Thursday, 27 October 2011

АМЕРИКЧУУД ДҮҮРЭН БОЛОМЖИЙГ МОНГОЛД ХАРЖ БАЙНА

Үнэхээр монголчууд сэтгэл хөдөлгөсөн, боломж дүүрэн үед амьдарч байгаа бололтой. Хэзээ л манай улсад дэлхийн том улс гүрнүүдийн ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нар нэг жилд ийм олноороо ирдэг байлаа даа. Богинохон ч гэлээ тэдний айчлалууд олон бичигт баримтанд гарын үсэг зурсан ажил хэрэгч айчлалууд байсан.

“Дэлхийн газрын зурган дээр Монгол тодорч харагдаж байна” гэж Бээжингээс Монголын хэргийг давхар хамаардаг Индонезийн элчин сайд Улаанбаатарт саяхан ирэхдээ хэлсэн нь тун оносон зүйрлэл юм.

Бүр дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн, гэхдээ Монголоос далайн чанадад оршдог АНУ ч хүртэл жижиг Монголыг анзаарахгүй байхын аргагүй, дэлхийн газрын зурган дээр Монгол тодорчээ. Үүний нэг баталгаа нь өнгөрсөн долоон хоногт ирээд буцсан АНУ-ын компани, бизнесийнхнийг дэлхийд тэргүүлэхэд нь дэмжлэг тусалцаа үзүүлдэг газрын захирал Сүреш Кумер өөрийн биеэр америкийн арваад компанийн төлөөлөгчдийг дагуулж ирсэн явдал юм.

Ноён Сүреш Кумер бол Америктай бизнес хийхийг хүссэн улс орон, компаниудын хамгийн түрүүнд уулзах ёстой хүний нэг. Гэхдээ тэр бүр баригдаад байдаггүй л байх. АНУ-ын Худалдааны яамны Олон улсын худалдааны газрын худалдаа дэмжих асуудал хариуцсан дэд сайд бөгөөд АНУ болон Олон улс дахь Худалдааны төлөөлөгчийн газруудын ерөнхий захирлын албан тушаалыг хашдаг хүн шүү дээ. Харин тэрбээр Монголд өөрийн биеэр ирээд, монголын хэвлэл мэдээллийнхнийг Элчин сайдынхаа өргөөнд цуглуулаад илэн далангүй ярилцлаа.

Монгол ирээд хоёр хонохдоо үзсэн харсандаа их сэтгэл хангалуун байсан гэнэ. Монголын сайд дарга нартай уулзаж, бизнесийн салбарынхантай ярилцаад эрсдэл биш боломжуудыг л тэрбээр олж хараад явжээ. Монгол Улс бол одоо жинхэнэ сэтгэл хөдөлгөсөн хөгжлийнхөө үе шатанд явж байна. Бидний уулзсан бүх хүмүүс уул уурхайн салбарт цаашид хийх ажилд маш өөдрөг хандаж байна. Уул уурхайн салбарт бид хамтдаа улам ихийг хийж бүтээж болох юм гэсэн сэтгэгдлийг бидэнд төрүүлсэн гэж америкийн элчингийн зочны нарлаг өрөөнд түшлэгтэй сандал дээр хөлөө ачиж суусан эрхэмсэг ноён Сүреш Кумер ярилаа. Ноён Сүреш Кумер тэр бүр хэлэгдэхээ больж, моодноос гарсан найрамдал гэдэг үгийг бас хэлээд авна лээ.

Монгол, Америк хоёр бат бөх найрамдалтай хоёр улс. Үүний нэг баталгаа бол манай дэд ерөнхийлөгч Жон Байден саяхан Монголд айчилсан. Миний ирсэн явдал бол түүний айлчлалын үргэлжлэл гэж Сүреш Кумер өөрийнхөө Монголд ирсэн ач холбогдлыг тодорхойлов.

Найрамдал гэдэг үгийг АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газруудын ерөнхий захирал ганц л хэлсэн бол “Америкийн компаниудад Монголд хэрэгтэй техник технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээ, чадвар бий” гэж уулзалтынхаа турш олон дахин давтсан. Тэрбээр, бид Монголд сайн харилцаагаа бэхжүүлэхээр ирлээ. Хоёр Засгийн газар сайн харилцааны үндсийг тавьсан. Харин одоо хоёр Засгийн газар биш харин ард түмэн, хувийн хэвшлийн компаниуд ойртож, хамтран ажиллаж байж сайн харилцаагаа цэцэглүүлнэ. Ингэж л жинхэнэ дотно харилцаа холбоо бий болно. Надтай хамт америкийн уул уурхайн салбарын олон компанийн төлөөлөгчид Монголд ирсэн. Зарим нь Монголд аль хэдийн үйл ажиллагаа эхлүүлсэн, та бүхний сайн мэдэх "Женерал Электрик", "Пийбоди энержи", "Рио тинто" зэрэг компаниуд байгаа. Зарим нь хараахан та бүхэн сонсож амжаагүй боловч дэлхийн уул уурхайн салбарынхан сайн мэдэх “Канавха Скэйлс энд Системс”, “Кресс Корпораци” гэх зэрэг компани бий. Тэд өөрсдөө ирж бодит байдлыг биеэрээ мэдрэх гэж ирсэн. Бас бүсийн эдийн засгийн хөгжлийн агентлагийнхан надтай хамт ирсэн гэв.

Ноён Сүреш Кумер америкийн компаниудыг сурталчлахын хажуугаа Монголын ардчиллыг ч магтахаа мартсангүй. Монголын ардчиллын ололт амжилтыг дэлхий дахинд маш сайн мэднэ. Монгол ардчиллыг шинээр бий болгож буй жишиг улс орон болж чадсан. Саяхан Киргистан Улс танай ардчиллыг магтаж, илэн далангүй ярьж байсан гэлээ. Итгэхээс өөр аргагүй өнгөрсөн хавар ирсэн Төрийн нарийн бичгийн дарга асан Маделейн Олбрайт ч мөн ингэж л хэлж байсан.

ДНБ нь 15 жилийн дотор 1 тэрбумаас 6 тэрбум ам.доллар болсон улс. Энэ бол үнэхээр том үзүүлэлт. Ойрын ирээдүйд уул уурхайн салбарын Оюутолгой, Тавантолгой хоёр төсөл хэрэгжсэнээр Монголын ДНБ богинохон хугацаанд хоёр дахин өсч 12 тэрбум болох бүрэн нөөц бололцоо бий. Энэ бол эдийн засгийг тоогоор үзүүлсэн үзүүлэлт. Үүнээс гадна Монголын хөгжих нөөц потенциал үнэхээр гайхалтай. Манай “Пийбоди” Тавантолгойн ордыг ашиглахад гол тоглогч болж, хэн хэндээ үр ашигтайгаар энэ их нөөцийг бодитойгоор хэрэгжүүлэхийг зорьж байна. Бидний Монголд ирсэн нэг зорилго бол энэ гэж Сүреш Кумер ярьж байна.

Ер нь америкийн уул уурхайн компанийн төлөөлөгчид Монголд ирээд манай холбогдох албаны хүмүүстэй Тавантолгой төслийн талаар их ярилцжээ. “Бидний ярианы дийлэнх нь Тавантолгойн асуудлыг хөндсөн. Тавантолгойн ордыг ашиглах нөхцөл байдал хараахан тодорхой биш байнаа. Тиймээс бид Тавантолгойг тойрсон асуудлууд тодорхой байхыг хүсэж байгаа юм. Яагаад гэвэл олон америкийн компаниуд тендерт оролцож байгаа. Зарим нь оператор, зарим нь хангагч, зарим нь монголын компаниудтай хамтарч Тавантолгойн төсөлд хамрагдахыг хүсэж байна. Тиймээс л Тавантолгойн орд бидний ярианы гол сэдэв болсон. Хамгийн гол нь одоо яриа хэлэлцээр, үгээр биш үйлдлээр хоёр улсын арилжаа, худалдаа, бизнесийг хөгжүүлэх цаг болсныг тэрбээр бас сануулж байлаа.

“Компаниуд бодитоор хөрөнгө оруулж, машин техникээ авчирсан цагт ажил хэрэг биелж эхэлнэ. Энэ бол хоёр улсын харилцааг улам бэхжүүлэх суурь” гэж тэрбээр бас хэлсэн. Ингэхийн тулд Монгол ямар дүрмээр тоглох нь маш тодорхой байх ёстой гэнэ. Оюутолгойн төслийн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан Засгийн газрыг тэр бас магтсан. Оюутолгойн ордыг яаж ашиглах нь тодорхой биш болсон үед Засгийн газраа хоёр нам хамтран байгуулаад нэг мөр шийдсэн улстөрийн удирдагч нарыг бид маш их үнэлж байгаа. Энэ бол олон улсын хөрөнгө оруулагчдын итгэлийг олох маш чухал үйл явдал болсон. Гэрээг байгуулах чадвартай, байгуулсан гэрээгээ дагаж мөрдөх чадвартай гэдгээ олон улсын хөрөнгө оруулагчдад харуулах маш их чухал. Бэрхшээл хүндрэлүүдийг давж Оюутолгойн гэрээг байгуулсан нь үүний нэг тод жишээ гэж Сүреш Кумер ярилаа.

Монгол-Америкийн худалдаа арилжаа амжилттай хөгжиж байгаад ноён Сүреш Кумер сэтгэл хангалуун байна. Бидний харилцааны эхлэл маш амжилттай тавигдсан. 2009 онд Монголд оруулсан америкийн экспорт 40 сая ам.доллар байсан. 2010 онд 15 сая ам.доллар болсон. Энэ жил, МИАТ-д зарсан дөрвөн Бойнг онгоцыг оруулалгүй тооцоход манай экспорт 300 сая гаруй ам.доллар болсон гэж тэрбээр дурдсан.

Энэ бол бусад улс оронтой харьцуулахад харьцангуй бага тоо. Гэхдээ бид эхлэлээ сайн тавилаа. Бид ирээд маш олон боломж, нөөцүүдийг олж харлаа. Тиймээс бид монголын ард түмэнтэй хамтран ажиллаж, та нарт төмөр зам, авто зам, бас агаарын тээвэрлэлтийг сайжруулах хэрэгцээ байгаа. Үүнээс гадна боловсон хүчнээ бэлдэх хэрэгтэй. Бид энэ бүхнийг яаж их арга туршлага, “ноу-хоу” байна. Хамтраад монголын ард түмний орлогыг дээшлүүлэе гэж Сүреш Кумер бас уриалж байна.

Түүний хэлснээр бол хэрэв Пийбоди Тавантолгойн ордыг оролцвол дэд бүтцийг бас хөгжүүлнэ гэнэ. Мөн хэрэв бид дэд бүтцээ хөгжүүлвэл эрдэс баялгаа зөвхөн Хятад Улс руу экспортлох биш мөн гуравдагч зах зээл рүү гаргах боломжтой гэнэ. Дэд бүтцийг хөгжүүлэхэд америкийн мэргэжилтнүүдийг манай Засгийн газар ажиллуулж байгаад тэр бас баяртай байна. Уул уурхайн салбарт байгаа асар их боломж нөөцийг суурь болгоод бусад салбарт Монгол-Америк хоёр хамтран ажиллах боломж байгааг тэр хэлж байлаа.

“Бид уул уурхайн салбарыг энэ боломжуудын суурь гэж үзэж байна. Бидэнд дэлхийн хамгийн сайн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг компани, хамгийн сайн эрүүл мэндийн тоног төхөөрөмж нийлүүлдэг компани, дэлхийн хамгийн том даатгалын компани бий, санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг хамгийн сайн компаниуд байна. Эрчим хүч, байгаль орчин ээлтэй технологи ашигладаг, үйлдвэрлэдэг компаниуд ч бий гэж ноён Сүреш Кумер өөрийн улсын компаниудыг магтлаа.

Гол нь, зөвхөн Монголд ч гэлгүй мөн дэлхий аль улс оронд уул уурхайн салбарыг хөгжүүлэхэд “тоглоомын дүрэм” нь ил тод байх ёстойг тэр сургамжилж байна. “Бүх явц нь монголын ард түмэн, бизнес эрхлэгчид, олон улсын хөрөнгө оруулагчдад ойлгомжтой ил тод байдлыг бий болгох. Мөн төслийг нарийвчлан тодорхойлох хэрэгтэй. Хэзээ тендер дуусах уу, хэрэгжих үү тодорхой байх хэрэгтэй. Бас байгаль орчинд ээлтэй, тогтвортой хэрэгжих, хэрэгжүүлэхэд аюулгүй, монголчуудыг ажиллуулах төслийг зарлах нь чухал” гэж тэр хэллээ.

Америкийн компани Тавантолгойн төсөлд шалгарч чадах уу? гэсэн сэтгүүлчийн асуултад Сүреш Кумер “Америкийн компаниуд Монголд хэрэгтэй техник технологи, бүтээгдэхүүн, үйчилгээ байгаа. Үнэндээ бол хамгийн шилдэг технологи бий. Хэрэв шударга, ил тод тендер болох юм бол америкийн компаниуд ялна гэдэгт бид итгэлтэй байгаа” гэж итгэл төгс хариулав.

Бөөн боломжийг олж харсан ноён Сүреш Кумерын яриаг сонсож байхад монголын бүх ард түмэн ч гэсэн түүнтэй адил боломж нөөцүүдийг олж хараад, ирээдүйдээ итгэл дүүрэн байгаасай гэж бодогдож байлаа. Энэ нь мэдээж америкчуудаас хамаарахгүй харин биднээс л хамаарах зүйл билээ...

ДЭЛХИЙД ТУСГААР ТОГТНОЛОО ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРҮҮЛСЭН ОЙ

НҮБ-д элссэний 50 жилийн ойг өчигдөр Монгол Улс тэмдэглэлээ. Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсон 50 жилийн ойн тохиолдуулж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн илгээсэн мэндчилгээндээ, Монгол Улсын Засгийн газар, ард түмэнд чин сэтгэлийн халуун баярыг хүргээд “Монгол Улс ямагт НҮБ-ын идэвхтэй гишүүн байсаар ирсэн. Монгол олон улсын 140 гэрээ конвенцид нэгдэн орсон. Мөн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг идэвхтэй арга хэмжээ авч байна. Нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс болгон зарлаж, жил бүр зэвсэг хураах долоон хоногийг тэмдэглэн өнгөрүүлэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байна” гэж манай улсын НҮБ-д гүйцэтгэсэн үүргийг онцолсон байна. Тэрбээр мөн Монголын дэлхий дахинд энхийг сахиулах үйлсэд оруулсан хувь нэмрийг дурджээ. Монголын ардчилсан нийгэмд энх тайван замаар амжилттай дэвшин орсонд бид бахархдаг гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга бичсэн байна.

50 жилийн ойг тэмдэглэж Гадаад харилцааны яам “Монгол Улс НҮБ-д 50 жил” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал, Нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулав.

Гадаад харилцааны сайд Г.Занданшатар эрдэм шинжилгээний хуралд хэлсэн итгэлдээ Монгол Улс НҮБ-д элссэн нь өнгөрсөн ХХ зууны түүхэндээ олсон томоохон ололтын нэг гэдгийг дурдаад “Энэ нь манай улсын хувьд тусгаар тогтнолоо бататгах улс төр, дипломатын том амжилт, чухал алхам болсон төдийгүй олон улсын хэмжээнд эзлэх байр суурийг бэхжүүлж, идэвхтэй үйл ажиллагаа явуулах үүд хаалгыг нээж өгсөн” гэж дүгнэв. Эдүгээ манай улс 155 улстай дипломат харилцаа тогтоосон байна. Мөн НҮБ-д элссэнээсээ хойш олон улсын болон бүс нутгийн засгийн газар хоорондын 60 гаруй байгууллагад гишүүнээр элсэж, олон улсын 240 орчим гэрээ, конвенцид нэгдэн оржээ.

“Монгол Улс НҮБ-д 50 жил” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсны ач холбогдол, түүхийн талаар илтгэл тавьсан Шинжлэх ухааны академийн олон судлалын хүрээлэнгийн захирал, НҮБ-ыг дэмжих Монголын нийгэмлэгийн тэргүүн Л.Хайсандайтай бага хурлын үеэр уулзаж ярилцлага авлаа.


-Тухайн үед Монгол Улс НҮБ-д элсэх зайлшгүй шаардлагатай байсан уу?

-НҮБ-д элсэх зайлшгүй шаардлагатай байлгүй яах вэ. Яагаад гэвэл БНМАУ-ыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөх асуудал их чухал. НҮБ-д элссэнээр Монгол Улсын гадаад орчин их тааламжтай болно. Монгол Улсын хөгжил, дэвшилд их түлхэц өгнө. Монголын гадаад харилцааны нэр хүнд дээшилнэ. Монгол бүрэн эрхт тусгаар улс гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөхөд маш их ач холбогдолтой байгаа юм л даа. Тийм учраас 1946 оны 6 дугаар сард Монгол Улс НҮБ-д гишүүн болох өргөдлөө гаргасан байдаг. Учир нь 1945 онд НҮБ байгууллага 51 гишүүнтэй үүсгэн байгуулагдсан. Тэгээд нэг жилийн дараа л бид элсэх өргөдлөө өгсөн. Орох нэг шалтгаан гэвэл 1945 онд Ялтын хэлэлцээр байгуулагдсан. Ялтын хэлэлцээрээр гадаад Монголын статус квот хэвээр нь байлгах заалт гарсан. Хоёрдугаарт, тэр үеийн ЗХУ, БНХУ буюу Чан Кайшигийн тэргүүлж байсан гоминданы Хятад хоёрын хооронд хэлэлцээр хийгдэхэд Монголыг хүлээн зөвшөөрүүлэх шаардлагыг зөвлөлтийн тал их шаргуу хятадын талд тавьсан. Ингэхэд хятадын тал БНМАУ, Хятадын салшгүй хэсэг гэдгийг их баримталж байсан. Харин сүүлд нь Японы эсрэг дайнд ЗХУ-ыг татан оролцуулахын тулд Монголын тусгаар байдлыг Хятад хүлээн зөвшөөрсөн. Германы фашизмыг ялсны дараахан, фашист орнуудын нэг гэж тооцогдож байсан Японы эсрэг дайнд ЗХУ-ыг татан оролцуулахгүй бол болохгүй байсан. Японы эсрэг дайнд ЗХУ-ыг татаж оролцуулах явдал нь бол БНХАУ-ыг Японы эзэрхийллээс чөлөөлөхөд ач холбогдолтой. Тиймээс Зөвлөлтийн талд Хятадад дарамт шахалт үзүүлсэн. Та нар Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөр гэж. Олон удаа бүтэлгүй болж байсан уулзалтуудын дараа, эцсийн эцэст гоминданы Засгийн газар, хэрэв гадаад Монголын тусгаар тогтнолыг бүх нийтийн санал асуулгаар зөвшөөрөгдөх юм бол бид БНМАУ-ыг хүлээн зөвшөөрч дипломат харилцаа тогтооно гэж тохиролцсон. Ингээд 1945 оны 10 дугаар сарын 20-нд Бүх нийтийн санал асуулга болсон. Энэ санал асуулгын дүнг Чан Кайшигийн Засгийн газарт албан ёсоор хүн очиж мэдээлсэн. Мөн энэ санал асуулгыг ажиглахаар гоминданы Засгийн газрын төлөөлөгчид ирж байсан. Монгол Улс Бүх нийтийн санал асуулгаар тусгаар тогтнолоо баталсан. Үүний үндсэн дээр гоминданы Засгийн газар 1946 оны 1 дүгээр сарын 5-нд албан ёсоор манай улстай дипломат харилцаа тогтоохоор болсон.

-1946 оноос хойш манай улс НҮБ-д элсэх өргөдлөө өгч, 15 жилийн дараа НҮБ-д элссэн. Манай улс НҮБ-ын гишүүн болох гэж хамгийн удаан хүлээсэн орон мөн үү. Манайхаас өөр ингэж удаан хүлээсэн улс байгаа юу?

-Яг одоо ийм олон жил хүлээсэн улс орныг би сайн мэдэхгүй байна. Ер нь Монгол бол НҮБ-д элссэн орнуудын дотроос гишүүн болох гэж хамгийн олон жил хүлээсэн. 15 жилийн турш Монголыг элсэн ороход саад болсон ямар асуудал саад болж байсан гэхээр тэр үеийн үзэл суртлаар талцсан хоёр системийн зөрчил, тэмцэл байлаа. Хэрвээ Монголыг НҮБ-д оруулчихвал хүчний харилцаа өөрчлөгдөх, мөн Аюулгүйн Зөвлөлд байсан Чан Кайшигийн төлөөлөгчид үргэлж хориг тавьдаг байсан. НҮБ-ын дүрмээр бол Аюулгүйн Зөвлөлийн байнгын таван гишүүн байгаа юм.

-Ямар улсууд уу?

Англи, Америк, Франц, Хятад, Орос гэсэн таван их гүрэн байсан. Эдгээрийн нэг нь л хориг тавьж, татгалзсан тохиолдолд асуудал шийдэгддэггүй. 15 жилийн турш гэж бараг хэлж болно. Хятадын Чан Кайшигийн НҮБ-д байсан төлөөлөгч Монголыг биеэ даасан улс биш, Хятадын салшгүй хэсэг гэдэг нэрийдлээр арван хэдэн жил Монголд хориг тавьж байсан.

-Англи, Америк, Франц гурав ямар байр суурьтай байсан юм бэ?

-Тэд тухайн үеийн цаг үеийн байдлаас болоод янз янз байсан. Анх 1946 онд Англи, Америк бол Монголын талаар мэдээлэл их хомс байна гээд манай улсыг татгалзаж байсан. Харин Хятад бол зөвшөөрсөн. 47 оноос эхлээд л хятадууд Монголыг гишүүнээр элсэхэд дандаа хориг тавьдаг байсан. Англи, Америк, Франц гурав бол эхний үедээ голдуу Хятадын төлөөлөгчийн саналыг их харгалзаж үзэж саналаа өгдөг байсан. Яагаад гэвэл Монголын талаар хамгийн их мэдээлэл сайтан нь Хятад гэж тэд үздэг учраас... Гэхдээ янз янз л даа. Зарим үед Англи, Америк, Франц зөвшөөрдөг байсан, зарим үед түдгэлздэг байсан.
-Нийт хэдэн удаа манай улсыг гишүүн болгох асуудлыг хэлэлцсэн бэ?
-Нийтдээ...Монголыг гишүүн болгох асуудлыг бараг жил болгон хэлэлцсэн гэж хэлж болно. Харин бид өргөдлөө нийт 8 удаа жинхэнэ албан ёсоор өгсөн. Жил болгон л шинэ гишүүн авах болоход Монголын асуудлыг ярьдаг. Чан Кайшигийн төлөөлөгч хориг тавьдаг. Нэг ийм л дүр зураг харагдаад байдаг.

-Анх 1946 онд манай улстай хамт ямар ямар улс гишүүн болох өргөдлөө өгч байсан бэ?

-Монголтой долоон улс хамт өргөдлөө өгсөн байдаг. Афганистан, Албани, Ирланд, Испани, Швейд, Португали, Транс Иордан гэх зэрэг долоон орон. Үүнд АНУ-ын төлөөлөгч Жонсон гэдэг хүн НҮБ-д бүх орон тэгш эрхтэй НҮБ-д орох ёстой гэсэн байр суурийнхаа дагуу энэ наймыг наймууланг нь зэрэг элсүүлье гэдэг санал тавьсан. Үүнийг бол бусад орнууд дэмжсэн. Ер нь бүгдийг нь гишүүн болгоё. НҮБ бол нээлттэй байгууллага тийм учраас элсэж оръё гэсэн орнуудад хориг тавиад байх шаардлага байхгүй. Бүгдийг нь элсүүлье гэсэн. Үүнийг ЗХУ төлөөлөгч эсэргүүцсэн. Яагаад гэхээр Португали, Испани гэх мэт фашист дэглэмтэй орнууд энэ дотор байна гээд эсэргүүцсэн. Тиймээс өргөдөл өгсөн он сараар нь эдгээр улсуудыг хэлэлцэе гэдэг саналыг дэвшүүлсэн. Тэгээд нэг бүрчлэн хэлэлцэхэд Монгол гишүүн болж чадаагүй.

-Бусад улсууд нь гишүүн болсон уу?

-Бүгд бас ороогүй. Албани, Ирланд гэх мэт улсууд бас ороогүй.

-Хэрэв ЗХУ бүгдийг нь нэг нэгээр нь хэлэлцэе гэдэг санал гаргаагүй байсан бол манай улс НҮБ-д 1946 онд гишүүнээр элсэх боломжтой байжээ

-Манай зарим судлаачид, дипломатууд хэлдэг юм байна лээ. Хэрэв ЗХУ энэ наймыг зэрэг элсүүлье гэдэг саналыг дэмжсэн бол наймуулаа НҮБ орох боломжтой байсан юмаа гэдэг. Үнэхээр ч байдал тийм байсан болов уу гэж би бодоод байгаа юм. Харин нэг бүрчлэн хэлэлцсэн тул Албани, Монгол гэх мэтийн улсууд хасагдсан. Тэгээд 15 жилийн турш асуудал шийдэгдэхгүй бид хүлээсэн. Үүний гол шалгаан нь хүйтэн дайны л нөхцөл байдлаас болсон доо.

-НҮБ элсэх саналыг анх монголчууд бид өөрсдөө гаргасан уу? Эсвэл Монголыг дэмжиж байсан ЗХУ биднийг НҮБ элс гэсэн үү?

-ЗХУ-д бидэнд санал тавьсан юм байхгүй. Манай улс анх өөрсдөө НҮБ-д элсэе гэдэг саналыг тавьсан. Яагаад гэхээр хоёр их гүрэн маань манайхыг хүлээн зөвшөөрчихсөн. Мөн 1945 онд Бүх ард түмний санал асуулгаар тусгаар тогтнолоо баталгаажуулчихсан байсан тул Монгол Улс НҮБ орох бүрэн боломжтой боллоо гэж монголчууд үзэж өргөгдлөө өгсөн. Гэхдээ мэдээж өргөдлөө өгөхөд, НҮБ элсэх таван асуултад хариулахад ЗХУ-ын гадаад харилцааны яам, ГХ-ын сайд нь байсан Молотов гэх зэрэг хүмүүстэй зөвлөлдсөн юм бий. Зөвлөгөө авч байсан. Тэнд зөвхөн Монгол л ЗХУ-аас зөвлөгөө авдаг байсан юм биш. Бүх л жижиг орнууд бүгд л тус тусынхаа хамаатай их гүрнүүдээс зөвлөгөө авдаг байлаа.

-Манайх удаан хүлээж гишүүн болсон нь тухайн үеийн Аюулгүйн Зөвлөлд ЗХУ ганцаардсан учраас болсон юм болов уу?

-Тийм. Энэ бол мэдээж. Гэхдээ ЗХУ ч гэсэн олон асуудалд хориг тавьдаг байсан. Жишээ нь 1955 онд Японыг НҮБ-д элсүүлэхийг ЗХУ хойшлуулж л байсан. Монголыг НҮБ-д оруулахгүй болохоор нь Японд хориг тавьж байсан юм. Ингэж л Аюулгүйн Зөвлөлийн гишүүд хориг тавих эрхээ ашигладаг л байсан л даа. Тэгсэн чинь Монгол, Япон хоёрыг зэрэгцүүлэх үндэс байхгүй. Япон бол Монголын хажууд хамаагүй чухал улс. НҮБ-д оролцох бүрэн эрхтэй улс гэж баахан шуугьсан шүү дээ. Гэхдээ ЗХУ-ын гол шалтгаан нь Дэлхийн хоёрдугаар дайнд Япон, Германы фашистуудын талд орсон гэж байсан л даа.

-1960-аад онд НҮБ Ази, Африкийн улсууд НҮБ-д олноор элсжээ. Энэ НҮБ-ын үйл ажиллагаанд яаж нөлөөлсөн бэ?

-Нааштайгаар өөрчлөгдсөн. 1950-иад оны эцэст 1960-аад эхээр колоний систем нуран унасан. Ихэнх Ази, Африкийн орнууд тусгаар тогтнолоо тунхагласан. Тэр орнуудыг Монгол хүлээн зөвшөөрч, дипломат болон найрамдалд харилцаа тогтоох тохиролцоонд хүрч байсан. Ингэхээр Монголын гадаад харилцаанд эерэг нөлөө үзүүлсэн. Хоёрдугаарт, Ази, Африкийн шинээр тусгаар тогтносон улсууд чинь Тайваныг НҮБ-аас хөөе, БНХАУ-ыг Аюулгүйн Зөвлөлд байрыг эзлүүлье гэдэг дуу хоолой их гарсан. Ийм, ийм хүчин зүйлүүд л Монголыг НҮБ-д ороход их дөхөм болсон.

-Манай улс НҮБ-ын хэд дэх гишүүн болсон вэ?

-101 дэх

-1961 онд НҮБ-д элсэхэд хэн хэн очсон бэ?

-Гадаад хэргийн орлогч сайд, профессор Д.Цэвэгмид тэргүүтэй төлөөлөгчид явсан. Бүрэлдэхүүнд нь Б.Жаргалсайхан, Н.Лувсанцүлтэм, Ж.Банзар, Д.Оросоо, Б.Ванчиндорж нарын хүмүүс энэ тэмдэглэлт үйл явдалд оролцсон. НҮБ-ын хүндэт индэрээс профессор Цэгмид монгол хэлээр үг хэлсэн. Одоо тэрийн тэмдэглэлт үйл явдалд оролцсон хүмүүсээс ганцхан Оросоо гуай л амьд сэрүүн байна даа.

-Анх манай улс НҮБ-ын гишүүн болоод анхныхаа саналыг өгөхдөө нэг өдөр элсэн орсон Мавританийг НҮБ-д элсүүлэхгүй гэж саналаа өгсөн гэдэг. Энэ талаар та яриач?

-Мавританитай манай улсыг барьцаалсан л даа. Яагаад гэхээр Франц болоод өрнөдийн гүрнүүд Мавританийг НҮБ-д элсүүлэх сонирхолтой байсан. Уг нь Францын колони байсан орон л доо. Мөн Мавританийг африкийн улсууд дэмжиж байсан л даа. Тэгэхээр нь ЗХУ-ын төлөөлөгч, хэрвээ Монголд та нар хориг тавихгүй бол бид Мавританид хориг тавихгүй. Эхлээд Монголын асуудлыг хэлэлцэнэ гэж байж Монголын асуудлыг хэлэлцүүлээд, дараа нь Мавританийн асуудлыг хэлэлцүүлсэн. Мавританийг хэлэлцэхэд ЗХУ хориг тавиагүй, харин түдгэлзсэн. Монголчууд яагаад түдгэлзсэн гэдэг нь ойлгомжтой. Бид бол дөнгөж НҮБ-д элссэн орныхоо хувьд бол ЗХУ-ын л байр суурийг л дагах учиртай байлаа шүү дээ.

-Хориг тавина гэдэг түдгэлзэхээс ялгаатай юу?

-Хориг тавих бол татгалзана гэсэн үг. Түдгэлзэх бол дэмжих ч үгүй, хориглох ч үгүй л гэсэн үг. Ер нь бол тухайн үед бүх л жижиг орнууд өөрийн талын их гүрнүүдийн байр суурийг дагадаг байлаа. Францын колони байсан улсууд Францыг, Английн колони байсан улсууд Англиасаа л зөвлөгөө авдаг, аяыг нь дагадаг байсан. Ийм л цаг үе байсан ганцхан Монгол Зөвлөлтийг дагаагүй.

-Тавин жилийн хугацаанд НҮБ-ын үйл ажиллагаанд Монгол Улс хэрхэн оролцсон бэ?

-Сая Зандаршатар сайдын илтгэлд ч гарлаа. Монголын санаачилгаар нийт 20 гаруй асуудлаар 70 гаруй тогтоолыг санаачилан НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар хэлэлцүүлж батлуулсан байна. Энд янз бүрийн сэдвүүдийг хамруулсан. Зэвсэг хураах долоон хоног гэж явууллаа, улс түмний энх тайвнаар орших эрхийн тунхаг батлууллаа. Бүх нийтээрээ бичиг үсэгтэй болох хөдөлгөөнийг Монгол санаачиллаа. Үүний дагуу манайх буурай, жижиг хөгжилтэй улс орнуудаас манайх хамгийн түрүүн нийтээрээ бичиг үсэгтэн боллоо гэж ЮНЕСКО-гийн өргөмжлөл, шагнал авлаа. Мөн бидний тооцоогоор манайх 14 удаа НҮБ-ын салбар хуралдааны дарга хийж байсан байдаг юм байна лээ. Мөн 8,9 удаа бүс нутгаа төлөөлж гол илтгэгч нь болж байсан байна. Бас манай олон хүн НҮБ-ын нарийн бичгийн даргын ажлын албанд орж ажиллаж байсан. Тэр бол зөвхөн Монголыг биш НҮБ-ыг төлөөлнө гэсэн үг. Гэх мэт дурдвал олон жишээ байнаа.

Wednesday, 26 October 2011

НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ МОНГОЛ УЛС

Тавин жилийн өмнө, 1961 оны 10 дугаар сарын 27-нд Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болов.

НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 16 чуулганы 1043 дахь бүгд хурлаар гаргасан 1630 дахь тогтоолд: 1961 оны 10 дугаар сарын 25-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүнээр элсүүлэхийг шийдсэн Аюулгүйн Зөвлөлийн зөвлөмжийг хүлээн авч, мөн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын гишүүнээр элсэхийг хүссэн өргөдлийг харгалзан үзсэний үндсэн дээр Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн болохыг зөвшөөрөв гэжээ.

15 жил уйгагүй тэмцэлдэж байж манай улс НҮБ-ын 101 дэхь бүрэн эрхт гишүүн болжээ. Манай улстай хамт нэг өдөр Исламын Бүгд Найрамдах Мавритани Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсон байна.

Анх 1946 онд манай улс НҮБ-д элсэх өргөдлөө өгснөөс хойш бараг жил бүр элсэх өргөдлөө шинэчилжээ. Монгол Улсыг НҮБ-ын гишүүнээр элсүүлэх асуудлыг 1946-1961 оны хооронд Ерөнхий Ассемблейн чуулганаар нийт 13 удаа ямар нэг хэлбэрээр хэлэлцсэн байна.

Дэлхийн II дайны дараа НҮБ дэлхийд шинэ дэглэм тогтоож, хүчний харилцааг зохицуулахад хамгийн чухал нөлөөтэй байгууллага болон хувирсан. Хэрэв дэлхийн улс орнуудад хүлээн зөвшөөрөгдөж, олон улсын харилцаанд идэвхтэй оролцох гэвэл НҮБ-д элсэн орох зайлшгүй шаардлагатай болсон. Энэ шаардлагыг монголчууд мэдэрч тус байгууллагад элсэхийг зорьсон боловч тухай үеийн хоёр том үзэл суртлын сөргөлдөөний улмаас хүсэл нь биелэхгүй удаан хүлээжээ.

Тавин жилийн өмнөх энэ өдрийг орчин үеийн Монголын түүхийн эргэлтийн үе гэж түүхчид үздэг. Манай улс тухайн үеийн зөвхөн социалист улс орнууд биш мөн капиталист улс орнуудыг багтаасан олон улсын хамтын нийгэмлэгт элсэн орсон нь дуу хоолойгоо дэлхий нийтэд хүргэж, “цөлөгдмөл” байдлаасаа гарах түүхэн боломжтой болсон юм.

Хамгийн гол нь тухайн үеийн НҮБ-ын гишүүн 100 тусгаар улсаар тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлж, баталгаажуулсан нь үнэлж баршгүй үр өгөөжийг өгсөн. 1961 оноос өмнө манай улс нийт 19 социалист болон хөгжиж буй улс орнуудад дипломат харилцаатай байсан байна. Харин НҮБ-д элссэнээс хойш олон улс оронтой дипломат харилцаа тогтоох боломжтой болсон бөгөөд 1963 онд өрнөдийн орнуудаас хамгийн түрүүнд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улстай дипломат харилцаа тогтоожээ.
Мөн НҮБ-д элссэн нэг чухал үр өгөөж бол, олон улсын хамтын нийгэмлэгийн гишүүн улсын хувьд НҮБ-ын тусламж дэмжлэгийг авах эрхтэй болсон юм. 1963 оноос хойш манай улс НҮБ-аас 200 сая гаруй ам.долларын тусламж тэтгэлэг, техникийн тусалцаа авсан гэж Монгол дахь НҮБ-ын вебсайт дээр мэдээлсэн байна.

Монгол Улс НҮБ-д элссэн ач холбогдлыг Монгол Улсын ГХЯ-ны сайд асан Ц.Гомбосүрэн ингэж дүгнэсэн байна: Монгол Улс тусгаар тогтнолоо зарласнаас хойш гол тэмцсэн асуудал бол тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх байлаа. Хятадаар хүлээн зөвшөөрүүлэх гэж 25 жил болсон. ЗХУ 1921 онд Ардын засгийн газрыг хүлээн зөвшөөрсөн. 1924 оны 11 дүгээр сарын 26-нд Бүгд Найрамдах Монгол Улсыг тунхагласан. Гэтэл 1924 оны 5 дугаар сард байгуулсан Орос, Хятадын харилцааны зарчмын тухай гэрээнд Монгол бол Хятадын салшгүй хэсэг гэж бичсэн байдаг. Энэ гэрээ 1946 он хүртэл хүчин төгөлдөр байлаа. Тэгэхээр ЗХУ, Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн нь олон улсын эрх зүйн үүднээс үзэхэд тодорхой биш байсан юм. Харин Дэлхийн II дайны дараа 1945 онд дэлхий дахины байдал өөр болсон… НҮБ-д элсэж тусгаар тогтнолоо дэлхийн хэмжээнд баталгаажуулна гэдэг үнэхээр чухал үйл явдал байсан гэжээ.

НҮБ-ЫН ТОВЧ ТҮҮХ
“Нэгдсэн үндэстнүүд” (United Nations) гэдэг үгийг анх АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельт 1941 онд хэрэглэжээ. Дэлхийн II дайны үед, 1942 онд, дэлхийн 26 үндэстний Засгийн газар фашизмтай хамтран тэмцэхээ амлаж “Нэгдсэн Үндэстний тунхаглал”-ыг гаргажээ.

НҮБ-аас өмнө, Дэлхийн I дайны үед байгуулагдсан, олон улсын хамтын ажиллагаа, аюулгүй байдал, энх тайвныг хөхиүлэн дэмжих Үндэсний Лиг гэж байсан байна. Гэвч тус байгууллага үүргээ гүйцэтгэж чадалгүй Дэлхийн II дайныг гаргасан тул 1945 онд дайнд ялагч холбоотнууд голлон НҮБ-ыг байгуулжээ.

1945 онд холбоотны 50 орны төлөөлөгчид АНУ-ын Сан-Франциско хотод чуулж НҮБ-ын дүрмийн төслийг боловсруулсан байна. Эдгээр 50 орны төлөөлөгчид ЗХУ, Хятад, Их Британи, АНУ-ын гаргасан саналуудад тулгуурлан дүрмийн төслийг боловсруулжээ. Энэхүү дүрмийн төсөлд, хожим нэгдсэн Польш улстай нийлээд 51 улс 1945 оны 6 дугаар сарын 26-наас гарын үсэг зуржээ.

1945 оны 10 дугаар сарын 24-нд Хятад, Франц, ЗХУ, Их Британи, АНУ зэрэг их гүрнүүд 51 улсын гарын үсэг зурсан дүрмийн төслийг баталгаажуулснаар НҮБ албан ёсоор мэндэлсэн гэж үздэг. Тиймээс жил бүрийн 10 дугаар сарын 24-нийг НҮБ-ын өдөр гэж дэлхий нийтэд тэмдэглэдэг билээ.

МАВРИТАНИД ТАВИН ЖИЛИЙН ОЙН МЭНД ХҮРГЭЕ
Тавин жилийн өмнө энэ өдөр америкийн дипломатч Алберт Хенсинг албаны машинтайгаа Баруун, Зүүн Германыг тусгаарласан Берлиний хананд дөхөж очсоноос болж Зөвлөлт, Америкийн танкууд өөдөө өөдөөсөө хошуугаа чиглүүлэн, тусгаарлах зурвасын наана цаана 16 цаг зогсчээ. Энэ үйл явдлыг түүхэнд Берлиний хямрал гэж нэрлэжээ.

Мөн америкчууд саранд хүрэхэд чухал бэлтгэл ажил болсон Сатурн пуужинг огторгуйд хөөргөсөн бол ЗХУ Новая Земля, Сары-Шаганд цөмийн бөмбөгийн туршилтыг хийсэн байна.

Дээрх гурван үйл явдал тухайн үеийн уур амьсгалыг юунаас ч илүү тод харуулна. Социалист, капиталист нийгэм сөргөлдөж, цөмийн зэвсгээр өрсөлдөж байсан үе. 1961 оны 4 дүгээр сарын 12-нд ЗХУ сансарт анхны хүнийг нисгэсэн тул АНУ түрүүлж саран дээр хүн буулгахаар зорьж байжээ.

Мөн онд болсон нэгэн эмгэнэлт явдал бол НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Даг Ха́ммаршельд 9 дүгээр сарын 18-нд Конго руу энхийг сахиулах үйлсээр очиж байгаад онгоцны осолд орж зуурдаар нас барсан явдал юм. Тэрбээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албыг 1953 оноос хойш хашжээ. 1961 онд Ха́ммаршельд социалист улс орнуудын зүгээс нэлээн зэмлэлийг хүртсэн бөгөөд тэр жил НҮБ-ын эдийн засгийн байдал хүндхэн байсан байна.

1961 онд НҮБ-д Монгол, Мавритани, Сьерра Леон, Танганьи́ка гэсэн дөрвөн улс элссэн байна. Өмнөд Африкт оршдог Танганьика тусгаар тогтноод тавхан хоноод л НҮБ-ын гишүүн болсон байх юм. Тус улс 1961 оны 12 дугаар сарын 9-нд тусгаар улс болсон бөгөөд 12 дугаар сарын 14-нд НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсон байна. Гэтэл бид 15 жил хүлээж байж бүрэн эрхт гишүүн болсон билээ. Энэ нь манай тусгаар тогтнол, том гүрнүүдийн сөргөлдөөнөөс болж ямар эгзэгтэй байдалд орсон байсныг батална.

Танганьика Улс сүүлд нь мөн НҮБ-ын гишүүн Занзибар улстай 1964 онд нэгдэж Бүгд Найрамдах Нэгдсэн Танзани Улсыг байгуулж, НҮБ-д шинэ нэрээр бүртгэгдсэн байна. Занзибар Улс 1963 оны 12 дугаар сард Их Британийн колончлолоос суларч, тусгаар тогтноод л тэр сардаа багтан, тодруулбал 12 дугаар сарын 16-нд НҮБ-ын гишүүн болсон ажээ.

Дээрх хоёр улс Монголтой харьцуулахад гэрлийн хурдаар НҮБ-ын гишүүн болжээ. Ер нь, хэрэв түүхийг нь жаахан үзвэл, Африкийн улсуудыг НҮБ-д оруулахын тулд тусгаар тогтносон улс болгож байгаад л бөөндөөд байсан мэт сэтгэгдэл төрнө. Манай улс бол НҮБ-ын гишүүн болох гэж хамгийн удаан хүлээсэн улс биш юмаа гэхэд удаан хүлээсэн улсуудын нэг мөн. Энэ бүгдээс бас нэг дүгнэлтийг хийж болно. Тухайн үед их гүрнүүд жижиг улс орнуудын хувь заяаг бүрэн атгаж байжээ... Мөн өөрийн талын улс орнуудыг НҮБ-д гишүүнээр оруулах нь Аюулгүйн Зөвлөлд багтсан их гүрнүүдэд ашигтай ч байж. Үүнээс гадна манай улсыг НҮБ элсүүлэх асуудалд Аюулгүйн Зөвлөлд багтсан хоёр том гүрэн Орос, Хятад эсрэг тэсрэг байр суурьтай байсан нь нөлөөлсөн нь мэдээж. Мөн ЗХУ бол хэдийгээр дайнд ялсан хүчирхэг гүрэн байсан ч тухайн үеийн капиталист их гүрнүүдэд “гадуурхагдаж” байсан байж болох юм. Ямар сайндаа 1960 онд уурлаж бухимдсан ЗХУ-ын удирдагч Никита Хрушев НҮБ-ын индрийг гутлаараа нүдэх билээ дээ.

1961 онд НҮБ-ын гишүүдийн тоо 100 гарсан байна. Гэхдээ 1961 он биш 1960 онд НҮБ нэг жилд хамгийн орон гишүүнтэй болжээ. Шинээр тусгаар тогтносон Африкийн 16 улс 1960 онд бөөнөөрөө НҮБ гишүүн болсон байна.

Өнөөдөр харахад хэтэрхий гэнэн, хийсвэр ч гэмээр асуултууд 1961 онд НҮБ-д гарч байсан байна. Шинээр элсэн орсон Ази, Африкийн улс орнууд нэгдээд их гүрнүүдийн эсрэг санал өгөх болов уу? Барууны ертөнцийг сөрөх болов уу? Урьд нь дипломат харилцааны туршлагагүй улс орнууд дэлхийн энх тайвныг бэхжүүлэх НҮБ-ын гол үүргийг гүйцэтгэж чадах уу гэх мэт...

Манай улсын хувьд бол 50 жилийн хугацаанд дайн дэгдээхээр нэг ч үйлдэл, үг хэлээгүй. Харин ч энхийн үйлсэд их чармайж, энх тайвны төлөө үргэлж “За” гэдэг байсан. Сүүлийн үед бид байгаль дэлхийгээ илүү анхаарч, цөлжилттэй тэмцэхэд бүгдийг уриалдаг болсон. Мөн энэ жил Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалж ардчиллын боловсролыг дэмжих, авилгыг үл тэвчих, иргэний нийгмийн байгууллагуудыг дэмжих, бүс нутгийн үйл ажиллагааг идэвхжүүлэх зэрэг чиглэлээр идэвхтэй ажиллахаар төлөвлөж байгаа... Ямартаа ч одоо 193 гишүүн улс оронтой болсон НҮБ-д Ази, Африкийн жижиг улс орнууд гай тариагүй нь ойлгомжтой.

Эцэст нь, хамт нэг өдөр НҮБ-ын гишүүн болсон Мавритани Улсдаа мэнд хүргэе. Монгол дөнгөж НҮБ-ын гишүүн болоод анхныхаа саналыг өгөхдөө Мавританийг НҮБ-ын гишүүн болоход татгалзсан товчлуурыг дарж тэднийг гомдоосон гэдэг. Гэхдээ тусгаар тогтноод 50 жил болсон (1911 оноос тооцвол), 15 жил НҮБ-ын гишүүн болох гэж зүтгэсэн монголын төлөөлөгч, ганцхан жил тусгаар тогтноод НҮБ-ын гишүүн болох гэсэн Мавритани улсыг (Францаас 1960 оны 11 дүгээр сард тусгаар тогтносон) “Бидэн шиг жаахан зовлон амс” гэж бодсон ч юм билүү. Гэхдээ ингэж бодоогүй нь мэдээж. Тухайн үед Монголыг ЗХУ л дэмжиж НҮБ-ын гишүүн болгосон. Тиймээс гишүүн болонгуутаа л тэднийг зөрөх хэцүү байсан байх... Үүнийг мавританичууд ч сайн ойлгож байгаа. Цаг тийм байсан юм шүү дээ... Баярын мэнд хүргэе.

Monday, 24 October 2011

ШАГНУУЛААД ШАРАА БОЛЖЭЭ

Хэд хоногийн өмнө Сүхбаатарын талбай дээр МУБИС-ын хэдэн таньдаг оюутнуудтай тааралдлаа. Хичээл нь тэр өдөр ороогүй гэнэ. Хичээл нь яагаад ороогүйн учрыг нь лавлатал сургууль нь 60 жилийн ойн баяраа тэмдэглэж баярын концерт тавьсныгаа оюутнууддаа үзүүлнэ гэсэн юм байх. Үүнийг нь сонсоод “Болж дээ” гэсэн чинь болоогүй юм байна. Оюутнууд гомдолж байна.

“Сарын өмнө ойн баярт зориулсан хандив гэж хүн бүрээс нэг мянган төгрөг хурааж авсан. Тэгээд одоо концертийн тасалбар гэж бас дахин 3000 төгрөг хурааж авлаа. Сургуулийн захиргаа бүх туслах ажилтнуудад бүх оюутны тоогоор билет тарааж өгөөд, оюутнууд үзсэн ч, үзээгүй ч мөнгийг нь олж ир гэж лүндэн буулгасан” гэлээ.

Цоо шинэ үзэгдэл биш л дээ. Саяхан хүртэл бас нэг дээд сургуулийн оюутнууд иймэрхүү гомдол хэлж зурагтаар гарч байсан. Ер нь жилийн жилд л багш, оюутнууддаа энэ маягаар “шахааны” бизнес хийдэг мэдээ цацагддаг. Үүнд бид бүр дөжиржээ. Харин би жаахан тооцоо хийж үзлээ. МУБИС нь энэ хичээлийн жилд 10 мянга гаруй оюутан сурагчидтай гэж сургуулийнхаа вебсайтанд бичсэн байгааг тооцвол ойн баярын хандив гэж 10 сая, концертын тасалбар гэж 30 сая, нийт 40 сая төгрөг цуглуулсан бололтой.

“60 жилийн ойн баяр гэсэн хүндэтгэлийн концертонд том том “одууд” орох юм байх гэсэн чинь СУИС, Хөгжим Бүжгийн Коллежийн хэсэг багш, оюутнууд дуулж хөгжимдөн дээрээс нь хайрт оюутнуудаа дайчилж нүсэр тоглолт хийсэн. Нийт гурван удаа тоглоход үзэгчдийн заалны тал нь л дүүрсэн” гэж нэг оюутан ховлож байна. Гэхдээ тэр хамаагүй. Нэгэнт л мөнгийг авчихсан юм чинь ирсэн ирээгүй нь хэнд хамаатай билээ гэж бас нэг оюутан хэлж байна.

Харин би 40 сая төгрөгөөр тус сургуулийн боссууд юу хийснийг таньдаг хэдэн МУБИС-ын багш, ажилтнуудаас тандаж асуулаа. Тэдний хэлж буйгаар бол бөх барилдуулж, багш ажилчдын хүндэтгэлийн зоог зохион байгуулжээ. Тус сургуулийн нэгэн багш эмэгтэй “Манай хамт олны 70 хувь нь эмэгтэйчүүд байхад бөх барилдуулж хэдэн нүцгэн эрчүүдийн ноцолдооныг үзүүлж, мөнгө үрэх шаардлага байгаагүй. Бид ямар эрчүүд хараагүй удсан хүмүүс байгаа биш. Тэгж Бөхийн өргөөг түрээслэж, бөхчүүдэд мөнгө тарааж байхаар хотын ойролцоох аль нэг уулын аманд сургуулийн өдөрлөг зохион байгуулвал хэдэн багш, ажилчид маань баярлах байсан. Үгүй ядахнаа хагас сайн, бүтэн сайнаар тохиолдуулж өдрийн амралтанд явуулахгүй. Өдрийн амралтын газрын зардлыг даадаггүй юмаа гэхэд ядаж замын зардлыг нь гаргачихаж болох л байсан юм” гэж гомдолж байсан.

Харин ойн баярын хүндэтгэлийн зоогондоо тус сургуулийн захиргаа нэлээн нухацтай бэлджээ. Гадна, дотны гийчид ирсэн гэнэ. Гэвч харамсалтай нь сургуулийнхаа үйлчилгээний албаны зарим хүмүүсийг мартаад цайлгандаа уриагүй байна. Тун тоогүй хэрэг болж. Уригдаагүй нэг нөхөр маш гомдолтой байна лээ. “60 жилийн турш өөрсдийн суудаг тансаг өрөө, хичээл ордог анги тасалгаануудаа цэвэрлүүлж, эвдэрч хэмхэлснээ засуулж хамаг хар бор ажлуудыг хийлгэдэг маниусыгаа яаж сургуулийн захиргаа мартаж чадав аа. Ханилж яваад нөхрөө, унаж яваад морио гэдэг шиг юм боллоо” гэж байна.

Харин нэг багш “Биднээс цайллаганы хагас зардал гэж 22 мянган төгрөг хурааж авсан. Тэгээд нэг хүний 44 мянган төгрөгөөр яаж тансаглах бол гэсэн чинь ёстой юу ч шалиагүй. Нэг ширээнд 12 хүн суухад 528 мянган төгрөгөөр ямар тансаг ширээ босох билээ. Гэтэл цөөн хэдэн чихэр, алим нь нэг тойроод алга болсон” гэж хошуугаа унжуулан гомдолж байна. За энэ ч яахав. Муу хүн идсэнээ сайн хүн явснаа гэдэг юм. Багшийн дээдийн хэдэн багш нар арай бага хундага дарс уугаа л биз. Харин ч бага ууж сайн үлгэр дууриалал үзүүлж.

"Гэхдээ цаадах эдийн засгийн тооцоо нь сонирхолтой. Нэг хүний 44 мянга төгрөг гэж багш нараа хуураад... Бид ямар хэмжээний юм идэж ууснаа мэдэхтэйгээ шүү дээ" гэж багш нар нь нэг нэгнээсээ өрсөн хариулцгааж байлаа.

Гэхдээ энэ идэж уусан ч яах вэ. Дээр хэлсэн. Хаа сайгүй байдаг үзэгдэл. Харин тус сургуулийн ойн баяраар олон багш нар нь есөн шидийн мэргэжилтэй болж медалиар шагнуулсан гэнэ. “Эгээтэй л гавьшгай слесарь, гарамгай хууль ч болсонгүй. Бүр огт спорт хөөцөлдөж байгаагүй хүн тамирчны медалиар шагнуулсан. Шагнаж урамшуулалгүй яах вэ. Гэхдээ юугаар? Шагнал гардуулах ёслол дээр захиргааны томчууд орж ирэн бие биенээ шагначихаад гараад явцгаасан. Харин үлдсэн хүмүүс нь хоорондоо төрөл бүрийн төрийн бус байгууллагуудын тэмдэг, медалиуд солилцсон. Ямар нэгэн баяр болохоор сургуулийн захирал нь янз бүрийн байгууллага руу утасдаж манай хэдэн багш нарт өгчих тэмдэг, медаль байна уу гэж гэдэг гуйдаг. Үгүй мөн их санаа тавьж байна аа?” гэж танил багш маань гомдоллоо.

Харин шагнуулсан бас нэг багш “Надад өгсөн тэмдэг нь Спортын төв ордны урдах дэлгүүрт 1500 төгрөг гэж байна лээ. Би нөхрөөсөө маш их ичсэн. Ёстой шараа болсон. Түүний оронд мөнгийг нь өгчихгүй дээ” гээд “Улсдаа багшлах боловсон хүчин бэлтгэдэг цорын ганц сургууль болох МУБИС нь захиргаадалтын үеийн хуучинсаг сэтгэлгээнээсээ салж чадаагүй байна. Захирал болон захиргааны албан тушаалуудыг ч гэсэн хуучин үеийн адил томилгоогоор буюу “үе залгамжлан” авдаг нь хэвээр юм чинь аргагүй ч юм уу” гэж халаглаж байлаа.

Эцэст нь, МУБИС-ийн захиргаа ойн арга хэмжээгээ хамт олон, оюутнууддаа өгөөж хүртээлтэйгээр зохион байгуулсансан бол дээрх гомдлууд гарах байсан гэж үү. Хамгийн гол нь өчнөөн сая төгрөгийг үргүй зарцуулсан нь ажилчдынх нь дургүйг хүргэжээ. Үүнээс хойш ойн арга хэмжээний мөнгө санхүүг юунд хэрхэн яаж захиран зарцуулснаа тодорхой тайлагнадаг байх нь чухал юм байна. Хэрэгтэй, хэрэггүй 1500 төгрөгний медалиар шагнаж багш нараа шараа байдалд оруулж байснаас мөнгөн шагнал нэмж өгч хүндэтгэлийн тоглолтондоо олны танил хамтлаг дуучдыг урьсан бол багш, ажилчид, оюутнууд сэтгэл хангалуун байх байж дээ.

Sunday, 23 October 2011

НҮҮРСНИЙ ЭРИН БОГИНОХОН

Монголыг зорьсон хоёр америк онгоцонд зэрэгцэж суугаад нисч явжээ. Нэг америк нь Монголд уул уурхайн томоохон компанид ажилладаг. Нөгөөх нь америкийн нэгэн төрийн бус байгууллагын тэргүүн. Тэр хоёр Монголын уул уурхайн хөгжлийн талаар ярилцаж, санал бодлоо солилцож байтал уул уурхайн компанид ажилладаг америк нь:
-Монгол, Хятадыг нүүрсээр 300 жил хангах нөөцтэй гэж хэлэхэд нөгөөх нь:
-Монгол, Хятадыг өөр эрчим хүчний хямд үүсвэр бий болтол нүүрсээр хангах нөөц бий гэж хариулсан гэнэ.

Монгол, Хятадыг өөр эрчим хүчний хямд үүсвэр бий болтол хангах нөөцтэй гэж учир битүүлэг хариулсан эрийг Стив Фриш гэнэ. Тэрбээр АНУ-ын Калифорни мужийн “Сьерра Бизнес Зөвлөл” ТББ-ын тэргүүн. Түүний Монголд ирсэн нэг зорилгыг нь товчоор хэлбэл, Америкийн уул уурхайн туршлага, алдаа оноог монголчуудад танилцуулах, мөн Монголын уул уурхайн зөв зүйтэй бодлогоос суралцаж Америкт нэвтрүүлэх...

Тэрбээр хоёр орон уул уурхайн салбарт харилцан бие биенээсээ суралцах зүйл их байна гэж үздэг. Гэхдээ хэрэв уул уурхайн салбар хөгжсөн хугацаа, хоёр улсын хөгжлийн түвшинг харьцуулвал хэн нь багш, хэн нь шавь байх нь ойлгомжтой. Стив Фриш “Өнөөдөр уул уурхайн салбарт гаргасан шийдвэр ирээдүйн Монголын олон зүйлд нөлөөлөх болно” гэж хэлэхэд үнэмшихгүй гээд ч яахав. Америкчууд, биднийг газартаа гадас шаахаас ч цээрлэдэг үед “нинжатай” байсан улс шүү дээ.

Бидний нинжа гэж нэрлэдэг хувиараа алт олборлогчдыг Америкт зэрлэг муур (wild cat) гэж нэрлэдэг байсан байна. Тэдний хийсэн зуун тавин жилийн өмнөх “үйлийн үрийг” одоо хүртэл америкийн татвар төлөгч нар төлсөөр л байдаг гэнэ.

Зэрлэг муурнуудын орхиод явсан олон уурхайн байгаль орчныг АНУ-ын Засгийн газар татвар төлөгчдийн мөнгөөр нөхөн сэргээсээр байгаа гэнэ. “Бүр 150 жилийн дараа сая сая долларыг жил бүр байгаль орчны нөхөн сэргээлтэд зарцуулж байна. Гэтэл энэ нь бас хангалтгүй. Бид сая сая долларыг жил бүр зарцуулсаар атал миний амьдардаг Калифорни мужийн Сьерра Невадад гэхэд л 47 мянган нөхөн сэргээлгүй орхисон уурхай бий. Тиймээс танай Засгийн газар уул уурхайг одоо л зөв зохицуулж зуун жил, хоёр зуун жилийн дараа байгаль орчны нөхөн сэргээлтэд ямар их хэмжээний зардал гарч болохыг бодолцох хэрэгтэй” гэж Стив Фриш хэлсэн юм.

150 жилийн дараа зөвхөн төсөв хохироогүй харин хүний эрүүл мэнд ч хохирсоор байгаа гэнэ. “Манай гол мөрөнд мөнгөн ус байсаар л байна. Мөнгөн усыг бид 150 жилийн дараа ч бүрмөсөн цэвэрлэж чадаагүй. Манай мужийн оршин суугчдын биед мөнгөн ус байсаар байна” гэж тэр ярьсан.

Америкийн Калифорни муж бол газар доорх болон газар дээрх байгалийн баялаг ихтэй муж ажээ. Мод, ус, алт гэх мэт байгалийн баялагтаа тулгуурлаж уг муж хөгжсөн байна. 1850-1900 оны хооронд дэлхийд хамгийн их алтыг Калифорни мужид олборлож байжээ.

“Тэр үед одоогийн Монгол шиг нинжа нар ч их байсан. Эхлээд ямар ч хууль дүрэм, зохицуулалт байгаагүй. Байгаагүй учраас хэдэн сая тонн мөнгөн ус манай мужийн гол мөрөнд орсон. Маш ч их хор хөнөөл учруулсан. Гол мөрөн мөнгөн ус, хүнцэл гэх мэт химийн хорт бодисуудаар хордсон. Тухайн үед алт олборлох хамгийн зохимжтой аргыг хайж ус ашиглаж олборлох болсон. Үүнээс болж Калифорнийн тал нутаг голоор урсан ирэх сая сая тонн шорооны улмаас 6 см өндөрссөн. Мөн мөнгөн усыг зохицуулах гэж үзсэн. Ер нь өнөөгийн хууль дүрэм зохицуулалттай болтол 50-75 жилийн хугацаа шаардагдсан.”

“Тиймээс бид байгаль орчны бодлогыг хэрхэн зөв хэрэгжүүлэх вэ гэдэг асуудалтай бодиттойгоор тулгарч байлаа. Байгалийн баялгийг хэрхэн зөв зохистой ашиглаж орон нутгийн оршин суугчдад болон улс орны хөгжилд хэрхэн үр өгөөжтэй болгох вэ гэдгийг олон жил хэлэлцсэн” гэж Стив Фриш мөн ярьж байсан.

“Сьерра Бизнес Зөвлөл” ТББ нь орон нутгийн тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд анхаарч ажилладаг гэнэ. Орон нутгийнхаа оршин суугчдад болон америкийн нийт ард иргэдэд үр өгөөжтэй, байгаль орчинд ээлтэй бодлогыг хэрэгжүүлэхэд тэд бас анхаардаг байна. Мөн төр, хувийн бизнес, төр бус байгууллагын уялдаа холбоог сайжруулах үүргийг ч гүйцэтгэдэг ажээ.

Стив Фриш Монголд ирж холбогдох албаны хүмүүс болон МУИС-ын оюутнуудтай уулзаж ярилцжээ. Тэрээр тэдэнтэй олон зүйлийн талаар санал бодлоо солилцсоны нэг нь Монголыг хүлэмжийн хийг бууруулахын тулд хөгжилтэй улс орнуудад бий болсон “нүүрсхүчил, хүлэмжийн хийн зах зээл”-ийн сүлжээнд орохыг санал болгосон явдал юм.

“Нүүрсхүчил, хүлэмжийн хийн зах зээл”-ийн сүлжээг энгийнээр тайлбарлавал хүлэмжийн хийгээ бууруулж чадахгүй, зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү ялгаруулж байгаа үйлдвэр, компаниуд хүлэмжийн хийг бага ялгаруулдаг үйлдвэр, компани, улс оронд тодорхой хэмжээний төлбөр төлж “оноо авах” боломжтой байдаг юм байна. Тэд мөн хүлэмжийн хийг бууруулах төслийг санхүүжүүлж “гэмээ цайруулж” болох ажээ. “Сьерра Бизнес Зөвлөл” ч хүлэмжийн хийг бууруулах олон төслийг хэрэгжүүлдэг ажээ.

Хэрэв манай улс нүүрсхүчил, хүлэмжийн хийг бууруулж цэвэр агаартай улс болж чадвал “нүүрсхүчил, хүлэмжийн хийн зах зээл”-ийн сүлжээнд орох ашигтай мэт надад санагдаж байлаа. Жишээлбэл, гэр хороололд амьдардаг иргэн Бат утаагүй зуух ашигласныхаа төлөө тодорхой хэмжээний мөнгийг Америкийн нэгэн компаниас авах боломжтой болно.

Түүнээс мөн би Калифорни мужид уурхайн нөхөн сэргээлтийг яаж зохицуулдгыг лавлаж асуусан юм. Түүний хэлснээр бол Калифорнид уурхайн олборлолт эхлэхээс өмнө нөхөн сэргээлт хийх нийт хөрөнгийг тогтоогоод, төлөвлөгөө хийсэн байхыг шаарддаг гэнэ. Түүний дараа олборлолт эхлэхэд тодорхой хэмжээний мөнгийг орлогоосоо нөхөн сэргээлтийн санд тогтмол хуримтлуулж байхыг бас шаарддаг ажээ.

Калифорнид харин нүүрсний уурхай байдаггүй гэнэ. Гэхдээ энэ нь Стив Фришийг Монголын нүүрсний талаар өвөрмөц санал дэвшүүлэхэд садаа болсонгүй. Түүний хэлсэн санаа бол шинэлэг бөгөөд бодууштай. Тэрбээр хэдийгээр Монголд маш их нүүрсний нөөц байгаа ч энэ нөөцөө бид дуусгаж амжаагүй байтал дэлхий нийтэд сэргээгдэх эрчим хүчний үнэ өртөг нүүрснээс ч хямд болж нүүрс олборлож ашиг олох боломжгүй болно гэж үзэж байна.

“Монголын нүүрсийг би их сонирхсон. Одоохондоо нүүрс олборлож, Хятадад зарах их ашигтай байна. Учир нь хямд. Харин нар, салхиар ажилладаг сэргээгдэх эрчим хүч үнэтэй байгаа. Гэхдээ ирээдүйд шинэ технологи, санаачилга сэргээгдэх эрчим хүчний үнийг бууруулна. Харин нүүрсний хувьд бол зах зээлийн өрсөлдөөний улмаас үнэ нь улам өснө. Тодорхой хугацааны дараа нүүрс, сэргээгдэх эрчим хүчний үнэ солигдож, нүүрс үнэтэй, сэргээгдэх эрчим хүч хямдрах нь гарцаагүй. Тэгсэн цагт Монголд гурван зуун жил ашиглах нүүрсний нөөц байлаа ч ашиггүй болно. Тиймээс монголчуудын нүүрсэнд тулгуурлаж улс орноо хөгжүүлэх хугацаа богинохон байж мэдэх юм. 300 жил биш 30 жил ч байж мэднэ” гэж тэрбээр сануулаад уул уурхайгаас олж байгаа ашиг орлогоороо ирээдүйд хэрэгтэй сэргээгдэх эрчим хүч, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаанд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй гэж байлаа.

Гэхдээ нүүрсний эрин богино гээд дэвшилт техник технологи ашиглалгүй, нөхөн сэргээлт хийлгүй хамаа замбараагүй ухаад байхгүй байлгүй гэж тэр бас найдаж байгаагаа илэрхийлсэн.

“Ирээдүй бол сэргээгдэх эрчим хүч. Сэргээгдэх эрчим хүчинд маш их хөрөнгө оруулалт хийгдэж хурдан хөгжиж байгаа. Монголын нүүрсний орлого сэргээгдэх эрчим хүчний хөгжлөөс шалтгаалж татарч мэднэ. Сэргээгдэх эрчим хүч хямдрахад Монголын нүүрсээ зарах зах зээл хумигдана” гэж Стив Фриш дахин дахин хэлж байлаа. Америк сэргээгдэх эрчим хүчинд тэрбум тэрбумаар доллар зарцуулж байгаа гэнэ.

Тэрбээр мөн уул уурхайгаас олсон орлого тухайн орон нутгийнхаа хөгжилд үр шимээ өгч байх чухал. Хэрэв уул уурхайн компаниуд орон нутгийн хөгжилд тус дэм болохгүй байгаа бол оршин суугчид нь асуулт асуух нь мэдээжийн хэрэг. Бид орон нутгийнхаа томоохон үйлдвэрүүдэд нутгийн иргэдийг ажиллуулахад их цаг зарцуулдаг. Ур чадвар шаардсан, өндөр цалинтай ажилд орон нутгийн иргэдийг сургаж, бэлдэж авахыг бид том компаниудаас шаарддаг. Тэгж байж л цалин, ур чадвар тухайн газартаа шингэнэ гэж ярьж байсан.

Мөн түүнээс Америкт олон нийтийн хяналт уул уурхайн салбарт хэр байдаг вэ? гэж асуухад, харин өөдөөс “Би нэг зүйлийг асуумаар байна. Хэрэв Засгийн газар хуулиа хэрэгжүүлж чадахгүй байгаа бол иргэд хуулийн хэрэгжилтийг хянах хууль эрхзүйн тогтолцоо Монголд бүрдсэн үү?” гэж асуусан юм. Байдаг л байх. Гэхдээ байнга л орон нутгийн иргэд, төрийн бус байгууллагууд уул уурхайн компаниудыг эсэргүүцэж, жагсдаг гэж би түүнд хариулсан...

ЦАЛИН НЭМЭХЭД АНХААРАХ ЗҮЙЛ БИЙ

Ирэх жилийн төсөвт цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 53 хувиар нэмнэ гэж Засгийн газар мэдэгдсэн нь чухам цагаа оллоо. Эс тэгвээс юу юугүй л эрдэмтэд, багш нар цалингаа нэмүүлэхийн тулд босч тэмцэх гээд байсан. Тэдний араас олон ч төсвийн байгууллагынхан нэмэгдэх байсан нь эргэлзээгүй. Ямартаа ч сонгууль болтол Засгийн газрын “чихнээс хонх уях нэг шалтгаангүй” боллоо.

Харин цалин нэмнэ гэдэг жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд хүндээр тусч мэдэх юм. Өнгөрсөн 4 дүгээр сард цалингийн доод хэмжээг 140.400 төгрөг болгосон. Гэтэл одоо хүртэл энэ хэмжээнд хүрч ажилчдынхаа цалинг өгч чадаагүй салбар бас байгаа билээ. Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатарын хэлснээр бол эрчим хүч, дэд бүтэц, барилга, зам тээврийн салбарууд цалингийн доод хэмжээг ихэсгэхэд алзахгүй дааж гарчээ. Харин хөдөө аж ахуй, үйлчилгээ, жижиг дунд үйлдвэр эрхлэлтийн зарим салбарт цалингийн доод хэмжээг 140.400 төгрөг болгож чадаагүй байна. Тиймээс МАОЭНХ энэ оны эцэст гэхэд эдгээр газруудын цалингийн доод хэмжээг ихэсгэхийн төлөө ажиллахаар төлөвлөж байгаа юм байна.

Х.Ганбаатараас Засгийн газрын цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 53 хувиар өсгөх шийдвэрийн талаар МАОЭНХ ямар байр суурьтай байгааг нь лавлахад, Засгийн газраас цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмж монгол хүний хөдөлмөрийн үнэлгээг өсгөе гэснийг МАОЭНХ бүрэн дэмжиж байгааг тэрбээр хэлээд “Хэрэв төрд боломж байгаа бол төрийн албан хаагчдын цалин, тэтгэврийг нэмэхийг бид дэмжинэ. Гэхдээ анхаарах зүйл байна” гэж сануулсан юм.

2008 онд цалин, тэтгэврийг нэмэхэд жижиг, дунд үйлдвэрүүдэд тогтвортой ажлын байр 30 хувиар хорогджээ. Тийм учир цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 53 хувиар өсгөвөл хувиараа жижиг, дунд үйлдвэр эрхэлж байгаа эздэд хүндээр тусах магадлалтай аж.

“Төрийн албан хаагчдын цалинг нэмж болно. Харин үүнтэй уялдаад хувийн хэвшлийн үр ашиг, эдийн засгийн тогтвортой байдал хэрхэн хангагдах талаар Засгийн газар тодорхой бодлого гаргах ёстой. Хэрэв 2012 онд цалин, тэтгэвэр, тэтгэмж 53 хувиар нэмбэл энэ нэмэлттэй холбоотойгоор хувийн хэвшилд үүсч болох хүндрэлүүдийг хөнгөлөхөд чиглэсэн тодорхой бодлогын арга хэмжээг төлөвлөгөөндөө тусгаарай гэж бид Засгийн газарт албан ёсоор хэлж байна. Засгийн газрын бодлоготой холбоотой хамгийн их хүндрэл учирч болох салбар бол жижиг, дунд үйлдвэрлэгчид нэн ялангуяа хөдөөгийн жижиг, дунд бизнес эрхлэгчид болж байна” гэж Х.Ганбаатар ярьсан.

Тавиас дээш ажилчинтай үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд 53 хувийн цалингийн өсөлт сөргөөр нөлөөлөхгүй юм гэсэн судалгаа бий гэнэ. Гэтэл тавиас дээш хүнтэй үйлдвэрүүд нийт бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн тоо Үндэсний статистикийн хорооны гаргасан судалгаагаар 2.8 нь хувь л байдаг байна. Харин үлдсэн хувь нь тавиас доош ажилчинтай аж ахуйн нэгжүүд ажээ.

Тиймээс Х.Ганбаатар “2012 онд эдийн засаг, бизнесийн орчныг таатай болгоход илүү анхаараарай гэдэг албан ёсны хүсэлтийг бид Засгийн газар, нийгмийн түншлэлийн хоёр талдаа бид хэлж байгаа. Үйлдвэрчний Эвлэлд бид хөдөө орон нутгийн ҮЭ-ийн гишүүдээс ажилгүй хүмүүс гарч ирнэ шүү. Өрхийн орлого хомсдож, ядуурал нэмэгдэж болзошгүй шүү. Энэ асуудалд ҮЭ-ийн байгууллага анхаараарай гэж бид сануулсан” гэж байлаа.

МАОЭНХ аж ахуйн нэгж байгууллагуудын тогтвортой үйл ажиллагааг явуулахад чиглэсэн эдийн засгийн таатай нөхцөл бүрдүүлэхэд тустай хэд хэдэн арга хэмжээг Засгийн газарт санал болгож байна. Хамгийн түрүүнд Засгийн газар төрийн өмчийн монополь аж ахуйн нэгжүүдийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах ёстой гэж тэд үзэж байна. Хэрэв цахилгаан дулаан, эрчим хүчний үнийг нэмбэл шууд л инфляци өсч аж ахуйн нэгжүүдэд маш хүнд дарамт болно гэнэ.

“Бид Засгийн газар цалин нэмэхээс өмнө бүх гишүүддээ хандаж зөвлөмж гаргах гэж байгаа. Цалин нэмэх нь тодорхой боллоо. Бэлтгэлтэй байж шоконд орохгүйгээр давж гарах бэлтгэлийг хангаарай гэж гишүүддээ хандан эртхэн мэдээллийг өгье гэсэн бодолтой байгаа. Хувийн хэвшлийнхэн бол өөрийнхөө хөрөнгөөр бизнес хийж байгаа хүмүүс. Мэдээж тэд цалин нэм гэсэн шийдвэр гаргангуут л компаниа хаагаад л дампууруулчихгүй л дээ. Гэхдээ одоо яаж бүгд үүнийг давах вэ? гэдэг аргыг бодож олох нь чухал байна. Би танай агентлагаар дамжуулж, Төрийн шийдвэртэй уялдаатайгаар бид өөрсдийн өмнө тулгарсан хүндрэл бэрхшээлийг яаж давах уу гэдэг бодлогыг хувийн аж ахуйн нэгжийн эзэн болгон бодох ёстой. Эртнээс л арга замаа бодож байж л бид өөрсдийнхөө бизнесийг хадгалж авч гарна. Энэ бол бидний үүрэг гэдгийг хэлмээр байна” гэж ажил олгогч эздээ Х.Ганбаатар хандаж хэлэв.

Тэрбээр ажил олгогч эздэд хандан, “Манай гишүүд аль болох ашиг орлогоо нэмэгдүүлэх, зардлаа хэмнэх хэрэгтэй байна. Бүтээмжээ өсгөхийн төлөө байгууллага бүр анхаарах хэрэгтэй. Борлуулалтаа нэмэгдүүлэх хэрэгтэй. Шинэ техник технологи нэвтрүүлэх, эдийн засгийнхаа үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр ААН, жижиг, дунд үйлдвэрлэгч болгон л бодож байхгүй бол бидний өмнөөс хэн ч бодох гэдгийг л хатуу ойлгох хэрэгтэй” гэв.

Saturday, 22 October 2011

ХАРААЛ УУ, ЕРӨӨЛ ҮҮ?

Монголын Засгийн газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Улаанбаатарт зохион байгуулж буй “Олборлох үйлдвэрлэлийг хүний хөгжилд чиглүүлэн удирдах нь” олон улсын бага хурлыг нээж Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар үг хэлэхдээ бурханд талархав. “Ямар азаар уул уурхайн салбар эдийн засагт муугаар нөлөөлдөг үзэгдлийг "голланд өвчин" гэдэг юм бэ? Монгол биш "голланд өвчин" гэж нэрлэдэгт нь бурханд би баярлаж байна. Бид голланд өвчнийг монгол өвчин гэж хэлүүлэхгүйн тулд маш шургуу сайн ажиллах ёстой” гэж тэр хэлсэн.

Д.Цогтбаатар мөн “Уул уурхай бол өөрөө муу зүйл биш. Америк, Канад, Австрали, Европын улс орнууд үүнийг батална. Тэд сайн үлгэр дууриалал болж чадна. Дэлхийд хангалттай сайн туршлага байгаа. Бид нэг нэгнийхээ туршлага, мэдлэгээс суралцах гэж энд цугласан. Уул уурхайн баялгийг зөвхөн ‘ходоодны баялаг’ биш мөн ‘оюун ухааны баялаг’ болгох чухал” гэв.
Харин Монголд суугаа НҮБ-ын суурин зохицуулагч бөгөөд НҮБХХ-ийн суурин төлөөлөгч Сезин Синаноглу “Өнөөдөр бид баялгийн хараалаас хэрхэн зайлсхийж, олборлох үйлдвэрлэлээс олж байгаа орлогоо хэрхэн тогтвортой хүний хөгжилд чиглүүлэх үү гэдгийг хэлэлцэх гол зорилготой” гэж хэлж байлаа.

“Олборлох үйлдвэрлэлийг яаж ерөөл болгох вэ гэдгийг судалдаг хүмүүс Монголд цугларч байна. Монгол хэдийгээр урт удаан түүх соёлтой улс орон гэлээ ч олборлох үйлдвэрлэлийг хөгжүүлээд удаагүй. Тиймээс та нарын мэдлэг, туршлага Монголд маш хэрэгтэй. Энэ онд та бүхний нэгэн адил Монголд олон орны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч гэх мэт дээд хэмжээний төлөөлөгчид ирсэн. Монголын байр суурь, үүрэг дэлхийд хэрхэн нэмэгдэж байгааг энэ айлчлалууд харуулсан. Ялангуяа олборлох үйлдвэрлэлийн салбарт...” гэж хатагтай Сезин Синаноглу онцолсон.

Тэрбээр мөн, НҮБХХ-ийн захирагч Хелен Кларк олон түүхт ой, тэр тусмаа НҮБ элссэн 50 жилийн ойг тэмдэглэж байгаа 2011 онд Монголд ирсэнд их баяртай байна гээд НҮБХХ-ийн захирагч анх удаа Монголд айлчилж байгааг дурдав.

ЯАГААД ЗАРИМ УЛС БАЙГАЛИЙН БАЯЛАГ ҮР ӨГӨӨЖ ӨГДӨГ, ЗАРИМ НЬ ҮГҮЙ ВЭ?

Энэ асуултыг НҮБХХ-ийн захирагч Хелен Кларк илтгэлдээ тавьсан юм. Үүнд хариулахын тулд тэрбээр зарим улс орнуудын туршлагыг жишээ татсан. Жишээлбэл, алмааз олборлодог Африкийн далайд гарцгүй Ботсвана улс байгалийн баялгаа зөв ашиглаж чаджээ. Тэд эрүүл мэнд, боловсролын салбарт үлэмж хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн байна. Тэд ашигт малтмалын үнийн хэлбэлзлээс хамгаалахын тулд орлогынхоо тодорхой хэмжээг хадгалах сан байгуулсан байна. Мөн 1900 оны үед Европын хамгийн ядуу орон байсан Норвеги Улс байгалийн баялгаа зөв зохистой ашигласны хүчинд сүүлийн жилүүдэд НҮБХХ-ийн Хүний хөгжлийн индексийг тэргүүлэх болжээ.

Харин Нигери улс 1973-1983 оны хооронд олборлосон газрын тосныхоо орлогыг үр өгөөж муутай зарцуулжээ. Бас 1960-1970-аад оны үед ашигт фосфат олборлож нэг хүнд ноогдох орлого нь дэлхийд хоёрдугаарт байсан Номхон Далайн өмнөд хэсэгт оршдог Науру улсын фосфатын нөөц нь дуусч ард иргэд нь одоо нөхөн сэргээгдээгүй, эвдэрсэн газар нутагтай хоцорсон байна.

Тиймээс сайн засаглал, үр өгөөжтэй, урт хугацааны хөгжлийн төлөвлөгөө байгалийн баялгийн хараалыг зайлуулахад нэн чухал тул Засгийн газрыг байгалийн баялгийг хэрхэн зарцуулж байгааг ил болгоход авилгалын эсрэг хүчтэй хууль, иргэдийн идэвхтэй оролцоо хэрэгтэйг хатагтай Хелен Кларк онцолсон.
“Норвеги, Канад, Австрали, Ботсвана,Чили зэрэг улсууд ашигт малтмалын нөөцөө зөв зохистой ашиглаж, хүний хөгжлийг сайжруулж чадсан, үлгэр дууриалал болох улсууд. Ашигт малтмалын нөөцөө олборлох нь улс оронд маш их үр өгөөжөө өгөх боломжтойг тэд харуулсан” гэж тэрбээр бас хэлсэн.

Тэрбээр мөн эдийн засгийг төрөлжүүлэх нь баялгийн хараал хүрэхгүй байх бас чухал нөхцлийг бүрдүүлдэг гэв. Индонези, Малазиа зэрэг улс газрын тос экспортлохынхоо хажуугаар газар тариалан, аж үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлсэн нь амжилтад хүрчээ.
Манай улс голланд өвчний аюулыг анзаарч Төсвийн тогтвортой байдлын тухай хууль гаргаж Төсвийн тогтвортой байдлын сан байгуулсныг хатагтай Хэлэн Кларк сайшаасан. Харин Хүний хөгжлийн сан ойрын ирээдүйд нийгмийн эмзэг ядуу бүлгийг илүү онцолж, үйлчлэх байх гэж найдаж буйгаа тэр илэрхийлсэн.

“Байгалийн баялгаа хэрхэн ашиглах нь тухайн улсын эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжилд шууд нөлөөлнө. Хэдийгээр би олон улсын туршлагуудыг дурдсан ч бүгдэд таарсан бодлого гэж байхгүй. Бүгд өөр өөрийн онцлогтой.”
“Хэрэв байгалийн баялгийг ил тод, ард иргэдэд ашигтай, тэднийг хамарсан, тогтвортой байдлаар хөгжүүлвэл хүний хөгжлийг хурдасгаж чадна гэж зарчмын хувьд би үздэг” гэж хатагтай Хэлэн Кларк хэлж байлаа.

Байгалийн баялгийн орлогыг зарцуулах явц ил тод байх ёстой. Олборлосон компаниас Засгийн газарт өгч байгаа орлого, мөн Засгийн газрын болон орон нутгийн засаг захиргааны байгалийн баялгийн орлогыг зарцуулах явц ил тод байх учиртай.

Мөн байгалийн баялгийг ашиглахдаа иргэний нийгмийн оролцоо, тэр тусмаа орон нутгийн уугуул иргэдийн оролцоо маш чухлыг тэрбээр дурдсан. Ялангуяа олборлолт хийж байгаа орон нутгийн иргэдийн эрхийг зөрчихгүй байхад их анхаарах ёстой гэлээ.

НҮБ-ын тусгай судлаач Уугуул иргэдийн эрхийн талаар хийсэн судалгаандаа дэлхий дахинд ашигт малтмалын олборлолт хийж байгаа томоохон төслүүд уугуул иргэдийн эрхийг ноцтойгоор зөрчдөгийг илрүүлсэн байна. Тиймээс уугуул иргэд, Засгийн газар хоёр харилцан ашигтай яриа хэлэлцээр хийж, ойлголцох нь чухал ажээ.

Хатагтай Хелен Кларк мөн, “Тогтвортой хөгжлийг хангахын тулд ойрын хугацааны зорилтыг урт хугацааны зорилттой зохицуулж хэрэгжүүлэх ёстой” гээд урт хугацааны үр өгөөжийг бодолцох хэрэгтэйг онцолсон юм. Тиймээс байгалийн баялгийг олборлоход байгаль орчны асуудлыг орхиж болохгүй. Аливаа төсөл хэрэгжүүлэхдээ байгаль орчинд нөлөөлөх хор хөнөөлийг тооцон, нөхөн сэргээх төлөвлөгөөг гаргах ёстой аж.

Илтгэлийнхээ төгсгөлд тэрбээр олборлох үйлдвэрлэл дөнгөж хөгжиж байгаа Монгол шиг улс орнуудад ашигт малтмалаас их ашиг орлого урсан орж ирэхээс өмнө зөв удирдлага, менежменттэй болох боломж бий. Тиймээс зөв удирдлага, менежменттэй болж чадвал байгалийн баялгийг хараал биш ерөөл болгож чадна гэлээ.

ДНБ-ий 70 ХУВИЙГ ХУВИЙН ХЭВШЛИЙНХЭН ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тус бага хуралд тавьсан илтгэлдээ Монголын эдийн засаг, нийгмийн байдлыг танилцуулав.

Зах зээлийн эдийн засгийн замыг сонгоод бид хорин жил болж байна. 1992 онд ардчилсан хуультай болсон. Манай улс олон намын тогтолцоотой, иргэний нийгмийн олон байгууллагатай. Хувийн хэвшил манай эдийн засагт давамгайлж ДНБ 70 хувийг эзэлж байгаа. 2008 оны УИХ-ын сонгуулийн дараа улс төрийн тогтвортой байдлыг хангахын тулд хоёр улстөрийн нам хамтарч Засгийн газрыг байгуулсан. Энэ Засгийн газрын үед дэлхийн том санхүүгийн хямрал тохиолдсон. Манай улсын хувьд бол манай гол экспорт болох ашигт малтмалын үнэ дэлхийн зах зээл дээр унасан нь бид их нөлөөлсөн. Мөн өвөл зуд болж эдийн засаг, экологийн тэнцвэрт байдалд нөлөөлсөн. Үүнээс бид эдийн засгийг төрөлжүүлэх хэрэгтэйг ойлгосон.

Бид эдийн засгийн хямралаас харахын тулд гадаадын донор, түнш байгууллагууд хамтарч ажилласан. Үүний үр дүнд манай эдийн засаг ноднин жилийн сүүлээс эхэлж сайжирч байна. Цаашдаа эдийн засгийн хямралаас сэргийлэхийн тулд Засгийн газраас бодлогын чанартай хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Жишээлбэл, хүнсний аюулгүй байдал, хангамжийг анхаарч манай Засгийн газар Атрын III гэх мэт арга хэмжээг авсан. Гурван жилийн хугацаанд хэрэгжсэн энэ арга хэмжээний үр дүнд бид гол гол хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангах чадвартай болсон. Одоо бидний зорилго бол зөвхөн дотоодынхоо хэрэгцээг хангах биш мөн экспортлох зорилготой байгаа. Мөн миний Засгийн газар Хүн хөгжлийн санг байгуулсан. Уул уурхайгаас орж ирэх татварыг бид энэ санд оруулснаараа эрүүл мэнд, боловсрол болон бусад салбарыг санхүүжүүлэхэд ашиглана. Мөн бид Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталсан. Энэ хуулиараа бид уул уурхайгаас орж ирэх орлогыг ил тод, үр өгөөжтэй ашиглаж ядуурлыг бууруулах явцыг зохицуулна гэж Ерөнхий сайд С.Батболд хийсэн ажил үйлсийнхээ талаар бага хуралд оролцогчдод ярилаа.

Ерөнхий сайд мөн, байгалийн баялаг бол монголчуудын зөвхөн хэрэглээний эх сурвалж биш харин оюуны баялаг болгох ёстой баялаг. Хүний хөгжил бол бүх бодлогын цөмд байх ёстой гэж манай Засгийн газар үздэг. Зарим байгалийн баялагтай хөгжиж буй орнууд баялаггүй орнуудаасаа ч дор байдаг. Үүнийг бид байгалийн баялгийн хараал гэдэг. Улс орнууд баялгаа хэрхэн ашигласныг судлахад ялгаа их байна. Яагаад ялгаатай байна гэхээр засаглалтай холбоотой байна. Мөн хууль дээдлэх байдлаас болжээ. Тиймээс ардчилал, ил тод байдал, хууль дүрмийг сахих нь манай Засгийн газрын нэг чухал үүрэг байх болно гэж хэлсэн.

НЭМЭЛТ ХУВЬЦАА АРИЛЖИЖ ЭХЭЛЛЭЭ

Монголын анхны нүүрсний уурхайнуудын нэг “Шарын гол” ХК компани монголын хөрөнгийн зах зээлд нэмэлт хувьцаа гаргалаа. Тус компани нэгж нь 11,117 төгрөгийн үнэтэй 1, 707, 404 ширхэг хувьцааг өчигдөр МХБ дээр арилжиж эхлэв.

“Өнөөдөр онцлог үйл явдал болж байна. “Шарын гол” компани нэмэлт хувьцаа гаргаж байгаа нь монголын хөрөнгийн зах зээл идэвхжиж байгаагын нэг илрэл” гэж МХБ-ийн дэд захирал Д.Мөнхтүшиг арилжааг эхлүүлж цан цохихоосоо өмнө хэлсэн. 2009 оноос хойш МХБ-д нэмэлт хувьцаа гаргасан хоёр дахь тохиолдол нь энэ ажээ.

“Шарын гол” ХК-ын нэмэлт хувьцааны захиалга амжилттай явагдсан. Урьдчилсан мэдээгээр хангалттай хөрөнгө төвлөрсөн тул тус компанийн нэмэлт хувьцаагаар 18.3 тэрбум төгрөг олох төлөвлөгөө бүрэн биелэх боломжтойг Д.Мөнхтүшиг бас дурдав.

Монголын хөрөнгийн зах зээлд идэвхтэй оролцож, дотоодын хөрөнгө оруулагчдын нөөцийг ашиглан, хөрөнгө босгож бизнесээ тэлэх бүрэн боломжтойг “Шарын гол” компани баталж байна. Тэд дотоодын уул уурхайн компаниудаас анхлан нэмэлт хувьцаа гаргаж, замыг нь заслаа гэж мэргэжилтнүүд уг арилжааг дүгнэсэн байна.

Төрийн өмч давамгайлсан Багануур, Шивээ овоо гэх зэрэг нүүрсний уурхайнуудаас түрүүлж зуун хувь хувийн өмчит “Шарын гол” компани нэмэлт хувьцааг гаргалаа. Энэ нь хувийн өмчит компанийн бас нэг давуу талыг харуулж байна. Ер нь Монголын бүх уул уурхай тодорхой хэмжээгээр хөрөнгийн дутагдалтай байгаа. Эдгээр компаниудад “Шарын гол” компани үлгэр дууриалал болж, анхдагч нь боллоо гэж “БиДиСек” ХК-ийн тэргүүн дэд захирал Б.Лхагвадорж бас ярьж байсан.

23.2 сая тонн нөөцтэй гэж тооцогдож байсан тус компани 2010 онд уурхайн эзэмшлийн талбай дахь нөөцөө олон улсын стандартын дагуу шинэчлэн батлуулахад ( JORC нөөцийн программыг ашиглаж) 373.8 сая тонн нөөцтэй нь батлагджээ. “Одоо нөөцийнхөө тайланг Монголд мөрдөж байгаа стандартын дагуу хөрвүүлж бичээд Эрдэс баялгийн зөвлөлд хүргүүлчихээд байгаа. Удахгүй хурлаар орж нөөцөө албан ёсоор батлуулна” гэж “Шарын гол” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Батмөнх хэлсэн.

Тэрбээр мөн, “Манай компани шиг нийгмийн хариуцлагаа бодиттойгоор биелүүлдэг компани цөөхөн. Бид Дархан уул аймгийн төсвийн орлогын хамгийн том бүрдүүлэгч. Жилдээ бид орон нутагтаа 3-4 тэрбум төгрөг татвар өгдөг. Өнгөрсөн жил бид татвар төлөлтөөрөө аймагтаа тэргүүлсэн. Дархан уул аймгийн Шарын гол сумын 8 мянган хүний аж амьдрал бүгд энэ уурхайтай салшгүй холбоотой. Мөн бид Дархан уул аймаг, Эрдэнэт хотын халаалт, дулаан, эрчим хүчийг зуун хувь хангадаг” гэж ярьж байлаа. Шарын голын нүүрсний уурхайд 500 гаад хүн ажилладаг гэнэ. Ажилчид нь 370 мянгаас 1 сая хүртэлх төгрөгийн цалин авдаг аж.

Нэмэлт хувьцаа гаргаж олсон 18.3 тэрбум төгрөгөөрөө тоног төхөөрөмжийн шинэчилнэ гэж “Шарын гол” компанийнхан төлөвлөж байгаа юм байна. “Бидэнд одоо яаралтай хэрэгтэй зүйлүүд бол хөрс хуулалт, нүүрс тээвэрлэлтийн автосамосмалууд” гэж Б.Батмөнх ярьсан. Тоног төхөөрөмжөө шинэчилж олон улсын стандартад нийцсэн уул уурхайн компани болох зорилтоо биелүүлэхэд бэлэн байна гэж “Шарын гол” компанийнхан мөн мэдэгдлээ.

Ер нь сүүлийн үед “Шарын гол” компанийн менежмэнтэд олон улсын мэргэжилтнүүд орж ажиллах болсноор компанийн үйл ажиллагаа сайжирсан гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Анх тус компани 1990-д оны хувьчлалын үеэр 7 сая 200 мянган хувьцааг гаргаж байжээ. Харин 2003 онд төрийн өмчийн мэдэлд байсан 80 хувийг нь олон улсын нээлттэй тендерээр зарсан байна. Б.Батмөнх итгэлтэйгээр “Одоо хоёрдогч зах зээлд манай нэгж хувьцааны ханш 12 мянган төгрөг байгаа. Ерээд оны сүүлээр бид эдийн засгийн уналтад орсон үйлдвэрийг худалдаж аваад уналтыг нь зогсоож өөд нь татах ажил хийсэн. Одоо манай компани өсөн дэвжих гараан дээр ирсэн. Тэгэхээр хувьцааны үнэ өснө. Манай нэмэлт хувьцаааг худалдаж авч байгаа хүмүүс хувьцааны ханшны өсөлтөөс нэлээн ашиг олох байх гэж бид бодож байна” гэв.

Мөн тус компанийнхан ирээдүйд нүүрс угаах, баяжуулах үйлдвэр байгуулахаар ярилцаж байгаа гэнэ. Австралийн нэгэн компаниар нүүрс угаах, баяжуулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үзүүлэлтийг нь хийлгэсэн байна. Хэрвээ бид нүүрс экспортлох эсвэл дотоодын ДЦС-ууд угаасан нүүрс худалдаж авах бололцоотой бол бид нэмүү өртөг шингээгээд зарах төлөвлөгөөтэй” гэж Б.Батмөнх хэлж байлаа.

2010 оны 7 дугаар сарын 31-нээс өмнө “Шарын гол” ХК-ийн хувьцааг хувьцаа эзэмшигчид эхнийн ээлжинд тус компанийн хувьцааг 11,117 төгрөгийн нэрэлсэн үнээр худалдаж авах эрхтэй юм байна. Тэдний дараа олон нийтэд зарах ажээ.
Нэмэлт хувьцаагаар босгосон 18.3 тэрбум төгрөгийн 64 хувийг уул уурхайн технологи, тоног төхөөрөмжөө шинэчилэхэд, 11 хувийг ажлын нөхцөл байдлыг сайжруулахад, үлдсэн 25 хувийг хөдөлмөрийн зардлыг нөхөхөд зарцуулах аж.

Sunday, 16 October 2011

БАГШ НАРЫН СУДАЛГААНЫ АЖЛЫГ ДЭМЖИХ ЧУХАЛ

Дэлхийн Банк хийсэн Зүүн Ази Номхон Далайн бүсийн Дээд Боловсролын талаарх судалгааны дүнг өчигдөр Дэлхийн банкны суурин төлөөлөгчийн газар өчигдөр сэтгүүлчдэд танилцууллаа.

“Дээд боловсролыг хөгжүүлэх нь: Зүүн Азийн бүтээмж, өсөлтийг хангахад шаардагдах ур чадвар ба судалгаа шинжилгээ” сэдэвт тус тайланд ажил олгогчид бүтээмжээ дээшлүүлэхийн тулд их дээд сургууль төгсөгчдөөс ямар ямар ур чадварыг хүсэн хүлээж байгаа, тэд ямар нарийн мэргэжил эзэмшсэн байх шаардлагатайг тодруулж өгсөн байна.

Уг судалгаанд Монгол Улсыг дурдахдаа, хэдийгээр Монгол арван жилийн хугацаанд эдийн засгийн хамгийн хурдацтай өсөлттэй орон гэж таамаглаж байгаа ч үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлэхгүйгээр эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангаж чадахгүй. Тиймээс дээд боловсрол маш чухал. Гэхдээ дээд боловсрол нь ажлын бүтээмжийг дээшлүүлэх ур чадвар, судалгаа шинжилгээг хослуулах ёстой. Орчин үеийн технологийг нэвтрүүлэхэд чиглэсэн судалгаа шинжилгээний ажлыг ур чадвартай хослуулснаар тогтвортой хөгжлийг хангаж чадна гэж үзжээ. Тэдний хийсэн судалгаагаар бол шинжлэх ухаан, инженерийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн хүмүүсийг олон төгсгөж, дээд боловсролын судалгааг сайн хөгжүүлсэн улс орнууд илүү их шинийг санаачлагч улс орон болж чаджээ.

Монголын хувьд бол дээд боловсролын чанар нь зах зээл дэх нэн шаардлагатай байгаа ур чадварыг бүрэн хангаж чадахгүй байгаа гэсэн дүгнэлтийг тэд хийсэн байна.

Монголын хурдацтай хөгжиж буй эдийн засагт олон ажил олгогчид дээд боловсрол эзэмшсэн хүмүүсээс ажлын бүтээмжийг дээшлүүлэх техник, арга барил, сэтгэн бодох чадварыг илүү шаардах болсон байна. Ажил олгогчдод шинжлэх ухаан, технологи, инженер, математикийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн хүмүүс илүү хэрэгцээтэй байгаа аж.

Гэтэл зах зээлд нийлүүлж буй дээд боловсрол эзэмшигчдийн тоо хэдийгээр Зүүн Азийн бусад улсуудтай харьцуулахад их байдаг ч Монголд дээд боловсрол эзэмшигчдийн ур чадвар чамлахаар байна гэж Дэлхийн банкны судалгаагаар гарчээ. Үүнийг тэд доорх жишээгээр баталсан байна. Тодруулбал, дээд боловсрол эзэмшигчид харьцангуй олон байгаа ч ажилгүйдлийн түвшин өндөр байна. Мөн дээд боловсрол эзэмшсэн ажилгүйчүүд олон атал зарим мэргэжлийн ажлын байранд тохирох мэргэжилтэнг олоход урт хугацаа шаардагдаж байгаа ажээ. (Дэлхийн банк ажил олгогч тохирох мэргэжилтэнг олох дундаж хугацааг бараг 6 долоон хоног гэж тооцоолжээ.)
Энэ нь их дээд сургууль төгсөгчид ажил олгогчдод хэрэгцээтэй ур чадварыг эзэмшээгүйг харуулж байгаа аж. Хязгаарлагдмал чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг дээд боловсролын тогтолцоо (ялангуяа техникийн болон мэргэжлийн сургалтын төвүүд дутмаг) байдаг нь үүнийг бас баталсан байна. Ажил олгогчид монголын дээд боловсрол эзэмшигчид англи хэлний мэдлэг, манлайлах, харилцааны ур чадвар муутайг мөн онцолсон байна.
Ялангуяа, уул уурхай, дэд бүтэц, аж үйлдвэрийн салбарт технологи, инженерийн чиглэлийн ур чадварыг эзэмшсэн мэргэжилтэн олоход хэцүүг Дэлхийн банк дурджээ.

Түүнчлэн Монголын их дээд сургуулийн оюутнууд бусадтай харилцах соёл, бүтээлч сэтгэлгээ, өөрийгөө хөгжүүлэх болон мэдээллийг олж авах чадварыг эзэмшиж чадалгүй төгсдөг гэж Дэлхийн банкны судалгаанд дурдсан байна.

Мөн уг судалгаанд Монголын их дээд сургуулиудын судалгаа шинжилгээний бүтээл маш хязгаарагдмал байдаг гэж дүгнэсэн байна. Дээд боловсролын байгууллагууд шинэ санаачилгыг дэмжиж түлхэц өгөх судалгаа шинжилгээний ажлыг хөгжүүлэх ёстой. Их дээд сургуулиуд бизнесийн салбарт шинэ санааг түгээж, технологийн шинэчлэл, мэдлэгт судалгаа шинжилгээнийхээ үр дүнгээр хувь нэмрээ оруулах учиртай. Гэтэл Монголын дээд боловсролын систем чанарын шаардлага хангасан судалгааг хийх түвшинд хүрээгүй байна. Технологийн шинэчлэл, өөрчлөлтөд хамрагдаж байгаа их дээд сургуулиудын оролцоо ч хязгаарагдмал байна. Монгол улсын их дээд сургуулийн багш нарын дунд докторын зэрэг дэвтэй багш нарын эзлэх хувь бага. Мөн тэд гол ажлын үүрэг нь хичээл заах байдаг тул судалгаа шинжилгээний ажлыг орхигдуулдаг. Энэ нь бас их дээд сургуулийн багш нарын ажлын ачаалал их нэг багшид ноогдох оюутны тоо их байдагтай холбоотой юм. Тиймээс, цаашид Монгол улсын их дээд сургуулиуд нь мэргэжилтэн бэлтгэхийн хажуугаар судалгаа, технологиор дамжуулан нийгэмд шинэ санаа, санаачилгыг дэмжихэд түлхүү ажиллах шаардлагатай гэж Дэлхийн банкны судалгаанд дурджээ.

Тиймээс ч Дэлхийн банкны мэргэжилтнүүд Монголын эдийн засгийн хурдацтай өсөлт, технологийн тасралтгүй дэвшлийг хангахын тулд их дээд сургуулиудын судалгаа шинжилгээний чадавхийг бэхжүүлэхэд төр засаг нь анхаарах хэрэгтэй. Мөн дээд боловсролын тоон ба чанарын үзүүлэлтийг тэнцвэртэй болгох шаардлагатай гэж үзжээ.

Дээрх хоёр зорилтыг биелүүлэхийн тулд их дээд сургуулийн удирдлагын бие даасан байдлыг бүрэн хангах, дээд боловсролын зэрэгцээ техник мэргэжлийн боловсролын сургалтыг бэхжүүлэх, судалгаа шинжилгээнд зориулах төсвийн зарцуулалтыг нэмэгдүүлэх зэрэг хэд хэдэн арга хэмжээг авах нь зүйтэй гэж Дэлхийн банк зөвлөсөн байна.

Мөн дээд боловсрол “хэт тусгаарлагдсан байгаа нь” бас нэг том дутагдал гэнэ. Дээд боловсролын байгууллагууд ажил олгогч, судалгаа шинжилгээний байгууллага, мөн бага, дунд боловсролын сургуулиудтай илүү нягт уялдаа холбоотой ажиллах хэрэгтэй аж. Ингэхийн тулд хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн солилцоог улам сайжруулах ёстой ажээ.

Sunday, 9 October 2011

ГУЧИН ДӨРВИЙГ ТАВЬ БОЛГОВОЛ ХУУЛЬ ЗӨРЧИНӨ

Хоёр жилийн өмнө байгуулсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчилж Оюутолгой төслийн Монголын эзэмших 34 хувийг 50 хувь болгоно гэж УИХ-ын 20 гишүүн зүтгэсэн. Гэвч Оюутолгойн гэрээг өөрчлөхгүй гэдгийг өнгөрсөн долоон хоногт төрийн гурван өндөрлөг хэллээ.

Мөн өнгөрсөн долоон хоногт Улаанбаатарт болсон Хойд Америкийн хөрөнгө оруулагчдын 14 дэхь чуулга уулзалтын үеэр Оюутолгойн гэрээг өөрчлөх хэрэггүй гэсэн байр суурийг баримталсан гадаад, дотоодын олон хүн байлаа.

Тэдний нэг нь Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамба. Тэрбээр “Оюутолгой төслийн Засгийн газрын эзэмших хувийг 50 хувь болговол хууль зөрчинө” гэж хэлсэн.

Д.Дамба мөн, Ашигт малтмалын хуульд улсын төсвөөр хайгуул хийсэн орд газрын эцсийн бүтээгдэхүүний 50 хүртэлх хувийг Засгийн газар эзэмшиж болно. Харин хувийн болон улсын төсвийн бус хөрөнгөөр хайгуул хийсэн орд газрын 34 хүртэлх хувийг Засгийн газар эзэмшиж болно гэж заасан. Тэгэхээр Оюутолгойн орд бол улсын төсвөөр биш хувийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн орд учраас Оюутолгойн төслийн 50 хувийг Засгийн газар авбал хууль зөрчсөн хэрэг болно. Сүүлийн үед энэ талаар их ярих болсон нь сонгууль дөхөж байгаа учраас тодорхой хэсэг улстөрчдийн ард түмэнд таалагдах гэсэн шоу болов уу гэж бид ойлгож байна гэв.

Монголын уул уурхайн үндэсний ассоциаци төрийн гурван өндөрлөг шиг нэгэнт байгуулсан Оюутолгойн гэрээг өөрчилж, Монголын хувийг 50 болгож болохгүй гэсэн байр суурьтай байна. Харин тэд Оюутолгойн гэрээнд заасан өсөн нэмэгдэх роялти татварын асуудлыг хөндөж, өөрчилж болох юм гэж үзэж байна. “Оюутолгойн гэрээг өсөн нэмэгдэх роялти татварын тухай хууль гарахаас өмнө хийсэн учир одоо гэрээнд хуучин хуулийн дагуу 5 хувийн роялти татвар төлөхөөр тусгагдсан байгаа. Үүнийг харин хөдөлгөж, өөрчилж болох байх. Оюутолгой компани бусад уул уурхайн үйлдвэрүүд ямар хэмжээнд роялти татвар төлж байна тэр хэмжээнд төлөх нь зөв байх” гэв.

Хойд Америкийн хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг зохион байгуулсан Хойд Америк-Монголын бизнесийн зөвлөлийн захирал Эдвард Т.Сторитой уулзаж энэ талаар бас лавлав. Тэрээр Засгийн газар илүү хувийг авна гэж байгаа бол нэгэнт байгуулчихсан гэрээгээ өөрчилж биш харин цаашдын ирээдүйд хөрөнгө оруулагч нартай байгуулах гэрээндээ үүнийгээ тусгах хэрэгтэй гэж үзэж байна.

-Энэ жилийн чуулга уулзалтанд ямар асуудлыг илүү анхаарсан вэ?
-Өнгөрсөн жилүүдийн чуулга уулзалтад бид эрдэс баялаг, уул уурхайн салбарт хөрөнгө оруулах хэрэгцээг онцлон анхаарч байлаа. Харин энэ жилийн чуулга уулзалтад бид тогтвортой байдал, байгуулсан гэрээ хэлэлцээрээ хүндэлж, биелүүлэх нь чухал болохыг онцолж санал бодлоо солилцлоо. Хэрэв нэгэнт л гэрээ байгуулсан бол гэрээ байгуулсан бүх талууд гэрээгээ хүндлэх ёстой шүү дээ. Энэ нь зөвхөн гадаадын хөрөнгө оруулагчдад хамаатай юм биш мөн монголын компаниудад ч чухал. Тэд төслөө хэрэгжүүлэх хугацаандаа байгуулсан гэрээ, баталсан журам нь хүчинтэй байна гэдэгт итгэлтэй байвал үйл ажиллагаа нь тогтвортой байх билээ. Уул уурхайн салбарын хувьд бол ашигт малтмал олборлож, ашиглахад маш их хэмжээний хөрөнгө мөнгө шаардлагатай байдаг бөгөөд урт хугацаа шаарддаг. Заримдаа нэг ордыг нээгээд ашиглахад арван жил ч болдог. Тиймээс байгуулсан гэрээ хувирч өөрчлөгдвөл үйл ажиллагаанд нь сөргөөр нөлөөлөх нь дамжиггүй. Мөн энэ чуулга уулзалтын энэ жилийн бас нэг онцлог бол эрдэс баялгийн асар их нөөцийг ашиглаж эхлэсний дараа маш их хэмжээний баялаг бий болоход хэрхэн тэр их орлогыг Монголын хөгжилд ашигтайгаар зарцуулах вэ? гэдгийг хэлэлцсэн явдал юм. Энэ их баялгийг эрүүл мэнд, дэд бүтэц, боловсролын салбарт оруулах чухал. Тийм учраас бид эрүүл мэнд, дэд бүтэц, боловсролын салбарын хуралдааныг бас хийсэн.

-Энэ жилийн чуулга уулзалтыг 14 жилийн өмнө болсон анхны чуулга уулзалтаас ямар ялгаатай байна вэ?
-Ялгаа нь гэвэл, 14 жилийн өмнө маш цөөхөн хүн Монголыг мэддэг байлаа. Анхандаа бид Монгол болон Монголд хөрөнгө оруулах боломжуудыг танилцуулж, хөрөнгө оруулагчдын Монголын талаарх мэдлэгийг нь дээшлүүлэх ажлыг хийж байсан. Харин одоо бол бидний хэлэлцэж байгаа асуудлууд тэс өөр болсон. Бас нэг чухал ялгаа бол, энэ жил болон сүүлийн жилүүдэд монголчууд чуулганд оролцох нь бас нэмэгдсэн. Ойролцоогоор оролцогчдын тал хувь монголын компаниуд болон хувь хүмүүс байгаа. Боловсон хүчнээ бэлдэх, менежментийн удирлагаа боловсронгуй болгох гээд шаардлага бий болж байгаа тулд монгол компаниуд улам олноор оролцох болсон.

-УИХ-ын зарим гишүүд Оюутолгойн гэрээг өөрчлөхийг хүсч байна. Үүнийг Америк, Канадын хөрөнгө оруулагчид хэрхэн хүлээж авч байна вэ?
-Айдас... Хөрөнгө оруулагчид айдастай хүлээн авлаа. Яагаад гэвэл энэ гэрээ бараг хоёр жилийн өмнө л байгуулагдсан. Маш их хэмжээний мөнгө зарцуулж, хөрөнгө оруулалт хийчихсэн байгаа. Тэгэхээр асар их хэмжээний хөрөнгө оруулалт хийсний дараа тоглоомын дүрмийг өөрчилнө гэвэл цочирдох нь гарцаагүй. Хэрэв энэ гэрээг өөрчлөх юм бол ирээдүйд Монголд хөрөнгө оруулах явцыг мэдэгдэхүйц бууруулна. Ер нь бүх л хөрөнгө оруулагчид (монгол уу, гадаад нь хамаагүй) хөрөнгө оруулах үндсэн зарчим нь тогтвортой байдал гэдгийг ойлгодог. Хэрэв Засгийн газар ашигт малтмал ашиглах гэрээг илүү хатуу, Засгийн газрын эрх ашгийг улам нэмэгдүүлэхийг хүсвэл ирээдүйд хөрөнгө оруулахыг хүсч байгаа компаниудтай байгуулах гэрээндээ үүнийг тусгаж болох юм. Тэгсэн цагт ирээдүйн хөрөнгө оруулагчид энэ нь эдийн засгийн хувьд ашигтай байна уу, үгүй юу гэдгийг тооцоолоод гэрээ байгуулах эсэхээ шийдэх байх. Ашигтай байвал хийнэ, ашиггүй бол тэд хийхгүй шүү дээ.

-УИХ-ын гишүүд Оюутолгойн гэрээг өөрчилнө гэснээс бол Айвенхоу майнз, Рио Тинтогийн хувьцаа буурсан уу?
-Гэрээг өөрчлөхийг хүссэн нь зөвхөн тэдний хувьцаанд нөлөөлөөгүй. Мөн Монгол, Монголын Засгийн газрын нэр хүндэнд нөлөөлсөн. Товчхондоо ирээдүйн хөрөнгө оруулагчдын Монголын талаарх төсөөлөлд муугаар нөлөөлсөн.

-Айвенхоу майнз, Рио Тинтогийн хувьцаа буурсан нь үнэхээр Оюутолгойн гэрээг өөрчилнө гэснээс болсон уу?
-Үнэнийг хэлэхэд тэдний хувьцаа яг хэр унасныг би мэдэхгүй байна. Би тэдний хувьцааг ажигладаггүй. Би өөрийнхөө компанийн хувьцааг ч тэр бүр ажиглаад байдаггүй. Гэхдээ ерөнхийдөө хэрэв их хэмжээний хөрөнгө оруулалт хийсний дараа тодорхой бус байдал бий болвол энэ нь хувьцааны үнэд нөлөөлөх нь гарцаагүй. Гэхдээ би үүнээс илүү Монголын тухай хөрөнгө оруулагчид юуг гэж бодох бол гэдэгт л илүү санаа зовж байна. Энэ нь хоёр компанийн хувьцаа унахаас илүү чухал.

-Хойд америкийн хөрөнгө оруулагчид Монголын талаар одоо ерөнхийдөө ямар ойлголттой байна вэ?
-Тэд одоо Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хэрхэн шийдэхийг их анхааралтай ажиглаж байна. Хэрэв гэрээ өөрчлөгдвөл тэд их тавгүйдэх байх.

ХУВЬЦААНЫ ХАНШ УНАХАД МОНГОЛ НӨЛӨӨЛӨӨГҮЙ
Рио Тинто компанийн Монгол дахь захирал Давид Патерсон Оюутолгойн гэрээг өөрчилнө гэж УИХ-ын зарим гишүүд санал гаргасан нь Рио Тинтогийн хувьцааны ханш унахад нөлөөлөөгүй гэж хэлэв. Хойд Америкийн хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын үеэр түүнтэй ярилцав.

-Энэ чуулга уулзалтын талаарх өөрийнхөө сэтгэгдлийг хэлэхгүй юу?
-Монголын эдийн засгийн хөгжлийн чухал асуудлуудыг хэлэлцэх боломж олддог иймэрхүү чуулга уулзалтыг зохи
он байгуулж олон сонирхогч талуудыг уулзуулах нь их чухал байдаг. Миний сэтгэгдэл их өндөр байна.

- Гадаадын хөрөнгө оруулагчдийн хувьд Монголд хамгийн их санаа зовоодог зүйл нь юу вэ?
-Бидний хувьд одоо байгуулсан гэрээгээ хүндэлж мөрддөг байх нь их чухал байна. Ер нь Монгол хөрөнгө оруулж байгаа хүмүүст нийгэм, эдийн засгийн тогтвортой байдал л их чухал шүү дээ.

-Оюутолгойн гэрээг өөрчлөх талаар яригдаж байна. Та энэ талаарх байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Бидний байр суурь бол тодорхой. Хоёр жилийн өмнө байгуулсан гэрээгээ хүндлэх ёстой. Тиймээс бид бий болсон нөхцөл байдлыг ухаалагаар шийднэ гэдэгт найдаж байгаа.

-Гэрээг өөрчлөх ямар нэг боломж байхгүй юу?
-Би сая хэллээ. Бид байгуулсан гэрээгээ хүндэлж, хэвээр нь байлгах ёстой. Манай байр суурь тодорхой байгаа. Гэрээг өөрчилж болохгүй, анх байгуулсан хэвээрээ хадгалагдах ёстой.

-Гэрээг өөрчилнө гэсэн яриа Рио Тинтогийн хувьцаанд хэр нөлөөлсөн бэ?
-Ер нь бол Монголд болж байгаа үйл явдал, мөн дэлхийн хөрөнгийн зах зээлд болж байгаа үйл явдлуудын хувьцааанд нөлөөлөх нөлөөг ялгаж салгах хэцүү. Тиймээс би дэлхийн хөрөнгийн зах зээлийн өнөөгийн ерөнхий байдал манай хувьцааны ханш буурахад нөлөөлсөн гэж л хэлмээр байна. Олон улсын хөрөнгийн бирж дээр сүүлийн долоон хоногуудад бүх л компаниудын хувьцааны ханш унаж байгаа.

-Тэгэхээр Рио Тинтогийн хувьцааны ханш унасан нь ганцхан Монголоос шалтгаалаагүй байх нь ээ?
-Тийм. Рио Тинто бол дэлхийн олон улсад төсөл хэрэгжүүлж байгаа компани. Монголд энэ төслүүдийн нэг нь л хэрэгжиж байгаа. Тиймээс дэлхийн эдийн засгийн ерөнхий байдлаас л шалтгаалж манай хувьцааны үнэ буурсан.

-Зэсийн үнэ ойрын үед унаж эхэллээ. Үүнд санаа зовж байна уу?
-Оюутолгойн ордын талаар хэлэхэд Оюутолгойн орд бол маш бага зардал шаардсан уурхай юм. Тиймээс зэсийн үнэ унаж байхад ч Оюутолгойгоос ашиг олох боломжтой. Зэсийн үнэ нэг өсч, нэг буурдаг. Гэхдээ Оюутолгойн орд дэлхийд хамгийн бага зардалтай уурхай байх болно. Бид зэсийн үнэ унасан тохиолдолд ч олно ашигтай ажиллана гэдэгт итгэж байгаа.

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖСЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ИНФЛЯЦИ ҮҮСГЭХГҮЙ

“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” дуусахад хоёр сар үлдлээ. Энэ жил 70 мянган ажлын байр шинээр бий болгоно гэсэн амлалтаа баттай биелүүлнэ гэж “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлыг зохион байгуулах Үндэсний хороо мэдэгдэж байна. Үндэсний хорооны нарийн бичгийн даргаар Монголын ажил олгогч эздийн холбооны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар ажиллаж байгаа билээ. Түүнтэй уулзаж Үндэсний хорооны ажил үйлсийн талаар тодрууллаа.

-Энэ жил хэчнээн хүн шинээр ажилтай болсон вэ? Үндэсний хорооны ажлын төлөвлөгөө хэр биелж байна вэ?
-Энэ жилийн эхний гурван улирлын байдлаар 54 мянга гаруй хүн шинээр тогтвортой ажилд орсон. Барилга, хөдөө аж ахуй, бөөний худалдаа, үйлчилгээний салбаруудад хамгийн их ажлын байр шинээр бий болсон. Тодруулвал, шинээр ажилтай болсон нийт хүний 19 хувь нь барилгын салбарт, 17 хувь нь хөдөө аж ахуйн салбарт, 13 хувь нь бөөний болон жижиглэн худалдаа, засвар үйлчилгээний салбарт ажилд орсон байна. Үндэсний хорооны жилийн ажлын төлөвлөгөө 80 орчим хувьтай хэрэгжсэн дүн гарсан. Энэ жил урьд жилүүдтэй харьцуулахад иж бүрэн цогц арга хэмжээг хэрэгжүүлсэн. Үүнд Ерөнхий сайд С.Батболд их анхаарч, идэвхтэй ажиллаж байгаа.

Энэ онд 70 гаруй мянган ажлын байр шинээр бий болгоно гэсэн. Энэ төлөвлөгөө биелэгдэнэ. “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд үндсэндээ бодлого, амьдрал дээр хэрэгжих үйл ажиллагаа, санхүү хөрөнгө мөнгөний байдал, хууль эрхзүй гээд дөрвөн бүлэг арга хэмжээг авч байгаа.

Шинээр ажлын байр бий болгох чиглэлээр шийдвэрлэх ёстой байсан хөрөнгө мөнгөний асуудалд үндсэндээ бүрэн шийдэгдсэн. Тодруулвал, Үндэсний хороо ажлын байрыг бий болгох үндсэн салбарыг жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид гэж үзээд жижиг, дунд үйлдвэрийг дэмжих 100 тэрбум төгрөгийн бондыг Засгийн газар, УИХ-ын дэмжлэгтэйгээр шийдвэрлүүлээд 8 дугаар сард гаргаж эхэлсэн. Одоо энэ бондын санхүүжилт жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд олгогдож эхэлсэн. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид 14, 15 мянган ажлын байрыг бий болгоно гэж үзэж байгаа. Мөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн шугамаар 5 мянга гаруй ажлын байр бий болгоно. Ингээд нийт 70 гаруй мянган ажлын байр энэ жилдээ багтааж бий болгоно гэж үзэж байна.

-МҮЭ мөн танай байгууллага “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлыг зохион байгуулах Үндэсний хороонд орсон. Засгийн газартай хэр хамтран ажиллаж байна вэ?
-Үндэсний хороо МАОЭНХ, МҮЭ-ийн төлөөллийг оролцуулан 14 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Ерөнхий сайд С.Батболд Үндэсний хороог ахлаж, маш их анхаарч байгаа. Үндэсний хороог байгуулсан нь Засгийн газар, яамдуудын ажлыг орлож хийх гэсэн хэрэг биш. Хамгийн гол нь яам, орон нутгийн засаг захиргааны хоорондын ажлын уялдааг илүү сайжруулъя, мэдээллийг ил тод болгоё, төр засгаас тавьсан зорилтыг иргэн хүнд хүргэж, орлогыг нь нэмэгдүүлж, ажилтай болгоход нь тусалцаа дэмжлэг үзүүлэх гэж байгуулсан. Би ч мөн нарын бичгийн даргын хувьд төрийн байгууллагууд, нийслэл орон нутгийн захиргаадын зохион байгуулж буй ажлын хэрэгжилт, уялдаа холбоо, хувийн хэвшилтэй хэрхэн хамтран ажиллаж байгаа байдал, энэ жилийн ажлыг илүү үр дүн сайтай болгоход анхаарч ажиллаж байгаа. Энэ чиглэлээр ажилла гэдэг үүргийг ч Ерөнхий сайд надад даалгасан.

-Ажил хайсан иргэдийн идэвх оролцоо хэр байна. Ажилгүй иргэдийн тоо сүүлд гарсан статистикийн мэдээнээс харахад нэмэгдсэн байх юм.
-Иргэдийн идэвх оролцоо маш идэвхжсэн. Үүнийг тогтвортой ажлын байр нэмэгдэхийн хэрээр ажил хайж байгаа хүмүүс цөөрөхгүй байгаагаас харж болно. Сүүлийн саруудад бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өссөн үзүүлэлт гарсан. Үүнийг бид ажилтай болоё гэсэн иргэдийн идэвх, оролцоо нэмэгдсэн тул бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо буурахгүй байна гэж дүгнэж байгаа. Мөн өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ жил хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн сүлжээг бий болгосон. Хүн ам, орон сууцны тооллогын үеэр бүх иргэдээ бүртгэхэд ажилгүй иргэд тодорхой болсон. Бас сум, хороо, дүүрэг, багаар дамжуулан НХХЯ, ХХҮГ-ууд ажилгүй иргэдээ бүртгэсэн. Тиймээс хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн сүлжээг сайжруулснаар ажилгүй иргэдийн тоо баталгаатай гарч байгаа. Жишээ нь, ажилд орсон бүх хүний нэрийн ард талд регистрийн дугаар, ямар ажилд орсон гээд бүх баримт нь бүртгэлтэй байгаа. Урьд нь бол ХХҮГ-ын шугамаар тэдэн хүн ажилд орлоо гэсэн бүдүүн тойм мэдээлэл гардаг байсан. Харин одоо бид илүү бодит тоо, мэдээлэлтэй болсон.

-Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжиж Засгийн газар 100 тэрбум төгрөгийн бонд гаргасныг та сая дурдсан. Олон үйлдвэрлэгчид зээл авахыг сонирхдог учраас та үүнийг улам тодруулахгүй юу?

-Ерөөсөө олон улсын хөгжлийн хандлагыг үзэхээр ажлын байрыг бий болгодог гол салбар бол жижиг, дунд үйлдвэрлэл байдаг. Хувиараа хөдөлмөр эрхлэлт, өрхийн үйлдвэрлэл, хоршоо, нөхөрлөлүүд бол үндсэндээ өрхийн орлогыг нэмэгдүүлж, ядуурлаас гаргах гол арга хэмжээнүүд болж байна. Бид ч гэсэн энэ чиглэлийг баримталсан.

Иймээс Засгийн газар бонд гаргаж, олсон мөнгөө арилжааны банкуудаар дамжуулан жилийн 7 хувийн хүүтэйгээр олгож эхэллээ. Сүүлийн хорин жилд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжиж жилийн 7 хувийн хүүтэй зээл олгосон түүх байхгүй. Үүнийг жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид ажлын байраа нэмэгдүүлэх, үйлдвэрлэлээ тогтвортой ажиллуулахад ашиглах бүрэн боломжтой.
Гэхдээ зарим сонин хэвлэлээс үзэхэд зээл олгогдохгүй байна гэсэн санал гомдол гардаг. Янз бүрийн шалтгаан байгаа байх. Засгийн газрын хувьд бол жижиг, дунд үйлдвэрлэгчдэд зээл олго гэж тогтоол шийдвэрээ гаргаад, нөхцлийг нь бүрдүүлсэн. Тиймээс энэ зээлийг авахад иргэд өөрсдөө идэвхтэй, шаардлага хангах ёстой. Засгийн газрын баримталж байгаа чиг хандлага бол жижиг дунд, үйлдвэрлэл эрхэлж байгаа бүх хүмүүсийг хамруулахыг зорьж байгаа. Улаанбаатар хотод 100 сая хүртэлх төгрөг, хөдөө орон нутагт 50 сая хүртэлх төгрөгийн зээлийг нийслэл, орон нутгийн захиргаад өөрсдөө мэдээд, хуваарилах эрхтэй. Мэдээж энэ зээлийг арилжааны банкуудаар дамжуулж байгаа болохоор эцсийн шийдвэрийг тэд гаргана. Арилжааны банкууд төлбөрийн чадвар, тогтвортой үйл ажиллагаа, мэргэжлийн боловсон хүчинтэй эсэхийг харгалзан зээл олгож байгаа байх.

Мөн энд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж, ажлын байрыг бий болгох зорилгоор ХХААҮЯ, Сангийн яам хамтран Сум хөгжүүлэх сан байгуулаад 24 тэрбум төгрөгийг байрлуулсныг дурдах нь зүйтэй байх. Сум болгонд ойролцоогоор далаас дээш сая төгрөгийн хөрөнгө хуваарилагдсан. Ер нь Монгол Улс анх удаа ажлын байрыг нэмэгдүүлэхийн тулд Сум хөгжүүлэх, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих гэх мэт сан байгуулж олон төрлийн санхүүжилтийн суваг, механизмыг бий болголоо шүү дээ.

-Арилжааны банкуудын зээлийн хүү хамаагүй өндөр байхад Засгийн газрын бондоор санхүүжүүлж байгаа зээлийн хүүг 7 хувьд тогтмол байлгах боломжтой юу?
-Ямартаа ч Засгийн газрын бондоор санхүүжүүлж байгаа зээлийн хүүг 7 хувь байлгана. Үүнийг Засгийн газар хатуу шийдсэн. Ерөнхий сайд, хэрэв бид жижиг, дунд үйлдвэрлэлээ дэмжих гэж байгаа бол 18 хувийн хүүтэй зээлийг хэн төлж барагдуулах юм бэ. Тиймээс тэднийг дэмжих зээлийг 7 хувийн хүүтэй болгоё. Зөрүүг нь тодорхой түвшинд Монголбанк, Засгийн газар хариуцая гэж хэлсэн шүү дээ. Хэрэв жижиг, дунд үйлдвэрлэгчид маань зээл аваад амалсан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэвэл Засгийн газар энэ хэлбэрийн дэмжих механизмаа улам өргөжүүлнэ.

-Сүүлийн үед бэлэн мөнгө тарааснаас болж инфляци өслөө гэх болсон. 7 хувийн хүүтэй зээл инфляци өсөхөд нөлөөлөх байх даа?
-Иргэдэд бэлэн мөнгө тарааснаар инфляци өслөө гэдэгтэй санал нийлнэ. Гэхдээ жижиг, дунд үйлдвэрлэлд олгож буй 7 хувийн хүүтэй зээл бол зүгээр хүний гар дээр тавьж байгаа бэлэн мөнгө биш. Харин зах зээлд хэрэгтэй бараа, үйлчилгээг та нар яаралтай гаргачээ. Энэ мөнгөндөө дүйцэхүйц хэмжээний үйлдвэрлэл эрхлээч ээ гэж л инфляцийг бууруулах зорилгоор Засгийн газраас авч байгаа арга хэмжээ. Бодит үйлдвэрлэлийг дэмжсэн хөрөнгө инфляци үүсгэхгүй гэж би ойлгож байгаа.

-Эдийн засаг хурдан өслөө гэх боловч инфляци өсч, хэрэглээний үнэ өссөөр байгааг та юу гэж үзэж байна вэ?
-Статистикийн тооноос харахад манай эдийн засаг өсч байгаа. Дэлхийн хамгийн хурдан өсч буй улс орны тоонд орох төлөвтэй байна. Гэхдээ нэг зүйлийг л бид ойлгох хэрэгтэй. Ирэх жил Оюутолгойн орд ашиглалтанд ороод ДНБ 25 хувиар өснө ч гэдэг юм уу, 2013 онд 20 хувиар ярих бол бас өөр хэрэг. Хамгийн гол энэ эдийн засгийн өндөр өсөлт эргээд Засгийн газар ард түмэндээ дахиж хуваарилаж болох бидний мэдлийн өсөлт мөн үү, биш үү гэдгийг л тодорхойлох ёстой. Өөрөөр хэлбэл эдийн засгийн 20 хувийн өсөлтийн дотор манай дотоодын үйлдвэрлэгчдийн өсөлт хэдэн хувь байна. Үүнээс татвар болгож аваад ард түмэндээ дахиж хуваарилах хувь нь хэдэн вэ гэдгийг ялгахгүй бол гадны хөрөнгө оруулалттай өсөлт асар өндөр болчихоод татварт болж буцаагаад хуваарилдаг хувь нь бага байвал эдийн засгийн өсөлт өндөр боловч энгийн иргэнд хүртээлгүй өсөлт болно. Яг ийм өсөлт хоёр, гурван жилийн өмнө байсан. Эдийн засаг 10 хувь өсөхөд ядуурал ерөөсөө буураагүй. Энэ байдал хадгалагдаж магадгүй бид санаа зовж байгаа. Гэхдээ энэ давтагдахгүй гэж ганц найдаж байгаа зүйл бол ажлын байр нэмэгдэж, үйлдвэрүүд шинээр бий болж байгаад бий.

-Энэ жил өрх бүрээс нэг хүнийг ажилтай болгож чадаж байна уу?
-Энэ бол Засгийн газрын гол тавьсан зорилт шүү дээ. Зах зээлийн нийгэмд төрийн үүрэг бол зөв бодлого гаргах. Харин тэр бодлогыг хэрэгжүүлэх бол иргэний үүрэг. Мөн иргэнд хамгийн ойрхон байгаа нэгжийн үүрэг. Тэгэхээр одоо хороо, хэсэг, сум, баг, иргэн хоорондын хамтын ажиллагаар энэ төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд улам анхаарах хэрэгтэй болж байна. Засгийн газар бодлогыг нь боловсруулж хөрөнгийг нь гаргалаа. Энэ хөрөнгөөр ажлын байр бий болго, иргэдэд мэргэжил эзэмшүүл гээд төрийн байгууллагуудад үүрэг өгчихлөө. Ер нь одоо иргэд ажилтай болоход ажилгүй байгаа иргэд болон сум, дүүрэг, хороо, багийн засаг дарга нарын ажил үлдэж байна гэж хэлж болно. Засгийн газраас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого гарлаа. Үйл ажиллагааны төлөвлөгөө гарлаа. Үндэсний хороо байгуулагдлаа. Шаардлагатай хөрөнгө мөнгийг бүрэн шийдвэрлэлээ. Одоо үүнийг иргэд өөртөө ашигтайгаар хэрэгжүүлэх хэрэгтэй. Үүнийг л иргэд сайн ойлгоосой. Үгүй яах вэ? Бас дутуу дулимаг зүйл байж магадгүй. Гэхдээ ажилгүй иргэд улам идэвхтэй байвал ажилтай болох бүрэн боломж бүрдэж байна шүү.