Thursday, 17 February 2011

15 ТЭРБУМЫН 10 ХУВИЙН ТАЛААР..

“Хоолондоо!” гэж дуудах цагийг ард түмэн тэсэн ядан хүлээнэ. “Хоол бэлэн болох” цаг ойртох тусам иргэдийн дунд хий хардалт, сэрдэлт хуримтлагдаж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны тухай мэдээ мэдээлэл цацагдаж буй ч олон хүн энэ талаар ойлголт муу байна. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг тарааж байна гэж андуурсан иргэд ч бас тааралдаж байна.
“Эрдэнэс Тавантолгой” компани одоогоор иргэдэд хувьцааг тараагаагүй байгаа. Иргэн бүрд хэчнээн төгрөгийн хувьцаа ноогдох нь ч тодорхой биш байгаа. Учир нь Тавантолгойн нэгж хувьцааны үнийг тогтоогоогүй байна. “Тавантолгойн хувьцааны үнийг энэ оны нэгдүгээр улиралд багтаан тогтооно” гэж Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар хэлжээ.
Хувьцааны үнийг тогтоохын тулд эхлээд Тавантолгойн ордын үнэлгээг гаргах ёстой гэнэ. Үүнийг өөрсдөө ч хийхгүй олон улсад нэр хүндтэй хөрөнгө оруулалтын банкаар үнэлүүлэх нь чухал аж. Тэгвэл дэлхийн зах зээл дээр итгэл үнэмшил бий болж, Тавантолгойн хувьцааг худалдаж авах ажээ.
Гэхдээ одоогоор Тавантолгой ордын үнэлгээг тогтоох гадаадын хөрөнгө оруулалтын банкаа сонгоогүй байна. Хэрэв улс төрийн өөр шийдвэр гаргачихгүй бол ирэх долоо хоногийн дундуур үнэлгээг гаргах банкаа сонгох магадлалтай гэж Д.Сугар ярьсан. Тэрбээр мөн “Дэлхийн зах зээл дээр 2-4 тэрбум ам.доллар босгох гэж байгаа хэлцэл маш их хүч шаардана. Мэдээж нэг банк байхгүй. 3-4 банкийг сонгох байх. Одоогоор хөрөнгө оруулалтын банкийг сонгон шалгаруулах ажил өрнөж байгаа учир [тодорхой] хэлж мэдэхгүй байна” гэж хэлснийг нь Нийгмийн толь сонин дээр бичжээ.
Энэ нь, өнгөрсөн онд Хонконгийн хөрөнгийн биржид анх удаа хувьцаагаа арилжиж 650 сая доллар босгосон “Энержи ресурс” корпораци дэлхийд алдартай “JP Morgan”, “Citi Bank” хоёроор үнэлүүлж шалгуулсантай төстэй бололтой.
Энэ оны нэгдүгээрт улиралд багтан Тавантолгойн ордыг үнэлсний дараа нийт 15 тэрбум хувьцааны үнэ тодорхой болно. “Эрдэнэс Тавантолгой” компани нь нийтдээ 15 тэрбум хувьцаа гаргах билээ. Нийт хувьцааны 10 хувийг Монгол Улсын иргэд үнэ төлбөргүй, ижил хэмжээгээр эзэмшинэ. Нэг хүнд 550 ширхэг хувьцаа ноогдоно гэсэн тооцоо байна. Монгол Улсын иргэн бүрт тус компаний хувьцааг олгох учраас шинээр төрсөн хүүхэд ч хувьцаа эзэмшинэ гэж Ерөнхий сайд С.Батболд өнгөрсөн жил хэлж байсан.
Иргэдэд тараагдсан хувьцаа нь тогтмол нэг ханштай байхгүй. “Эрдэнэс Тавантолгой” компанийн үйл ажиллагаа чигд сайн, Хятад Улсын хэрэгцээ их байх тусам хувьцааны ханш өсч тэр болгонд хувьцаа эзэмшигч хүн бүр ногдол ашиг хүртэх болно. Хэрэв “Эрдэнэс Тавантолгой” компани ашиггүй ажиллавал хувьцааны ханш өсөхгүй иргэд ногдол ашиг хүртэхгүй.
Мөн “Эрдэнэс Тавантолгой” компанийн үнэлгээг хөндлөнгийн хараат бус банк, санхүүгийн байгууллагуудаар хийлгэхээс гадна монголын хүн амын тоог маш тодорхой гаргах хэрэгтэй. Өнгөрсөн жил улс орон даяар болсон Хүн ам, орон сууцны тооллогын эцсийн дүн хараахан гараагүй байгаа. Хүн ам, орон сууцны тооллогын Улсын комиссынхон “Эцсийн дүнг 7 дугаар сард гаргана” гэж өнгөрсөн долоон хоногт хэлж байсан билээ.
Магадгүй үүнийг тооцоод Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар Тавантолгойн хувьцааг “Нэгдүгээр улирлын сүүлээр, бүр амжихгүй гэвэл наадмаас өмнө иргэддээ тараана гэж баттай хэлье” гэсэн байх. Тэрбээр “Эхлээд иргэдийн тоог үнэн зөв гаргана. Төвлөрсөн хадгаламж тооцооны төв байгууллага гэж байдаг. Тэнд хүн амын тоо очно” гэсэн юм.
Гэхдээ иргэд урьдчилаад ҮЦТТТХТ буюу Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвд данстай байх нь илүүдэхгүй. Яагаад “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа банкны дансаар биш үнэт цаасны төвлөрсөн хадгаламж дахь дансаар танд очих билээ. ҮЦТТТХТ Хөрөнгийн биржид байрладаг. (Зөвхөн иргэд ч биш аж ахуйн нэгжүүд тэнд данстай байх хэрэгтэй.)
Ямартаа ч иргэд өөрсдөөсөө хамаарах Иргэний шинэчилсэн бүртгэл, Хүн ам, орон сууцны тооллогодоо хамрагдсан бол 550 хувьцаагаа авахад асуудал бага байх бололтой.
Манай Засгийн газар иргэддээ тараах хувьцаагаа үнэ цэнэтэй болгохын тулд ихээхэн санаа зовж байна. Хориод жилийн өмнө тараагдсан цэнхэр тасалбарын туршлагыг дахин давтахгүй тулд тодорхой хугацаанд иргэд үнэгүй авсан хувьцаагаа зарахгүй байх талаар ч арга хэмжээ авах бололтой. “Бид их хувьчлалын түүхийг сайн санаж байгаа. Овсгоотой улс нь бөөгнүүлж аваад үлдсэн нь хохирсон явдлыг дахин гаргахгүйн тулд хувьцааны хэлбэрийн тухай ярьж байна. Манай иргэд тэр хувьцааг үнэтэй цэнэтэй эд гэдгийг ойлгоод, эргэлтэд оруулах чадвартай болсны дараа энгийн хувьцаанд хөрвөнө” гэж Д.Сугар хэлсэн байна.
“Иргэдэд тараах хувьцаа бол тодорхой хугацаанд хаалттай, зарж болохгүй. Харин хөрөнгийн биржээс худалдаж авах бололцоо нь бүрэн нээлттэй” гэж тэр бас ярьжээ. Товчхондоо, үнэгүй хувьцаагаа бид нэг хэсэгтээ зарж, үрэх эрхгүй юм байна.
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир нэгэн сонинд өгсөн ярилцлагандаа “Хүмүүс хувьцаагаа хавраас авч эхэлнэ. Харин ногдол ашгаа 2013 оноос хүртэж эхэлнэ гэж бодож байна” гэснээс харахад 2013 оноос хойш бид хувьцаанаасаа мөнгө авах бололтой.
Аж ахуйн нэгжүүдийн хувьд бол 2010 оны 6 дугаар сарын 1-нээс өмнө бүртгэгдсэн, татвараа сайн төлсөн байх хэрэгтэй. Хэрэв тийм байх юм бол “Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт хувьцааны 10 хувиас бусад ААН-ийн адил нэрлэсэн үнээр авах боломжтой. Бүх үндэсний компаниудад ижил хэмжээтэй арилжах тул том компани их хувьцаа, жижиг компани бага хувьцаа авна гэсэн асуудал байхгүй. ААН-ийн дансны бүртгэх ажлыг УБЕГ, ТЕГ, ҮЦТТТХ хамтран хийж байгаа.
ЖИЧ: “Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт хувьцааны 10 хувийг Монгол Улсын нийт иргэдэд үнэ төлбөргүй, ижил хэмжээгээр эзэмшүүлнэ. 10 хувийг дотоодын татвар төлөгч аж ахуйн нэгжүүд нэрлэсэн үнээр ижил хэмжээгээр худалдан авна. 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжина. Үлдсэн 50 хувийг нь төр эзэмшинэ.

Wednesday, 16 February 2011

СААЛИА БЭЛДЭХЭЭР САВАА БЭЛД

Арван минутад 170 мянган төгрөг олох амархан уу? 108 мянган төгрөг бол манай хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ. Cар ажиллаад 108 мянган төгрөг авна. Тэгэхээр аравхан минутанд 170 мянган төгрөгтэй болох чамлахааргүй байгаа биз.

Өчигдөр иргэн Самбуу гэгээн цагаан өдөр, худлаа хэлээгүй, хулгай хийгээгүй мөртлөө зүв зүгээр төв талбайгаар алхаж яваад санаанд нь Тавантолгой эргэлдэнгүүт Хөрөнгийн бирж рүү орсон чинь аравхан хормын дараа 170 мянган төгрөгтэй болоод гараад ирсэн. Цаг яг 3.45 болж байлаа.

Яасан гэхээр 50 настай иргэн Самбуу үнэт цаасны данстай байсан юм байна. Үүнийгээ тэр 20 жилийн дараа мэдлээ. Тэгэхээр арванхан минутад 170 мянган төгрөгтэй болсон гэдэг харьцангуй бага байгаа биз. 20 жил дарсан хувьцаанаасаа 170 мянган төгрөгний ашиг олжээ. Гэхдээ иргэн Самбуу баярлаж байлаа. Яагаад гэвэл тэр 20 жилийн өмнө авсан ягаан, цэнхэр тасалбараа хаашаа хийснээ санах нь бүү хэл, өнгийг нь ч мартсан байсан юм. Түүний хувьд 170 мянган төгрөг бол 20 жилийн дараа гэнэт гараад ирсэн төрсөн хүүхэд шиг нь гэнэтийн бэлэг байв. Хорин настай эрүүл чийрэг, өөртэй нь адилхан, бас өөрөөс нь мөнгө гуйхааргүй хүү “Ааваа” гээд гэнэт гараад ирвэл баярлахгүй эр хүн байх уу?

Тэгэхээр иргэн Самбуу 170 мянгатай болсон юм чинь та ч гэсэн хэрэв Монгол Улсын иргэн мөн бол түүн шиг гэнэтийн бэлэг авч болно. Яаж?... Гэж асуусан уу? Асуултанд чинь хариулахын тулд эхлэл рүүгээ жаахан буцъя.

Иргэн Самбууд Тавантолгойн хувьцааны тухай ойлголт байхгүй. Тавантолгойн хишгийг өгөөд байгаа юм уу? Өгөх гээд байгаа юм уу? Хөрөнгийн биржээр зараад байгаа юм уу? Зараад дуусчихсан юм уу? Ямар намынхан нь эхлэж авч байгаа юм бэ? Тэрбээр ихэнх энгийн иргэдийн адил нэг л учрыг нь олохгүй явсан тул Хөрөнгийн биржээр дайраад гаръя гэж бодож л дээ.

Яагаад гэвэл иргэн Самбуу хэвлэл мэдээлэл, зурагт радиогоор тархиа угаалгаж халширсан хүн. МАХН МАН болчихсон юм уу? МАН МАХН болчихсон юм уу? АН МАН хоёр ана мана үзээд байгаа юм уу? Эсвэл МАН АН хоёр МАНАН болоод МАХН-ыг дээрэлхээд байгаа юм уу? Эсвэл АН МАХН хоёр хувьсаад МАН-ыг унагах гээд байгаа юм уу?

“Хэн мэдэж байнаа! Зурагт асаахаар л нэг бүдүүн улстөрч, сувгаа солихоор л дахиад нэг улстөрч, дахиад солихоор дахиад л нэг улстөрч, арайхийн хоол хийдэг суваг оллоо гэсэн чинь заазуур барьсан улстөрч...бүр залхмаар. Бүгд ондоо юм ондоо юм ярина.Тэгснээс солонгос кино үзсэн нь дээр. Хэрүүлтэй ч гэлээ харийн улс болохоор сэтгэл өвдөхгүй. Монголоос арай гайгүй нь хошин шог боловч даанч бөөн хэрүүл. Хэрүүл багадсан биш Боёо, Ундармаа хоёрын хэрүүлийг сонсоод байх даа яах вэ дээ” гэж иргэн Самбуу боддог байжээ.

Тэгээд тэр Тавантолгойн хувьцааг яаж авах вэ? гэдгийг асуухаар Хөрөнгийн бирж орсон юм. Тэрбээр “Хувьцаа юм чинь Хөрөнгийн биржээр зарна” гэж гадарлаж л дээ. Хаалгаар нь ороод гурав дөрвөн хүн зарлалын самбар харан зогсож байхаар нь очоод харж зогстол сэгсгэр саарал малгайтай нүдний шилтэй залуу:
—Тавантолгойн хувьцааг хаана зарч байна? гэсээр ороод ирж (тэр нь би). Тэгээд л иргэн Самбуу түүнтэй ханьсан нэг давхарт зүүн гар талд байдаг Олон нийттэй харилцах алба гэдэг хаягтай хаалга руу ороод учир начраа хэлтэл:
—Та манайд данстай юу? гэж нэгэн бүсгүй асуув.
—Байхгүй гэж иргэн Самбуу хариулав.
—Юмыг яаж мэдэх вэ? бид шалгаад өгье. Таны иргэний үнэмлэх чинь байгаа юу? гэж бүсгүй асуув.
—Байгаа гэж иргэн Самбуу хариулав. Тэгээд иргэний үнэмлэхээ гаргаад өгтөл дор нь шалгаад:
—Таны дансанд 169.245 төгрөг байна гэж бүсгүй хариулав.
—Аан гэж иргэн Самбуу хэлэв.
—Та их хувьчлалаар хоёр компанийн хувьцаа худалдаж авсан юм байна. НИК, Алмааз ХХК-ын. НИК одоо татан буугдсан. Харин Алмааз ХХК байгаа... гэх мэт бүсгүй ярьж байлаа. Харин иргэн Самбуу яаж мөнгөө авах уу гэж бодож байв.
—Та одоо дээшээ гараад гарын үсгийн баталгааны маягт бөглөөд дансаа баталгаажуул гэж залуу бүсгүй хэлэхдээ түүнд дансны хуулгыг хэвлэж өгөв.

Иргэн Самбуу дээшээ гараад оршин суугаа хаяг, төвлөрсөн хадгаламж дахь дансны дугаар (энэ дугаар түүнд өгсөн хуулга нь дээр байна), банкны дансны дугаар (хэрэв байгаа бол), регистрийн дугаар гэсэн дөрөвхөн юм бөглөөд гарын үсгээ зураад, гарын үсгээ баталгаажуулав.

Ингээд л иргэн Самбуу үнэт цаасны төвлөрсөн хадгаламж дахь дансандаа (банкны данс биш шүү) 170 мянган төгрөгтэй гэдгээ мэдсэн юм. Тэрбээр энэ мөнгөө авна уу? Эсвэл дахиад хувьцаа худалдаж авна уу? Ёстой өөрийнх нь дур. Хамгийн гол нь энэ данс руу нь “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцаа орно. Тиймээс тэр 170 мянгаа авсан ч дансаа хадгалж байх ёстой.

Сэтгэл нь догдолчихсон байх үед түүний сэтгэгдлийг асуулаа. “Ямар ч байсан энэ улсын иргэн тул данстай юм байна!” гэж тэр бардам хэлэв.

Бусад хүмүүс

Тавантолгойн хувьцааг авах, данс нээлгэх, дансаа шалгуулах гэсэн иргэд Хөрөнгийн биржид тасралтгүй орж ирж байлаа. Тэдний ихэнх нь Тавантолгойн хишиг, хувьцаа л гэдэг үгийг мэдэхээс цаашгүй. Зарим нь ямар данс нээлгэх гээд байгаагаа ч мэдэхгүй, гэхдээ энд ирж лавлах хэрэгтэй гэсэн бодолтой байв. Тэд зарлалын самбар дээрх 46 брокер дилерийн компаниудын хаягийг харж зарим нэг нь хуулна.

Нэг өндөр залуу, эхнэртэйгээ ирээд дансаа шалгуултал хоёуланд нь данс байхгүй байжээ. Чухам яагаад дансгүй байгаагаа тэр залуу гайхан:
—Яагаад байхгүй байна. Уул нь манайд ягаан, цэнхэр тасалбар байсан даа гэв.
—Цэнхэр тасалбараар тараагдсан хувьцааг бид шүүж байгаа. Тухайн үед та насанд хүрээгүй байсан учраас ээж аавынхаа нэр дээр авсан байна. Тэгэхээр ээж аавынхаа иргэний үнэмлэхийг авч ирээд мэдээлэл авна гэж нэг давхарт байдаг Олон нийттэй харилцах алба гэсэн хаягтай өрөөнд суух залуу хэлэв.
—Хоёулаа талийгаач болсон. Тэгэхээр яах уу? гэж өндөр залуу хариулав.
—Нас барсны лавлагааг нь Иргэний бүртгэл мэдээллийн төвөөс аваад ирж болно. Ээж аавын чинь нэр дээр шүүгээд хувьцаа гараад ирвэл та өөрийнхөө нэр шилжүүлж болно гэв. Тэрбээр мөн, 2006 оноос хойш л нас барсан хүмүүс нас барсны гэрчилгээг өгч байгаа. Үүнээс өмнө нас барсан хүнийг Иргэний бүртгэл мэдээллийн төв дээр очиж лавлагаа авна гэдгийг тодруулж хэллээ.

Нэг залуу аж ахуйн нэгжтэй түүнийхээ хувьцааг яаж авах вэ? гэсээр орж ирэв. Харамсалтай нь Олон нийттэй харилцах албаны өрөөнд иргэдийн дансыг л шалгаж байгаа юм байна. Харин ААН-үүдийг бүртгээгүй ажээ. Тэрбээр нэлээн бухимдангуй “Би хувиараа эрхлэх аж ахуйн нэгжтэй, 8 нэрийн хүнсний бүтээгдэхүүний дэлгүүр ажиллуулдаг. Хувьцаа, мувьцаа тараагаад байна гэхээр ирлээ. Аж ахуйн нэгжээ хаана бүртгэж байгаа юм. Тодорхой мэдээлэл алга. Цацагдахгүй байна. Эсвэл түрүүлж авсан нь хожоод, нөгөө мэдээлэлгүй хоцорсон нь хохирох гээд байна уу гэсэн хардлага надад төрөөд байна” гэж хэлсэн юм.

Хэдэн сарын өмнө Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 6 дугаар сарын 1-нээс өмнө бүртгэгдсэн, татвар төлөгч үндэсний аж ахуйн нэгжүүдэд давуу эрхээр, ямар ч нөхцөлгүйгээр, маш тодорхой мэдээллийн дагуу, “Эрдэнэс-Тавантолгой” компанийн үнэлгээг тогтоосны дараа хувьцааг арилжана гэж хэлж байсан.

Дахин хэлэхэд Хөрөнгийн биржэд ирж байгаа хүмүүсийн ихэнх нь хувьцааны талаар ямар ч ойлголт алга. Нэг залуу “Хувьцаа надад ямар ашигтай юм бэ? Надад Улсын Их Дэлгүүрийн хувьцаа байна” гэж асууж байсан. Энэ мэтчилэн маш бол олон хүн юу ч мэдэхгүй бухимдацгааж байна. Засгийн газар энэ талаар их анхаарахгүй бол нийгэмд хэрээс хэтэрсэн хүлээлт, хоосон хардлага бий болж байна шүү.

ҮЦТТТХТ гэж мэдэх үү?

Мэдэхгүй юу? Тэгвэл Хөрөнгийн бирж гэхээсээ өмнө бид ҮЦТТТХТ гэж мэдэх ёстой юм байна. Яагаад гэвэл та “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааг эзэмшлээ гэхэд энэ газраар дамжина. Энд та үнэт цаасны төвлөрсөн хадгаламж дахь данстай байж хишгээ хүртэнэ.

ҮЦТТТХТ гэдэг маань Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв гэсэн үг. Хэдийгээр нэг байранд байрладаг ч энэ газар Хөрөнгийн биржээс тустай, бие даасан, 100 хувь төрийн өмчит ХХК. ҮЦТТТХТ компани биржийн арилжаагаар хийгдсэн бүх үнэт цаасны төлбөр тооцоог хийхээс гадна Монгол Улсын иргэдийн үнэт цаасны бүртгэлийг хөтлөн хадгалдаг байгууллага юм. Мөн МХБ-д бүртгэлтэй хувьцаат компаниудын ногдол ашгийг тус компаниар тараадаг аж.

Энэ газрыг Хөрөнгийн биржийн салбар гэж ерөөсөө үзэж болохгүй. Энүүхэндээ хэлэхэд ажилчид нь ч тэгж хэлүүлэх дургүй. Эдний Олон нийттэй харилцах алба гэсэн жижигхэн өрөөнд жинхэнэ амьдрал буцалж байна. Энэ жижигхэн өрөө бол хувьцааны талаарх мэдээллийг иргэдэд түгээх “гал тогооны өрөө” ажээ.

Тун удахгүй монголчууд Х үсэг харахаараа хувьсгалт гэж уншилгүй хувьцаа гэж унших болно. Яагаад гэвэл Тавантолгойн нийт хувьцааны 10 хувь Монгол Улсын иргэн бүрийн гар дээр ирэхээр хүссэн хүсээгүй бид брокер дилерийн компаниар дамжин хувьцааны ханшийг хянадаг “өвчтэй болно”.

Монгол Улсын хэмжээнд үнэт цаасыг бүртгэдэг, хадгалдаг ганцхан байгууллага нь манай байгууллага. Тиймээс төвлөрсөн гэж нэрлэж байгаа гэж тус газрын Олон нийттэй харилцах албаны менежер Ж.Байгальмаа ярьж байлаа. Түүнээс би:
—Энд хувьцааны талаар ойлгодог хүн нэг ч алга. Тэдэнтэй би адил. Та маш энгийн ойлгуулахаар ярьж өгөөрэй гэж гуйсаар дөхтөл тэрбээр инээгээд:
—МОНЦАМЭ байтугай Монгол телевизийнхэн ч юу ч ойлгохгүй байна лээ гэж хэлсэн юм.


Тодруулга

—Зарим иргэд үнэт цаасны төвлөрсөн хадгаламж дахь дансгүй байна. Яаж нээлгэх вэ?
—Данс нээлгэхэд эхлээд Санхүүгийн Зохицуулах Хорооноос хөрөнгийн зах зээл дээр ажиллах зөвшөөрөл авсан 46 брокер дилерийн компаниас сонгоно. Энэ 46 брокер дилерийн компанийн хаяг, утас, байршил манай үүдэнд болон www.mse.mn гэдэг вебсайт дээр бий. Харилцагч өөрөө шийдэж сонгоно. Магадгүй гэртээ ойрхоныг нь, зөвлөгөө сайн өгдгийг нь харах байх. Тэд таныг зуучилж өгснийхөө хөлсөнд шимтгэл хураамж авдаг. Тиймээс шимтгэл хураамжынх нь хэмжээг бас харах хэрэгтэй. Хоёр хувь уу, гурван хувь уу. Болж өгвөл хямдхан газарт нь үйлчлүүлэхийг хүн бодно шүү дээ. Мөн Хөрөнгийн биржийн арилжаанд байнга оролцож байна уу, ажлын цагийн хувиар барьж байна уу гэх мэт үзүүлтүүдийг харах хэрэгтэй.
—Брокер дилерийн компанид очоод яах уу?
—Сонгосон брокер дилерийн компани дээрээ очоод дансаа нээлгэнэ. Данс нээх гэрээ байгуулна. Иргэний үнэмлэхтэй очих ёстой. Данс нээлгэсэн тохиолдолд брокер дилерийн компанийн ажилтан манай Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв дээр ирээд данс нээсэн бүх гэрээнүүдээ өгдөг. Манайх нэгдсэн журмаар дансыг нь нээдэг учраас төвлөрсөн хадгаламж гэж нэрлэдэг.
—Нэг л данстай байх уу?
—Хэрвээ тухайн брокер дилерийн компанийн үйл ажиллагаа таалагдахгүй байвал өөр брокер дилерийн компанид холболтын данс нээлгэж болно. Үүнд мянган төгрөгний хураамж төлдөг. Ер нь бол үндсэн ба холболтын данс гэж хоёр данс бий. Хуулиараа хүн дөрвөөс таван холболтын данстай байж болно. Өөрөөр хэлбэл дөрвөөс таван брокер дилерийн компанитай зэрэг харилцаж зөвлөгөө авч болно. Заавал ганц брокер дилерийн компанид хадагдах албагүй.
—Энд ирсэн зарим хүмүүс яагаад дансгүй байна вэ?
—1991-1994 оны хооронд явагдсан их хувьчлалаар цэнхэр тасалбараа аван амжиж бүртгүүлсэн, харьяа пүүс (тухайн үеийн брокер дилерийн компанийг ингэж нэрлэж байсан) дээрээ очиж хувьцаа худалдаж авсан хүний данс бол одоо хүртэл манайд байгаа. Тэр хүн бол ажлын цагаар иргэний үнэмлэх, анхан шатны гэрээний даалгавар, эсвэл цэнхэр тасалбарын аль нэгэнтэй ирвэл бид бүртгэлийг нь шүүгээд л дансыг гаргаад ирнэ. Харин их хувьчлалаар цэнхэр тасалбараа бүртгүүлээгүй бол данс байхгүй.
—Цэнхэр тасалбартай бол данстай гэсэн үг үү?
—Чингисийн зурагтай цэнхэр тасалбар байсан ч дансгүй байх тохиолдол бий. Цэнхэр тасалбарыг эргүүлээд ар талыг нь харвал гарын үсэг зурчихсан, пүүсийн тамга тэмдэгтэй байвал тэр хүн данстай гэсэн үг. Цэнхэр тасалбарын бүх мэдээлэл манайд бий. Энэ хүн тухайн үед нь цэнхэр тасалбараа харьяат пүүс дээрээ очоод өмч хувьчлалаар ямар нэг компанийн хувьцаа авсан гэсэн үг. Харин ямар ч тамга тэмдэггүй цэнхэр тасалбар байвал тэр нь хүчингүй гэж Ж.Байгальмаа ярив.

Сэрэмжлүүлэг

Саалиа бэлдэхээр саваа бэлд гэж монголчууд ярьдаг. Тиймээс “Эрдэнэс-Тавантолгой” компаниас хүртэх хишгийнхээ “савыг” одоо бэлдэх цаг иржээ. Энэ нь үнэт цаасны төвлөрсөн хадгаламж дахь данстай болно гэсэн үг. “Эрдэнэс-Тавантолгой” компанийн нийт хувьцааны 10 хувийг Монгол Улсын нийт иргэдэд үнэ төлбөргүй, ижил хэмжээгээр эзэмшүүлнэ гэж Засгийн газар амласан. Гэхдээ одоо тараагаагүй байгаа.

Харин ҮЦТТТХТ рүү очиж үнэт цаасны данстай эсэхээ шалгуулахад илүүдэхгүй. Юмыг яаж мэдэх вэ? Сая төгрөг дансанд чинь хүлээж байгаа ч юм билүү. Хэрэв үгүй бол сэтгэлээр унах хэрэггүй. Тавантолгойгоос авах хувьцааг “чулуу болгож” өмнөх сургамжаа давтахгүйг хичээгээрэй!

Жич: Сүүлийн үед иргэд үйлчлүүлэх нь эрс нэмэгдэж байна.

Monday, 14 February 2011

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛД ЭРЧ НЭМСЭН УРАЛДААН

Аялал жуулчлал манай улсад хөгжиж байна. Тэр тусмаа адал явдалт аялал жуучлал түлхүү хөгжих янзтай. Онгон зэлүүд газар нутгаар аялж, нүүдэлчдийн өвөрмөц соёлыг бодиттойгоор үзэх гэсэн хөгжингүй орны жуулчид эх орныг маань зорин олноороо ирэх боллоо. Монголын аялал жуулчлалын байгууллага, тур операторууд ч энэ хандлагыг анзаарч үйл ажиллагаагаа явуулж байна. Хэрэв хүсвэл хэнбугайн ч жинхэнэ нүүдэлчдийн ёс заншлыг биеэрээ мэдрэх боломжтой болжээ.

Харин 2010 оноос эхэлж зохион байгуулагдаж байгаа “Моngolian bike challenge” олон улсын уулын дугуйн уралдаан бол энэ нийтлэг хандлагыг дагаагүй. Гадаадын жуулчид манайд ирж морь уралдахыг харах биш харин бид тэднийг уралдуулж хэн нь “шандастайг” харч баясах болно.

Монгол зөвхөн эсгий гэртэй талын нүүдэлчдийн эх орон биш харин газар нутгийнхаа өвөрмөц тогтолцоог ашиглаж 21 дүгээр зууны спортыг ч хөгжүүлэх чадалтай улс орон гэдгийг дэлхийд сурталчилж чадсан нь энэ уралдааны гол онцлог. “Монголд дугуйн аялал хөгжөөд нэлээн хэдэн жил байгаа боловч яг энэ цар хүрээнд хийгдэж байгаагүй. Энэ тэмцээнийг зохион байгуулснаар гадаадын жуулчид, тамирчид манай орныг арай өөр нүдээр хараад Монгол гэдэг зөвхөн эсгий гэртэй, морь унасан хүмүүс биш харин орчин үеийн спорт хөгжсөн, хөгжих боломжттой улс юм байнаа гэдгийг мэдэх болно” гэж “Mongolia expeditions”-ийн захирал С.Алдархишиг уралдаанаа танилцуулахдаа итгэлтэй хэлсэн юм.

Уг уралдааныг 2010 онд монголын адал явдалт аялал жуулчлалын тур оператор “Mongolia expeditions” италийн “Progetto Avventura Eventi” байгууллагатай хамтран анх зохион байгуулсан бөгөөд анхны тэмцээнд нийт 12 орны 92 тамирчин оролцсон байна. Харин энэ жил 108 тамирчин оролцох аж. 7 дугаар сарын 29-нөөс 8 дугаар сарын 13-ны хооронд уралдаан болно.

“Манай уралдаан Монгол орныг дугуйн спортоор дэлхийд таниулах зорилготой. Жил бүр зохиогдоно. Өндөр мэргэжлийн болон өндөр түвшинд бэлтгэгдсэн сонирхогч тамирчдын дунд зохион байгуулдаг” гэж Алдархишиг уралдаанаа цааш танилцуулав.

Тус уралдаан нь дугуйн спортоор дамжуулж Монголыг дэлхийд танилцуулахаас гадна чансаа өндөр уралдаан зохион байгуулах далимандаа аялал жуулчлалын шинэ зах зээл бий болгох, олон нийтэд эрүүл амьдрах, байгальд ээлтэй байхыг сурталчлах, дэлхийн цаг уурын өөрчлөлт, дулаарлыг эерэгээр шийдэхэд хүн төрөлхтнийг уриалан идэвхжүүлэх гэх мэт олон зорилго агуулжээ.

“Бид уралдаанд оролцогчдынхоо тоог энэ жил 108-аар хязгаарлаж байгаа. Одоогийн байдлаар энэ нь байгаль орчинд үзүүлэх хор нөлөөг бага байлгахад тохиромжтой тоо” гэж Алдархишиг хэлэв.

Оролцогчид тусгай заасан газар л хог хаягдлаа хаяж болдог нь уг уралдааны бас нэг онцлог. Энэ талаар Алдархишиг “Дэлхий нийтээрээ байгаль дэлхийгээ бохирдуулахгүй байхад ихээхэн анхаарч байгаа. Бид ч гэсэн үүнд анхаарч уралдааныхаа дүрэмд тамирчид хогоо хаяхгүй, хэрвээ хог хаясан тохиолдолд эхний удаа шийтгүүлнэ. 40 минутын торгууль авна. Хэрвээ хоёр дахь удааагаа хог хаявал шууд тэмцээнээс хасна гэсэн заалт оруулсан” гэв.

Өнгөрсөн оны уралдаанд хог хамаагүй хаяснаас болж хасагдсан тамирчин байгаагүй, харин торгуульсан тамирчид байсан агаад хог хаясан тамирчдыг торгосноос хойш бүгд хаяхаа больсон ажээ. “Ер нь бол нийтдээ 1200 км зам туулж байгаа учраас бидэнд замын турш хогын сав байрлуулах ямар ч боломж байхгүй. Тийм учраас тамирчид идэж уусан зүйлсийнхээ бүх хог, сав суулгыг зөвхөн бариан дээр эсвэл бидний тогтоож өгсөн ус цэнэглэх, хоол хүнс сэлбэх цэгүүд дээр хаяж болно” гэж Алдархишиг учрыг тайлбарлав.

Энэ жилийн уралдаан 9 гараатай, нийт 1200 км зам туулах аж. Уулын дугуйн уралдаан дотроо засмалын болон бартаат замын гэж хоёр хуваагддаг. Харин “Моngolian bike challenge” бол бартаат замын уралдаан гэнэ.

Уралдаан Өмнөговь, Өвөрхангай, Баянхонгор, Архангай аймгийн газар нутгаар дайрна. Дунджаар 100 км урттай 9 гараатай. Өмнөговь аймгийн Даланзадгад хотоос гараад Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэзуу хийдийн үүдэнд эцсийн бариагаа барина. Энэ замыг зохион байгууллагчид сонгосон нь монголын говь хангайг гадаадын жуулчдад танилцуулж, дэлхийд танигдсан үзмэрүүдээ үзүүлэх давхар, давхар зорилго өвөрлөсөн аж.

“Моngolian bike challenge” бол Ази тивд анх удаа болж байгаа уулын дугуйн бартаат замын уралдаан гэнэ. “Энэ төрлийн уралдаан Австриал, Өмнөд Америк, Хойд Америк, Африкийн улсуудад болж байсан болохоос Ази тивд огт болж байгаагүй” гэж Алдархишиг хэлэв.

Энэ уралдааныг монголын талаас зохион байгуулж байгаа хүмүүс уралдаанаа жилийн жилд боловсронгуй болгож Дэлхийн дугуйн холбооны жилийн хөтөлбөрт багтаах бас нэг зорилготой байгаа юм байна. Энэ талаар Алдархишиг “Дэлхийн дугуйн холбоо гэж бий. Энэ холбоонд бартаат замын төрөл хараахан бүртгэгдээгүй байдаг. Харин яваандаа энэ төрөл бүртгэгдээд, манай уралдаан ДДХ-ны жилийн төлөвлөгөөнд орвол бид өөрсдөө маркетингаа хийх биш харин ДДХ хийх болно. Тиймээс бид одооноос уралдаанаа өндөр түвшинд хийх учиртай” гэж ярив. Түүний хэлснээр бол дэлхийд дугуйн спортын 9 төрлийн уралдаан болдог юм байна.

Одоогийн байдлаар 2011 оны тэмцээнд 15 улсын 65 тамирчин бүртгүүлсэн байгаа гэнэ. Бүртгүүлсэн тамирчдын 30 хувь нь эмэгтэй тамирчин байгаагаас харахад эмэгтэйчүүдийн тоо өсөх хандлагатай байгаа ажээ. “Моngolian bike challenge”-ийн гол зах зээл нь Европын холбооны улсууд учраас гадаадын тамирчид тэмцээнд бүртгүүлэхдээ еврогоор төлбөр тооцоогоо хийдэг аж. Хэрэв 2011 оны 2 дугаар сарын 28-наас өмнө бүртгүүлвэл 1590 евро, харин хожуу бүртгүүлвэл 1890 евро гэх мэт хэлбэлзэлтэй байдаг юм байна.

“Моngolian bike challenge 2011” уралдаан хаан, тамирчин, мастер 1, мастер 2, ахмад, эмэгтэйчүүд, тандем (хоёр дугуй) гэсэн 7 ангиллаар зохиогдоно. Бүхий л насны хүмүүс оролцох боломжтой ажээ. Нэг ангилалд таваас дээш хүн уралдах ёстой юм байна.

Мориноос хурдан хүн

Өнгөрсөн жил манай улсаас 11 тамирчин орсон байна. Мөн дэлхийд алдартай испанийн тамирчин Роберт Херас, италийн аварга тамирчин Марзио Дехо хоёр ирж өрсөлджээ. Марзио Дехо өнгөрсөн жилийн аварга болж монголын тамирчин Т.Төгөлдөр 2 дугаар байранд орчээ. Харин эмэгтэйчүүдийн ангилалд италийн тамирчин Степани Валсечи түрүүлжээ. Орон нутгийн оршин суугчид 2010 оны уралдаанд түрүүлсэн Марзио Дехог “машинаас хурдан хүн”, “мориноос хурдан хүн” гэж нэрлэж байжээ.

Хээрийн нөхцөлд хоол унд бэлдэнэ гэдэг бэрхшээлтэй асуудал. Тэр тусмаа тамирчид, бүр 200 гаруй хүнийг 10 өдөр хооллож ундлана гэдэг тоглоом биш. 2010 оны уралдаанд оролцогчид 16 мянган литр цэвэр ус ууж, 6 мянган ширхэг лаазтай кока-кола уусан байх юм.

“Хоол ундыг нь яаж бэлдэж байсан бэ?” гэдэг асуултанд Алдархишиг их бахархалтай хариулсан юм. “Анхны уралдаанд оролцсон тамирчид биднийг их магтсан. Манай тэмцээнд түрүүлж алтан цом авсан Марзио Дехо манай хоолыг ‘Би олон тэмцээн уралдаанд оролцож, 5 одтой зочид буудлуудад байрлаж байсан. Танай хоол гологдох юм алга. Танайх үнэхээр 5 одтой зочид буудал шиг хоол хийж байна’ гэж магтаж байсан. 225 хүний хоол унд бэлдэх асар их хариуцлага. Бид хоёр баазаар ажилладаг байсан. Нэг бааз нь гараанаас гаргахад нөгөө бааз нь хүлээж аваад солбидог байсан. Бааз болгон дээр 9 тогооч ажиллаж байлаа. Одоо бид монголын хоол хүнс гадаадын тамирчдад гологдохгүй юм байна гэсэн итгэлтэй болсоон.”

Тэд хоол хүнсэнд их уян хатан бодлого баримталж байсан гэнэ. “Ямар ч хоол хүнс хэрэглэдэг хүнийг бид хооллож чадна. Ялангуяа цагаан хоолтонгуудыг их анхаарсан. Бүр “gluten free” буюу цардуултай гурил бас бус зүйлсийг иддэггүй хүмүүсийг ч гэсэн хээрийн нөхцөлд хүсэлтийг нь хангаж чадсан” гэж Алдархишиг ярьж байлаа.

Энэ уралдаан 15 мянган еврогийн шагналын сантай юм байна. Энэ шагналын санд нь нэр хүндтэй дугуйны фермүүдийн раам, хувцас хэрэгсэл бас тодорхой хэмжээний мөнгөн шагналууд багтдаг юм байна. Мөн тэмцээнийг зохион байгууллагчид тамирчдын аюулгүй байдлыг хангахын тулд SOS Medica байгууллагатай хамтран ажилладаг ажээ.

“Мөн бид бүх тамирчдыг Бодь даатгалаар даатгуулсан. Спортын том арга хэмжээ учраас аюулгүй байдлыг нь маш сайн анхаарч, хангаж ажиллахыг бид зорьж байгаа” гэж Алтанхишиг бас ярьсан юм.

Тэрбээр мөн аймгийн төвүүд, орон нутгийн удирдлагууд, засаг даргын тамгын газрууд ялангуяа цагдаагийн байгууллагууд, замын цагдаагийнхан өнгөрсөн оны уралдааныг дэмжиж туслаж байсанд талархаж байдгаа хэлсэн юм. Энэ жилнйн уралдаан ч мөн олны дэмжлэгээр сайхан болно гэдэгт Алдархишиг итгэлтэй байна лээ.

Ер нь аялал жуулчлалыг Монголд хөгжүүлэхэд “Моngolian bike challenge” шиг уралдаан олон байвал их тустай гэдэг нь тодорхой байна.

Улаанбаатарын өвөрмөц утаа

Монголчууд өвөрмөц ард түмэн. Хөх толботой, нүүдэлчин уламжлал соёлтой, эсгий гэрт амьдардаг. маханд дуртай гээд л бидний цөөхөн монголчуудын бусдаас ялгарах шинж чанаруудыг нэрлээд байвал гарын арван хуруу багадана. Гарын арван хуруу багадсан ч нэмэхгүй бол болохгүй нэг өвөрмөц онцлог бидэнд бий. Энэ бол утаа. Улаанбаатарын утаа.

Улаанбаатарын утаа гэлтгүй угаасаа бид утаанд хайртай ардтүмэн. Аргалын утаа боргилсон малчны гэрт хэн төрсөн билээ? Монголчууд л төрсөн. Тэгэхээр Улаанбаатар утаанбаатар болсон нь хүссэн юм хүзүүгээр ороосон хэрэг. Аргалын оронд нүүрс, мод, хуванцар түлдэг болсон болохоос бусад нь бараг хэвээрээ. Харьд очсон монгол хүнийг утаагаар танина. Утааны үнэр монгол хүний таних тэмдэг. Ганган дэгжин хувцаслаж, соёлтой сайхан инээмсэглэсэн ч монголчуудаас утааны үнэр салдаггүй. Гадаадад хамтдаа зорчсон арваад монголоос болж дэлхийн томоохон онгоцны буудалд галын аюулаас хамгаалах дохио хангинасан гэдэг үнэн худал нь мэдэгдэхгүй цуу яриа ч байдаг.

Хүн төрөлхтөн гал ашиглаж сурангуутаа маш хурдан хөгжсөн гэдэг. Харин бид XXI зуунд эсгий гэртээ хуванцар шатааж сураад тамхи татах шаардлагагүйгээр уушиг цоорхой хүүхдүүд төрүүлсэн нь өвөрмөц хөгжил. Энэ өвөрмөц хөгжлийн үр дүнд утааны өвчтэй, Ерөнхийлөгчийн хэлснээр, Улаанбаатарын синдромтой монголын шинэ үе бий боллоо. Ер нь аливаа синдром үе дамжин удамшвал зайлшгүй байх ёстой өвөрмөц онцлог болж хувирдаг тул ирээдүйд Улаанбаатарын синдромгүй бол нийслэлийн хүн гэж тооцогдохоо болих вий дээ. Магадгүй тэд ингэж дуулж мэднэ:
Утаанбаатарын гудамжинд унаган насаа үдлээ
Уушиг цоорхой төрсөн ч утаандаа би хайртай
Өглөө босоод харахад урд уул харагддаггүй
Улаан тамхигүй байлаа ч агаараас үнэгүй татна

Ирээдүйд гэлтгүй одоо ч утаагүй бол амьдарч чадахгүй үеийнхэн бий болжээ. Хотын нэгэн том даргыг хөдөө эрүүл агаарт гаргасан чинь ухаан алдаад уначихсан гэнэ. Янз янзаар оролдоод сэрэхгүй болохоор нь унадаг машиных нь яндангаар гарах утааг үнэртүүлтэл босоод ирсэн гэж байгаа. Тэхээр өдөрт 5 хайрцаг тамхи үнэгүй татна гэдэг бас ашигтай л байгаа биз. Улаанбаатараас өөр ийм хот хаа ч үгүй. Үүнийг аялал жуулчлалд ашиглаад “Өвлийн цагт Монголд ирж үнэгүй тамхи тат” гэж уриалвал олон жуулчин ирэх болов уу?

Агаарын бохирдол хүний амьдрал, эрүүл мэндэнд нөлөөлдөг. Өвлийн үдэш Улаанбаатарын гудамжаар салхилна гэдэг бол өөрийгөө хордуулсантай адил. Хэмжээ хэр нь хорт бодисууд амьсгалж үхлээ түргэсгэе гэвэл оройдоо нэг салхинд гарахад л хангалттай. Улаанбаатарын агаар амьсгалын замын өвчнөөс авахуулаад уушигны хорт хавдарыг танд үнэгүй бэлэглэнэ.

Амиа хорлож, үхлээ ойртуулах гэж битгий яараарай монголчуудаа. Тэртэй тэргүй бид богинохон наслана! Юуны төлөө үхлийн утаатай нийслэлтэй болсон билээ дээ. Хөдөөнөөс ирсэн эмгэн өвгөн хоёр салхивчаа онгойлгоод унтсан чинь угаартаад маргааш нь сэрээгүй гэнэ. Энэ мэт эмгэнэлт явдал Улаанбаатарт хаа сайгүй гарч байгаа. Бид л хайхардаггүй болохоос Улаанбаатарын мод, ургамал хүртэл хортчихсон байхад хүмүүс зүгээр байна гэдэг худлаа. Агаарын бохирдол ганцхан хүмүүсийг ч биш ан амьтан, байгаль орчныг бүхэлд нь хордуулдаг.

Улаанбаатарын гудамжин дахь мододыг та сайн хараарай. Өвөл бараг өнгөрөөд урин хавартай золгочих гэж байхад навчисаа гөвж чадалгүй мөчирөндөө хоржийлгосон, хорхойтсон шүд шиг эрүүл бус харагдах олон мод байгаа. (Ялангуяа хамгийн их агаарын бохирдсон Баруун дөрвөн замын ойролцоо ийм мод олон). Тэд агаарын бохирдолд хордоод “амьсгалах төдий” ёрдойно. Өрөвдмөөр харагдах эдгээр мод Улаанбаатарыг чимэх биш гутааж байна. Ерөнхийлөгч мод тарих зарлиг буулгасан ч мод арчлах тухай дурсаагүй бололтой.

Мод бол байгаль орчныг хамгаалагч. Тэр тусмаа хот суурин газар заавал байх ёстой зүйл. Нүүдэлчид модыг шатаадаг л болохоос тарьж арчлахдаа тааруухан байж. Харин суурин соёл иргэншлийн уламжлалтай улс орнууд модыг асарч, хамгаалахдаа гарамгай. Тэндэхийн модод тэнгэр ширтсэн Алтайн аргал угалз шиг бардам сүрлэг харагддаг харин манай моднууд Улаанбаатар зочид буудлын өмнөх зогсох ядуувтар хүүхэн шиг хүний нүднээс ичингүйрэн зогсдог. Гэтэл мод нүүрсхүчлийн хийг багасгаж, хүчилтөрөгч бидэнд бэлэглэдэгбилээ. Энэ нь эрүүл модтой байж л эрүүл агаар амьсгална гэсэн үг.

Үхсэн модоор хотоо чимчихээд бид эрүүл байхгүй. Улаанбаатарчууд зөвхөн өөрсдийгөө ба эргэн тойрноо хордуулах биш мөн дэлхийн бөмбөрцгийг ч хордуулдаг. Агаарын бохирдол дэлхийн агаар мандлыг гэмтээж нарны хорт цацрыг улам их тусгаж байна. Гэмтэж, бохирдсон агаар мандал дээш дэгдэх дулааныг халхавчилж, огторгуйд хөөрөхөд нь саад болсноор дэлхийн дулаарал гээд байгааг үзэгдлийг бий болгодог.

Дэлхийн дулааралд хувь нэмэр оруулж байгаа Улаанбаатарын агаарын бохирдолд маш өвөрмөц юм. Дэлхий нийтэд аж үйлдвэржсэн улс орнууд агаар бохирдуулдаг гэсэн ойлголт түгээмэл байдаг. Гэтэл аж үйлдвэржихэд аягүй хол байгаа. Мөн хүн ам маш сийрэг Монгол Улсын нийслэл хамгийн их агаарын бохирдолтой хот болсон нь нэг бодлын гайхмаар.

Энэ гайхмаар үзэгдэлд монгол гэр их хувь нэмэр оруулжээ. Хэдийгээр Улаанбаатарт нүүрс шатаадаг дөрвөн ДЦС ажилладаг ч гэр хорооллын зуухнаас хүний биед хамгийн аюултай тоосонцор ялгардаг гэж мэргэжилтнүүд тооцоолсон байна. ДЦС-аас гарч байгаа утаа дээшээ дэгдээд явчихдаг болохоор Улаанбаатарын агаарыг гэр хорооллынхон шиг бохирдуулдаггүй аж. Жишээлбэл, 32-ын тойргийн агаарын бохирдолыг хэмжихэд 81 хувь нь гэр хороолльш зуухны утаа, 6.7 хувь нь уурын пийшингүүд ба ДЦС-ын, үлдсэн хувь нь автомашиных байна.

Эндээс харахад хамгийн түрүүнд гэр хорооллын зуухнаас ялгарах утааг багасгах хэрэгтэй нь мэдээж. Олон улсын байгууллагуудын санхүүгийн тусламж, тусалцаагаар манай улсад богино, дунд хугацааны олон төсөл хэрэгжиж байна. Утаагүй шатдаг зуух бүгд ашиглавал агаарын бохирдлыг мэдэгдэхүйц бууруулна гэж мэргэжилтнүүд хэлдэг. Түүхий нүүрс түлсэн ч 99 хувь утааг бууруулах чадалтай зуух ч байгаа гэнэ. “Бүх гэрийн зуухыг одоо хийж байгаа сайн чанарын зуухаар сольж чадвал агаарын бохирдол стандартад очно” гэж Дэлхийн банктай хамтран судалгаа хийсэн МУИС-ын профессорСЛодойсамба хэлж байсан.

Манай агаарын бохирдлын байх ёстой стандарт 2007 онд батлагдсан бөгөөд одоо энэ стандартдаа хүрэхийн тулд хотын төвийн агаарын бохирдлыг 6 дахин, гэр хорооллын агаарын бохирдлыг 7-18 дахин бууруулах шаардлагатай юм байна. Чухам ямар зуух нь сайн байна гэж С Лодойсамбаас асуухад “Олон байгууллага, хүмүүс их хөдөлмөр гаргаж олон зуух зохион бүтээсэн. Тэднээс СТ2-ИЙН 7.5 гэдэг зуух их сайн зуух болсон. Яагаад гэхээр хямдхан бөгөөд утааг маш сайн багасгасан” гэж хэлсэн. Түүний хэлснээр бол энэ зуух 170-80 мянга орчим төгрөгний үнэтэй байх ажээ.

Дэлхийн улс орнуудад агаар бохирдож, хүн ам нь үхэж урэгдсэн тохиолдолд олон байдаг. 1952 онд Лондонгийн утаанаас болж 4000 хүн нас баржээ. Эдгээр нас барсан хүмүүсийн ихэнх нь хүүхдүүд ба өндөр настай хүмүүс мөн амьсгалын замын өвчтэй хүмүүс байсан гэнэ. Харин саяхан хийсэн судалгаагаар бол 12.000 гаруй хүн нас барсан гэсэн тоо гарчээ.

Лондонгийн Их утаа гэж нэрлэгдсэн энэ тохиолдол 1952 оны 12 дугаарын 5-9 хооронд гарсан байна. Энэ үед эрс хүйтэрч, хүмүүс их хэмжээгээр нүүрс түлсэн бөгөөд салхигүй байсан тул агаар бохирдуулагч бодисууд (ихэвчлэн нүүрснээс) бөөнөөр хуримтлагджээ. Тэр үед Лондон 8.6 сая оршин суугчтай байсан байна. Энэ тохиолдлоос хойш Англи Улсад байгаль орчны судалгаа, хяналт зохицуулалт, агаарын чанар эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдгийг илүү ухамсарлах болжээ. Лондонд утаагүй түлш түлэхээс гадна, хий, цахилгааныг их хэмжээгээр хэрэглэсэн нъ агаарын бохирдлыг бууруулахад чухал нөлөөлжээ.

Товчхондоо, агаарын бохирдлыг бууруулах олон улсын туршлага арвин бий. Гэхдээ монголын нөхцөл байдал тохирч, таарсан арга олох нь биднээс л хамаарна. “Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулахад ямар нэг шидэт шийдэл байхгүй. Олон улсын туршлага, нөхцөл байдал бүгдондоо.Улаанбаатарын нөхцөл байдал маш өвөрмөц тул бусад улс орны туршлага зарим нь таарна, зарим нь таарахгүй. Жишээлбэл Монголд байгалийн хий байхгүй. Нүүрснээс өөр түлш хэрэглэх боломжгүй гээд олон бэрхшээлүүд бий.

Тиймээс бүгд шинэ санаа хайж, бүтээлчээр сэтгэх хэрэгтэй” гэж Дэлхийн банкны нэгэн гадаад мэргэжилтэн ярьж байсан. Үнэхээр дэлхийн хаана ч байхгүй эсгий гэр олноор бөөгнөрсөн гэр хорооллын “үйлдвэрлэдэг” утааг багасгана гэдэг монголчуудаас бодит байдлыг зөв дугнэж ирээдүйгээ угтсан бүтээлч сэтгэлгээ шаардана. Улаанбаатарын бүх хүнийг нэг мөсөн дулаан устай байшинд оруулж чадахгүй болохоор нийслэл хотод эсгий гэрт хүн амьдрахыг хориглоё (ядахнаа өвөл) гэдэг санал гаргавал арай эртэдсэн байж болох юм.

Гэхдээ ирээдүйдээ энэ чиглэл рүү хөгжихөөс өөр замгүй болж байна. Үнэндээ бол утаа биднийг амьдрах хэв маягаа эрс өөрчилж, жинхэнэ XXI зууны хотын соёл иргэншилд орохыг шаардсан дохио юм биш үү. XXI зуунд бид хямд төсөр гэр хот байгуулах гэсэн нь бүтсэнгүй гэдгийг хүн бүхэн хүлээн зөвшөөрөх байх. 2014 онд Улаанбаатарыг утаагүй болгохоор Засгийн газар амласан. Энэ юу гэсэн үг вэ гэвэл Улаанбаатарын утааны дийлэнхийг үйлдвэрлэдэг гэр хороололд хуванцар шатаадаг айлгүй болно гэсэн үг.

Өөрөөр хэлбэл гэр хороололд амьдардаг айл өрхүүдийн амьжиргаа дээшилнэ. Утааг багасгая гэвэл утаатай биш ядууралтай тэмцэх хэрэгтэй гэдэг нь мэдээж билээ. Тэгэхээр гэр хорооллын олон хүнийг ажилтай болгож, эсвэл тэтгэлэг тэтгэмж ихээр өгсөн цагт л тэд утаагүй түлш тулж, үнэ өртөг харьцангуй өндор зуух ашиглах болно.Засгийн газрын гаргасан зоримог шийдвэрийг (мөн зайлшгүй шийдвэрийг) хоосон амлалт болгохгүй нь тулд хянах хэрэгтэй. Агаарын бохирдлыг бууруулах амлалтын хэрэгжилтийг хянахад заавал 2014 хүртэл хүлээгээд байх шаардлагагүй.

Утааг өргөс авсан мэт нэг л өдөр арилгахгүй байх. Тиймээс сонгууль болох 2012 онд Улаанбаатарын агаарын бохирдол 40-50 хувь буурна гэж найдаж болно. Дашрамд хэлэхэд зөвхөн утаа ч биш хөрсний бохирдол бас их ноцтой байдалд хүрсэн байгаа гэж мэргэжилтнүүд сануулаад байгаа. СЛодойсамба “10 микроноос доош хэмжээтэй тоосонцорыг нарийн судлахад хөрснөөс боссон тоос, утаа хоёрын хэмжээг жилийн турш яг адилхан байна” гэсэн билээ.

Агаарын бохирдлыг бууруулахад иргэн бүрийн хичээл зүтгэл шаардлагатай байна. Ялангуяа гар хороололд оршин суугчдын бүтээлч сэтгэлгээг дэмжиж, хашаандаа мод, хүнсний ногоо, зүлэг тарьж ургуулахад нь туслах хэрэгтэй. Хэрэв дэд бүтцийг нь шийдээд, дулааны шугам сүлжээтэй холбоод өгдөг бол гэр хороололд л Улаанбаатарын өвөрмөц дүр төрх бий. Мэдээж энэ бүгдийг нэг өдөрт хийхгүй. Эхний ээлжинд утаагүй зуухыг айл бурт тавих хэрэгтэй… Улаанбаатарын өвөрмөц утааг уламжлал болгохгүйн тул эрс шийдэл гаргаж хэрэгжлүүлэх нь чухал байна.