Wednesday, 30 March 2011

УТААНААС САЛГАХ 6 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛ

Орон сууцны зээлийн хүү жилд зургаан хувь болно гэсэн мэдээ бүгдийг горьдуулав. Гэхдээ орон сууцны зээлийн хүү зургаан хувь болох нь тодорхой ч, чухам хэзээнээс өгч эхлэх нь тодорхойгүй. (Яг одоогийн байдлаар бол Монголбанк, Сангийн яам гэх зэрэг холбогдох байгууллага, албаны хүмүүс Ерөнхий сайдын үүргийн дагуу боломжийг судлаж байна.) Ямартаа ч энэ зээлд хамрагдахын тулд та заавал төрийн албан хаагч байх албагүй хувийн хэвшилд ч ажиллаж байж болно. Хамгийн гол нь сарын орлого чинь тодорхой, өөрийн гэсэн орон сууцгүй бол энэ зээлийг авахад дөхөм болно.

Харин орон сууцны зургаан хувийн хүүтэй зээлд хамрагдсан иргэн одоо байгаа шинэ орон сууцнуудаас сонгож болох уу. Эсвэл заавал “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд баригдах 100 мянган айлын орон сууцнаас авах ёстой юу гэдэг асуудал бүрхэг байна. Ямартаа ч Засгийн газар гэр хороололд амьдардаг болон орон сууцгүй иргэдийг нэн түрүүнд орон сууцтай болгохыг хүсэж байгаа тул орон сууцтай хүн энэ зээлд хамрагдахгүйг сануулсан билээ.

Засгийн газар Буянт-Ухаад 12500, Яармагт 32000, Баянголын аманд 18000, 7 дугаар хороололд 10956, Телевизэд 4200, 14 дүгээр хороололд 12000 айлын орон сууцыг барихаар төлөвлөсөн. Хэрэв эдгээр шинээр баригдах орон сууцанд орох иргэд л зургаан хувийн хүүтэй зээлд хамрагдана гэвэл зургаан хувийн хүүтэй зээлээр орон байртай болох иргэд санаснаасаа удаан хүлээж мэднэ. Гэхдээ, Орон сууцны санхүүжилтын корпорациас энэ талаар лавлахад “Асуудал хэдийгээр бүрэн шийдэгдээгүй байгаа ч зургаан хувийн хүүтэй зээлд хамрагдах иргэд заавал шинээр баригдах 100 мянган айлын орон сууцнаас сонгох ёстой гэсэн шийдвэр байхгүй” гэсэн юм.

Хэрэв 100 мянган айлын орон сууцнаас авах ёстой гэвэл наад зах нь (барилга, дэд бүтцээ барьж дуусахыг эс тооцоод) “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 5 шинэ хуулийг шинээр боловсруулж, 10 гаруй хуульд нэмэлт өөрчлөлт, шинэчилсэн найруулга хийх шаардлагатай байгаа. Үүнийг иргэдээ орон сууцжуулах Засгийн газрын зорилгыг шаргуу биелүүлэхээр байгуулагдсан Үндэсний хорооны анхны хуралдааны үеэр мэргэжлийн холбогдох албан тушаалтнууд тайлбарлаж байсан. Тиймээс ч бүх хуулийг нэг өдөр шийдэж чадахгүй учраас эхний ээлжинд хамгийн шаардлагатай байгаа хууль, хуулийн төслийн дэс дарааг гаргаж мөрдөхийг тус хорооны дарга шадар сайд М.Энхболд үүрэг болгосон.

Мөн Ерөнхий сайд С.Батболд шинээр баригдах гэж байгаа 100 мянган айлын орон сууцтай холбогдуулж “Дундаж амьдралтай, сарынх нь орлого тодорхой ч, өөрийн гэсэн орон сууцгүй өрхөд зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийг олгох ёстой. Түүнээс бус орон сууцанд амьдардаг хэрнээ түүнийгээ шинэ болгоод авчихъя гэсэн ч юм уу, амьдралын түвшин дээгүүр хүмүүст энэхүү зээлийг ар өврийн хаалгаар өгөх асуудал байхгүй шүү” хэмээн хатуу сануулсан билээ.

Энд мөн бага дунд орлоготой гэр хорооллын иргэдэд зориулсан орон сууцны зээлийн хүүг зургаан хувь болгоход бусад арилжааны банкууд дагаад зээлийн хүүгээ бууруулахгүйг онцлох хэрэгтэй. (Монголбанкны ерөнхийлөгч арилжааны банкнууд зээлийн хүүгээ бууруулах боломжгүй гэж үзэж байгаа.) Хэдийгээр бусад холбогдох албаныхан зээлийн хүү зургаан хувь болгоход арилжааны банкуудын орон сууцны зээлийн хүү тодорхой хэмжээнд буурч мэднэ гэсэн ч энэ нь зөвхөн таамаг. Одоогийн байдлаар ихэнх арилжааны банкуудын орон сууцны зээлийн хүү жилд 15-16 хувь байна.

Арилжааны банкуудын зээлийн хүү хурдан буурахгүй байх хоёр үндэслэл бий. Нэгдүгээрт Засгийн газар Хөгжлийн банкаар дамжуулж “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийг санхүүжүүлэхдээ зургаан хувийн хүүтэй зээлийг нийт иргэдэд хавтгайруулж биш харин бага дунд орлоготой, орон сууцны зээл авах гэхээр арилжааны банкнуудын зээлийн хүүг нь дийлдэггүй хүмүүст л олгоно. Тэгэхээр энэ хэсэгт хамрагдахгүй үлдсэн хүмүүс нь арилжааны банкуудаар үйлчлүүлэхээс өөр аргагүй. Хоёрдугаарт, 100 мянган айлын сууц баригдаагүй байна. Ганцхан жишээ татахад л хамгийн эхэнд баригдах Буянт-Ухаа хорооллын 1798 айлын орон сууц ирэх оны 6 дугаар сард баригдаж дуусах төлөвлөгөөтэй байгаа аж.

Харин өнгөрсөн жил эхэлсэн “4000 орон сууц” хөтөлбөрт одоогийн байдлаар 3 мянга гаруй төрийн албан хаагчид хамрагдсан бөгөөд тэд улсын комисс хүлээж авсан аль ч орон сууцанд орох боломжтой. Одоогийн байдлаар нийт 96 гаруй тэрбум төгрөгийн орон сууцны асуудлыг шийдсэн байна. Энэ талаар ОССК-ийн Зээлийн газрын захирал М.Уламбаяр нэгэн сонинд өгсөн ярилцлагандаа дурджээ. Энэ хөтөлбөрт хамрагдсан төрийн албан хаагчид жилд 8 хувийн хүүтэй зээл төлдөг. Зарим иргэд 8 хувийн хүүтэй зээлээ 6 хувь болгох боломжтой эсэхийг их сонирхож байна. Харин ихэнх мэргэжилтнүүдийн хэлж буйгаар бол нэгэнт л олгогдсон зээлийн хүүг бууруулах боломжгүй бололтой.
САНХҮҮЖИЛТ

“Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийг дэмжихээр Засгийн газар 800 тэрбум төгрөгийн бонд гаргахаар зэхэж байгаа. Энэ мөнгөний 300 тэрбумыг хот төлөвлөлт, дэд бүтэц, орон сууц барихад зарцуулна. Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны Хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлтийн газрын дарга Г.Батхүрэл нэгэн сонинд өгсөн ярилцлагандаа “Засгийн газар Хөгжлийн банкинд 800 тэрбум төгрөгийн бонд гаргах асуудлыг шийдсэн. Энэ бондын санхүүжилтээр томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг санхүүжүүлнэ” гэж хэлсэн байна. Түүний хэлснээр бол 2011 онд Хөгжлийн банк дөрвөн арга хэмжээг санхүүжүүлэхийн нэг нь “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөр буюу шинээр орон сууц барих асуудал орсон ажээ.

Мөн 800 тэрбум төгрөгийн бондыг арилжааны банкууд худалдаж авч чадна гэдэгт Монголбанкны дэд ерөнхийлөгч Н.Золжаргалын итгэлтэй байна. Тэр бүү хэл 800 дахин нэмж бонд гаргах ч боломж бий гэж тэрбээр “Зууны мэдээ” сонинд өгсөн ярилцлагандаа дурдахдаа “Эрэлт хангалттай байгаа. Зөвхөн дотоодын эх үүсвэрээр хангах зүйл биш. Дэлхийн эдийн засгаас санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчдын зүгээс төгрөгийн эрсдэлийн зээл авах сонирхолтой. Эх үүсвэрүүд ямар төвшинд байгаа талаар судалгаа бий” гэж хэлсэн байна.

Ер нь зургаан хувийн хүүтэй зээлийг хэрхэн олгох нь одоогоор хараахан тодорхой биш байна. Төрийн албанд ажилладаг хүмүүст ОССК-аар дамжуулан олгох бол харин хувийн хэвшлийнхэнд арилжааны банкуудаар дамжуулан олгох нэг хувилбар яригдаж байгаа юм байна. Мөн арилжааны банкуудаар дамжуулан зургаан хувийн хүүтэй зээл олговол хүүний зөрүүг төрөөс даах хувилбар ч бас яригдаж байгаа ажээ.

Эцэст нь нэг зүйлийг энд дурсмаар байна. Тухайлбал, нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9, 10,11,12 дугаар хорооны нутаг дэвсгэр дээр ( 7 дугаар хоролол) амьдарч байгаа иргэдийн газрыг чөлөөлөхөд зориулж Улаанбаатар хот 20 тэрбум төгрөг гаргахаар 2011 оны төсөвт суулгачихсан байгаа гэнэ. Гэтэл тухайн газар оршин суугчид эзэмшсэн газраа хэт өндөр үнэлж, зарим тохиолдолд 100-120 сая хүртэлх төгрөгийг шаардаж буй нь нэг талаар газар чөлөөлөх явцад хүндрэл учруулж болзошгүй гэж албаны хүмүүс онцолж байна хэмээн нэгэн сонинд бичжээ. Ерөнхий сайд ч мөн үүнд нийтийн эрх ашгийн үүднээс зарим тохиолдолд төрийн зохицуулалт чанга байхыг сануулж, хотын удирдлагуудад ажлаа эрчимжүүлэхийг үүрэг болгосон ажээ.

Эндээс харахад дахиад л бөөн маргаан үүсэх янзтай. Засгийн газар хүний эрхийг зөрчилгүй энэ асуудлыг хэрхэн шийдэх нь тун анхаарал татна. Уг нь бол хуулийн дагуу авсан үнэгүй газраа иргэн хүн хэдэн төгрөгөөр зарах нь түүний дур. Та нар газраа ашиглаад баяж гэж Монголын төр засаг иргэддээ газрыг нь өмчилсөн. Гэтэл заримдаа Засгийн газар зах зээлийн хуулийг зөрчиж жишиг үнэ тогтоон, амласан амлалтаасаа буцахад хүрч байна. Долдугаар хороллын хувьд асуудал маш ойлгомжгүй байна. Хамгийн гол нь Засгийн газар бүх зүйлийг маш тодорхой болгох шаардлагатай. Тухайлбал хашаа байшинг нь байраар солих юм бол заавал шинээр баригдах байранд оруулна гэж тулгах албагүй. Одоо байгаа өчнөөн эзэнгүй байгаа орон сууцнуудад эхний ээлжинд нүүлгэн шилжүүлж болохгүй гэж үү? Гэх мэт олон асуудал хөндөгдөж байна. Энэ асуудлуудыг бид дараа дараагийн дугаартаа хөндөж бичнэ...

Monday, 28 March 2011

ЗОРИЛТ ХЭРЭГЖИХ БОЛОМЖГҮЙ...

2015 онд Монголд ирэх гадаадын жуулчдын тоог 1 саяд хүргэхийн тулд 4 жилийн дотор гадаадын жуулчдын тоог 2 дахин нэмэх шаардлагатай. Өчигдөр болсон “Аялал жуулчлал ба өрсөлдөх чадвар-2011” сэдэвт үндэсний зөвлөгөөний үеэр энэ талаар дурсав.

Аялал жуулчлалын салбарыг төр ба хувийн хэвшлийн түншлэлийн зарчимд тулгуурлан хөгжүүлэх, салбар байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын баримт бичгийг Засгийн газраар батлуулах зорилгоор дээрх үндэсний зөвлөгөөнийг зохион байгуулжээ. Байгаль орчин, аялал жуучлалын яам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хоёр уг зөвлөгөөний ерөнхий зохион байгуулагчид бөгөөд Аялал жуулчлалын үндэсний төв, Аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн төв, Аялал жуулчлалын холбоо, Үндэсний аялал жуулчлалын байгууллага гэх зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулагчид нь болсон аж.

“Энэ зөвлөгөөний онцлог нь, урьд голдуу дээрээс зохион байгуулдаг байсан бол харин энэ удаа доороосоо хувийн хэвшлийнхэн ба төрийн бус байгууллагынхан өөрсдийнхөө санаачлагаар хийж байгаад оршино” гэж МҮХАҮТ-ын Аялал жуулчлалын зөвлөл дарга Ш.Нэргүй тодорхойлсон энэ зөвлөгөөнд 300 гаруй байгууллагын төлөөлөл оролцов. Мөн Ш.Нэргүй “Үндэсний зөвлөгөөнийг хийхдээ бид тогтвортой аялал жуулчлал, дэд бүтэц, хүний нөөц, маркетинг гэсэн 4 чиглэлийн гол асуудлыг төрдөө хүргэе гэсэн бодолтой байгаа” гэв.
БОАЖ-ын сайд Л.Гансүх “Аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого, үндсэн чиглэл” гэсэн илтгэлдээ: Аялал жуулчлал бол Монгол Улсын ДНБ-нд томоохон байр суурь эзэлдэг манай тэргүүлэх салбар. Засгийн газрын 2008 оны 83-р тогтоолоор аялал жуулчлалын салбарыг тэргүүлэх салбар болгон тодорхойлсноос гадна 2009 онд баталсан “Засгийн газраас эхний ээлжинд хэрэгжүүлэх томоохон төслийн жагсаалт”-д аялал жуулчлалын төслийг багтаасан зэрэг тодорхой алхмуудыг Засгийн газраас хэрэгжүүлж байгаа. Их Хурлаас 2008 онд баталсан Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод аялал жуучлалыг 2007-2021 он хүртэл хөгжүүлэх бодлогыг томъёолсон. Энэ бодлогын хүрээнд, аялал жуулчлалд шаардлагатай дэд бүтцийг хөгжүүлэн, аялал жуулчлалын томоохон цогцолборуудыг барьж, бүс нутгаар төрөлжүүлэн хөгжүүлэх замаар 2015 он гэхэд гадаадын жуулчдын тоог 1 саяд хүргэхээр заасан билээ. Улмаар 2016-2021 оны хооронд аялал жуулчлалын салбарын хөгжлийг эрчимжүүлж, үйлчилгээний чанарыг олон улсын жишигт хүргэн сайжруулах замаар Монголд ирэх жуулчдын тоог хүн амын тоотой тэнцэхүйц болгох зорилтыг дэвшүүлсэн гэв.

Үүнээс дүгнэхэд Монгол Улсын Засгийн газар 2015 онд 1 сая жуулчин, 2021 онд 3 сая гаруй жуулчин хүлээн авах зорилттой байгаа юм байна.

2010 онд манай улсад 456,303 гадаадын жуулчин ирсэн нь өмнөх оноос 10 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж. Мөн аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг 600 орчим аж ахуйн нэгж байгаа гэнэ. (Энэ тоонд зочид буудлын үйл ажиллагаа эрхэлдэг ААН-ийг оруулаагүй.) Энэ нь 2000 оноос хойш 10 жилийн дотор аялал жуулчлалын компаниуд 4 дахин өссөн үзүүлэлт ажээ. 2010 онд аялал жуулчлалын салбарын орлого 222 сая ам. долларт хүрсэн байна.

Гэхдээ жилд 10 хувиар жуулчдын тоо дунджаар нэмэгдлээ гэхэд 2015 он хүртэлх 4 жилийн дотор жуулчдын тоог 1 сая хүнд хүргэх зорилт хэрэгжих боломжгүй болоод байгааг БОАЖ-ын сайд анхааруулж хэллээ. Тэрбээр “Аялал жуулчлалын салбарын өсөлтийн цаашдын хандлагыг тооцоод үзэхэд...жуулчдын тоог 1 сая хүнд хүргэх зорилт хэрэгжих боломжгүй болоод байна” гэсэн юм. Тиймээс Засгийн газраас аялал жуулчлалд шаардлагатай дэд бүтцийг хөгжүүлэн, томоохон цогцолборуудыг барьж, бүс нутгаар төрөлжүүлэн хөгжүүлэх шат дараатай арга хэмжээг авахаар ажиллаж байгаа ажээ.

Мөн дэлхийд нэр хүндтэй Берлиний ITB, Лондонгийн WTM, Японы JATA зэрэг олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцох нь жуулчдын тоог нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж БОАЖ-ын сайд үзэж байна. “Берлиний ITB 2011 үзэсгэлэнд Монгол Улс Соёлын түнш орноор амжилттай оролцсон нь үүний нэг тод жишээ” гэж тэрбээр хэллээ.

Түүний хэлснээс үзэхэд Монголд ирсэн жуулчдад худалдаж авах зүйл хомс, идэж уух хоол унд муу, үйлчилгээ тааруу гэсэн дүгнэлтийг хийж болохоор байна. Учир нь нэг жуулчнаас олсон орлого маань бусад улс оронтой харьцуулахад бага байдаг. Жишээлбэл, 2002-2004 оны хооронд Монголд ирсэн нэг жуулчнаас олсон орлого дөнгөж 8 хувь нэмэгдсэн байхад, Тайландад 18 хувь, Балбад 58 хувь тус тус нэмэгджээ. Энэ тоо баримт нь Монгол Улсад ирж буй нэг жуулчнаас олох орлогыг дээшлүүлэх буюу аялал жуулчлалын үр өгөөжийг нэмэгдүүлэх шаардлагатайг харуулж байгаа аж.

Мөн БОАЖ-ын сайд “Манай аялал жуулчлалын салбар нь өрсөлдөх чадвар сул, үр өгөөж муу” гэж шударгаар салбараа дүгнэв. Дэлхийн эдийн засгийн форумаас жил бүр гаргадаг Аялал жуулчлалын өрсөлдөх чадварын тайлан мэдээнд 2009 онд манай аялал жуулчлалын өрсөлдөх чадвар 133 орноос 105-д орж базаахгүй үзүүлэлт үзүүлжээ.

Статистикийн тоо баримтаас харахад БНХАУ, ОХУ, БНСУ-ын жуулчид манай улсад хамгийн их ирдэг ажээ. “Гэтэл Хятад, Орост болдог аялал жуулчлалын үзэсгэлэнгүүдэд монголын цөөхөн компани л оролцдог. Мэдээж зөвхөн үзэсгэлэнд орсноор тухайн зах зээл дээр ажиллаж буй чадамж, далайцыг хэмжиж хэрхэвч боломгүй” гэж Аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн төвийн тэргүүн Д.Гантөмөр хэлэв. Манай хоёр хөрш улсаас хилийн бүсийн аялагчид, найз нөхөд хамаатан садандаа зорчигчид, ажил албан хэрэг, эмнэлэг хийгээд хувийн олон шалтгаанаар ирж байна. Харин аяллын хөтөлбөр худалдаж аваад, мөнгийг нь төлөөд, тодорхой цаг хугацаа зарцуулдаг амралтын жуулчид харьцангуй цөөхөн гэж тэрбээр бас хэлсэн.

Харин солонгосын жуулчдын талаар Д.Гантөмөр “Солонгосын компаниуд манай аялал жуулчлалын дотоод нийлүүлэлтийн сүлжээнд шууд нэвтэрч, өөрсдөдөө хамгийн ашигтай өртөгийн сүлжээний үйлчилгээг үүсгэх бодлогыг явуулж байна. Энэ нь Монгол улсыг ашигла, харин ач тус, орлогыг нь өөрсдөө аваад гар гэсэнтэй адил. Бүс нутаг доторх аялал жуулчлал бол дандаа тухайн орон нутгийн аялал жуулчлал, зохион байгуулагч, тур операторуудыг алгасч хамаарлаа шууд тогтоохыг эрмэлзэж байдаг. Харин Европ, Америкийн аялал жуулчлалын компаниуд бол ихэвчлэн Монголын компаниудтай тогтвортой хамтарч ажилладаг” гээд ихэнх солонгосын компаниуд шууд манай зах зээл рүү довтолж орохыг оролддог бөгөөд солонгос эзэнтэй зочид буудал, жуулчны бааз гэх зэргээр өөрийн үр үндсүүдийг дотоод өртөгийн сүлжээнд ургуулж нийгэм-эдийн засгийн “өрөм”-ийг нь аваад хусмыг нь үлдээж байна гэсэн.

Бас “Ийм байдлаар тухайн зах зээлийг эдийн засгийн аргаар өөр рүүгээ татаж тодорхой хувийг өөрийн эзэмшлийн болгож, улмаар өөрийн соёл-эдийн засгийн хараат хэрэглэгч хийгээд тэднийг шүтэгч орон болгосон жишээ дэлхий дээр олон” гэж тэр хэлээд аялал жуулчлалын салбарын тодорхойгүй байдал нь ийм байдал хүргэсэн гэж дүгнэв. Хэдийгээр түүний хэлсэн бодууштай, зөв зүйтэй ч гэлээ. Үнэндээ бид гадаадын хөрөнгө оруулттай компаниудыг шахаад, өөрсдөө дангаараа бид өндөр хөгжилтэй улс орны жуулчдыг эх орондоо хүссэн тоогоорoo авчирч чадах болов уу гэж надад бодогдож байлаа...
www.mongolchamber.mn/tour/

Saturday, 26 March 2011

НОГООН ГЭР ХОРООЛОЛТОЙ БОЛГОХ СУРГАЛТ

Утаа “үйлдвэрлэдэг” гэж ад үзэгддэг гэр хорооллынхон ирээдүйд хүчилтөрөгч “үйлдвэрлэдэг” гэж магтагдаасай. Ингэж магтагдахын тулд мэдээж эсгий гэрээсээ бүгд салж халуун хүйтэн усаар хангагдсан амины орон сууцанд амьдрах хэрэгтэй. Бас хашаандаа зүлэг ногоо тарьж, мод ургуулах шаардлагатай.

Ийм “ногоон” ирээдүй рүү нэг алхам дөхүүлэх байгууллага бол “Фермер эмэгтэйчүүдийн холбоо” ТББ юм. Гэхдээ “Фермер эмэгтэйчүүдийн холбоо” амины орон сууц барьж өгч чадахгүй харин ногоо тарихыг зааж, мод ургуулж чадна.

1999 онд байгуулагдсан тус байгууллага нь 2000 оноос хойш дэргэдээ мэргэжил олгох сургалтын төв байгуулж амьжиргаа ядуу, орлого багатай хот, хөдөөгийн иргэдэд төрөл бүрийн цэцэг, зүлэг ногоо, гоёлын мод, жимсны мод, жимс, хүнсний ногоо тарих, арчлах, тарьсан ногоогоо хадгалах, нөөшлөх зэрэг хэрэгцээтэй чадваруудыг эзэмшүүлэх сургалт хийдэг юм. “Бид бага орлоготой иргэдийг өрхийн тариалан эрхлэхэд нь сургаж байгаа. Энэ оны хаврын сургалтаар ногоочин, цэцэрлэгчин, ойжуулагч гэсэн 3 мэргэжил олгох сургалтандаа элсэлт авч байна” гэж “Фермер эмэгтэйчүүдийн холбоо”-ны дэргэдэх мэргэжлийн сургалтын төвийн сургалтын менежер Ч.Баярсайхан хэлсэн юм.

Эдний сургалт 25 хоног үргэлжилдэг бөгөөд төгсөгчид нь мэргэжлийн үнэмлэх авдаг юм байна. Ер нь сүүлийн үед хөдөлмөр эрхлэлтийг Засгийн газраас тууштай дэмжиж байгаагийн нэг илрэл бол мэргэжлийн сургалтын төвүүдэд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан ажилгүй иргэдийг мэргэжилтэй болоход нь туслан үнэгүй сургаж байгаа явдал билээ.

“Фермер эмэгтэйчүүдийн холбоо”-ны дэргэдэх мэргэжлийн сургалтад ч гэсэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээр олон хүн суралцсан аж. Өнгөрсөн жил энэ сургалтын төвд нийт 364 хүн сургалтад хамрагдснаас 210 нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтийн эрхийн бичгээр сурсан байна. “Манайх Улаанбаатар хотод Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээр суралцах 100 хүний квоттой. Хөдөө аймгуудад мөн ойролцоогоор 100 хүний квот байдаг” гэж Баярсайхан ярьсан.

Эднийх Сонгинохайрхан дүүрэгт төвтэй бөгөөд Баянзүрх дүүрэгт нэг салбартай юм байна. Мөн Баянхонгор, Ховд, Налайхад нэг нэг салбартай ажээ. “Бид улсын хэмжээнд сургалт явуулах эрхтэй. Төр засгийн байгууллагуудтай хамтарч ажилладаг” гэж тэр бас хэлсэн юм.

Ер нь сүүлийн үед гэр хороололд оршин суугчид орчин тойрноо тохижуулъя, цэвэр агаар амьсгалж, мод зүлэг тарья гэсэн хүсэл эрмэлзэлтэй болж хашаандаа хүнсний ногоо тарих ч ихэсч байгаа ажээ. Гэхдээ тэр бүр хүссэн хүн “Фермер эмэгтэйчүүдийн холбоо”-ны мэргэжлийн сургалтад хамрагдаж чадахгүй байгаа. Учир тус сургалтын төвд суралцах Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлдэг хүмүүсийн тоо хязгаартай байдаг болохоор амьжиргааны түвшин доогуур иргэд 120 мянган төгрөг төлөөд 25 хоногийн сургалтад хамрагдаж бараг чаддаггүй гэнэ. Баярсайхан “Хэдийгээр 120 мянган төгрөг харьцангуй бага ч гэлээ. Үүнийг төлөх чадвартай хүн маш цөөхөн байдаг. Жишээлбэл манай төв байрладаг Сонгино хайрхан дүүрэгт гэхэд л хөдөө орон нутгаас шилжиж ирсэн ажилгүй олон иргэд манай сургалтад хамрагдахыг хүсэвч Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлэх квотын хэмжээ бага байдаг тул хүссэн бүхэн хамрагдаж чаддаггүй” гэсэн юм.

Түүний хэлснээр бол өнгөрсөн жил Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээр суралцаагүй 150 гаруй иргэдийн ихэнх нь өндөр настай, тэтгэвэрт гарсан ахмадууд байсан гэнэ. “Тэд цэцэг, мод тарихыг хүссэн, гэртээ голцуу байдаг хүмүүс байсан. Ахмад настай, тэтгэвэрт гарсан болохоороо Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжих боломжгүй. Бас тэр бүр 120 мянган төгрөг төлөх чадваргүй тул бид ихэвчлэн 10 мянган төгрөг аваад л тэднийг үнэ төлбөргүй сургадаг” гэж тэр ярьсан юм.

“Фермер эмэгтэйчүүдийн холбоо”-ны сургалтын төвийг төгссөн олон хүн өрхийн тариалан эрхэлж амьжиргаа нь дээшилсэн бөгөөд улс, аймгийн аварга ногоочин болсон хүмүүс ч их байдаг ажээ. Ч.Баярсайхан “Хүн бүхэн мод тарьвал бид цэвэр агаараар амьсгална. Агаарын бохирдол багасана. Тиймээс бүгдээрээ мод тарьцгаая гэж уриалмаар байна” гэж бас нь хэлсэн.

Түүнтэй уулзсаны дараа гэр хорооллын бүх айлд хашаандаа мод тарь гэж хууль гаргавал зүгээр санагдсан. Хэрэв тэгвэл эзэнтэй, анхаарал халамжид ургасан модод арай өнгөтэй жавхаатай байх нь гарцаагүй. Мөн модод нь сайхан ургасан газрын үнэ өртөг ч өсдөг зах зээлийн хандлага бий болвол Улаанбаатар хурдан “Ногоонбаатар” болно. Тиймээс ч “Фермер эмэгтэйчүүдийн холбоо”-ны дэргэдэх мэргэжлийн сургалтын төв шиг сургалтууд тун хэрэгтэй.

Thursday, 24 March 2011

НОГООН ЭДИЙН ЗАСАГ ИРЭЭДҮЙД ЭЭЛТЭЙ

Улс орны хөгжлийг зөвхөн эдийн засгийн үзүүлтээр хэмжих хандлага сүүлийн үед хоцрогдож байна. Өнгөрсөн 100 жил дэлхийн улс орнууд зөвхөн эдийн засгийн өсөлтөөр аливаа хөгжлийг төсөөлж, эдийн засгаа хурдасгахыг эрмэлзэж байсан бол одоо ногоон эдийн засаг буюу байгаль орчны асуудал нэн чухал болжээ. Дэлхий нийтэд шинэ эдийн засгийн хандлага хэрэгтэй болсноос үүдэн ногоон эдийн засаг гэсэн ойлголт бий болсон байна.

Энэ ойлголтын талаар хэлэлцсэн “Байгалийн баялгийн үр ашигтай зарцуулалт бүхий ногоон эдийн засагт хүрэх шилжилтийн үеийн үндэсний стратеги” чадавхи бэхжүүлэх семинар энэ сарын 7 онд Улаанбаатар хотод болсон. Тус семинарыг НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр (UNEP), БОАЖЯ хамтран зохион байгууллаа. “Семинарын гол зорилго нь ногоон эдийн засгийг Монголд хэрхэн нутагшуулах, иргэдийн оролцоо, чадавхийг бэхжүүлэх, зах зээлийн өрсөлдөөнийг бий болгоход ямар арга зам байна вэ? гэх мэт олон асуудлаар хэлэлцэж, тодорхой шийдэлд хүрэхэд оршино” гэж зохион байгуулагчид нь хэллээ.

Дэлхийн хүн амын өсөлт, хотжилт, үйлдвэржилтийн үйл явцтай холбоотой байгалийн нөөцийн хэрэглээ эрс нэмэгдсэнээс болж хаягдал, бохирдлын хэмжээ экологийн даац, чадавхиас давсан. Үүнээс улбаалж дэлхийн улс орнуудын нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжил алдагдахад хүрээд байгаа ажээ.

Тогтвортой хөгжил гэдгийг НҮБ-ээс гаргасан Байгаль орчин, хөгжлийн талаарх тунхаглалд “Ирээдүй хойч үеийнхний өөрсдийн хэрэгцээгээ хангахуйц чадварыг алдагдуулахгүйгээр өнөө үеийнхний шаардлагад нийцсэн хөгжлийг хэлнэ” гэж тодорхойлсон байна. 1992 онд Бразилийн Рио де жанейро хотод НҮБ-ын Байгаль орчин, хөгжлийн дээд хэмжээний бага хурал болсноос хойш тогтвортой хөгжил гэдэг ойлголт дэлхийд өргөн дэлгэрсэн аж.

Байгаль орчинтойгоо зохицсон эдийн засгийг хөгжлүүлэх нь тогтвортой хөгжлийг хангах нэг хүчин зүйл. Ногоон эдийн засгийн бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх нь тогтвортой хөгжих хамгийн зөв хөгжлийн арга хэлбэр гэж семинарт оролцогчид дурдаж байв.

Тогтвортой хөгжлийг ногоон эдийн засгийн бодлогоор дамжуулан хангахад тухайн улс орны зах зээл, макро эдийн засгийн бодлого, хууль эрх зүйн орчин хамгийн чухал гэнэ. Иймээс Засгийн газраас 2010 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгон зарлаж, тусгай төлөвлөгөөний дагуу олон талын арга хэмжээг хэрэгжүүлж байна. Үүнтэй уялдуулан БОАЖЯ, МҮХАҮТ-аас ногоон эдийн засгийг дэмжих дэд хөтөлбөрийг санаачлан боловсруулж Засгийн газарт өргөн барьсан ажээ.

Эдийн засаг, байгаль орчин, нийгмийн байдал бол тогтвортой хөгжлийн тулгын гурван чулуу. Энэ гурвыг адилхан анхаарвал улс орон тогтвортой хөгжинө. Харин адилхан анхааралгүй зөвхөн эдийн засгийн үзүүлэлтээр л улс орны хөгжлийг тодорхойлох нь өрөөсгөл бөгөөд эрсдэлтэй гэж семинарт оролцогчид санал нэгтэй зөвшөөрч байлаа. Жишээлбэл, сүүлийн үед дэлхийд байгалийн нөөц, эрчим хүч, хүнсний гэх мэт хомсдол үүсч байгаа нь үүнтэй холбоотой ажээ.

Өнөө үеийнхэнд хойч үеийнхээ хэрэгцээнд зориулан байгалийн нөөц баялаг, байгаль орчноо хамгаалж, өвлүүлэх нэн чухал үүрэг бий. Ялангуяа байгалийн нөөц баялагтаа тулгуурлаж хөгжих хэтийн төлөвтэй байгаа манай улсын хувьд энэ үүргээ бусдаас илүү биелүүлэх шаардлага бий гэдэг нь ойлгомжтой. Тиймээс ч дэлхийн улс орнуулын ирээдүйн хөгжил нь байгалийн нөөцийн үр ашигтай зарцуулалт, байгаль орчны бохирдол, доройтлоос урьдчилан сэргийлсэн, хүлэмжийн хийн ялгарал багатай эдийн засгийн тогтолцоог бий болгоход чиглэгдэж байна.

Энэхүү хөгжлийн загварыг дэмжиж НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс “Ногоон эдийн засаг”, НҮБ-ын Үйлдвэрлэлийн хөгжлийн байгууллагаас “Ногоон үйлдвэрлэл”, НҮБ-ын Ази, номхон далайн орнуудын эдийн засаг, нийгмийн хорооноос “Ногоон өсөлт”-ийн үзэл баримтлалуудыг дэвшүүлж нийгэм, байгаль орчинд ээлтэй, тогтвортой эдийн засгийн хөгжлийг хангахыг уриалсан байна.

Ногоон өсөлт гэдэг ойлголтыг хөгжлийн гол чиг хандлага болгох зайлшгүй шаардлагатай. Иймээс эдийн засгийн хөгжлийн тухай ойлголтыг найман үндсэн зарчим дээр тулгуурлан үзэх ёстой гэж семинар зохион байгуулагчид хэлж байна. Үүнд: хүлэмжийн хийн ялгарал бага; эрчим хүчний зарцуулалт бага; уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох; ногоон технологийг ашиглах; ногоон үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ногоон бүтээгдэхүүн үйлдвэрлэх; ногоон амьдралын хэрэглээг бий болгох, орчинг бүрдүүлэх, хэвшүүлэх; ногоон ажлын байр бий болгох зэрэг найман зарчим багтах ажээ.

“Ногоон эдийн засгийн гол зорилго нь тухайн орны байгалийн нөөцийг ашиглаж, эдийн засгийг нь хөгжүүлэн, ногоон ажлын байр нэмэгдүүлэн, ядуурлыг бууруулахын зэрэгцээ байгаль орчны муу нөлөөг багасгахад оршино” гэж НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн бүс нутгийн зохицуулагч доктор Ванхуа Янг хатагтай семинарын үеэр хэлсэн.

ЦАЦРАГИЙН НӨЛӨӨГ МОНГОЛД "ИЛЧЛЭНЭ"

Бурхны авралаар Монгол Улсын нутаг дэвсгэр дээр цөмийн дэлбэрэлт болж байсангүй. Гэхдээ нэг ч монгол хүн цөмийн цацраг идэвхт бодисод хордоогүй гэж бас хэлж болохгүй. Хордсон ч гэж бас хэлж болохгүй. ( Яагаад гэвэл батлагдаагүй. Учир нь үүнийг өмнө нь судлаагүй!)

Монгол Улсын иргэн цөмийн бөмбөгөнд нэрвэгдэж, эсвэл туршилтад өртөөгүй л дээ. Харин зүгээр малаа хариулж яваад цөмийн цацрагт хордож, өөрөө ч мэдэхгүй хорт хавдар тусч, хорвоогийн мөнх бусыг үзсэн байх магадлалтай. Үүнийг зөвхөн өнгөрсөн цагт ч биш одоо цагт ч хэлж болно. Мөн одоо амьдарч буй монгол хүн ч биш харин ирээдүй хойч үе маань ч цөмийн цацрагийн нөлөөгөөр эрүүл мэнд нь муудаж мэднэ... Гэхдээ, та бүү буруу ойлгоорой. Энд би цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглахыг эсэргүүцэх гээгүй. Харин нэгэнт болоод өнгөрсөн (одоо биднээс огт хамаарахгүй) үйл явдлын үр дагавар нь өдий хүртэл бидэнд нөлөөлөх магадлалтайг дуулгах гэсэн юм.

Манай улсын хилийн ойролцоо хоёр хөрш маань цөмийн туршилт хийдэг байсныг хүн бүхэн мэднэ. Тухайн үеийн ЗХУ буюу одоогийн Казакстан Улсын нутаг дэвсгэр дээр орших Семипалатинскийн цөмийн туршилтын газар 1942 оноос 1991 он хүртэл 42 жилийн турш 456 удаа цөмийн зэвсгийн туршилт хийсэн. Хүйтэн дайнд ялахын тулд ЗХУ-ын хийсэн эдгээр цөмийн туршилтууд нь 2500 Хирошимагийн цөмийн бөмбөгийн дэлбэрэлттэй тэнцэнэ гэсэн нэгэн судалгаа байна. Харин БНХАУ, Шинжаан Уйгарын нутагт орших Лоб нуурын цөмийн туршилтын баазад 1964 оноос 1996 он хүртэл 45 цөмийн туршилт хийсэн билээ.

Чухам энэ хоёр улсын цөмийн туршилт хил залгаа манай улсын хүн амд хэрхэн нөлөөлснийг монголын эрдэмтэдтэй хамтран судлах боломж хайн Япон Улсын Саппорогийн Анагаах ухааны их сургуулийн Цөмийн тасгийн профессор Жун Такада Монголд иржээ.
Тэрбээр энэ сарын 22-25 өдрүүдэд манай улсад ажиллах хугацаандаа Цөмийн энергийн газар, Монгол Улсын Их сургуультай хамтран “Цөмийн цацрагийн хамгаалалт болон эрүүл ахуй” сэдэвт Монгол, Японы эрдэмтэн, мэргэжилтнүүдийн эрдэм шинжилгээний хуралд оролцож “Төв Ази болон Монгол Улсын цөмийн цацрагийн хамгаалалтын асуудал” илтгэл, “Уйгар болон Казакстанд цөмийн туршилтын үр дагавар”, “Цөмийн эрчим хүчийг ашиглахад хүний ач холбогдол болон Японы аюулгүй байдлын технологи” гэдэг хоёр сэдвээр лекц уншив.

“Монголын хилийн ойролцоо цөмийн туршилт хийж байсан болохоор Монголд үзүүлсэн нөлөөг нь судлана. Энэ бол миний нэг зорилго. Монголд энэ судалгааг эхлүүлэхийн тулд монголын эрдэмтэн судлаачидтай уулзаж, тохиролцож байгаа. Нарийн судалгааг монголын эрдэм шинжилгээний ажилтнуудтай хамтарч хийх хүсэлтэй” гэж профессор Жун Такада хэлсэн юм.
Түүний үзэж буйгаар бол Хятад, Орос хоёрын хийж байсан цөмийн туршилтын хор нөлөө манай улсад гарцаагүй байгаа аж. Бид л энэ талаар нарийн судалгаа хийгээгүй болохоос цацраг идэвхт бодисын нөлөө тусгаар улсуудын хил хязгаараар тогтож, хязгаарлагдаггүй бололтой.

Хятадын Шинжаан Уйгарын Лоб нуурын цөмийн туршилтын баазаас 4000 орчим км хол орших Японы арал дээр цөмийн цацрагийн нөлөө мэдрэгдсэн байхад 1000 гаруйхан км зайтай орших Монголд Улс “яавч зүгээргүй” гэсэн дүгнэлтийг тэр хийж. Хятадын хийсэн цөмийн зэвсгийн туршилт Японд нөлөөлсөн гэдэг судалгаа байдаг аж. Эхээс гажигтай төрөөд эндэгдсэн хүүхдүүдийн ясанд цацраг идэвхт бодис илэрчээ. Энэ нь Хятадад цөмийн туршилт хийсэн цаг үе, мөчлөгүүдтэй таарч ихсэж, буурч байсан болохоор япончууд эндэгдсэн хүүхдүүдийн ясанд цацраг идэвхт бодис илэрч байсныг Шинжаан Уйгарын Лоб нуурын туршилттай холбосон байна. Япончуудын судалгаагаар бол цацраг идэвхт бодис салхинд туугдсан шар элстэй хамт Японы арал дээр нь очсон байна. Дашрамд сонирхуулахад Лоб нуурын туршилтын баазад хамгийн хүчтэй нь 4 мегатон цөмийн дэлбэрэлт болсон. Гэтэл Семипалатинскэд хамгийн хүчтэй нь 0.4 мегатон буюу 10 дахин бага цөмийн дэлбэрэлт хийжээ.

Хэрэв дээрх судалгаа үнэн бол бид үнэхээр яаруу түргэн цөмийн цацрагийн нөлөөг судлаж гаргах хэрэгтэй байх. Профессор Ж.Такада цөмийн дэлбэрэлтээс болж хөрс шороо бохирддогийг хэлсэн. Энэ бохирдсон хөрс шороо салхинд туугдан Монголд аль хэдийн “айлчилсан” байх өндөр магадлалтай аж. Жишээлбэл, Казакстаны Семипалатинскэд цөмийн туршилт хийж байх үеийн цаг агаарын ерөнхий байдлыг харахад салхи ихэвчлэн Монгол руу чиглэсэн байна. Гэхдээ Семипалатинск харьцангуй манай хилээс хол, цацраг идэвхт бодис шууд нөлөөлөх хүрээнд нь манай улсын нутаг дэвсгэр багтаагүй.

Харин Хятадын Шинжаан Уйгарын Лоб нуурт хийсэн цөмийн туршилтын цацрагын нөлөөлөх хүрээнд манай улсын баруун хэсэг орсон байна. Профессор Ж.Такадагийн хэлснээр бол цөмийн бөмбөг дэлбэрэхэд 200 км хүртэлх зайд байгаа бүх хүн шууд нас бардаг. Харин 200-500 км зайд байгаа хүмүүс цацраг идэвхт бодисоос хордсон шорооноос болж шууд үхэхгүй ч үс унах, арьс цайрах, цусны бөөмний өвчин, уушигны хавдар тусах зэрэг өвчинд нэрвэгдэг байна. “Иймэрхүү хүмүүс Уйгарт их” гэж тэрбээр хэлсэн юм. Харин 500-1000 км зайд байгаа хүмүүст ямар нэг гэнэтийн өвчин эмгэг мэдрэгдэхгүй ч ирээдүйд хорт хавдар үүсэх, бас урагт нөлөөлөх магадлалтай гэнэ. Манай улсын баруун хязгаарын хэсэг газар энэ сүүлчийн нөлөөллийн бүсэд нь хамрагдсан ажээ. “Мэдээж энэ хүрээнээс цацраг идэвхт бодисоор бохирдсон шороо хийсч ирсэн. Энэ нь монголчуудын эрүүл мэндэд хэрхэн нөлөөлснийг судлая гэж бодоод би ирлээ” гэж профессор Ж.Такада хэлэв.

ТА НАР ТАЙВАН БАЙЦГАА. ЯПОН ТАЙВАН БАЙНА.
Японд газар хөдлөж, цунами болсноос болж цөмийн цахилгаан станцууд нь зогссон. Харин профессор Ж.Такада дэлхийн нийтийн анхаарлыг татсан энэ асуудлаар ярихдаа итгэлтэйгээр “Япон хүний чанар бол хэзээ ч худлаа хэлдэггүй. Тиймээс цөмийн цахилгаан станцуудын талаарх бодит мэдээллүүд удахгүй нээлттэй болох байх” гэсэн юм. Тэрбээр мөн “Би япон хүн болохоороо ч ингэж хэлж байгаа юм биш. Гэхдээ Япон бол дэлхийн хамгийн дэвшилттэй, аюулгүй технологийг хэрэглэдэг. Үүнийг ч саяны газар хөдлөлт батлаж харууллаа” гээд монголын ард түмэнд туслаж, дэмжсэнд баярлалаа гэв.
Түүний хэлснээр бол Монголд ураны нөөц бий учир цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах боломж бололцоо их. Ер нь хорин нэгдүгээр зуунд цөмийн эрчим хүчийг ашиглаж байж л улс орон хөгжинө. Тиймээс манай улс цөмийн эрчим хүчийг ашиглахдаа олон улсын туршлагад тулгуурлаж байгаль орчинд ээлтэй цөмийн станцийг байгуулах боломжтой гэнэ.
Манай улсыг цөмийн станцад болоход япончууд туслаж дэмжихэд дуртай байгаа аж. “Монгол цөмийн цахилгаан станц баривал боловсон хүчнийг нь Японд суралцуулах боломжтой. Манай улс цөмийн энергийн ашиглах тал дээр дэвшингүй хөгжсөн орон” гэж Ж.Такада хэлсэн билээ.

ЭРСДЭЛ ТООЦОХОД МЭДЭЭЛЭЛ ЧУХАЛ

Хэвлэлийн хүрээлэн, АНУ-ын ОУХА-ийн Эдийн засгийн бодлогын шинэтгэл, өрсөлдөх чадварын төсөл хамтран сэтгүүлчдэд зориулж “Гаалийн эрсдэлийн удирдлага, нийгэм эдийн засгийн үр нөлөө” сэдэвт сургалт өнгөрсөн баасан гарагт зохион байгуулсан. Сургалтад Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар хотын гаалийн газар, Эдийн засгийн бодлогын өрсөлдөх чадвар төслийн мэргэжилтнүүд оролцож, мэдээлэл өгч, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулцгаав.
Сүүлийн жилүүдэд Монгол Улсын гаалиар дамжих зорчигч, бараа эргэлтийн хэмжээ огцом өссөнөөс болж гаалийн байгууллагын ажлын ачаалал нэмэгдсэн. 2001 онд улсын хилээр нэвтэрсэн зорчигчдын тоо 1 сая 200 мянга гаруй байсан бол 2010 онд 3 сая 300 мянга гаруй болж бараг 3 дахин нэмэгдсэн байна. 2005 онд нэг гаалийн байцаагчид ногдох ачаа эргэлтийн хэмжээ 6.3 хувь байсан бол 2010 онд 52.9 хувь болж 8 дахин нэмэгджээ. 2005 онд нэг гаалийн байцаагчид ногдох тээврийн хэрэгслийн тоо 627 байсан бол 2010 онд 1302 болсон байх юм. Гэтэл гаалийн байцаагчдын тоо 2005 оноос 2010 оны хооронд 192-гаар нэмэгдсэн байна. Одоо манай улсад 948 гаалийн байцаагчид ажиллаж байна.
Эдгээр болон бусад нөхцөл байдлаас үүдээд гаалийн байгууллага 100 хувийн биет шалгалт хийх хүн хүч, техник болон дэд бүтцийн боломж хомс болжээ. Иймээс олон улсын хөгжлийн чиг хандлагын дагуу эрсдэлийн удирдлагад суурилсан гаалийн хяналтын шинэ тогтолцоог нэвтрүүлж эхлээд байгаа юм байна.
Эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлснээр гаалийн хяналтын үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэх; гаалийн байгууллагын нөөцийг зөв хуваарилах; үндэсний аюулгүй байдлыг хамгаалах, гадаад худалдааг хөнгөвчлөх үүргүүдийг тэнцвэртэй хэрэгжүүлэх; хувь хүнээс (байцаагчаас) хараат шийдвэрээс зайлсхийх; үндэслэлтэй, бодиттой, баримттай гаалийн хяналтыг хэрэгжүүлэх ач холбогдолтой юм байна.
Мөн эрсдэлийг тооцох системд үндэслэсэн гаалийн хяналт нь хилээр дамжих барааны урсгалд учрах хүндрэл бэрхшээлийг багасгана. Яагаад гэвэл эрсдэлий нудирдлагыг хэрэгжүүлснээр хил, гаалиар дамжиж байгаа барааны урсгалыг 100 хувь шалгах албагүй болохоор гаалийн үйлчилгээ хурдасч, хилийн боомтуудад бөөгнөрөл үүсэхгүй. ГЕГ-ын мэргэжилтний хэлснээр бол гадаад худалдаанд орж байгаа хүмүүсийн 10-20 хувь нь л зөрчил гаргадаг гэнэ. Тиймээс хэрэв эрсдэлийн удирдлагыг бүрэн хэрэгжүүлвэл эрсдэл ихтэй эдгээр хүмүүсээс болж барааны урсгал удааширдаг байдлаас ангижрах магадлалтай гэнэ. Учир нь эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлснээр гаалийнхан мэдээллийг цуглуулж, боловсруулж, дүн шинжилгээ хийсний үндсэн дээр их эрсдэлтэй хэсгийг онилж үйл ажиллагаагаа явуулах боломжтой болно.
Мэдээлэл бол эрсдэлийн удирдлагын системийн гол хөдөлгүүр, хоол тэжээл гэдгийг ГЕГ-ын мэргэжилтнүүд цохон тэмдэглэж байлаа. Мэдээллийг бүхий л шугамаар авч (Дэлхийн гаалийн байгууллага, аж ахуйн нэгж иргэд, төрийн болон ТББ, ОУ-ын байгууллагууд г.м) мэдээллийн сандаа хуримтлуулна. Хуримтлуулсан мэдээллээ шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулаад үнэн эсэхийг нь шалгах ажээ.
Ингэсний үр дүнд хил гаалиар дамжин бараа таваар зөөж байгаа бүх байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн эрсдэлийн түвшин тогтох юм байна. Хэрэв эрсдэлийн түвшин “улаан төлөв” буюу их байвал бичиг баримтын болон биет шалгалт хийнэ. Хэрэв “улбар шар төлөв” буюу дунд байвал бичиг баримтын шалгалт хийнэ. Хэрэв “ногоон төлөв” буюу бага байвал бараа таваар, тээврийн хэрэгслийг нь шалгалтад хамруулахгүй эзэнд нь шууд олгох ажээ. Онцолж хэлэхэд энэ эрсдэлийнтүвшин ямар нэг “цол гуншин” биш харин байнга хэлбэлзэлж байх дүн шинжилгээ юм. Дашрамд дурдахад манай улсад одоогийн байдлаар нийт барааны урсгалын 10 хувь нь л баталгаажиж эрсдэлийн түвшин тогтоогдсон байна. Эдгээр нь нийгэмд байр сууриа эзэлсэн, итгэл даасан аж ахуйн нэгжүүд гэж гаалийнхан хэллээ. (Тэд тодорхой нэр дурдахаас татгалзав.)
Эрсдэлийн удирдлагад суурилсан гаалийн хяналтын нэг онцлог нь зорчигч, бараа, тээврийн хэрэгслийн талаар урьдчилсан мэдээллийг авахад их ач холбогдол өгч байна. Жишээлбэл, гадаадаас тоног төхөөрөмж оруулж ирлээ гэхэд гаалийнхан тухайн тоног төхөөрөмжийн талаарх мэдээллийг гаалийн шалгалтад орохоос нь өмнө олж авахыг чармайх аж. Учир нь олон улс дамнасан гэмт хэрэг, алан хядах үйл ажиллагаа ихэссэн өнөө үед манай улс ганцаараа дэлхий нийтийг хамарсан сөрөг үзэгдэлүүдтэй тэмцэж дийлэхгүй. Тиймээс гадаад улс орнуудтай мэдээллийг цахим сүлжээгээр солилцоход ихээхэн анхаарна гэдгийг ГЕГ-ын мэргэжилтнүүд хэлж байлаа.
Сургалтын үеэр тэд төрийн байгууллагуудын хооронд мэдээллийн солилцоо муу байгааг дахин дахин онцолж хэлсэн. Төрийн байгууллагуудаас шаардлагатай мэдээллийг олж авах хэцүү. Иймээс мэдээлэл дамжуулах тогтолцоог сайжруулж, эрх зүйн орчныг бий болгох шаардлагатай. Мэдээллийг шуурхай, нээлттэй болгох нь нэн чухал байна гэж тэд ярьж байв. Сэтгүүлчид ч тэдэнтэй санал нэг байлаа.
Хэрэв төрийн байгууллагуудын мэдээллийн солилцоог сайжруулвал хилийн боомт дээр төрийн байгууллагуудын олон ажилчдыг бөөгнөрүүлэх шаардлагагүй, төрийн байгууллагууд үүрэг хариуцлагаа гаалийн харилцаанд оролцогчдод чирэгдэл учруулалгүй биелүүлэх боломжтойг ч гаалийнхан бас дурссан.
Эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэхэд гаалийн харилцаанд оролцогчдын хууль сахих байдал улам дээшлэнэ, ямар нэг байцаагчаас хамааралгүй гаалийн харилцаанд оролцох боломж бүрдэнэ гэж гаалийнхан найдаж байна. Ингэснээр гаалийн улсын байцаагчдын ажлын хариуцлага ч дээшилж, хээл хахууль багасах магадлалтай. Ер нь дэлхийн хөгжингүй улс орнууд ч ийм байдаг.
“Шинжлэх ухааны үндэслэлтэй, магадлал, логикийн онолд тулгуурласан математик, эконометрикийн загварчлалыг эрсдлийг онилох үйл ажиллагаанд ашигласнаар гаалийн хяналтын технологи арга ажиллагаа цэгцтэй болж, хувь хүнээс хамаарах хамаарлыг багасгана” гэж ГЕГ-ын газрын дэд дарга Д.Оюунчимэг хэлсэн юм.

Monday, 21 March 2011

ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН БОХИР УСНААС УЧРАХ ХОХИРОЛ 324 ТЭРБУМ ТӨГРӨГ

Монголын хөгжил байгаль орчноо бохирдуулж байна. Агаарын бохирдол, усны бохирдол, хөрсний бохирдол...үнэндээ бохирдоогүй зүйл алга. Улаанбаатар гэж нэг гамшгийн хот байна. Хүн байтугай тарьсан модод нь өнгө зүсгүй, бүгд шахам угаартаад “муужирчихсан” харагдана. Өвөл нь утаа угаартуулж, хальтаргаа гулгаа “тэнцвэр шалгаж”, хавар нь шивтэр ханхалж, хог хийссэн, зун, намартаа тоос шороо боссон, жилийн дөрвөн улиралдаа осол аваар элбэг, хэд алхаад бүдэрч унамаар, машинд дайруулмаар, траншейнд ойчмоор...хэдэн жил байлдвал ийм болох бол гэж бодогддог, Ерөнхийлөгчийн хэлсэн шиг “синдромтой” хот.

Улаанбаатар “синдромтой” болоход бид байлдсангүй, дайтсангүй харин хөгжлөө. Хорин жилийн өмнө ийм байхыг мэдсэн бол олон хүн хөгжихгүй гэнэ. Энэ замбараагүй хөгжлөөс болж олон ч хүн “хохирч, бохирдож” байна. Гэвч одоо буцах замгүй засаж залруулах л зам бий.

Санаагаар болдог бол манайх шиг сийрэг хүн амтай улсын ард түмэн хамгийн цэвэр агаар амьсгалж, хамгийн цэвэр ус ууж, хоол идмээр. Гэтэл тийм биш. Та зөвхөн улаанбаатарчууд л хорддог, хөдөө орон нутгийнхан эв эрүүл гэж маргаж магадгүй. Гэтэл бас тийм биш. Наад зах нь уул уурхай, малын баас шээснээс болоод цаана чинь “ус уухад бэрх” болжээ. Энэ миний гаргасан дүгнэлт биш мэргэжилтнүүдийн хийсэн дүгнэлт шүү.

Үнэндээ манайд хөгжсөн улс орнууд шиг усны чанарыг нарийн судалж шинжилдэг аргачлал хараахан хөгжөөгүй байгаа ч одоогийн түвшиндээ судлахад сүүлийн жилүүдэд усны бохирдолд эрс нэмэгджээ. Усны чанарыг судалдаг олон аргачлал байдгаас манай мэргэжилтнүүд ОХУ-д хэрэглэдэг аргачлалыг хэрэглэж энэ дүгнэлтийг хийжээ. Тиймээс ч усыг хамгаалъя гэж хоосон ярих биш харин хайрлаж байж л усыг жинхэнэ утгаар нь хамгаалах ёстой гэж усны мэргэжилтнүүд хэлж байна. Тэд усыг хамгаалахын тулд Усны сантай болж, бохирдуулагч нь төлөгч гэсэн зарчмыг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзэцгээж байна.

Усны газрын дэргэд “Усны нөөцийн нэгдсэн менежментийг бэхжүүлэх нь” төслийн эдийн засагч Ж.Гэрэлчулуун Туул голыг жишээ болгож усны бохирдлоос учрах хохирлын эдийн засгийн үнэлгээг хийжээ. Түүний хийсэн судалгаагаар бол, Туул голын гуравхан цэгт (Уубулан, Сонгино, Алтанбулаг) 2008 онд химийн бохирдлоос учирсан хохирлыг төгрөгөөр хэмжихэд нийт 46 тэрбум 169 сая төгрөгийн хохирол гарсан байна. “Энэ зөвхөн манай оронд элбэг тохиолдох амоны азот, нитрат, фосфат,манганийн нэгдлүүд, биологийн идэвхт хүчилтөрөгч зэрэг 5 төрлийн бодисыг сонгож аваад тооцоолсон судалгаа!” гэж Гэрэлчулуун сануулсан юм. Хэрэв энэ усны бохирдлыг бүр нарийвчлан судалвал эдийн засагт учрах хохирол улам их гарна гэдгийг тэр хэлсэн.

Зарим гадаад улс оронд байгаль орчны бохирдлоос учрах нийгэм, эдийн засгийн хохирлыг тооцохдоо хүн амын эрүүл мэндэд учрах хохирол, хохирлыг арилгахад гарах зардал, бохирдож сүйрсэн, устаж үгүй болсон байгалийн баялаг төрөл зүйлийн өртөг, үл хөдлөх хөрөнгийн үнийн өөрчлөлтийн алдагдал, бохирдлоос болж хэдийн хэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжоо алдаад байгаа гэх мэт үзүүлэлтүүдийг судалж байж цогц судалгааг гаргадаг юм байна.

Харин манайд Туул голын усны чанараас болж хэдэн хүн өвдсөн, нас барсныг судалсан судалгаа байхгүй гэж Гэрэлчулуун хэлсэн. Гэтэл амоны нэгдлүүд, фосфат зэрэг нь давсаг, шулуун гэдэс, ходоод, өндгөвч, зарим төрлийн цусны хорт хавдар үүсгэх магадлалтай ажээ. Түүний судалгаанд татсан нэг жишээнд Монголд орчны доройтол, баталгаагүй хүнс, бүх нийтийг хамарсан ядуурал зэргээс болсон хавдрын өвчлөл улам бүр нэмэгдсэнийг харуулсан байна.

Дээр дурдсан “Усны нөөцийн нэгдсэн менежментийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Туулын голын гурван цэгт хийсэн судалгааг тус тусад нь авч үзвэл: 30 жилийн өмнө огт бохирдолгүй байсан Уубуланд (Улиастайн дээд талд байрладаг станц) 2008 онд нэг тэрбум орчим төгрөг, Сонгинод 24 тэрбум орчим төгрөг, Алтанбулагт 20 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан байх юм. (Энэ зөвхөн таван химийн бодисыг судлахад л шүү дээ. Цаана нь хэчнээн, ямар ч бодис хэр хэмжээнээсээ хэтрээд биднийг бохирдуулж байгааг хэн мэдлээ.) Химийн бодисын бохирдлоос үүсэх эдийн засгийн үнэлгээг нэг тонн бодисыг цэвэрлэхэд орох зардлыг гаргаж тооцдог юм байна. “Гэхдээ аль ч улсад ус бохирдуулсны нөхөн төлбөрийг бүрэн дүүрэн төлүүлж чаддаггүй. Аливаа нэг бодис усанд уусчихвал тэр бодисын хэмжээг стандарт хэмжээнд нь хүргэх л төлбөрийг л наад зах нь авдаг. Гэтэл манайд бүр энэ ч хэрэгждэггүй” гэж Гэрэлчулуун хэлсэн.

Уубулан бол Улиастайн дээд талд буюу Улаанбаатар хотоор урсаагүй Туул голын хэсэг юм байна. Гэтэл тэнд усны бохирдлын хохирол 1 тэрбум орчим төгрөг болсон гэдэг бол манай усны бохирдол зөвхөн хотын оршин суугчид, уул уурхайгаас болоогүй бас хөдөө орон нутгийн иргэдийн модон жорлон, малаас бохирдсоныг харуулж байгаа ажээ. Энд дашрамд дурдахад, модон жорлон гүний усанд муугаар нөлөөлж байгааг мэргэжилтнүүд хэлж байсан. Тэд Улаанбаатар хотын гэр хорооллуудад байх жорлонгийн асуудлыг цэгцэлж шийдэх хэрэгтэй гэж сануулцгааж байгаа.

Харин Сонгино бол Улаанбаатарын хотын төв цэвэрлэх байгууламжийн ус Туул голд нийлдэг хэсгийн доох нь байдаг юм байна. Энэ “нийлүүлж байгаа цэвэрлэсэн” уснаас болж Төв аймгийн Алтанбулаг сумын 3 мянга гаруй иргэд, 182 мянга гаруй мал, Өндөрширээт сумын 2 мянга гаруй иргэд, 133 гаруй мал Туул голоос ундлах боломжгүй болжээ.

“Ус маш олон хүчин зүйлээс бохирддог. Ихэвчлэн хүний буруутай үйл ажиллагаанаас химийн, биологийн гэх мэтээр бохирддог. Ер нь бол бүх бодис стандартаасаа давбал бохирдсон гэж үздэг. Туул голын хувьд бол Төв аймгийн Заамар хүртэл биологи, химийн гаралтай бохирдол зонхилж, Заамараас доошоогоо бол уул уурхайн бохирдол их байдаг” гэж Гэрэлчулуун яриад Туул гол Орхон гол руу цутгаж байгаа өнгөт зургийг үзүүлсэн юм. Тэр зурган дээр Орхон гол, Туул гол хоёрын ус цэнхэр, бор өнгөөр эрс ялгарч байна лээ.

Ер нь манай улс ус хомс улсын тоонд ордог. Тэгээд ч манай газар нутаг, хөрс маш эмзэг тул яаралтай Цэвэр агаарын сан байгуулсан шигээ Цэвэр усны сан байгуулах хэрэгтэй гэж мэргэжилтнүүд үзэж байна. “Бид Цэвэр агаарын сан гэж байгуулаад агаарын бохирдлоо төлдөг болсон. Бусад орнууд ч бас ингэж төлбөр хийдэг. Харин одоо Цэвэр усны сантай болох хэрэгтэй байна. Жишээлбэл одоо Улаанбаатар хотын ус цэвэрлэх байгууламжийг засаж шинэчлэхэд хөрөнгийн эх үүсвэр байх гээд байдаг. Гэтэл хэрэв Цэвэр усны сантай байсан бол энэ хөрөнгийг босгох боломжтой байсан” гэж Гэрэлчулуун ярьсан.

Тэрбээр мөн “Одоо Цэвэр усны сан байгуулаад бохирдуулагч нь нөхөн төлбөр хийдэг зарчмыг түргэн хэрэгжүүлэхгүй хэрэгтэй” гээд “Сан байгуулаад заавал мөнгө хуримтлагдахыг хүлээх шаардлагагүй. Засгийн газар бонд гаргаж цэвэрлэх байгууламжаа засаж болно” гэсэн юм. Хэрэв тэгж чадвал бид бусдын гар харалгүй цэвэр орчинд амьдрах, цэвэр ус уух боломжоо өөрсдөө бүрдүүлэх боломжтой болох ажээ.

“Манай улсад усны бохирдлыг үнэлэх, нөхөн төлбөр тооцох аргачлал зохих хэмжээгээр боловсруулагдсан. 2010 онд “Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал” батлагдсан. Энэ аргачлалд ус бохирдсоноос болж учрах хохирлыг тооцох ерөнхий үнэлгээг гаргасан. Тэр ерөнхий үнэлгээгээр зөвхөн цэвэрлэх байгууламжийн хаягдал усыг тооцоод үзэхэд 324 тэрбумын хохирол учирсан гэсэн тооцоо гарчихсан. Мөн “Ус бохирдуулсанд нөхөн төлбөр ноогдуулах журам”-аар тооцоход Сонгино орчимд 4.1 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр гарч байна. Үүнийг хэн төлөх юм бэ? Энэ асуудал тодорхой биш байгаа. Ер нь энэ асуудлыг их анхаарч бохирдуулагч нь төлөх зарчмыг богино хугацаанд хэрэгжүүлэх ёстой” гэж Гэрэлчулуун хэлсэн.

Түүний хэлснээр бол учирсан хохирлыг барагдуулах механизм манай улсад бүрэн боловсрогдож чадаагүй юм байна. 1992 онд Байгаль орчны хяналтын улсын хорооны “Ус бохирдуулсанд нөхөн төлбөр ноогдуулах журам” батлагдсан боловч тэр нь эрхзүйн хувьд чадамж муутай. Журмын дагаа нөхөн төлбөр хийсэн газрууд цөөхөн байдаг гэнэ. Зөвхөн Улаанбаатар хотод л зарим аж ахуйн нэгжээс нөхөн төлбөр авсан. Харин хөдөө аймгуудад бараг мэддэг ч үгүй. Хэрэгжүүлдэг ч үгүй юм байна.

Эцэст нь хэлэхэд “урсгал ус 100 метртээ цэвэршдэг” гэж бидний ярьдаг онол худлаа болж таарах нь. Яагаад гэвэл, Туул гол гэхэд л, бохирдлоосоо ангижрах байгалийн хүчин чадлаас нь бохирдлын хэмжээ нь хэтэрчихсэн тул ёроолдоо хуримтлагдаж аажмаар шилжин урсаж байгаа гэнэ.

ЗӨРЧИЛ БАГАССАН Ч ТОРГУУЛЬ БУУРААГҮЙ

Манай улсын гадаад худалдаа улам тэлж өргөжиж байгаа. Зөвхөн өнгөрсөн сард дэлхийн 96 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 1031.5 сая ам.доллар болж, экспорт 415.9 сая ам.доллар, импорт 615.7 сая долларт хүрсэн. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 423.9 сая ам.доллар буюу 69.8 хувиар өссөн гэсэн статистикийн тоо баримт бий.
Эндээс дүгнэхэд л гаалийн байгууллагын ажлын ачаалал улам хүндэрч буй нь тодорхой. Гадаад худалдааг дэмжихийн зэрэгцээ хэрхэн зөрчлийг илрүүлэх вэ гэдэг гаалийнхны хувьд чухал болоод байгаа. Иймээс үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан, мөн гадаад улс орнуудын гаалийн байгууллагуудын чиг хандлагыг дагаж ГЕГ эрсдэлийн удирдлагад суурилсан гаалийн хяналтын шинэ тогтолцоог нэвтрүүлж эхлээд удаагүй.
Эрсдэл тооцож үйл ажиллагаагаа явуулах нь гадаад худалдааны бараа эргэлтэд саад бага учруулахын зэрэгцээ зөрчлийг илрүүлэхэд их үр дүнтэй гэж гаалийн мэргэжилтнүүд үзэж буй. Чухам хэрхэн эрсдэл тооцож зөрчлийг илрүүлдэг талаар УБГГ-ын Гаалийн улсын байцаагч Ч.Тамир ярьсан юм.
Түүний хэлснээр бол эрсдэл тооцож ажилласан нь үр дүнгээ өгч эхэлж байгаа гэнэ. Зөвхөн Улаанбаатар хотыг хэмжээнд 2008 онд гаалийн бүрдүүлэлтийн тоо 45 мянга, 2009 онд 46 мянга, 2010 онд 72 мянга орчим болж хэдийгээр нэмэгдсэн ч зөрчлийн тоо буурчээ. Энэ нь эрсдэлийг тооцож урьдчилан сэргийлж зөрчил үйлдүүлэхгүй байх чиглэл барьж ажилласантай холбоотой ажээ.
Урьд нь, зөрчил их үйлдэгдээд, гаалийнхан их зөрчил илрүүлээд байвал сайн гэж үздэг хандлагатай байсан бол одоо гаалийн байгууллагынхан мэдээллийг цуглуулж боловсруулсны ачаар зөрчлийг урьдчилан сэргийлэх боломжтой болж буй бололтой.
Мэдээлэл цуглуулах бол эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэхэд хамгийн чухал зүйл. Ерөөсөө эрсдэлийн удирлагын хоол тэжээл нь мэдээлэл гэж гаалийн мэргэжилтнүүд томъёолсон байна. Мэдээллийг бүхий л боломжтой эх сурвалжуудаас цуглуулж, боловсруулаад гаалийн хяналтанд ашиглана. Үүний хүчинд ч УБГГ-ын хэмжээнд хоёр жилийн дотор зөрчил хоёр дахин буурсан. Гэхдээ зөрчилд ноогдуулсан торгууль, нөхөн төлүүлсэн татварын нийт хэмжээ буураагүй аж.
Ч.Тамирын ярьснаар бол хамгийн их гарч байгаа зөрчил бол татвараас төлөхөөс зайлсхийх явдал гэнэ. Зөрчлийг болгоомжгүй, санаандгүй хийхээс гадна санаатайгаар, зохион байгуулалттайгаар үйлддэг аж.
Анх удаа гаалийн гаалийн харилцаанд оролцож гадаад худалдаа хийж байгаа, хууль тогтоомжийн мэдлэг дутмаг, өөрсдийн хууль тогтоомжоор хүлээлгэсэн эрх үүргээ мэддэггүй, эсвэл гаалиар нэвтрүүлж байгаа барааны талаар муу мэдлэг дутмаг байдгаас болоод зөрчил гардаг байна. Үүнийг гаалийнхан тодорхой хэмжээнд ойлгодог. Харин зохион байгуулалттай, санаатайгаар үйлдэж байгаа зөрчлүүдийг тэд онилж, улам нарийн шалгаж чиглэлтэй ажиллаж байгаа ажээ.
Өөрөөр хэлбэл хууль тогтоомж зөрчих магадлалтай гэж гаалийнхны хараанд нэг өртсөн бол тийм ч амархан мултарахгүй гэсэн үг. Эрсдэл их гэж үзсэн байгууллага, хувь хүнийг гаалийнхан бүхий л талаар нягтлан шалгана. Наад зах нь хилээр нэвтрэхэд нь барааны бичиг баримтыг нь үзэж, биет шалгалт хийнэ. Гэтэл эрсдэлийн түвшин бага гэж тодорхойлогдсон байгууллага, хувь хүн бол ямар ч түвэггүй оруулж ирсэн бараагаа авах боломжтой.
Дашрамд хэлэхэд удахгүй гаалийнхан цуглуулсан мэдээллээ шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулсны үр дүнд хил гаалиар дамжин бараа таваар зөөж байгаа бүх байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн эрсдэлийн түвшинг тогтооно. Хэрэв эрсдэлийн түвшин “улаан төлөв” буюу их байвал бичиг баримтын болон биет шалгалт хийнэ. Хэрэв “улбар шар төлөв” буюу дунд байвал бичиг баримтын шалгалт хийнэ. Хэрэв “ногоон төлөв” буюу бага байвал бараа таваар, тээврийн хэрэгслийг нь шалгалтад хамруулахгүй эзэнд нь шууд олгох ажээ.
Тиймээс мэдээ мэдээллийн урсгал чөлөөтэй болсон энэ үед гадаад худалдаан оролцож байгаа аливаа этгээд зөрчил гаргаж гаалийн байцаагчдын хардлагыг төрүүлж эрсдэлийн түвшингээ өндөр болгох нь тун ашиггүй болж байгаа юм. Яагаад гэвэл эрсдэлийн түвшин ч нэгэнт л “улаан төлөв” болчихвол гаалийн байцаагчдыг яаж ч гуйгаад шалгалтаас мултарч чадахгүй. Учир нь шалгалтыг гаалийн байцаагчид үзэмжээрээ хийхгүй. Эрсдэлийн удирдлагын ерөнхий системдээ захирагдаж хийх болно. Тэр бүү хэл “ногоон төлөв”-тэй бараа таваарыг шалгасан тохиолдолд чухам ямар үндэслэлээр шалгав гэдгээ ч гаалийн байцаагчид бичиж байх ёстой болно. (Гэхдээ эрсдэлийн түвшин бол байнга хэлбэлзэлж байх дүн шинжилгээ гэдгийг онцолж хэлэх нь зүйтэй болов уу.)
Энэ нь гаалийн байцаагчдаас хамаарах хамаарлыг багасгаж, улмаар хээл хахуулийг ч байхгүй болгох үр дүнд хүрнэ. Мөн эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэхэд гаалиар хурдан үйлчлүүлэх нь хэн нэгнээс шалтгаалахгүй харин өөрөөсөө нь ихээхэн хамааралтай байх болохоор гаалийн харилцаанд оролцогчдын соёл, хариуцлага, хууль сахих сахилга бат дээшилнэ гэж мэргэжилтнүүд үзэж байгаа.

ХАМГИЙН ИХ ГАРДАГ ЗӨРЧЛҮҮД
УБГГ-ын гаалийн улсын байцаагч Ч.Тамирын хэлснээр бол бичиг баримт хуурамчаар үйлдэх, барааныхаа жин, тоо хэмжээ, үнийг бууруулж мэдүүлэх, эсвэл машин тэрэгнийхээ маркийг худлаа мэдүүлэх зэрэг бол хамгийн их гардаг зөрчлүүд гэнэ. Жишээлбэл онцгой албан татварын зөрүү гардаг учраас зарим иргэд суудлын автомашиныг ачааных гэж худлаа мэдүүлдэг аж.
Ер нь татвараас зайлсхийх гэсэн зөрчил их байдаг учир энэ үйлдлүүдийг эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэн илрүүлж байгаа Ч.Тамир жишээгээр тайлбарлаж ярьсан.
Жишээ нь, нэгэн аж ахуйн нэгж шоо шинэ өрмийн машин, хийн компрессор гадаадаас оруулж ирээд үүнийгээ 20 жил хэрэглэгдсэн хуучин гэж мэдүүлсэн байна. Үүнийг нь гадаад худалдаанд түвэг учруулахгүй гэж түргэн шуурхай үйлчилэхийг хичээж байгаа нөхцөлд Замын Үүдийн рентгенээр хараад шинэ хуучинг тогтоох боломжгүй гэнэ. Тиймээс үүнд эрсдэлийн судалгаа хийж, мэдээлэл цуглуулсан байна. Хилийн чанадаас нийлүүлдэг нийлүүлэгчийг нь судлахад тэд хэзээ ч хуучин машин зардаггүй газар болох нь тодорхой болжээ. Энэ мэдээллээ үндэс болгож цааш нь нягтлан шалгатал тухайн аж ахуйн худлаа мэдүүлсэн болох нь тогтоогджээ. Тэгээд худлаа мэдүүлсний торгууль болон хуучин шинийн зөрөөг гаргаад нэмж 13.6 сая төгрөг тус газраар төлүүлжээ.
Мөн нэг газар Хятад улсаас контейрнар комиссын хуучин хувцас оруулж иржээ. Байцаагчид үүнд дүн шинжилгээ хийн, Хятад Улсаас хуучин хувцас оруулж ирэх үү? гэсэн асуултыг тавьж. Тэгээд эрсдэлийн судалгаа хийтэл Хятад Улс хуучин хувцас гадагшаа гаргадаггүй болох нь тогтоогдсон байна. Авсан мэдээллүүдээ боловсруулаад шалгатал зөвхөн эхний хоёр эгнээнд хуучин хувцас хийгээд цаад талд нь дандаа Швейцарь Улсаас оруулж ирсэн шинэ хувцаснууд байсан байна. Тэд мөн бичиг баримт хуурамжаар үйлдсэн нь тогтоогдож анх өгсөн 8 сая төгрөг дээрээ ахиад 9.9 сая төлсөн байна.
Мөн хошуу нь дөрөв дахин сунадаг өргөх краныг 5 тонны даацтай, 20500 мянган ам.долларын үнэтэй гэж мэдүүлснийг гаалийн улсын байцаагчид гадаад дотоодын зах зээл, үйлдвэрлэгчийг нь судалсны үндсэн дээр 7 тоннын 22700 ам.долларын үнэтэй өргөх кран байсныг тогтоосон байна.
Бас нэг аж ахуйн нэгж вакум цонх оруулж ирэхдээ 23 ам.долларын үнэтэй мэдэгдсэн боловч эрсдэлийн судалгаа хийхэд 88 ам.долларын үнэтэй болох нь батлагдажээ. 23 ам.доллар бол зөвхөн шилнийх нь үнэ байсан байж. Энэ мэт олон зөрчлүүдийг УБГГ эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлснээр илрүүлсэн байна.
Чухам яг ямар сувгуудаар мэдээллээ авдагаа гаалийн байгууллагынхан нарийвчлан хэлэхгүй байгаа. Учир нь хууль зөрчих этгээдүүд сөрөг үйл ажиллагаа хийхээс тэд болгоомжилж байгаа юм. Гэхдээ өнөөгийн мэдээллийн эринд гадаадын улсын үйлдвэрлэгчдийн мэдээллүүдийг олоход тийм ч хэцүү биш юм. Харин дотооддоо төрийн байгууллагуудын хооронд мэдээлэл дамжуулах, солилцох тогтолцоо муу байгааг гаалийн байгууллагынхан хэлцгээж байсан. Тэд төрийн байгууллагуудын хооронд мэдээлэл дамжуулах тогтолцоо, эрхзүйн орчныг яаралтай бий болгох шаардлагатайг сүүлийн үед нэлээн шургуу ярьцгааж байгаа билээ.
Хэрэв төрийн байгууллагуудын мэдээлэл солилцох тогтолцоо сайжирвал гаалийн байгууллага гадаад худалдааг дэмжихийн зэрэгцээ хууль зөрчих эрсдэл ихтэй хэсгийг онилж үйл ажиллагаа явуулахад улам дөхөм болно гэдэгт гаальчид итгэлтэй байна.

ЗАСГИЙН ГАЗАР БА БИЗНЕСИЙНХЭН ҮЛ ОЙЛГОЛЦОВ

“Бизнесийн орчинг шинэчлэх жил” –ийн тавьсан зорилтууд санаснаар бүтсэнгүй гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”–ийн талаарх санал оноог нь сонсохоор бизнес эрхлэгчидтэй уулзахдаа даваа гарагт хэлсэн. Товлосон цагаасаа нэг цаг хоцорч ирээд зарим бизнес эрхлэгчдийн зэмлэл хүртсэн Ерөнхий сайд тэдэнтэй хамтран ажиллах эрмэлзэл дүүрэн байлаа.

Ажлын байрыг нэмэгдүүлэх нь зөвхөн Засгийн газрын ажил биш бүгдээрээ хамтдаа хийх ажил. Засгийн газар энэ үйлсэд манлайлж, зөв зохион байгуулж, зохицуулах ёстойг Ерөнхий сайд ярианыхаа эхэнд хэлсэн. Тэрбээр бизнес эрхлэгчидтэй уулзаж байгаа нь хэрэлдэж, маргах гэсэн биш харин тодорхой асуудлуудыг шийдсэн шийдлүүдийг сонсох зорилготой гэдгээ ч бас сануулсан. Түүнээс биш зовлон тоочвол бүгд тоочно гэж ярихдаа Ерөнхий сайд “Буян” компанийн захирал Б.Жаргалсайханг онцолж “Манай Жаргалсайхан захирал” ирчихсэн байна гэж байгаад хэлсэн юм. Ерөнхий сайд мөн миний үгийг сонсооч гэж МҮХАҮТ дарга С.Дэмбэрэлээс гуйж байгаад яриагаа үргэлжүүлсэн.

Ерөнхий сайдын ярьсан яриа товч бөгөөд тодорхой, ажил хэрэгч байлаа. Тэрбээр мэргэжлийн холбоодуудад илүү хариуцлага өгөх хүсэлтэйгээ илэрхийлээд тэднийг түргэн хугацаанд салбарын бодлогоо төлөөлөх чадвартай болоосой гэлээ. Мөн өнгөрсөн онд 100 гаруй зөвшөөрөл, лицензийг хүчингүй болгож, төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагад шилжүүлсэн гэдгийг дурдав.

Хууль хэлэлцэх үед мэргэжлийн холбоодын дуу хоолой бүдэг сонсогддог, тэд хуулийн хэлэлцүүлэгт муу оролцдог. Тэгсэн атлаа хууль батлагдаад, хэрэгжээд эхэлсэн хойно сэтгэлийн хөдөлгөөнөөрөө “цочмог” эсэргүүцдэгийг Ерөнхий сайд шүүмжилсэн. Уг нь бол мэргэжлийн холбоо, төр бус байгууллагууд хуулийн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцох ёстой ажээ.

Ерөнхий сайд бас бичил бизнес буюу өрхийн бизнесийг том компаниудтай холбож, үйл ажиллагааг нь дэмжье гэсэн нэг шинэ санааг хэлсэн. Зарим улс оронд том компаниуд өрхийн жижиг үйлдвэрүүдэд өөрийн нэрийн бүтээгдэхүүнээ захиалж хийлгэдэг юм байна. Жишээлбэл, хэрэв Ерөнхий сайдын хэлсэн санаа бүтлээ гэхэд, "Говь" компани ноолууран цамцаа өрхийн жижиг үйлдвэрүүдэд захиалж хийлгээд, өөрийнхөө нэрээр зах зээлд зарах ажээ.

Хэрэв энэ санаа “мөрөөдөл биш мөнгө” болвол Ерөнхий сайд Засгийн газраас өрхийн бизнес эрхлэгчдэд хэрэгтэй тоног төхөөрөмжийг нь аваад өгчихнө гэж амласан. Харин түүнийг бизнес эрхлэгчид хэр дэмжсэнийг хэлэхэд бэрх. Ямартаа ч алга ташаагүй.

Бизнес эрхлэгчид санаа оноогоо хэлэх цаг болоход Ерөнхий сайд тэднээс ажил хэрэгч, шийдвэрлэж болох санал хэлэхийг хүссэн боловч бизнес эрхлэгчид шийдвэрлэж болохгүй байгаа асуудлуудыг шүүмжиллээ. Тэд өөрсдийгөө маш “давшингуй байхаар бэлтгэж” ирцгээсэн нь анхны хүний хэлсэн үгнээс илт байлаа. Бизнесийн орчинг шинэтгэх жилийн ажил эхэндээ эрчтэй байсан ч сүүлдээ унтраад алга болсон гэж өндөр дуугаар ярьсан хүнд Ерөнхий сайд “Сонгууль арай болоогүй байгаа шүү дээ” гэж сануулж суудалд нь суулгасан юм.

Харин “Хьюндай моторс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Буян-Ундрах уул уурхай салбарт жолооч их хэрэгтэй байгааг дурдаад том оврын машин тэрэг барьдаг Е ангиллын жолооч нарыг цэргийн ангиудад 3-6 сарын хугацаанд хагас цэрэгжүүлсэн байдлаар бэлдвэл яасан юм бэ? гэсэн санал дэвшүүлж байна лээ. Түүний үзэж буйгаар цэргийн ангиудад жолооч нарыг хагас цэрэгжүүлсэн байдлаар бэлдэх нь хээрийн нөхцөлд жолооч нарыг ажиллахад сэтгэлзүйн сайн бэлтгэл болж, сахилга батыг нь дээшлүүлэх аж.

Төрийн үйлчилгээ удаан байна, хүндрэлтэй байна, хүнд суртал арилаагүй байна гэх мэт санаанууд хувиараа бизнес эрхлэгчдийн хэлсэн үгнээс цухуйж байлаа. Ерөнхий сайд "Нэг санаагаа нэг л хэл!", "Нэг хүн хамгийн удаан гэхэд гурваас илүү минут ярихгүй шүү!" гэж сануулж байхад Буянгийн Жаргалсайхан "их буу алдсан мэт" нүргэлж нэлээн удаан ярилаа. Түүнийг Ерөнхий сайд анхнаас ““Жаргалсайхан захирал толгойгоо хөдөлгөөд л, нэг юм ярих гээд сууж байна. Яагаад би Жаргалсайхан захирлыг яриад байна гэхээр яг миний өмнө сууж байна л даа” гэх мэт дурдаад байсан болохоор аргагүй ч юм уу.

Ер нь Засгийн газрын тэргүүн, бизнес эрхлэгчидтэй уулзаж ярилцахыг нь хажуунаас харахад, хатуухан хэлэхэд дайсагнал, зөөлхөн хэлэхэд үл ойлголцол эдэнд байна уу даа гэсэн сэтгэгдэл төрсөн. Уг нь манай Ерөнхий сайдыг мундаг бизнесмэн гэдэг. Тэр утгаараа эд хоорондоо маш амархан ойлголцож болмоор гэтэл тийм биш нь илт харагдсан. Энэ нь гээндээ ч байх шиг, гоондоо ч байх шиг. Засгийн газар ажилгүй иргэдээ ажилтай болгоход хамтарч ажиллая гэж бизнес эрхлэгчдийг гуйж байхад нөгөөдүүл нь тэгье гэхийн оронд хувийн бэрхшээл зовлон, бухимдлаа яриад байгаа нь буруу ч юмшиг. Нөгөө бодлын бизнес эрхлэгчдийн зовлон бэрхшээлийг арилгаж байж л ард иргэдээ ажилтай болгох нь ойлгомжтой тул Засгийн газар өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийчихээд бизнесийнхэнтэй тохиролцмоор ч юмшиг. Гэхдээ 100 хувь төгс зүйл гэж хаа байхав, дээрх хоёр туйлшралын голоор явахад л хэл амаа ололцох болов уу гэж найднам.

Эцэст нь тэмдэглэхэд олон бизнес эрхлэгчид Засгийн газрыг бодит байдлыг анзаардаггүй, “хийсвэр, мөрөөдөмтгий” гэж дүгнэдэг бөгөөд тэд Засгийн газар уул уурхай руу хэт хошуураад жинхэнэ бүтээдэг, улс орноо бодиттойгоор хөгжүүлдэг салбарынхныг гадуурахаад байна “гомдолтой” явцгаадаг нь анзаарагдсан. Ерөнхий сайд уул уурхайг хөгжүүлэх нь гол биш харин монгол хүнээ хөгжүүлж, эдийн засгаа чадваржуулах нь гол зорилт, уул уурхайн салбараас олсон орлогоо бусад салбараа, тухайлбал жижиг, дунд үйлдвэрээ эрчимтэй дэмжихэд зарцуулна гэж хэлээд байхад ч бизнес эрхлэгчид үл итгэсэн байртай сууцгааж байлаа.

Wednesday, 9 March 2011

Сансарт нисэх үү, сансраас зайлах уу?

Удахгүй монгол хүн анх сансарт ниссэний 30 жилийн ой болно. Гэтэл сансар гэдэг үг огторгуйн синоним болоод хэдэн жил болж байгааг мэдэх хүн ховор. Уг нь сансар гэдэг бол эртний Энэтхэгээс гаралтай, огт сэхээгүй, тасралтгүй эргэлдэх үхэх төрхийн зовлонт хүрд гэсэн утгатай үг. 1921 оны Ардын хувьсгалаас өмнө монголчууд гэгээрээгүй эгэл хүмүүний нүгэлт орчлон ертөнцийг сансар гэдэг байлаа. Харин өнөөгийн монгол хэлэнд сансар гэдэг үг үндсэн утгаасаа гадна огторгуйг мөн төлөөлөх болжээ.
Энэ нь “бурангуй шашныг” устгаж социализм байгуулахаар чармайж байсан үеэс улбаатай.
Чухам ямар замаар шашнаас гаралтай энэ үг улаан коммунистуудын хатуу хяналтыг молигодож огторгуйтай ижил утгатай болсон нь сонирхолтой санагдана. 1966 онд зохиогдсон Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь”-д сансар гэдэг үгийг “орчлон, сансрын хүрд” гэсэн болохоос огторгуй гэж тайлбарлаагүй байна.
Магадгүй манай орчуулагчид орос хэлнээс “космос” гэдэг үгийг орчуулахдаа сансар гэж орчуулсан нь ийм байдалд хүргэсэн байх. МОНЦАМЭ агентлагийн ахмад настан Т.Балдандорж гуайн яриа үүнийг батлана. Тэрбээр “Зарим томоохон эрдэмтэн, тухайлбал, ЦДамдинсүрэн Б.Ринченг энэ агентлагийн ажалд өдөр тутам зөвлөгөө өгч байхаар болж, манай байгууллагын хүндэт зөвлөхөөр ажиллуулж байсан.
Нарийн төвөгтэй, ээдрээтэй үед тэднээс зөвлөгөө авдаг байлаа. Тухайлбал МОНЦАМЭ агентлаг сансрын нислэгийн тухай шаардлагатай мэдээ хийж, Ц.Дамдинсүрэнгээр хянуулахад огторгуйн нисгэгч гэдгийг сансрын гэж өөрчилсөн. Энэ мэдээгээ радиод уншуулаад “Үнэн” сонинд хэвлүүлснээс хонш Монгол даяар огторгуйн нисэгчээс бүрэн татгалзаж сансрын нисэгч гэх болсон” гэж хэлсэн юм. Үүнээс үзэхэд хүн анх сансарт ниссэн 1960-аад оноос хойш монголчууд огторгуйг сансар гэж нэрлэх болжээ.Өнгөц харахад огторгуй, сансар хоёр ижил утгатай байх нь балаггүй мэт боловч уламжлалт соёл, шашнаа эөв ухаарахад садаа болж байна. Тиймээс дээр орших орон зайг илэрхийлэхдээ аль болох огторгуй гадэг үгийг хэрэглэж байх нь зөв.
(Монгол хэлэнд тэнгэр, огторгуй хоёр үг бий.) Тэгээд ч сансар гэдэг үг монгол хэлний унаган үгийг мартагнуулах янзтай.
Жишээлбэл:Саатаж юундаа хорогдох вэ,Сансрын орноос зайлаарай хэмээн XIX зуундах яруу найрагч Данзанравжаа ерөөн хэлснийг,Сансрын нисгэгч ахааСайн яваад ирэв уу хэмээн дуулж өссөн манай үеийнхэн бараг ойлгодоггүй.
Бид ойлгоогүй юм чинь сансрын дайнаар өвчилсөн XXI зууны багачууд ойлгох болов уу. Сансар хорооллынхон бүр согтуу Равжаагийн үгийг сонсоод дургүйцэж мэднэ.
Хамаг оршин суугчид нь нэгдэн “Сансраас бид явахгүй” хэмээн жагсаж магадгүй. Социалист нийгэмд шашин дахин сэргэхгүй, мөхнө гэж сурталчилдаг байхад шашнаас “зээлдсэн” сансар гэдэг үг ямар ч зөрчилгүй оршин тогтнож болж байсан байх. Гэтэл одоо шашин мөхөлгүй, харин сэхэв. Бүр бидний урьд өмнө дуулж байгаа ч үгүй олон шашин “нотлогдтол” Монголд нүүцлэн ирлээ. Ийм цагт уламжлалт шашны гүн утга агуулгатай сансар гэдэг үгийг ч зөв утгаар нь хэрэглэвэл соёлын дархлааг бэхжүүлзхэд ч тустай билээ.
Нэгэнт л монгол хэлэнд тэртээд орших орон зайг огторгуй гэж нэрлэх үг байсаар байхад сансар гэдгээр түүнийг орлуулан хэрэглэх нь оновчгүй юм. Ардын хувьсгалын аугаа их тархи угаалтаас 65 жилийн өмнө талийн одсон Данзанравжаагийн босоо монгол бичгээр бичсэн шүлгүүдэд сансар нь сансраараа, огторгуй нь огторгуйгаараа байна. Равжаагийн бичснээр бол сансарт нисдэггүй, харин сансраас зугтдаг жаргавал сансрын тойрогт бус чөлөөнд жаргадаг аж.
“Бардан сэргэлэн борыгоо” гэдэг янаг амрагийн, Балждумаа нэртэй хүүхэнд зориулсан шүлэгтээ:
Сайхан амгалан хоосноор,Сансраас гарах болтугай гэж Данзанравжаа сэтгэл татагдсан хүүхэндээ зориулж бичсэн байх юм. Эсвэл “Дэлгэр зуны жаргалд” хэмээх бас нэгшүлгэндээ:Мунхарч хоцрох хүслийн харанхуйдМухирч төөрөгч сансрын жам хэмээн сансрын жамыг хүслийн харанхуйд төөрөгч жам гэж тодорхойлжээ.
Энэ мэтчилэн сансрын тухай олон шүлэг Данзанравжаад бий. Равжаагийн шүлгүүдэд гардаг сансарт нисч болохгүй, харин огторгуйд нь бол нисч дэрвэж одод мичидтэй наадах боломжтой.Зэрлэг бүргэдийн зулзага ньЖигүүр сөдөө гуйцэхэдУужим огторгуйд нисэхийгОлноор бүгдээр мэднэ гэж “Урьхан хонгор” нэртэй ардын аман зохиол болсон шахам шүлгэндээ тэр бичжээ. Мөн долоо, наймхан насандаа найран дээр дуулсан “Хурмаст тэнгэр” гэдэг алдарт дуундаа:Огторгуйн од олон боловчОнчтой гэрэлтэй нэгэн хоёр хэмээсэн байна.
Д.Нацагдорж ч мөн дээр орших орон зайг сансар гээгүй огторгуй гэжээ.
1931 онд зохиосон “Од” шүлэгтээ “Огторгуйн оргилын олон эрдэмтэн чамайг хэдийнээс сонирхов” гэж одонд хандаж хэлсэн байна.
Нацагдоржийг дуурайвал бид сансар судлал гэхгүй огторгуй судлал, сансрын нисгэгч гэхгүй огторгуйн нисгэгч гэх болж байна. Сансар гэдэг үгийг уламжлалт шашинд хэрэглэдэг утгаар монголчууд хэрэглэвэл соёлын онцлог тодроно. Хэл, соёл, сэтгэлгээний залгамж чанар бидэнд байх учиртай. Мөн мэдээлэл асар хурдан урсаж, шинэ мэдлэг, ухагдахуун, үг хэллэг монгол хэлэнд олноороо нэвтэрч байгаа энэ үед сансар шиг утга нь будилаантай болсон үгсийг цэгцэлвэл монгол хүний сэтгэлгээ ч цэгцрэнэ.
Тэгээд ч сансар хоцрогдсон утгатай үг биш. Англи хэлэнд нийтийн хэрэглээнд орж, толь бичгүүдэд тэмдэглэгдсэн бий.
Гэтэл бид өвөг дээдсийнхээ хэрэглэж ирсэн утгыг нь өдөр тутмын амьдралдаа бараг хэрэглэхээ болиод ондоо утгаар хэрэглэж байна. Эргээд ирэх гэхэд нь саванд нь “огторгуй юүлчихсэн” садаа хийгээд байх юм.Огторгуйд нисч, сансраас зайлцгаая.

Àðäûí óëàìæëàëûã áàÿæóóëàõàä àÿëàë æóóë÷ëàë ÷óõàë

Хэрэв та хүсвэл жинхэнэ монгол баатар болж морь унаж, бөх барилдаж, нум сум харваж, бүргэдээр ан хийнэ. Сарлаг, цаа буга, тэмээ, морь унан поло тоглоно. Мөсөн дээр шагай наадаж, нохойн чаргаар Хөвсгөл нуур дээгүүр гулсаж, уулнаас ухаанаа алдатлаа чаргаар уруудаж эд бахыг эдлэнэ. Хэрэв энэ бүгд чамлагдаад байвал говийн марафонд уралдаж 42 км гүйж болно. Эсвэл өдөрт дор хаяж 100 км дугуйгаар давхижжинхэнэ шандсаа шалгаж болно. Бас мөсөн гэрт унтаж, мөсөн бааранд шар айраг залгилсан шигээ алжаалаа тайлж болно.
Ийм боломжуудыг аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг байгууллага, тур операторууд та бүхэнд олгоно. 200 гаруй гишүүнтэй Монголын аялал жуулчлалын холбоо энэ сарын 28-нд хуралдаж 2011 онд зохиогдох арга хэмжээнүүдээ бусдад танилцуулаа.
Тус хуралд оролцож, энэ онд зохиох арга хэмжээнүүдээ танилцуулсан байгууллагуудыг харахад манай улсад адал явдал,соёлын аялал жуулчлал илүүхөгжих шинжтэй байна.Гадаадын жуулчид Монголын хөдөө хээрээр аялахдаа өөрсдөө ч гэсэн хэсэгхэн хугацаанд нүүдэлчин болж шинэ мэдрэмж, амьдралын туршлагатай болохыг хүсдэг бололтой.
Дэлхийн бусад улс оронтой харьцуулахад нийслэл хотод маань үзэж сонирхох музей цөөхөн, хотын соёл бараг байхгүй гэж хэлж болохоор тул жуулчид манай улсад өнгөрөөх ихэнх хугацаандаа хөдөө хээр байх дуртай. Энэ хандлагыг нь ч манай аялал жуулчлалынхан мэдэрч нүүдэлчдийн өвөрмөц соёл ахуйтай тэднийг танилцуулах олон арга хэмжээнүүд зохиодог болжээ. Хөдөө орон нутгийн оршин суугчид ч гэсэн өвөрмөц уламжлал, соёлоо жуулчдад танилцуулахын хажуугаар өөрсдөө өв уламжлал, соёлоо улам анзаарч байна.
Жишээлбэл, “Selena Travel” тур оператор монголын тур операторуудаас анх удаа дэлхийд нэр хүндтэй аялал жуулчлалын “Virgin Holidays” байгууллагын“Хариуцлагатай аялал жуулчлал” гэдэг шагналыг авахдаа соёлын өвийг хамгийн сайн хадгалсан гэдэг (Best for Conservation of Cultural Heritage) категориор шалгарчээ. Тэд жил бүрийн 9 дүгээр сарын 17-18-ны хооронд Төв аймгийн Гүн галуутад нутгийн малчидтай хамтарч “Нүүдэлчний өдөр” гэдэг арга хэмжээг зохион байгуулдаг юм байна. Энэ арга хэмжээний үеэр малчид баг болж (нэг багт дөрвөн насанд хүрсэн хүн, нэг 15 нас хүрээгүй хүүхэд байх ёстой) нэг өдөр нүүдэл хийж, гэрээ барьж, уламжлалт зан заншлаараа айлчин гийчинг угтах гэх мэт зан заншлаа хэн нь сайн мэдэх вэ гэдэг шалгуураар уралддаг юм байна. Энэ бүхэн нь гадаадын жуулчдад үзүүштэй, сонирхолтой байхаас гадна нутгийн ард иргэдэд нүүдэлчин уламжлал, соёлоо ч мартахгүй байхад ашиг тустай байдаг бололтой. Энэ арга хэмжээнд оролцох гэж нутгийн малчид үндэсний хувцсаа өмсөж, язгуур урлагаа үзүүлж, уламжлалт зан заншлаа сурталчилдаг байна.
Мөн “Нью жуулчин” 7 дугаар сард наадмын өмнөхөн Тэрэлжид үндэсний хувцасны наадам зохион байгуулдаг ажээ. Энэ наадмын үеэр ч жуулчид монгол үндэсний хувцас өмсөж зураг хөргөө авахуулах, морь унаж үзэх зэрэг нүүдэлчдийн соёл, заншилтай танилцах боломжтой юм байна.
Аялал жуулчлалын компаниудын зохион байгуулах арга хэмжээнүүдэд зөвхөн гадаадын жуулчид оролцох бус мөн монголчууд ч оролцох бүрэн боломжтой нь харагдаж байлаа. Ялангуяа өвлийн цагт Улаанбаатар хотод амьдрагсад ганц өдөр ч гэсэн эрүүл агаарт гарвал тустай.Жишээлбэл өвөл 2 дугаар сард Туул голын мөсөн дээр зохиогдох “Мөсөн шагайн наадам”-д гадаад орны найз нөхдөө дагуулж очоод мөн өөрсдөө мөсөн шагайн тэмцээндоролцох бололцоотой аж. Мөн өнгөрсөн жилийн өвлөөс Улаанбаатар хотод тэмдэглэдэг болсон Бүргэдийн баярыг олуулаа үзэж сонирхож болно. Казакын ард түмний уламжлал, соёлыг танилцуулах, бүргэдийг хамгаалах зорилгоор анх 1999 онд Баян-өлгий аймагт анх зохиогдсон энэ наадам олныг хамарсан арга хэмжээ болох төлөвтэй.
Бас цагаан сарын үеэр манай улсад амьдарч байгаа гадаадын иргэдийг “Монголын Нууц Товчоо” амралт, аялал жуулчлалын цогцолбор эрүүл агаарт авч гарч, малчин айлын аж ахуй, битүүлэх, шинэлэх ёстой танилцуулж, монгол ёсоор мөрийг нь гаргаж, золгуулдаг ажээ. Ер нь манай улсад өвлийн цагт үзэж харах юм хомс байдаг. Үүнийг ч манай аялал жуулчлалын салбарынхан анзаарч олон сонирхолтой, үндэсний шинж чанарыг агуулсан баяр наадам, арга хэмжээнүүдийг зохион байгуулж байгаа нь анзаарагдлаа.
Соёлын өвийг сурталчилсан аялал жуулчлалыг өргөжүүлэн хөгжүүлснээр орон нутгийн ард иргэд орлого олохоос гадна устаж, мөхөх аюул тулгараад байгаа зан заншил сэргэх, ховордсон мал сүргийн тоо толгойг өсгөж нэмэгдэхэд тус дэм болж байна.
Хөвсгөл аймгийн Хатгал суманд энэ жилийн 7 дугаар сарын 13-нд зохиогдох “Сарлаг Фестиваль”-ийн гол зорилго нь сарлагийн тоо толгойг өсгөн үржүүлэх, ашиг шимийг нь нэмэгдүүлэх, хамгаалахад оршиж байгаа гэнэ. Энэ арга хэмжээний үеэр сарлаг унасан болон сарлаг тэрэгтэй хүмүүсийн жагсаал, сарлагтай сайхан хос шалгаруулах тэмцээн, сарлаг унаж буухиа дамжуулах тэмцээн, сарлагийн хялгасаар дээс томох тэмцээн гээд л үнэхээр сонирхолтой тэмцээн уралдаанууд болдог юм байна.
Бас “Түмэн тэмээ—тэмээн аялал холбоо” 1997 оноос хойш жил бүр Өмнөговь аймгийн Булган суманд зохион байгуулдаг“Тэмээний баяр” нь тэмээг өсгөх, хамгаалах, аялал жуулчлалаар дамжуулан малчдын орох ашиг орлогыг нэмэгдүүлэх зорилготой юм байна. “Тэмээний баяр”-аар ч мөн тэмээ уралдах, гоё тэмээтэй сайхан хосыг шалгаруулах, тором уралдах, хүүхдүүдийн дунд тэмээний сэдвээр зургийн ба шүлгийн тэмцээн зохион байгуулах гээд олон сонирхолтой үйл явдлууд өрнөдөг ажээ. Тэмээний поло тун өвөрмөц бөгөөд улам олон сонирхолыг татаж байгаа гэнэ.
Соёлын аялал жуулчлалаас гадна монголын байгаль орчны эрс тэс байдалд түшиглэсэн бие тамир спортын тэмцээн уралдаан хөгжих өндөр магадлалтай байна. Өмнөговь аймгийн Булган Сумын Баянзаг гэдэг газар 11 дахь жилдээ “Олон улсын Говь марафон” зохион байгууллагдаг юм байна. Үүнээс гадна тэсвэр хатуужил их шаардсан уулын дугуйн олон улсын “Mongolian bike challenge” тэмцээн өнгөрсөн оноос хойш зохиогдоод, жил бүр болох төлөвлөгөөтэй байгаа юм байна.
Дээрх бүгдээс дүгнэхэд аялал жуулчлал (тэр тусмаа соёлын) нийгэмд эерэг нөлөө үзүүлж, үндэсний өвөрмөц соёл, уламжлалыг хадгалах, хөгжүүлэхэд чухал хүчин зүйл болж байгаа нь ойлгомжтой байна. Хэрэв монголчууд өвөрмөц соёлгүй байсан бол соёлын аялал жуулчлал өргөжихгүй. Харин бид бусдаас эрс ялгарах өвөрмөц соёлтой. Тиймээс уламжлалаа улам шинэ санаагаар хөгжүүлж, дэлхийн хаана ч байхгүй өвөрмөц хэв маягтай аялал жуулчлалыг бий болгох нь үндэсний бахархал урам зоригийг сэргээж, соёлын дархлааг бэхжүүлэх сайн үр дагавартай ажээ.

САЯ ТӨГРӨГИЙН АЖИЛ

Ажилгүй хүмүүст сонордуулахад, үзээд алдахад алзахгүй нэг бизнес байна. 30-45 хоногийн хугацаатай сургалтанд суралцаад зөвхөн өөрийгөө биш өрөөлийг ч тэжээх боломжтой болно.

“Манай төвд гар утасны засварчин мэргэжлээр төгссөн хүн, байршлаасаа шалтгаалаад, өдөрт 50-60 мянгөн төгрөгнөөс буудаггүй. Татвар, түрээсийнхээ мөнгийг төлчихөөд цаана нь 50-60 мянган төгрөг олох чамлахааргүй байгаа биз?” гэж “Цахимхүү” ХХК-ийн “Солонго” сургалтын төвийн захирал Ш.Батжаргал хэлсэн юм. (Энэ нь сард дор хаяж сая төгрөг гэсэн үг.)

Гэр ахуйн электрон ба цахилгаан хэрэгсэл, гар утас, компьютер гэх мэтчилэн зүйлсийг засварлах засварчин бэлтгэдэг “Солонго” сургалтын төв нь 2004 оноос хойш Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэстэй хамтран ажилласан ажээ.

“Солонго” сургалтын төвийг хуучин Нийтийн аж ахуйн үйлчилгээний өнгөт телевизорын засвар үйлчилгээ гэж нэрлэдэг байсан газар ажиллаж байсан засварчид байгуулжээ. Зах зээлд шилжиж байх эхний үед мэргэжлийн сургалтууд байхгүй болсон тул тэнд ажиллаж байсан засварчид хойч үеэ бэлтгэхэд санаа тавьж хажуудаа мэргэжилгүй залуучуудыг дагалдуулан сургадаг байсан нь өнөөдөр өргөжин сургалтын төв болжээ.

Эднийх зөвхөн Улаанбаатар хотод сургалт зохион байгуулдаггүй. Мөн хөдөө орон нутагт мэргэжлийн сургалт зохион байгуулдаг. Батжаргалын хэлснээр бол хөдөө орон нутгийг гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, гар утасны засварчингаар ерөнхийдөө хангасан аж. “Хэдэн жилийн өмнө хөдөөнийхөн телевизор, гар утсаа засварлуулахын тулд хот руу орж ирдэг байсан. Харин одоо хот руу ирэх шаардлагагүй болсон” гэж тэр хэлсэн юм.

Хөдөө орон нутгийн ХХҮХ, сургалтад орох хүмүүсийг бүртгэж аваад “Солонго” төвд захиалга өгдөг юм байна. Захиалга авсны дараа тус төвөөс багш очиж сургалт зохион байгуулна. Тэд зөвхөн сургалт зохион байгуулаад орхих биш мөн төгсөгчдөө ажлын байртай болоход нь тусалж тоног төхөөрөмж, сэлбэгээр хангадаг.

Ер нь “Солонго” төвийнхөн төгсөгчидтэйгээ байнга харилцаатай байж, Батжаргалын хэлснээр бол, гинжин холбоо үүсгэдэг бөгөөд тэднийг сургалтаа төгссөнийх нь дараа нийслэлд байдаг гурван засварын газрынхаа аль нэгэнд нь дадлагажуулах боломжтой гэнэ.

“Төгссөн залуусаа тогтвор суурьшилтай ажиллуулахын тулд сэлбэг материалаар хангах, мөн шинэ техник технологи нэвтрэхэд тэднийг дахиж шинээр дадлагажуулах, сургалтанд хамруулах үйл ажиллагааг зохион байгуулдаг” гэж Батжаргал хэлсэн юм.
“Манай мэргэжил бол орчин үед хамгийн хэрэгцээтэй мэргэжил. Гар утасгүй, зурагтгүй, компьютергүй хүн гэж бараг алга. Энэ мэргэжлийг цаанаас нь зах зээл нь шаардаж байна. Тэгэхээр ажлын байр бэлэн гэсэн үг” гэж Батжаргал ярьж байлаа. Тэдний тооцоогоор бол нийт төгсөгчдийнх нь 70-80 хувь ажлын байртай болсон ажээ. 2004 оноос хойш тус сургалтын төвийг 1000 гаруй хүн төгсчээ.

Мөн “Солонго” сургалтын төвийг төгсөгчид ажлын байраа бий болгоход Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 5 сая хүртлэх төгрөгийг зээлдэх боломжтой. 5 сая хүртлэх төгрөгний зээл авахын тулд тус төвийн төгсөгчид 3-7 хоногийн бизнес сургалтад суралцах ёстой. “Энэ сургалтад хамрагдсанаар зээл хэрхэн авах, зээлийн хүүг яаж төлөх, бизнесээ яаж явуулах, яаж өргөжүүлэх бизнес төлөвлөгөө хэрхэн бичих гэх мэт бүх зүйлсийг сурна. Бизнес сургалтад сурсан гэрчилгээ авна. Тэгээд гэрчилгээ, бизнес төлөвлөгөө бариад банканд очиход зээл авах боломжтой” гэж Батжаргал хэлсэн юм.

СУРГАЛТЫН ТӨЛБӨР

Мэдээж үнэгүй сургалт гэж юу байх вэ. “Солонго” сургалтын төв байраа түрээслэнэ, хэрэглэсэн тог цахилгаанаа төлнө, багшаа нараа цалинжуулна гэх мэт олон зарлага гаргана. Товчхондоо, “Солонго” сургалтын төвийн мэргэжлийн сургалт нь төрлөөсөө хамаараад 200-250 мянган төгрөгний төлбөртэй.

Гэхдээ төлбөрийг нь бууруулах бас боломж бий. Хөгжлийн бэрхшээлтэй, 9,11 дүгээр анги төгсөөд ажил мэргэжилгүй байгаа, цэргийн албанаас халагдсан, амьжиргааны түвшин доогуур хүмүүс Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хөнгөлттэй үнээр суралцаж болно.

“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаар сурсан тохиолдолд 70 мянган төгрөгийг өгдөг. Үлдсэн мөнгийг нь хувь хүн өөрөө ч юм уу, ажил олгогч нь төлдөг” гэж Батжаргал хэлсэн. Энэ дашрамд дурдахад ажил олгогч нар ажилчдынхаа төлбөрийг төлөөд сургах нь ховор байдаг гэнэ.

Тэр мөн “Ажил олгогчоо олоогүй, хувиараа ирсэн зарим хүмүүс төлбөрөө төлж
чаддаггүй. Ийм нөхцөлд бид уян хатан ханддаг” гэж ярьсан билээ.

Батжаргал хэлэхдээ, заримдаа тэд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас авсан 70 мянган төгрөгөөр л хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сургах тохиолдолд байдаг гэнэ. “Хэрэв олон хүн нэг ээлжинд сурвал бид зарим хүнээс Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас авсан 70 мянган төгрөг дээр нь 20, 30 мянган төгрөг нэмж аваад л сургадаг даа” гэж тэр ярьсан.

Тэгэхээр ажил, мэргэжилгүй хүн үнэхээр ажил, мэргэжилтэй болоё гэвэл “Солонго” сургалтын төвийг зорьж очоод асууж лавлахад алдах юм байхгүй. Гэхдээ “Мөнгө дутаад байна, яах вэ ахаа” гээд толгойгоо маажаад зогсох хаашаа ч юм бэ дээ. Үнэхээр суралцах, ажиллах сонирхолтой бол сая төгрөгний орлоготой болсныхоо дараа төлбөрөө төлнө гэж амлаад суралцаж болох ч юм уу...

Wednesday, 2 March 2011

НҮҮРСЭНД ИРЭЭДҮЙГЭЭ ДААТГАХ ЭРТ БАЙНА

“Coal Mongolia 2011” олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт энэ сарын 24, 25-нд боллоо. Энэ чуулга уулзалтын үеэр Монголын эдийн засгийн тулгуур салбар болно гэж олон хүний үзэж буй нүүрсний салбар зөв голдиргод орох арай л болоогүй санагдлаа.

Мэдээж жил бүр манай олборлох нүүрсний хэмжээ нэмэгдэнэ. Үүнийг дагаад экспортын орлого ч өснө. Тавантолгойгоос иргэд хишиг хүртэнэ. Гэвч нүүрсний салбарыг бүхэлд нь харахад маш их зүйл хийх хэрэгтэй байна. Хэдийгээр олон тэрбум төгрөгөөр зарцуулах бүтээн байгуулалтыг хурдан хийнэ гэж амлацгааж буй ч тийм амархан хийхгүй нь ойлгомжтой.

Олборлосон нүүрсээ тээвэрлэх дэд бүтэц барих, гадаад зах зээлд гаргах хямд төсөр тээвэрлэлтийг (logistics) олох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдийг байгуулах, боловсон хүчнийг бэлтгэх, монголчуудад ажлын байр бий болгох, гадаад зах зээлийг сайтар тандаж мэдэх, маркетингээ зөв боловсруулах, нүүрсээ ханасан үнэд нь зарах, ард иргэддээ илүү өгөөжтэй, байгаль орчинд хоргүй байлгах, төр ба хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах гэх мэт олон асуудлуудыг богинохон хугацаанд шийдсэн туршлага манайд бий гэж үү.

Энэ мэтчилэн асуудлуудыг бүрэн шийдсэний дараа л Монгол дэлхийн дэвжээнд нүүрсний том тоглогч боллоо гэх учиртай. Эс тэгвээс хоосон тоогоор сэтгэлээ хуурна. Дэлхийн зах зээл дээр коксжих нүүрс тонн нь 300 ам.доллар хүрэх нь тонн нүүрсээ 50 орчим ам.доллараар зардаг монголчуудад огт хамаагүй.

Хэрэв одоогийн янзаараа шуурвал Хятадын коксжих нүүрсний 50 хувийг манай улс дангаараа хангана, 2025 он гэхэд экспорт 75-100 сая тонн хүрнэ гэж сэтгэлээ зогоох дэмий. Байгаль орчныг сүйтгэж гаргасан нүүрсээ доод ханшаар нь зараад байвал Монгол дэлхийн эрчим хүчний том тоглогчидтой эн зэрэгцэхгүй. Өнгөрсөн онд урд хөрш 130 сая тонн нүүрс импортолсны 30 хувийг манай улс, 39 хувийг Австрали Улс импортолжээ. (Өнөөдөр сонин) Хэрэв бид ухсан нүүрсээ Австралитай ижил үнээр зарсан бол энэ бахармаар тоо, гэвч тийм биш нь харамсалтай. Тэгэхээр олборлосон нүүрсээ үнэд оруулах хамгаас чухал.

Нүүрсээ зарах гадаад зах зээлийн боломжууд улам нэмэгдэж байгаа тул нүүрсний салбарынхан чадлынхаа хэрээр нүүрс ухаад урагшаа гаргаад байх хүсэлтэй. Гэхдээ байгаль орчин ба нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөг багасгаж, эерэг нөлөөг ихэсгэхийн тулд нүүрсний салбарынхан бүхий л үйл ажиллагаагаа хоорондоо уялдуулах шаардлагатай байна. Болж л өгвөл цаг алдалгүй нүүрсээ экспортлоод байх хүсэл эрмэлзэл төрд ч, хувийн хэвшлийнхэнд ч бий. Тэгэхээс ч анги замгүй. Хэчнээн бага үнээр өгдөг ч ашигтай нь мэдээж.

Хятадад нүүрсний хомсдол бий болж, дотоодын хэрэгцээгээ хангаж чадахаа байгаад сүүлийн хоёр гурван жил коксжих нүүрсний дэлхийн хамгийн том импорлогч болсон гэж чуулга уулзалтын үеэр гадаад дотоодын мэргэжилтнүүд хэлж байсан. Энэ хэрэгцээг нь дагаад манай улсын нүүрсний экспорт ч эрс нэмэгдсэн. “Монгол маш хурдацтай хөгжиж байгаа нүүрс экспортлогч орон” гэж чуулга уулзалтад илтгэл тавьсан “Shanxi Fenwei Energy” компанийн Ерөнхий захирал Чан Июжин ярьсан билээ.

Гадаадын уул уурхайн хөрөнгө оруулагчид ч манай улс руу шуурсан гол шалтгаан нь урд хөрш. Тэд Монголд дэд бүтэц байгуулж, түргэн шуурхай нүүрсийг гадаад зах зээл рүү яаж экспортлох вэ? гэдгийг илүү сонирхож байсан. Ингэх нь ч ойлгомжтой. Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдснээр Монголын эдийн засаг ч бяр суусан билээ.

Өнгөрсөн онд манай улсын нүүрсний экспорт эрс нэмэгдсэн. Нийт 20 сая тонн нүүрс олборлосноос Хятад руу 16.6 сая тонныг нь экспортолсон гэж Сангийн дэд сайд Ч.Ганхуяг хэлж байсан.

Үндэсний статистикийн хорооны мэдээгээр бол 2010 оны эцэст манай улсын экспорт 1.7 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь 2009 онтой харьцуулвал 65.7 хувиар өссөн байна. Нийт экспортын 80 шахам хувийг эрдэс баялаг эзэлсэн бөгөөд зэс, нүүрс, түүхий нефтийг 100 хувийг БНХАУ-д экспортолсон ажээ. Тэгэхээр 16.6 сая тонн экспортоо дэлхийн зах зээлийн дээд ханшад хүргэж чадаагүй гэсэн үг.

Гэхдээ чамлахаар чанга атга гэдэг. Нүүрснээс олсон мөнгө чамлахааргүй. Монголын нүүрс ирэх жилүүдийн төсвийн өнгийг тодорхойлох цаг ирлээ гэцгээж байна. 2010 онд нүүрснээс 877.6 сая ам.доллар, зэсээс 770.6 сая долларын орлого олжээ. Өөрөөр хэлбэл нүүрсний экспортын орлого зэсийнхээс 107 сая ам.доллараар давжээ. Хэрэв энэ тоо үнэн бол өнгөрсөн жилд бид нэг тонн нүүрсээ дунджаар 52.8 ам.доллараар зарчээ.

“Хэрэв энэ тоо үнэн бол” гэдэг сэтгүүлзүйд байж болошгүй хэллэг ч нүүрсний хувьд ингэж хэлэхээс ч өөр аргагүй байна. Чуулга уулзалт оролцсон гадаад, дотоодын хүмүүс ба хэвлэл мэдээллээр тархаж буй баримт тоонууд тонн, тонноор, сая саяар зөрөөтэй.

Жишээлбэл нүүрсний нөөцийн тухай тодорхой тоо алга. 120, 160, 150, 200 тэрбум тонн орчим нөөц бий мэргэжилтнүүд маргаж байна. Үүнийг нэг мөрийг болгохыг чуулга уулзалтын үеэр ярилцсан. Нүүрсний нөөцийг таамаглахыг ойлгож болох юм. Гэтэл өнгөрсөн жил олборлосон ба экспортолсон нүүрсний хэмжээ олон янз байна. Өнгөрсөн жил 18 сая тонн, 16.6 сая тонн, 14 сая тонн нүүрс экспортолсон гээд л холбогдох албаны эрх мэдэл бүхийн дарга нарын хэлсэн тоонууд зөрч байна. Бас батлагдсан нөөц ч зөрөөтэй. 15 тэрбум, 30 тэрбум гээд л... Энэ байдлаас дүгнэхэд нүүрсний салбарт нарийн тооцоо, хяналт гэж байдаггүй бололтой. Нарийн тооцоо, хяналтгүй нүүрсний олборлолтоо эрс нэмэх эрсдэлтэй. Наад зах нь байгаль орчинд их хохиролтой.

УС ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ

Монголд оролцоогоор 200 гаруй орд илэрснээс 50 гаруй ордыг ашигладаг гэнэ. Нүүрсний салбарт 54 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагаас 28 нь нөхөн сэргээлт хийдэггүй, үйл ажиллагааны тайлангаа холбогдох албаныханд өгдөггүй гэж УИХ гишүүн Д.Оюунхорол хэлснийг Өнөөдөр сонин бичжээ.

Энэ тухай Хариуцлагатай уул уурхай ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Л.Долгормаа ч гэсэн чуулга уулзалтын индэр дээрээс ярьсан. Олон уул уурхайн орд нөхөн сэргээлтийг хийхгүйгээс мал бэлчээргүй, хүн усгүй болж байна. Хөрсөнд ургамал ургахгүй, цөлжиж байна. Үүнээс болоод төрсөн нутагтаа амьдарч чадахгүй. Улаанбаатарт ирж байна. Уул уурхайгаас болж эрүүл мэнд хохирч, аюулгүй байдал нь хангагдахгүй байна гэсэн билээ. Ер нь бол Монгол орны хөрс бол маш эмзэг гэдгийг бүгд мэдэж байгаа. Нөхөн сэргээлт хийлээ ч гэсэн хөрс нь унаган төрхөндөө ортлоо уддаг ажээ.

Мөн усыг хэрхэн ашиглах нэгдсэн бодлого бий болоогүй байна. Үнэ цэнийг нь нэмэхийн тулд нүүрсийг угааж, баяжуулаа гэхэд усны хангамжийн асуудал хурцаар тавигдах ажээ. Монгол бол ус ховор улс орны тоонд ордог. Хэдийгээр усны эрхзүйн орчинг бүрдүүлж, хяналтыг чангалж, усыг дахин ашиглах технологи бүх компаниудад хэрэглүүлэхийг БОАЖЯ чармайж байгаа ч усны асуудал тодорхой биш байна.

“Усны хангамж амин чухал. Удахгүй том том компаниуд хоорондоо усны төлөө өрсөлдөх үү?” гэж “Эрдэнэс МГЛ” ХХК-ны гүйцэтгэх захирал Б.Энэбишээс асуухад “Ус бол чандмань эрдэнэ. Ус бол хүний амьдралд ч, уул уурхайн олборлолт, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ч адилхан чандмань эрдэнэ байдаг юм байна... [Хэрэв] өрсөлдөх хандлага бий болох юм бол төр засгийн бодлогоор зохицуулах ёстой. Ялангуяа ач холбогдол их өгч байгаа төслүүд дээрээ илүү анхаарах учиртай” гэж хэлсэн. Бас “Усны хайгуулыг судлалыг хийх хэрэгтэй. Хувийн компаниуд бол өөрсдийнхөө ордын хажууд бүгдээрээ хайгуул хийчихсэн байгаа байх. Тэгэхээр нэгдсэн бодлоготой байх шаардлагатай” гэж тэр хэлсэн.

Гэхдээ одоо байгаль орчин сүйрнэ, усгүй болно гэсэн ч одоо нэгэнт сонгосон замаасаа ухрах боломжгүй. Үүнийг ч “Coal Mongolia 2011” олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт харууллаа. Нүүрсний салбарынхан сүүлийн арваад жил эрч хүчийг авч, баян чинээлэг болж, дэлхий нийтийн анхаарлыг татаж чадсанаа чуулга уулзалтаараа гайхуулсан. Арга ч үгүй юм. Монголд нөөц нь байна. Хажуухан талд нь бурхны авралаар дэлхийн хамгийн том нүүрсний импортлогч байна... Тэгэхээр хамгийн дэвшилт техник технологийг ашиглаж байгаль орчноо багахан сүйтгээсэй.

НҮҮРСЭЭ ДУТУУ ДУЛИМАГ СУДАЛДАГ УУ? ЭСВЭЛ...

Нүүрсний салбарынхан дэлхийн зах зээлийн дээд үнээр Хятад Улсад нүүрсээ зарж чадахгүй байгаа нь хятадуудын биш монголчуудаас болдог бололтой.

“Wood Wackenzie”-ийн Хойд Азийг хариуцсан ахлах шинжээч Жон Фу монголын нүүрс хямд байгаагийн шалтгааныг (угаагүйгээс гадна) “Коксжих нүүрсээ хятадын зах зээлд зарах маркетингаа та нар боловсруулаагүй. Ихэнх нүүрсийг борлуулагчаар дамжуулж арилжаалдаг. Та нар Хятадад гаргаж байгаа бүтээгдэхүүнээ дутуу дулимаг судалдаг юм болов уу” гэсэн.

Энэ нь зарим монголын сэтгүүлч, ажиглагчдын бичсэнтэй таарч байна Тэд улстөрийн бүлэглэл уул уурхай руу орж, хоорондоо уралдан үнийг буулгаад байна. Мэргэжлийн наймаачид байдаггүй гэсэн. Бас доктор Ч.Хурц “Төрийн ямар ч зохицуулалтгүй дуртай хүн нь гадны зах зээлд гарч бие биетэйгээ өрсөлдөөд нүүрсний үнийг унагаж эцэст нь ашиггүй хоцорч байна” гэж хэлсэн билээ.

Эндээс чанар сайтай нүүрсээ өндөр үнээр зарч чаддаггүй нь гадаад зах зээлээ тандаж мэдээгүй бас мэргэжлийн биш хүмүүс улстөрийн нөлөө чадлаараа нүүрсний бизнест орсноос болжээ гэж дүгнэж болмоор байна.

ХУВЬЦААНЫ ДАНС ГЭЖ ЮУ ВЭ?

Сүүлийн үед Хөрөнгийн бирж рүү цувах иргэдийн тоо эрс нэмэгдлээ. Иргэд Хөрөнгийн биржэд байрлах Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвийн Олон нийттэй харилцах албаны хаалганы өмнө урт дараалал үүсгэн зогсох боллоо. Хальт харахад картын бараатай ерээд оны үе шиг дур зураг үзэгдэнэ. “Өдөрт 60-120 хүн ирж хувьцаа ба үнэт цаасны төвлөрсөн хадгаламжинд дансны талаар мэдээлэл авдаг, үйлчлүүлдэг байсан бол ойрын хэдэн өдөр иргэд ирэх нь ихслээ. Нэг өдөрт бараг 400 иргэд ирсэн” гэж ҮЦТТТХТ-ийн ажилтан ярьсан юм.

Урт дараалалд зогсох иргэдээс ямар зорилготой тэнд очсоныг нь асуухад ихэнх нь “Тавантолгойн хувьцааг асуухаар ирлээ” гэж байсан. Тэдний дунд үнэт цаасны төвлөрсөн хадгаламжинд дансгүй иргэд олон байлаа.

Тиймээс бид энэ удаагийн дугаартаа үнэт цаасны төвлөрсөн хадгаламжинд данс хэрхэн нээлгэх талаар ҮЦТТТХТ-ийн ажилтнаас лавлаж асууснаа нийтлэж байна. Иргэн бүр энэ талаар зөв ойлголттой байх шаардлагатай. Яагаад гэвэл хэрэв та Тавантолгойгоос хишиг хүртэе гэвэл үнэт цаасны данстай ёстой. Учир нь энэ дансаар дамжин “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа танд очно.

Гэхдээ урьдчилан сануулахад “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг авахын тулд заавал өнөө маргаашгүй данс нээлгэх албагүй. Учир нь хэрэв та иргэний шинэчилсэн бүртгэл, хүн ам, орон сууцны тооллого хоёрт хамрагдсан бол ямар ч асуудалгүй та үнэт цаасны төвлөрсөн хадгаламжинд данстай болно. 2011 оны 1 дүгээр сарын 1-нээс өмнө төрсөн хүн бүхэн данстай болж, хувьцаа эзэмшигч болно гэдгийг холбогдох албаны хүмүүс сануулж байна.


ХЭРХЭН ХУВЬЦААНЫ ДАНСТАЙ БОЛОХ ВЭ?

Хэрэв та өмнө нь аливаа нэг байгууллагын хувьцааг эзэмшиж байгаагүй, үнэт цаасны төвлөрсөн хадгаламжинд дансгүй бол үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авсан, Хөрөнгийн биржэд арилжаа хийдэг брокер дилерийн компаниудаас нэгийг сонгож түүгээр зуучлуулан данс нээлгэнэ. Энэ дашрамд хэлэхэд зарим иргэд их хувьчлалын цэнхэр тасалбараараа аливаа нэг байгууллагын хувьцаа авчихаад түүнийгээ мартсан байдаг. Хэрэв тийм бол тэдэнд шинээр данс нээлгэх хэрэггүй. ҮЦТТТХТ-д иргэний үнэмлэхний регистрийн дугаараараа шүүлгэж болно. Мөн удахгүй ҮЦТТТХТ www.schcd.mn гэдэг өөрийн вебсайттай болно. Ингэснээр та цахим сүлжээгээр данстай эсэхээ шалгах боломжтой болно.

Манай улсад одоогийн байдлаар 46 брокер дилерийн компани бий. Тэдний орших хаяг, холбогдох утасны дугаарыг ҮЦТТТХТ-д очиж мэдэхээс гадна www.mse.mn гэдэг вебсайтаас авч болно.

Зарим хүмүүс зөвхөн оршин суугаа газрынхаа ойролцоох брокер дилерийн компанид данс нээлгэх ёстой гэж боддог. Энэ бол заавал тийм байх албагүй. Та өөрийнхөө үзэмж, шалгуураараа шүүсэн аль ч брокер дилерийн компанид данс нээлгэх, үйлчлүүлэх боломжтой. Энэ боломж хөдөө орон нутагт хомс байж болох юм. Учир нь 46 брокер дилерийн компаниудын зарим нь хөдөө орон нутагт салбаргүй.

Брокер дилерийн компаниа сонгохдоо тэнд ажиллаж байгаа хүмүүсийн харилцаа, зөвлөгөө хэр сайн өгдөг, ажлын цагаар байнга ажилладаг, байршил нь танд тохиромжтой эсэх гэх мэт зүйлсийг анхаарахаас гадна арилжааны гүйлгээний шимэтгэлийн хувийг нь бас анзаарах хэрэгтэй. Зарим нь өндөр, зарим нь бага шимэтгэлтэй байдаг ажээ. Брокер дилерийн компаниуд таны өмнөөс арилжаанд оролцсоныхоо төлөө шимтгэл авдаг.

Хувь хүн данс анх нээлгэхэд 5 мянган төгрөг төлдөг. Хэрэв та данс нээлгэхээр очих гэж байгаа бол бас иргэний үнэмлэхээ бүү мартаарай.

Брокер дилерийн компанид бүртгүүлж данс нээлгэснээр та үнэт цаасны арилжаанд оролцох эрхтэй болно. Зөвхөн “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа гэлтгүй бусад компаниудын хувьцааг ч худалдан авч, эргүүлэн зарч ашиг олж болно. Гэхдээ өөрөө биеэрээ арилжаанд орохгүй. Брокер дилерийн компаниар зуучлуулах ёстой.

Брокер дилерийн компанийн үүрэг бол үнэт цаасны арилжаанд зуучлахад оршино. Үнэт цаас худалдах, худалдан авах, харилцагчдын дансаар дамжуулан мөнгөн хөрөнгийн гүйлгээ хийх зэрэг үйл ажиллагаа брокер дилерийн компаниар дамжин хийгдэх ёстой. Тэд мөн харилцагч та бидэнд хөрөнгийн зах зээлийн талаарх мэдээ, мэдээлэл, зөвлөгөөг өгч байх ёстой юм байна.

Заавал брокер дилерийн компаниар дамжих шаардлага байгаа юу? гэж та асууж магадгүй. Заавал шаардлагатай. Учир нь үнэт цаасны арилжаанд оролцохын тулд мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдээр үйлчлүүлэх шаардлагатай гэнэ. Энэ нь аливаа эрсдлийг бууруулахад зориулагдсан аж.

ДАНС НЭЭЛГЭСНИЙ ДАРАА

Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжинд данстай болсны дараа та “Эрдэнэс Тавантолгой” компанийн 550 ширхэг хувьцаагаа хэзээ орохыг хүлээгээд тайван амьдарч болно. Хувьцаа таны дансанд орсны дараа ногдол ашиг өгтлөө мөн жаахан удах байх. Гэхдээ ногдол ашиг өгөхгүй байна гээд 550 ширхэг хувьцаагаа зарах эрх эхэндээ танд байхгүй. Ийм эрхтэй болтлоо мөн жаахан удаж мэднэ. Чухам хэр удахыг одоогоор тодорхой хэлэх албаны хүн алга. Ямартаа ч Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” компанийн иргэддээ өгөх хувьцаагаа “дахиад нэг цэнхэр тасалбар” болгохгүйн тулд “тодорхой хугацаанд” заруулахгүй байлгах арга хэмжээ авч байгаа. “Ягаан, цэнхэр хувьцааны түүхийг санаж байгаа байх, та бүхэн. Овсгоотой хүмүүс нь тэр хувьцааг цуглуулж аваад юм болгож чадсан бол бусад нь хоосон хоцорсон. Тийм алдааг дахиж гаргуулахгүй” гэж Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар хэлсэн билээ.

Тэр мөн “Монголын иргэд эзэмшсэн хувьцаагаа үнэтэй цэнэтэй эд юм гэдгийг ойлгож, түүнийгээ эдийн засгийн эргэлтэд оруулах чадварт суралцана. Ингээд тодорхой хугацааны дараа хувьцаагаа ашиглах боломжтой болох юм” гэсэн. Бас “Иргэдэд хуваарилах хувьцаа бол тодорхой хугацаанд хаалттай байна, тиймээс зарж болохгүй гэсэн үг” гэж Сугар дарга ярьсан.

Тэгэхээр энэ “тодорхой хугацаа” тодорхой болох нь та биднээс хамаарах нь ээ. Өөрөөр хэлбэл та бид хувьцааны тухай мэдлэгтэй, түүгээр мөнгө хийх чадвартай болсон цагт 550 ширхэг хувьцаагаа зарж, бэлэглэж болох юм байна.

Хэдийгээр иргэд 550 ширхэг хувьцаагаа хэсэг хугацаанд зарах эрхгүй ч “Эрдэнэс Тавантолгой” компанийн бусад хувьцаанаас худалдан авах бүрэн эрхтэй. Учир нь “Эрдэнэс тавантолгой” компанийн нийт 15 тэрбум хувьцааны 30 хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр зарна гэж Засгийн газар мэдэгдсэн.

Зөвхөн “Эрдэнэс Тавантолгой” гэлтгүй (нэгэнт л данс нээлгэчихсэн юм чинь) бусад хувьцаат компаниудын хувьцааг хямд байхад нь худалдаж аваад, үнэ өсөхөд нь зарж, ханшийн зөрөөгөөр мөнгө хийх боломж танд бий.

Өөрийн дансаа та үйлчлүүлдэг брокер дилерийн компаниараа шалгуулахаас гадна ҮЦТТТХТ дээр биеэр ирж шалгуулж болно. Мөн тус төвийн 70-12-0460 гэсэн гэсэн утсаар лавлаж болох ажээ.

ХЭРХЭН ХУВЬЦАА ХУДАЛДАЖ АВАХ ВЭ?

Хувьцаа худалдаж авахын тулд мэдээж дансандаа мөнгөтэй байх хэрэгтэй. Дансандаа мөнгө байршуулснаар та брокер дилерийн компаниар дамжуулан үнэт цаасны арилжаанд орох эрхтэй болно. Үнэт цаасны арилжаанд орохдоо дансандаа 100 төгрөгтэй байсан ч болно. Таны сонирхсон хувьцааны нэг ширхэг нь 100 төгрөг байвал та дансандаа 100 төгрөг, дээрээс нь брокер дилерийн компанидаа төлөх шимэтгэлээ байршуулаад захиалгаа өгөхөд л хангалттай. Дашрамд хэлэхэд шимэтгэлийн дээд хэмжээ нь 6 хувь байдаг гэнэ.

Хөрөнгийн биржийн вебсайт дээр ийм зөвлөмж өгсөн байна. Хувьцаа худалдаж авахад үнэт цаасны ханшийн талаарх мэдээллийг авах, хувьцааг нь худалдаж авах гэж байгаа компанийнхаа үйл ажиллагааг судлах, санхүүгийн тайланг үзэх, ногдол ашиг тарааж байсан эсэхийг шалгах, удирдлагын менежментийг тандах, тухайн салбартаа эзлэх зах зээлийн байр суурийг нь харилцагч брокер дилерийн компаниасаа заавал лавлах ёстой гэнэ.

Мөн та хувьцаа худалдан авахдаа брокер дилерийн компанитайгаа худалдах, худалдан авах захиалгын гэрээг 2 хувь үйлдэх ёстой. Нэг хувь нь танд хадгалагдах ёстой. Энэ нь ямар нэг маргаан гарахад чухал баримт болдог ажээ.

Эцэст нь сануулахад хувьцааны үнийн зөрүүгээс ашиг олох нь өгөөж, эрсдэл хоёрыг зэрэг дагуулдгыг мартаж болохгүй. Сонголтоо зөв хийхэд зах зээлийн мэдрэмж хэрэгтэй гэж мэргэжилтнүүд зөвлөсөн байна.