Thursday, 28 April 2011

НЭГ Ч ИРГЭНИЙГ ХОХИРООХГҮЙ

Сүхбаатар дүүргийн 7 хорооллын 9,10, 11, 12 хорооны нутаг дэвсгэрт 10950 айлын орон сууцны цогцолбор хороолол барихаар болсон билээ. Энэ ажил Засгийн газрын баталсан “100 мянган орон сууц” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих юм.

Эхний ээлжинд 2011 онд дээрх дөрвөн хорооны 210 га газраас 50 га газрыг чөлөөлж, инженерийн шугам сүлжээний ажлыг хийж гүйцэтгэх төлөвлөгөөтэй байгаа. Энэ ажлыг хийж гүйцэтгэхийн тулд 50 га газрын айл өрхийн хашаа, аж ахуйн нэгж байгууллагуудын нийт 854 нэгж талбарыг чөлөөлөх ёстой. Энэ 854 нэгж талбарын 512 нь айл өрх, бусад аж ахуйн нэгж.

Одоогийн байдлаар “Гэр хорооллын орон сууцжуулах төслийн нэгж” Сүхбаатар дүүргийн 32-ын тойрогт нээгдэж үйл ажиллагаа явуулж байна. Тус нэгж айл өрхүүд болон аж ахуйн нэгж байгууллагуудтай гэрээ байгуулж газар чөлөөлөх ажлыг хийх зорилготой.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хэрэгжүүлж буй “Гэр хорооллын орон сууцжуулахтөсөл”-ийн менежер Д.Пүрэвдаштай уулзаж зарим зүйлийг лавлаж тодруулав.

—Төслийн нэгж хэзээ нээгдсэн вэ. Яаж ажиллаж байна вэ?
—“Гэр хорооллын орон сууцжуулах төслийн нэгж” энэ сарын 18-нд нээгдээд ажиллаж эхэллээ. Бид өглөөний 9 цагаас оройн 19 цаг хүртэл ажиллаж иргэдийн санал хүсэлтийг авч байна. Өдөр 13-14 цагийн хооронд үдийн цайнд ордог. Манайх 32-ын тойргийн хотын төв рүү ордог шинэ замын баруун талд байрладаг. Ажлын цагаар 9,10, 11, 12 хорооны нутаг дэвсгэрт амьдардаг оршин суугч иргэд энд ирж холбогдох мэдээ мэдээллийг авч болно.

—Та иргэдийн санал хүсэлтийг авч байгаа гэлээ. Жишээлбэл нэг өрх айл газраа хэдээр зарах боломжтой вэ?
—Бид эхний ээлжинд 50 га газрыг чөлөөлөхийн тулд оршин суугчид, аж ахуйн нэгж байгууллагуудын санал хүсэлтийг авч байна. 50 га газрыг чөлөөлөхийн тулд 512 айлыг нүүлгэн шилжүүлэх ёстой. Одоогийн байдлаар үнэ өртөгийн хувьд тодорхой хэлэх боломжгүй. Бид иргэдийнхээ санал хүсэлтийг бүрэн авсны үндсэн дээр төсөвтэйгээ уялдуулж үнийн дүнг тогтооно. Нийслэлийн захиргаа энэ ажилд зориулж 20 тэрбум төгрөгийн санхүүжилтыг баталсан.

—Хэчнээн иргэд та нартай уулзаж, санал хүсэлтээ илэрхийлэв. Тэд ямар хүсэлтэй байна. Газраа зарна гэнэ үү. Орон сууцанд орно гэж байна уу?
—Одоогийн байдлаар нээгдсэнээс хойш 300 гаруй иргэд төслийн нэгжид ирж санал хүсэлтээ илэрхийллээ. Ирсэн иргэд дийлэнх нь, бараг 80 хувь нь, орон сууцанд оръё гэсэн сонирхолтой байна. 4, 5 жил байранд орохыг хүлээсэн иргэд ч бий. 2006 онд газрыг нь чөлөөлнө гэж төр захиргааны газраас энэ хавийн оршин суугчдад хэлчихсэн байсан учраас орон сууцанд орохыг хүлээсэн хүмүүс их байна. Бид иргэдтэйгээ тохиролцож, орон сууцанд ороход нь бэлэн болгоно.

—Бэлэн баригдсан орон сууцанд орох уу?
—Бэлэн байгаа орон сууцны барилгуудад орно. Одоогоор барилгын компаниуд саналаа ирүүлж байна. Тэднийг бид бас авч хэлэлцэж зөвшилцөж байгаад сонгоно. Гэхдээ хэрэв иргэд энэ хавьд амьдрах сонирхолтой байвал түр орон сууцанд амьдарч байгаад, шинэ хорооллын барилга баригдаад дуусангуут тийшээ орж амьдарч болох юм.

—Түр орон сууцны байр баригдаж дууссан уу?
—12 дугаар сарын эхээр баригдаж дуусна. Энэ түр орон сууцны барилга Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр дээр баригдаж байгаа.

—Та иргэдийн санал хүсэлтийг авч байгаа болохоор газрын үнэ өртөгийг тодорхой хэлэх боломжгүй гэсэн. Гэтэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр зарим айл өрхүүд газраа 100 саяар үнэлж зарах гэж байна гэж мэдээлсэн байгаа?
—Тийм хүндрэлүүд учирч байгаа нь үнэн. Гэхдээ бид аль болох тохиролцож, санал хүсэлтийг нь төсөвтэйгээ уялдуулж байгаад үнийн дүнг гаргана. Ер нь хэвлэл мэдээллийнхэн аль хэдийн газрын үнийг нь тогтоогоод гаргасан байна. Тэгж бас болохгүй л дээ. Энд чинь янз бүрийн хэмжээтэй газартай айлууд бий. Мөн өндөр өртөгөөр барьсан аж ахуйн нэгжүүд ч бий. Бага өртөгөөр барьсан байшин барилгатай аж ахуйн нэгж бий. Тийм болохоор бид эд бүгдийг зохицуулалт хийж, хооронд нь уялдуулаад үнийн дүнг гаргана. Тиймээс шууд дүн гаргаж болохгүй л дээ.

—Газраа өмчилсөн иргэд орон сууцаар сольж, эсвэл зарах эрхтэй байх юм байна. Харин айлын хашаанд амьдарч байгаа айл өрхүүд яах вэ? Тийм айлууд олон байдаг шүү дээ?
—Тэр үнэн. Нэг хашаанд газар эзэмшигчээс нь өөр олон айл өрхүүд удаан жил амьдарчихсан тохиолдол бий. Хашааны газар эзэмшигчийн төрсөн дүү, ах дүү хүүхэд хамаатан садангууд нь гээд л нэг хашаанд амьдарч байдаг. Тэднийг хаашаа нүүлгэх вэ? гэдэг асуулт тавигдах нь гарцаагүй. Хамгийн гол нь бид нэг ч иргэнийг хохироохгүй. Ямар ч байсан эхний ээлжинд газар эзэмшигчтэй нь тохиролцоно. Ингэсний үндсэн дээр бусад оршин суугчдыг нь нүүлгэн шилжүүлнэ. Газар эзэмшигчид нь орон сууц өгөөд, үлдсэн айлуудыг нь нүүлгэн шилжүүлнэ. Шувуун фабрикт Шинэ суурьшлын бүс гэж нэг хэсэг газрыг сонгосон байгаа. Тийшээ нүүх бүх зардлыг манайх даана.

—Аж ахуйн нэгжид ямар санал тавих вэ?
—Дахин хэлэхэд бид одоогийн байдлаар иргэд, аж ахуйн нэгжийн санал хүсэлтийг авч байгаа болохоор өөрсдийн тавих саналыг тодорхой хэлэх болоогүй байна. Эхний ээлжинд саналыг нь авч, төсөл, төсөвтэйгээ уялдуулж үнийг нь тогтооно. Ирэх 5 дугаар сарын 15-наас эхлэж газар чөлөөлөх ажил эхэлнэ.
—Танд баярлалаа.

ИЛҮҮДЭЛ МӨНГӨНӨӨС БОЛЖ ИНФЛЯЦИ ӨСЧ БАЙНА

Оны эцэст инфляци 15-20 хувь болох магадлалтай байгаа тул Монголбанк мөнгөний бодлогоо чангаруулж, бодлогын хүүгээ 0.5 хувиар нэмэгдүүлж 11.5 хувь болголоо.

Хэдийгээр энэ оны 3 дугаар сарын байдлаар Улаанбаатар хотын инфляци сүүлийн 10-15 жил гарч байгаагүй махны үнийн бууралтаас шалтгаалж 7.6 хувь болсон таатай үзүүлэлт байгаа ч хэрэв хүнсний бүтээгдэхүүний гол барааг хасч суурь инфляцийг тооцвол 7.9 хувьтай байна. Энэ нь ерөнхий инфляцийн түвшингээс өндөр гэсэн үг. Суурь инфляци ийнхүү ерөнхий инфляцийн түвшингээс давж гарч байгаа нь бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтээс харьцангуй бага хамаарсан мөнгөний илүүдэл нийлүүлэлтээс үүдэлтэй инфляци үүсч буйг харуулж байна.

Мөнгөний нийлүүлэлт 3 дугаар сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 67 хувь буюу 1.98 их наяд төгрөгөөс өсч, цаашид ч өсөх хандлагатай байна.
Мөнгөний нийлүүлэлт ийнхүү хурдтай өсөхөд гадаадын хөрөнгө оруулалт, төсвийн огцом тэлэлт, зээл өссөн нь нөлөөлсөн. 3 дугаар сарын байдлаар санхүүгийн системийн зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 35 хувиар буюу 962 тэрбум өссөн.
Эдгээр шалтгаанаас үүдээд ойрын ирээдүйд учрах инфляцийн дарамтыг сулруулахын тулд Монголбанк бодлогын хүүгээ 11.5 хувь болгожээ. “Манай улсын эдийн засгийн потенциал сэргэж амжаагүй, дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний нийлүүлэлт хангалттай хэмжээнд хүрч чадаагүй байхад мөнгөний илүүдэл нийлүүлэлтээс болсон эрэлт огцом өсч байгаа нь бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хөөргөдөх нөхцөл байдал үүсээд байна” гэж Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан сэтгүүлчдэд хэллээ.

Хэрэв Төв банк мөнгөний бодлогыг чангалахгүй бол “бид тун удахгүй бол дахиад нэг санхүү, эдийн засгийн тогтворгүй байдалтай учирч, улмаар бас нэг хямралд хүрэхийг үгүйсгэх аргагүй юм!” гэж Монголбанк сэрэмжлүүллээ.

Монголбанк энэ шийдвэрээ зөвхөн өнөө маргаашийн нөхцөл байдлыг бус, харин урагшаа, алсыг харч гаргасан гэдгээ онцолж байв.

Мөнгөний бодлогыг чангаруулсан нь: Нэгдүгээрт, эдийн засгийн хэт халалтаас үүдсэн үнийн өсөлтийг урьдчилан сэргийлэх. Хоёрдугаарт, мөнгөний илүүдэл нийлүүлэлтээс шалтгаалан нэмэгдэж буй суурь инфляцийн их дарамтыг бууруулж дунд хугацааны тогтвортой өсөлтийг хангах зорилготой аж.

Monday, 25 April 2011

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ БОЛ СОЁЛЫН ГҮҮР

Монголд ирдэг нийт жуулчдын 80 хувь нь дулааны улиралд ирдэг. Тиймээс одоо аялал жуулчдын салбарынхны хувьд ажил нь эхэлж байна. Өнгөрсөн онд манай улсад гадаадын 557 мянга гаруй иргэд ирснээс 456 мянга гаруй нь жуулчид гэсэн тооцоо байдаг. Харин энэ жилийн хувьд үүнээс ч илүү жуулчид ирэх магадлалтай гэж аялал жуулчлалын салбарынхан үзэж байгаа.

Аялал жуулчлалыг эдийн засгийг төрөлжүүлэх нэг салбар болгохын тулд аялал жуулчлалын салбарынхан хамтран ажиллаж олон арга хэмжээ авч байна. Үүний нэг нь Дорнод аймгийн Чойбалсан хотод энэ сарын 27-30-ны хооронд болох “Хөрш зэргэлдээ гурван улсын аялал жуулчлалын өдөр-2011” олон улсын уулзалт зөвлөгөөн юм. Энэхүү уулзалт зөвлөгөөнийг Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар, Зүүн бүсийн зөвлөл, БОАЖЯ, Аялал жуулчлалын багш судлаачдын нийгэмлэг хамтран зохион байгуулна.

Тус уулзалт зөвлөгөөний үеэр Аялал жуулчлалын багш судлаачдын нийгэмлэг “Зүүн бүсийн аялал жуулчлалын хөгжлийн өнөөгийн байдал, чиг хандлага” олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг удирдан зохион байгуулах юм.

“Бид олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, мөн Улаанбаатарын болон орон нутгийн аялал жуулчлалын байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах зорилготой бизнес эрхлэгчдийн форумыг зохион байгуулна. Бас зочид буудлын үйлчилгээ, зоогийн газрын халуун хоолны арга технологийн тухай практик сургалт хийнэ” гэж МУБИС-ын аялал жуулчлалын багш Ө.Амгалан ярилаа.
Аялал жуулчлалын багш судлаачдын нийгэмлэг нь 40 орчим их дээд сургуулийн 50 орчим багш гишүүнтэй байгууллага юм. Тэдний гол зорилго нь аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд тус дэм болох судалгаа шинжилгээ хийх, багш нарынхаа мэдлэг чадварыг дээшлүүлэхэд оршдог аж.

Аялал жуулчлалын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлагын талаар Ө.Амгалантай ярилцав.

Статистикийн тооцоог улам нарийн гаргах хэрэгтэй
Өнгөрсөн жил манай улсад 456 мянга гаруй гадаадын жуулчид иржээ. БНХАУ (193 мянга орчим), ОХУ (121 мянга орчим) хоёр улсын иргэд хамгийн их манайд жуулчилсан байна. Гэхдээ энэ тооцоог улам нарийн гаргах чухал. Статистикийн тоо баримт нийт жуулчдын хэв шинжийг үзүүлж чадахгүй эргэлзээтэй, өрөөсгөл байдаг. Жишээ нь БНХАУ-аас өнгөрсөн жил ирсэн 193.700 жуулчин, чухам яг жуулчлах гэж ирсэн үү, эсвэл ажил хийх гэж ирсэн үү гэдгийг ялгаж салгахад бэрх.

“Манай улс Хятад Улсаас ирэх жуулчдыг дэмжихийн тулд визэндээ хөнгөлт үзүүлж, визний хугацааг гурван сар хүртэл хугацаатай дардаг болсон. Гэтэл хятадын жуулчдын хамгийн их ирдэг үе нь барилгын салбарынхны ажил ид өрнөдөг улиралтай давхцаад байдаг. Тэгэхээр жуулчин ирээд байна уу, барилгачин ирээд байна уу гэдгийг сайн ялгах ёстой” гэж Амгалан ярьсан.

Тиймээс олон улсын аялал жуулчлалын туршлагыг судалж, дагалдах статистикийг хөгжүүлэх шаардлагатай гэнэ. Жишээлбэл, гадаадын иргэний ямар зочид буудал буусан, ямар газруудаар явсан зэрэг нь бүрэн бүртгэгдэж, судлагдсан байвал жуулчдын зарлага, өртөгийг нарийн гаргах боломж бүрдэх ажээ. “Энэ мэтчилэн бид тооцож чадвал орлого зарлага, статистик энэ бүх зүйл үнэн бодиттой болно. Манай Аялал жуулчлалын багш судлаачдын нийгэмлэгийн аялал жуулчлалыг зөв судалгааны үндсэн дээр хөгжүүлэхэд тус дэм болох бас нэг зорилготой.”

Тэрээр мөн, “Ер нь манай улсын аялал жуулчлал ямар нэг суурь судалгаанд түшиглэн хөгжөөгүй. 1990 оноос хойш хар туршлагад тулгуурлан хөгжиж ирсэн. 1990 оноос өмнө Жуулчин компанид хөтөч хийж байсан хүмүүс өөрсдийн туршлагад суурилаад л аялал жуулчлалыг хөгжүүлсэн. Харин одоо аялал жуулчлалын салбар цаашаа хөгжихдөө ямар хөгжлийн бодлого барих уу. Өнөө хүртэл баримталсан бодлого маань зөв байж уу? Үгүй юу гэдгийг эргэж харах цаг болсон. Тийм ч учраас Засгийн газрын хэмжээнд хэлэлцэж Аялал жуулчлалын үндэсний цогц бодлогоо дахин шинэчилж байна. Мөн Аялал жуулчлалын тухай хуулийг шинэчлэн найруулж байгаа. Үнэндээ 2000 онд баталсан хууль маань аялал жуулчлалынхаа хурдацтай хөгжлийг гүйцэхээ болиод олон зүйлийн харилцааг зохицуулж чадахгүй, заримдаа зөрчилдөх хандлага бий болчихсон байдаг” гэв.

Аялал жуулчлал ардын уламжлалыг сэргээдэг
Өнгөрсөн жил манай улсын аялал жуулчлалын салбарын орлого 222 сая гаруй ам.долларт хүрсэн. Энэ нь 2009 оноосоо 9 сая гаруй ам.доллараар нэмэгдсэн тоо. Эндээс харахад аялал жуулчлал манай эдийн засагт хувь оруулж байгаа нь илт. Аялал жуучлалын эдийн засагт оруулж буй хувь нэмэр нь шууд бус харин тойруу замаар орж ирдгийг мэргэжилтнүүд онцолдог. Жишээ нь аялал жуулчлал хөгжихийн хэрээр ардын уламжлал сэргэж байна.
Амгалангийн хэлснээр бол, аялал жуулчлал эрчимтэй хөгжихөөр улс орнуудын уламжлалт урлаг, соёл их идэвхждэг гэнэ. “Ерээд онд ардын урлаг байхгүй боллоо. Бүгд зах дээр зогслоо гэж ярьдаг байсан. Тэгтэл одоо аялал жуулчлалаар дамжаад ардын урлаг сэргэж байна. Урьд нь ардын урлагийн тоглолт хийдэг ганцхан “Түмний эх” чуулга байсан бол одоо олон хамтлаг бий боллоо. Ардын урлаг хөгжихөөр орчин цагийн урлагт ч мөн ардын урлагийн хэв шинж аажим аажмаар шингэж байна. Энэ бол аялал жуулчлалын нэг давуу тал” гэж тэр ярьсан билээ.

Зөвхөн урлаг ч биш мөн уламжлалт ахуйн соёл ч гэсэн аялал жуулчлал хөгжихийн хэрээр сэргэдэг. Уламжлалт хэв шинжээ хадгалж үлдэх сонирхол ихсэж, хөдөөгийн малчид жуулчдыг ирэхэд уламжлалт ахуй соёлоо сурталчилдаг. Тэд аялал жуулчлалын байгууллагуудтай тохиролцоод жуулчдыг гэртээ хүлээж авдаг. Үүнийхээ төлөө бага хэмжээний мөнгө авдаг. Тиймээс жуулчдыг ирэхэд хөдөөний малчин айл “хэт орчин үеийн болоод” сууж байх тохиромжгүй тул уламжлалт соёлын хэв шинжийг хадгалах сонирхол тэдэнд бий болдог ажээ.

Мөн аялал жуулчлалыг дагаад олон салбар хөгждөгийн нэг нь жижиг, дунд үйлдвэрлэл гэдгийг Амгалан хэлж байв. Бэлэг дурсгалын үйлдвэрлэл сайн хөгжиж байгаа нь үүний нэг тод жишээ гэдгийг тэр дурдаад “Энэ бүхэн бол аялал жуулчлал асар холоос улс орныг хөгжүүлдэг, нөлөөлдөг болохыг харуулж байгаа юм. Аялал жуулчлалыг дагаж өндийдөг олон салбар бий” гэж гэлээ.

Ер нь орчин үед аялал жуулчлал өндөр хөгжсөн улс орнуудыг найрамдлын бэлэг тэмдэг гэж үздэг бөгөөд аялал жуулчлалыг бол соёлын гүүр гэж тодорхойлдог болжээ.

Дахин ирэх жуулчид бага байдаг
“Мэдээж аялал жуулчлалыг дагаж хөгжих нэг салбар бол нийтийн хоолны салбар. Харин манай улсад хоол хүнсээрээ жуулчдыг татаж чадах болов уу?” гэж Амгалангаас асуухад “Хэрэв бид хаана ч харьцуулах боломжгүй, өвөрмөц амттай хоол хүнсээр жуулчдыг дайлж чадвал тэдний сонирхлыг улам их татаж чадна. Жишээлбэл, хонины толгой дэлхийн өвөрмөц хоолнуудын жагсаалтад нэлээн дээгүүр орсон байдаг. Хамгийн гол нь бид гадаадын жуулчдын өөрсдийнх нь иддэг хоолыг дуурайж хийгээд сэтгэлд нь хүрэхгүй болохоор монголын хоолны талаар таагүй сэтгэлтэй тэд хоцордог” тэр хариулсан.

Мөн “Бид стандарт гаргаад түүнээ мөрдөөд явахаар яг нэг загварын үйлчилгээг бий болгочихдог муу талтай. Хөдөө орон нутагт байдаг жуулчны баазууд нэг хэвийн, ав адилхан байдаг. Бид уул нь өвөрмөц олон үйлчилгээг хийдэг бол жуулчдын дахин ирэлт ихсэнэ” гэж Амгалан хэлсэн. Тиймээс манай улсын жуулчны баазууд үнээр өрсөлдөхгүй, өвөрмөц хэв шинжээрээ өрсөлдөх ёстой гэнэ. Хэрэв тэгж чадвал нэгэнт ирсэн жуулчдаа аль болох удаан байлгаж, дахин ирэх хүслийг төрүүлж чадах ажээ.

Ер нь манай улсад ирж байгаа жуулчид дахин ирэх нь тун бага байдаг. Үүний нэг шалтгаан нь Монголд ирж байгаа жуулчдын ихэнх нь адал явдалт аялалд дуртай “өвөрмөц сэдэл сонирхолтой” аялагчид байдаг бөгөөд тэд нэг үзсэн газраа дахиж үзэх сонирхолгүй байдаг гэнэ. Мөн үзэх үзмэр, жуулчдыг сатааруулах, цэнгээх зүйл ховор байдгаас болдог гэнэ.

Тиймээс аялал жуулчлалыг улам хөгжүүлэхийн тулд хөрөнгө оруулалт хийж Хархорин төсөл шиг олон төсөл хэрэгжүүлэх хэрэгтэйг Амгалан хэлж байлаа. Гэхдээ аялал жуулчлалд хөрөнгө оруулалт хийхдээ эрсдэлийг тооцох нь чухал гэдгийг ч тэр мөн дурдсан. “Бид эдийн засгийн хувьд эрсдэлийг нь тооцож үзэх хэрэгтэй. Мөн манайд ирж байгаа жуулчид дахин ирэх нь бага байдаг учраас ийм зах зээл рүү их хэмжээний хөрөнгө оруулалт хийх бас эрсдэлтэй” гэж хэлсэн.
Гэхдээ, монголын аялал жуулчлалын салбарт их хэмжээний хөрөнгө оруулалт хийх эрсдэлтэй ч манай улсад нь аялах нь аюулгүй гэдгийг тэр дурдахдаа “Дэлхийн аялал жуулчлалын зах зээлд Монгол аюулгүй бүс нутагт тооцогддог. Жуулчдыг барьцаалах, дээрэмдэх, зүй бусаар доромжлох үзэгдэл байдаггүй. Харин хамгийн их анхаарах зүйл бол халаасны хулгай байдаг. Бичиг баримтаа алдсан жуулчид их байдаг шүү” гэв.

Хурал зөвлөгөөн аялал жуулчлалын салбарт тустай
Аялал жуулчлалыг Монголд хөгжүүлэхэд хурал зөвлөгөөн их тус нэмэртэйг Амгалан хэлэхдээ “Жуулчдын улирлаас хамаардаггүй олон улсын олон арга хэмжээнүүдийг эх орондоо зохион байгуулвал гадаадын иргэд манайд ирэх нь ихсэнэ. Олон янзын олон улсын чуулга зөвлөгөөнийг Монголд тогтмол зохион байгуулвал албаны хүмүүс, хэвлэл мэдээллийнхэн гээд олон хүн ирэх болно. Үүнийг дагаад наад зах нь зочид буудлуудад орлого орно. Дэлгүүр хоршооны худалдаа нэмэгдэнэ. Магадгүй цагийн ажилчдын орон зай бий болно. Сингапур гэхэд л долоон хоногт бараг хоёр удаа төрийн дээд хэмжээний олон улсын уулзалт зөвлөгөөнүүд хийдэг” гэв.

Энэ нь цаад утгаараа аялал жуулчлалынхаа салбарыг дэмжиж байгаа хэрэг ажээ. Тийм ч учраас Аялал жуулчлалын багш судлаачдын нийгэмлэг Зүүн бүсийн аялал жуулчлалд өөрсдийнхөө хувь нэмрийг оруулахын тулд “Хөрш зэргэлдээ гурван улсын аялал жуулчлалын өдөр-2011” чуулга уулзалтыг зохион байгуулахад оролцож байгаа ажээ. Энэ олон улсын чуулга уулзалтаа тэд жил бүр тогтмол зохион байгуулахаар зорьж байна.

НУУЦЛАХААС ӨӨР САНАА ЗОВОХ ЗҮЙЛ БИЙ

Саяхан Сүхбаатарын талбай дээр цуглаан болж байлаа. Уучлаарай. Болж биш болох гэж байлаа. Болох гэж байхад нь тэнд очсон юм. Ойртох тусам морин дээр суусан жанжин Сүхбаатарын хөшөө шавааралдсан олны дундаас бүрэн харагдахаа байж, эгээтэй л усанд живж буй хүн шиг гараа өргөн амь авраарай гэж буй мэт “булталзана”.
Эхлээгүй мөртлөө ийм байгаа юм чинь, ид дундаа орвол улам олон хүн бужигнуулах цуглаан санагдаад захад нь зогссон хүнээс:
—Ямар цуглаан болж байна вэ? гэж асуулаа.
—Мэдэхгүй. Хүмүүс цуглахаар нь л ирлээ гэв. Надтай адилхан юу ч мэдэхгүй хүн таарлаа гэж бодоод тав алхамын цаана зогсоо буурал үстэй эрээс:
—Ахаа ямар цуглаан болж байгаа юм бэ? гэж лавлав.
—Мэдэхгүй гэж байна. Жаахан гайхаад цаашаагаа явж бор дээлтэй эмээгээс дахиад л дээрх асуултаа асуув.
—Өө, мэдэхгүй хүү минь. Эгч нь харч л зогсоно гэлээ. Мэдэхгүй хүнээс юу асуух билээ. Цаашаагаа алхлаа.

Ойр хавьд мэдчихмээр хүн хайж байгаад хар пальтотой, нүдний шилтэй, жар орчим насны хотын сэхээтэн байрын хүнийг нүдээрээ “олзолж”, очоод:
—Ахаа энд ямар учиртай цуглаан болж байна? гэж нас намбанд нь тааруулан намбалаг аажуу асуулаа. Гэтэл өнгө төрхөөр нь онцолж, найдсан хүн маань урам хугарлах хариу хэлэв. Хариу ч гэж дээ.
—Хм гэж хоолойгоо засч дуугараад толгойгоо сэгсэрч хөшөөний зүг рүү харсан хэвээрээ зогсов. Янз нь намайг асуусанд дурамжхан байгаа бололтой. Мэдэхгүй юм бол яах гэж зогсож байгаа юм гэж золтой л асуусангүй.

Тэгээд цугласан олныг сүлжиж мэдэх хүн хайн арваад минут алхаад нэг ч мэддэг хүн олсонгүй. Хэдийгээр жагсаал цуглааныг зохион байгууллагачид туг дарцгаа намируулан цагаан хоолойгоор ярьж эхэлсэн ч миний шалгаасан арваад хүн бүгд л “Мэдэхгүй. Нэг юм л болж байна” гэх маягаар хариулцгаав. Сүүлдээ бүр судлаач шиг нэг асуултаа асуугаад л явсан. Тэдний ихэнх нь дөчөөс дээш насны учир начрыг мэдэхээр хүмүүс ч цуглааны талаар мэдээлэлгүй байлаа. Бүр сүүлдээ гайхаад “Мэдэхгүй юм бол юугаа хийж зогсоо юм бэ?” гэж ганц нэг хүнээс асуув. Хариулт мөн л ижилхэн: “Хүмүүс цугласан байна. Би мэдэхгүй?”

Тэгээд бодлоо. Мэдэхгүй мөртлөө мэддэг царайлан зогсдог нь бидний гэм биш зан. Хэрэв монголчуудаас төрийн бодлого шийдвэрүүдийн талаар олон зүйлийн асуувал “Мэдэхгүй” гэж хариулах нь олон байх. Ерөнхийд нь бол бид мэддэг. Харин яг нарийн юу болж байна. Яах гэж байгаа юм. Ямар учиртай юм гэдгийг ихэнх маань мэддэггүй.
—536 хувьцааг нь эзэмшсэн “Эрдэнэс-Тавантолгой” компанид чинь юу болж байна?
—Мэдэхгүй.
—Хувьцаа гэж юу вэ?
—Мэдэхгүй.
—Газраа яаж өмчлөх вэ?
—Мэдэхгүй.

Чөлөөт хэвлэл мэдээлэлтэй, ардчилсан улс гэхэд бүр гайхмаар. Үнэндээ, бүгдийг мэдэх хүн байхгүй л дээ. Гэхдээ монголчууд бид өөрсдөд маань хамаатай төр засгийн шийдвэр бодлогын талаар үнэн зөв ойлголтгүй явдаг. Жишээ татвал олон зүйлийг дурдана. Газар өмчлөл, Тавантолгойн хувьцаа…

Ягаан, цэнхэр тасалбар бол мэдэхгүй байж “гар бие оролцсон” та бидний хамгийн сонгодог жишээ. Одооноос л нэг (бараг хорин жилийн дараа!) “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааны сургаар “цөөхөн хэдэн хувь маань” ягаан, цэнхэр тасалбарынхаа тухай эргэн санаж, Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвд үнэт цаасны данстайгаа мэдэцгээлээ. Яагаад ийм байна аа?

Яагаад гэвэл…яагаад гэвэл хэвлэл мэдээллийнхэн муу учраас гэж та хариулж магадгүй. Ганцхан та ч биш УИХ, Засгийн газрын гишүүд, төрийн байгууллагын дарга нар хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хариуцлагын тухай ярих болохоороо л юм л бол сэтгүүлчдийн ёс зүй, хариуцлагын талаар дурсаж, шүүмжлэх нь олон. Тэдний хэлж ярьж байгаа нь ортой л доо. Гэхдээ зөвхөн сэтгүүлчид л буруутай юу? Хэрэв сэтгүүлчид маш сайн хариуцлагатай, ёс зүйтэй болчихвол бүх юм ил тод болчих уу? Болохгүй!

Учир нь хэвлэл мэдээллийнхэнд ч мэдээлэл хэрэгтэй. Тэд ч гэсэн мэдээлэлгүй бол мэдэхгүй шүү дээ. Хүссэн мэдээллээ хүссэн төрийн байгууллагуудаас авч чаддаг байвал тэд буруу зөрүү мэдээлэх нь багасана. Ардчилал дөнгөж ялсны дараа хов живээр мэдээлэл хийдэг сонингууд их гарсан. Харин одоо харьцангуй багассан. Учир нь мэдээллийг дамжуулах цахим сүлжээ хөгжиж, олон хэвлэл мэдээллийн байгууллагууд өрсөлдөн, төрийн байгууллагууд ч мэдээлэл өгөх нь сайжирсан. Гэхдээ төрийн байгууллагууд мэдээлэл өгөх нь хангалтгүй байна.

Жишээ нь, Тавантолгойг тойрсон олон зүйл тодорхой биш байна (энэ Ерөнхийлөгчийн үг шүү!). Энгийн иргэн байтугай Монгол Улсын Ерөнхийлөгч хүртэл зарим зүйлийг мэдэж чадахгүй байна гээд бод доо. Хэний буруу вэ? Ерөнхийлөгч ард түмнээ төлөөлж Төрийн өмчийн хороо болон “Эрдэнэс МГЛ” ТӨК-ийн удирдлагуудтай хэдхэн хоногийн өмнө уулзаад “Тавантолгойг тойрсон олон зүйл тодорхой биш бүрхэг. Ард иргэдэд олон асуулт байгаа учраас би та бүхэнтэй өнөөдөр уулзаж мэдээлэл авъя гэж бодсон юм. Өнгөрсөн оны 5 дугаар сарын 18-ны өдөр Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөс Тавантолгойн нүүрсний ордыг ашиглахтай холбоотой зөвлөмж гарсан. Энэ зөвлөмж хэрхэн хэрэгжиж байна” гэж асуух вэ дээ. (Яг үнэндээ бол аргаа ядаад асуусан.)

Хэдийгээр тэд Ерөнхийлөгчийн асуултанд хариулж, зарим зүйлийг тодруулсан ч байдал дээрдсэн шинж алга. Наад захын жишээ нь “Эрдэнэс МГЛ”-ын цахим хуудсанд 1 дүгээр сарын 11-нээс хойш ямар ч мэдээ мэдээлэл тавиагүй байна. Хэрэв дээрх хоёр төрийн байгууллагын хэвлэл мэдээллийн албууд нь сайн ажиллаж, үйл явдлуудаа цаг тухайд нь бичгээр (хамгийн гол нь бичгээр!) товч бөгөөд тодорхой, ажил хэрэгч мэдээлэл хийгээд цахим хуудсандаа тавьдаг бол (зарим төрийн байгууллагуудаас үлгэр жишээ авсан ч болно) наад зах нь Ерөнхийлөгч тэднийг шалгаахгүй л байх байсан. Тиймээс энэ хоёр байгууллагын хэвлэл мэдээллийн албыг идэвхжүүлэх хэрэгтэй.
Хааяа нэг, дарга нар нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр (голцуу зурагтаар) ганц хоёр үг “ганхийдгийг” эс тооцвол ойрын ирээдүйд монголын ард түмэнд хамгийн хамаатай асуудлыг дээрх хоёр байгууллага “хэт нууцалж” байна. Зөвхөн дарга нарын амнаас ганц хоёр үг сонсох одоо хоцрогджээ. Мэдээж дарга нар бүгдийг мэддэг ч хэвлэл мэдээллийн алба нь зэрэгцээд ажлаа хийж байвал төрийн байгууллагуудын ажил үйлс олон түмэнд улам тодорхой болох билээ.

Ер нь төрийн байгууллагуудын мэдээлэл дамжуулах тогтолцоо доголдолтой байгаа учраас л зарим улстөрчид нь үүнийг ашиглаж цээжний пангаар хамаагүй юм бурдаг ч байж магадгүй. Тэднээсээ зарим улстөрчид ч залхаж, телевизийн дуран харахаараа л ажлаа ярихаа болиод хамаагүй “популист” тоглолт хийдэг хэмээн шүүжилцгээдэг. Ерөнхий сайд ч мөн “эмоциороо ярьдаг” улстөрчид ажил хийлгэхгүй байна гэсэн утгатай үг хэлж байсан.
Тиймээс төрийн байгууллагуудын мэдээллийг дамжуулах тогтолцоо манайд боловсронгуй болговол хэвлэл мэдээллийнхэн заавал дарга нарын үүдийг нь сахих шаардлагагүй. Үүнийг зөвхөн хэвлэл мэдээллийнхэн ч хэлдэг юм биш. “Төрийн байгууллагуудын мэдээлэл дамжуулах тогтолцоо, эрх зүйн орчныг бий болгох шаардлагатай. Төрийн байгууллагуудын мэдээлэл солилцох тогтолцоо шаардлага хангахгүй байна” гэж Гаалийн Ерөнхий Газар төрийн байгууллагууд дундаас анх удаа дуугарсан.

ГЕГ дэлхийн өндөр хөгжилтэй улсуудтай адил мэдээ мэдээлэлд суурилсан эрсдэлийг тооцох гаалийн хяналтыг хөгжүүлэх гэтэл энэ хяналтын “гол хоол хүнс” нь болсон мэдээллээ төрийн байгууллагуудаас түргэн шуурхай, хангалттай авч чаддаггүй ажээ. “Одоо л та нарын зовлонг ойлгож байна” гэсэн утгатай үгийг гаалийнхан сэтгүүлчидтэй уулзахдаа хэлж байсан.

Мөн төрийн байгууллагуудын өгч байгаа мэдээллийн хэл найрууллагыг энгийн бөгөөд товч тодорхой болгох их чухал байна. Зарим төрийн байгууллагуудын тараадаг мэдээ мэдээлэл маш ойлгомжгүй байдаг. Үүнийг л уул нь, болдогсон бол Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ хаврын УИХ-ын чуулганаар хэлэлцэхдээ хамт хэлэлцмээр байгаа юм.

Өнөө үед үл ойлгогдох мэдээллийг тайлж унших зав зай хүмүүст байхгүй гэж үзээд дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын төрийн байгууллагууд энгийн үг хэллэгээр бичиг хэргээ хөтлөхийг хуульчилж өгсөн байдаг. Жишээ нь Их Британи, АНУ-д төрийн байгууллагууд албаны харилцаанд энгийн, товч тодорхой үг хэллэг хэрэглэх (Plain English) олон жилийн туршлагатай.

Эдгээр улсын төрийн байгууллагууд нь энгийн, товч, тодорхой үг хэллэг хэрэглэх талаар дүрэм журмыг салбар салбартаа гаргасан байдаг аж. Тэд энгийн ойлгомжтой бичих нь төрийн байгууллагуудын үүрэг. Хэрэв төрийн байгууллагууд хүнд ойлгомжгүй бичиг хэргээ хөтөлвөл иргэдийнхээ хүний эрхийг зөрчиж байгаа хэрэг гэж үздэг ажээ.
Манай улсад ч мөн төрийн байгууллагууд энгийн, товч бичих хөдөлгөөнийг санаачлан эхлүүлэхэд эрдэмтэн мэргэд ч тусламаар байна. Мэдээлэл авах чөлөөтэй байлаа ч хэрэв мэдээлэл ойлгомжгүй, хүнд суртал ханхалсан, хэт албаны, орчуулгын хэл найрууллагатай байвал буруу ойлгогдож ямар ч тус нэмэр болохгүй.

Мэдээллийн хэл найруулга ойлгомжтой байвал Засгийн газар юу хийж, юунд зорьж байгааг иргэд илүү сайн ойлгож, дэмжлэг авах болно. Жишээ нь энэ жилийг Засгийн газар “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласан. Гэтэл ажилгүй олон иргэд хэрхэн ажилтай болох вэ гэдгээ ч сайн мэдэхгүй байгаа нь мэдээлэл ойлгомжгүй байгаагаас бас болсон байж мэднэ.

Тиймээс мэдээлэл ил тод байхын зэрэгцээ мэдээлэл ойлгомжтой байх нь чухал. (Үүнд Нууцын тухай хуульд санаа зовдог шигээ санаа зовмоор байна.) Хэрэв эс тэгвэл Засгийн газар “Бид ажил хийгээд мэдээлэл өгөөд л байдаг. Гэтэл та нар буруу ойлголттой байх юм” гэдэг үгээ давтсаар байх болно. Засгийн газар өөрийгөө буруу ойлгуулах нь хэнд ч ашиггүй. Магадгүй цуглаан жагсаал зохион байгуулж байгаа хүмүүст мэддэг мэддэггүй нь хамаагүй олон хүн л ирж байвал ашигтай байдаг байж мэднэ. Харин Засгийн газарт тийм шаардлага учир Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэхдээ энэ тухай бас бодолцмоор байна.

Thursday, 21 April 2011

ИРГЭДЭЭ АЖИЛТАЙ БОЛГОХООР ИДЭВХТЭЙ АЖИЛЛАЖ БАЙНА

Засгийн газар, хувийн хэвшлийн ажил олгогчид “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” ажилгүй иргэдийг ажилтай болгохын тулд санаа нэгтэй хамтран ажиллаж байгааг Монголын ажил олгогч эздийн холбооны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар хэлсэн юм.

Засгийн газар маш идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчимд тулгуурлан хувийн хэвшил, иргэдтэйгээ хамтран 70 мянга гаруй ажлын байрыг шинээр бий болгохоор үнэн сэтгэлээсээ зүтгэж буй гэнэ. “Засгийн газар энэ ажлыг бодитойгоор хэрэгжүүлэх эрмэлзэлтэй. Үүнийг хувийн хэвшлийнхэн мэдэрч байна. Засгийн газрын эрмэлзлийг хувийн хэвшлийнхэн дэмжинэ. Хэрэв үүнийг ард иргэд мөн дэмжээд, өөрсөддөө ашигтайгаар ашиглавал энэ жилийн хамгийн гол үр дүн гарна” гэж тэр хэлсэн. Ганбаатар мөн “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлыг зохион байгуулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга, сурталчилгааны асуудал хариуцсан салбар хорооны ахлагч билээ.

Ерөнхий сайдаар ахлуулсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлыг зохион байгуулах Үндэсний хорооны нарийн бичгийн даргаар хувийн хэвшлийн төлөөлөл томилогдон ажиллаж буй нь Засгийн газрын ажлыг хувийн хэвшлийнхэн хийж, төрийн халаасанд орж байгаа асуудал биш. Харин “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлыг үр дүнтэй болгоход хувийн хэвшлийн байр суурь, санал санаачилга, иргэдийн хүсэлтийг төр засагт шуурхай хүргэх зорилготой ажээ.

Энэ жил иргэдээ ажилтай болгохын тулд Засгийн газар ганцаараа ажиллаад, хэдэн хурал хийгээд өнгөрөхгүй бөгөөд ажилгүй хүнд хүрч ажиллахын тулд бодит судалгаанд тулгуурлан ажиллах тул хөдөлмөр эрхлээгүй хүмүүсийг хамгийн сайн мэддэг хороо, сум, багийн Засаг дарга нартай нягт хамтран ажиллах ёстой аж. Мөн Засаг дарга нар өөрсдөө идэвхтэй оролцох учиртайг тэр сануулж байлаа.

70 мянган иргэнээ ажилтай болгоход Засгийн газар хөрөнгө хүч зарна
Улсын төсвийн хөрөнгө, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл тусламж, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Орон нутгийг хөгжүүлэх сан гэх мэт олон хөрөнгө, бололцоо, төсөл хөтөлбөр бүрийг тооцож 70 мянга орчим ажлын байрыг бодитой бий болгож чадна гэдэг тооцоог гаргажээ.

“Өнгөрсөн онд хийсэн Хүн ам, орон сууцны тооллогоор 106 мянга орчим иргэн ажилгүй гэж бүртгэсэн. Харин Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст (ХХҮХ) бүртгэлтэй 40 гаруй мянган ажилгүй иргэн бий. Энэ нь 60 гаруй мянган иргэн ХХҮХ-т бүртгэлгүй байна гэсэн үг. Үүнээс бид 100 гаруй мянган хүнд хүрч ажиллах ёстой юм байна гэж үзээд төрийн байгууллага, хувийн хэвшлийн ажлын байрыг бий болгох боломжийг судалж 70 мянга орчим хүнийг ажилтай болгоно гэж тооцсон” гэж Ганбаатар хэлсэн.

Гэхдээ “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажилд зориулж чухам нийт хэдэн тэрбум төгрөг зарцуулахыг тэр хэлсэнгүй. Ямартаа ч ажилгүй иргэдээ ажилтай болгохын тулд Засгийн газар “гар татаагүйг” дурдлаа.
“Энэ жил зөвхөн жижиг, дунд үйлдвэрийг дэмжихэд 130 тэрбум төгрөг зарцуулна. Хуучин 30 тэрбум орчим төгрөг зарцуулдаг байсан бол энэ удаа 4 дахин илүү зарцуулна гэсэн үг. Энэ асуудлыг 5 дугаар сард багтаагаад нэг мөр шийдвэрлэнэ. Ингэснээр ажлын байр ч олноор бий болно гэж бид найдаж байгаа. Мөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн дэмжлэгээр ажилтай болоё, мэргэжил эзэмшье гэсэн хүмүүст олгодог зээл тусламж, тэтгэлэг 2.5 дахин нэмэгдэнэ. ХЭДС-нд 22 тэрбум гаруй төгрөг байсан бол одоо үүнийг 28 тэрбумаар нэмэгдүүлэх гэж байгаа” гэж тэр ярив. Мэргэжилтэй боловсон хүчин их хэрэгцээтэй тул мэргэжлийн сургалтын төвүүдэд хөнгөлтөөр сурах хүмүүсийг улам нэмэгдүүлэх бодлогыг Засгийн газар барьж байгаа ажээ. Мөн ажлын байр бий болгосон ажил олгогчийг урамшуулах талаар Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу санал боловсруулж байгаа гэнэ.
Энэ бүх арга хэмжээний үр дүнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд зарцуулах хөрөнгийн хэмжээ урьд урьдаасаа илүү өсөх тул ажил хийе, хувиараа бизнес эрхэлье гэсэн иргэдэд их боломж олдох аж. “Сум хөгжүүлэх сан, Жижиг дунд үйлдвэрийн сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, арилжааны банкуудаар дамжуулан асар их хөрөнгийг бид орон нутаг руу дамжуулж байгаа. Энэ хөрөнгөөр орон нутгийн иргэд өөртөө хэрэгтэй бизнесээ хийх хэрэгтэй” гэж Ганбаатар хэлсэн.

Хамгийн гол нь хөдөө орон нутагт бизнес эрхлэгчид шинийг санаачилж, нэг нэгнээсээ хуулахгүй байх хэрэгтэй. Нэг суманд дөрвөн талхны цех барьж нэг нэгнийхээ орлогыг багасгахын оронд нөгөө гурав нь өөр бизнес хийвэл үлдсэн талхны цехийн орлого дахин өснө. Хэрэв тэгвэл ажилчдынх нь цалин ч нэмэгдэх бололцоотой болно. Гэтэл харамсалтай нь ийм сэтгэлгээтэй жижиг, дунд бизнес эрхлэгчид цөөхөн байдаг гэнэ. Нэг нь ашигтай ажиллаад эхлэнгүүт нөгөөх нь дагаад яг адилхан машин оруулж ирээд үйлдвэрлэл эхэлдэг. Тэгээд хоёулаа дампуурдаг тохиолдол их байдаг ажээ.

Цалингийн доод хэмжээг салбар салбарт янз бүр байна
Хэрэв үндэсний үйлдвэрүүдийн эдийн засгийн чадавх сайжирч, үр ашигтай ажиллан, борлуулалт нь өсөж, хуримтлал бий болгож чадвал ажилчид нь ч их цалин авах бололцоотойг Ганбаатар цалингийн доод хэмжээний талаар ярихдаа дурсав. Саяхан гурван талт шийдвэрээр цалингийн доод хэмжээг 30 хувиар нэмж, нэг цагт 835.71 мөнгө буюу сард 140.400 төгрөгөөр тогтоосон билээ. Энэ цалинг мэргэжил, ур чадвар, мэдлэг шаардахгүй дөнгөж ажилд орж байгаа ажилчид авах учиртай гэнэ. “Гэхдээ салбар салбар харилцан адилгүй байдаг тул шинээр батлагдсан хуулиар бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг салбар салбартаа өөр өөрөөр тогтооно гэж заасан. Энэ оны 5 дугаар сард салбарын тарифийн хэлэлцээр хийгдэх ёстой. Өөрөөр хэлбэл уул уурхайн салбар эдийн засгийн хувьд бол арай өгөөжтэй байгаа учраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өсөх ёстой. Хэд дахин гэдгийг нь бид биш уул уурхайн салбарын үйлдвэрчний эвлэл, уул уурхайн салбарын эздийн байгууллага, ЭХЭБЯ хамтарч шийднэ. Бас цагийн 835 төгрөгийг өгч чадахгүй салбар ч бий. Тухайлбал ХАА, жижигхэн худалдаа үйлчилгээний салбарууд гээд... Тэд энэ асуудлыг тухайн ажилчдын төлөөллийн байгууллагуудтайгаа ярьж тохиролцох ёстой гэдэг байр суурийг бид баримталж байгаа” гэж Ганбаатар ярьсан.

Мэдээллийн сүлжээ чухал
“Ер нь ажилгүй иргэдээ ажилтай болгоход Засгийн газар бодит судалгаанд тулгуурлан ажиллахыг зорьж байна. Энэ оны 1 дүгээр улиралд аймаг орон нутгийн ажилгүй иргэдийн бүх судалгааг авсан. Үүнд тулгуурлан арга хэмжээ авна. Жишээ нь хуучин Жижиг дунд үйлдвэрийн сангийн шугамаар нэг аймагт 800 сая төгрөг хувиарлахад энэ хөрөнгөөр 12 мянган хүн ажилтай болголоо гэсэн тайлан ирүүлдэг байсан бол одоо ямар ажлын байранд хэн гэдэг, ямар регистрийн дугаартай хүн байгааг албан ёсоор бүртгэж, нарийн гаргаж ирнэ. Тэгж ажлын байр, иргэн хоёрыг холбосон нэгдсэн цогц бодлого хэрэгжинэ. Тиймд мэдээллийн нэгдсэн сүлжээтэй болох шаардлагатай. Жишээлбэл, одоо ажил олгогч эзэд 21 мянган ажлын байранд ажилчин авъя гэхэд олдохгүй байгаа мөртлөө 40 мянга гаруй бүртгэлтэй ажилгүй иргэд ажил хайж байгаа. Ажил олгогчид, ажилгүй иргэд нэг нэгнээ олохгүй байгаа нь мэдээллийн сүлжээ муугаас болсон. Тиймээс Хөдөлмөрийн бирж, ХХҮХ-т тулгуурласан мэдээллийн нэгдсэн сүлжээг бий болговол ажил олгогч, ажил хайгч хоёр бие биенээ чөлөөтэй хайж олдог тогтолцоо бүрдэнэ” гэж Ганбаатар ярьлаа.

Ажил олгогч, ажилчдын харилцаа...
“Хувийн хэвшлийн ажил олгогчид монгол ажилчдаа голж, гадаадын ажилчдыг оруулж ирэх сонирхолтой байдаг уу?” Ганбаатараас асуухад “Иймэрхүү чиг хандлага байсан. Бие биенээ шүүмжилдэг байсан. Харин одоо энэ харилцааг өөрчилнө. Мэргэжилтэй боловсон хүчнийг ажил олгогчдын захиалгаар бэлтгэх тогтолцоонд шилжье гээд сая Засгийн газар шийдвэр гаргасан. Үүнийг ХААХҮЯ дээр туршихын тулд ШУБЯ, НХХЯ, ХААХҮЯ-ны гурван сайд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан” гэлээ.

Өмнө нь ажлын байрнаас үл хамааран боловсон хүчнийг бэлддэг байсан бол харин одоо ажлын байрны захиалгатай, гэрээтэй хүмүүсийг сургаснаар мэргэжил эзэмшсэн хүн ажлын байртай болох бололцоо ихсэх ажээ. Ер нь сургалт, ажлын байрны уялдаа холбоог бэхжүүлснээр ажил олгогч эзэд, ажилчдын харилцаа сайжирна гэж Ганбаатар үзэж байна. Хэрэгцээтэй боловсон хүчнийг нь бэлдээд өгөхөд ажил олгогчид монгол ажилчдаа голохоо байх ажээ.
Гадаадын ажилчид Монголд ажиллаж байгаа нь манай ажилчдын мэргэжлийн ур чадвараас шалтгаалдаг гэнэ. “Манайхан ажил хөдөлмөр хийх сэтгэхүйгүй. Өнгөрсөн 20 жил баахан улс төр ярьж гудманд гарч жагссаар байгаад хөдөлмөр хийх ёстой гэсэн ойлголтыг иргэддээ төлөвшүүлээгүй. Тиймээс манай иргэд бэлэн юм шаардаад байдаг. Ажил оронгуутаа шууд л сая төгрөг нэхдэг” гэж тэр ярьсан.

Тэрбээр мөн “Оюутолгойн ордыг ашиглаж байгаа компани 7900 хятад ажилчин оруулж ирэх нь гэж ҮЭ-ийнхэн шүүмжилж байна. Энэ бол зөв. Тиймээс ч ойрын үед Засгийн газар, ҮЭ, Эздийн холбоо Оюутолгой компанийнхантай уулзана. Энэ оруулж ирж байгаа 7900 гаруй ажилчид чухам ямар, ямар мэргэжилтэй юм. Үнэхээр монгол хүн хийж чадахгүй юм уу? гэдгийг нь тодруулна.
Нөгөө бодлын хэрэв үнэхээр Монголчууд хийж чадахгүй, нарийн мэргэжил шаардсан ажил байвал Оюутолгойд хөрөнгө оруулагчид, ажил олгогчид 7900 Монгол хүнийг хоёр жил бэлдээд дараа нь үйлдвэрээ барих уу? Эсвэл бэлэн мэргэжилтэй ажилчдыг авчирч ажиллуулаад үйлдвэрээ хурдан эхлэх үү? гэдэг асуудал тавина.
Ер нь 2013 онд хувийн хэвшилд 113 мянга орчим ажлын байр хэрэгтэй гэсэн тооцоо бий. 2016 онд 160 мянга орчим ажлын байр гарна. Энэ нөхцөлд бид бүх Монгол хүнээ ажилттай болголоо гэхэд цаана нь 35-40 мянган ажиллах хүч дутаж байгаа. 2016 онд манай улс 40 мянга гаруй ажиллах хүч гаднаас авахаас өөр аргагүй болно” гэв. Энэ асуудал бид их ухаалаг хандах ёстой гэдгийг Ганбаатар бас хэлсэн.

Бид жүжиг тоглоогүй
Хөдөлмөр эрхэлье гэсэн хүнд олон сайхан боломж, бололцоо энэ жил нээгдэж байгааг Ганбаатар ярианыхаа төгсгөлд бас дахин хэлсэн юм. Амьдралаа дээшлүүлье, ажил хийе гэсэн хүн дүүрэг, хороо, сум, багийнхаа хариуцсан дарга, албан тушаалтнуудтай уулзаж асуух хэрэгтэй. Засгийн газраас хөрөнгө мөнгө гаргаад иргэдээ дэмжин ажилтай болгох гэж байхад иргэд маань өөрсдөө зүтгэхгүй бол энэ зорилго бүтэхгүй. Бид ямар нэг жүжиг тавиагүй. Үнэхээр Засгийн газар, хувийн хэвшлийнхэн хамтран иргэдээ ажилтай болгохоор зүтгэж байна гэж тэр ярьсан юм.

ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ МОНГОЛ АЖИЛЧИД ХИЙХ ЁСТОЙ

Ажлын байрыг нэмэгдүүлэхийн тулд Засгийн газар ажил олгогчидтой хамтран ажиллахын зэрэгцээ үйлдвэрчний эвлэлүүдтэй улам нягт хамтран ажилламаар байна. Саяхан Ерөнхий сайд С.Батболд барилгын салбарынхантай уулзаж байхад монгол ажилчдын тухай дуугарсан ганц хүн нь Монголын барилгачдын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дарга Д.Гомбо байсан. Тэрээр, үг хэлсэн хүмүүсийг сонсоход монгол хүмүүст ажлын байр бий болгох талаар нэг ч хүн ярьсангүй. Ерөнхий сайд та нараас хэдэн монгол хүнийг ажлын байртай болгох бол гэдгийг сонсох гэж ирсэн хэмээн барилгын салбарынхандаа сануулж байсан.

Хэдхэн хоногийн өмнө түүнтэй дахин уулзахад “Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийг монголын ажилчдыг ажилтай болгох, нийгмийн асуудлыг нь шийдэх гэж Ерөнхий сайд хэлсэн. Гэтэл барилгын салбарынхан Ерөнхий сайдтай уулзаж байх үед гадаадын барилгачдыг оруулж ирэх нь үү гэсэн хардлага төрсөн” гэж ярьсан билээ. Тиймээс надад хэрэв Засгийн газар олон монгол хүнийг ажилтай болгоё гэж байгаа бол үйлдвэрчний эвлэлүүдтэй илүү нягт хамтран ажиллах хэрэгтэй юм байна гэж бодогдсон.
Ер нь ямар ч улсын ҮЭ-үүд өөрсдийнхөө ажилчдыг ажилгүй суулгаад бусад улс орны ажилчдыг тэжээхийг дэмжихгүй. Тэр утгаараа хэрэв Засгийн газар монголчуудаа ажилтай болгоё гэвэл ҮЭ-үүдтэй “найзлах” нь илүү өгөөжтэй. Энүүхэндээ хэлэхэд манай олон ажил олгогч, бизнесмэнүүд монгол ажилчиддаа голж, гадаадын ажилчид оруулж ирэх шаардлагатай байна гэж ил тод ярьдгаас нь харахад Засгийн газар олон иргэдээ ажилтай болгох зорилгоо биелүүлье гэвэл ҮЭ-үүдийн үгийг сонсож баймаар.

ҮЭ-үүд тухайн салбарынхаа боловсон хүчин, хөгжил, бодит нөхцөл байдлыг сайн мэддэг. 1963 онд байгуулагдсан 7 мянга гаруй гишүүнтэй МБҮЭХ-ны хувьд ч мөн адилхан. Социализмын үед социалист уралдааныг өрнүүлэх, тэргүүн туршлагыг нэвтрүүлэх, шинэ санаачлага гаргах зэргээр тухайн үеийн нийгмийнхээ шаардлагаар ажиллаж, хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалж байсан уг байгууллага Ардчилсан хувьсгалын дараа шинэ нийгмийн харилцаанд орж бодлого баримтлалаа өөрчилсөн.

ЕРЭЭД ОНООС БАРИМТАЛЖ ИРСЭН БОДЛОГО
Зах зээлд шилжих үед монголын барилгын салбар “айхтар их хэлмэгдэж” төрийн өмчид 40 гаруй байгууллагын 40 гаруй мянган барилгачид ажилгүй болоход МБҮЭХ юуны түрүүнд барилгын салбарыг уналтаас босгож, хөл дээр нь зогсоохыг эрмэлзжээ. Яагаад гэвэл барилгын салбар хөл дээрээ зогссоны дараа л барилгачдын эрх ашгийг хамгаалах талаар ярих ёстой болохоор МБҮЭХ ерээд онд Засгийн газарт хандаж, тодорхой саналуудыг дэвшүүлж, жагсаал цуглаан хийж байж. Жишээлбэл, дуусгаагүй дутуу орхигдсон барилгуудыг судлаад, хэрэгцээ шаардлагатайд нь хөрөнгө оруулт хийж, өгөршиж, элэгдэхээс нь өмнө босгохыг сануулсан. Мөн орон сууцны барилга аль ч нийгэмд хэрэгтэй тул төр, барилгын компаниудад хөнгөлттэй зээл олгож, барилга бариулаачээ гэх зэрэг санал дэвшүүлжээ. “Чухам тэр үеэс л өнөөгийн орон сууцны барилгын хөгжлийн үндэс тавигдсан. Eрээд онд барилгын олон хувийн хэвшлийн компаниуд бий болсноос хойш одоо манай улсад 1500 гаруй барилга угсралтын байгууллага, 400 гаруй барилга материалын үйлдвэр, 200 гаруй зураг төслийн байгууллага байдаг” гэж Д.Гомбо хэлсэн.

Тэрээр мөн “2002 он хүртэл бид барилгын салбарын уналтыг зогсоож, хөгжүүлье гэсэн бодлого баримталсан. 2002 оноос хойш бол барилгын компаниудыг хөгжүүлэн бэхжүүлэх замаар барилгачдын амьдрал ахуйг дээшлүүлье. Харин 2008 оноос хойш барилгын компаниуд ерөнхийдөө ажилтай боллоо. Хөрөнгийн хувьд бололцоотой боллоо. Барилгын компаниудын эзэд барилгачдын нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх чадал тэнхээтэй боллоо гэж бид үзээд барилгачдын эрх ашгийг хамгаалах асуудал руу нэлээн түлхүү орсон. Өөрөөр хэлбэл барилгачдын цалин хөлсийг нэм, хөдөлмөр хамгааллыг сайжруул, барилга барьж байгаа газар түр байртай бол гэх зэргийг шаардаж эхэлсэн” гэв.

Энэ зорилгоо ойлгуулахын тулд ҮЭ-ийнхэн 2010 онд ЗТБХБЯ-ны Удирдах ажилчдын зөвлөгөөнд илтгэл тавьж, барилгачдын нийгмийн асуудлыг сайжруулах арга замыг онол бодлогын хувьд гаргаж өгч. “Үүнийг яам анзаарч 2010 онд барилгачдын нийгмийн байдлыг сайжруулах хөтөлбөр боловсруулахаар шийдвэр гарсан. Гэхдээ энэ жаахан удаан байгаа” гэж тэр хариулсан юм.

2009, 2010 оны дэлхийн эдийн засгийн хямрал барилгын салбарт хүндээр туссаныг тэр мөн дурсаж байлаа. Барилгачид ажилгүй, барилгын компаниуд өр зээлээ дийлэхгүй, ажилгүй зогсоход МБҮЭХ цуглаан хийж Засгийн газарт хандан: Их зээл авсан барилгын компаниудын зээлийн хүүг тодорхой хугацаанд харгалзаж, хүүгийн хүүг тооцохгүй, борлогдохгүй байгаа орон сууцуудыг нь борлуулахад туслаачээ гэх зэрэг шаардлага тавьж байжээ. Тиймээс ч төрийн албан хаагчдын 40 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг Засгийн газар батлахад тэд их талархан хүлээж авсан байна.

Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн хүрээнд хийгдэх 100 мянган айлын орон сууц барих ажлыг ч мөн МБҮЭХ талархан дэмжиж байна. “Үйлдвэрчний байгууллагууд энэ бүтээн байгуулалтад хамтран оролцое. Ялангуяа хөдөлмөр хамгаалалтыг сайжруулах, барилгачдыг татан оролцуулах, сайн ажиллахад нь уриалан дуудая гэсэн бодол өвөртөлж байгаа” хэмээн Д.Гомбо ярилаа.

ЭХ ОРОНЧ ЭЗЭД ЧУХАЛ
Энэ бүтээн байгуулалтад монгол ажилчид гар бие оролцож чадалгүй хоцрох вий гэж тэр санаа зовдог тул “Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийг монгол ажилчид л хэрэгжүүлэх ёстой. Яагаад гэвэл Монголын Засгийн газар энэ тогтоолыг гаргасан. Ийм сайхан тогтоол гаргаж, барилгачдыг ажилтай болгоно ярьчихаад гадаадын барилгачдыг ажиллуулвал утгагүй биз дээ. Тэгэхээр бид монгол барилгачдыг ажилтай болгоход туслана. Хяналт тавина” гэж хэлсэн билээ.

Гэхдээ гадаадын ажилчдыг огт оруулж ирж болохгүй гэдэг байр сууринаас тэр яриагүй. Харин монголчууд хийж чадах ажлаа өөрсдөө хийгээд, хийж чадахгүй ажлаа гадаадын ажилчдаар хийлгэхийг бодлогыг МБҮЭХ баримталж байгаа гэнэ. “Бид гадаадын хөрөнгө оруулалт, ажилчдаас татгалздаггүй. Яагаад гэвэл манай улс өндөр хөгжилтэй улс биш. Бид авах юмаа авахаас өөр аргагүй. Гэхдээ үндэсний эрх ашгийг бодолцох ёстой. Барилгын салбарын хувьд монгол хүн хийж чадах ажилд нэг ч гадаадын хүн авах ёсгүй гэсэн байр суурийг бид баримталдаг. Үүнийг 1994 онд ч гэсэн ярьж байсан. Засгийн газар ч анхаараад тогтоол могтоол гаргадаг. Төчнөөн хүнтэй байгууллага, тэдэн гадаадын ажилчин авна гээд… Гэвч энэ тогтоол хэрэгждэггүй муу талтай” Д.Гомбо шүүмжилсэн юм.

Түүний хэлснээр бол, гадаадын ажилчдыг оруулж ирэх зөвшөөрөл өгдөг Засгийн газар их хариуцлагатай байж “лоббидуулалгүй” хэчнээн гадаадын ажилчид ямар учраас оруулав гэдгийг ил тод байлгах хэрэгтэй. Мөн гадаадын ажилчид оруулж ирсэн эздэд “Яагаад монгол ажилчин авахгүй байна” гэдэг асуултыг хурц тавьж, үнэхээр монголчууд хийж чадахгүй ажил байвал зөвшөөрөл өгөөд, тэр мэргэжлээрээ нь хэдэн жилийн дараа зөвшөөрөл (яагаад гэвэл энэ хугацаанд монголчуудыг сургасан байх ёстой гэж үзээд) өгдөггүй байх зарчим мөрдөх ёстой гэнэ.

Гэхдээ хамгийн гол нь барилгын компанийн эзэд эх оронч ёстой аж. Нэг удаа тэрээр хурал дээр “Та нар эх оронч биш байна шүү, нөхөд минь” гэж барилгын компанийн эздийг шүүмжилжээ.
“Чухам яагаад монгол барилгачид хийж чадах ажлыг гадаадын барилгачид Монголд ирж хийгээд байна вэ?” гэж түүнээс асуухад “Монголын барилгын компанийн эздийн гол хөрөнгө оруулагчид нь гадаадын иргэд байдаг учраас тэгдэг болов уу гэсэн таамаг надад байдаг. Гэхдээ энэ бол ерөнхийдөө манай барилгын компанийн эздийн хийж байгаа холион бантан” гэж хариулав.

Хэдэн жилийн өмнө МБҮЭХ, БНХАУ-ын Элчин сайдын яаманд “Хамтран ажиллах тухай” гэсэн гарчигтай бичиг хүргүүлж, хятад, монгол ажилчдын хоорондын зөрчил, хятад ажилчдын ажлын нөхцөл байдлыг хамтран шалгая гэхэд Хятадын Элчин сайдын яамныхан “Бид Монголд ажилчид оруулах бодлого баримталдаггүй. Харин танай компанийн эзэд өөрсдөө очоод уриад авчирдаг” гэсэн утгатай хариу хэлсэн байна.

ЁС ЗҮЙТЭЙ ЭЗЭД ХЭРЭГТЭЙ
Эх оронч ажил олгогч эздээс гадна ёс зүйтэй эзэд их хэрэгтэй байгааг Д.Гомбо сануулсан. Ажил олгогч эзэд ажилчидтайгаа буруу харилцдаг учраас тогтвор суурьшилтай ажиллах барилгачид цөөрч, ажлын үр бүтээлд муугаар нөлөөлөх талтай гэнэ. “Ажилчиддаа зөвхөн харааж зүхээд байвал ажилчин хүний ажилдаа хандах хандлага төлөвшдөггүй. Тиймээс ажлын байранд зөв уур амьсгалыг бий болгохын тулд ажилчдаа урамшуулах, шагнах хэрэгтэй. Мөн эзэд ёс зүйтэй байх нь их чухал” гэж тэр хэлсэн юм.

Ер нь бол шаардах, халамжлах хоёрыг хослуулж, барилгачдын нийгэм ахуйн асуудлыг нь шийдэж байж л барилгын салбар өсч хөгжих жамтай ажээ. Манайд ийм үлгэр жишээч компаниуд ч байдаг гэнэ.

Урьд социализмын үед барилгачдын нийгмийн халамж харьцангуй сайн байсан бол харин одоо эрс муудсан. Ганцхан жишээ татахад барилга барьж байгаа талбайд барилгачдын түр байр социализмын үед байдаг байсан бол одоо ихэнх компаниуд түр байр барихаа огт больсон ажээ.

Харин барилгачид уртатгасан цагаар ажилладгыг МБҮЭХ шүүмжлэхгүй байлаа. Барилгын салбар улирлын чанараар ажилладаг тул заримдаа уртатгасан цагаараар ажиллахаас өөр аргагүй байдаг гэнэ. “Ажил их улиралд уртатгасан цагаар ажилласнаа жилийн ерөнхий ажлын цагт орууллаад ажил бага үед богино цагаар ажиллах боломж байдаг. Улирлаас хамаарч ажил ихсдэг байгууллагуудыг уртатгасан цагаар ажиллуулах Засгийн газрын шийдвэр заавар бий. Бид үүнийг зарчмын хувьд ерөнхийд нь зөвшөөрдөг” гэж Гомбо ярьсан. Хамгийн гол нь ажил олгогчид ажилчдаа уртатгасан цагаар ажиллуулах бол тэдэнд заавар журмыг танилцуулж, мөрдөх ёстой гэнэ.

“Гэхдээ ер нь илүү цагийн мөнгийг манай ажил олгогч эзэд бараг өгдөггүй. Үүнийг бид өгөх ёстой гэж шаарддаг. Манай гишүүн байгууллагуудын хувьд бол бид энэ асуудлыг тодорхой хэмжээгээр шийдэж өгдөг” гэж тэр бас хэлсэн.

Хөдөлмөр хамгааллын асуудал...

Барилгын салбарт хөдөлмөр хамгаалал тун хэцүү байгааг Д.Гомбо хэлж байлаа. Энэ асуудал гээндээ ч бий, гоондоо ч бий. Эзэд хөдөлмөр хамгааллыг анхаарддаггүй. Ажлын хувцас, багаж хэрэгслээр хангадаггүй. Хангасан ч чанар муу багаж хэрэгсэл өгдөг. Шаардлага муу тавьдаг.

Гэтэл барилгачид ч бас зааварчилгааг хайхарч мөрддөггүйгээс болж барилгын салбарт осол гэмтэл маш их гардаг. 2008 он хүртэл барилгын салбарт гарсан осол, гэмтлийн тоо бусад салбартай харьцуулахад эхний нэг хоёрт байсан. 2009-2010 онд осол гэмтэл багассан нь эдийн хямралаас болж ажил багассантай холбоотой. Хэрэв их бүтээн байгуулалтын ажил өрнөвөл осол гэмтэл эргээд ихсэнэ гэж МБҮЭХ-хон таамаглаж байна.

Эцэст нь тэрбээр монгол ажилчид ажил муу хийдэг гэж хэвлэл мэдээллээр “сурталчилж” байгаад сэтгэл эмзэглэж явдгаа хэлсэн юм. “Муу ажилладаг компани, муу ажилчид байгаа юу гэвэл байгаа. Гэхдээ дийлэнх нь биш. Барилгад зүрх сэтгэлээ зориулсан сайн ажилладаг компани, барилгачид олон. Хэвлэл мэдээллээр монголын барилгачдыг муулж байгааг бид гадаадын ажилчдыг оруулая гэсэн санаа цухалцаж байна гэж үзээд, эсэргүүцдэг. Монгол хүн бол монголдоо итгэх ёстой. Барилгачиддаа итгэх ёстой. Бид хамтаараа л эх орноо хөгжүүлнэ. Тэр нь муу энэ нь муу гэж өөрсдийгөө муулаад гадаадынхныг алга тосоод байж болохгүй. Цаашдаа ингэж байх юм бол Монгол орны тусгай тогтнолд ч аюултай” гэж МБҮЭХ-ны дарга Д.Гомбо хэлсэн юм.

МОД АСАРДАГ ӨДРҮҮД ХЭРЭГТЭЙ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж жилийн өмнө жил бүрийн 5,10 сарын хоёр дахь долоон хоногийн бямба гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан. Энэ сайхан уриалгыг монголчууд уухай тас хүлээж авсан. Тийм ч учраас мод тарих ажилд (Ерөнхийлөгчийн цахим хуудсанаас харахад) 2010 онд 220 мянга орчим иргэн оролцож 1 сая 754 мод тарьсан байх юм. Магадгүй бид 2010 онд сүүлийн 20 жил тариагүй их мод тарьсан байх. Хэрэв тийм бол, энэ үнэхээр бахархмаар амжилт. Яагаад гэвэл мод тарина гэдэг чинь ерөөсөө буян үйлдэж байгаа учраас олон хүн олон мод тарьж, олон буян үйлджээ.
Одоо удахгүй 5 дугаар сарын эхний бямба гараг болно. Дахиад бид мод тарина. Тарих ч ёстой! Харин хэчнээн модыг бид өнгөрсөн жил тарьсан модныхоо ухсан нүхэнд дахиж тарих бол. Дөрвөн замын Бөмбөгөр худалдааны төвийн хавьцаа ноднин жилийн намар тарьсан нарийнхан зулзган мододыг тоолж явахад бараг тэн хагас нь “хоосон нүх үлдээгээд хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ”. Үлдсэн хэд нь ч дахиад нэг өвлийг давна гэхэд үнэмшмээргүй л харагдаж байна лээ…
Ер нь Улаанбаатарын хавар жилийн жилд л ийм байдаг. Дээхэн үед субботник хийж мод тариад, субботникгүй болохоороо сугалаад, хугачаад хаячихдаг байсан. Одоо ч мөн адилхан л байна. Ерөнхийлөгчийнхөө зарлигаар мод тариад ч дээрдсэн зүйл алгаа…

Гэхдээ бид мод тарих ёстой. Харин энэ жил мод тарихаасаа өмнө “өнгөрсөн жил тариулаад өнөө жилийг үзэж чадаагүй” хөөрхий хэдэн модны хойноос нэг “ном уншчих хэрэгтэй”. Учир нь олон мод тариад олон мод устгана гэдэг нүгэл шүү дээ.
Тиймээс ч "UBS" телевизийн санаачлагаар, БОАЖЯ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Ойн газар хамтран "Ногоон ирээдүй" төслийг хэрэгжүүлж эхлэж байна. Тус төслийн нээлтэд Улаанбаатар хотын Захирагчийн албаны дарга бөгөөд Хотын ерөнхий менежер Ч.Бат “Бид жил бүр л мод тарьдаг. Харин одоо тарьсан модоо зөв тордож арчлах, хайрлаж хамгаалах нь нэн чухал” гэж хэлсэн. Түүний хэлснээр бол энэ жил нийслэлийн тохижуултад өмнөх жилийнхээсээ 2-3 дахин их хөрөнгө зарцуулна. Мөн БОАЖ-ын сайд Л.Гансүх мод тарих бол эх оронч сэтгэлтэй хүн бүрийн заавал хийх ёстой ажил. Монгол Улсын иргэн бүр насныхаа тоогоор мод тарьцгаая гэж сануулав. “Нэг мод тарьвал энэ насны буян, хоёр мод тарьвал хойд насны буян” гэж бидний өвөг дээдэс сургадаг байсныг тэр мөн дурслаа.

Ер нь өнгөрсөн жил тарьсан модны хэд нь эв эрүүл, сав саруул байна. Хэд нь гэмтэж бэртэж, өвчтэй болсон байна. Хэд нь “ор тас алга болсон” байна гэдгийг нь мод тарихаасаа өмнө бүгдээрээ тоолж гаргамаар байгаа юм. Ялангуяа Улаанбаатарт! Яагаад гэвэл Улаанбаатар хот маань өнөөгийн байдлаас нь харахад ургамал ногоо, модонд хамгийн ээлгүй хот болжээ. Энэ нь байгаль, цаг агаартаа ч, эзэн бидэнд ч байдаг байх…
Үнэнийг хэлэхэд Улаанбаатарт ургасан мод хамгийн азгүй мод. (Тиймд бид тэднийг улам асарч халамжлах ёстой.) Та нэг сайн ажиглаарай. Яг одоо навч нь нахиалгүй байгаа энэ үед тэднийг сайтар харах юм бол сэтгэл чинь эмзэглэнэ. Өвөл өнгөрч хавар болчихоод байхад зарим нь ноднин жилийн навчисаа ч гөвж чадалгүй угаартаад нурмайчихсан. Зарим нь машин тэргэнд дайруулаад доголон хүн шиг хазайчихсан. Мөн бүгдээрээ тохой, өвдгөөрөө тайруулсан тахир дутуу хүмүүс шиг хамаг мөчрөө хөрөөдүүлээд, оройгоосоо тайруулаад ял шийтгэл хүлээсэн одой хүн аятай ямар ч сүр жавхаагүй харагдах вий.

Үгүй тэр ургаж чадаж байхад нь тайраад, тайраад хаячихдаг нь ямар хэрэгтэй юм бэ? Би хоёр гурван удаа мод тайрч байгаа дүүргүүдийн хот тохижилтынхонтой таарлаа. “Яагаад тайрч байгаа юм бэ?” гэж асуухаар бараг бүгдээрээ л “Залуужуулж, бас засч янзалж байгаа юм. Зун болохоор бөөрөнхийлж ургаад гоё харагддаг” гэж хариулцгаасан. Тэр нь ч тэгдэг л байх л даа. Гэхдээ…

Улаанбаатар хэдэн модтой билээ. Цөөхөн хэдэн модоо тогжийлгоод тогжийлгоод хаявал бид тэднээс бага л хүчилтөрөгч авна шүү дээ. Хар ухаанаар бодоход том ургасан мод их нүүрстөрөгч “идэж”, бидэнд их хүчилтөрөгч бэлэглэнэ. Тайруулаад жижигхэн болчихсон мод бага нүүрстөрөгч “идэж”, бага хүчилтөрөгч ялгаруулах байх. Хоёрдугаарт, Монголд хэдэн сар мод навчтай, хэдэн сар навчгүй байдаг билээ. Навчгүй тайруулчихсан модод хүйтэн улирлуудад ямар өрөвдөлтэй харагдана бэ? Гуравдугаарт, хэдийгээр бусад улс оронд ч ингэж модыг засаж янзалдаг ч гэлээ арай ч манайхан шиг хэтэртэл нь “одойлгоод”, мөчиргүй болтол нь тайраад хаядаггүй. Тэгээд ч манайд дээрээс нь тайрах хэрэг байхгүй мэт.

Магадгүй хот тохижилтынхонд зориултын өндөр сунадаг машин техник байдаггүй болохоор чадлынхаа хэрээр авирч байгаад тайрдгаас болж ингэж хэтэрхий богинохон тайрдаг байх. Тэд ямар ч хамгаалалтгүй, өөрсдөө модонд авирч байгаад тайрдаг юм байна лээ. Тэгэхээр тэдний хөдөлмөр ч бас осол аюултай ажээ. Тиймээс наад зах нь модыг асардаг хүмүүсийнхээ ажлын аюулгүй байдлыг хангах шаардлагатай байна.

Товчхондоо, мод тарьдаг нэг өдөр байхад, мод асардаг жилийн 365 өдөр байх ёстойг бид мартмааргүй байна. Тарьсан модоо арчилж, хамгаалж чадахгүй бол жил бүр мод тариад ч нэмэргүй шүү дээ. Тиймээс тарьсан модоо зөнд нь хаялгүй, эзэнтэй байлгахад нийслэлийнхэн анхаарах хэрэгтэй. Ингэхийн тулд гэр хорооллын айлуудын хашаанд зулзган мод тарьж, харин хотын төвийн хөл хөдөлгөөнтэй газар мод үржүүлгийн газраас дорвитойхон ургасан, томоохон модыг шилжүүлэн суулгах маягаар тарих нь тохиромжтой. Өнгөрсөн жил том ургасан мододыг Улаанбаатарт шилжүүлэн суулгаж тарьсан нь сайн үр дүнтэй нь харагдаж байна. Дэлхийн бусад улс оронд ч энэ аргыг түгээмэл хэрэглэдэг билээ.

Замын арчлалт зардал шаардана

Эрс тэс уур амьсгалтай манай улсын хувьд авто замын засвар арчлалт үнэхээр тулгамдсан асуудал. Хэдийгээр манай улсын авто замын сүлжээнд 49250 км зам байдаг гэж бүртгэгдсэн ч үүнээс зөвхөн 12613 км нь улсын чанартай авто зам байдаг. Энэ улсын чанартай 12613 км авто замын зөвхөн 2629 км нь л хатуу хучилттай, 2609.9 км нь хайрган болон сайжруулсан зам. Үлдсэн 7615.9 км нь ердийн шороон зам байдаг.

Улсын чанартай авто замыг 17 төрийн өмчит, 4 хувийн компани хариуцан ажилладаг ба жилд дунджаар 6-7 тэрбум гаруй төгрөгийг замын засвар арчлалтын ажилд зарцуулдаг. Гэхдээ энэ мөнгө үнэхээр хангалттгүй байдгыг холбогдох албаны хүмүүс хэлж байна.

“Монголын авто замын засвар арчлалтыг дөрвөн улирлын онцлогоос шалтгаалж дөрвөн аргаар хийдэг. Одоогоор жилд дунджаар 6 тэрбум гаруй төгрөг засвар арчлалтын ажилд төлөвлөгддөг. Энэ мөнгө хаана ч хүрдэггүй. Үүнийг хоёр дахин өсгөж байж замын засвар арчлалтын ажил хэвийн хийгдэнэ” гэж Авто замын дарга Б.Энхбат “Эрс тэс уур амьсгалтай орны өвлийн замын арчлалт” сэдэвт олон улсын семинарын үеэр сэтгүүлчдэд ярьж байсан.

Замын засвар арчлалтыг чанартай хийхэд орчин үеийн шинэ техник технологи их чухал хэрэгтэйг манай оронтой ижил төстэй уур амьсгалтай Канад, Финланд, Норвейг, Хятад, Швед, Орос гэх зэрэг улсуудын туршлагаас харахад тодорхой байлаа. Гэтэл бид хөрөнгө мөнгө дутуу учраас эдгээр орчин үеийн техник тоног төхөөрөмжийг ашиглах бололцоо муу байна.
“Манай төсвийн мөнгө зөвхөн замын арчлалт хийхэд л зориулагддаг. Гэтэл бидэнд засвар арчлалтын компаниудыг шинээр байгуулах, техник хэрэгслийг шинэчлэх хэрэг бий. Үүнд хөрөнгө мөнгө хэрэгтэй. Бас бидний идэвх чармайлт, төр засгийн дэмжлэг ч хэрэгтэй” гэж Б.Энхбат хэлсэн.

Үнэхээр манай улсад авто замын засвар арчлалтыг онцгой анхаарах ёстойг бодит байдал бэлхнээ харуулна. Зөвхөн Улаанбаатарын замыг жишээ татахад л өвлийн улиралд нийслэлийн авто зам хальтиргаа, гулгаатай, мөсөн гулгуурын талбай шиг байдгыг бүгд мэднэ. Тус салбарынхан ч замын засвар арчлалтыг сайн хийж гүйцэтгэхэд дэвшилт техник, тоног төхөөрөмж нэн чухал байгааг санал нэгтэй хэлцгээдэг.

Ер нь авто замыг арчлах манай арга барил ч ихээхэн хоцрогдсон. Жишээлбэл, Улаанбаатарт өвлийн цагт машины тэвшин дээрээс хүрзээр элс, давс цацдаг аргаас салаагүй байхад зарим улсад доороосоо халдаг цас тогтоохгүй зам тавьчихсан байна. Хэдийгээр өвлийн цагт дэлхий нийтэд элс, давс цацдаг аргыг өргөн хэрэглэдэг ч хэрэглэж байгаа арга технологи, техник төхөөрөмж нь улс орнуудад өөр өөр байдаг ажээ. Үүнд цаг агаарын байдалд ч их нөлөөлдөг.

Тухайлбал, манайд цас хайлуулах давсыг хасах 15 хэмээс доош үед л хэрэглэхээс өөр аргагүй гэнэ. Яагаад гэвэл хасах 15-аас дээш хэмийн хүйтэнд хэрэглэхээр шөнө хөдөлгөөн багассан үед давс эргээд барзайгаад хөлдчихдөг болохоор ид хүйтний улиралд хэрэглэх тохиромж муутай. Харин хальтиргаа гулгааг багасгахын тулд элс цацах нь ид хүйтний улиралд хэрэглэх гол арга болдог.
Өөр бусад орнуудад ч гэсэн элс цацдаг. Гэхдээ цацдаг арга нь өөр. Манайхантай адил машины тэвшин дээр зогсож байгаад гараар цацдаггүй. Машин техник нь ч дэвшиттэй, хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн байна. Энэ талаар манай улс үнэхээр хоцрогдсон нь Дэлхийн авто замын нийгэмлэгтэй хамтран Авто замын газрын зохион байгуулсан “Эрс тэс уур амьсгалтай орны өвлийн замын арчлалт” сэдэвт олон улсын семинарын үеэр харагдаж байлаа.
Засгийн газар “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөр баталж, 2010-2016 онд 24 чиглэлд 5572 км хатуу хучилттай авто зам барих зорилт дэвшүүлсэн. Энэ бол одоо байгаа 2629 км хатуу хучилттай замаасаа бараг хоёр дахин их зам барина гэсэн үг. Тэгэхээр үүнийг дагаад зам засвар арчлалтын ажлыг хэрхэн хийх үү гэдэг маш чухал. “Өнөөдрөөс эхлээд л бид зам засвар арчлалтын ажлыг ярих хэрэгтэй. Тэрбум тэрбум төгрөгөөр хийсэн замаа яаж арчлах уу? Хэр удаан ашиглах уу гэдэг их чухал. Тиймээс бид энэ жилээс эхлэж зам засварын арчлалтын ажилдаа их анхаарч байгаа” гэж Б.Энхбат мөн ярьсан.

Тиймээс ч Авто замын газар Улаанбаатар хотод өвлийн замын арчлалтыг хэрхэн хийх талаар олон улсын семинар зохион байгуулж, бусад улс орны туршлагаас суралцахыг зорьжээ.

Ер нь одоо байгаа шороон замыг хатуу хучилттай болох нь манай улсын нэн тэргүүний зорилт болсон гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа. Манай авто замын сүлжээний бараг 90 хувь нь шороон зам байдаг. Хөдөө орон нутагт замбараагүй гаргасан эдгээр замыг холбогдох албаныхан судлаад, гол чухал замуудыг нь сонгон, саад бэрхшээлийг арилган, гол мөрөн давах гүүр барин авто замын сүлжээндээ хамруулсан байдаг. Гэтэл одоо эдгээр зам үнэхээр шаардлага хангахгүй болсныг мэргэжилтнүүд хэлж байна.

Урьд авто машин цөөн, даац нь бага, эргэлтийн хурд нь удаа байхад байгаль орчин бага бохирддог байсан бол харин одоо маш хүнд даацын хурдан машин техникүүд олширсон тул байгаль орчин маш их сөрөг нөлөөлтэй болсон. Хөдөөний малчид хүртэл өвөлжөө, хаваржааныхаа хооронд машинаар нүүдэг болсон нь энэ асуудалд улам нэрмээс болж байна.
Тиймээс ч Авто замын газар олон шороон зам гаргахыг багасган замын маршрут чиглэлийг тогтоохыг зорихын хажуугаар орон нутгийн эдгээр замыг хатуу хучилттай биш юмаа гэхэд засаж сайруулах бодлого баримтлаж байна.

“Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрт хэрэгжихэд боловсон хүчний асуудал мөн их чухал байгааг ч мэргэжилтнүүд сануулдаг. “Инженер, механик, замчин, операторууд гээд ажилчдыг бэлдэх асуудал нэн чухал байна. Инженерүүдийг бэлтгэхийн тулд Техникийн их сургуульд шинэ анги нээсэн. Мөн Техник, технологийн коллежэд нэг анги нээсэн байгаа. Бас Батлан хамгаалах яамны цэргийн ангиуд зам барих ажилд оролцоё гэсэн тул Батлан хамгаалахын дээд сургуульд авто замын инженерийн анги нээхэд бид туслаж, хамтран ажиллах гэж байгаа” гэж Б.Энхбат ярьж байсан юм.

Тэрээр мөн “Энэ том үйлсийг бүтээхэд мөнгө бол шийдэгдэнэ. Олон улсын төсөл, уул уурхайн салбараас мөнгө олдоно. Харин хийдэг хүмүүс нь дутагдана. Тэгэхээр боловсон хүчнээ бэлтгэх маш чухал байна. Энэ жил гэхэд л зөвхөн инженер техникийн ажилчид зуу зуугаараа, замчид мянга мянгаараа хэрэгтэй” гэж хэлсэн.

Ямартаа ч хатуу хучилттай зам бариад зөнд орхихгүйн тулд замын засвар арчлалтыг сайжруулж, өндөр түвшинд хөгжүүлэхийн тулд зардал мөнгө их шаардагдах нь ойлгомжтой байна. Тиймээс шинээр хатуу хучилттай авто зам тавихын зэрэгцээ засвар арчлалтын ажлын зардлыг тооцоолж гаргаж байх нь чухал ажээ.

Thursday, 14 April 2011

460 МЯНГА ГАРУЙ ҮНЭТ ЦААСНЫ ДАНС НЭЭГДЖЭЭ

“Эрдэнэс-Тавантолгой” компанийн нийт иргэдэд ижил хэмжээгээр үнэ төлбөргүй эзэмшүүлэх 10 хувь буюу 1.5 тэрбум хувьцааг шинэчилсэн бүртгэлд хамрагдсан 2 сая 500 гаруй иргэн эзэмшиж, нэг иргэн 536 ширхэг хувьцааны эзэн болсныг Ерөнхий сайд С.Батболд Монголын хөрөнгийн бирж, Лондонгийн хөрөнгийн бирж хоёр “Ажлын мастер гэрээ” байгуулж, гарын үсэг зурах үед зарласан. Тэрбээр шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй иргэд даруй түргэн хамрагдахыг ч сануулсан билээ.

Энэ үеэр мөн Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТТТХТ) цахим хуудастай болж, иргэд “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшсэн эсэхээ шалгах боломжтой болсныг ч олон нийтэд мэдэгдсэн.

Хэрэв та шинэчилсэн бүртгэлд хамрагдсан бол http://registration.schcd.mn гэдэг цахим хуудсанд зочилж, регистрийн дугаараа бичээд “Эрдэнэс-Тавантолгой” компанийн 536 ширхэг хувьцааны эзэн болсон эсэхээ шалгаж болно.

Энэ талаар иргэдийн дунд буруу ойлголт их байгаа тул ҮЦТТТХТ-ийн Олон нийттэй харилцах албаны менежер Ж.Байгальмаагаас тодруулга авч, одоогийн байдлаар яг хэчнээн иргэн үнэт цаасны данстай болсныг лавлаж асуув. Дашрамд хэлэхэд, шинэчилсэн бүртгэлд хамрагдаж “Эрдэнэс-Тавантолгой” компанийн 536 ширхэг хувьцааны бичилт хийгдсэн бүх иргэн ҮЦТТТХТ-д данстай гэсэн үг биш юм.

Гэхдээ хэрэв та шинэчилсэн бүртгэлд л хамрагдсан бол данстай, дансгүй таны нэр дээр “Эрдэнэс-Тавантолгой” компанийн 536 ширхэг дансны бичилт хийгдсэн байх ёстой.
Мэдээж 536 хувьцааныхаа ноогдол ашгийг хүртэж, зарч борлуулж, шинэ хувьцаа нэмж авахад үнэт цаасны данстай байх зайлшгүй шаардлагатай. Гэхдээ хэрэв та шинэчилсэн бүртгэлд хамрагдаж, 536 хувьцааны бичилт танд хийгдсэн бол (үүнийг дээрх цахим хуудаснаас шалгаж болно) хүссэн үедээ дансаа нээлгэж болно.

Одоогийн байдлаар “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцаа ямар үнэтэй байх нь тодорхойгүйгээс гадна нүүрс олборлож, зарч эхлээгүй байгаа тулд иргэд яарахгүй хэрэггүй гэж холбогдох албаны хүмүүс хэлж байгаа. Харин шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй иргэд түргэн шуурхай хамрагдаж, Эрдэнэс-Тавантолгой компанийн 536 ширхэг хувьцааг үнэ төлбөргүй эзэмшиж байна гэсэн бичилтээ хийлгэх ёстой. Иргэд өөрсдийн харьяат дүүрэг дээрээ очиж шинэчилсэн бүртгэлд хамрагдаж болох аж.

Өнгөрсөн оны 12 дугаар сарын 31-ний байдлаар ҮЦТТТХ-д нийт 450. 077 данс нээгдсэн байна. Харин 2011 оны 1 дүгээр сарын 1-нээс 4 дүгээр сарын 10 хүртэл дээрх 450.077 дансан дээр нэмж 13.749 данс нээгджээ. Эдгээрийн 13.283 дансыг Монгол Улсын иргэд, 150 дансыг гадаадын иргэд, 309 дансыг дотоодын аж ахуйн нэгж байгууллагууд, 7 дансыг гадаадын аж ахуйн нэгж байгууллагууд нээлгэсэн байна.

Дээрх тооноос харахад шинэчилсэн бүртгэлд хамрагдсан 2 сая 500 гаруй иргэдийн ихэнх нь үнэт цаасны төвлөрсөн хадгаламж дахь дансгүй байгаа юм байна. Гэхдээ дахин сануулж хэлэхэд, үнэт цаасны дансгүй байлаа гээд “Эрдэнэс-Тавантолгой” компанийн 536 хувьцааг эзэмшээгүй гэсэн үг биш. Хэрэв та шинэчилсэн бүртгэлд хамрагдсан бол таны нэр дээр бичилт хийгдсэн байх ёстой. Тиймээс заавал өнөө маргааш гэлгүй, цаг заваараа брокер дилерийн компаниудаа судалж, хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлээ нэмсний дараа дансаа нээлгэх хангалттай хугацаа танд байна.

—Шинэчилсэн бүртгэлд хамрагдсан бүх хүнд “Эрдэнэс Тавантолгой” компанийн 536 ширхэг хувьцааны бичилт хийгдсэн. ҮЦТТТХТ-д данстай иргэдийн хувьд бол хувьцаа нь шууд дансанд нь орсон байгаа. Харин дансгүй иргэдийн хувьд бол нэр дээр нь хувьцааны бичилт орсон. Үүнийг “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааг эзэмшлээ гэж ойлгож болно. Эдгээр иргэд хэрэв данс нээлгэнэ гэвэл 47 брокер дилерийн компанийн аль нэгийг сонгож үйлчлүүлэн дансаа нээлгэж болно. Одоо иргэд “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшсэн эзэмшээгүйгээ, данстай дансгүйгээ заавал ҮЦТТТХТ ирж шалгах шаардлагагүй. Манай цахим хаягаар орж шалгах боломжтой болсон гэж Ж.Байгальмаа ярьсан юм.

Дээр дурдсан http://registration.schcd.mn гэдэг цахим хаягаар орж өөрийнхөө регистрийн дугаараа шивэхэд нэг анхаарах зүйл бол window-ийн стандартын гарын драйвер ашиглаж шивэх ёстой юм байна. Энэ юу гэсэн үг гэвэл компьютерийнхээ фондыг шалгах хэрэгтэй гэсэн үг. Монголчууд ихэнхдээ windows-ийн стандартын гарын драйвер ашигладаггүй. Тиймээс үсгийн фонд солигч цахим хуудсанд орж (http://badaa.mngl.net/convert/con2uni.htm) хувиргах хэрэгтэй гэж зарим хүмүүс зөвлөж байна.

БРОКЕР ДИЛЕРИЙН КОМПАНИД ДАНС НЭЭЛГЭХЭД

Хэрэв та брокер дилерийн компанид данс нээлгэх гэж байгаа бол тухайн компанийнхаа шимтгэлийн хураамж, үйлчилгээ, зөвлөгөө өгч байгаа зэрэг байдлыг нь шалгах хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөж байна. Мөн Хөрөнгийн биржийн үйл ажиллагаанд хэр оролцдог, туршлага зэргийг нь харгалзах учиртай ажээ. Хувь хүн данс нээлгэхэд иргэний үнэмлэхтэйгээ очиж, 5 мянган төгрөгний хураамж төлнө. Харин ААН 50 мянган төгрөгний хураамж төлнө.

Мөн, хэрэвзээ сонгосон брокер дилерийн компанийн чинь үйл ажиллагаа таалагдахгүй байгаа бол өөр брокер дилерийн компанид холболтын данс нээлгэж болно. Үүнд мянган төгрөгийн хураамж төлдөг. Хуулиар хүн 4-5 холболтын данстай байж болно. Тиймээс заавал ганц брокер дилерийн компанид хадагдах албагүй.

Thursday, 7 April 2011

ҮНДЭСНИЙ АРДЧИЛЛЫГ ТОДОРХОЙЛОХОД...

Монгол ардчилсан орон мөн үү? Мөн. Хориод жил бид ардчилсан нийгэмд амьдарлаа. Гэхдээ Монгол ардчилсан улс гээд сэтгэлээ зогоох бас болоогүй. Бид ардчиллыг төлөвшүүлж, хөгжүүлэх явцдаа нэг зүйл гээжээ. Энэ гээсэн зүйл маань СОЁЛ. Ардчилал, эдийн засгийн хөгжил хоёрыг гагнах гол хүчин зүйлийг гээсэн тул манай нийгэм эмх замбараагүй болжээ.

Чухам яагаад соёл гээгдэв гэдэг сонирхолтой. Мэдээж капитализмыг алгасч, социализм байгуулсан маань нөлөөлсөн. Гэхдээ шалтгааныг холоос эрэлгүй ойроос хайхад… Өнгөрсөн зуунд социалист нийгэмд дутагдаж байсан бүх зүйлийг монголчууд ямар нэг хэмжээгээр гадаадын донор улс орнуудын тусламжаар авсан. Харин ардчиллыг тордох хөрс болдог үндэсний соёлыг хандиваар авч чадаагүй. Соёлыг бид бусдын гарыг харалгүй өөрсдийн гараар төлжүүлж…зөвхөн өөрсдөө хийх ёстой аж! Яагаад гэвэл үндэсний ардчилалд үндэсний соёл шаардагдана.

(Дээрх бодол надад НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Мянганы хөгжлийн 9 дэх зорилт хүний эрх, ардчилсан засаглалыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх шат—II” төслийн судлаачдын хэвлэл мэдээллийнхэнд зориулж хийсэн “Засаглалын тухай ойлголт, засаглалын үнэлгээний арга зүй” сэдэвт сургалтад суух үед төрж байлаа.)

Төслийн судлаачид үндэсний ардчиллыг хэмжижээ. Тэдний хийсэн судалгаанд хамрагдсан монголчуудын ихэнх нь ардчилал хорин жилийн дараа хүсэн хүлээсэн түвшинд нь хүрээгүй гэж дүгнэсэн байна. Энэ нь үндэсний соёл, сэтгэхүйг тооцоогүй. Зөвхөн эдийн засгийн хөгжил, шинэтгэлд анхаарч, зах зээлийн нийгэмд амжилттай шилжиж чадвал л бүх юм сайхан болно гэсэн үзлээс болсон гэдгийг тус төслийн үндэсний менежер Ц.Цэцэнбилэг хэлж байлаа. “Либериал эдийн засгийн зарчмуудыг Монголд шууд хэрэгжүүлвэл аяндаа бүх юм сайхан болно гэсэн технократ үзэл ийм байдал хүргэсэн. Яагаад гэвэл бид соёлоо огт бодолцолгүй шууд эдийн засгийн эргэлт хийсэн” гэж тэр бас хэлсэн.

Эдийн засаг л хөгжвөл ардчилал хөгжинө гэдэг манай улстөрчдийн үздэг үзэл баримтлалыг олон жил хийсэн судалгаагаар судлаачид няцааж байна. Соёлыг хайхраагүй учраас Монголд ардчилал сайн хөгжихгүй байгаа гэж тэд дүгнэжээ.

Эдийн засаг хөгжихөөр л ардчилал дагаад хөгжинө үздэг ойлголт өрөөсгөл гэдэг нь тэдний хийсэн хэд хэдэн судалгаа батлаж. Жишээлбэл, ардчиллыг монголчууд юу гэж ойлгодог вэ? гэдэг судалгааны хариуг бусад Азийн улсуудтай харьцуулахад тун онцлогтой гэнэ. Азийн зарим улсуудын иргэд ардчиллыг шударга ёс, ил тод байдал, хуулийн захиргаанд амьдрах гэж ойлгодог бол монголчуудын ихэнх нь ардчиллыг эрх чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлэх гэж хариулсан байна. Гэтэл эв нэгдэлтэй байх, нийтээр зөвшилцөн олонхоор шийдэх, нээлттэй нийгэм, ил тод байдал, хуулийн хүрээнд айж эмээхгүй амьдрах зэрэг ухагдахуунууд тун бага хувьтай гарчээ. Тэр бүү хэл бусдын эрх ашгийг хамгийн их бодолцох ёстой УИХ гишүүдийн дийлэнх нь ардчиллыг эрх дураараа үзэл бодлоо илэрхийлэх гэж үзсэн байх юм.

Эрхээ эдэлж, үүргээ биелүүлж, хуулиа дээдлэх гэсэн үзэлтэй хүмүүс 2010 онд эрх чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлэх гэсэн үзэлтэй хүмүүсээс хоёр дахин бага байна. “Үүргээ биелүүлэх гэсэн ухагдахуун дөнгөж, жаахан жаахнаар соёолж эхлэж байна” гэж Цэцэнбилэг хэлсэн. Тэгэхээр монголчуудын дийлэнх нь ардчиллыг зөвхөн эрх чөлөөгөө эдэлж, дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэн, дураа хүрвэл хэнийг ч үл ойшоож болно гэж ойлгодог ажээ.

Энэ судалгаанаас дүгнэхэд Монголын ардчиллыг “Амь амиа бодоорой” гэж тодорхойлж болмоор. Хэрэв энэ янзаараа ардчилал хөгжвөл манай улс хэчнээн баян чинээлэг боллоо ч нийтээрээ аз жаргалтай сайн сайхан амьдарч чадахгүй. Зөвхөн хэсэг бүлэг хүмүүс баян чинээлэг, бусад нь “мөнхийн гачлантай” амьдрах болно. Тун удахгүй нийгэмд кастын систем тогтож, шинэ феодлууд олширно.

Мөн Монголын ардчиллыг хаалгаар орж, гарахдаа урдаас нь хүн ирж явааг үл хайхран мөргөх шахаад зөрдөг, эсвэл машин жолоодохдоо бусдыг үл хайхран зай л гарвал улангассан бух шиг дайрдаг монгол хүнтэй зүйрлэж болно. Тэр хүмүүст эрх чөлөө, эрх нь байна. Эрхээ эрх чөлөөтэй эдэлж байна. Харин танихгүй хүнийг анзаарах, хүндлэх соёл алга. Танихгүй хүнийг буюу ихэнх хүмүүсийг (ямар ч хүнд таньдгаас таньдаггүй нь их шүү дээ) анзаардаггүй, хүндэлдэггүй тул монголчууд нийгмийн хариуцлагыг үл ойшоодог.

Чухам яагаад ийм байдал хүрэв ээ? Яагаад Монголд амиа хичээсэн үзэл тархаж, нийгмийн уур амьсгал “хүнлэг” биш болов оо. Бид барууны соёл иргэншлээс либериал ардчиллыг хуулж авчрахдаа соёлыг нь буюу шашныг нь “хуулж авчирч” чадаагүй. Тиймээс иргэн баян бол улс баян гэсэн үзэл “захиргаагүй” тархахдаа (яагаад гэвэл энэ үзлийг зангидаж, нийтийн эрх ашигт нийцүүлдэг шашныг “импортолж” чадаагүй болохоор, өөрөөр хэлбэл нэг чухал “элементийг” нь гээсэн болохоор) хэн хүчтэй нь хүчгүйгээ барьж иддэг араатны ёсыг дэлгэрүүлж, нийгмийг эмх замбараагүй болгосон. Жишээлбэл хүн бүхэн өөрийнхөө төлөө зүтгэвэл нийтийн эрх ашиг хамгаалагдана гэж гэсэн ойлголттой америкчуудыг шашны сүмүүд нь нэгтгэдэг байсныг Цэцэнбилэг ярьж байсан. “Сүм бол хяналтын үүрэг гүйцэтгэж байсан” гэж тэрбээр тодорхойлсон юм.

Тэгэхээр хүссэн хүсээгүй бид уламжлалт шашнаа “хөндөх” цаг аль хэдийн болоод (бүр цаг нь өнгөрч) байна. Монгол шиг уламжлалт соёл, зан заншил нь Буддын шашинтай салшгүй холбоотой улс шашнаа эрүүлжүүлэх, XXI зууны хөгжлийн түвшинд ухамсарлаж ойлгох тухай ярих болохоос бусад соёл иргэншилтэй улс орны шашныг шинээр нэвтрүүлэх бүтэхгүй.

Хэрэв Буддын шашны үнэт зүйлс, ардчиллын үнэт зүйлсийг хооронд нь уусгаж чадвал Монголын үндэсний ардчилал нийгэмд ээлтэй, анархист үзэл өргөн тархахгүй байх болно, наад зах нь. Мөн Буддын шашны ухагдахуунд суурилсан үнэт зүйлсийг өнөөгийн нийгэмдээ ухамсартайгаа “иргэншүүлж, нийгэмшүүлж” чадвал үндэсний ардчиллын зэрлэг чанар алга болно. Ингэж л бид “хандиваар авч чадаагүй элементээ” өөрсдөө нөхөх бололцоотой болно. Жишээлбэл, монголчууд үүргээ хариуцлагаа огт ухамсарлахгүй байна гэж байна. Уул уурхайн салбарынхан нөхөн сэргээлт хийхгүй бултаад, алт ухсан нэг нь амиа бодож байгаль орчноо сүйтгээд… Тэгвэл Буддын шашин хамгийн хариуцлагатай шашин билээ. Хүний хийсэн үйлдэл бүхэн үр дагавартай. Сайн зүйл хийвэл сайн үр дагавар гарна. Муу зүйл хийвэл муу үр дагавар гарна. Тиймээс үйлийн үрээс эмээсэн хүн хамгийн хариуцлагатай хүн болж төлөвшинө… Энэ мэтчилэн олон ухагдахуун бий. Эдгээр ухагдахуунуудыг заавал шашинд хамааруулалгүй нийгэмдээ бид ухамсартайгаар “иргэншүүлж” чадвал гадаадын “импортоор” орж ирдэг ухагдахуунуудаас ч илүү ардчиллыг Монголд хөгжүүлнэ.

Эцэст нь онцолж хэлэхэд, өнөөгийн мухар сүсэг дэлгэрсэн манай нийгэмд уламжлалт шашнаа зөв ойлгох (шашинд заавал орох албагүй) хамгаас чухал байна. Үүнд лам нар үлгэр дууриалал үзүүлж чадахгүй байгааг бас дурдах ёстой.