Saturday, 21 May 2011

ГАЗАР ӨГЧИХ, АЖИЛ ХИЙЕ

Хогийн цэгт хог самрах баадайсан хар хүмүүсийг та бишгүй дээ л хараа биз. Гялгар уутанд багласан хогийг задалж, хэрэгтэй зүйлсээ түүх тэднийг ажил хийж явна гэж та боддог уу. Эсвэл ажилгүй гуйлгачид хог салхинд хийсгэж, өмхий самхай үнэртүүллээ гэж жигшдэг үү? Мэдээж Улаанбаатарын ихэнх орон сууцны хогийн цэг гадаа байдаг болохоор хог самран, салхинд хийсгэх таатай биш. Гэхдээ архичин, гуйлгачин ч гэсэн амьдрахын тулд хөл гараа хөдөлгөх хэрэгтэй зах зээлийн нийгэмд хог түүнэ гэдэг бас л ажил.

Хогийн цэгээс түүсэн архи ундааны шил, пивоны лааз, үсний шампуниас авахуулаад биеийн тосны хуванцар сав, гялгар уут гэх мэт дахин боловсрогдох хоёрдогч түүхий эдийг түүж, эдийн засгийн эргэлтэд оруулж байгаа, бидний нэрлэж заншсан “гудамжны хүмүүс” бол байгаль дэлхийдээ ээлтэй ногоон эдийн засгийн бий болгож байгаа “анхны пионерууд” юм. (Зарим нь түүсэн хуванцраа гэртээ түлдгийг эс тооцвол.) Тэдний хүч хөдөлмөрөөр “олборлосон” түүхий эд чухам нийт хэчнээн төгрөгийн хэмжээнд эргэлдэж буйг
тооцоолж гаргасан тооцоо манай улсад байхгүй болохоор хэлэхэд хэцүү юм.

Ямартаа ч, зөвхөн эх орны ч биш мөн урд хөршийн үйлдвэрүүд монголын хог дээрээс түүсэн түүхий эдийг ашигладаг. Дахин боловсруулах үйлдвэрүүдээс гадна архи, ундаа гэх мэт хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрүүд ч үүнд багтах билээ.

Тиймээс хэрэв бид хогоо ялгаж, салгаж хаяж сурвал хог дээрээс түүхий эд түүдэг хүмүүсийн хөдөлмөр хөнгөрнө. Хотын соёл ч дээшилнэ. Тэгэхийн тулд юуны түрүүнд дахиж ашиглаж болох хогоо тустай хаядаг болмоор байна.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилд шинээр ажлын байр бий болгох гэж Засгийн газар толгойгоо гашилгаж байгаа боловч амьдралын шаардлагаар аль хэдийн бий болсон “ажил хөдөлмөрийг” дэмжих бүтээлч сэтгэлгээ бас дутаж байна.

Үүний жишээ бол О.Цэрэндолгор гэдэг, 41 настай, таван хүүхэдтэй бүсгүйд учирсан бэрхшээл. Тэрээр Баянгол дүүргийн 10 дугаар хорооллын Эрдмийн өргөө цогцолбор ерөнхий боловсролын сургуулийн хашааны хажууханд байрлах хоёрдогч түүхий эд худалдаж авах цэг ажиллуулдаг байсан. Ажиллуулдаг байсан гэдэг нь үйл ажиллагаа нь зогссон гэсэн үг биш. Одоо ч ажиллуулж байгаа. Харин өмнөхөөсөө ялгаатай
нь ил газар ажлаа хийдэг. Учир нь хэд хоногийн өмнө дүүргийнхээ газрын албанд хоёр контейнераа хураалгасан. Тиймээс тэр худалдаж авсан “бараагаа” манаад шөнө гэртээ харилгүй гадаа хонож байна.

Нэг зүйлийг тодруулж хэлэхэд Цэрэндолгор хоёр контейнер хураалгасанд хэн нэгэн албан тушаалтныг энд буруутгах гэсэнгүй. Цэрэндолгорын хэлснээр бол газрын зөвшөөрөлгүй байсан тул хураажээ. Гэхдээ нэг ч гэсэн иргэн өөрөө өөртөө ажлын байр бий болгоод, бусдыг ч тэжээгээд, байнгын үйлчлүүлэгчтэй болж, бизнесээ хөл дээр нь босгочихсон байхад нь очоод нураагаад байвал Засгийн газрын тавьсан зорилт биелэгдэх үү? Уг нь Засгийн газар энэ жилийг ажил хөдөлмөр эрхэлж, амьдралаа дээшлүүлье гэсэн иргэдэд хамгийн ээлтэй жил гэж зарлаад байгаа билээ. Тиймээс ажил хийе гэсэн Цэрэндолгор шиг эрмэлзэлтэй хүмүүст жинхэнэ утгаар нь туслах хэрэгтэй. Тэгэхийн тулд тэдний санал хүсэлтийг сонсох шаардлагатай.

Цэрэндолгорын хувьд үнэхээр гомдолтой байна лээ. Тэрээр долоон жил нэг газраа ажиллаж, өөрийнхөө бизнесийг босгожээ. Тэгээд саяхан “Болдцэрэн” ХХК байгуулж 4 дүгээр сарын 28-нд тамга тэмдгээ авчихаад “татвар матвараа төлж, ном журмаар нь явъя гэж бодтол хоёр сайхан контейнерийг нь” хураагаад авчихжээ. Тэрээр компаниа байгуулахаас өмнө сар болгоно 10 мянган төгрөгийн татвар төлдөг байсан гэнэ. Компаниа байгуулаад бүр ч их мөнгө татварт төлөх гэж байжээ.

“Аягүй мундаг компанийн захирал махирал болоод тамга тэмдгээ авчихлаа гэсэн чинь ийм юм болчихлоо. Хар л даа. Гэхдээ гутрахгүй ээ. Надад алга дарам газар л хэрэгтэй. Би эндээс явахгүй. Яаж амьдралынхаа төлөө зүтгэж байгааг харуулна. Би ингэж л амьдрахгүй бол өөр юу хийх юм бэ? Би хоёр оюутан хүүхэдтэй. Жилийн сая таван гаруй төгрөг төлдөг. Одоо гурав дахь нь оюутан болно. Тэдэндээ хөрөнгө оруулалт хийж, сургууль төгсгөнө. Миний гол зорилго бол энэ. Миний хэдэн хүүхэд сургууль төгсөж ажлын байртай болчихвол миний хөдөлмөрийн үр дүн гарна” гэж Цэрэндолгор эрс шийдэмгий хэлж байлаа.

Тэрээр 2003 онд Төв аймгаас нийслэл хотод орж ирээд 10 дугаар хорооллын нэг орон сууцны жижүүр болжээ. Түүнээс хойш бага багаар хоёрдогч түүхий эд худалдаж аваад цааш нь дамжуулж зарсаар бизнесээ босгосон байна. “Би хэнээс ч юм гуйгаагүй. Энэ бизнесээ өөрөө босгосон. Олон газартай гэрээтэй ажилладаг. Тэд өөрсдөө ирээд хэрэгтэй бараагаа худалдаж аваад явдаг. Энэ бүгдийг би өөрөө босгосон. Би таван хүүхэдтэй хүн. Хоёр нь оюутан. Нэг охин маань хөгжлийн бэрхшээлтэй, сургууль сурдаг. Бид подваль түрээсэлж амьдардаг. Тэгэхдээ хүний доор ороогүй ээ. Хүнээс юу ч гуйгаагүй. Манай нөхрийг Болдбаатар гэдэг бие муутай. Өдрийн ажил даахгүй тул би өөрөө л зогсдог. Төр засгаас миний таван хүүхдийг тэжээхгүй шүү дээ.”

Хан-Уул дүүрэгт нэг газар түүнд санал болгож. Даанч тэр нь хэтэрхий хол тул үйлчлүүлэгчдээ алдах учир тэрээр зөвшөөрөөгүй. Мөн хороон дарга нь чадах ядахаараа дэмжиж Гэмтлийн эмнэлгийн ойролцоо нэг газар олсон боловч бас л газрын зөвшөөрөлгүй тул шууд нүүгээд очих боломжгүй байжээ. Энэ талаар тэр хэлэхдээ “Хороон дарга маань хөөрхий чадах ядахаараа л тусалдаг. Даанч мэдэл нь хүрэхгүй юм. Баянгол дүүргийн газрын албаныхан болохоор тийм ч даргатай уулз, ийм ч даргатай уулз гэх юм. Би Баянгол дүүргийн Засаг дарга Амгалантай хоёр удаа уулзах гэж үзсэн. Өргөдөл бичээд ир гэнэ. Ерөөсөө гурав дахь өдөр л уулздаг гэнэ. Гэтэл тэгж ажлаа алдаж, нааш цааш явж чадахгүй юм. Зав алга. Минут тутам надад алт байдаг” гэв.

Хэрэв сургуулийн хажууд байж болдоггүй юм бол ядахнаа Гэмтлийн эмнэлгийн хавьцаа газартай болохыг тэр хүсч байна. Энэ ч бас аргагүй юм. Огт мэдэхгүй шинэ газар очвол байнгын үйлчлүүлэгчдээсээ холдож, эрсдэл ихтэй байх болно. “Биднийг бас 61-ийн гарам руу нүүлгэнэ гэнэ. 61-ийн гарам гэж хаа байдаг юм. Бүү мэд. Тэр лүү чинь хүн хоёр шил өгөх гээд явж байх юм уу. Биднийг өнөөдөр нүүлгэлээ гэхэд энэ байрны жижүүрүүд шилээ бариад хаачих юм. Нэг өдрийн хоолны мөнгөө хаанаас олох юм. Энэ засаг төр, дарга нар биднийг яаж хөдөлмөрлөж мөнгө олж байгааг нэг хараасай. Удахгүй 6 настай хүү маань энд сургууль явна. Энэ хавьд л газартай болмоор байна. Үгүй яах вэ? Сургуулийн хажууд байж болохгүй бол орой хавьцаа л баймаар байна. Гэтэл танай контейнерийг л авахгүй бол Баянгол дүүрэг муухай болчих гээд байна. Хэрэв авчихвал сайхан болчихно гэсээр манай контейнерийг авсан гэтэл дээрдсэн юм хаа байна” гэж тэр бас хэлсэн.

Цэрэндолгорын хоёр контейнерийг Баянгол дүүргийн газрын алба хураагаад журмын хашаанд тавьсан гэнэ. Энд бас нэг зүйлийг дурдах нь зүйтэй байх. Баянгол дүүргийн газрын алба зөвхөн Цэрэндолгорын контейнерийг нүүлгэсэн юм биш. Харин тэр хавийн бүх машины гараашийг нүүлгэж газрыг нь чөлөөлөх төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ одоогийн байдлаар зөвхөн Цэрэндолгорын контейнерийг нүүлгэсэн. Ер нь зөвхөн гарааш нүүлгэх нэг хэрэг, харин амьдралаа дээшлүүлэхийн тулд ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн ажлын байрыг нүүлгэх бас өөр хэрэг билээ. Хэрэв үнэхээр одоо байгаа газраа байж болохгүй бол ойр хавьд өөр газар олгож болохгүй гэж үү. Үүнийг түргэн шийдээд өгвөл нэг ч гэсэн хүн ажлын байраа хадгалж, нийгэмдээ тус үзүүлсээр л байх болно шүү дээ.

Цэрэндолгорын хоёрдогч түүхий эдийн цэгийг нүүлгэснээр ганцхан тэр ч хохирч байгаа юм биш мөн шил тушааж хоол хүнсээ авахад мөнгө нэмэрлэдэг тэр хавийн олон хүн хохирч байгаа. “Ганцхан хог түүдэг хүмүүс ч биш. Энэ хавийн бүх хүн шил тушаадаг. Байрны жижүүрүүд бол байнгын үйлчлүүлэгчид. Тиймээс манайхыг буулаа гэхэд өчнөөн хүн хохирно” гэж тэр ярьсан. Түүний хэлсэн ч үнэн.

“Болдцэрэн” ХХК-ны хоёрдогч түүхий эдийн худалдаа эрхэлдэг цэг үнэхээр олон хүнийг хоолтой залгуулдаг гэж хэлж болно. Хог түүдэг хүмүүс гэж бидний муу үздэг хүмүүс энд л түүснээ борлуулж, олсон хэдээрээ бор ходоодоо борлуулж байгаа. Нэгэнт л бид хог түүдэг хүмүүсийг алга болгож чадахгүй учраас “Болдцэрэн” ХХК шиг хоёрдогч түүхий эдийн худалдаа эрхэлдэг газруудыг дэмжиж улам боловсронгуй болоход нь туслах хэрэгтэй.

Чухам хэдэн төгрөгөөр авч хэдэн төгрөгөөр зардгыг нь асуухад Цэрэндолгор “Манайх ус, ундааны хуванцар савыг ширхэг нь 10 төгрөг, кг-ыг нь 500 төгрөгөөр авдаг. Боргио шилийг 20 төгрөгөөр авдаг. Ерөөгийн шилийг бол 50 төгрөгөөр авч 60 төгрөгөөр зардаг. Би АПУ болон бусад үйлдвэртэй албан ёсны гэрээтэй. Өөрөө аваачиж өгдөггүй. Тэд ирээд аваад явчихдаг. Пивоны лаазыг бол ширхэг нь 10 төгрөгөөр аваад, зарахдаа кг-ыг нь 500-600 төгрөгөөр өгнө” гэж хариулав. Эднийх мөн гялгар уут, янз бүрийн хуванцар сав авдаг юм байна.

Хуванцар савыг Монголд бутлаад, урагшаа Хятад руу гаргадаг компаниудад тушаадаг ажээ. Мөн “зарим барааны сезон” гэж байдаг гэнэ. Жишээлбэл бидний нэрлэж заншсан “варений шил” намар цагт их хэрэгцээтэй болж сангийн аж ахуйнуудаас хүртэл хүмүүс ирж авдаг гэнэ. Тэр утгаараа ч монголчууд бид дахин хэрэглэж болох шил, сав суулгыг огт хайхрамжгүй бусад хогтойгоо хаяж болохгүй юм. Магадгүй та хог дээрээс түүсэн шилнээс “Өег салад”-аа идэж ч байгаа юм билүү. Тиймээс бид хогоо ялгаж салгаж хаяж сурвал хэн хэндээ тусдаа…

Өглөө 9 цагт онгойж, орой 7 цагт ихэвчлэн хаадаг байсан “Болдцэрэн” ХХК-ийн хоёрдогч түүхий эдийн цэг одоо өдөржин, шөнөжин ажиллаж байна. Нуувчнаас цухуйх цэргүүд шиг олон шуудайтай “барааныхаа” цаанаас харагдах Болдбаатар, Цэрэндолгор хоёр тийм ч найдвартай хамгаалалт хийсэн мэт санагдсангүй. Гэхдээ “Болдцэрэн” ХХК дөнгөж мэндлээд л сүйрэх ёсгүй. Хэрэв тэгвэл Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил гэж 2011 оныг зарлах шаардлага байна уу. Тиймээс бүх юм сайхан болно гэж найдаад Цэрэндолгорын нөхөр Болдбаатарын хэлсэн “Амьдралыг дагаж биш сөрнө” гэсэн үгээр үүнийг дуусгая.

Thursday, 19 May 2011

БҮТЭЭНЭ, БОСГОНО Л ГЭХ ЮМ...

Инфляцитай ч эдийн засаг маань өсч бид их бардам, итгэлтэй болж байна. Хавар болоод тэгсэн үү? Эсвэл сонгууль ойртсон уу. Ямартаа ч бүтээнэ, босгоно, байгуулна гэсэн үгс хаа сайгүй сонсогдоно. Амны бэлгээс ашдын бэлгэ гэдэг тул болж бүтэх ажил үйлсийн тухай сонсох таатай. Заримдаа Сүхбаатарын талбайгаас цуурайтах жагсаал цуглаанаас ч таатай...

Гэхдээ нэг зүйлийг бид умартаад байна. “Бид бүгдийг бүтээнэ! Бид бүгдийг сөнөөнө!” гэдэг Хар сарнай хамтлагын дуу шиг монголчууд бүтээдэг, бас сөнөөдөг л болжээ. Ерөөсөө энэ бол монголчуудын өвөрмөц онцлог байж мэднэ. Бүр манай жинхэнэ “бренд” гэж томъёолмоор ч санагдах юм. Өнөөгийн бидний “жинхэнэ бренд” бол “бүтээнэ, сөнөөнө”. Өнөөгийн шүү! Өвөг дээдэсдээ муугаа нялаад яах вэ. Тийм ээ?

Яагаад гэвэл эдийн засгийн ухаанаар бодоход бүтээгээд л сөнөөгөөд байх бол магтахаар сайн үйлс лав биш. Магадгүй тендерт оролцож, төслөөр хувьдаа хөрөнгө босгох нэгэнд нь бүтээгээд л сөнөөх ашигтай байж мэднэ. Бүтээлээ гэж мөнгө олно. Харин сөнөхөд нь мөнгө зарлагадахгүй, тэр бүү хэл дахиад бүтээгээд л, дахиад мөнгө босгоно. Үүний нэг жишээ бол мод тарих. Хавар мод тарина. Дараагийн хавар дахиж мод тарина. Дараагийн, дараагийн хавар дахиж мод тарина. Дараагийн, дараагийн, дараагийн...хавартаа дахиж мод тарьсаар л өдийд хүрсэн түүхтэй шүү дээ, бид чинь.

Өчигдөр Үндэсний телевизээр 1960-д онд Ю.Цэдэнбал агсан субботник хийж, мод тарьж байгаа нь гарлаа. Тэр сурвалжлагаар бол бид өнгөрсөн зууны тавиад оноос л мод тарьж, нийслэл хотоо чимэглэсэн байна. Гэхдээ өнөөгийн өндөрлөгөөс харахад гавьсангүй. Жил бүр бид нэг газартаа л мод тариад байж л дээ. Тэгэхээр бид тун бол олон модыг “гомдоосон” болж тарлаа. Харин одоо олон хүн үүнийг ухамсарлаад мод тариад, дараа нь арчлах шаардлагатай гэцгээж байна... Гэхдээ л дараа жил дахиад бахь байдгаараа л байна.

Учир нь зөвхөн мод ч биш ерөөсөө л бидний эргэн тойрон дахь бүх зүйлст арчилгаа дутаж байна. Байгаль орчин, гудамж, талбай, барилга гээд... Магадгүй баяжихаараа л бүх зүйлийг засч янзалж, арчилж торддог болох байх л даа. Гэвч юу л бол...

Яагаад гэвэл бидэнд их өвөрмөц гени бий. Нийслэлийн оршин суугчдыг харч байхад энэ генийг анзаарахгүй байхын аргагүй. Хэрэв саран дээр хүн төрлөхтөн амьдарвал монгол хүн хамгийн ганган, хамгийн ямбатай, хамгийн дэгжин, хамгийн эрхэмсэг нь байх болно. (Улаанбаатарт “сургууль” хийсний хэрэг юу билээ.) Эргэн тойрон нь бохирдоод, хүн амьдрахын аргагүй нөхцөлд монгол хүн хамгийн бардам, хамгийн эрхэмсэг байж чадна. Энэ бол яах аргагүй, тэнгэр заяатай холбоотой. Газар дээр ямар байх нь хамаагүй. Та тархиндаа л өөрийгөө хаан, хатан гэж бодсон бол болох нь тэр. Тэгсэн цагт хүн амьдарч буй орчин тойрноо анзааралгүй, тэнгэрийн амьтан болно. Тэнгэрийн амьтан болчихсон цагт ямар ч өмхий орчинд эрхэмсэг оршиж чадна.

Саяхан нэг ТВ-ийн сувгаар манай нэртэй хөгжмийн зохиолч танхим дүүрэн оюутан сурагчдыг суулгаж байгаад монгол хүн ямар гайхамшигтай байгалиас заяасан ухаантай. Тэнгэрлэг заяатай. Байгальтай харилцах өвөрмөц авьяастай гэдгийг нотлон ярьж байсан. Түүний хэлсэнд итгэх юм бол өдийд бид дэлхийн хамгийн цэвэрхэн хотод амьдарч, хамгийн цэвэрхэн ус уудаг болж таараад байгаа юм. Тэгж бодож явах сайхан ч даанч уушиг маань “боддоггүй” нь харамсалтай. Бодит амьдрал бодсоноор маань байдаггүй нь гутамшигтай.

Үнэндээ байгаль орчин бохирдсонд бусдыг буруутгаад хэрэггүй. Мөн хөгжлөөс л боллоо гэх шаардлагагүй. Угаасаа л монголчууд амьдарч буй орчин, эргэн тойрноо тордож, янзалдаггүй. Үүнийг нь бурхан мэдээд биднийг цөөхөн тоотой ч байлгадаг байж мэднэ.

2010 онд БОАЖЯ нөхөн сэргээлт хийгээгүй 15 аймгийн 3984.46 га талбай газар эвдрэлд орж орхигдсон байгааг тогтоов. Энэ 3984.46 га талбайн 60 орчим хувь нь 340 аж ахуйн нэгж байгууллагын (ихэнх нь монголын компаниуд), үлдсэн нь гар аргаар ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагаанаас болж эвдэрч гэмтсэн байна. Эндээс харахад л монголчууд өөрсдөө байгаль орчноо сүйтгэж, сөнөөж буй нь илт. Хэрэв бид өөрсдөө байгаль орчноо хамгаалж, зөвхөн хамгаалж биш мөн зүй зохистой хэрэглэж, асарч тордож сурсан бол яалаа гэж гадаадынхан байгаль орчныг маань мөн сүйтгэх билээ. Тэд ч гэсэн бидний тогтоосон жишгийг дагах л байсан. Гэтэл усыг нь уувал ёсыг дагана гэдэг шиг монголчууд ямар байна, бид ч тийм байна гэсэн хандлага гадаадын зарим уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчдад бас байдаг бололтой. Үнэндээ, гудамжиндаа мод тариад, зүлэгжүүлээд, хүн алхахад таатай болгоод засч янзалж чаддаггүй хүмүүс яаж олигтой үлгэр дууриалал үзүүлэх билээ. Байгаль орчноо ч яаж хайрлах юм бэ. Байгаль дэлхийгээ шүтэж байна гээд уул овоо тахиж хог новшоор булаад орхичихдог хүмүүсийн хайр шиг дэмий юм хаа байна.

Хэрэв монголчууд цаашдаа энэ янзаараа бүтээн байгуулалт хийвэл улам л байгалиа сүйтгэж, хүн амьтан амьдрахын аргагүй болгох нь дамжиггүй. Тиймээс зөвхөн бүтээгээд орхичих биш бас арчилж, тордож, янзалж, сайжруулж хэвших нь чухал. Эс тэгвээс, бүтээнэ гэдэг маань сөнөөнө гэдэгтэй адилсах вий.

Tuesday, 17 May 2011

НИСДЭГ СҮРГИЙН ЭЗЭН

Нүүдэлчин гаралтай монголчууд зөгийн “сүргийг маллаж” эхлээд 60 жил ч болоогүй. Анх манай улс 1959 онд ОХУ-ын Буриадаас 20 бүл зөгий авчирч Шаамарт нутагшуулан зөгийн аж ахуйн үндэс суурийг тавьжээ. Социализмын үед хээрийн 20 гаруй газар 2000 гаруй бүл “нисдэг сүрэгтэй” болсон бөгөөд үүнээсээ жилд 400 гаруй бүл зөгий шинээр гаргаж, 10-18 тонн бал хураан авдаг байжээ.

Харин одоо зөгийн аж ахуйн салбарын ажил үйлсийг хувиар хөдөлмөр эрхлэгчид өдөөд нь татаж явна. Тэдний нэг нь “Лха-мөнх” зөгийн ферм юм. Эднийх Булган аймгийн Сэлэнгэ сумын Энхтолгой сангийн аж ахуйг түшиглэн үйл ажиллагаа явуулдаг. Тус зөгийн фермийн аж ахуйг эрхэлдэг Л.Мөнхбаяртай “Хоршоо – жижиг, дунд үйлдвэр – ажлын байр 2011” үзэсгэлэн худалдааны үеэр уулзаж ажил үйлсийг нь сонирхлоо.

-Та хэзээнээс эхэлж зөгийн аж ахуйг эрхлэв?
-Манай зөгийн аж ахуй үйл ажиллагаагаа эхлээд зургаан жил болж байна. Гэхдээ бүр социализмын үед манай аав Шаамараас зургаан бүл зөгий авч өөрийн сонирхлоор тэжээж байсан. Тэгэхээр 1992 оноос бид гэр бүлээрээ зөгий тэжээж өдий хүрлээ. Одоо манайх 250 бүл зөгийтэй. Карпат, итали гэсэн хоёр үүлдэр угсаатай зөгий тэжээдэг. Бид 3 дугаар сарын 20-хорьдоос зөгийнүүдээ өвөлжилтөөс гаргаад 4 дүгээр сарын эхээр буюу бургас гөлөглөх үеэс эхлэн зөгийнүүдээ балт ургамал дээр тавьж эхэлдэг юм. Тэгэхээр 4-9 дүгээр сар хүртэл Булган аймгийн Сэлэнгэ суманд үйл ажиллагаагаа явагддаг гэж ойлгож болно.

-Хэдэн хүн ажилладаг уу?
-Зөгийн аж ахуй улирлын чанартай учраас ид бал авах үед буюу 6 дугаар сарын 20-ноос 8 дугаар сарын 20 хүртэл гэрээгээр хүн нэмж ажиллуулдаг. Энэ үед балт ургамлууд хамгийн их ургаж, зөгийнүүд бал хураадаг ажилдаа ордог тул нэмэлт хүн хүч их хэрэгтэй болдог л доо. Ер нь бол бид үндсэндээ таван ажилтантай үйл ажиллагаа явуулдаг.

-Та түрүүн 4 дүгээр сард зөгийнүүдээ өвөлжилтөөс гаргадаг гэлээ. Тэгэхээр танай зөгийнүүд хаана өвөлждөг үү? Ер нь зөгийн аж ахуйн онцлог юу вэ?
-Манай зөгийнүүд Эрдэнэтэд өвөлжиж хаваржаад, оторлохдоо Булганы Сэлэнгэ суманд зун, намрыг өнгөрөөдөг. Манай бүх зөгийн бал тэнд ургадаг балт ургамлуудаас гардаг. Зөгийн аж ахуйн онцлог гэвэл маш их мэдлэг шаарддаг. Зарим талаар эрсдэлтэй ч гэж үздэг. Гэтэл зарим хүмүүс зөгийн аж ахуйг их энгийн, амар гэж төсөөлдөг л дөө. Зөгий худалдаж аваад уулын мухарт цэцэгтэй газар аваачаад тавьчихад л зөгийнүүд өөрсдөө балаа хурааж аваад балтай болчихно гэсэн ойлголттой хүмүүс их бий. Ингэж бодсон хүмүүс зөгийн ферм эрхлэх гэж байгаад бүтэлгүйтсэн тохиолдолд ч их гардаг. Энэ нь зөгий арчлах ажиллагаа асар их мэдлэг шаардагдана гэдгийг батлаад байгаа юм. Ерөөсөө зөгий арчлах бол тусдаа шинжлэх ухаан шүү дээ. Аливаа нэг асуудал үүслээ гэхэд шийдэх шийдэл нь таваас зургаан хувилбар байдаг юм.

-Хэдэн төрлийн зөгийн бал та нар гаргаж байна?
-Булганы Сэлэнгэ суманд их олон төрлийн балт ургамал ургадаг онцлогтой. Хамгийн наад захын жишээ нь монос, долоогоно, туплинцер, хөвөн толгойт гэх мэт олон төрлийн балт ургамал бол бий. Гэхдээ цэцэг болгон балт ургамал биш, цэцэг болгон бал гаргахгүй. Намар цагт манай нутагт гурвалжин будааг тариалдаг. Гурвалжин будаа маань өөрөө будаа болохоосоо өмнө цэцэглэдэг. Цэцэг нь балт ургамал юм. Бид жилийнхээ байдлаас шалтгаалаад 3-4 төрлийн зөгийн бал гаргаж байгаа.
Монос, долоогоно, туплинцер зэрэг олон төрлийн балт ургамлаас гардаг зөгийн балны нэг төрөл бий. Мөн хөвөн толгойд буюу иванчай гэж гадаадаар нэрлэдэг балт ургамлын бас нэг төрөл бий. Тэгээд донник, фацелия гэж (гадаадаар нэрлэдэг) балт ургамлуудын зөгийн бал бас нэг төрөл болно. Донник маань хоёр наст ургамал тул зарим жилд ургадаггүй. Харин манай хамгийн тэжээллэг бал бол гурвалжин будааны цэцгийн хар бал байгаа юм. Хамгийн эрдэс бодисоор баялаг бал тул гадаадынхан ч их хэрэглэдэг бал.

-Дөрвөн төрлийн бал дөрвөн өөр өнгөтэй байх уу?
-Өөр өөр өнгөтэй байна. Харин манай монголчууд зөгийн балыг ерөнхийд нь цайвар шаргал, цагаан байх ёстой ойлгодог л доо. Энэ бол хуучирсан ойлголт. Социализмын үед бол голцуу нэг төрлийн цэцэгнээс бал хурааж авдаг байсан учир тэр балт ургамлыг ялгаруулж байгаа амтат шүүс буюу зөгийн бал нь голцуу цайвар өнгөтэй байсан тул хүмүүс тэгж ойлгодог болсон байх.
Харин манай зөгийн аж ахуйгаас гарч байгаа бал цайвар шаргалаас гүн хар хүртэл өнгөтэй байдаг. Дэлхий дээр их олон төрлийн балт ургамлууд байдаг болохоор зөгийн бал ч их олон төрөл байдаг. Өнгөөрөө, амт, үнэр, ааг гээд бүх юмаараа өөр өөр шүү дээ. Ер нь бол хамгийн их тэжээллэг, эрдэс баялгаар баян бол зөгийн бал бол гурвалжин будааны цэцгийн бал байгаа юм даа.

-Зөгийн балныхаа төрлийг яаж ангилдаг вэ?
-Ихэнх хүмүүс та нар зөгийгөө ямар цэцгэн дээр сууж байгааг нь яаж мэддэг юм бэ? гэж асуудаг. Бид зөгийгөө оторлодог болохоор ямар балт ургамлын цэцгэн дээр аваачиж тавьж байгаагаа сайн мэддэг. Мөн балт ургамлын цэцгүүд цаг хугацааны хувьд ч зөрөөтэй дэлбээлдэг юм л даа. Нэг хэсэг нь 6 дугаар сард, нөгөө хэсэг нь 7 дугаар сард, зарим 8 дугаар сард цэцэглэдэг ургамал ч бий. Бас энэ дашрамд хэлэхэд зөгийн аж ахуйгаас зөвхөн зөгийн бал биш мөн олон төрлийн бүтээгдэхүүн гардаг юм шүү дээ. Жишээлбэл, хүний биед маш сайн, мөөгөнцөр, нянгаас хамгаалдаг, арьсны элдэв өвчин, шарх шархлаа анагаах онцгой чадвартай жилий буюу прополис гэдэг бүтээгдэхүүн гаргана. Энэ нь модны мөчир, зарим өвслөг ургамлаас хурааж цуглуулсан давирхайлаг бодисоо зөгий өөрийн шүүрэлтэй хольж боловсруулсан бүтээгдэхүүн юм. Мөн зөгийн сүүнцэр гэдэг бүтээгдэхүүн бий. Гэхдээ бүгд их хэмжээгээр биш л дээ. Бага хэмжээгээр гаргадаг.

-Зөгийн сүүнцэрийн тухай жаахан тодруулахгүй юу? Уншигчдад сонирхолтой байж магадгүй.
-Эх зөгийн сүүнцэр гэдэг маань зөвхөн эх зөгий буюу хатан зөгийн гол тэжээл байгаа юм. Ажилчин зөгий 40-45 хоног насалж байхад сүүнцэрээр хооллодог эх зөгий 7-8 жил хүртэл насалдаг. Зөгийн сүүнцэр бол ажилчин зөгийн дотоод шүүрлийн булчирхайгаас ялгардаг цөцгий маягийн маш уурагтай шүүрэл. Энэ бүтээгдэхүүнийг хүний бие организмд асар их тустай гэж үздэг. Цацрагт идэвхт бодис агуулсан учир хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй мөн зүрх судас, титэм судасны нарийслалтай хүмүүс хэрэглэвэл их ашигтай тустай. Сүүнцэрт бүх төрлийн амин хүчил байдаг тул дархлаа сайжруулах, эрүүлжүүлэх, залуужуулах байгалийн эх үүсвэр болдог.
-Та нар бүтээгдэхүүнээ хаана зардаг вэ?
-Бид бүтээгдэхүүнийхээ дийлэнхийг нийслэлийн дэлгүүрүүдээр зардаг. Мөн хөдөө орон нутагт ч борлуулж байгаа. Зөгийн бал маань цагаа агаарын байдлаас хамаарч жил бүр янз янз гардаг л даа. Балт ургамал хэр ургаснаас хамаардаг гэсэн үг. Ерөнхийдөө нэг бүл зөгийнөөс бол дунджаар 25-45 кг хүртэл зөгийн бал нэг улиралд бид хурааж авдаг. Манай бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчид маань ч сайн мэддэг болсон.

-Ямар үнэтэй байх уу?
-Бид зөгийн балаа кг-аар нь, эсвэл 500 граммаар зардаг. Ерөнхийдөө бол манай зах зээлийн жишиг үнэ нэг кг зөгийн бал 20 мянган төгрөгийн ханштай байгаа. Хагас кг нь 10 мянган төгрөг гэсэн үг.

-Монголд импортын зөгийн бал их байдаг шүү дээ. Эдгээр зөгийн балаас чанарын хувьд танайх илүү байж чадах уу?
-Чанарын хувьд бол бид илүү гарна уу гэхээс дутахгүй ээ. Нэгдүгээрт, бид цэвэр байгалийн бүтээгдэхүүн гаргаж чадаж байгаа. Хэдийгээр монголын зах зээл дээр маш олон төрлийн импортын зөгийн бал зарагдаж байгаа ч эдгээр зөгийн бал жинхэнэ гэдэг бас эргэлзээтэй шүү дээ. Яагаад гэвэл манай монголчуудын зөгийн балны тухай ойлголт хомс муу байдаг учраас чихэр амтагдсан болгоныг зөгийн бал гэж ойлгох нь их. Тэгэхээр манай иргэд мэдлэгтэй байх нь хэрэгтэй байна. Хоёрдугаарт, манай улсад одоогийн байдлаар жинхэнэ зөгийн бал мөн үү, биш үү гэдгийг тодорхойлдог диастазын шинжилгээг хийдэггүй. Уг нь бол диастазын тоо 7 гёто буюу түүнээс дээш бол зөгийн бал доош бол зөгийн бал биш гэж олон улсад тодорхойлдог юм л даа.

-Тэгэхээр танайхыг ч гэсэн зөгийн бал мөн эсэхийг тодорхойлоогүй байна гэсэн үг үү?
-Тиймээ. Гэхдээ манайх цэвэр байгалийн бүтээгдэхүүн тул эргэлзэх хэрэг байхгүй. Бид ямар нэг хольц зөгийн баландаа хийдэггүй юм. Бидний нэг хүсч байгаа зүйл бол манай зах зээл дээр зөгийн бал нэртэй янз бүрийн бүтээгдэхүүн зарагдаж байгаа тул үүнийг лабораторийн шинжилгээгээр нарийвчлан тодорхойлдог л болмоор байгаа юм. Хэрэв тэгэхгүй бол иргэд маань зөгийн бал гэж андуурч аваад эрүүл мэнд, санхүүгээрээ ч хохирох тохиолдол их байна шүү дээ...

Л.Мөнхбаяр бид хоёр ийнхүү ярилцав. Дашрамд сонирхуулахад, манай урд хөрш БНХАУ жилд 255 мянга орчим тонн зөгийн бал үйлдвэрлэдэг тул дэлхийд тэргүүлдэг. Харин АНУ жилд 84 мянга орчим тонн зөгийн бал үйлдвэрлэж Хятад улсын дараа ордог аж.

ТАТВАРААР ХӨГЖЛИЙГ ТОДОРХОЙЛНО

Аливаа улс орны хөгжлийн түвшинг иргэд нь татвараа хэр төлж буйгаар нь хэмжиж болно. Иргэдийнх нь татварын боловсрол, мэдлэг их байх тусам иргэд татвараа сайн төлж улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулдаг билээ. Тухайлбал Японд татвар төлөгчдийн жилийн төсөвт орох ёстой татварын 90 гаруй хувь нь төсөвт шууд ордог. Татварын алба нь зөвхөн үлдсэн 10 хувийнх нь л татвараа төлсөн эсэхийг хянаж шалгадаг байна. Харин манай улсад энэ үзүүлэлт 70-аас доогуур хувьтай байдаг. Өөрөөр хэлбэл нэг жилд орох ёстой татварын орлогын 70 орчим хувь нь л төсөвт шууд ордог. Харин үлдсэн 30 орчим хувь нь далд эдийн засгаас шалтгаалаад төсөвт ордоггүй гэсэн тооцоо байдаг ажээ. Энэ тухай Татварын ерөнхий газрын Татвар төлөгчидтэй харилцах хэлтсийн (ТТХХ) дарга Д.Баяраа ярьсан юм.

Өнөөдрөөс буюу 5 дугаар сарын 9-нээс эхлэн 5 хоногийн хугацаатай “Монголын татвар төлөгчдийн өдрүүд”-ийг “Тогтвортой бизнес - хөгжлийн түлхүүр” уриан доор Татварын ерөнхий газар зохион байгуулж улс орон даяар тэмдэглэж байна. 12 дахь жилдээ тэмдэглэж буй энэхүү арга хэмжээний талаар болон ТТХХ-ийн ажил үйлсийг сонирхон Д.Баяртай уулзсан маань энэ.

2000 оноос хойш жил бүр зохион байгуулагдсан “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн гол зорилго нь татвар төлөгчдөд төрөл бүрийн хэрэгслээр үйлчлэх, татварын хууль тогтоомжийг сурталчлах, татвар төлөгчдөд хэрэгцээтэй мэдээллийг өгөхөд оршиж байгаа аж. Энэ арга хэмжээний үеэр татвар төлөгч ААН-үүдийн үзэсгэлэн худалдаа; татвар төлөгчдийн дунд асуулт, хариултын цэнгээнд уралдаан; ерөнхий боловсролын сургуулийн сурагч нарын дунд зарласан зохион бичлэг болон гар зургийн уралдааны дүнг олон нийтэд зарлаж шагнал гардуулах гэх мэт олон үйл явдал болно. Мөн хувь хүн, ААН-д татварын тухай хэрэгцээтэй мэдээллүүдийг дээрх арга хэмжээний үеэр тарааж иргэдийнхээ мэдлэг боловсролыг дээшлүүлэх аж.

Татварын албаныхан “Монголын татвар төлөгчдийн өдрүүд”-д зориулж 7 төрлийн брошюр, гарын авлага, товхимол хийжээ. Жишээлбэл, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийг яаж төлөх вэ? Хэн төлөх вэ? Хэзээ тайлангаа гаргах юм бэ? гэх зэрэг асуултад ойлгомжтой, энгийн хэллэгээр хариулж нэг брошюр хэвлүүлсэн байна.

Ер нь иргэдийнхээ татварын мэдлэг боловсролыг дээшлүүлэх талаар татварынхан ихээхэн анхаарч байна. “Өнгөрсөн онд бид “Боловсрол” телевизээр 21 цуврал нэвтрүүлэг хийсэн. Татварын хууль тогтоомж, ач холбогдол, тайлангаа яаж гаргах уу? гэх мэт мэдээллүүдийг товч тодорхой өгсөн цуврал нэвтрүүлгүүд хийлээ. “ТМ” телевизтэй хамтраад хүүхдүүдэд зориулсан 12 нэвтрүүлэг гаргасан. Монголын радио, Улаанбаатар радиотой хамтарч нэвтрүүлгүүд хийсэн. Гэх мэтчилэн бид иргэдийнхээ татварын мэдлэгийг дээшлүүлэх ажил хийж байгаа” гэж Д.Баяр хэлээд “Бид мөн хүүхдүүдэд зориулсан комикс ном хэвлэж гаргасан. Ерөөсөө татвар төлөгчид л тайлангаа зөв гаргаад, тайлагнаж чаддаг, ноогдсон татвараа хугацаанд нь төлдөг байвал татварын албаны хамгийн гол зорилго биелэгдэж байна гэсэн үг. Тиймээс бид хүүхдүүдэд багаас нь татвар гэж юу юм бэ? Татварын ач холбогдол гэж юу юм вэ? Татвар юунд зориулагддаг вэ? Улс орны хөгжилд ямар ач тустай юм бэ? гэдгийг зөв ойлгуулах зорилготойгоор комикс ном хэвлүүлсэн. Бас ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдад зориулж 3 сурах бичиг, гарын авлага хэвлүүллээ. БШУЯ-тай хамтраад ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт татварын тухай ойлголтыг дээшлүүлэх жилд 4-12 цагийн хичээлийг оруулж эхлээд байна” гэв.

Мөн татварын албаныхан татвар төлөгчдөд зориулсан олон сургалтыг Худалдаа аж үйлдвэрийн танхим, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Мэргэшсэн нягтлан бодогчдын институт (МНБИ) зэрэг газруудтай хамтран зохион байгуулдаг аж. Удахгүй тэд МНБИ, Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчдын зөвлөл нийгэмлэгтэй хамтран улсын хэмжээнд татвар төлөгчдөд зориулсан сургалт зохион байгуулах гэж байна. Зөвхөн татварын хуулийг сурталчлаад, хууль тогтоомжийг нь заах өрөөсгөл гэж үзсэн тул ийнхүү нягтлан бодогчидтой хамтран сургалт хийхээр төлөвлөж байгаа ажээ.

Татварын албаныхан татвар төлөгчдийн мэдлэгийг дээшлүүлэхийг хүсэхээс гадна тэдэнд үйлчлэх үйлчилгээгээ мөн сайжруулахыг эрмэлзэж байна. Тухайлбал улсын хэмжээнд “Нэг цонхны үйлчилгээ”-г нэвтрүүлэн татварын тайланг цахим хэлбэрээр хүлээн авч, утсаар зөвлөгөө өгөх төвийг байгуулан ажиллуулжээ.

“Цахим тайлангийн системийг хэрэгжүүлээд хоёр гурван жил болж байна. Ер нь бол нийт татвар төлөгчдийн 60-70 хувь нь цахим тайланг хэрэглэж хэвшсэн. ААН-ийн орлогын албан татварын тайлан, хувь хүний орлогын албан татварын тайлан, НӨАТ гэсэн 3 төрлийн татварын тайлангуудыг цахимаар авч хэвшээд байна. Гэхдээ үүний нэг сул тал нь одоогоор цахим гарын үсгийн тухай хууль гараагүй байгаа учраас цахимаар тайлангаа өгөөд дараад нь заавал цаасан дээр бичсэн тайлангаа баталгаажуулж байгаа. Үүнд 10-14 хоног шаардагддаг. Тиймээс энэ хаврын УИХ-ын чуулганаар цахим гарын үсгийн тухай хууль батлуулахыг бид зорьж байгаа. Хэрэв энэ хууль батлагдвал цаасаар дээр бичсэн тайлангаа баталгаажуулах хэрэггүй болно” гэж тэр хэлэв.

Далд эдийн засгийг ил болгоход бэлэн мөнгөний урсгалыг хянах чухал

Татварын албаны хийх ёстой нэг чухал ажил бол далд эдийн засгийг ил болгож татварт хамруулах билээ. Тиймээс иргэдийнхээ татварын боловсролыг дээшлүүлэх нь чухал юм. Учир нь татвараас мэдсээр байж зугтах бодолтой хүмүүс цөөхөн. Харин татварын хууль тогтоомжоо мэдэхгүйгээс болж зөв тооцоо хийж татвараа төлж чаддаггүй хүмүүс нь олонх гэдгийг Д.Баяраа дурдаж байлаа.

Монголын ДНБ-ний 22 орчим хувийг далд эдийн засаг эзэлдэг гэсэн албан ёсны статистик байдаг. Харин олон улсын байгууллагуудын тооцоогоор бол манай ДНБ-ний 30 гаруй хувийг далд эдийн засаг эзэлдэг гэнэ. “Хэрэв манай ДНБ энэ онд 7.8 их наяд төгрөг. Үүний 40 орчим хувь буюу 3.3 их наяд төгрөг нь төсвийн орлогод орно гэж тооцвол хэдий хэмжээний орлого далд эдийн засгийг ил болгосноос олж болох нь харагдана. ДНБ-ний 30 хувийг эзэлж байгаа далд эдийн засгийн 40 хувийг татвар гэж тооцоод үзвэл багагүй хэмжээний тоо гарна. Ерөнхийдөө бол 400-500 орчим тэрбум төгрөг алдаж байна уу гэсэн тооцоо надад байдаг.”

Тиймээс энэ алдаж буй мөнгийг зөв голдиролд оруулж улс орныхоо эдийн засагт хувь нэмэр болохын тулд мөнгөний урсгалыг хааж, хяналт тавих нэг арга байгаа гэнэ. ТЕГ энэ талаар хуулийн төсөл боловсруулж Засгийн газар, Сангийн яаманд танилцуулжээ.

Бэлэн мөнгөний урсгалд хяналт тавина гэдэг бол бэлэн мөнгөөр хийж буй худалдаа наймаанд хяналт тавина гэсэн үг. Дээрх хуулийн төслийн гол санаа нь дэлгүүр хоршоонд хийгдэж байгаа бүх наймааг бүртгэдэг татварын алба хянах боломжтой байх ёстой юм байна. Ингэхийн тулд худалдаа наймаа хийж байгаа бүх хүмүүсийг худалдаж авсан бараа бүтээгдэхүүнийхээ тасалбарыг авч сургах хэрэгтэй ажээ. Үүнийг нь урамшуулахын тулд тасалбараа цуглуулсан хүмүүст нийт гүйлгээнийх нь тодорхой хувийг (2-3 хувийг) буцааж өгдөг тогтолцоонд шилжихийг татварынхан зорьж байна.

Хэрэв тэгвэл үйлчлүүлэгчид бэлэн мөнгөөр тооцоо хийхдээ аль болох бүртгэлтэй, касстай газраар үйлчлүүлэх сонирхолтой болох бөгөөд далд эдийн засгийг ил болгох нэг нөхцөл бүрдэнэ. Үүнийг Өмнөд Солонгост маш амжилттай хэрэгжүүлсэн гэнэ. “Ер нь бол солонгосын туршлагыг хэрэгжүүлэх гэж байна” гэж Д.Баяраа хэлэв.

Sunday, 8 May 2011

ЦӨЛЖИЛТ МОНГОЛЫГ “ЭЗЭЛЖ” БАЙНА

Монгол, БНХАУ хоёр элсний нүүдэл, шар шороон шуургатай хамтран тэмцэхээр төсөл хэрэгжүүлэх гэж байна. Уг төсөл энэ оны 5 дугаар сараас эхлэн хоёр жилийн хугацаатай үргэлжилнэ.

Төсөл хэрэгжих хугацаанд Замын-Үүд сумыг услалтыг системтэй болгох, элсний нүүдлийн хамгаалалт бий болгох, үндэсний хэмжээний мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэх, Замын-Үүд суманд 30 га талбайд 10-15 мянган мод тарих зэрэг ажлыг хийж гүйцэтгэх юм байна.

Ер нь Монгол, Хятад хоёрт элсний нүүдэл, шар шорооны шуурга байгаль орчинд муугаар нөлөөлж, эдийн засагт ихээхэн хохирол учруулж байгаа. Хятад эдийн засагт гэхэд л, 2008 оны тооцоогоор, жилд 6.5 тэрбум гаруй ам.долларын хохирол учруулсан ажээ. Манай улсын хувьд бол цөлжилтийн төлөв байдал их ноцтой байгаа. БОАЖЯ-ны гаргасан судалгаагаар бол Монгол орны нутаг дэвсгэрийн 90 гаруй хувийг цөлжилтөд өртөмтгий эмзэг хэт хуурай, хуурай болон хагас хуурай бүс нутаг эзэлдэг ажээ.

Сүүлийн 65 жилд манай орны агаарын дундаж хэм 2.10С-ээр нэмэгдсэнээр усан гадаргын талбай 36 хувь, мөнх цас 31 хувь, хуурай хээрийн талбай 28 хувь, ой бүхий талбай 8 хувиар хорогдсон байна. Харин элсэн гадаргын талбай 46 хувь, цөлөрхөг хээрийн талбай 68 хувиар тус тус нэмэгджээ. Дэлхийн уур амьсгалын дулаарлын нөлөөгөөр Монгол орны Алтай нуруу, Хөвсгөлийн уулс гэх мэт уул нуруудын мөнх цэвдэг, мөсөн голууд хайлах үзэгдэл эрчимжих хандлагатай болсон байна.

Эрдэмтэн судлаачдын хамгийн сүүлийн үеийн судалгаагаар манай орны нийт газар нутгийн 71,2 хувь нь цөлжилтөд ямар нэгэн зэрэглэлээр өртсөн байна. Цөлжилтөд хамгийн ихээр өртсөн бүс нутагт Дундговь, Дорноговь, Ховд, Увс, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай аймгууд оржээ. Шороон шуурга, хүчтэй салхитай өдрийн тоо 1960 онтой харьцуулахад 4-5 дахин нэмэгдэж элсний нүүдэл тэлж, эх хөрс элэгдсэн. Цаг агаар хуурайшиж, ган их болдог болсон. Царцаа, үлийн цагаан оготно зэрэг бэлчээрийн хөнөөлт амьтад олширсон. Мал сүргийн бүтцийн зохистой харьцаа алдагдаж, бэлчээр талхлагдсан. Ой, хээрийн түймэр их гарч, ойн хөнөөлт шавьж хэт олширсон. Ой ашиглалтын хууль бус ажиллагааны улмаас нөөц хомсдсон. Газар тариаланг хоцрогдсон арга технологоор эрхэлснээс төвийн бүсийн хөрсний бүтэц эвдэрч, үржил шим нь алдагдсан. Мөн уул уурхайн салбарынхан нөхөн сэргээлт хийлгүй газраа орхидог зэрэг нь Монгол орны цөлжилтөд нөлөөлсөн хүчин зүйлсүүд ажээ.

Цөлжилтийн эсрэг авч байгаа зарим арга хэмжээнүүд

Монгол Улс цөлжилттэй тэмцэхийн тулд 1996 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцэд нэгдэн орсон бөгөөд Конвенцийн гишүүн орны хүлээсэн үүргийн дагуу 1997, 2003 онд Цөлжилттэй тэмцэх хөтөлбөр боловсруулан Засгийн газрын тогтоолоор батлан, үйл ажиллагааг төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлсэн байна. Түүнчлэн цөлжилттэй тэмцэх ажлын эрх зүйг боловсронгуй болгох зорилгоор Хөрс хамгаалах, цөлжилттэй тэмцэх хуулийн төсөл боловсруулан УИХ-аар батлуулахаар ажиллаж байна. Мөн цөлжилтийн төлөв байдлыг үнэлэх арга зүйг боловсронгуй болгох тодорхой ажлууд хийгдэж байна. Тухайлбал, “Газрын элэгдэл, /эвдрэл/, цөлжилтийн төлөв байдлыг үнэлэх, тайлан гаргах үйл ажиллагааг зохицуулах түр журам” болон “Цөлжилтийн төлөв байдлын үнэлгээ хийх түр аргачлал”-ыг БОАЖ-ын сайдын тушаалаар батлан туршиж байгаа ажээ.

2008 онд 1 тэрбум төгрөг, 2009 онд нийт 900 сая төгрөг, 2010 онд нийт 900 сая төгрөгийг БОАЖ-ын сайдын багцаас гарган булаг хамгаалах, хөв цөөрөм байгуулах, иргэд, аж ахуйн нэгжийн ирүүлсэн төсөлд дэмжлэг үзүүлэх, сургалт сурталчилгаа явуулах, судалгааны ажлын бааз суурийг бэхжүүлэх зэрэг ажилд зарцуулсан аж.

Цөлжилттэй тэмцэх ажилд олон улсын байгууллага, донор орнууд тусламж дэмжлэгээ үзүүлсээр байна. Тухайлбал НҮБХХ-ийн “Бэлчээрийн тогтвортой менежмент”, “Цөлжилттэй тэмцэх, газрын тогтвортой менежмент” төсөл, Швейцарийн хөгжлийн агентлагийн “Цөлжилтийг сааруулах төсөл”, Японы “J-Green” байгууллагаас хэрэгжүүлж буй “Шар шороон шуурганы эх үүсвэртэй тэмцэх төсөл”, БНСУ-ын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй “Ногоон хэрэм” зэрэг төслийг нэрлэж болно гэж БОАЖЯ мэдээллээ.

ХЭРЭГЛЭГЧДЭЭ БҮҮ ХУЛХИД

Хүнсний барааны дэлгүүрээс хоол хүнсээ та яаж худалдаж авдгаа нэг анзаараарай. Ихэвчлэн өнгөцхөн хараад л нарийн шалгалгүй авч байна уу. Эсвэл орц жор, баталгаат хугацааг нь харж авдаг уу гэдгээ нэг мэдчих хэрэгтэй.

Хэрэв та худалдаж авах гэж буй бүх хүнсний барааныхаа хугацаа, орц жорыг уншиж, мэдээд авдаг бол та ховор, цөөхөн хүмүүсийн нэг байна. Нэгдүгээрт, та их олон гадаад хэл мэддэг байж таараа. Хятад, орос, солонгос, тайланд, польш, вьетнам, англи, энэтхэг, төвд гээд л... За арай ч Төвдөөс хоол хүнс бид импортолдоггүй байх аа. Гэхдээ л...манай хүнсний барааны дэлгүүрт ороход муухан номын сангаас илүү гадаад хэлнийхээ мэдлэгийг дээшлүүлэх боломжтой. Ходоод руугаа юу хийснээс мэддэггүйг эс тооцвол энэ бол хөгжил дэвшил юм. Хоёрдугаарт, ер нь та их эрүүл мэндээ их анхаардаг хүн байна. Бас Монгол руу импортын хүнсний бүтээгдэхүүн зөөвөл илтгэл даах хүн байна.
Яагаад гэвэл Хятадаас бараа зөөдөг манай наймаачид анхан шатны арилжааны соёлгүй, худалдаж авч буй барааныхаа хугацаа, чанар зэргийг шалгадаггүй. Аль болох л хямдхан, хуурамч бараа бүтээгдэхүүн авах хүсэлтэйг Хятадын Эрээн хотын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагынхан Монголын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооны (ХЭАХНҮХ) гүйцэтгэх захирал Г.Нанзадад “ховлосон” байна.

Ховлох ч биш бүр анхааруулж, "ийм байдлыг цаашид үргэлжлүүлэхгүй таслан зогсоогооч ээ!" гэж шаарджээ. Манай наймаачид хууль дүрэм тоодоггүй, хэнэггүй, бүдүүлэг, худалдаа наймаа хийчихээд мөнгө төлсөн баримт бичгээ авдаггүй, тамга тэмдгийг нь шалгадаггүй тул заримдаа өөрсдөө хохирсон тохиолдолд хохирлоо ч нөхөн төлүүлж чаддаггүй ажээ.

Гэхдээ үүнд урд хөршийнхөн нэг их санаа зовоогүй харин тэднийг хамгийн их зовоодог зүйл бол Монголын наймаачдын “хулхины” наймаа панз үсэргэх “хобби”. Манайхан албан ёсны баталгаатай үйл ажиллагаа явуулдаг улсын бүртгэлтэй байгууллага, ААН-тэй худалдаа хийхээсээ илүү ихэвчлэн хувиараа үйлдвэрлэгч нартай хамтардаг гэнэ. Тэгээд тэд Монголын зах зээлд дээр зардаг бараа бүтээгдэхүүнүүдийн хуурамч шошгыг Хятадад очиж үйлдвэрлүүлэхээс өгсүүлээд, хуурамч хүнсний бүтээгдэхүүн, эд барааг захиалгаар хийлгэж нутаг руугаа импортолдог байна.

“Үүнийг Хятадын тал манай улсад анхааруулсан. Танай хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллагууд, худалдаа хариуцсан байгууллагууд, шударга өрсөлдөөний газар чинь ганцхан зүйлийг анхаараач ээ! Танай улсын бүртгэлтэй аж ахуйн нэгжүүд биш харин хувь хүмүүс чинь ихэвчлэн импорт эрхлэх юм аа. Эдгээр иргэд чинь манай хувь хүмүүстэй тохиролцоод хуурамч шошготой бараа бүтээгдэхүүн захиалгаар үйлдвэрлүүлээд, зах зээлдээ зарж байна. Жишээ нь ОХУ-д үйлдвэрлэдэг бүтээгдэхүүний шошгыг хуурамчаар үйлдвэрлүүлэх юм. Үүнийгээ та нар таслан зогсоогооч ээ!” гэж Эрээн хотын холбогдох албаны хүмүүс манайханд хэлжээ.

“Энэ бүгд үнэн. Манай наймаачдын буруугаас болж Монголд хуурамч бараа бүтээгдэхүүнүүд их нийлүүлэгддэг. Тухайлбал, ОХУ-д үйлдвэрлэсэн хаяг шошготой дарсан өргөст хэмхийг Хятадад хуурамчаар үйлдвэрлэсэн байдаг. Үүнийг би хэрэглэгчдээ сэрэмжлүүлэхийн тулд хэлж байна. Манай наймаачдын буруу учраас бид Хятадаас бараа бүтээгдэхүүн импортолж байгаа нөхдүүдтэй уулзаж сургалт явуулна” хэмээн Г.Нанзад хэлж байсан юм.

Саяхан тэрбээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газартай (ШӨХТГ) хамт Замын-Үүд, БНХАУ-ын Эрээн хотод очиж, үнэхээр хятадын барааны чанар муу байна уу? Энэ нь ямар учиртай юм бэ? гэдгийг хэрэглэгчдийнхээ эрх ашгийн үүднээс бодит байдал дээр нь очиж үзсэн байна.

Тийшээгээ Г.Нанзад “Бодит байдлыг иргэддээ ил тод мэдээлье. Сурталчилъя цаашдаа ямар арга хэмжээ авбал зохилтой вэ гэдгийг төрдөө хэлье. Энэ үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллагууддаа зөвлөе. Сэрэмжлүүлье гэсэн зорилготой явсан. Мөн Эрээнд очиж хятадын Шударга өрсөлдөөний болоод Хэрэглэгчдийн газар хэрхэн ажилладаг юм бэ. Туршлага судлая” гэсэн зорилготой явжээ.

Манай мэргэжилтнүүд Эрээн хотод очоод хүнсний бүтээгдэхүүний экспорт, импорт эрхэлдэг компани, хүнсний ба гэр ахуйн өргөн хэрэглээний барааны том зах, төвүүд, мөн барилгын материалын зах гээд олон газраар нь явж үзсэн байна. Тэд бүгд нэг дуугаар “Хятадын барааны чанар бол үнэхээр дэлхийн зах зээлд ноёлж байна. Ноёлохоос ч өөр аргагүй байна. Тэнд чанарын баталгаатай бараа бүтээгдэхүүн үнэхээр байна” хэлж байсан.

Чанартай бүтээгдэхүүн байгаа учраас л бусад хөгжилтэй улс орнууд Хятадын экспорт эрхэлдэг албан ёсны бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдтэй нь худалдаа наймаа хийдэг аж. Манайхан ч мөн аажимдаа ийм замаар Хятадтай худалдаа хийх ёстойг Г.Нанзад ярьсан. Түүний хэлснээр бол Монгол ийм болохын тулд хуулийн зохицуулалт хийх хэрэгтэй гэнэ.
“Монгол Улс өдий болтол Худалдааны зохицуулалтын хуульгүй байгаа. Хэрэв манайх олон улсын зах зээлд орж чадаж байгаа юм бол худалдааныхаа хуулийг гаргаж, экспорт, импортыг мэргэжлийн, албан ёсны бүртгэлтэй аж ахуйн нэгжүүд хийх юм бол чанаргүй, хуурамч барааг Монголд оруулж ирдгийг таслан зогсоох боломжтой” гэж Нанзад хэлээд Хүнсний тухай хуульд экспорт, импортыг мэргэжсэн, улсын бүртгэлтэй эрх бүхий аж ахуйн нэгж эрхлэх эрхтэй гэдгийг шинээр оруулах шаардлагатай байгааг дурдсан.

Гэхдээ хэдийгээр хуурамч бараа оруулж ирлээ хэмээн хувиараа наймаа эрхлэгчид шүүмжлүүлдэг ч тэд л сүүлийн 20 жил монголчуудыг хувцаслаж, хоол хүнсээр хангасан гэдгийг мартаж болохгүй. Тэд зөвхөн Монголыг ч биш мөн ОХУ-ын Сибирийн ард түмнийг нэг хэсэгтээ хямд хувцсаар хангахад багагүй үүрэг гүйцэтгэж байсан билээ. Энэ үеийг монголчууд “наймааны алтан үе” гэж нэрлэдэг.

Үнэндээ хуурамч бараа бүтээгдэхүүн оруулж ирдэг хүмүүс нь цөөхөн гэдгийг гаалийн байгууллагынхан ч хэлдэг билээ. Монгол улсын нийт барааны урсгалын 10-20 хувь нь л эрсдэлтэй гэсэн тооцоо байдаг юм байна. Тиймээс өнөө маргаашгүй хувиараа наймаа хийж, импорт эрхэлж буй хүмүүсийг шууд болиулж, үйл ажиллагааг нь хориглохгүй. Тэгээд ч эрхзүйн зохицуулалт байхгүй байгаа билээ. Нэгэнт л эрхзүйн зохицуулалт байхгүй нөхцөлд наймаа эрхэлдэг иргэдийнхээ ухамсрыг дээшлүүлэх хэрэгтэй гэж Г.Нанзад үзэж байна. Тэрбээр “Та ашгийн төлөө хэт улайрч ард түмнээ битгий хохироогооч ээ. Хуурамч шошготой бараа бүтээгдэхүүн битгий захиалж хийлгээч ээ. Магадгүй төлбөрийн чадвар чинь хүрэхгүй бол сайн бараа оруулж ирээд байгаа тэр бөөний компаниасаа аваад худалдаа наймаа хийгээч ээ” гэж хэлсэн юм.

Ер нь бол “Ямар ард түмэн байна. Тийм төр байна” гэдэг шиг “Ямар ард түмэн байна. Тийм наймаачид байдаг” байх. Худалдан авагчид нь өөрсдөө эх орондоо амьдарч байж, хүнсний дэлгүүрээсээ “дандаа гадаад шошготой” бараа худалдаж авна. Монголынхоо хүнсний бүтээгдэхүүнийг аваад үзлээ баглаа боодол дээрээ хугацаа, орцоо тодорхой бичсэн нь ховор байдаг. Тэр бүү хэл хугацаа нь хэтэрсэн хүнсний бараа лангуу дээр байж л байдаг. Үүнийг үйлчлүүлэгчид ч, үйлчлэгч нь тоож үздэггүй. Тиймээс ядахнаа чанартай хоол хүнс хэрэглэе гэвэл хэрэглэгчид маань өөрсдөө арилжааны соёлд суралцах бас шаардлагатай байгаа. Тэгсэн цагт чанаргүй, хуурамч хүнсний бүтээгдэхүүн импортолдог хувь хүмүүс ч багасна.

Нэгэнт л монголчууд өөрийнхөө зах зээлийг дотоодынхоо бараа, бүтээгдэхүүнээр бүрэн хангаж чадахгүйгээс хойш импортын бараа бүтээгдэхүүндээ их анхаарч, хяналт тавьж байх нь чухал. Тиймээс урд хөршөөс баталгаатай хүнс ногоо оруулж ирдэг ААН-ын үлгэр дууриаллыг авах хэрэгтэй билээ. Жишээ нь, Барс худалдааны төв Хятадаас оруулж ирдэг хүнсний ногоо, жимс жимсгэнээ улсын бүртгэлтэй, найдвартай газраас авдаг гэнэ.

ХЯТАДЫН ТУРШЛАГА

Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалдаг төрийн бус байгууллагыг төлөөлж явсныхаа хувьд Г.Нанзад Эрээн хотод хэрэглэгчдийн эрх ашгийг хэрхэн хамгаалдгыг нь судалж явжээ. Түүний хэлснээр бол, Хятадын төр засаг иргэний нийгмийн байгууллагуудаа төлөвшүүлэхэд их анхаарч, тэднийхээ боломж чадварыг бүрэн ашигладаг байна. Иргэний нийгмийн байгууллагуудыг хэрэглэгч төлөөлдөг гэж үзээд хэрэглэгчээ соёлтой хэрэгцээнд суралцуулж, боловсруулдаг, барааг зөв сонгох мэдлэгтэй болгодог, эрх ашгаа хамгаалж нэгдэж ажиллахыг нь хүртэл сургадаг гэнэ. Үүнд төрөөс нь мөнгө харамлалгүй зарцуулдаг аж. “Жишээлбэл, Эрээн хотын ХЭАХН-ИЙГ-ыг нь Ардын Засгийн ордноос нь санхүүжүүлдэг. Тэгж байж хэрэглэгчдийн байгууллагын хүчийг, өөрөө хэлбэл иргэний нийгмийн оролцоог төрийнхөө үйл ажиллагаанд оруулж өгдөг юм байна. Хэрэглэгчдийнхээ хүчээр хянадаг юм байна”.

Мөн ХЭАХН нь худалдааныхаа шударга өрсөлдөөний байгууллагуудтай нягт хамтран ажилладаг гэнэ. Хэрэв хэрэглэгч чанаргүй бараа бүтээгдэхүүн худалдан аваад хохирсон бол ХЭАХН-ийн утас руу (монгол хэлтэй хүн ажилладаг учраас 12315 гэсэн утас руу монголчууд ч гэсэн залгах боломжтой) залгаад мэдэгддэг. Үүний дараа ХЭАХН-ийнхэн ирж үнэн эсэхийг нь шалгадаг байна. Хэрэв үнэхээр хэрэглэгч хохирсон байвал төрийн эрх бүхий хянах байгууллагын ажилчид очдог ажээ. Үүнийг яагаад Монгол хэрэгжүүлж болохгүй гэж хэмээн Г.Нанзад асуусан.

Манай улсад дээрх туршлага нэвтрээгүй байна. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад төрийн байгууллагуудын хяналт сул байдаг гэнэ. “Тэдний хүч нь хүрдэггүй, дийлдэггүй. Үүнийг засах гол арга нь бол хэрэглэгчдийн байгууллага, олон түмнийхээ хүчийг ашиглах хэрэгтэй. Хэрэглэгчдийн байгууллагын өгсөн мэдээлэл, санал гомдлыг үндэслээд төрийн байгууллага нь шалгаж асуудлыг шийддэг болмоор байна. Хятадын туршлагыг манайд нэвтрүүлэх хэрэгтэй. Яг энэ туршлагыг нэвтрүүлээч гэж хүсмээр байна” гэж Монголын ХЭАХНҮХ-ны гүйцэтгэх захирал хэлсэн юм.

МОНГОЛЧУУД МОНГОЛЧУУДДАА ХУУРАМЧ БАРАА ЗАРДАГ

БНХАУ-аас Монгол Улсад хуурамч бараа бүтээгдэхүүн их орж ирдгийг хүн бүхэн мэднэ. Энэ талаар монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалдаг төрийн ба төрийн бус байгууллагын төлөөлөгчид Хятадын Эрээн хотын мэргэжил нэгтнүүдтэйгээ уулзаж илэн далангүй ярилцжээ.
Хятадын мэргэжилтнүүд хэлэхдээ, ер нь хуурамч бараа бүтээгдэхүүнийг монголын худалдаачид өөрсдөө хятадын үйлдвэрлэгчдэд захиалж, ийм загварын, ийм сав боодолтой бараа бүтээгдэхүүн нийлүүлээч гэдэг хүсэлт тавьдаг байна. Өөрөөр хэлбэл монголын зах зээл дээр зарах бараа бүтээгдэхүүнийг сайн мэддэгээрээ монголчууд маань өөрсдөө урд хөршийн үйлдвэрлэгчдэд захиалга өгдөг.
Эдгээр хуурамч бараа бүтээгдэхүүнд нь импортоор орж ирдэг барааны бүтээгдэхүүн, дотоодын үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн ч байдаг гэнэ. Жишээлбэл, бид бүхний сайн мэдэх “Ариун” ариун цэврийн нойтон алчуурыг хүртэл хуурамчаар дуурайлгаад хийлгэсэн байдаг гэнэ. Түүнээс биш хятадууд Монголд ирж манай зах зээлийг судлаад хуурамч бараа зарвал ашиг олно гэж үйлдвэрлэдэггүй бололтой. Энэ нь ч үнэний хувьтай яагаад гэвэл ихэнхдээ монголчууд л өөрсдөө хятадын барааг эх орон руугаа зөөдөг билээ.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний хороо, мөн зарим хэвлэл мэдээллийнхэн Дорноговь аймгийн Замын-Үүд сум, БНХАУ-ын Эрээн хотод очиж бодит нөхцөл байдалтай танилцан Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хуулийн хүрээнд нийт 5 хоног ажиллаад ирсэн байна.
Тэд Эрээн хотод очиж Эрээн хотын Засгийн ордны Худалдаа аж үйлдвэрийн товчоо, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн удирдлага, мэргэжилтнүүдтэй нь уулзаж, 3 хоног бодит нөхцөл байдлыг үзэж, туршлага судалжээ.

Манай ШӨХТГ, ХЭАХНҮХ-ны мэргэжилтнүүдэд хятадын мэргэжил нөхөд нь чухам яагаад Монголд хятадын чанаргүй бараа бүтээгдэхүүн их орж ирдгийг тайлбарласан байна. Тэдний хэлж буйгаар бол манай наймаачид ерөөсөө бараа бүтээгдэхүүний чанарыг сонирхдоггүй, харин үнийг л сонирхдог. Мөн арилжааны соёл муутай аж. Монголын наймаачид хууль дүрэм тоодоггүй, хэнэггүй, хэнээр эрх ашгаа хамгаалуулахаа мэддэггүй, мөнгө төгрөг төлсөн баримт авдаггүй, тамга тэмдгийг нь шалгадаггүй гэх мэт арилжааны соёлд суралцаагүй байдаг байна.

Арилжааны соёлгүйгээсээ болж монголын наймаачид хохирох явдал байдаг гэнэ. Жишээ нь жинхэнэ хуурамчийг нь шалгалгүй бараа худалдаж авахдаа мөнгө төлсөн баримтаа аваагүйгээс болж хохирлоо нөхөн төлүүлэх боломжгүй болдог байна. “Хятадад барааны чанар маш олон дэс зэрэглэлтэй байдаг. Харин монголын наймаачид хамгийн хямд, чанаргүй барааг худалдаж авдаг. Тэгээд дараа нь гомдол гаргадаг” гэж хятадын мэргэжилтнүүд ярьжээ.

Монгол, Хятад хоёр улсын хооронд хийгдэж байгаа гадаад худалдааны 70 хувь нь Эрээний боомтоор дамждаг. Энэ хотын хүн амын 60 орчим хувь нь худалдаа арилжаа эрхэлдэг юм байна.

Манай мэргэжилтнүүдийн хэлж буйгаар бол Хятад хэрэглэгчийн эрх ашгийг сайн маш хамгаалдаг бөгөөд энэ талаар монголчууд суралцах зүйл их аж. Жишээ нь, Эрээн хотын ХЭАХН-ын байранд хэрэглэгчийн гомдлыг 12315 дугаарын утсаар хүлээн авч зөвлөгөө өгдөг 4-5 хүн байнга ажилладаг гэнэ. Тэр дунд нь монгол хэлтэй нэг хүн бас ажилладаг ажээ.
Дээрх утасны дугаарыг хаа сайгүй сурталчилж, томоохон зах, худалдааны төвүүдэд хүн байрлуулсан тул хохирсон хэрэглэгч уг утас руу залгаж хохирлоо барагдуулах бүрэн боломжтой байдаг байна. Өнгөрсөн хугацаанд Хятадын тал Монголын 35 хэрэглэгчийн 200.5 мянган юаний хохирлыг барагдуулжээ.

ШӨХТГ, ХЭАХНҮХ-ны мэргэжилтнүүдэд Замын-Үүдэд мөн очсоныг дээр дурдсан. Тэд хоёр өдөр Замын-Үүдэд ажиллахдаа холбогдох албаны хүмүүстэй уулзалт зохион байгуулснаас гадна Замын-Үүдийн боомт дахь хилийн мэргэжлийн хяналтын алба, гаалийн байгууллагын үйл ажиллагаатай танилцсан байна.
Өдөрт 500-600 гаруй УАЗ 469 машин, 200-300 гаруй том ачааны машин орж гардаг энэ боомт үнэхээр ачааллаа дийлэхээ байж байгаа тул зайлшгүй өргөтгөх, шинэ боомт барих шаардлагатай байна гэж тэд дүгнэсэн байна.

Харин хуурамч, чанаргүй бараа бүтээгдэхүүнийг Монгол руу оруулж ирэхийг багасгахын тулд эхний ээлжинд импортын бараа оруулж ирж байгаа иргэдийн ухамсарыг дээшлүүлэх, хоёрдугаарт хүнсний бараа бүтээгдэхүүнийг импортлох үйл ажиллагааг зөвхөн тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Sunday, 1 May 2011

Дэлхийн хүнсний үнийн өсөлтийг Монголд “хоргоож” байна

Ойрх Дорнод, Хойд Африкт болсон үйл явдлуудын улмаас шатахууны үнэ өссөнөөс ихээхэн хамаарч дэлхий нийтийн хоол хүнсний үнэ өмнөх онтой харьцуулвал 36 хувиас дээш нэмэгдсэн нь олон сая хүнийг ядууруулж байна гэж Дэлхийн банк саяхан мэдэгдсэн.

Хэрэв дэлхийн хоол хүнсний үнэ дахиад 10 хувь нэмэгдвэл дахиад 10 сая хүнийг өдрийн 1.25 ам.долларaaс доош өртгөөр амьдардаг ядуурлын доод түвшин рүү оруулах ажээ. Хэрэв тэгвэл тэд өнгөрсөн оны 6 дугаар сараас хойш хоол хүнсний үнийн өсөлтөөс болж ядуурсан 44 сая хүний тоон дээр нэмэгдэх юм. Дэлхийн банкны тооцоолж буйгаар бол өдөрт 1.25 ам.доллараас доош өртгөөр амьдардаг нийт 1.2 тэрбум хүн байдаг гэнэ.

Дэлхийн банкны хоол хүнсний индекс өмнөх оны түвшинээс 36 хувиар өсч, эдийн засгийн хямрал болсон 2008 оны оргил түвшинд хүрэхэд ойрхон байгаа гэнэ. Өмнөх онтойгоо харьцуулахад энэ жил эрдэнэ шиш (74 хувь), улаан буудай (69 хувь), шар буурцаг (36 хувь), элсэн чихэр (21 хувь) өссөн нь хоол хүнсний үнийн өсөлтөд голлон нөлөөлжээ. Харин цагаан будааны үнэ тогтвортой байгаа гэнэ. Олон оронд хүнсний ногоо, мах, жимс, хоолны тосны үнэ нэмэгдсээр байна.

Хоол хүнсний үнэ дэлхий нийтэд нэмэгдсэн нь үр тариа экспортолдог улс орнуудад байгалийн гамшиг болсны улмаас экспортоо хязгаарласан, мөн био шатахууны үйлдвэрлэл нэмэгдсэн, нөөц хангалтгүй байгаа зэргээс шалтгаалжээ. Мөн Ойрх Дорнод, Хойд Африкийн улсууд болсон үйл явдлын улмаас шатахууны үнэ өссөн нь нөлөөлсөн гэж Дэлхийн банк үзэж байна. 2011 оны эхний улиралд түүхий газрын тосны үнэ 21 хувиар нэмэгджээ.

Ядуу улс орнуудад хүнсний бүтээгдэхүүний инфляци их орлоготой улс орнуудаас их байгааг Дэлхийн банк судалсан байна. Жишээлбэл манай улстай ойрхон оршдог Киргистан Улсад 2010 онд хүнсний бүтээгдэхүүний үнэ 27 хувь өсчээ.
Монголд хонины махны үнэ өнгөрсөн онд 37 хувь өссөн бөгөөд өнгөрсөн оны 12 дугаар сараас 2011 оны 2 дугаар сар хүртэл махны үнэ 15 хувь өссөн гэж Дэлхийн банк мэдээлсэн байна.

МАХНЫ ҮНЭ ИНФЛЯЦИЙГ БУУЛГАВ
Харин манай улсын холбогдох албаны мэргэжилтнүүд яг одоогийн байдлаар Монголд хоол хүнсний үнэ харьцангуй тогтворжсон гэж хариулцгааж байна. Үүнд өнгөрсөн жил Атрын III аяны үр дүнд ургац сайн хурааж авсан, нөөцийн мах сайн бэлдсэн нь нөлөөлжээ.
Үндэсний статистикийн хорооны гаргасан мэдээгээр бол хэрэглээний үнийн улсын индекс (ХҮУИ) 2011 оны 3 дугаар сард өмнөх сараасаа 0.8 хувиар буурчээ. Гэхдээ энэ үзүүлэлтийг 2010 оны мөн үетэй харьцуулахад 8 хувиар өссөн байна.
Улаанбаатар хотын хувьд бол хэрэглээний үнийн индекс 3 дугаар сард өмнөх сараасаа 1.3 хувь буурсан бөгөөд мах махан бүтээгдэхүүн Улаанбаатар хотод 8.2 хувь, сүү сүүн бүтээгдэхүүний үнэ 1.7 хувь буурчээ. Гэхдээ үүнийг жилийн дүнгээр авч үзвэл ХҮУИ буурсан гэж үзэхгүй, харин улирлын чанартай үзэгдэл гэж ҮСХ-ны мэргэжилтнүүд хэлж байна.

Ер нь бол одоогийн байдлаар Монголд хоол хүнсний үнэ харьцангуй тогтвортой, бүр буурах янзтай байна. ХХААХҮЯ-ны гаргасан (4 дүгээр сарын 6-наас 13-ны хооронд) хоол хүнсний үнийн талаарх мэдээгээр бол ихэнх хүнсний бүтээгдэхүүний үнэ тогтвортой буюу буурсан үзүүлэлттэй байна. Жишээлбэл, “Алтан тариа” дээд гурил кг нь 911 төгрөг байсан бол 890 төгрөг болж буурсан байна. Хонины ястай мах кг нь 3440 төгрөг байсан бол 2 төгрөгөөр буурч 3388 төгрөг болжээ. Ямааны ястай мах 20 төгрөгөөр буурч кг нь 2800 төгрөг, үхрийн ястай мах 60 төгрөгөөр буурч кг нь 4050 болсон байна.

Харин хүнсний ногооны үнэ буураагүй зарим нэг хүнсний ногооны үнэ нэмэгджээ. Жишээ нь монгол лууван кг нь 1049 төгрөг байснаа 1060 төгрөг болжээ.

Хэдийгээр улирлын чанартай хоол хүнсний үнэ буурч байгаа ч дэлхийн нийтийн хоол хүнсний үнийн өсөлтийг дагаад манай улсад хүнсний хэрэглээний гол бүтээгдэхүүнүүдийн үнэ аажимдаа өсөхийг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ янзаараа байвал дараагийн ургацтай золгох бололцоотой гэж мэргэжилтнүүд бас найдаж байна.
Ямартаа ч махны үнийг 7 дугаар сар хүртэл өсгөхгүй гэж холбогдох албаныхан нь оны эхэнд мэдэгдэж байсан. Тэр амлалт биелэх янзтай. Манай улс сүүлийн жилүүдэд байгаагүй их хэмжээний мах нөөцөлсөн нь үүнд нөлөөлсөн. Өнгөрсөн намар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярын шийдвэрээр 12000 тонн нөөцийн мах бэлтгэх шийдвэр гаргасан бөгөөд махны үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагууд 12000 тонн махан дээр нэмж 3100 тонн мах бэлтгэнэ гэж амлаж байцгаасан билээ.

Тиймээс өнөөдөр махны үнийн огцом бууралт тодорхой хэмжээнд инфляцийг өсгөхгүй барьж байна. Улаанбаатар хотын инфляци 3 дугаар сарын байдлаар жилийн 7.4 хувь болсон нь зөвхөн махны үнийн бууралтаас шалтгаалжээ. Гэхдээ хэрэв махны үнийг тооцохгүй бол суурь инфляци 3 дугаар сарын байдлаар 7.9 хувьтай болж ерөнхий инфляцийн түвшингээс давж гарсан гэж Монголбанк саяхан мэдээлсэн. Тэд мөн ямар нэг арга хэмжээ авахгүй бол оны эцэст инфляци 15-20 хувь болох магадлалтай гэж мэдэгдсэн билээ.

ТАЛХ, БЕНЗИНИЙ ҮНЭ НЭМЭГДЭВ
5 дугаар сарын 1-нээс “Талх Чихэр”, “Атар Өргөө” компаниуд “Атар” талхныхаа үнийг 20 төгрөгөөр нэмлээ. Иймд үйлдвэрээс 610 төгрөгөөр гардаг байсан энэ талх 630 төгрөг болсноор хэрэглэгчдэд 660-700 төгрөгөөр худалдаалагдах бололтой. Үнээ нэмсэн шалтгаанаа үйлдвэрлэгчид цахилгаан, дулааны үнэ болон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнтэй холбож тайлбарлаж байна.

Мөн ОХУ-ын зах зээлд үүсээд байгаа бензиний хомсдолын улмаас 5 дугаар сарын 1-нээс эхлэн нефтийн бүтээгдэхүүний экспортоо зогсоох шийдвэр гаргасан тул дотоодынхоо шатахууны хэрэгцээг 100 хувь ОХУ-аас хангадаг Монголын нефть импортлогч компаниуд 4 дүгээр сарын 29-нд бүх төрлийн шатахуун, түлшний үнийг 80 төгрөгөөр нэмсэн байна.

Өнгөрсөн 7 хоногт болсон дээрх хоёр үйл явдлаас харахад хүнсний бүтээгдэхүүний үнэ улам нэмэгдэх магадлалтай байна. Ямартаа ч мах сайн нөөцөлсөн, ургац сайн хурааж авсан тулдаа манай улс дэлхийн нийтийг хамарсан хүнсний үнийн өсөлтийг “хоргоож” чадаж байна.

Тариа экспортлох болоогүй

2011 оны тариалалт 5 дугаар сарын 10-наас эхэлнэ. Энэ жил Монгол улс 388.1 мянга тонн үр тариа, 188 мянган тонн төмс, 94.8 мянган тонн хүнсний ногоо хураан авч улсын хэрэгцээт буудай, төмсийг зуун хувь, хүнсний ногооны 60 хувийг дотоодын ургацаар хангах зорилттой байгааг саяхан Дархан хотод болсон Тариаланчдын нэгдсэн зөвлөгөөнд ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай тавьсан илтгэлдээ дурдсан.
Хэрэв зорилт биелэгдвэл өнгөрсөн оныхоосоо илүү ургац, хүнсний ногоо хурааж авна гэсэн үг. Өнгөрсөн онд улсын хэмжээнд 366.3 мянган тонн үр тариа, 169 мянган тонн төмс, 90.3 мянган тонн хүнсний ногоо хурааж авсан байна. Хэрэв биелсэн, биелэгдэх гэж байгаа хоёрыг харьцуулвал газар тариаланг сэргэж, ахиц гарч байна.

Харин Тариалан, гурил үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгч Ш.Гунгаадорж хэдийгээр ахиц гарч буй ч Атрын III аяны эрч суларч байна уу даа хэмээн сэтгэл зовниж байна. “Атрын III аяны хүрсэн амжилт бол эцсийн үр дүн биш. Өнгөрсөн жил энэ аян дууссан юм биш. Цаашдаа ч төр засгийн анхаарал халамж, нийт тариаланчдын чармайлт зүтгэл хэрэгтэй. Гэтэл энэ жил улсын төсөвт газар тариаланд зориулсан мөнгө өмнөх гурван жилээсээ эрс буурсан. Тухайлвал услалтын системд зориулан төсөвлөсөн хөрөнгө бараг гурав дахин буурлаа. Өмнө нь 2 тэрбум гаруй төгрөг төсөвлөж байсан бол одоо 700 сая гаруй төгрөг төсөвлөжээ. Хуурайшилт, цөлжилт ихтэй манай улсад услалтын системгүй газар тариаланг сайн хөгжүүлж чадахгүй” гэж тэр хэлсэн юм.

Өнгөрсөн жил усалгаатай газар тариаланг хөгжүүлэхийн тулд 9959 га талбайг услах хүчин чадал бүхий 180 услалтын системийг шинээр болон сэргээн засварлаж, улсын төсвөөс санхүүжүүлсэн байна. Одоо манай улсад усалгаатай талбайн хэмжээ 43 мянган га-д хүрчээ. 2011 онд 281.2 га талбайд зөвхөн үр тариа тарина гэж бодвол энэ үнэхээр хангалтгүй билээ.

Тэмдэгтийн хураамжийн тухай “буруу” хууль

Гунгаадорж энэ хаврын тариалалтын тухай гэхээсээ газар тариаланд анхаарах ёстой асуудлуудын тухай ярилаа. Тэрбээр Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийг “их буруу хууль” гэж тодорхойлсон. Энэ хуулийг баталснаас хойш бордоо оруулж ирэхэд 75 сая төгрөгийн татвар төлөх шаардлагатай болжээ. Гэтэл ийм татвар төлж чадах компани цөөхөн гэнэ.
“Энэ талаар би УИХ-ын байнгын хороонд ярьсан. Их буруу хууль баталсан байна гэдгийг нь хэлсэн. Засгийн газар, УИХ-ын гишүүд ч үүнийг зөвшөөрч буруу хууль гэдгийг нь ярьж байгаа. Тэдэнтэй очоод уулзахаар анхааралгүй байж байгаад баталчихлаа гэж яриад байгаа. Яагаад анхааралгүй байж байгаад хууль гаргачихсан юм. Энэ бол УИХ яаж ажилладгыг харуулж байгаа юм. Хөдөө, аж ахуйн яам ч юу хийж байсан юм. Унтаж байсан юм уу? Гэхдээ одоо ярих биш маш яаралтай өөрчлөх хэрэгтэй байна. Үүнийг Засгийн газар, УИХ-ын гишүүд анхаараасай. Одоо хаврын тариалалт эхэлчихлээ. Хугацаа тулчихлаа. Хөдөө, аж ахуй бордоогүй бол ургац авах тухай ярих ч хэрэггүй. Газар тариалан бордоогүй бол амьгүй л гэсэн үг ” гэж Гунгаадорж ярилаа.

Техникийн шинэчлэл, хангамж чухал хэвээрээ

Мөн техникийн шинэчлэл, хангамжийн талаар тэр санаа зовж байв. Хэдийгээр техникийн шинэчлэлд төрөөс анхаарч Атрын III аяны хүрээнд гурван ангиллын трактор 501, үр тарианы комбайн 144, ХАА-н чиргүүл, дүүжин машин 620 ширхэгийг импортоор авч аж ахуйн нэгж, иргэдэд хөнгөлөлттэй нөхцлөөр олгож тракторын 80 хувь, ургац хураах техникийн 65 хувийг шинэчилсэн боловч үүнийг Гунгаадорж хангалтгүй гэж үзэж байна.
“Техникийн шинэчлэл, хангамж муу байгаа болохоор богино тариа хугацаанд тарих, хураах боломжгүй болдог. Нэгдүгээрт, хуучин техникийн чанар муу. Хоёрдугаарт, тоо цөөн байгаа болохоор ажлыг хугацаанд нь хийж хүчирдэггүй. Үүнээс болж тариа алагладаг, ногоордог, болц нь оройтдог. Тариалалтын хугацаа хэтэрч цасанд даруулдаг” гэж тэр хэлээд “Техникийн шинэчлэл, хангамжийг сайжруулахад Атрын III аяны үед үзүүлж байсан тусламжаа төр хэвээрээ үргэлжүүлэх хэрэгтэй. Дундаас нь хаяж болохгүй. Эхний үед энэ асуудалд төр оролцож, хөрөнгө оруулалт хийхгүйгээр дан хувийн хэвшлийнхэн хийж чадахгүй. Нэгэнт техник нь шинэчлэгдээд, хангамж нь сайжирсан нөхцөлд энэ салбарынхан цаашдаа бие даагаад явах ёстой. Харин одоо арай болоогүй байна” гэв.

Таваарын тарианы нөөц хэрэгтэй

“Одоо манайхан Атрын III аяны амжилтанд амтшаад улаан буудай экспортолно гээд яриад байх юм. Яах вэ. Сонсоход бол сайхан л даа. Гэхдээ бид тариа экспортлох хэмжээнд хүрэх болоогүй. Эхлээд ядахнаа нөөцтэй болмоор байна. Одоо бидэнд бол үрийн нөөц л гэж байгаа. Харин таваарын тарианы нөөц байхгүй. Илүү тариа гарвал улсын нөөцөндөө хадгалах хэрэгтэй байна. Ихэнх улс орнууд тав, таван жилээр таваарын тарианы нөөцөө сэлгээд солиод байдаг. Бид ийм болох хэрэгтэй. Гэтэл энэ талаар хэн ч дуугарахгүй юм. Жаахан илүү тариа гарахаар экспортолно гэж хөөрцөглөөд байх юм. Ингэхээсээ өмнө таваарын тарианы нөөцөө хэрхэн бэлдэх талаар яримаар байна.
Жил болгон ургац сайн авахгүй. Ургац алдах үе гарна. Тэгсэн цагт гаднаас гуйх болно. Экспортолсон орлогоосоо илүү үнээр л худалдаж авч таарах вий. Тиймээс энэ талаар нөөцөлчихөөд экспортолно уу гэхээс зүгээр л нэг жилийнхээ хэрэгцээг хангачихаад л үлдсэнийг нь гадаад гаргаад байх буруу” гэж Гунгаадорж ярьсан юм. Түүнээс:
-Таваарын тарианы нөөц гэж байдаггүй юм уу? гэж лавлаж асуухад:
-Ерөөсөө байхгүй. Үрийн нөөц гэж байгаа гэж хариулав.

Хураамжийн мөнгийг байцаагчид ашиглах боломжгүй

Гаалийн байцаагчид аж ахуйн нэгж, иргэдээс авсан хураамжийг өөрсдөө ашиглах ямар ч боломжгүйг ГЕГ-ын Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга М. Өлзийбат хэвлэл мэдээллийнхэнтэй уулзахдаа хэлэв.

Учир нь гаалийн байгууллага татварын хураамжийн нэгдсэн онлайн программтай болж, бүгдийг ил тод харах боломжтой болсон тул бүх хураамж, торгуулийг ажиглаж, хянаж тулгадаг гэнэ. “Хэн гэдэг хүн, ямар аж ахуйн нэгж ямар бүрдүүлэлтээр хэчнээн хэмжээний хураамж төлснийг бид онлайнаар хардаг. Бүгдийг тулгаж, хянадаг тул бидэнд ямар нэг эргэлзээ гардаггүй” гэж Өлзийбат ярьсан. Тиймээс гаалийн байцаагчид, гаалийн байгууллага хураамжийг зориулалтын бусаар ашиглах үндэслэлгүй ажээ.

Гаалийн байцаагчид болон гаалийн байгууллага торгууль, хураамжийг өөрсдөдөө ашиглах боломжгүй байдгийн бас нэг шалтгаан нь тэд бэлэн мөнгө авдаггүйд оршино.

Хураамж, торгуулийг банкаар дамжуулан хийдэг байна. Жишээ нь нэг иргэн гаальд торгууллаа гэхэд түүнд гаалийн байцаагч шийтгэврийн хуудас өгнө. Түүнийг тухайн иргэн тэр өдрөө банканд тушаахад мөнгө нь шууд л улсын төсөвт орно.

Гаалийн байгууллагуудтай хамтарч ажилладаг зургаан арилжааны банк байдаг. Эдгээр арилжааны банкууд нь гаалийн нэрийн өмнөөс зохих аж ахуйн нэгж, хувь иргэдийн төсөвт төвлөрөх мөнгийг дамжуулан төрийн сан руу оруулдаг. Гаалийн байцаагч, гаалийн байгууллага үүнийг захиран зарцуулах эрхгүй гэж Өлзийбат мөн ярьсан.

Дашрамд сонирхуулахад, өнгөрсөн онд зөвхөн уул уурхайн салбарын хураамжаас 34.6 тэрбум төгрөг улсын төсөвт гаалийн байгууллага төвлөрүүлсэн байна. Харин энэ улирлын эхний улиралд 5.8 тэрбум төгрөг зөвхөн уул уурхайн чиглэлийн хураамжаас улсын төсөвт төвлөрүүлжээ.

Одоогийн байдлаар нүүрснээс бусад экспортод гарах уул уурхайн бүтээгдэхүүнд нэг тонн тутамд 1000 төгрөгийн хураамж авдаг. Нүүрснээс бол нэг тонн тутамд 1500 төгрөгийн хураамж авдаг юм байна. Ингэхдээ гаалийн мэдүүлэгт төлдөг хураамж болох 7000 төгрөг, 1200 төгрөгийг чөлөөлсөн ажээ.

Гаалийнхан хэрэг бүртгэдэггүй

“2010 онд гаалийн байгууллага 2875 захиргааны зөрчил илрүүлсэн. Үүнд: барааг мэдүүлэгт бичээгүй, худал мэдүүлсэн, татвараас зайлсхийсэн, гаалийн хяналтанд байгаа барааг зөвшөөрөлгүй хөдөлгөсөн гэх мэтчилэн захиргааны зөрчлүүд багтсан. Эдгээр захиргааны зөрчилд 265 сая гаруй төгрөгийн торгууль ноогдуулсан. Мөн 89 сая төгрөгийн барааг хурааж улсын орлого болгосон” гэж ГЕГ-ын Зөрчлийг урьдчилан сэргийлэх хэлтсийн гаалийн улсын ахлах байцаагч Ц.Гэндэнцэвээн хэлэв.

“Хураасан бараагаа яадаг вэ?” гэж Гэндэнцэвээнээс асуухад “Хураасан барааг хэрхэн шийдвэрлэх талаар тодорхой заасан журам байгаа. Тэр журмын дагуу эхлээд бид ялгадаг. Түүх соёлын хосгүй үнэт дурсгал, буу зэвсэг, химийн бодис зэргийг бол ГЕГ-аа авчирч асуудлыг шийднэ. Хариуцсан төрийн байгууллагуудад нь шилжүүлж өгдөг. Харин бусад барааг бол дуудлага худалдаагаар худалддаг журамтай” гэв.

2010 онд ГЕГ 85 эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Эрүүгийн хэргийн хэргийн улмаас 1 тэрбум 113 сая орчим төгрөгийн барааг саатуулжээ. Саатуулсан бараагаа ихэвчлэн цагдаагийн байгууллагад эрүүгийн хэрэгтэй нь дагуулж өгдөг байна. Хэрэв их том овор, хэмжээтэй эд зүйл байвал гаалийн байгууллагын агуулахад цагдаагийнхан лацдаад үлдээдэг гэнэ.

1996-2002 он хүртэл гаалийн байгууллага хэрэг бүртгэх эрхтэй байжээ. “Энэ нь аливаа зөрчлийг илрүүлсний дараа эрүү үүсгэх үү, үгүй юу гэдгийг хуулийн хүрээнд тодорхойлоод эрүү үүсгэхээр байвал хэрэг бүртгэлтийнхээ ажиллагааг эхлээд, мөрдөн байцаалтын шатанд нь цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгдөг байлаа. Харин одоо бид хэрэг бүртгэхээ больсон. Хэрэг бүртгэх эрх маань цагдаагийн байгууллагад шилжсэн” гэж Гэндэнцэвээн хэлсэн.

Одоо Зөрчлийг урьдчилан сэргийлэх хэлтэс нь зөрчлийг бүртгэж нийт тоо мэдээг гаргах, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн эрүүгийн хэргийн тоо мэдээг гаргах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчил гаргуулахгүй байх талаар ажиллах, зөрчилтэй холбоотой янз бүрийн мэдээллийн сувгаар олсон мэдээллээ нарийвчлан шалгах гэх мэт үүрэгтэй юм байна.

Өнгөрсөнд онд эрүү үүсгэсэн хэргүүдээс цухас дурдвал: Ангын гаралтай (Хөлдүү чонын 80 ширхэг мах, бугын эвэр гэх мэт) нийт 31 сая төгрөгийн эд зүйл хамрагдсан хэргүүд, бараатай холбоотой нийт 652 сая төгрөгийн эд зүйл хамрагдсан хэргүүд, Нийт 56 сая орчим төгрөгийн гурван төрлийн махтай холбоотой хэргүүд гэх зэрэг байна. Эдгээр бараа, эд зүйлсийн ихэнхийг зохих байгууллагын зөвшөөрөлгүй, нууцаар хилээр гаргах гэж оролдсон байна.

Мөн 44 сая төгрөгийн үнийн дүн бүхий 20 нэр төрлийн мансууруулах бодис, эмтэй холбоотой барааг саатуулж эрүүгийн хэрэг үүсгэж цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. 1.7 кг мансуурах бодисыг гаалийн байгууллага илчилж, одоо тус хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа ажээ. Ер нь манай улсад эм тариа ОХУ-аас орж ирдэг. Харин БНХАУ-аас эм бэлдэх бүтээгдэхүүн, түүхий эд орж ирдэг байна.

Харин Монголоос ардын уламжлалт эмнэлгийн эм тан гадагшаагаа гардаг гэнэ. Өнгөрсөн онд гэхэд л 21 кг зөвшөөрөлгүй гаргах гэж байсан уламжлалт эм тан гаальд хураагдсан байна.