Wednesday, 28 September 2011

АМЕРИКЧУУД УУЧЛАЛ ГУЙХ ЁСТОЙ ЮУ?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 66 дугаар чуулганд оролцож Монголын ардчиллыг сурталчилж байна. Ливи, Тунис зэрэг улс орнуудын удирдагчид Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзан Монголын ардчиллын туршлагыг судлах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Ливийн Үндэсний шилжилтийн зөвлөлийн тэргүүн Мустафа Аль Жалил “Таныг Ливид очиж хувийн туршлагаа хуваалцвал бид баяртай байх болно. Танай улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг тэргүүлж байгаа нь бидэнд том үлгэр жишээ” гэж Ерөнхийлөгчид хэлжээ. Харин Тунисын Ерөнхий сайд Мохамед Ганучи, дөнгөж ардчиллыг тогтоож байгаа манай улс, танай улсын туршлагыг судалмаар байна. Энэ жил киргизүүд танай ардчиллын туршлагыг судалсан гэсэн. Бид ч гэсэн ирэх жил өөрийн хүмүүсээ Улаанбаатарт илгээж туршлага судлуумаар байна гэжээ.

Манай улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг хоёр жил даргалах болсон нь Монгол хэр ардчилсан улс болсны тод жишээ болжээ. Үүнийг улам бататган АНУ-ын Гадаад бодлогын нийгэмлэг, Ардчиллын төлөөх Америкийн Үндэсний сангаас Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид “Эрх чөлөөний төлөө” Тэргүүн шагналыг олголоо. “Өөрийн улсдаа ардчиллын үйл хэргийг зоригтойгоор эхлүүлж, ардчиллыг тогтоох үйл явцад тууштай оролцож, улс орноо амжилттай удирдаж, улмаар олон улсын тавцанд ардчиллыг бэхжүүлэх үйлсэд идэвхтэй оролцож байгаагийн төлөө Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж таныг “Эрх чөлөөний төлөө” Тэргүүн шагналаар шагнаж байна” гэж Ерөнхийлөгчийг шагнах тухай шийдвэрт бичсэн.

Энэ бүгдээс харахад Монгол ардчилсан Ерөнхийлөгчтэй, ардчилсан орон гэдгийг дэлхий нийт хүлээн зөвшөөрч. Гэвч нэг “таагүй явдал” Ерөнхийлөгчийг маань бас янз бүрээр дуудахад хүргэлээ. Шуудхан хэлэхэд, хэрэв Обаматай хэт ойрхон зогссоныг эс тооцвол, манай Ерөнхийлөгчийн алдаа гэж юу байх билээ. Америкийн Ерөнхийлөгч Барак Обама л алгаараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нүүрийг алгаараа хааж зураг
Үнэндээ Нью-Йорк хотноо өнгөрсөн мягмар гарагт болсон “Нээлттэй засаглалын түншлэл” санаачилгын нээлтийн үеэр зураг даруулсан дэлхийн улс орнуудын удирдагчдаас хамгийн алдартай нь Монгол, Америкийн Ерөнхийлөгч нар тодорсон билээ.

Дээрх зураг үнэн эсэх талаар олон хүн анх эргэлзсэн байна. Зассан зураг байж магадгүй гэж эргэлзэж байсан хүмүүс сүүлд нь засаагүй, бодит зураг болохыг нь мэдээд янз бүрийн таамаг дэвшүүлжээ.

Ардчилсан Ерөнхийлөгчийг маань “алган нүүртэй” Ерөнхийлөгч гэж нэг нь бичсэн байна. “Алган нүүртэй төрсөн эсвэл бусдаас ялгарахын тулд мэс засал хийлгэж алган нүүртэй болсон” гэжээ. Мөн “Обамагын төмөр нударга Цахиагийн Элбэгдоржийн соронзон нүүр лүү гэнэт татагдсан”, “Обаматай зураг авахуулсан удирдагч нар Обамагаар тоглож зэрэг гараа өргөнө гэчхээд өргөөгүй”, “Монголын Ерөнхийлөгч, Ерөнхийлөгч Обамаг гараа өргөхөд нь албаар араар нь нуугдаж алдарших гэсэн” гэх мэт олон тайлбарыг интернэтээр бичсэн байна. Мөн зарим хүмүүс “Фотозурагчин зураг авахынхаа өмнө, ‘Обамаг дахин сонгогдохыг хүссэн хүн гараа өргөөрэй’ гэж хэлтэл Обама ганцаараа л өргөсөн” гэж зургыг тайлбарлажээ.
Америкчууд ганцаараа мэт аашилсан Ерөнхийлөгчөөсөө ичиж бүр Монголын Ерөнхийлөгчөөс уучлалт гуйх нэгдсэн арга хэмжээг авч байгаа юм байна. Нэгэн вебсайт дээр манай Ерөнхийлөгчийн вебсайтай холбоос хийн, америкчуудыг Обамагын өмнөөс уучлал гуйхыг уриалсан байх юм.

Тэр урианд Монголын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид уучлал хүсч хүндэтгэсэн захиа бичээрэй. Тэгээд яагаад Барак Обама тусгаар улсын удирдагчийг доромжлох болсон шалтгааныг өөрийнхөө тайлбарлаж өгөөрэй гэсэн байна...

Гэхдээ л америкчууд бас арай л хэтрүүлээд байх шиг. Санамсаргүй болсон уг тохиолдлыг манай Ерөнхийлөгч болон монголчууд доромжилсон гэж үзэхгүй, Обама гараа өргөө л биз, манай Ерөнхийлөгч ард нь зогсоо л биз гэсэн янзтай хандаж байна. Ер нь “Нээлттэй засаглалын түншлэл”-ийн арга хэмжээнд манай Ерөнхийлөгчийг өөрөө урьчихаад “Энэ залууг хасчих” гээд гараа өргөх үү. Өргөхгүй.

Монголын нэг вебсайт дээр “Нью-Йорк таймс” сониныг иш татан Монгол Улсын Ерөнхийлөгч Цагаан ордны тэргүүнтэй ойрхон зогсч ардчилсан улсын тэргүүнүүдийн найрсаг харилцааг харуулах гэж хичээсэн ч Обама харамсалтай нь Ц.Элбэгдоржийн нүүрийг таглаж орхижээ гэж бичжээ. Харин нэг телевизийн сувгаар манай Ерөнхийлөгч намхан учраас өндөр хүний хажууд очиж зогсмооргүй юм байна гэсэн утгатай зөвлөмжийг өгч байсан. Гэхдээ манай Ерөнхийлөгч Обамагын хажууд зогсох гэж улайн цайм зүтгэн “оочер дайраагүй”.

Хэдийгээр америкчууд Ерөнхийлөгчөө уучлал гуйсангүй гэж шүүмжилж байгаа ч, уучлал гуйхгүй нь харин манай улсыг хэр ардчилсан улс вэ гэдгийг батлаад байгаа юм биш үү. Хойд Солонгосын удирдагчийн нүүрийг Обама гараараа тагласан гээд бодоод үз дээ. Тун ноцтой хэрэг болно биз. Тиймээс уучлал гуйх ёстой, үгүй гэдэг нь монголчуудаас шалтгаалах зүйл. Хэрэв бид уучлал гуй гэвэл америкчууд уучлал гуйж ч магадгүй. Ямартаа ч анхны ардчилсан Ерөнхийлөгч маань олон улсын дипломат ёсонд бас нэг шинэ жаягийг тогтооход “нүүр бие” оролцох шиг боллоо. Одоо албаны ёсны зураг авалтын үед гараараа даллахыг хориглох тухай яригдах байх. Хэрэв тэгвэл олон жилийн дараа Монголын Ерөнхийлөгчийн нүүрийг Америкийн Ерөнхийлөгч гараараа тагласан тул олон хүн зураг авахуулахад гараараа өргөхийг хориглосон гэж түүхэнд үлдэх нь дамжиггүй...

Портер дээрх хоёр гахай

“Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдааны үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна бяцхан амьтдын хүрээлэн гарчээ.

Тэднээс портер машины тэвшин дээр төмөр торонд хэвтэх хоёр том гахай, яах аргагүй олны анхаарлыг татаж байлаа. Хүүхэд хөгшидгүй л инээлдэн шавж сонирхож байсан. Нэг настайвар эр бүр, гахайгаа хэтэрхий таргалуулаад, хөл дээрээ ч зогсож чадахгүй болгочихож хэмээн эзнийг нь зэмлэж билээ. Гахай олон хараагүй хүн тэгж хэлэх нь ч бас аргагүй байх. Учир нь портерийн тэвшин дээр хэвтэх йокшир үүлдэрийн мэгж биеийн жин 314 кг, дурок үүлдэрийн бодонгийн биеийн жин 390 кг.

Өргөж буулгахад хүнд учраас ингэж байлгахаас өөр аргагүй хэмээн 48 настай, Н.Эрдэнэсайхан хэлж байна. Тэрээр гурван жилийн өмнө Хятадаас оруулж ирсэн арван тооройг худалдан авч тэжээгээд одоо Гачууртад тавиад гахайтай болсон гэнэ.

-Гахайгаа зарах гэж байна уу?

-Үгүй ээ. Олон үзүүлэх гэж авчирлаа. Монголд би анхных нь байх гэж бодоод хүмүүст танилцуулж байна.

-Гахайгаа хаана борлуулж байна. Ер нь яаж борлуулдаг уу?

-Манай гахайнууд бол махны чиглэлийнх. Би Гачууртад фермерийн аж ахуй эрхэлж байна. Том жижиг нийлсэн тавиад гахайтай. Гахайныхаа махыг Меркурын зах, солонгос ресторануудад нийлүүлдэг.

-Монголд өмнө нь байсан гахайнууд йокшир, дурок үүлдэрийн гахай ямар ялгаатай юм бэ?

-Монголд оросын гахайнууд байдаг шүү дээ. Орос гахайны мах, өөх нь нэг талдаа гарчихдаг. Мах нь нэг талдаа, өөх нь нэг талдаа байдаг. Харин энэ гахайнуудын онцлог бол мах, өөх нь алаглаж байдаг. Мах өөх, мах өөх гээд алагладаг учраас зууш хийхэд их тохиромжтой.

-Орлого хэр байна даа?

-Ямар ч байсан малаас дээр. Нэг тоорой авчихсан байхад ойн дээрээ 120 кг татна. Тэгэхээр авсан үнээ нэг дахин нугална. Надад бол ашиг шимээ өгч байнаа. Гулуузаар нь зарахад кг нь зургаан мянган төгрөгийн үнэтэй.

-Жилд хэд төллөх үү?

-Жилд хоёр удаа төлөлдөг. Нэг төллөхдөө наймаас арван төл гаргадаг. Нэг мэгжээс дунджаар 16 төл жилд авна даа. Тэгэхээр ашигтай. Ер нь нэг тооройг 50 мянган төгрөгөөр авлаа гэхэд жилийн хугацаанд өсөөд 100 мянган төгрөг болно л гэсэн үг дээ. Гэм нь жаахан заваан л даа. Гэхдээ маллахад амар. Гахай малаа гэрээ сайн мэднэ. Эзнээ сайн танина.

-Зарах зах зээл Монголд ямар байна вэ?

-Одоо хүмүүс гахайны мах идэх нь олширч байгаа тул гайгүй. Тэгээд ч гадаад улс орны ресторанууд Монголд нээгдэж байгаа учраас цаашдаа зах зээл улам өргөжих байх. Бид ч гэсэн фермерийн аж ахуйгаа өргөжүүлэх бодолтой байгаа.

Хойч үеийнхээ хоолыг бэлдэж яваа хүн

Тун сонирхолтой хүнтэй Төв цэнгэлдэх хүрээлэнд болж байгаа “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдааны үеэр тааралдлаа. Хоёр цацагт хяруул, хоёр галуу торонд хийж өмнө тавьсан хүнтэй ярилцахдаа буруу сонсихов уу гэж эргэлзээд нэг зүйлийг дахин дахин асуусан. Дөрвөн шувуу гуагалж байхад нэг иймэрхүү яриа болов.

-Та хэзээнээс цацагт хяруул, галуу тэжээж байна вэ?
-Ноднин таван сараас
-Анх хэдэн цацагт хяруул, галуутай байсан бэ?
-Гурван цацагт хяруул, гурван галуу анх авч байлаа. Одоо 200 галуутай, 100 цацагт хяруутай.
-Аан... Анх хэдэн цацагт хяруул, галуутай байсан гэнээ?
-Гурван цацагт хяруул, гурван галуу авсан.
-Тэгээд түүнээс хойш нэмж аваад л байсан хэрэг үү?
-Үгүй. Гурван цацагт хяруул, гурван галуу л авсан.
-Тэгээд...
-Тэгээд одоо 200 галуутай, 100 цацагт хяруултай болсон.
-Пөөх... Үржээд л байсан хэрэг үү?
-Тийм үржээд л байсан гэж хэлээд ярилцагч маань над руу хяламхийлж харснаа. Их л нухацтай:
-Гурван цацагт хяруул, гурван галуу ноднин 5 дугаар сард авахад одоогийн байдлаар жил гаруйн хугацаанд 100 цацагт хяруул, 200 галуутай болчихоод байна гэлээ.
Би ч үнэнээ хэллээ. Нэмээд л худалдаад аваад байж гэж саналаа гэв. Гэтэл тийм биш гэнэ. Цацагт хяруул, галуу жилдээ 90 хоног өндөглөдөг гэнэ. 90 хоног өндөглөхдөө ойролцоогоор 45 өндөг гаргадаг. 45 өндөгнөөс тавин хувийг нь бойжууллаа гэхэд 23 дэгдээхэйтэй болдог байна.
-Тэгэхээр их ашигтай байгаа биз. Бага зардлаар өндөр ашиг олох боломжтой. Тэжээлийн зардал нь ч бага. Өсөлт түргэн галуу бол гурван сар болоод нядалгааны жинд хүрдэг. Зургаан сарын дотор нас биеэнд хүрдэг гэж тавь гаран насны эр ярьж байлаа. Түүнийг Л.Баатар гэдэг. Булган аймгийн Сэлэнгэ суманд цацагт хяруул, галуу, загас үржүүлдэг Жарамгай цөөрөм гэдэг нөхөрлөл ажиллуулдаг хүн.

Анх цацагт хяруулын өндгийг хойд хөршөөс оруулж ирэн инкубаторт дарж гаргасан байна. Харин галуугаа нутгаасаа 170 мянган төгрөгөөр авч байжээ. Одоо харин тэр 150 мянган төгрөгөөр цацагт хяруул, галуу хоёроо борлуулахаар хотод ирсэн аж. Цацагт хяруул, галуугаа мах, өндөгний чиглэлээр тэжээж байгаа гэнэ. Цацагт хяруулын хувьд бол мөн байгалийн амьд инкубатор болдог онцлогтой тул тахиа, нугас, галууны өндгийг ч даруулж болох ажээ.

Цацагт хяруул, галууны махыг монголчууд хүнсэндээ өргөн хэрэглэдэггүй учир Л.Баатар одоохондоо амьдаар зарч байгаа юм байна. Гэхдээ Монголоос бусад улс оронд өргөн хэрэглэдэг дээрх хоёр шувууны махыг тун удахгүй монголчууд ч гэсэн өргөн хэрэглэнэ гэж тэрээр итгэж байгаа бололтой. Үнэхээр цацагт хяруул, галууны махыг манай хоёр хөршөөс авахуулаад маш олон орон хүнсэндээ өргөн хэрэглэдэг билээ. Жишээ нь, америкчууд гэхэд жилдээ нэг удаа заавал, монголчууд хонины ууц иддэг шиг, хүндэтгэлийн журмаар цацагт хяруулын махыг иддэг билээ.

-Дан нүүдлийн мал аж ахуйгаар манай улс хэрэв хөгждөг бол хөгжих цаг нь болсон. Хэчнээн зуун жил нүүдлийн мал аж ахуйг дагнаж ирэв. Гэтэл нүүдлийн мал аж ахуй хөгжлийн өндөр түвшинд хүргэж чадахгүй нь харууллаа шүү дээ. Байнга байгалийн бэрхшээлтэй тулгарч өдий хүрлээ. Одоо бэлчээрийн мал ихсэхээр хөрс муудаж, бэлчээр цөлжиж байна. Тиймээс бид ондоо бага зардалтай аж ахуй руу шилжих цаг болсон гэж Л.Баатар бас ярьж байлаа.

НАЙМАН САЯ ЗАГАС СЭЛЭНГЭ МӨРӨНД НИЙЛҮҮЛСЭН!
Баатар гуай дахиад л ам ангайлгав. Энэ жил найман сая загас Сэлэнгэ мөрөнд нийлүүлсэн гэж хэлэхийг сонсоод эгээтэй л нийлүүлсэн биш барьсан юм биш үү гэж асуусангүй биеэ барив. Тэрбээр гурван жилийн өмнө Булган аймгийн Сэлэнгэ суманд далан барьж 500 метрийн урттай, 40 метрийн өргөнтэй, дунджаар таван метрийн гүнтэй, нийтдээ 50 мянган куб устай хиймэл цөөрөм байгуулаад загас үржүүлж байгаа гэнэ. Тиймээс ч нөхөрлөлөө Жарамгайн цөөрөм гэж нэрлэсэн аж. Намайг ярианд нь нэг л итгэхгүй байгаад дургүйцсэн шинжтэй:
-Монголчууд загасны төлийг жарамгай гэдгийг чи мэдэх үү? Хониноос гарсныг хурга, үхрээс гарсныг тугал гэдэгтэй адил гэж тэр асуув. Би:
-Мэднэ л гэлээ. Үнэндээ бол жараахай гэж сонссноос жарамгай гэж сонсоогүй.
-Тэгвэл Жарамгайн цөөрөм гэж бид яагаад нөхөрлөлөө нэрлэсэн гэхээр загасны төл бойжуулдаг болохоороо тэгж нэрлэсэн юм гэв.

Гурван жилийн өмнө тэрбээр бас Баянхонгор аймагт 27 метрийн гүнтэй нууранд загас үржүүлж байсан аж. Харин одоо ирээдүй хойчийн хүүхдүүд хоолтой байг гээд Жарамгай цөөрөмдөө загас үржүүлээд Сэлэнгэ мөрөнд тавьдаг гэнэ. Үнэхээр ховор хүн байгаа биз. Ихэнх хүмүүс ирээдүй хойч үе гэж ярьдаг ч, ирээдүй хойч маань юу идэж уух, яаж амьдрахыг үнэн сэтгэлээсээ санаа зовж, бодит ажил хийдэггүй шүү дээ. Бүгд л шахам яаж газрын баялгаа түргэн ашиглах уу гэж санаа зовж энэ үед ийм хүмүүс байдаг л юм байна.

Тэрбээр бас, 90 оноос хойш бид байгальтай их ширүүн хандлаа. Байгалийн баялгийг ашиглана гээд байгалиа сүйтгэж байна. Бидэнд манай өвөг дээдэс асар их байгалийн баялгийг үлдээсэн. Үүнийг нь бид олигтой ашиглаж ч чадахгүй байж үрэн таран хийчихвэл ирээдүй хойч маань юу идэж уух болж байна. Тиймээс би ирээдүй хойч үеийн хүүхдүүддээ хоол бэлдэе гээд загас үржүүлж байгаа. Загас үржүүлнэ гэхээр жижигхэн шилэнд загас хийчихээд харч суугаад кайф авдаг биш, харин идэх загасыг нь үржүүлж байна. Манай Жарамгайн цөөрөм нөхөрлөл нондин нэг сая таван зуун загас Сэлэнгэ мөрөнд нийлүүлсэн бол энэ жил найман сая загас нийлүүлсэн. Цурхай, улаан нүдэн, хадран, зэвэг, алгана гэсэн таван төрлийн загасыг Орхон, Бухын гол гэх мэт голуудаас барьж цөөрөмдөө тэжээн Сэлэнгэ мөрөнд тавьсан гэв.
-Анхны жил 250 гаруй эх загас цөөрөмдөө тавьсан. Загас чинь их төлөлдөг амьтан шүү дээ. Манай оронд байгаа загас нэг жил хамгийн дээд тал нь сая хоёр зуун мянган дүрс шахдаг. Улаан номонд орсон хилэм загас 850 мянгаас 1 сая 200 мянган дүрс шахна. Хамгийн цөөхөн төл гаргадаг загас гэвэл зэвэг, тул. 7500-15000 дүрс шахдаг. Тэгэхээр загас хурдан үржиж байгаа биз. Малаас их үржинэ. Нэг шувуунаас би дөчөөд өндөг гаргана гэхэд чи гайхаж байсан. Сая бас 8 сая загасыг голдоо нийлүүлсэн гэхээр чи гайхах янзтай болж байна хэмээн Баатар гуай намайг ширүүн харав.

Үнэхээр гайхсан маань үнэн. Гэхдээ бас бахархаж байлаа. Тиймээс очиж үзмээр санагдаад, асуухад минь:
-Очиж үзээрэй. Очиж үзсэн хүн зах зээлийн нийгэмд яаж бага зардлаар их ашиг олж болохыг харж болно. Амьдралдаа хэрэгтэй юмыг тэндээс олж хараад, амьдралаа дээшлүүлэхгүй юу гэж хариулсан. Жарамгайн цөөрөм 500 метрийн урттай, 40 метрийн өргөнтэй. Дунджаар таван метрийн гүнтэй. Нийтдээ 50 мянган куб устай нуур аж.
Ийм нэгэн ховор хүнтэй “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдааг сонирхож яваад таарлаа. Энэ баасан гарагт дуусах уг үзэсгэлэн худалдаа дуусч, Улаанбаатарын дүүрэг бүрт тодорхой цэгт шинэ ногооны цэг ажиллана. Гэхдээ Баатар гуай шиг хүмүүс дүүргийн шинэ ногооны цэгт очихгүй. Тиймээс хэрэв завтай бол Төв цэнгэлдэх хүрээлэнд болж байгаа үзэсгэлэн худалдаанг очиж сонирхвол ахуй амьдралаа дээшлүүлэх шинэ олж болно. Дашрамд хэлэхэд тэнд хүнсний ногоо харьцангуй хямд зарагдаж байна. Төмс, байцаа, лууван, манжинг кг-ийг нь 500 төгрөгөөр ч авах боломжтой байна.

Tuesday, 20 September 2011

МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ “ХУРД ХЭТРҮҮЛЭН ДАВХИЖ” БАЙНА

Монголын эдийн засаг хэт хурдтай өсч байна гэж Олон улсын валютын сан үзэж байна. Хурд хэтрүүлэн давхихад осолдох аюул их байдагтай адил эдийн засаг хэт хурдан өсвөл мөн эрсдэл олширдог гэнэ. Тиймээс удахгүй монголчууд эдийн засгийг өсгөх биш харин тодорхой хэмжээнд, тогтвортой барьж чадсан Засгийн газрыг сайшаах хандлагатай болж мэдэх юм.

“Ойрын ирээдүйд Монголын эдийн засагт сөргөөр нөлөөлөх магадлалтай хоёр эрсдэл бий. Нэгдүгээрт, эдийн засаг хэт халж, дэвэрч байна. Энэ нь үнийг дарамталж, инфляцийг өсгөнө. Инфляциас эмээх хэд хэдэн шалтгаан байдаг ч хамгийн их бидний эмээж буй зүйл бол инфляци өссөнөөр ядуус улам хүнд байдалд орно. Хоол хүнс, хувцас, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом өсөхөд харин тэдний орлого дагаж нэмэгдэхгүй. Тиймээс тэд бүхнээс түрүүнд инфляцийн хор уршигыг амсана. Монголын эдийн засаг хэр хурдан өсч байгааг харуулахын тулд хэдэн жишээ татъя: Энэ оны хоёрдугаар улиралд ДНБ-ий бодит өсөлт 17 хувь, хувийн хэвшилд олгосон банкны зээл бараг 50 хувь, импорт бараг 80 хувь болтлоо өслөө. Энэ өсөлтүүд сайшаалтай ч харамсалтай нь алийг нь ч цаашдаа тогтвортой байлгаж чадахгүй” гэж ОУВС-ын Ази, Номхон далайн бүсийн төвийн дэд захирал Стивен Барнет хэлж байна.

Түүний хэлсэн хоёр дахь өсөлт бол дэлхийн эдийн засгийн өнөөгийн байдал. Европын орнуудын Засгийн газрын өр, АНУ-ын санхүүгийн бэрхшээл зэрэг нь дэлхийн эдийн засгийн төлөв байдлыг муутгаж, эрсдэлтэй болго байгаа. Энэ тодорхой бус, эрсдэлтэй байдал нь эрдэс баялгийн үнийг огцом унах өндөр магадлалтай. Энэ газрын доорх баялгаасаа 100 хувь хамаардаг манай улсад хамгаас их хамаатай гэж Стивен Барнет онцолж байна.

Энэ үнэхээр тийм гэдгийг бид хэлүүлэлтгүй мэднэ. Хоёр жилийн өмнө болсон эдийн засгийн хямралаас бид зэсийн үнэ эргэж өссөний ач буянаар гарч чадсан. Харин одоо нүүрсээ зэснээс ч илүү экспортолсоны хүчинд эдийн засгийн өсөлтөө хэт хурдлуулж чадаж байна. Энэ нь манай эдийн засаг дэлхийн эдийн засгаас хэр хамааралтайг харуулах нэгхэн жишээ.

Монголын эдийн засаг хоёр жилийн өмнөх хямралаас гайхалтай хурдан сэргэн гарлаа. Энэ нь Монголын Засгийн газар, Монголбанк макро эдийн засгийн зөв бодлогыг тууштай хэрэгжүүлсний үр дүн. Мөн Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, ОУВС цагаа олсон санхүүгийн тусламж, дэмжлэг үзүүлсэн нь нөлөөлсөн. Бас зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр эргээд өссөн нь монголын эдийн засаг засаг өсөхөд чухал хүчин зүйл болсон. Тиймээс бид Монгол арвин эрдэс баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулснаар Монгол улс гэрэл гэгээтэй сайхан ирээдүйтэй золгоно гэж найдаж байгаа. Энэ бол дунд хугацааны төлөв байдал. Гэхдээ...гэж Стивен Барнет сануулаад... Гэхдээ үүнээс өмнө танай улс эргээд 2008 шиг хүнд байдалд орж мэднэ шүү! гэж байна. Гол хоёр эрсдэл нь (дахин хэлэхэд) инфляци, бас дэлхийн эдийн засгийн тодорхой бус байдал.

2008 оны хямралын үед дэлхийн зах зээл дээр эрдэс баялгийн үнэ огцом унасан нь Монголын эдийн засагт маш хүнд цохилт болсон. Экспорт, төсвийн орлого буурсан. Гэтэл одоо 2008 оны өмнөх нөхцөл байдлыг санагдуулам ижил төстэй эдийн засгийн бодлого хэрэгжиж байгаа ажээ. Ялангуяа эдийн засаг хэт халж, дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал тодорхой биш байхад Засгийн газар төсвийн тодотгол хийж зардлаа улам нэмэгдүүлэхийг төлөвлөж байгаа нь эрсдэлийг нэмж байна. Ингэж зардлаа нэмвэл хэт халсан эдийн засагт улам дарамт болж, эрдэс баялгийн үнэ унахад төсвийг улам эмзэг болгоно.

Тиймээс эрдэс баялгаас хамаарах эдийн засгийн цочироог багасгахын тулд инфляцийг хумих хэрэгтэй. Инфляцийг хумихын тулд төсвийн зардлыг хязгаарлах, мөнгөний бодлогыг чангалах ёстой аж. (Дашрамд хэлэхэд эрдэс баялгийн үнэ дэлхийн зах зээл дээр унана гэсэн баттай мэдээ байхгүй. Харин ОУВС л эрсдэлийг тооцож ингэж дүгнэж байна.)

Тэртэй тэргүй анх батлагдахдаа л баахан хэл ам таталж, ирээдүйгээсээ зээлсэн гэж муулуулан байж “төрсөн” 2011 оны төсөвт тодотгол хийхийг манай зарим эдийн засагч, улстөрчтэй адил ОУВС “эсэргүүцэж” байна. “Энэ оны төсөв анх батлагдахдаа л өмнөх оноосоо 30 гаруй хувь нэмэгдэхээр батлагдсан. Тиймээс төсвийн тодотгол хийх ямар ч боломжгүй. Төсвийн зардал эрс нэмэгдсэн нь эдийн засаг хэт халж байгаагын нэг гол шалтгаан. Төсвийн зардал нэмэгдэх тусам инфляци өсч, ядуу эмзэг бүлгийнхэн болон хувийн хэвшлийнхэнд хүндээр тусах болно” гэж Стивен Барнет хэлсэн юм.

Харин мөнгөний бодлогын тухай тэрбээр ярихдаа “Бид Төв банкны хэрэгжүүлж байгаа мөнгөний бодлогыг дэмжиж байгаа. Гэхдээ үүнээс ч илүүг хийх хэрэгтэй гэж бид үзэж байна. Ялангуяа инфляцийн дарамтыг бууруулж, зээлийн өсөлтийг хязгаарлахын тулд зээлийн хүүг улам нэмэх хэрэгтэй” гэв. Түүний хэлснээр бол Монгол банк инфляцийг хяналтандаа байлгахын тулд улам бодлогын хүүгээ өсгөж, зээл олголтыг хязгаарлах ёстой ажээ.

Тэрээр Монголбанк бодлогын хүүгээ нэмснээр, зээлийн хүү нэмэгдэнэ. Зээлийн хүү нэмэгдэхэд зарим жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хүндээр тусах болно гэдгийг нуусангүй. “Мөнгөний бодлого ингэж хэрэгжихээс өөр аргагүй байна. Энэ бол тийм сайн бодлого биш. Гэхдээ Засгийн газар зарлагаа нэмэгдүүлж байхад Монголбанк бодлогын хүүгээ нэмэхээс өөр аргагүй болно. Ингэсний үр дүнд Засгийн газрын эдийн засагт эзлэх байр суурь томорч хувийн хэвшлийнхэн шахагдах болно. Зээлийн хүүг нэмж, зарим бизнесийнхэн зээл авах боломжийг хааж байгаа нь хүсээд байх арга хэмжээ биш. Гэвч юу ч хийхгүй байснаас ингэж бодлогын хүүгээ нэмэх нь дээр. Хэрэв Монголбанк юу ч хийхгүй бол инфляци улам өсч эдийн засагт их хор уршиг л учруулна.”

Түүнээс Монголын эдийн засгийн зохистой өсөлт ямар байвал зохих вэ? гэж асуухад “Хэрэв бид ашигт малтмалын салбарыг оролцуулалгүй зөвхөн ашигт малтмалын бус салбаруудын эдийн засгийн өсөлтийг тооцож үзэхэд жилийн өсөлт нь 8 хувь орчим байхад Монголын эдийн засаг тогтвортой өсөх магадлалтай гэж үзэж байна. Мэдээж үүн дээр ашигт малтмалын салбарыг нэмвэл жилийн өсөлт бүр нэмэгдэнэ. Гэхдээ гол нь эрдэс баялгийн бус салбаруудын жилийн өсөлт 8 орчим хувь байх ёстой” гэв. Харин энэ жил ашигт малтмалын бус салбаруудын өсөлт жилийн 11 хувьд хүрэх магадлалтай гэж ОУВС тооцоолж байна.

Засгийн газрын зарлага нэмэгдсэнээс болж хамгийн түрүүнд ядуу, бас хувийн хэвшлийнхэн хохирох бололтой. Гэтэл их бүтээн байгуулалт, 21 мянган төгрөгийг иргэн бүрдээ өгөх гэж Засгийн газар зарлагаа нэмсэн. Бас Засгийн газар жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид болон хувийн хэвшлийнхнийг дэмжиж байгаа. Гэтэл одоо инфляци гэдэг “хадны хар мангаанаас” болоод Засгийн газар нэг гараараа босгосон гавьяагаа нөгөө гараараа сүйтгэх шаардлагатай болж байх шиг байна... Ямартаа ч дараа жилийн төсөвт эмзэг, ядуу хүмүүсийг онилж байгаад, хавтгайруулж биш, нийгмийн халамжийг үзүүлэх ёстой гэж Стивен Барнет хэлж байна.

Sunday, 18 September 2011

МОНГОЛ НҮҮРС ИХТЭЙ Ч БАЙГАЛИЙН ХИЙГ АШИГЛАХ ХҮСЭЛТЭЙ

Өнгөрсөн 3 дугаар сард газар хөдлөлтөөс болж Японы Фукушима атомын цахилгаан станцад осол гарснаас болж дэлхийн дахинд атомын эрчим хүчнийг ашиглах талаар нэлээн маргаан үүссэн. Герман, Итали, Швейцарь, Тайланд, Филиппин, Венезуела гэх зэрэг улс орнууд ирээдүйд атомын эрчим хүчийг ашиглахаас татгалзаад байна. Герман Улс 2022 он гэхэд одоо ашиглаж байгаа 17 АЦС-аа хаахаар шийдвэр гаргасан. Тайланд, Филиппин хоёр газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог тул барьж буй АЦС-уудаа зогсоосон билээ. Мөн манай өмнөд хөрш Хятад Улс шинээр АЦС барих төслүүдээ түр зогсоожээ.

Ийм нөхцөл байдалд дэлхийн томоохон гүрнүүд эрчим хүчний хомсдолыг зөвхөн нүүрс, газрын тосоор биш мөн байгалийн хий болон шингэрүүлсэн хийн түлшээр нөхөх бодлогыг тууштай хэрэгжүүлж байна. Японд гэхэд л Фукушима атомын цахилгаан станц гарсан ослоос бол 10 сая гаруй мегаватт цөмийн эрчим хүчээ алдсан тул дор хаяж 10 сая шингэрүүлсэн байгалийн хий хэрэгтэй байгаа аж.

Байгалийн хий бол цөмийн эрчим хүчтэй адил нүүрс шиг утаа гаргадаггүй. Гэхдээ хамгийн байгаль орчинд ээлтэй, нүүрстөрөгчийн давхар исэл бага ялгаруулдаг, бас хямд үнэтэй эрчим хүчний их үүсвэр юм. Манай улсын хувьд бол одоогийн байдлаар байгалийн хийн орд илрээгүй, байгалийн хийг ашигладаггүй. Гэхдээ ирээдүйд ирээдүйд ашиглахыг үгүйсгэхгүй. Тийм ч болохоор “Зүүн Хойд Азийн байгалийн хийн болон дамжуулах хийн хоолой форум”-ын 12 дахь чуулганыг Улаанбаатар зохион байгууллаа.

Байгалийн хий их хэрэглэдэг, олборлодог Орос, Хятад, Өмнөд Солонгос, Япон зэрэг улсууд Улаанбаатар хотод 3 хоног чуулав. 1997 онд байгуулагдсан “Зүүн Хойд Азийн байгалийн хийн болон дамжуулах хийн хоолой форум” –ыг анх үүссэн байгуулагдсан цагаас нь манай улс хойш идэвхтэй оролцож ирсэн.

Зүүн Хойд Азийн улс орнуудын эрчим хүчний хэрэглээнд байгалийн хийн эзлэх хувь өссөөр байна. Энэ хандлага цаашдаа ч буурахгүй. Жишээлбэл, Хятадын байгалийн хийн хэрэглээ улам өсөж байна. Хятадын байгалийн хийн хэрэгцээ 2000 онд 24 тэрбум метр куб байсан бол 2010 онд 106 тэрбум метр куб болж, жилд дунжаар 15.5 хувиар өссөн. 2015 онд энэ хэмжээ багаар бодоход 230 тэрбум метр куб, 2020 онд 500 тэрбум метр куб, 2030 онд 500 метр куб болно гэсэн таамаг бий. Товчхондоо Хятадад байгалийн хийг хэрэглээ улам нэмэгдэнэ. Одоогоор Хятад Улс байгалийн хий болон шингэрүүлсэн байгалийн хийг Австрали, Малази, Индонези, Катар, Орос, Туркмен гэх мэт улсуудаас импортолж байна. 2009 онд Төв Азийн улсуудаас байгалийн хийг дамжуулах хоолойгоор авах болсон нь өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг харуулж байна гэж чуулга уулзалтад оролцсон хятадын төлөөлөгч хэлж байлаа.

Манай улсын хувьд ч сүүлийн жилүүдэд хийн түлшний хэрэглээ нэмэгдсэн. Жилдээ 20 мянга орчим шингэрүүлсэн хийн түлшийг бид хэрэглэж байна. Гэхдээ хэрэв хойд хөршөөс умарт хөрш рүү татах дамжуулах хоолойг нутаг дэвсгэр дээгүүрээ гаргавал монголчууд байгалийн хийг өргөн хэрэглэж боломжтой гэж манай мэргэжилтнүүд үзэж байна.

Хэрэв Оросоос Хятад руу дамжуулах байгалийн хийг дамжуулах хоолойг Монголын нутаг дэвсгэр дээгүүр гаргавал эдийн засгийн хувьд Монголд төдийгүй тухайн улс орнууддаа ч ашигтай гэж Монголын Үндэсний эрчмийн аж үйлдвэрийн хөгжлийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Г.Ёндонгомбо чуулганы үеэр хэлсэн. Хэрэв тэгсэн цагт Монголын эрчим хүчний үнэ хямдрах магадлалтай аж.

Оросын Зүүн Сибирьт орших Ковыктагийн байгалийн хийн ордоос Хятад руу байгалийн хий дамжуулах хоолой олон жил яригдаж байгаа. 1987 онд нээсэн тус ордоос олборлох байгалийн хийг Хятад, Өмнөд Солонгос авахаар 2000 онд гэрээ хийсэн. Гэхдээ 2017он хүртэл Ковыктагийн ордыг ашиглахгүй гэж оросууд мэдэгдэж байсан. Харин одоо энэ хугацаа наашилсан гэдгийг Газрын тосны газрын орлогч дарга Ц.Амраа чуулга уулзалтын үеэр хэлсэн. Ковыктагийн байгалийн хийн орд Монголд хамгийн ойрхон тул аль талаас нь бодсон зардал мөнгөний хувьд Монголоор дайруулах нь хамаагүй хямд байх болно гэдгийг тэрбээр бас дурдсан. “Чухам яагаад нүүрсний их нөөцтэй манай улс заавал байгалийн хийг дамжуулах хоолойг нутаг дэвсгэр дээгүүрээ дамжуулахыг зорьж байна вэ?” гэж асуухад нэгдүгээрт хямд, хоёрдугаарт байгаль орчинд бага сөрөг үр дагавартай, ядахнаа Улаанбаатарын утааг багасгахад их хувь нэмэр оруулна гэж хариулсан юм.

Ер нь бол улс орныхоо эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлэх их ашигтай гэдгийг чуулга уулзалтад оролцсон олон хүн ярьж байсан. Ийм нэг эх үүсвэрийн нэг нь нүүрсний давхаргын метаны хий юм. Манай улс 43 их наяд метр куб нүүрсний давхаргын метан хийн нөөцтэй байх магадлалтайг 2008 онд АНУ-ын “Метан хийн түншлэл” гэдэг байгууллага тогтоосон байна. Энэ талаар Г.Ёндонгомбо хэлэхдээ, “Энэ бол онолын түвшинд гаргасан тооцоо. Австралийн хэдэн компани энэ намраас нүүрсний давхаргын метаны хайгуулын ажлыг хийнэ. Өрөмдлөгө хийж нөөцийг тогтооно” гэв.

Мөн ЭБЭХ-ний сайд Д.Зоригт чуулга уулзалтад тавьсан илтгэлдээ 2009 онд Налайхын нүүрсний уурхайгаас 40 сая метр куб нүүрсний давхаргын метаны хий ашиглагдахгүй үрэгдсэнийг австралийн “Лунагаз” компани тогтоосон гэж хэлж байлаа. Ямартаа ч нүүрсний баялагтай манай улс эрчим хүчний бас ондоо эх үүсвэрүүд болох байгалийн хий, нүүрсний давхаргын метаны хийг ашиглах сонирхолтой байна.

ФРАНЧАЙЗИНГ ЭДИЙН ЗАСГИЙГ ТӨРӨЛЖҮҮЛНЭ

Бизнесийн шинэ санаа хайж, бизнесээ өргөжүүлэх гэсэн хүсэлтэй аливаа хувь хүн, компанид франчайзинг хийх нь их ашигтай. Дэлхийн өндөр хөгжилтэй улс оронд үйл ажиллагаа явуулж, өөрийн брэндийг таниулж чадсан, нэр хүндтэй компанийн франчайзингийн эрхийг авч Монголд салбарыг нь нээн ашиг орлогоо нэмэгдүүлэх бол эрсдэл багатай бизнес яах аргагүй мөн. Учир нь франчайзингийн эрхийг авна гэдэг нь тухайн компанийн олон жилийн туршлага, мэдлэгийг мөн худалдаж авч байгаа гэсэн үг.

Хэрэв төлбөр төлөх мөнгө нь байвал өндөр хөгжилтэй улс оронд нэр хүндтэй брэндийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг эх орондоо оруулж ирэх боломж байна. Энэ долоон хоногт Улаанбаатарт болсон “Олон улсын Франчайз бизнесийн ганцаарчилсан уулзалт, үзэсгэлэн” ийм боломжыг монголын бизнес эрхлэгчдэд олгосон. Сингапурын Азийн Франчайзингийн зөвлөл, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Франчайзингийн зөвлөл, Чингис интернэшнл групптэй хамтран энэ арга хэмжээг зохион байгуулсан.

“Хэдийгээр анх удаа Монголд зохион байгуулж байгаа ч гэсэн уулзалт, үзэсгэлэн маш амжилттай боллоо. Би хорин жил дэлхийн гуч гаруй орноор явж, франчайзингийн бизнесийг хийж байгаа хүний хувьд хэлэхэд Монголд франзайчинг хөгжих ирээдүй байна. Монголчууд ч маш сайхан хүлээж авсан” гэж Азийн Франчайзингийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Алберт Конг хэлж байсан юм.

Тэрээр Монголд франчайзинг хөгжиж, улам эрчийг авна гэдэгт итгэл дүүрэн байна. “Монголд ирж үйлчилгээ, бараагаа танилцуулсан компанийн төлөөлөгчид сэтгэл өндөр байгаа. Бид Монголд эдийн засаг нь эрчим хөгжиж байгаа гэж сурталчлан нэр хүндтэй 11 компанийг авчирсан. Очоод энд болсон үйл явдлынхаа тоймыг гаргахад олон хүн ирээгүйдээ харамсах байх” гэж мөн хэлсэн юм.

Монголд АНУ, Шинэ Зеланд, Өмнөд Солонгос, Сингапур, Малайзи гэх мэт улсуудын 11 компани брэндээ танилцуулж, салбараа нээх зорилгоор иржээ. Алберт Конг “Америкаас иогурт, Шинэ Зеландаас кофе, Өмнөд Солонгосоос пааб, Малайзиас цэцэрлэг, Сингапураас рамен, суши ресторан, мөн гоо сайхны салон гээд 11 төрлийн компани ирсэн” гэж хэлж байлаа.

Тэрбээр мөн, “МҮХАҮТ энэхүү арга хэмжээнд оролцож байгаа нь тун сайшаалттай. Дөнгөж сая би дараагийн долоон хоногт болох Ази, Номхон далайн орнуудын франчайзингийн чуулга уулзалтад оролцох Монголын төлөөлөгчийг сонгосон. Энэ бол Монгол Ази, номхон далайн франчайзингийн сүлжээнд идэвхтэй оролцохын тэмдэг юм” гээд франчайзингийн ач холбогдлын талаар хэлсэн юм.

“Бүх өндгөө нэг сагсанд хийвэл бүгд хагарах аюултай. Тиймээс бүх өндгөө нэг сагсанд хийж болохгүй гэдэг зүйр үг бий. Үүнтэй адил аль ч улсын эдийн засаг ганцхан салбараас хамаарах нь эрсдэлтэй. Тиймээс эдийн засгаа төрөлжүүлэх нь аль ч улсад чухал учраас франчайзингийн сүлжээг хөгжүүлэх нь ашигтай. Яагаад гэвэл франчайзингийн сүлжээнд эдийн засгийг төрөлжүүлэх маш олон салбар бий. Худалдаа, үйлчилгээ, эрүүл мэнд, хоол хүнс гээд олон салбарыг франчайз бизнесийн ачаар хөгжүүлж болно” гэж Алберт Конг ярианыхаа төгсгөлд онцолж байлаа.

АЛДАРТАЙ ҮСЧНИЙ САЛОНЫГ МОНГОЛД НЭЭНЭ

Албан ёсоор эрхийг нь авч дэлхийн алдартай брэндийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, эсвэл үйлчилгээг нь эх орондоо нэвтрүүлэх хөгжилд тустай. Тухайн брэндийг дагаад дэвшилт технологи, менежмэнт, боловсон хүчний бодлого гээд олон мэдлэг, туршлага орж ирдэг билээ. Үүний нэг тод жишээ нь МCS Coca-cola компани юм. МCS Coca-cola компани арван жилийн өмнө дэлхийн алдартай ундааг Монголд үйлдвэрлэх эрхтэй болж, шилдэг менежмэнт, техник технологийг үйлдвэртээ нэвтрүүлж чадсан.

Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимийн дэргэдэх Франчайзингийн зөвлөл, Азийн Франчайзингийн зөвлөлтэй хамтран “Олон улсын франчайз бизнесийн ганцаарчилсан уулзалт, үзэсгэлэн”-г зохион байгуулж өнөөдөр нээлтээ хийнэ. Энэ арга хэмжээний үеэр олон улсад нэртэй брэндийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний эрхийг авч Монголын бизнес эрхлэх боломж бүрдэнэ.

Ер нь сүүлийн үед монголчууд гадаадад олноор ажилллаж, сурдаг болсон учир зөвхөн компаниуд ч биш хувь хүн ч гэсэн хөгжилтэй улс орноос бизнесийн шинэ санаатай ирж, хувиараа бизнес эрхлэдэг болсон. Үүний нэг жишэээ нь Я.Оюун-Эрдэнэ юм. Тэрээр Өмнөд Солонгос, Япон, Америк, Англи гэх мэт олон хөгжилтэй оронд ажиллаж, суралцаж байсан зарим монголчууд шиг эх орондоо буцаж ирээд хувиараа бизнес хийхээр санаа шулуудсан нэгэн. Харин бусдаасаа ялгаатай нь тэрээр зөвхөн шинэ санаатай ирсэнгүй. Харин дэлхийн алдартай нэгэн брэндийн албан ёсны төлөөлөгч болох эрхийг өвөртлөөд иржээ.

“Манайх Английн төдийгүй дэлхийд нэр хүндтэй Toni&Guy гэдэг үсчний салоны албан ёсны төлөөлөгч болсон. Toni&Guy брэнд бол загварын ертөнцөд их нэр хүндтэй. Дэлхийн 60 гаруй улсад нээгдсэн 420 гаруй үсний салонтой. Тэд мэргэжлийн өндөр түвшинд үс засахын хажуугаар, үс арчилгааны цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг үсний салоноороо дамжуулан зардгаараа онцлогтой” гэж тэрбээр яриагаа эхлүүлэв.Toni&Guy компанийг 1963 онд ах дүү хоёр анх үүсгэн байгуулжээ. 40 жилийн өмнө жижигхэн үсчний салон байсан бол одоо үсчин, гоо сайхны ертөнцөд хувьсгал хийж чадсан хүчирхэг брэнд болжээ. Жил бүр зохион байгуулагддаг нэр хүндтэй Лондонгийн “Шилмэл загварын долоон хоног”-ийг Toni&Guy 14 удаа ерөнхий ивээн тэтгэгч нь болж, алдартай загвар зохион бүтээгч, загвар өмсөгч нартай хамтран ажилласан байна. “Шилмэл загварын ертөнцийн алдартай дизайнер, моделууд Toni&Guy брэндийн сонгож буй Toni&Guy ямар нэр хүндтэй брэнд болохын нэг илэрхийлэл юм” гэж Я.Оюун-Эрдэнэ хэлсэн юм.

Тэрбээр мөн “Toni&Guy үсчний салон алдаршсан нэг нууц нь бол тэднийх өөрсдийн үсчдийг бэлтгэдэг академитай. Энэ академид нь жил бүр 13 залуу үсчин тэтгэлэгээр суралцах боломжтой байдаг. Манайх албан ёсны төлөөлөгч нь болж байгаагын хувьд энэ тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруултад залуу үсчдээ хамруулах эрхтэй болно. Хэрэв тэд шалгарч чадвал үнэгүй академид суралцана” гэж ярилаа.

Зөвхөн залуу үсчид ч биш ер нь өөрийн брэндийн үсчний салонд ажиллаж байгаа бүх үсчний ур чадварт тус компани их анхаардаг аж. Тиймээс Toni&Guy компанийн үсний загвар зохион бүтээгчид дэлхийн 60 гаруй улсад буй салонуудаа очиж сургалт зохион байгуулдаг ажээ.
10 дугаар сарын эхээр анхны үсчний салон нь нээгдэх учир Toni&Guy компанийн үсний загвар зохион бүтээгчид манай улсад мөн ирэх юм байна. Энэ талаар Я.Оюун-Эрдэнэ “Бид Гранд палазад анхны салоноо нээнэ. Англиас мэргэжилтэн багш нар ирж манай үсчдийг сургаж, заана. Тэгээд албан ёсоор салбараа Монголд нээх үедээ үсний засалтуудаа сурталчилсан шоу тэд зохион байгуулна” гэж хэлж байлаа.

Дэлхийд нэртэй брэндийн албан ёсны төлөөлөгч болсноороо боловсон хүчнээ өндөр түвшинд бэлтгүүлнэ. Энэ бол албан ёсны төлөөлөгч болсны нэг давуу тал гэж Я.Оюун-Эрдэнэ дурдсан. Олон улсад байгаа салбаруудтайгаа үсчин солилцохоос гадна Лондонд байдаг Toni&Guy акедемид хямдралтай үнээр үсчдээ суралцуулах боломжтой болдог аж. Toni&Guy Монголд анх нээгдэхдээ зургаан үсчинтэй ажиллах юм байна. Харин ирээдүйд үйл ажиллагаагаа өргөжүүлээд өөр салон нээж үсчдээ нэмэх болно гэдэгт Я.Оюун-Эрдэнэ итгэлтэй байв.

Toni&Guy брэндийн нэг онцлог бол зөвхөн үс засах биш харин өөрсдийнхөө үйлдвэрлэсэн үс арчилгааны бүтээгдэхүүнээр үйлчлүүлэгчиддээ үйлчилдэг аж. Тэд үс арчилгааны бүтээгдэхүүнээ дэлгүүрээр зардаггүй. Харин заавал мэргэжлийн үсчний салоноор дамжуулан борлуулахыг чухалчилдаг гэнэ. Учир нь эмч өвчтөнд ямар эм хэрэгтэйг мэддэг шиг, мэргэжлийн үсчин хүн үйлчлүүлэгчээ ямар бүтээгдэхүүн хэрэглэх ёстойг мэдэх ёстой гэж үздэг тул Toni&Guy заавал мэргэжлийн салоноор дамжуулан бүтээгдэхүүнээ зарах зарчмыг баримталдаг ажээ.

“2005 онд олон жил судалсны эцэст цэвэр байгалийн гаралтай, ямар ч химийн найрлагагүй Label.m гэдэг үс арчилгааны олон бүтээгдэхүүнийг Toni&Guy анх гаргасан. Энэ алдартай бүтээгдэхүүнийг нь бид бас оруулж ирсэн байгаа. Гэхдээ бид эдгээр бүтээгдэхүүнийг дэлгүүрээр зарахгүй. Өөрийнхөө салонд болон өөр бусад сонир
хсон үсчний салоноор дамжуулан зарна” гэж Я.Оюун-Эрдэнэ ярив.

Дэлхийн аль улсад дээд зэрэглэлийн үсчний салонд ордог Toni&Guy Монголд ийнхүү удахгүй салбараа нээх гэж байна. “Хэдийгээр манай компанийн үйлчилгээ аль улсад өндөр үнэтэй байдаг ч бид Монголынхоо нөхцөл байдалд тохируулж үнээ бусад улс орон шиг өндөр байлгахгүй” хэмээн Я.Оюун-Эрдэнэ амлаад “Үс засалтыг хувцасны шилмэл загварын ертөнцтэй хослуулан урлагын түвшинд хүргэж чадсан брэндийг Монголдоо оруулж ирэх анхны албан ёсны төлөөлөгч болсондоо бид бахархдаг. Энэ маань эрчимтэй хөгжиж буй манай улсын үсчин, гоо сайхны салбарт бидний оруулж буй өчүүхэн хувь нэмэр болно гэдэгт найдаж байна” хэмээн хэлсэн юм.

СТАРБАКСИЙГ СӨРСӨН ИСКВИАРИС МОНГОЛД ИРЭХИЙГ ХҮСЧ БАЙНА

Гарчгийг уншаад олон хүн юун Старбакс, юун Исквиарис гэж магадгүй. Гэхдээ оноогдсон нэрийг орчуулж болдоггүй учир ингэж бичихээс өөр арга алга. Тэр дундаа дэлхийд нэр хүндтэй брэндийн нэрийг бол бүр орчуулж болохгүй. Тэр бүү хэл кириллээр ч бичихэд ч тохиромжгүй мэт... Яагаад гэвэл олон улсад алдартай брэндүүд бүгд л өвөрмөц лого, нэр бичих хэв маягтай байдаг шүү дээ. Манайд ч мөн ийм байгаа. Тиймээс Старбаксийг—Starbucks, Исквиарисийг—Esquires гэж бичсэн нь дээр.

Starbucks, Esquires гэж бичээд ч, уншсан олон хүн, энэ чинь юу билээ гэж эргэлзэх байх. Энэ бол мэдээж. Би ч сайн мэдэхгүй. Яагаад гэвэл Монголд Starbucks нь ч, Esquires нь ч байхгүй шүү дээ. Харин хааяа нэг америк кино үзэж байхад Starbucks гэсэн нэг хаяг харагдаад байдаг. Гадна нь хүртэл сүүдрэвчин доор тухалж суусан хүмүүс, кофе, цай уугаад сууж байдаг. Улаанбаатарын төвд цөөхөн байдаг кофены газруудтай төстэй газар.

Цахим сүлжээгээр шалгахад, Starbucks бол дэлхийн бүх өндөр хөгжилтэй улс оронд салбартай кофе, цайны газар ажээ. (Үнэндээ кофе цайны газар гэж хэлэхээр манай гуанз санагдаад жаахан тохиромжгүй л байна. Англиараа бол кофе хаус гэж хэлдэг юм байна лээ.) Гэхдээ алийн болгон бүх шинэ зүйлийг гадаадаар нэрлэх үү, зарим боломжтойг нь монголчилж байх зөв. Товчхондоо, Starbucks нь дэлхийд хамгийн олон салбартай кофе, цайны газар ажиллуулдаг компани юм. Дэлхийн 50 улсад 17009 кофе, цайны газартай. Үүнээс 11 мянга нь Америкт, мянга нь Канадад, 700 гаруй нь Англид, 150 нь Туркэд байдаг гэх мэт... Тэнд зөвхөн кофе, цай зардаггүй. Хүйтэн ус, халуун шоколад, зайрмаг, салад, боов боорцог, (хэрэв монголоор заавал бичнэ гэвэл)... Товчхондоо, аяга цай уугаад, хөнгөн зууш идээд гараад ирэх боломжтой газар юм байна.

Тэгэхээр дэлхийн хамгийн том Starbucks-ийг сөрсөн Esquires ямар зоригтой гэдэг нь ойлгомжтой болж байна уу. Esquires ч мөн адил кофе, цайны газар. Шинэ Зеландын компани. Англи, Шинэ Зеланд, Саудын Араб, Канад, Ирланд, Хятад, Фижи гэх зэрэг улсууд салбараа нээсэн, нийт 150 гаруй кофе, цайны газартай компани.

Starbucks-ийн 17009-ийг Esquires-ийн 150 кофе, цайны газартай харьцуулвал их ялгаатай л даа. Гэхдээ Esquires бол 1993 онд, харин Starbucks бол 1971 онд анх байгуулагдсан компани юм.

Анх 2002 онд Стивард Дийкс (одоо Шинэ Зеландын Esquires-ийн захирал) олон жил гадаадад ажиллаж байгаад эх орондоо буцаж ирэхдээ хоёр зүйлээс маш их залхсан байжээ. Нэгдүгээрт, хэн нэгний өмнөөс ажиллаж, сая сая долларын ашиг олж өгөхийг, хоёрдугаарт Starbucks төрсөн нутгийг нь “эзэлж” байгааг... Нэг удаа тэрбээр эх орондоо ирээд дөнгөж байгуулагдаж байсан Starbucks кофе, цайны газар орсон юм байна л даа. Тэгээд тэрбээр маш их сэтгэл нь хөдөлж, менежертэй нь уулзаж “Өө, энэ үнэхээр гайхамшигтай. Шинэ Зеландад үнэхээр хүчийг авах бизнес байна. Би яаж үүнд хамрагдаж болох уу?” гэж асууж л дээ. Гэтэл менежер нь түүнийг галзуу хүнийг харч байгаа мэт хараад “Юу яриад байгаагаа ч мэдэхгүй байж, чиний хэрэг гэж юу байх вэ?” хэмээн бараг хөөсөн гэнэ. Тэр цагаас хойш Стивард Дийкс Starbucks-ынханд үзүүлээд өгөх бодол төржээ.

2002 онд Стивард Дийкс өөрийн дүү Льюс Дийкстэй хамт Канадын Esquires кофе, цайны газрын франчайзийн эрхийг худалдаж авсан байна. Бараг хамаг юмаа зарч авсан эрх нь тун удалгүй ашгаа өгч, 15 сарын дотор гурван салбарыг нээжээ. Шинэ Зеландад богино хугацааны дотор Esquires хүчийг авч одоо өөрийн байр сууриа олсон брэнд болж чаджээ. Одоо Стивард, Льюс Дийкстэй Esquires-ийн мастер франчайзингийн эрхийг авч, дэлхийн бусад оронд ч Esquires-ийн франчайзинг хийх эрхтэй болжээ. Жижиг зах зээлд яаж ашиг олох талаар Шинэ Зеландын ах дүү хоёроос илүү мэдэх хүн байхгүй гэж Esquires компанийнхан үздэг гэнэ.

Товчхондоо, Стивард Дийкс Starbucks-д “үзүүлээд өгөх” амлалтаа биелүүлж чаджээ. Мөн тэрээр өнгөрсөн долоон хоногт Монголд ирээд буцлаа. Зорилго нь мэдээж ойлгомжтой. Боломж байвал салбараа нээх. МҮХАҮТ-ын болсон “Олон улсын Франчайз бизнесийн ганцаарчилсан уулзалт, үзэсгэлэн” тэрээр оролцсон юм. Монголд анх удаа франчайз бизнесийг сурталчлахаар ирсэн 11 компанийн төлөөлөгч дотор багтсан тэрээр “Олон хүн сонирхож ирж уулзсан. Франчайзингийн гэрээ байгуулах хүн байж ч магадгүй” хэмээн үзэсгэлэнгийн үеэр уулзахад хэлж байлаа.

Чухам Монголд Esquires-ийн франчайзингийн эрхийн авсан компани, хувь хүн ямар шаардлагыг хангасан байх ёстой вэ гэж асуухад “Бид бизнесийн туршлагатай түншийг хайж байна. Тэд гэрээгээ маш сайн судалсан байх хэрэгтэй. Арван жилийн дотор арваас доошгүй кофе, цайны газрыг нээх чадвартай байх ёстой. Анхны жилдээ гурвыг нээх шаардлагатай. Тиймээс тэд үүнийг хийх хөрөнгөтэй байх ёстой. Мөн бизнест сайн нэртэй байх хэрэгтэй” гэж хариулав.

Дэлхийн бараг бүх улс оронд кофены бизнес хурдан хөгжиж байгаа тул Монголд ч гэсэн кофе, цайны газар эрчийг нь авна гэж Стивард Дийкс үзэж байна. “Монголын эдийн засаг сайжирч байна. Мөн залуучууд их байдаг нь боломж их байгааг харуулж байна” гэж тэрбээр ярьсан.

Нэг кофе, цайны газарт 5 хүн ажиллана. Бүх кофены нунтаг, сироп, аяга, байрны дизайн бүх юмыг Esquires компанийнхан хангана. Харин сүү, зууш гэх мэт хоол хүнсний бүтээгдэхүүнийг орон нутгаас авах боломжтой ажээ. Стивард Дийкс ярихдаа “Бид бүх
юмыг нь хангана. Байрыг нь барьж, дизайныг нь хийнэ. Мөн ажилчдыг нь сургана” гэв.

Ойролцоогоор хэдэн долларын ашиг нэг салбараас олдог вэ? гэж асуухад “Олон улсын жишгээр хэлэхэд нэг салбар жилдээ дунджаар 700 мянган ам.долларын ашигтай ажилладаг” гэв. Монголын зах зээл жижигхэн гэж тэрээр огт голохгүй байлаа. Арван кофе, цайны газрыг Монголд “хөнгөхөөн” ажиллуулж дөнгөнө гэдэгт Стивард Дийкс итгэлтэй байв. “Хамгийн гол нь ажилдаа дуртай, бууж өгөхгүй л байх хэрэгтэй. Монголд олон боломж байна. Бид олон жижиг улсад бизнес хийж байсан. Арван кофе, цайны газрыг Монголд хөнгөхөөн ажиллуулна”.

Ер нь аливаа нэр хүндтэй брэндийг франчайз бизнес хийн эх орондоо оруулж ирэхэд мөнгөтэй байхаас гадна их хариуцлагатай байх шаардлагатай гэнэ. Тухайн брэндийн нэр хүндийг унагахгүй тулд олон улсад мөрдөгдөг шаардлагыг нь биелүүлж, бүх үйл ажиллагаагаа тухай франчайзингийн эрхийг өгсөн байгууллагатай уялдуулж явуулах ёстой байдаг юм байна. Энэ утгаараа ч франчайз бизнес нь өндөр
хөгжилтэй улсуудын стандартыг Монголд оруулж ирэхэд хамгийн төд зам байдаг бололтой.

“Ер нь манай франчайз бизнесийг хийж байгаа хүмүүс өмнө нь үйлчилгээний салбарт ажиллаж байсан бол илүү дөхөм байдаг. Гэхдээ зөвхөн үйлчилгээний салбарт ч биш бусад салбарт бизнес хийдэг байсан, ажилчидтайгаа зөв боловсон харьцаж чаддаг хүн манай франчайз бизнесийг эрхлэхэд алзахгүй. Хэрэв ажилчид чинь сэтгэл өндөр байвал үйлчлүүлэгчид ч сэтгэл өндөр байна. Олон үйлчлүүлэгчид дахин дахин ирснээр нэг найрсаг гэр бүлийн уур амьсгал бүрэлдэнэ. Манай Esquires-ийн гол зарчим энэ” хэмээн Стивард Дийкс ярьж байв.
Дашрамд сонирхуулахад, Шинэ Зеландад франчайзингийн эрхийг авч шинэ кофе, цайны газар нээхэд ойролцоогоор 300 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байдаг гэнэ. Дээрээс нь 75 мянган ам.долларын франчайзингийн хөлсийг төлдөг ажээ. Монголд франчайзингийн эрхийг авахад мөн энэ хавьцаа байх бололтой.

НЭРТЭЙ БРЭНДҮҮДИЙГ МОНГОЛД ҮНДЭСЛҮҮЛЭХ ҮЗЭСГЭЛЭН БОЛНО

“Олон улсын Франчайз бизнесийн ганцаарчилсан уулзалт, үзэсгэлэн” Монголын Үндэсний Худалдаа, Аж үйлдвэрийн танхимд энэ сарын 12-13 хооронд болно. Уг арга хэмжээг МХАҮТ-ын дэргэдэх Франчайзингийн Зөвлөл, Аsiawide Franchise Consultants групп, Монголын Чингис Интернэшнл хамтран зохион байгуулах юм.

Дэлхийд нэрд гарсан брэндийг Монголд нэвтрүүлэх, мөн Монголд үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ брэнд болгож дэлхийн зах зээлд гаргах боломжийг уг үзэсгэлэн олгож байгаа аж.

“Сингапур, Малайзи, Шинэ Зеланд, Австрали, Тайланд зэрэг орнуудын хориод компанийн төлөөлөгчид ирнэ. Мөн дотоодын хориод компани үзэсгэлэнд оролцоно. Хэрэв энэ удаагийн арга хэмжээ амжилттай болвол цаашдаа өргөжнө” гэж үзэсгэлэн зохион байгуулагчид нь хэлж байна.

Гадаадын брэндийг худалдан авч, Монголд бизнес эрхлэх сонирхолтой хувь хүн болон жижиг компаниуд уг арга хэмжээнд оролцоход 200 ам.доллар төлөх юм байна. Ингэснээр тэд Азийн Франчайзангийн сүлжээнд нэгдэж, нэг жилийн турш Аsiawide Franchise Consultants группээс дэлхийн өнцөг булан бүрд зохион байгуулагдах үзэсгэлэн худалдаанд хөнгөлттэй үнээр оролцоно. Мөн гадаадын компаниудын төлөөлөгчидтэй ганцаарчлан уулзаж франчайз худалдан авах гэрээ байгуулах эрхтэй аж.

Харин томоохон үндэсний үйлдвэрлэгч компаниуд өөрсдийнхөө бараа бүтээгдэхүүнээ сурталчлахад арай өндөр төлбөр төлөх аж. Тэд МҮХАҮТ-нд болох үзэсгэлэнд бараа бүтээгдэхүүнээ сурталчлах боломжтой бөгөөд Аsiawide Franchise Consultants группээс англи, хятад хэлээр эрхлэн гаргадаг сэтгүүлийн ирэх жилийн эхний улирлын дугаарт бараа бүтээгдэхүүнээ сурталчлах эрхтэй болно.

“Франчайзингийн хэлбэрээр бизнесээ өргөжүүлэх нь өнөөгийн нөхцөлд хамгийн оновчтой, хурдан хугацаанд ашиг орлогоо нэмэгдүүлэх арга. Тиймээс бизнесийн шинэ боломжуудыг эрэлхийлж буй хувь хүн болон компаниуд үзэсгэлэнд оролцож, ганцаарчилсан уулзалтанд хамрагдан олон франчайз худалдан авах гэрээ байгуулаасай” гэж зохион байгуулагчид нь ярьж байлаа.

“Бизнес эрхлэгчдэд энэ арга хэмжээ нь асар их боломжийг олгож байна. Өнөө үед франчайзинг нэвтрээгүй улс орон гэж бараг байхгүй. Ингэж байж л улс орны хөгжил хурдасдаг” хэмээн Монголын Франчайзингийн хөгжлийн ассоциацийн тэргүүн Н.Учрал хэлэв.
Одоогийн байдлаар манай улсад МСS Coca-Cola, BQ Chicken хоёр франчайзингийн сүлжээнд хамрагдаж амжилттай үйл ажиллагаагаа явуулдаг билээ.

МҮХАҮТ-ын дэргэдэх Франзайзингийн Зөвлөлийн дарга, мөн МСS Coca-Cola компанийн захирал Л.Мягмаржаваас доорх зүйлийг лавлав.

-Танай компанийн Coca-Cola-гийн франчайзийн эрх аваад хэр удаж байна вэ?
-МСS компани 2001 онд Coca-Cola компанийн албан ёсны дистербьютер болсон. Энэ жил франчайзийн эрх авсны 10 жилийн ой болж байна. Сүүлийн арван жил манай компани франчайзийн эрх авсан монголын анхны үндэстэн дамнасан корпорацийн төлөөлөгч болж ажиллаж байгаа. Coca-Cola бол дэлхийн 200 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулдаг дэлхийн том брэнд. Энэ брэндийн нэрийг Монголд таниулж эхэлснээс хойш 10 жилийн хугацаанд бизнесээ өргөжүүлэх бүхий л арга ажиллагаа, бизнесийн туршлага, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх бүх стандартуудыг бид дагаж мөрдөж хэрэгжүүлсэн. Мөн боловсон хүчний сургалт, хүний нөөцийн бодлогыг нь ч хэрэглэж байна. Бас маркетингийн дэмжилгэ тусалцаа байнга авдаг. Машин техник, шинэ технологийг нь нэвтрүүлж байгаа. Энэ бүгд маань яг франчайзийн системээр явж байгаа. Хоорондоо маш уялдаатай түншилж ажилладаг.

- Франзайчийн системийн давуу талыг товч тодорхойлохгүй юу?
-Франзайчийн системийн давуу тал нь нэг хүний сурсан мэдсэн, нэгэнт батлагдсан арга ажиллагааг шууд л Монголд хэрэгжүүлж байгаад оршино.

-Эхний ээлжинд компаниас мэргэжилтнүүд ирж ажилласан уу?
-Тэгэлгүй яахав. Эхний 2 жилийн хугацаанд гадаадын мэргэжилтнүүд Монголд байж боловсон хүчнийг сургасан. Маркетинг, техникийн чиглэлээр, мөн бараа бүтээгдэхүүнээ яаж дэлгүүрүүдэд түгээх үү гээд бүх л арга ажиллагааг тэд цэгцэлж өгсөн. Тэгэхээр эхний хоёр жил үйл ажиллагаа цэгцрэхэд нэлээн анхаарсан. Харин гурав дахь жилээс биеэ дагаад үйл ажиллагаагаа өөрсдөө аваад явчих боломжтой.

-Мэдээж 10 жилийн хугацаанд МСS Coca-Cola компани өргөжсөн. Харин тоо баримтаар яривал...
-Хэрэв тоо баримтаар яривал сүүлийн 6 жилийн дотор бизнес 10 дахин өслөө. Зөвхөн кока-кола, фанта, спрайт биш мөн шинэ нэр төрлийн олон бараа бүтээгдэхүүнд ч нэмэгдсэн. Мөн импортоор олон төрлийн бараа бүтээгдэхүүн борлуулж байгаа. Бид дэлхийн нийтэд хэрэглэдэг, хүмүүст итгэл төрүүлсэн брэндүүдийг монголчууддаа хүргэж байгаа учраас дэлхийн түвшинд, дэлхийн хөгжлийг Монголд авчирч байгаа.

ТЭД БИДНИЙ ОЛЖ ХАРААГҮЙ БОЛОМЖУУДЫГ НЭЭЖ БАЙНА

"Discover Mongolia-2011” олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт өчигдөр Улаанбаатар хотод эхэллээ. "Монголын уул уурхайн салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх" уриан доор болж байгаа уг чуулга уулзалт өнөөдөр дуусна.

2003 онд анх монголын хэсэг бизнесменүүд анх зохион байгуулсан уг арга хэмжээ одоо олон улсын уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчдын анхаарлыг зүй ёсоор татаж, бүс нутагтаа нэр хүндтэй болсныг энэ жилийн чуулга уулзалт баталж байна хэмээн зохион байгуулагчид нь төдийгүй, оролцогчид нь санал нэгтэй хэлж байв.

“9 жилийн өмнө бид гадны хөрөнгө оруулагчдыг “Манайд ирээч, хөрөнгө оруулалт хийгээ ч” гэж гуйдаг байсан бол харин одоо гадныхан биднийг гуйдаг болж байна. Тэд “Танайд хөрөнгө оруулъя, хамтарч ажиллая” гэж санал их тавих болсон” хэмээн чуулга уулзалтын зохион байгуулах хорооны тэргүүн, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч байсан П.Очирбат хэлж байлаа.

1200 гаруй гадаад дотоодын төлөөлөгчид ирж, 90 гаруй компани үзэсгэлэнгийн танхимд бараа бүтээгдэхүүн, үйл ажиллагаа танилцуулж байна. Төрийн байгууллагуудын дарга нар; дотоод гадаадын уул уурхай, санхүүгийн компани, банкуудын төлөөлөгчид чуулга уулзалтад оролцож илтгэл тавилаа.

“Эрдэс баялгийн салбарын зангилаа асуудлуудыг хөндөж, дэлхийд нэр хүндтэй судлаачдын үнэлэлт дүгнэлтээр чуулганыг эхэллээ. Ер нь дэлхийн эрдэс баялгийн эрэлт хэрэгцээ ойрын ирээдүйд ямар байна. Энд Монголын эзлэх орон зай ямар байх уу гэдэг асуултад хариулж байж л бид дэлхийн зах зээлийн баримжааг авч байж л эрдэс баялгийн салбараа хөгжүүлнэ шүү дээ. Түүнээс биш эрэлтгүй, зах зээлгүй бол хөгжихгүй. Бид уул уурхайн салбарын хөгжлийн хандлагыг мэдэх хэрэгтэй. Тиймээс бид гадаадын шинжээчдийг урьж илтгэл тавиулсан” гэж П.Очирбат ярилаа.

Тэрбээр мөн уул уурхайн салбарын хөгжлийг дагаад бусад салбар яаж хөгжиж байна гэдгийг анхаарах цаг болсныг дурдаж байсан. Үнэхээр энэ удаагийн чуулга уулзалтад зөвхөн уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчид гэлтгүй банк, санхүүгийн төлөөлөгчид өмнөх чуулга уулзалтуудаас их ирсэн байв. Тэдний нэг нь Бээжинд төвтэй америкийн “Stratos Mongolia Fund” хөрөнгө оруулалтын сангийн төлөөлөгч Омарио С.Канжи юм. “Манайх хувийн Хөрөнгө оруулалтын сан. Бид монголын уул уурхай, газар тариалан, үл хөдлөх хөрөнгийн бизнест хөрөнгө оруулах боломжийг хайж байгаа. Ер нь бид олон боломжуудыг судлахыг хүсч байна” хэмээн тэрээр яриагаа эхэлсэн.

“Уул уурхайгаас бусад салбарт Монголд хөрөнгө оруулах боломж бий гэж та үзэж байна уу” хэмээн түүнээс асуухад “Мэдээж бий. Газар тариалан, үл хөдлөх хөрөнгийн салбарт боломж их байна гэж бид үзэж байгаа. Мөн уул уурхайн хангамжийн салбарт бид ажиллах сонирхолтой байгаа” гэв.

Тэрбээр мөн “Үл хөдлөх хөрөнгийн үнэ Монголд өснө. Харин хэр хурдан гэдгийг бол мэдэхгүй байна. Ямартаа ч бид бизнесээ бага багаар өргөжүүлэхийг зорьж байгаа. Манай сан Бээжин, Хонконгт төвүүдтэй. Удахгүй төвөө Монголд байгуулна” гэж байлаа.

"Discover Mongolia-2011” олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтад хариуцлагатай уул уурхайг байгуулахад нэлээн анхаарч зургаан илтгэл тавигдах юм байна. Ер нь одоо уул уурхайн салбарт байгаль орчин, нийгмийн бодлогыг их анхаарах хэрэгтэй байгааг чуулга уулзалтыг зохион байгуулагчид ярьж байв.

“Бид нийгмийн бодлого руу их анхаардаг болцгооё гэж ярих боллоо. Мөн нэг чухал асуудал бол байгаль хамгаалах асуудалд анхаарч, хөрөнгө заръя. Тэгэхгүй бол бага зардлаар их орлого олох гээд байгаль орчинд халтай үйл ажиллагаа явуулдаг байсан. Одоо үүнийг таслан зогсоож, чанарын өөр түвшинд шилжье гэх болсон. Энэ бол том дэвшил” гэж П.Очирбат бас ярьсан. Тэрбээр мөн уул уурхай, эрдэс баялгийн салбарт зөвхөн нөхөн сэргээлтийг гэж ярих нь учир дутагдалтай, энэ бол “хагас ойлголт”. Асуудлыг өргөн цар хүрээтэй авч үзэх хэрэгтэй. Уул уурхайн үйл ажиллагаанаас хамааралгүй байгаль дэлхийн уур амьсгал өөрчлөгдөж, доройтож байгаа. Дэлхийн дулаарал, цөлжилт гээд асуудлууд бий . Тэгэхээр уул уурхайн салбарынхан зөвхөн үйлдвэрлэл явуулсан хүрээнд биш ерөөсөө бүс нутаг, эргэн тойрныхоо орчныхоо байгалийн тэнцвэрт байдлыг хадгалахад бид юу хийх ёстой вэ гэдэг өнцгөөс хандах хэрэгтэй гэж байв.

Монгол Улсын зөвлөх инженер Г.Жамсрандорж, П.Очирбаттай санал нэг байв. “Үнэхээр уул уурхайн салбарын нэр хүндийг унагасан. Байгаль орчныг нөхөн сэргээдэггүй. Зам харилцааг засдаггүй. Орон нутагт үр өгөөж өгдөггүй компаниудыг нэрлээд хариуцлага хүлээлгэх хэрэгтэй” гэж Г.Жамсрандорж хэлсэн. Гэхдээ харин сайн уул уурхайн компаниудыг муу компаниудтай адилтгаж үзэж болохгүй гэж сануулахдаа “Энэ хоёрыг ялгаж, зааглах хэрэгтэй” гэв.
Г.Жамсрандорж мөн уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт хийхэд хоёр хууль чөдөр болж байна гэж хэлж байлаа. “Урт нэртэй” хуулийг эсвэл хэрэгжүүлэх, эсвэл болиод уул уурхайн компаниудыг сайн, муугаар нь ялгаж, ажил төрлийг нь явуулах хэрэгтэй. Харин Цөмийн энергийн тухай хуулинд хөрөнгө оруулалтыг зарим дээр нь 34 хувь, зарим дээр 51 хувь гээд хөрөнгө оруулагчдыг будилуулж байна. Үүнийгээ тодорхой шийдэхгүй байна. Манай тал энэ хоёр хуулиа л илэн далангүй яримаар санагдах юм” гэж тэрбээр хэлсэн.

Монголын компаниудын байгаль орчны нөхөн сэргээлтийг дэлхийн түвшинд хүргэхийг зорьж байгаа өөр нэг компани бол Их Британийн “Isochurchill’s” компани юм. “Манай зорилго бол Монголын компаниудыг бараа бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуй, хоол хүнсний аюулгүй байдал, байгаль орчны нөхөн сэргээлт хийх үйл ажиллагааг дэлхийн түвшинд хүргэхэд туслахад оршино” хэмээн тус компанийн захирал Барри Еванс хэлж байлаа. Манай улсад анх 1997 онд байгуулагдсан уг компани монголын уул уурхайн хоёр компанитай хамтран ажиллаж, байгаль орчны менежмэнтийнх нь хөтөлбөрийг боловсруулж өгчээ. Тэрбээр бас, Монголд бий болж байгаа эдийн засгийн шинэ боломжууд гадаадын хөрөнгө оруулагчдыг ихээр татах болсон нь энэ чуулга уулзалтаас харагдаж байна. Энэ удаагийн чуулга уулзалт маш олон гадаадын хөрөнгө оруулагчдыг цуглуулж чадаж байгааг харахад бахархмаар байна гэж байлаа.

Ер нь уул уурхайн салбарын хөгжлийг дагаад Монголын бусад салбар ч хөгжиж байгааг "Discover Mongolia” буюу “Монголыг нээх” чуулга уулзалтын үеэр харч болохоор байна. Зөвхөн уул уурхайн салбарт биш бас үл хөдлөх хөрөнгө, хөдөө аж ахуй, харилцаа холбоо, дэд бүтцэд гээд хөрөнгө оруулалт хийх сонирхолтой гадаадын олон хөрөнгө оруулагчид Монголыг шинээр нээж байна. Тэд монголчуудын ч олж харахгүй байгаа боломжуудыг олж харч чадаж байгаа нь чуулга уулзалтын үеэр мэдрэгдэж байлаа. Эдийн засгаа нээлттэй болгож гадны хөрөнгө оруулагчдыг татаж чадаж байгаа манай улс одоо тэдний нээсэн, өөрсдөө бий болгож байгаа боломжуудыг ашиглаж улс орондоо хэрхэн үр өгөөжтэй бүтээн байгуулалт хийх вэ гэдэг чухал байна.

Sunday, 4 September 2011

ГАЗРЫН ҮНЭ 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦНЫ ҮНЭД НӨЛӨӨЛӨХГҮЙ

Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатартай уулзаж, барилгын салбарын өнөөгийн байдал, тулгарч буй бэрхшээлүүд болон 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар ярилцлаа. Дашрамд дурдахад, Монголд барилгын салбар хөгжсөний 85 жилийн ой энэ өдрүүдэд болж байгаа билээ.

-85 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа барилгачдын хувьд энэ жил ямар онцлогтой жил болж байна вэ?
-Энэ жил тун чухал, онцлог жил болж байна. Засгийн газраас санаачилсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих 100 мянган айлын орон сууцны төслийг хэрэгжүүлэх арга механизмыг тодорхой болгож, хууль эрхзүйн орчныг нь бүрдүүлсэн он болж байна. Тухайлбал УИХ-аас 325 дугаар тогтоол гаргаж 100 мянган айлын орон сууцны бүтээн байгуулалтын гол гол эрхзүйн орчныг бүрдүүллээ. Энэ намрын чуулганаар бид Газрын тухай хууль, Газрыг эргүүлэн татах хууль зэрэг хуулинд өөрчлөлт оруулчих юм бол ер нь зарчмын хувьд хууль эрхзүйн орчин ерөнхийдөө бүрдэнэ. Мөн хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг бүрдүүлэхэд их анхаарлаа. Хөгжлийн банк байгуулагдлаа. Эхний ээлжинд Хөгжлийн банкаар дамжуулж 800 тэрбум төгрөгийн Засгийн газрын бонд гаргаж Улаанбаатар хотод баригдах 75 мянган айлын орон сууцны зарим хороодын дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх нөхцөл бүрдэж байна. Товчхондоо, ажиллах зарчим тодорхой болчихлоо.

-100 мянган айлын орон сууц хаана баригдаж эхэлж байна вэ?
-Ер нь эрчимтэй баригдаж эхлээгүй. Ганц хоёр газар барилгын ажил эхэлсэн. Ирэх жилээс эрчимтэй баригдаж эхэлнэ. Өнөөгийн байдлаар бол зах зээлд борлогдож байгаа орон сууцнууд голдуу 40 мянган айлын орон сууцны үлдэгдэл, мөн хувийн хөрөнгө оруулалтаар бариад зарч байгаа барилгууд юм. Тийм ч учраас байрны үнэ ханш өндөр байна.

-Байрны үнэ өссөн гол шалтгаан нь цөөхөн байгаагаас тэр үү?
-Нэгдүгээрт эрэлт их байна. Хоёрдугаарт 100 мянган айлын орон сууц төсөл бүрэн механизмаараа хэрэгжиж эхлээгүй байна. 100 мянган айлын орон сууцны төслийн үндсэн механизм бол 40 мянган айлын орон сууцны төслөөс үндсээрээ өөр. 100 мянган айлын орон сууц бол бага, дунд орлоготой иргэдийг орон сууцаар хангах төрийн орон сууцны төсөл юм.

-Бага, дунд орлоготой иргэдэд зориулсан байр хямдхан болохоор чанар сайн байж чадах уу?
-Байр хямдхан биш. Сангийн яамнаас гаргасан судалгаа байдаг. Монголд нэг метр квадратыг барилгачид дунджаар 450 мянган төгрөгөөр барьж байгаа судалгаа байдаг. Тэгэхээр 650 мянган төгрөгөөр нэг метр квадратыг барихад чанартай барилга босно. Тиймээс метр квадратыг нь 650 мянган төгрөгөөр барих гэж байгаа барилга чанаргүй байх ёсгүй. Энэ бол чанаргүй барих мөнгө биш. Засгийн газар үүнийг нь нэг метр квадратыг нь 700-800 мянган төгрөгт бодоод бага дунд орлоготой иргэддээ 50 метр квадрат хүртэлх орон сууцыг олгохоор зорьж байгаа.

-Тэгэхээр одоо зарагдаж байгаа байрны үнийг хөөрөгдөж байна гэсэн үг үү?
-Тийм. Яагаад гэхээр одоохондоо 100 мянган айлын орон сууц баригдаж, 6 хувийн зээл олгож эхлээгүй байна. Харин мөнгөтэй хүн өөрөө газар өндөр үнээр худалдаж аваад, барьсан байшингаа худалдаж байгаа юм. Үүнийг бид хорьж чадахгүй л дээ. Зах зээлийн зарчимд нийцэхгүй.

-Газрын үнэ 100 мянган айлын орон сууцны үнэд нөлөөлөх үү?
-Газрын үнэ байрны үнэд нөлөөлдөг гэхдээ 100 мянган айлын орон сууц барихад бараг нөлөөлөхгүй. Яагаад гэвэл, хийсвэрээр бодоход, 10 мянган айл байдаг 100 га газрыг худалдаж аваад аравхан га газар нь 10 мянган айлыг багтаах 16 юм уу, 9 давхар арван байшин барьчихад л цаана нь 90 га газар сул үлдэнэ. Үүнийг Засгийн газар дахиад байшин, цэцэрлэг, сургууль барихад эдийн засгийн хувьд ашигтай болно.

-100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд манай барилгачдын тоо хангалттай юу?
-Одоо Монголд 28 мянга гаруй барилгачид ажиллаж байна. Харин 100 мянган айлын орон сууцыг барихад 60 мянга орчим барилгачид хэрэгтэй. Тиймээс эдгээр ажилчдыг бэлтгэхэд одоо мэргэжлийн боловсрол олгодог 42 ТМС-ууд ажиллаж байна. Мөн мэргэжлийн сургалтын төвүүдэд боловсон хүчнийг бэлдэж байгаа. Ер нь бол жилдээ 10 мянга орчим барилгачин бэлтгэх шаардлагатай байгаа. Энэ зорилтыг хангахын тулд саяхан БСШУЯ, ЗТБХБЯ, Мэргэжлийн боловсролын үндэсний зөвлөл гурвалсан гэрээ байгуулсан.

-Барилгын салбарт боловсон хүчнээ бэлтгэхэд их анхаарах болжээ. Үүнээс өөр бас юуг онцлон анхаарах хэрэгтэй байна вэ?
-Мэргэжилтэй боловсон хүчнээ сургаж, боловсруулах, залуу халаагаа бэлтгэх нь үнэхээр тулгамдсан асуудал. Үүнээс гадна олон мянган залуусыг барилгын салбарт шинээр ажиллахаар ирэх тохиолдолд хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдалд нь маш их анхаарах хэрэгтэй. Ажлын дадлага туршлагатай алтан гартай барилгачин болтол нь гэмтээж бэртээчихгүй, шантаруулчихгүй ажиллуулах талаар барилгын салбарын удирдлагууд, барилгачид бүгдээрээ анхаарах цаг болжээ. Бас барилгын чанарыг илүү анхаарч, хянах хэрэгтэй байна. Барилгачид барилгаа чанартай барьдаг болохоос гадна төр засгаас барилгын чанарыг шалгах лабораторуудыг олноор нь байгуулах шаардлагатай. Аймгуудад, хилийн боомтод, Улаанбаатар хотод шалгах лабораторуудыг байгуулж гадаадаас импортолж байгаа, дотооддоо үйлдвэрлэж байгаа барилгын материалуудын чанарт хяналт тавихаас гадна барьсан барилгын чанарыг ч улам чанга хянах ёстой. Тэгж л байж бид энэ шинэ бүтээн байгуулалтыг хийж, барилгаа чанартай барина.

-Та түрүүн хэллээ. Хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдалд их анхаарах ёстой гэж. Үнэхээр монголын барилгачид осолтой орчинд ажиллаж байна. Мэргэжлийн хүний хувьд та энэ байдлыг юунаас шалтгаалж байна гэж үздэг вэ?
-Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа барилгын салбарт орхигдоод бараг хориод жил болж байна. Энэ нь барилгын салбарынхны үйл ажиллагаанаас хамааралтай ч хамгийн ноцтой зүйл нь барилгын талбайд ажиллаж байгаа ажилчдын түр байрлах байр, ажиллах орчныг бүрдүүлдэг тодорхой зардлуудыг төсөвт тусгадаггүйгээс болсон юм. Жишээлбэл, нэмэгдэл зардал, төлөвлөгөөт хуримтлал, өвлийн нэмэгдэл, түр байр гэх мэт зүйлсийн зардлыг барилгын төсөлд тусгахдаа жилээс жилд хассаар ирлээ. Гэхдээ одоо хандлага өөрчлөгдөж байна. Барилгын салбарын үнэ бүрдүүлэлтийн системийг шинэчилнэ гэж ярих болсон. Энэ бол ерөөсөө барилгын салбарын төсвийн механизмыг шинэчлэх тухай асуудал юм. Хэрэв барилгачин хүний хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэл, аюулгүй орчинд ажиллах түр байр, бие засах газар, гуанз гэх мэт зүйлийг барилгын төсөвт суулгаад өгчихвөл дараа нь барилгын салбарын удирдлагуудтай хариуцлага тооцох боломжтой. “Чи төсөвт чинь суулгаад өгсөн 10 хувийн зардлыг яагаад барилгачин хүнд зарцуулаагүй” гээд хариуцлага тооцож болно. Тэгэхээр үнэ бүрдүүлэлтийн систем буюу төсвийн аргачлалыг нь Сангийн яам, ЗТБХБЯ бүр анхаарч Шинэ бүтээн байгуулалтад цоо шинэ аргачлаар оролцох хэрэгтэй байна. Төсөвт нь суулгаад Сангийн яам баталдаг болчихвол хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал сайжирна.

-Энэ жил барилгын салбарт гарсан осол улам нэмэгдсэн байх юм.
-Тэр аргагүй. Энэ жил маш олон барилга баригдаж байна. Тэгээд дандаа өндөр өндөр барилгууд. Мөн хяналт муу байна. Тиймээс барилга дээрээс нисч үхэх, барилгын талбай дээр тог цахилгаанд цохиулах гэх мэт осол гэмтэл гарч байна. Одоо Монголд жилдээ ажлын байранд 400 гаруй осол гардаг. Үүнээс амь нас эрсэдсэн тохиолдол 160. Амь нас алдсан ослын 60 гаруй хувь нь барилга дээр ажиллаж байсан барилгачид гэсэн тооцоо, судалгаа бий. Энэ бол үнэхээр харамсалтай, маш сэтгэл эмзэглүүлсэн асуудал.

-Саяхан болсон Мянган барилгачдын зөвлөгөөн дээр энэ талаар их ярьсан. Ямар өөрчлөлт гарсан бэ?
-Хэд хоногийн өмнө болсон зөвлөгөөн дээр бид нэг зарчмын том өөрчлөлт хийхээр болсон. Тэр юу гэхээр барилгын талбай дээр барилгачин хүн өөрөө өөрийгөө аваар ослоос хамгаал гэсэн хуучин цагийн шаардлагыг шинэ хандлагаар өөрчлөхөөр болсон. Мэдээж барилгачин хүн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны шаардлагыг хангах ёстой. Гэхдээ барилгачин хүн барилгын талбай дээр ажиллаж байхад нь барилгын компаниуд аюулгүй ажиллах орчныг бүрдүүлж өгөх хэрэгтэй.

-Ялангуяа түр ажилчдын хөдөлмөр хамгааллын асуудал их хэцүү байдаг юм байна лээ. Тэд ажлын байран дээр гэмтэхэд барилгын компаниуд хариуцдаггүй гэж дуулсан.
-Энэ бас нэг сэтгэл эмзэглүүлсэн асуудал. Саяхан Улсын мэргэжлийн хяналтын газраас томоохон байгууллагуудыг шалгахад мянган ажилчинтай гэсэн байгууллага 17-30 үндсэн ажилчинтай, бусдыг нь дандаа гэрээгээр түр ажиллуулж байсан байгаа юм. Тэгээд түр ажилчдын хөдөлмөр хамгааллын асуудлыг гэрээнд тусгахдаа түр ажилчид өөрсдөө даана гэж заасан байдаг. Эндээс л хариуцлагагүй байдал бий болж байгаа юм. Тиймээс түр ажилчдыг аюул осолгүй орчинд ажиллуулахын тулд онцгой анхаарч үндсэн барилгын ажлыг хариуцаж байгаа нөхөдтэй хариуцлага тооцох механизм бий болгох хэрэгтэй. Тэгэхгүй бол зун болохоор Зуун Айлаас хэдэн хүн авчираад талыг нь гэмтээчихээд л “Бид хариуцахгүй. Өөрсдөө биеэ даах ёстой ” гээд явуулчихдаг байж болохгүй.

-Түр ажилчид гэлтгүй ер нь бүх барилгачид осолд ороход өөрсдөө бүх хариуцлагаа хүлээх үү?
-Тийм. Одоо манайд үйлчилж байгаа зарчмаар тэгээд байгаа. Харин бидний гаргаж ирж байгаа саналаар бол хэрвээ осолд орсон ажилчин өөрөөс шалтгаалах бүх хөдөлмөр хамгааллын шаардлагыг хангачихаад осолд орсон бол тэр хүнийг осолд оруулахгүй байх нөхцөл байдлыг хангаагүй тэр барилгыг бариулж байгаа ерөнхий гүйцэтгэгчийг нь хариуцлагад тооцох зарчмыг хэрэгжүүлнэ. Хүнийг аюулгүй ажиллах орчныг бүрдүүлж өгөөгүй бол хариуцлага тооцно. Түүнээс биш хамгаалалтын каска малгайтай, зориултын хувцас өмссөн ч гэлээ 16 давхараас лифтний нүх рүү уначихвал ямар ч нэмэр байхгүй шүү дээ. Хөдөлмөр хамгааллын эрсдэлийг багасгах урьдчилсан менежмэнт хийж байх ёстой. Үүнийг Барилгачдын холбоо төлөвшүүлэхэд их анхаарч ажиллана.

-Та түрүүн барилгын чанарыг сайжруулахад их анхаарах хэрэгтэй гэсэн. Манай барилгын салбар улирлын чанартай байдаг болохоор мэргэжилгүй түр ажилчид их ажилладаг. Тэд барилгын чанарт нөлөөлөх үү?
-Мэдээж нөлөөлнө шүү дээ. Гэхдээ мэргэжилгүй ажилчид бол голцуу шавар зөөх гэх мэт мэргэшил шаардахгүй ажлуудыг хийдэг. Энэ ажлууд бол чухал. Гэхдээ эдгээр ажилчдыг ингэж ажиллуулах хугацаандаа барилгын мэргэжилд дуртай болгох, осол авааргүй ажиллуулах нь барилга бариулж байгаа байгууллагын үүрэг. Манай залуучууд ихэвчлэн зуны улиралд барилга дээр ажиллаж хэдэн төгрөг олчихоод, орхиод явчихдаг. Цаашдаа бол ингэмээргүй байгаа юм. Тэд барилгын мэргэжилтэй болохыг чармайх хэрэгтэй. Үүнийг дэмжихийн тулд удахгүй мэргэжилгүй ажилчдыг барилгын талбай дээр мэргэжил сургавал үнэмлэх олгодог системийг нэвтрүүлэх гэж байгаа.

-Хэдийгээр барилгын салбарт боловсон хүчин дутмаг байгаа ч хятадын ажилчдыг оруулж ирж ажиллуулахыг олон хүн дургүйцдэг. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Орон сууцны эрэлт их байна. Барилгын салбарт ажиллах хүчний хомсдол бол бий. Энэ орон зайг хятад ажилчид нөхөж байна. Гэхдээ одоогийн байдлаас харч байхад хятад ажилчид барилгын салбарт монголчуудын зүрхшээгээд зугтаагаад байгаа хүнд ажлууд хийж байна. Хятад ажилчдыг болиулаад дан монголчуудаа ажиллуулна гэхээр болохгүй байна. Ер нь цаашдаа жилдээ 10 орчим мянган монгол залуучууд барилгын мэргэжил эзэмшээд барилгын салбарт ажиллавал хятад ажилчдын тоо цөөрөх нь гарцаагүй. Монголын барилгачдыг олшруулахын тулд төр засгаас олон арга хэмжээ авч байна. Жишээлбэл Хөдөлмөр, халамжийн үйлчилгээнийн газраас хятад ажилчин оруулж ирсэн компани болгоноос нэг хүний сарын 250 мянган төгрөг авдаг. Эндээс хуримтлагдсан тэрбумаар тоологдох их мөнгийг эргээд монгол залуучуудаа мэргэжилтэй болгоход зарцуулдаг. Залуучуудыг сард 480 мянган төгрөгөөр цалинжуулж барилгачин болгож байна. Сар болгон 50 мянган төгрөгийн хоол, ундны мөнгө өгч байна. Энэ бол төрөөс аль болохоор л залуучуудыг мэргэжилтэй болгохыг зорьж байгаагын нэг илрэл шүү дээ. Товчхондоо, гадаад ажилчдыг оруулж ирэхэд татсан мөнгөөрөө монгол ажилчнаа бэлтгэж байна.

БАРИЛГАЧИН ЗАЛУУСАА НИСГЭСЭЭР БАЙХ УУ?

Монголын барилгачдын ид ажлын үе болж байна. Өвөлдөө хасах 40 хэм хүрдэг Монголд оронд барилгын ажил улирлын чанартай. Тиймээс ч барилгачид өдөр шөнөгүй ажиллаж богино хугацаанд хэдэн төгрөг хийхээр чармайж байна.

Улаанбаатар хотод хаа сайгүй л байшин барилга баригдана. Хэрэв та жаахан анхааралтай ажих юм бол өндөр өндөр барилга дээр ямар ч хамгаалалтын хэрэгсэлгүй ажиллах залуучуудыг харах л байх. Ямар ч уяа бэхлээсгүй өндөр барилга дээр ажиллах эдгээр залуусыг харахад нэгэн бодлын бахармаар, нөгөө бодлын хайхрамж, хэнэггүйд нь гайхмаар.

Энэ нэгэн бодлын баатарлаг, нэгэн бодлын хэнэггүй залуучууд маань өөрсдийгөө Монголын хамгийн их осол гардаг салбарын нэгт ажиллаж байгаагаа ухаарахгүй л байх шнг. Монголын барилгын салбар, уул уурхайн салбар хоёрт хамгийн их осол аваар гардаг гэж мэргэжилтнүүд хэлдэг билээ. Үүний баталгааг баригдаж байгаа барилгуудыг гаднаас хэсэг харахад л хангалттай олж чадна. Хөдөлмөрийн аюулгүй байдалд хяналт тавьдаг газрууд заавал дарга цэрэгтэй нь уулзаж тэдний шалгалгүй, нууцаар холоос ажихад л хангалттай баталгааг олох боломжтой. Ийм ажлын арга барилыг түргэн хэрэглмээр байгаа юм. Хэрэв тэгвэл сайхан залуучуудаа барилга дээрээс нисч унахыг багасгах болно.
Сүүлийн үед барилгын салбарт гарах осол гэмтэл эрс нэмэгджээ. 2009-2010 оны хооронд үйлдвэрийн осол эрс буурсан ч энэ нь сүүлийн үед эргээд нэмэгдсэн байна. 2009-2010 оны хооронд барилгын салбарт осол буурсан нь сайндаа ч биш, харин эдийн засгийн хямралаас болж барилга байшин бага баригдсантай холбоотой гэж мэргэжилтнүүд үздэг. Тэгэхээр Засгийн газрын хэрэгжүүлж буй “100 мянган айлын орон сууц” төсөл ид эрчээ авбал яахыг бүү мэд. Барилгын салбарынхан 2010 онд УИХ “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “100 мянган айлын орон сууц” төсөл батлахад яаж хамрагдах уу хэмээн нэг нэгнээсээ уралдан зүтгэж байсан болохоос барилгачдын аюулгүй байдал, хөдөлмөр хамгаалалтын талаар дурдсан нь маш цөөхөн.

Ер нь зөвхөн Улаанбаатар хотод баригдаж байгаа барилга, хот тохижуулалтын ажлыг гүйцэтгэж байгаа байдлыг харахад л хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм журмыг мөрдөж байгаа нь харагдахгүй юм. Зориулалтын хувцас хунаргүй, мэргэжлийн багаж хэрэгсэлгүй бараг нүцгэн гараараа хүнд хүчир ажлыг монгол ажилчид хийцгээдэг.

Өнгөрсөн 3 жилд барилгын салбарт 219 үйлдвэрийн осол бүртгэгдэж 256 хүн осолд орсноос 96 хүн амь насаа алдаж, 103 хүн хүнд, 57 хүн хөнгөн зэргийн гэмтэл авчээ. Энэ тоог үүнээс ч их гарна гэж үздэг хүмүүс бий. Тэдний хэлж буйгаар цагийн ажил хийж, хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүмүүс гэмтэж бэртснээ тэр мэдэгдээд байдаггүй ажээ. Нээрээ ч үнэн байх. Саяхан нэг танил маань цагийн ажил хийж байгаад 2 давхар дээрээс унасан гэнэ лээ. Гэхдээ “Эмнэлэгээр явалгүй. Зүгээр л орхисон” гэж байсан. Түүнд аз таарсан ч байж магадгүй, үгүй ч байж магадгүй. Өөрт нь мэдэгдэхгүй байж байгаад авсан гэмтэл нь хожим илрэхийг хэн мэдлээ. Хөдөлмөрийн харилцаа өндөр хөгжсөн газар ажлын байран дээрээ хальтараад уначихад ч том асуудал болгодог.

2010 оны гарсан ослын шалтгаанаас авч үзвэл 54.7 хувь нь уналт, нуралтаас, 21.4 хувь нь аюулгүй ажиллагааны арга барилд суралцаагүй зэрэг шалтгаанаас гарсан байна.
Өнгөрсөн хавар барилгын салбарынхан Ерөнхий сайдтай уулзаж байхад барилгын салбарт үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй 1548 аж ахуйн нэгж бий. Харин “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “100 мянган айлын орон сууц” төсөл хэрэгжихээр 54600 гаруй ажлын байр бий болно гэж ярьцгааж байсан. Эндээс л барилгын салбарт боловсон хүчнээ бэлтгэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад илүү анхаарах нь хэр чухал болох нь харагдана.

“Барилгын салбарт хамгийн санаа зовоож байгаа асуудал бол хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдахгүй байгаа байдал. Аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал өнөөгийн шаардлагаас хоцорч байгаа. Барилгын салбарт гарч байгаа осол уул уурхайн салбарт гарч байгаа осолтой нэг хэмжээнд байна” гэж Монголын Барилгачдын Үйлдвэрчний Эвлэлүүдийн Холбооны дарга Б.Батцогт хэлж байсан юм.

Өнөөгийн манай мөрдөж буй хөдөлмөр хамгааллын стандартууд хоцрогдсон тул шинэчлэх хэрэгтэй. Олон улсын мөрдөж буй стандартуудыг Монголд нэвтрүүлэх нь чухал болохыг Б.Батцогт онцолж байлаа. “Аюулгүй ажиллагааны дүрэм журмаа мөрддөг гайгүй сайн компаниуд бий. Гэвч ихэнх компаниуд аюулгүй ажиллагааны дүрэм журмыг сайн сахин биелүүлэхгүй байгаа” гэж тэр хэлсэн. Түүнийхээр бол хамгийн гол нь ажил олгогч эзэд хариуцлагаа маш сайн ухамсарлаж хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн хуулийг чандлан мөрдөн, ажилчиддаа ч хууль дүрмийг мөрдөхөд нь хяналт тавих хэрэгтэй аж.

Барилгын салбарын хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулж, мэргэжлийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, барилгачдын идэвх, санаачлагыг дэмжин ослын тэглэх зорилгоор МБҮЭХ “Өндөр бүтээмжтэй, үйлдвэрлэлийн осолгүй ажиллацгаая” сэдэвт 3 сарын аяныг энэ сарын 26-аас эхлүүлэх ажээ.

Энэ аянаар уулзалт, үзлэг шалгалт, сургалт, сурталчилгаа хийж, ҮЭ-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орон тооны бус итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг чадваржуулах гарын авлага боловсруулах зэрэг ажлуудыг зохион байгуулах юм байна.

Ирээдүйд баригдах олон олон барилга монголын барилгачдын гараар сүндэрлэнэ босох нь гарцаагүй. Гэхдээ их бүтээн байгуулалтын золиос болж байгаа мэт барилгачин залуус маань өндөр дээрээс нисч унасаар байвал ямар олигтой байх билээ. Тиймээс барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлыг асуудал бол жижиг биш том асуудлаа.

МОНГОЛ НҮҮРС ИХТЭЙ Ч БАЙГАЛИЙН ХИЙГ АШИГЛАХ ХҮСЭЛТЭЙ

Өнгөрсөн 3 дугаар сард газар хөдлөлтөөс болж Японы Фукушима атомын цахилгаан станцад осол гарснаас болж дэлхийн дахинд атомын эрчим хүчнийг ашиглах талаар нэлээн маргаан үүссэн. Герман, Итали, Швейцарь, Тайланд, Филиппин, Венезуела гэх зэрэг улс орнууд ирээдүйд атомын эрчим хүчийг ашиглахаас татгалзаад байна. Герман Улс 2022 он гэхэд одоо ашиглаж байгаа 17 АЦС-аа хаахаар шийдвэр гаргасан. Тайланд, Филиппин хоёр газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог тул барьж буй АЦС-уудаа зогсоосон билээ. Мөн манай өмнөд хөрш Хятад Улс шинээр АЦС барих төслүүдээ түр зогсоожээ.

Ийм нөхцөл байдалд дэлхийн томоохон гүрнүүд эрчим хүчний хомсдолыг зөвхөн нүүрс, газрын тосоор биш мөн байгалийн хий болон шингэрүүлсэн хийн түлшээр нөхөх бодлогыг тууштай хэрэгжүүлж байна. Японд гэхэд л Фукушима атомын цахилгаан станц гарсан ослоос бол 10 сая гаруй мегаватт цөмийн эрчим хүчээ алдсан тул дор хаяж 10 сая шингэрүүлсэн байгалийн хий хэрэгтэй байгаа аж.

Байгалийн хий бол цөмийн эрчим хүчтэй адил нүүрс шиг утаа гаргадаггүй. Гэхдээ хамгийн байгаль орчинд ээлтэй, нүүрстөрөгчийн давхар исэл бага ялгаруулдаг, бас хямд үнэтэй эрчим хүчний их үүсвэр юм. Манай улсын хувьд бол одоогийн байдлаар байгалийн хийн орд илрээгүй, байгалийн хийг ашигладаггүй. Гэхдээ ирээдүйд ирээдүйд ашиглахыг үгүйсгэхгүй. Тийм ч болохоор “Зүүн Хойд Азийн байгалийн хийн болон дамжуулах хийн хоолой форум”-ын 12 дахь чуулганыг Улаанбаатар зохион байгууллаа.

Байгалийн хий их хэрэглэдэг, олборлодог Орос, Хятад, Өмнөд Солонгос, Япон зэрэг улсууд Улаанбаатар хотод 3 хоног чуулав. 1997 онд байгуулагдсан “Зүүн Хойд Азийн байгалийн хийн болон дамжуулах хийн хоолой форум” –ыг анх үүссэн байгуулагдсан цагаас нь манай улс хойш идэвхтэй оролцож ирсэн.

Зүүн Хойд Азийн улс орнуудын эрчим хүчний хэрэглээнд байгалийн хийн эзлэх хувь өссөөр байна. Энэ хандлага цаашдаа ч буурахгүй. Жишээлбэл, Хятадын байгалийн хийн хэрэглээ улам өсөж байна. Хятадын байгалийн хийн хэрэгцээ 2000 онд 24 тэрбум метр куб байсан бол 2010 онд 106 тэрбум метр куб болж, жилд дунжаар 15.5 хувиар өссөн. 2015 онд энэ хэмжээ багаар бодоход 230 тэрбум метр куб, 2020 онд 500 тэрбум метр куб, 2030 онд 500 метр куб болно гэсэн таамаг бий. Товчхондоо Хятадад байгалийн хийг хэрэглээ улам нэмэгдэнэ. Одоогоор Хятад Улс байгалийн хий болон шингэрүүлсэн байгалийн хийг Австрали, Малази, Индонези, Катар, Орос, Туркмен гэх мэт улсуудаас импортолж байна. 2009 онд Төв Азийн улсуудаас байгалийн хийг дамжуулах хоолойгоор авах болсон нь өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг харуулж байна гэж чуулга уулзалтад оролцсон хятадын төлөөлөгч хэлж байлаа.

Манай улсын хувьд ч сүүлийн жилүүдэд хийн түлшний хэрэглээ нэмэгдсэн. Жилдээ 20 мянга орчим шингэрүүлсэн хийн түлшийг бид хэрэглэж байна. Гэхдээ хэрэв хойд хөршөөс умарт хөрш рүү татах дамжуулах хоолойг нутаг дэвсгэр дээгүүрээ гаргавал монголчууд байгалийн хийг өргөн хэрэглэж боломжтой гэж манай мэргэжилтнүүд үзэж байна.

Хэрэв Оросоос Хятад руу дамжуулах байгалийн хийг дамжуулах хоолойг Монголын нутаг дэвсгэр дээгүүр гаргавал эдийн засгийн хувьд Монголд төдийгүй тухайн улс орнууддаа ч ашигтай гэж Монголын Үндэсний эрчмийн аж үйлдвэрийн хөгжлийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Г.Ёндонгомбо чуулганы үеэр хэлсэн. Хэрэв тэгсэн цагт Монголын эрчим хүчний үнэ хямдрах магадлалтай аж.
Оросын Зүүн Сибирьт орших Ковыктагийн байгалийн хийн ордоос Хятад руу байгалийн хий дамжуулах хоолой олон жил яригдаж байгаа. 1987 онд нээсэн тус ордоос олборлох байгалийн хийг Хятад, Өмнөд Солонгос авахаар 2000 онд гэрээ хийсэн. Гэхдээ 2017он хүртэл Ковыктагийн ордыг ашиглахгүй гэж оросууд мэдэгдэж байсан. Харин одоо энэ хугацаа наашилсан гэдгийг Газрын тосны газрын орлогч дарга Ц.Амраа чуулга уулзалтын үеэр хэлсэн. Ковыктагийн байгалийн хийн орд Монголд хамгийн ойрхон тул аль талаас нь бодсон зардал мөнгөний хувьд Монголоор дайруулах нь хамаагүй хямд байх болно гэдгийг тэрбээр бас дурдсан. “Чухам яагаад нүүрсний их нөөцтэй манай улс заавал байгалийн хийг дамжуулах хоолойг нутаг дэвсгэр дээгүүрээ дамжуулахыг зорьж байна вэ?” гэж асуухад нэгдүгээрт хямд, хоёрдугаарт байгаль орчинд бага сөрөг үр дагавартай, ядахнаа Улаанбаатарын утааг багасгахад их хувь нэмэр оруулна гэж хариулсан юм.

Ер нь бол улс орныхоо эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлэх их ашигтай гэдгийг чуулга уулзалтад оролцсон олон хүн ярьж байсан. Ийм нэг эх үүсвэрийн нэг нь нүүрсний давхаргын метаны хий юм. Манай улс 43 их наяд метр куб нүүрсний давхаргын метан хийн нөөцтэй байх магадлалтайг 2008 онд АНУ-ын “Метан хийн түншлэл” гэдэг байгууллага тогтоосон байна. Энэ талаар Г.Ёндонгомбо хэлэхдээ, “Энэ бол онолын түвшинд гаргасан тооцоо. Австралийн хэдэн компани энэ намраас нүүрсний давхаргын метаны хайгуулын ажлыг хийнэ. Өрөмдлөгө хийж нөөцийг тогтооно” гэв.

Мөн ЭБЭХ-ний сайд Д.Зоригт чуулга уулзалтад тавьсан илтгэлдээ 2009 онд Налайхын нүүрсний уурхайгаас 40 сая метр куб нүүрсний давхаргын метаны хий ашиглагдахгүй үрэгдсэнийг австралийн “Лунагаз” компани тогтоосон гэж хэлж байлаа. Ямартаа ч нүүрсний баялагтай манай улс эрчим хүчний бас ондоо эх үүсвэрүүд болох байгалийн хий, нүүрсний давхаргын метаны хийг ашиглах сонирхолтой байна.