжуурыг хүн бүр уншиж, амьдрал ахуйдаа хэрэглэдэг байх ёстой. Ганжуур, Данжуур зөвхөн сүм хийдэд л байх ёстой ном судар биш гэж айлдсан билээ.

Д.Нямсамбуу, “Хүн төрөлхтний мэдлэг, хувь хүний мэдлэг хоёр адилхан шахам байсан үе бий. Хүй нэгдлийн үед нэг гэрийн эзэн арслан заан, барыг яаж агнах уу, арьсыг нь яаж элдэх үү гэдгийг л мэддэг байхад хүн төрөлхтний мэдлэгийн хязгаарт хүрлээ гэсэн үг. Харин одоо шинжлэх ухаан асар хөгжлөө. Ганцхан жишээ татахад л Бурханы шашин судлал асар гүнзгийрсэн. Одоо түүхийн шинжлэх ухаан ч мөн адил. Дэлхийн бүх цаг үеийг мэддэг хүн гэж байхгүй” гээд хэрэв эрт дээр үед Бурханы шашин сүсэгт суурилан түгдэг байсан бол одоо мэдлэгт суурилсан Бурханы шашныг түгээх цаг хугацаа болсныг онцолж байлаа.

Манай ард түмэн харьцангуй боловсорч бүгд шахам бичиг үсэгтэй болж, аливаа зүйлсийг эргэцүүлэн бодох чадвартай хүмүүс олширсон өнөө үед Бурханы шашныг онолын түвшинд ч энгийн хүмүүст тайлбарлаж, сургах ёстой гэж Д.Нямсамбуу үзэж байна.

Бурханы шашны агуулга гүн гүнзгий болохоор ард иргэддээ бүрэн ойлгуулж чадаагүйгээс тухайн нэг улсад Бурханы шашин мөхөж, буурч байсан тохиолдлууд дэлхийн түүхэнд байдаг байна. Жишээ нь, эртний Энэтхэгт хаа ч байгаагүй, Бурханы шашны алдартай Наланда гэдэг том сургууль байжээ. Наланда сургуулийн эрдэмтэн багш нар Бурханы шашны оргилд хүрч, янз бүрийн ид шидийг эзэмшин, сургууль дотроо нисч явдаг байсан гэж домогт гаргадаг гэнэ. Гэтэл муслим шашны эзлэгчид Энэтхэгийг эзлэн Наланда сургуулийг устгахад Бурханы шашин Энэтхэгт бараг үлдээгүй ажээ. “Зөвхөн оройг нь тайрчихад л Бурханы шашин ард түмний дунд үлдээгүй. Бурханы шашин хэтэрхий онолын түвшинд хөгжиж, энгийн ард түмэнд ойлгомжгүй, байснаас болж энэ явдал болсон” гэж Д.Нямсамбуу ярьж байлаа.

Тиймээс ч нэгэнт л монголын ард түмний соёл, ахуйд бүрэн шингэж, салгахын аргагүй болсон энэ шашнаа улс орныхоо хөгжилд тустайгаар зөв дэлгэрүүлж, хөгжүүлэх нь өнөөгийн шашны зүтгэлтнүүдийн өмнө тулгарсан том сорилт гэж тэрбээр үзэж байна.

Сүсэгт тулгуурлаж түгээсэн Бурханы шашны өнгөрсөн зуунд үүргээ гүйцэтгэжээ. Шашин шүтэхийг хориглосон ХХ зуунд ард түмэн “элгээрээ” Бурханы шашнаа үгүйлсээр, бүрмөсөн марталгүй өнөө үед ирсэн байна. Харин одоо Бурханы шашныхаа талаар мэдлэгтэй, зөв ойлголттой энгийн иргэдийг хүмүүжүүлэх нь нийгмийн хөгжилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулна. Тэгээд ч Бурханы шашин бол орчин үеийн хүн төрөлхтний оюуны нэгэн их өв. Үүний талаар орчин үеийн хүн заавал мэддэг байх ёстой. Өнөөгийн хэт материалист, хэрэглээний нийгэмд Бурханы шашин “материализмын хэт халалтыг хөргөж, дотоод сэтгэлийн амар амгаланг олоход нь туслана” гэж Д.Нямсамбуу салахынхаа өмнө хэллээ.

Үнэхээр сүүлийн үед уул уурхайн хөгжлийн сөрөг үр нөлөөг нь багасгахын тулд манай улстөрчид төдийгүй ард иргэд ногоон хөгжил, тогтвортой хөгжил гэж их ярих болсон. Байгаль дэлхийгээ баяжихийн тулд сөнөөчихвөл ирээдүйд яаж хөгжих билээ. Тэр утгаараа тогтвортой хөгжлийн үндэс бол ногоон хөгжил юм. Үүнтэй нэгэн адил материализмын “хэт халалтын” үед ард түмний сэтгэлийг тайтгаруулж тогтвортой хөгжлийн үндсийг хангах бас нэг чухал хүчин зүйл бол Бурханы шашин. Бурханы шашин материализмын хэт халалтыг баланслуулж, монголчуудын сэтгэлийг чиг, зорилготой болгоход тусална. Тийм учир бид Бурханы шашныг зөв ашиглаж, нийгмээ хувь хүнээрээ, “өөрөө өөрсдөөрөө” дамжуулан хөгжүүлэх нь зөвхөн шашны зүтгэлтэн бус мөн бүх л хүн ардын үүрэг билээ.