Friday, 28 January 2011

Èíôëÿöèéí õàð øóóðãà äýãäëýý

Баяр хүргэе. Монголын эдийн засаг хямралаас гайхам амжилттай эргэн сэргэлээ 2009 онд хасах 1.3 хувийн бууралттай байсан ДНБ 2010 онд 6.1 хувиар өслөө. Гэхдээ бас жаахан таагүй мэдээ бий. Инфляцийн хар шуурга дэгдэж байна. Хар шуурга дэгдэхэд таатай сайхан гадаад дотоод нөхцөл бүрдлээ гэж Дэлхийн Банкны Монголыг хариуцсан тэргүүлэгч эдийн засагч Рожер ван ден Бринкийн яриаг ерөнхийд хураангуйлж болно. Тэрбээр Дэлхийн банкны 2010 оны эцсийн улирлын Монголын эдийн засгийн тойм судалгааг энэ сарын 26-нд хэвлэл мэдээллийнхэнд танилцуулсан юм.
Бөөний болон жижиглэн худалдаа 23 хувь, барилга 16 хувь, үйлдвэрлэл 11 хувь, уул уурхайн салбар 6 хувиар өссөн байна. Харин хөдөө аж ахуйн салбар сүүлийн 3 улиралд 17 хувиар буурчээ. Нийт мал сүргийн 22 хувийг устгасан өнгөрсөн оны зуд хөдөө аж ахуйд хүндээр тусч ноолуурын экспортыг 39 хувиар бууруулжээ.
Харин 2010 оны төсөв тэнцвэртэй гарсан байна. Монголын эдийн засгийн сэргэлт, ашигт малтмалын үнэ өсөж буй нь төсөв санхүүг сайжруулсан гол шалтгаан гэнэ.
Хэрэглээний үнийн индекс өссөх хандлагатай байна. Өнгөрсөн оны 11 дүгээр сард Улаанбаатар хотын инфляци өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12 хувиар өссөн бол 12 дугаар сард 14 хувь болжээ. Инфляци цаашид ч өсч 25 хувь болох магадлалтайг Дэлхийн банк сэрэмжлүүлэв. 2010 онд хэрэглээний үнэ огцом өссөн нь мах, сүүний үнээс шууд хамааралтай аж.
Махны хэрэглээний 30 хувийг нийлүүлдэг зүүн аймгуудын нутгаар гарсан малын шүлхий өвчин ба мал сүрэг ихээр хорогдсон зуднаас болж 2010 оны дунд үед мах, сүүний үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 40 хувиар нэмэгджээ. Мөн Орос, Хятад, Вьетнам, Иран улсууд руу экспортолсон махны хэмжээ өссөн нь нөлөөлжээ.
Мах, сүүний үнэ нэмэгдсэн нь олон толгой малтай баян малчдад ашиг тустай ч цөөхөн толгой малтай малчдад төдийлөн ашиг тустай байж чадахгүй бололтой. Мөнгөний хэрэгцээнээс болж тэд зуднаас үлдсэн цөөхөн малаа аль хэдийн зарчихсан байх гэж Дэлхийн банкны мэргэжилтнүүд үзэж байна.
Мөн орлого багатай, ядуу айл өрхүүд хоол хүнсний үнэ өсөхөд нэлээн хүнд байдал орох янзтай. Улаанбаатар хотод нийт оршин суугчдын 22 хувь нь ядуу зүдүү амьдардаг гэсэн 2007-2008 оны Үндэсний статистикийн газрын судалгаа бий. Тэд орлогынхоо 80-аас дээш хувийг хоол хүнсэндээ зарцуулдаг гэнэ.
Монгол Улсын түүхэнд урьд өмнө нь тохиож байгаагүй хамгийн том бөгөөд өндөр зардал, ДНБ-ий 9.9 хувьтай тэнцэх алдагдалтай, Төсвийн Тогтвортой Байдлын хуулийн үзэл санаатай нийцээгүй төсөв инфляцийн дарамтыг гааруулна гэж Дэлхийн банкны мэргэжилтнүүд мөн тооцож байна. Улс төрийн популист амлалтуудаас болж иргэдэд их хэмжээний бэлэн мөнгө тараах нь инфляцийг улам хурдацтай өсгөж, бэлэн мөнгө тараасан ач холбогдлыг багасгах ажээ.
Инфляцид нөлөөлөх гадаад хүчин зүйлс ч ихэссэн байна. Дэлхийн эдийн засаг сэргэхийн хэрээр мөнгөний бодлого суларч бэлэн мөнгөний тархалт их болжээ. Мөн дэлхийн хоол хүнсний үнэ огцом нэмэгдсэн нь—тэр тусмаар манай улс хоол хүнсний бүтээгдэхүүн ихээхэн хэмжээгээр импортолдог Хятад, Орос хоёрт хоол хүнсний үнэ өссөн нь—биднийг улам л “чирэх” янзтай. Жишээ нь 2010 онд дотоодын хэрэглээнийхээ төмсний 94 хувийг Монгол Улс гадаадаас импортолсон гэж Дэлхийн банкны мэргэжилтнүүд тооцолжээ.
ОХУ-д өнгөрсөн оны 4 дүгээр улирлын дотор хоол хүнсний үнийн инфляци 12 хувь болж огцом өссөн нь манай улсад бараг тэр даруйдаа мэдрэгдсэн бөгөөд ялангуяа гурил, талхны үнэ “дагаж цойлсон” байна.
Хятадын хэрэглээний үний индекс ч мөн дээшээ мацах биш харваж байгаа гэнэ. 2010 оны 6 дугаар сарыг 11 сартай харьцуулвал хэрэглээний үнэ бараг хоёр дахин нэмэгдэж, өмнөх оны мөн үетэйгээ харьцуулвал 12 хувь өссөн байна. Үр тариа, хүнсний ногооны үнэ огцом өссөн нь үүнд нөлөөлжээ.
Хятадын хоол хүнсний үний хэлбэлзэл манай улсад их хамааралтай бөгөөд 3 сараар сүүлдэж бид тэднийг “мөшгөдөг” юм байна. Үүнээс Дэлхийн банкны мэргэжилтнүүд таамаг гаргаад энэ оны эхний улиралд манай хүнсний бүтээгдэхүүний үнийн инфляци өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулвал 25 хувиар өсөх магадлалтай гэжээ.
Хэрэв тэдний таамаг биелвэл хоол хүнсний хангамж, аюулгүй байдалд нэлээн хүнд цохилт болох нь. Ялангуяа хөдөө орон нутгийн болон хот суурин газрын тогтмол орлогогүй, ядуу иргэд хүнд байдалд орно. Тиймээс хормой хотоо гөвөн байж цагаан сар тэмдэглэдгээ жаахан хазаарлахгүй бол болохгүй. Ер нь хэний янаагүй, бодолтой байхгүй бол цагаан сараар цадталаа идчихээд, цаашдаа өлөн зөлмөн явах вий дээ. Цалингаас цалинд амьдардаг төсвийн байгууллагынханд ч гэсэн байдал хэцүү л болж байна. Үүнийг Дэлхийн банкаар хэлүүлэлтгүй ард иргэд мэдэрч байна.
Ямар ард түмэн байна, тийм төр засаг байна гэдэг шиг ерөөсөө нүүдэлчин удмын цустай болохоороо ч тэр үү, хадгалах, хямагдахдаа монголчууд бүгд тааруу юм. Бүгд л маргаашаа бодолгүй, олж л байвал идээд л байх дуртай ард түмэн юм байна, бид. Цагаан сар хийх гэж эсгий гэрээ зардаг эмээгийн онигоо, дарга цэрэггүй бүх монголчуудыг илэрхийлж чадна.
2008 оны эцэс 2009 оны эхэн үед тохиосон эдийн засгийн хямралд ороод манай улс яахаа мэдэхээ байсан нь зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр өндөр байхад олсон мөнгөө хадгалж, хямагдалгүй, хамаагүй үрснээс болсон гэж гадаад дотоодын мэргэжилтнүүд үздэг. Гэтэл үүнээс сургамж авалгүй дахиад баахан зардал давамгайлсан төсөв баталчихсан нь Дэлхийн банкны мэргэжилтнүүдийн дэмжлэгийг аваагүй ажээ. 2011 оны төсвийг тэд эрсдэлтэй төсөв гэж дүгнэсэн. Гэхдээ улстөрийн намуудын хоосон амлалт ийм байдалд хүргэснийг мөн ойлгож байгаа бололтой.
“Хэрэвзээ энэ жил Монголын эдийн засаг өсөөд үүнийгээ дагасан үйлдвэрлэл өсвөл санаа зовох юмгүй. Шаардагдаж байгаа бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлээд хангалттай нийлүүлж чадвал асуудал байхгүй, үнийг барьж чадна. Хэрэв бүтээгдэхүүний хангамжийг нэмж чадахгүй бол инфляци гаарна” гэж Рожер ван ден Бринк хэлсэн. Мөн манай эдийн засгийн өсөлтийг зах зээлд шингээх чадвар муу байгаа тул инфляци хөөрөгдөх нэг шалтаг болж байгааг тэрбээр бас дурссан.
Инфляцийн хар шуурга дэгдэх “таатай” нөхцлийг хэрхэн “таагүй” нөхцөл болгох талаар тэр гурван санал хэллээ. Нэгдүгээрт төсвийн зардлыг бууруулах, мөнгөний бодлогыг чангалах, ханшийг уян хатан байлгах. Энэ гурвыг уялдаа холбоотой хийх хэрэгтэй аж.
Хэрэв Дэлхийн банкны таамаглаж буй инфляцийн хар шуурга дэгдвэл хамгийн хүнд цохилтыг цохилтыг ядуу иргэд хүртэнэ. Тэд хамхуул мэт “салхи хаашаа бид тийшээ” байх болно. Албан бус хөдөлмөрийн захууд дээр өнгөрсөн оны 12 дугаар сарын байдлаар ажилчдын тоо 9 дүгээр сартай харьцуулахад 40 хувь буурсан аж. Тэдний хөлс 9 дүгээр сараас 12 сар хүртэлх хугацаанд 30 хувиар багассаныг харвал тэд аль хэдийн “хүндээр нудруулж” байна. Өсч буй инфляцтай зэрэгцэн өвлийн саруудад ажиллах боломж багассан нь нийгмийн хамгийн эмзэг хэсгийнхний бодит цалин буурч байна гэж Дэлхийн банк мэргэжилтнүүд тайлбарлав.
Эдийн засаг өсөөд, инфляци нэмэгдэхэд хамгийн их хожих нь аль хэдийн хөрөнгө мөнгөтэй болсон баячууд, хохирох нь ядуус гэдэг нь ойлгомжтой. Нэгэн баяны хүү Улаанбаатарын машин замаар чөлөөтэй давхиж чадахгүй болохоороо “Бензины нэг литрийн үнийг 10 мянга болгочихоосой тэгвэл нэг дураарай давхих юмсан” гэж хэлсэн гэдэг. Баячууд инфляциар хожихыг энэ жишээ тод харуулж байгаа бус уу? Тиймээс ард иргэд ДНБ-ий 6.1 хувиар сэтгэлээ зогоолгүй, халаасан дахь мөнгө, ходоодон дохь хоолоороо улс орныхоо хөгжлийг хэмжихгүй бол өөр юу ч “нарийн хэмжиж” өгөхгүй гэдгийг хэрхэвч мартаж болохгүй!

Thursday, 27 January 2011

Сурдаг ч, ажилладаг ч оюутан

Нийгмийн хөгжил, өөрчлөлтөө дагаад оюутан ахуй нас бас өөрчлөгдөж байна. Их дээд сургуульд суралцахын хажуугаар цагийн ажил хийх оюутны тоо нэмэгдэх янзтай. Гэвч манай эдийн засгийн байдал, ажил олгогчдын хандлагаас болж цагийн ажил хийе гэсэн оюутнуудын хүсэл тийм ч амархан биелдэггүй. Тиймээс хэрэв сурахын хажуугаар ажил хийдэг оюутнуудыг олшруулъя гэвэл хувиараа ажил олгогчдод зөв мэдээллийг өгч, тэднийг боловсруулах, ажлын цагийг уян хатан болгох, цагийн ажлын тогтолцоог боловсруулах, бүх нийтийн ажлын ёс зүй, соёлыг дээшлүүлэх гээд олон асуудлыг шийдвэрлэх учиртай. Мөн хөдөлмөрийн хууль эрхзүйн орчин, их дээд сургуулийн багш, удирдлагуудын хандлагыг ч өөрчлөх хэрэгтэй байгаа юм.

Мэдээж оюутан хүн бол суралцах л ёстой. Тэд зөвхөн ажил хийгээд эрдэм номоо хөсөрдүүлээд байвал хэн ч зөв гэхгүй. Тиймээс оюутны хөдөлмөрийг дэмжихийн тулд хөдөлмөрийн зах зээл дээр шинэчлэл хийх шаардлагатай байгаа билээ. Зах зээлийн нийгэмд ямар ч тэтгэлэггүй суралцаж, ар гэрийнхнээрээ тэжээлгэж байгаа олон оюутнууд тодорхой хэмжээний орлогын эх үүсвэртэй байхыг эрмэлзэх нь мэдээж. Зах зээл хөгжсөн бусад орнуудын туршлагаас харахад оюутны хөдөлмөр эрхлэлтийг хуулиараа зохицуулж өгсөн байдаг. Оюутан хүн долоон хоногт 10-20 цаг ажиллахыг дэлхийн ихэнх өндөр хөгжилтэй улс орнууд зөвшөөрдөг. Жишээлбэл, Австрали Улсад гадаадын оюутан долоон хоногт 20 цагаас илүү ажиллах ёсгүй. Гэхдээ хэрэв хичээл амарсан бол 20-оос дээш цаг ажиллах эрхтэй байдаг юм байна.

Харин манай улсад ихэнх албан байгууллагууд хөдөлмөрийн хөлсийг цагаар бус сараар тооцдог нь бэрхшээлтэй. Гэвч өнгөрсөн жил Нийгмийн хамгаалалт, хөдөлмөрийн яамнаас оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлжээ. “Оюутны хөдөлмөрийн бирж” байгуулж, оюутныг цагийн ажилд зуучлах, мэдээлэл зөвлөгөө өгөх зэрэг ажлыг хийсэн байна.

“Оюутны хөдөлмөрийн бирж”-ээс нийт 21305 оюутан ажилд зуулчлагдснаас 6140 нь нийтийг хамарсан ажилд, харин 15165 нь цагийн ажилд оржээ. Тус биржэд 200 гаруй аж ахуйн нэгж байгууллагууд бүртгүүлж 22658 ажлын байрны захиалга өгсөн байна.

2009-2010 оны хичээлийн жилд мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг 15 мянга гаруй суралцагч, их, дээд сургууль, коллежийг 34 мянга гаруй оюутан төгссөн гээд бодохоор (зөвхөн төгссөн тоо ийм байхад!) 21мянга гаруй оюутан ажилд зуучлагдсан гэдэг чамлахаар үзүүлэлт боловч энэ зөвхөн эхлэл гэдгийг мөн мартаж болохгүй. НХХЯ 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгосон.

Оюутанд цагийн ажил олгосон аж ахуйн нэгж байгууллагуудыг дэмжиж оюутанд олгосон цалингийн 50 хүртэлх хувийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас нөхөн төлбөрөөр олгохоос гадна тэдэнд байгууллагынхаа ойр орчмыг тохижуулахад иргэд, оюутнуудыг үнэгүй ажиллуулах эрхийг өгсөн ажээ. Тиймээс оюутны хөдөлмөрийг дэмжих хөтөлбөр улам эрчийг авах байх. Одоогоор ШУТИС, МУИС, ХААИС, СЭЗДС, ХИС зэрэг их, дээд сургуулиуд “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв” байгуулаад байна.

Ер нь бол оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжснээр тэднийг ажилд сургаж, бие даан амьдрах чадварыг нь хөгжүүлнэ. Манай улсад олон их, дээд сургуулиуд бий. Эдгээр их, дээд сургуулиудыг төгссөн төгсөгчдийн олонх нь ажил олж чаддаггүй нь тэднийг хорин хэдэн нас хүртэл нь ажил хийлгэж дадлагажуулаагүй системийн буруу. Статистикийн мэдээгээр бол манай улсад бүх шатны сургуульд суралцагчдын тоо 2010-2011 оны хичээлийн жилийн эхэнд 850.5 мянга болсон нь өмнөх оныхоос 9.4 мянгаар буюу 1.1 хувиар нэмэгдсэн билээ.

Мөн оюутнууд ажил хийж, тодорхой хэмжээний орлоготой болсноор гэмт хэргээс хол байж, нийгмийн сөрөг муу үзэгдлүүдэд автахгүй байж чадна. Зарим оюутан охид хүүхнүүд биеэ үнэлж мөнгө олдог нь энэ ажил олдохгүй байгаатай бас холбоотой билээ. Гэхдээ оюутны хөдөлмөрийг дэмжинэ гээд цагийн хязгаар, үнэ хөлсний доод хэмжээг зохицуулахгүй байвал тэдний хичээл номонд муугаар нөлөөлж мэднэ.

Зах зээлд өндөр хөгжсөн улс орнууд хэрэв оюутан хүн тодорхой заасан цагаас илүү ажиллавал ажил олгогчыг нь торгодог, хэрэв гадаадын оюутнууд бол визийг хүчингүй болгож эх орноосоо хөөх зэрэг арга хэмжээ авдаг билээ.

Чухам оюутан хүн хэдэн цаг ажиллаж болох вэ, цагийн ямар хөлс авдаг юм гэх хоёр асуултад хариулт авахын тулд өчигдөр зохион байгуулагдсан “Хөдөлмөрийн нэгдсэн яармаг” руу очив. Тус яармагт 35 хувийн байгууллагууд аж ахуйн нэгж байгууллага, их дээд сургууль оролцсон юм. Нийт 2466 ажлын захиалга байгаагаас 12 цагийн байдлаар 100 хүн ажилд зуучлуулж 3099 хүн мэдээлэл, зөвлөгөө авчээ. Цагийн ажилд 121 оюутан зуучлуулсан байна.

Хичээлийн бус чөлөөт цагаараа өглөөний 9-ээс оройн 22 цаг хүртэл өдөрт нийт 6 цагаас илүүгүйгээр ажиллах, гэхдээ зугаа цэнгэл, хонжворт тоглоом, албадан хөдөлмөр эрхлэлтээс бусад аливаа ажил үйлчилгээг хийж болох ажлын байрыг хэлнэ гэж оюутны цагийн ажлыг одоогоор тодорхойлж байгаа юм байна.

“Сурахын хажуугаар оюутнууд өөрсдөө хичээлийн цагаа зохицуулаад, хичээлээ таслахгүйгээр ажиллах боломжтой байх юм бол 6 цагаас их гаралгүйгээр ажиллаж болно” гэж Хүмүүнлэгийн Ухааны их сургуулийн Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн эрхлэгч С.Эрдэнэтуул ярив.

“Ажил хийж байгаа оюутнууд хичээлдээ хэр сайн байна. Тасалж байна уу?” гэж асуухад тэрбээр “Тиймэрхүү зүйлс ажиглагдахгүй байгаа. Харин давуу тал нь юу вэ гэхээр ажилд зуучлагдаж байгаа оюутнууд маань ихэвчлэн 3,4 дүгээр ангийн оюутнууд байдаг. Тэд харьцангуй биеэ даах чадвартай болчихсон тул олон янзын ажлын байртай танилцаж, сургуулиа төгсөөд ажиллах ажлынхаа чиг баримжааг авдаг” гэж хариулав.

Оюутны нэг цагийн ажлын хөлс мэргэжил ур чадвар шаардагдахгүй бол 1000 төгрөг, мэргэжил ур чадвар шаардагдавал 1500 төгрөг, мэргэжлийн дагалдан сургалт бүхий ажил бол 2000 төгрөг байдаг юм байна.

“Манай улсад цагаар тооцож цалин олгох тогтолцоо бүрэн бүрэлдээгүй болохоор оюутнуудыг ажиллуулахад аж ахуйн нэгж байгууллагууд хэр дуртай хүлээн авч байна” хэмээн С.Эрдэнэтуулаас асуулаа. Түүний хэлснээр бол тэд аж ахуйн нэгж байгууллагууд, ажил олгогчдын сонирхолыг татахын тулд олон арга хэмжээ, хөдөлмөрийн яармаг зохион байгуулжээ. Үүний үр дүнд тэдний идэвх сонирхол эрс дээшилсэн байна. Голцуу томоохон бизнесийн байгууллагууд, олон салбар, сүлжээтэй компаниуд оюутнуудыг ажиллуулдаг аж.

Мөн жижиг аж ахуйн нэгж, бизнесийн байгууллагууд ч зардлаа хэмнэх үүднээс оюутнуудыг ажиллуулах сонирхолтой болжээ. “Гэрээт ажилтан, цагийн ажилтныг зардлаа хэмнэх үүднээс ажиллуулах сонирхолтой болж байгаа нь бусад зах зээл хөгжсөн улс орны жишигт хүрэх зам руугаа орж байгаа юм болов уу гэсэн сэтгэгдэл төрч байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр оюунтан хүнийг цагийн ажилтангаар авч ажиллуулсан бизнесийн байгууллага Нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй зөвхөн Хүн амын орлогын албан татварыг мэдээж төлнө. Энэ бүхнээс үүдээд зардлаа хэмнэх гэсэн жижиг аж ахуйн байгууллагуудад гэрээт болон цаг ажилтан авах ашигтай” гэж С.Эрдэнэтуул хэлсэн.

Гэхдээ оюутныг цагийн ажилтнаар авч ажиллуулахад сул тал бас бий ажээ. Ажилд зуучлагдсан оюутан алдаа гаргаж, хариуцлагагүй ажилдаа хандах тохиолдол мэр сэр гарсан бололтой. Иймэрхүү явдлыг багасгахын тулд оюутнуудаа ажилд дадлагажуулах, хариуцлагыг нь дээшлүүлэх хэрэгтэй гэж Эрдэнэтуул ярьж байлаа.

Нийтээрээ ажилд гаршиж, ажлын ёс зүйгээ дээшлүүлээгүй тохиолдолд энэ байдлыг бүрэн засаж чадахгүй. Ямартаа ч гэрээт болон цагийн ажилтанг олшруулах нь эдийн засаг хөгжихөд нөлөөлөх нэг үзүүлт байж чадна. Цаашдаа зөвхөн оюутнууд ч биш иргэд цагийн ажил хийж амьдрал ахуйгаа дээшлүүлэх боломж бүрдэж байгаа нь сайшаалтай.

Saturday, 8 January 2011

Бүтээлчээр сэтгэж дээд амжилт тогтооё

Бид “Ядуу байна, амьдрал барзгар байна, томчууд идэж уугаад жаргаад байна, Улаанбаатар утаанбаатар боллоо” гээд л үглээд байдаг гэтэл бүх юм бахь байдгаараа, дээшилсэн ч юмгүй, доошилсон ч юмгүй (угаасаа доошилчихсон болохоор доошлохгүй юм болов уу). Гэтэл ядуу амьдралыг амьжиргааны эх үүсвэр болгох боломж зөндөө л байна.

Бид хүссэн хүсээгүй Улаанбаатар дэлхийн хамгийн утаатай хот боллоо. Энэ бол дээд амжилт, рекорд шүү дээ. Юмханаар юм хийчихдэг бол энэ дээд амжилтынхаа шагналыг бас хөөцөлдөх л хэрэгтэй. Харин хэн маань энэ шагналын бэлгийг авах уу? Мэдээж гэр хорооллынхон...үгүй ээ...ажлаа хийхгүй байна гэж дандаа муулуулдаг дарга нар аваг. Тэд ганц удаа “хийсэн ажлынхаа” шагналыг аваг л дээ.

Сая шинэ он гарлаа. Зурагтаар “Ийм нэгэн дурлал” гэдэг орос кино дахин дахин гарлаа. Дуу нь аягүй гоё: “У природы нет плохое погоды...” гээд л “муухай өдөр гэж байдаггүй, бороотой, цастай хамаагүй бүх өдрийг хүндэл, залбир” гэсэн санаатай юм уу даа. Харин надад “Утаатай өдөр бол яах уу” гэсэн шүү юм бодогдоод ерөөсөө болсонгүй. Утаатай өдөр ч гэсэн дотроо залбираад л, гаднаа ханиалгаад л алхаад байх уу? Мэдээж тэнэг асуулт л даа. Дууны зохиолч үүнийг ямар Улаанбаатарт бичсэн биш... За энэ ч яахав.

Утаанаас гадна бидэнд дэлхийн дээд амжилт тогтоох зөндөө боломжууд байгаа. Юун төлөө бид чинь эрс тэс уур амьсгалтай эх оронтой билээ дээ. Ерөөсөө эрс тэс гэдэг чинь л дээд амжилт гэсэн үг байхгүй юу. Түүнээс биш эрс ч биш, тэрс ч биш байвал ердийн л нэг энгийн үзэгдэл болно.

Одоо чинь дэлхийн бөмбөрцөг арай хурдан эргээд амьдарч буй хүмүүсийнх нь тархи жаахан эргэчихсэн юм шиг байна. Жаахан л эрс тэс сэтгээд, жаахан л тогтсон хэмжээ, хэмжүүрийг хэтрүүлээд дэлхийн дээд амжилт тогтоож, алдаршиж, баяжих болжээ. 7 цаг инээж суугаад л дэлхийн дээд амжилт тогтоочихсон хүн байх юм. За энэ ч арай монголчууд бидэнд “барж идэхгүй” амжилт. 7 цаг байтугай 7 минут ч инээмсэглэж чаддаггүй хүмүүс шүү дээ бид чинь. Хүн чулуу шиг нүсэр царайлчихаад намба заадаг монголчууд тэгж тэнэгтэхээс тэмээнд гишгүүлсэн нь дээр байлгүй. Нээрээ тэмээ гэснээс тэмээгээр дэлхийн олон дээд амжилтыг тогтоож болох юм байна шүү. Тэмээ чинь өөрөө ховор амьтан тул бүр ч ховор дээд амжилтуудыг тогтооно. Тэмээ унаж уралдахаас гадна хамгийн олон хүн унасан тэмээг хүртэл дэлхийн дээд амжилтыг тэмдэглэдэг Гиннесийн номонд бичүүлж болно. Гиннесийн номонд орохын тулд хийсэн зүйлсээ дүрсжүүлж, баталгаажуулах нь их чухал бөгөөд бас хэчнээн хачин сонин зүйл хийлээ ч хүнлэг байх нь чухал бололтой. Жишээ нь тэмээнд олон хүн мордлоо гэхэд тэмээг гэмтээж, бэртээхгүй байх учиртай.

7 цаг худлаа инээмсэглэсэн хүнээс гадна нэг минутанд толгойгоороо 40 шийгуа хага мөргөсөн эр Гиннесийн номонд орсон байна. Энийг ч харин бид нэг өлхөн хийчих байх шүү. Духаараа мөргөх гэж байгаа мэт хүн рүү муухай хардаг бадриун залуус манай захын хорооллоос л олдоно. Зарим нь ч бүр янз бүрийн бүлгэм байгуулаад, цагдаагийн оронд цагдаа болж та бидний энх амгаланг сахиж, хааяа бас айлгадаг. Тэдний нэгийг эх орныхоо төлөө 41 шийгуа нэг минутанд мөргөөтөх гэвэл ядаад байх юмгүй мөргөчих байлгүй. Ямар хайран толгой байх биш. Харин хайран шийгуа л юм даа. За тэр ч яах вэ. Үзэн ядаад байдаг хүмүүсээс нь хураагаад авчихна.

Мөн усан доор 114 шумбагч хүн зурагт үзсэн нэг дээд амжилт байна. За үүнийг ч бид барахгүй байлгүй дээ. Усгүй элсэн цөлд амьдардаг байж усанд живэх вий гэж эмээдэг хүмүүстэй чинь юу ярих билээ. Тэгээд ч зориултын хувцас олдохгүй. Харин 1.82 метр урт хиймэл үс угласан хүүхний дээд амжилтыг бол эвдэж болмоор санагдаж байна. Дээр үед монгол гэрийн эзэгтэй нар чигтэйхэн хүнд эвэр шиг том зүйл толгой дээрээ тавьчихдаг байсантай л адилхан... Гэх мэтчилэн санаанд оромгүй ч тийм чиг хүнд биш олон дээд амжилтууд байна. Хамар руугаа сүү цутгаж байгаад нүдээрээ 2.79 метр цацсан, 1.48 метр урт хумс ургуулсан гээд л олон хачин дээд амжилтууд...

Энэ бүгдийг дурссан нь та бүгдийг санаа аваг гэсэн дээ. Бид бараг зүгээр байж байгаад л утаагаар нийслэл хотоо дүүргэж дээд амжилт тогтоочихсон юм чинь хэрэв жаахан чармайвал олон дээд амжилт тогтоох нь баараагүй. Гагцхүү бүтээлч байх хэрэгтэй. Наад зах нь энэ хүйтнийг ашиглаж болно шүү дээ. Хоёр гурванхан хоногийн өмнө төв Хятадын нутагт амьдардаг хоёр хятад хүн мөсөнд булуулж 2 цаг зогсоод дэлхийн дээд амжилтыг тогтоочихлоо. Ийм жаахан зүйлээр л тэд дэлхийн нийтийн анхаарлыг татаж, хэсэг хугацаанд ч гэсэн алдаршиж, эх орноо сурталчлаад авав. Цахим сүлжээгээр энэ мэдээ тархсан тул олон сая хүн үзсэн байна. Тэр хоёр шилэн торхонд орж зогсоод мөсөөр булуулжээ. Гэтэл манайд тэгэх ч шаардлага байхгүй, гүнзгий цастай газар очиж байгаад л “шумбачихаж” болно шүү дээ. (Гэхдээ мэдээж бэлтгэл сургууль хийсэн хүмүүс байх ёстойг бүгд хэлүүлтгүй мэдэж байгаа байх.) Мөн хальтаргаатай замын машины уралдаан, хэн хасах 30 хэмийн хүйтэнд гадаа удаан сууж чадах вэ? гээд л олон дэлхийн дээд амжилтуудыг бид тогтоох боломжтой.

Энэ бүгдээс хамгийн найдвартай Гиннесийн номонд орох манай нэг дээд амжилт бол энэ жил 90 жилийнхээ ойг тэмдэглэх Ардын хувьсгалын баяраа. Уг нь бид энэ жил хоёр ч дээд амжилтыг тогтоох ёстой байсан гэтэл өнгөрсөн жил болсон ХХVI Их хурлаараа МАН маань хувьсгалт тодотголоо аваад хаячихсан юм. Тэгээгүйсэн бол бид энэ жил дэлхийд хамгийн урт хугацаанд хувьсгал хийсэн дээд амжилтыг тэмдэглэх байсан. Ганцхан жилийн өмнө л манай Хувьсгалт Намыг (хуучин нэрээр) гүйцэх урт настай хувьсгалт нам байгаагүй юм шүү дээ. Хэрэв жаахан тэссэн бол “Дэлхийн хамгийн удаан хувьсгал хийсэн нам бол 90 жилийн настай Монгол Ардын Хувьсгалт Нам” гэж Гиннесийн номонд бичигдэх байсан юм шүү дээ.

Италийн Социалист Хувьсгалт нам (1881-1892), Францын Социалист Хувьсгалт нам (1889-1901), Италийн Социалист Хувьсгалчдийн Анархист Нам (1891-1895), Оросын Социалист Хувьсгалчдын Нам (1901 онд үүссэж, 1917 оноос хойш идэвхгүй болсон) гээд л хувьсгалт намууд байсан. Гэхдээ эд бүгд богинохон хугацаанд “хувьсгал хийсэн”.
Манайхтай өрсөлдөх хоёрхон нам л байлаа. Нэг нь 1924 онд үүсэн Перугийн Хувьсгалт нам, нөгөөх нь 1929 онд байгуулагдсан Мексикийн Хувьсгалт нам...

Гэвч одоо өнгөрсөн борооны хойноос цув нөмөрлөө гэдэг шиг харамсаад яах билээ. Хувьсгалчидгүй л Хувьсгалын баяраа тэмдэглэхээс... Энэ жил 90 насны ой зооглож байгаа манай Ардын хувьсгал бол үнэхээр бидний бахархал. Ах болсон Октябрийн хувьсгал нь аль хэдийн “талийгаач” болчихсон байхад Ардын хувьсгал л ард түмнийхээ хайрыг булааж “амьд явж” байна шүү дээ. Тэгэхээр аль нь аугаа хувьсгал вэ? Аль 1996 онд Борис Ельциний зарлигаар нэрээ өөрчлүүлж, 2004 онд Владимир Путины тушаалаар—90 хүрэхэд гуравхан жил дутуу байхад—бүх нийтээр тэмдэглэдэг амралтын өдөртэй баяр байхаа болин “хусагдсан” хөөрхий муу Октябрийн хувьсгал yy, Ардын хувьсгал yy... Хэн нь хэндээ шүлэг зориулж бичих вэ? Их Нацагдорж амьдсан бол юу гэж бичих бол?

За энэ ч яах вэ? Суусан газраасаа шороо атгана гэдэг шиг ядуу буурай байгаа ч гэсэн бүтээлчээр сэтгэж, болохгүйг болгоод байвал улс орон маань хөгжих нь даамжиггүй. Бүтээлчээр сэтгэж дээд амжилт тогтооцгооё.

Tuesday, 4 January 2011

2011 ОНЫ ХАРШ ОЙН БАЯРУУД

Түүхт ой олон тохиох жил гарлаа. Хүннүчүүд монголын тулгар төрийг байгуулсны 2220, Үндэсний хувьсгалын 100, Ардын хувьсгалын 90, сансарт монгол хүн анх ниссэний 30 жилийн ой гээд олон ой болно.

Архи уух шалтаг “агаараас бий болгочихдог”, 7 хоног болгонд Баасан ахын төрсөн өдрөөр наргидаг гэж өөрсдийгөө шоолдог бидний хувьд аль ч ойн баярыг тэмдэглэхэд татгалзах зүйл алга. Гэхдээ 1911 онд хувьсгал хийсэн лам нарыг 1921 оны улаан хувьсгалчтай хамт одоо дахин амилуулвал тэд яах бол? Хамтдаа наргиж цэнгэх болов уу? Тун эргэлзээтэй.

Энэ жилийн олон ойнуудаас Үндэсний хувьсгалын 100, Ардын хувьсгалын 90 жилийн хоёр ойг онцолмоор байна. Тэр тусмаа Тусгаар тогтнолын ой буюу Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний ой (Ерөнхий сайд С.Батболд шинэ жилийн мэндчилгээндээ ингэж нэрлэсэн) гээд байгаа VIII Богд Жавзандамба хутагтын удирдсан Үндэсний хувьсгалыг бүр онцолмоор.

Учир нь, хэрэв манай түүхчдийн бичсэн нь үнэн болвоос, Тусгаар тогтнолын 100 жилийн ойгоо бид хайхрамжгүй тэмдэглэж хэрхэвч болохгүй. Бид бараг 90 жил тусгаар тогтносноо тэмдэглээгүй явсан ард түмэн юм байна! Хэдийгээр 2007 онд УИХ “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулинд “Үндэсний эрх чөлөөний өдөр. 12 дугаар сарын 29” гэсэн заалт нэмж баталж, мөн Ерөнхийлөгч энэ ойг тэмдэглэх зарлига гаргасан ч гэлээ тусгаар тогтносон 100 жилийн ойгоо төгс төгөлдөр хүндэтгэл, бахархал, бэлгэ дэмбэрэлтэй болгоход өнөөгийн бид өнгөрсөн түүхээ дүгнэх дүгнэлт, үзэл бодлоо эрүүл ухаанаар орвонгоор нь эргүүлэх шаардлагатай тулгарлаа. Бүр оюун санааны хувьсал (хувьсгал гэвэл хэтэрчих байх) хийх учиртай. (Үүнийг уул нь Ардчилсан мандсанаас хойших 20 жилийн дотор хийчих байсан ч өдий, хүрсэн нь харамсалтай.)

Ямар юмны оюун санааны хувьсал бичээд унав аа гэж та бодож магадгүй л дээ. Тэгвэл ганцхан жишээ татъя, та харин үнэнээсээ хариул: Манжууд маниусыг дургүй байхад мангартуулж шарын шашинд оруулан номхон хүлцэнгүй болгосон уу? Хэрэв та үүнд итгээд амьдарч байгаа хүмүүсийн нэг бол Тусгаар тогтнолын баяраа тэртээх билгийн тооллын арван тавдугаар жарны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есний өдөр сэтгэл нь ер бусын хөдлөж, баярласандаа самсаа нь шархирч, аньсага норж зогссон өвөг дээдэс шигээ хүндэлж чадахгүй.

Яагаад гэвэл Өмнөд Монгол Манжийн түрэмгийлэлд автсанаас хойш 275 жил, Халх Монгол Манжид дагаар орсноос хойш 220 жил, Ойрад Монгол Манжид эзлэгдсэнээс хойш 156 жилийн дараа Бурхан шашны лам, сүсэгтэнгүүд л хувьсгал хийж Манж Чин гүрнээс салж, бие даан тусгаар тогтнож, төр улсаа сэргээн тунхаглаж, дэлхий дахинд албан ёсоор зарласан билээ. Ерөнхий сайд асан М.Энхсайханы бичсэнээр бол “Монголын тусгаар тогтнолын төлөө Буддын шашны олон лам нар амиа золиосолсон болохоос Христын юм уу, Исламын санваартан амиа алдаагүй”. Бүр сонирхолтой нь Чингисийн алтан ургийн хан нараас Монгол Улсын эзэн хааныг өргөмжлөлгүй харин харь гаралтай Агваанлувсанчойжиннямданзанваанчигбалсансамбуу хэмээх ер бусын урт нэртэй 41 настай төвд эрийг шашин, төрийг хослон баригч, наран гэрэлт, түмэн наст Богд хаанаар өргөмжилжээ.

Үүнийг дурсаж байгаа нь Буддын шашинтнаас өөр хүн Монголын тусгаар тогтнолыг тэмдэглэх ёсгүй гээгүй харин одоо хүртэл социализмын үзэл суртлаар тархиа угаалгаж, Буддын шашин гэхээр бөөс бодоод явчихдаг хүмүүст алдааг нь харуулах гэсэн юм. Үнэхээр энэ жил тусгаар улс болсныхоо ойг ёслол төгөлдөр болгоё гэвэл Буддын шашныг мухар сүсэггүй зөв ухаарч…үгүй ядаж хүндлэх учиртай. Тэгж байж л бид Тусгаар тогтнолын баяраа жинхэнэ үндэсний уламжлал, түүх, зан заншил, соёлоо сурталчилсан баяр болгож чадна.

Монгол үндэсний эрх чөлөө, сэргэн мандалтын гараа гэж одоо үзэж буй энэ хувьсгалыг Бурхан шашинтангууд хийсэн гэдгийг бид ой ухаандаа бат тогтоомоор байна. Түүнээс биш гадаадын сургагч нарыг урьж авчирч хувьсгал заалгаад тусгаар тогтнолоо зарлаагүй шүү дээ. Чухам иймээс ч Богд хаанаар удирдуулсан монголчуудын нэгдсэн Монгол Улсыг байгуулах үзэл баримтлалыг дэмжсэн хөдөлгөөн, Баабарын бичсэнээр, Хянганаас Алтай, Цагаан хэрмээс Байгаль далайн хоорон дахь өргөн уудам нутагт өрнөсөн билээ. Богд хааны зарлигаар дотоод, гадаад олон монголчуудад нэгдэж, нэгэн улс гэрээ төвхнүүлэхийг уриалахад Өвөр Монголын 49 хошууны 38 нь Монгол Улсад дагаар орохоо илэрхийлж байжээ. Эндээс л 1911 оны хувьсгалын цар хүрээ, ач холбогдол тод харагдана.

Хэдийгээр тусгаар тогтнол монгол овогтны мөнхийн хүсэл гэлээ ч Бурхан шашин ХХ зууны эхэнд хамаг монгол овогтны сэтгэл зүрхийг булааж, тэднийг нэгтгэж чадсан нэгэн чухал хүчин зүйл. Үүнийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Өндөр гэгээн Занабазарын наймдахь дүр Богд Жавзандамба хутагтыг эзэн хаанаар өргөмжилсөн нь ч Бурхан шашинтай холбоотой. Хүрээний улстөрчид Чингисийн алтан ургийнхнаас эзэн хаанд сонгох боломжтой байсан ч сонгоогүй. Сонгосон ч Богд хаан шиг нөлөөтэй, “өндөр рейтингтэй” байж чадах байсан гэж үү?

Тэгэхээр манжууд маниусыг мангартуулж шарын шашинд оруулж, түүнээс нь болж бид доройтсон гэдэг “онолыг” энэ жил таягдан хаях цаг. Доройтсон нь үнэн гэхдээ зөвхөн шашнаас болсон уу? гэдгийг сайн тунгаа. Хэрэв монгол туургатангууд Бурхан шашинд ороогүй байсан бол тархай бутархай сэтгэж 1911 оны Үндэсний хувьсгалыг өргөн цар хүрээтэй хийж чадах байсан уу?

Тэгээд ч бидний өвөг дээдэс тухай үедээ ямар шашин шүтэхээ өөрсдөө сонгож чадахааргүй бүдүүлэг, хоцрогдсон улс байгаагүй шүү дээ. Их гүрэн байгуулж, дэлхийн түүхийг залж, олон шашинтай улсуудыг захирч байсан улс өөрсдөө шүтэх шашнаа сонгож чадахгүй байсан гэдэг бол өвөг дээдсээ ч, бид өөрсдийгөө ч доромжилсон хэрэг. Мэдээж манжууд монголчуудыг Буддын шашинтай байхыг дэмжсэн. Өөрсдөө Буддын шашинтай учраас... Гэхдээ бидний өвөг дээдсийг мангар хүн хуурч байгаа мэт молигодон Буддын шашинд оруулсан гэж бид өөрсдөө ярьж, бичдэг нь утгагүй. Манайхаас өөр нэг ч улс ингэж сэтгэж, ярьж, бичдэггүй. Оросууд ч гэсэн Үнэн алдартны шашинд орсноо мангартуулсан гэдэггүй.

Ер нь шашныг улс төрд ашигладаг байсан нь ганцхан манжууд биш гэдгийг бүгд мэдэх байх. Монголчууд ч гэсэн захирч буй улсаа өөрийн таалсан шашиндаа оруулахыг эрмэлздэг байсан нь Хятадын нийслэл Бээжин хотод одоо хүртэл бий Бурхан шашны сүм хийдүүд батлана. Академич Ж.Болдбаатарын бичсэнээр бол “1911 оны Үндэсний хувьсгалын үр дүнд Хубилай хааны ‘Арван буянт номын цагаан түүх’-ндээ томъёолж, Монголын Юан Улсад хэрэгжүүлж байсан төрийн хоёр ёсыг сэргээж, ном, төрийг ихэрлүүлэн, шашин төрийг хосолсон хэмжээгүй эрхт засгийг тогтоожээ.”

Энэ бүхнээс дүгнэхэд Бурхан шашин ХХ зуунд Монголыг тусгаар улс болгосон гэхэд хэтрүүлэхгүй. Тэр үед монголчуудын үндэсний ухамсар сэргэсэн нь ч энэ шашинтай холбоотой. “Монголын үндэсний үзлийн тухай ярихдаа бид Монгол Буддизмыг үргэлж анхааралдаа байлгах ёстой юм” гэж Ерөнхий сайд асан М.Энхсайхан “Үндэсний үзэл—хөгжлийн тулгуур” илтгэлдээ хэлжээ. Тиймээс ч ХХ зууны монголын эх орончдын үзэл сурталынх нь суурь болсон Бурхан шашныг хүндлэхээс гадна бас судалвал монголчуудын үндэсний үзлийг зөв тодорхойлно. Энэ талын дорвитой судалгаа хараахан гараагүй бололтой. Ямартаа ч Монголын үндэсний үзэл бол сохор үндсэрхэг үзэл биш байсан гэдгийг баттай хэлж болнo.

М.Энхсайхан мөн “Үндэсний үзлээр өөрсдийгөө зэвсэглэцгээе… Үндэсний үзэл гэдгийг яруу тод томъёолох хэрэгтэй, улс төрийн үзэл суртал болгох хэрэгтэй гэсэн”. Түүний хэлсэн “үндэсний үзэл бол Монголын төрийн тулгуур үзэл байх ёстой” гэсэн санаан дээр нэмэхэд ХХ зууны эхэнд Бурхан шашинд шинэчлэл (реформ) хийгдэж байсан бололтой. Монголын сэхээтнүүд хэмжээгүй эрхт хаант засгийг аажмаар хаант Бүгд Найрамдах Улс болгох чиг баримжаатай байснаас харахад хэчнээн алсын хараатай хөгжлийн цогц бодлоготой байсныг нь нотолно. Харамсалтай нь Үндэсний хувьсгалын зорилт хүсэн хүлээсэн үр дүндээ хүрч чадалгүй тасалдсан билээ…

Ийнхүү тасалдсаны нэг шалтгаан нь хүн бүхний мэдэх Ардын хувьсгал. Хэдийгээр Ардын хувьсгалыг эхэндээ Богд хаан дэмжиж, гоминданы цэргүүдээс салахын тулд улаан Орос руу Ардын намынхнаар захиа илгээж байсан ч 1921 онд Улаан цэрэг Монголд ирснээсээ хойш “улаан аллага, хядлага” үйлдэж 1924 он гэхэд тухайн үеийн монголын төрийн том зүтгэлтнүүдийг хядаж дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэн Ардын хувьсгалыг дэглэсэн нь сүүлийн үед илэрч буй бичиг баримтуудаас ойлгомжтой болж байна. Гэтэл энэ хувьсгалыг манай түүхчид Үндэсний ардчилсан хувьсгал гэж томъёолох болсон нь ойлгомжгүй байна. Хэрэв 1921 оны хувьсгал Үндэсний ардчилсан хувьсгал юм бол 1990 онд Ардчилсан хувьсгалыг яах гэж хийсэн юм бэ? Тэгэхээр энд нэр томъёоны будилаан байх шиг байна. 1921 оны Ардын хувьсгалд хэрэв өөр нэр томъёо өгөх ёстой юм бол зүгээр л Социалист хувьсгал гэж нэрлэж болдоггүй юм уу?

Мөн энэ дашрамд жил бүрийн 11 дүгээр сарын 26-нд тэмдэглэдэг Бүгд Найрамдах улс тунхагласны баярыг хөндмөөр байна. Тагнуулын Ерөнхий Газрын цахим хуудас дээр мэдээлснээс үзэхэд коминтерний дэлхийн хувьсгалын стратегчид, зөвлөлт оросын тагнуулчид Монголд Бүгд Найрамдах Улсыг байгуулах зохиомол нөхцлийг хүчээр бүрдүүлэхдээ “Богд хааныг устгаж БНМАУ-ыг тунхаглах” гэж томъёолсон нэг нууц ажиллагааг хэрэгжүүлсэн ажээ. Улаан оросууд Богд хааныг 1924 оны 5 дугаар сарын 20-нд хорлосон гэдэгт ТЕГ-ын итгэлтэй байна.

МАН-ын Төв хороо Богд хааныг нас бараад 49 хоног ч болоогүй байхад нь 6 дугаар сарын 7-нд болсон III Бүгд хурлаараа “Бүгд Найрамдах Улс тогтоон явуулах тухай” шийдвэр гаргаж, уг шийдвэрийг Ардын Засгийн газар 6 дугаар сарын 13-нд хурлаараа сайшаан баталжээ. Ийнхүү 1924 оны 11 дүгээр сарын 26-нд монголчууд анхны Үндсэн хуулиа баталж, Монгол Улсыг Бүрэн эрхт Бүгд Найрамдах Ард Улс гэж нэрлэжээ.

Харин одоо Бүгд Найрамдах Улс тунхагласан ой, Тусгаар тогтнолын ой хоёрыг хооронд нь нарийн ухаанаар зохицолдуулах шаардлага гарлаа. Шуудхан хэлэхэд нэгийг нь заавал бүдгэрүүлэх хэрэгтэй. Бүгд Найрамдах Улс болсны ойн баярыг дэлхийн улс орнууд тэмдэглэдэг—гэхдээ бүгд биш. Харин Тусгаар тогтнолынхоо ойн баярыг бүгд тэмдэглэдэг. Тэгэхээр ядахнаа энэ жил 11 дүгээр сарын 26-нд бөх барилдуулалгүй харин 12 дугаар сарын 29-нд бөх барилдуулвал илүү ухаалаг шийдвэр бус уу.

Тэгээд ч 12 дугаар сарын 29-ний өдрийг 1912-1922 оны хооронд Богд хааны зарлигаар Улсын баяр болгон тэмдэглэж байжээ. Харин 1922 оноос Ардын Намын Төв Хорооноос Улсын баяр ёслолыг шинэчлэх санал гаргасны дагуу Ардын Засгийн газар “Урьдах автономит Засгийн үед Улсын баярыг жил бүрийн өвлийн дунд сарын шинийн есний өдөр явуулсаар ирсэн ажгуу. Үүнд бидний Монгол Ардын журамт цэрэг Олноо өргөгдсөний 11 оны зуны сүүл сард гадаадын харгис дайсныг арилгаж, Нийслэл Хүрээг эзэлж, мөнхүү сарын шинийн зургааны өдөр хуучин эзэрхэг Засгийг устгаж Богд Жавзандамба хутагт ламыг Монголын хэмжээтэй эзэрхэг хаанд өргөмжилж, ардын эрхтэй Засгийг байгуулсан тулд одоо зүй нь Улсын баяр ёслолыг жил бүр зуны сүүл сарын шинийн зургааны өдөр явуулбаас зохино” гэсэн утгатай шийдвэр гаргасан байна. Тиймээс, түүхч О.Батсайханы хэлснээр бол, 1922 оноос эхлэн 7 дугаар сард Улсын баярыг тэмдэглэх болжээ.

Энэ утгаараа жил бүрийн 7 дугаар сард болдог наадам бол манай Улсын баяр. Бас 1921 оны Ардын хувьсгалын баяр. Өөрөөр хэлбэл Тусгаар тогтнолын баяр маань Улсын баяр биш гэсэн үг. Ингэхэд Тусгаар тогтнолын баяраасаа илүү найр наадам хийдэг хувьсгалын баяр байж болох уу?

Гэхдээ эрийн гурван наадмаа бид одоо өвөл хийж чадахгүй. Угаасаа ч эртнээс өвөл хийдэггүй. Аялал жуулчлал ч багасаж эдийн засагт муугаар нөлөөлнө. Тэгэхээр Тусгаар тогтнолоо “гомдоохгүй” тулд хоёр харш ойг зохицолдуулж энэ оны наадмаас эхлэн Ардын хувьсгалын ойг гэж тодотгохоо больвол яасан юм бэ? Оросууд аль хэдийн Октябрийн хувьсгалын ойг нийтээр тэмдэглэх баярын тооноосоо хасчихсан шүү дээ! 1996 онд Орос Улсын Ерөнхийлөгч Борис Ельцин нэрийг нь сольж, харин 2004 онд Ерөнхийлөгч Владимир Путин нэгмөсөн энэ ойг цуцалсан. Ер нь Ардын хувьсгалтай, хувьсгалгүй монголчууд эрийн гурван наадмаа хийсээр ирсэн уламжлалтай. Чингис хааны үеэс л айраг цагаа дэлгэрсэн намар цагт нааддаг байсан. Тэгээд ч Ардын хувьсгал, Ардчилсан хувьсгалд халаагаа өгсөн. Манайхаас өөр гурван янзын хувьсгал тэмдэглэдэг улс орон байдаг юм уу?

Гадаад ертөнцөд 7 дугаарын сар 11-нд болдог наадмыг монгол наадам л гэж ойлгодог. Түүнээс биш улаан хувьсгалчдын хийсэн хувьсгалыг тэмдэглэж байна гэж ерөөсөө боддоггүй. Бид ч гэсэн наадмаараа улаан хувьсгалчдыг дурсахаа байгаад удлаа. Санаанд ч ордоггүй. Монголынхоо уламжлалт соёлоороо л бахархдаг шүү дээ. МАН 90 жилийнхээ босгон дээр Хувьсгалтаа аваад хаясан нь цагаа олсон зөв үйлдэл болсон. Тэгвэл одоо наадмаа “Ардын хувьсгалгүй болгох” нь (угаасаа ч хувьсгалт хусагдсан) ард түмнээсээ уучлал гуйсантай л адилхан. Монголын олон сайхан сэхээтнүүдийг аймаглан устгасан хувьсгалын ойг 90 нас хүргэнэ гэдэг гутамшиг. Ардын хувьсгалын эцэг алдарт Октябрийн хувьсгалыг 90 жилийн ойгоо тэмдэглэхээс нь гуравхан жилийн өмнө оросууд “ичсэндээ” цуцалсан нь нэгийг бодогдуулахгүй байна гэж үү. Үүнийг Тусгаар тогтнолынхоо 100 жилийн ойгоор цэгцлэхгүй бол хэзээ цэгцлэх билээ. Тусгаар тогтнолын төлөө бас золиослох зүйл байдгыг энэ 100 жилийн ой сануулж буй нь аугаа шинжийнх нь илрэл бөлгөө. Энэ л жинхэнэ тусгаар тогтнолын үнэ цэнэ юм даа.


Жич: Д.Мөнх-Очир гэдэг хүн 12 дугаар сарын 29-ний өдрийг Тусгаар тогтнолын өдөр (The Independence Day) хэмээн нэг мөр нэрлэж, улсынхаа албан ёсны тэргүүн баяр болгох, 7 дугаар сарын 11-ний баярыг одоо хэвшиж байгаагаараа Үндэсний их баяр наадам (The National Day), 11 дүгээр сарын 26-ны өдрийг Бүгд найрамдах улсын өдөр (The Republic Day) гэж нэрлэх саналыг дэвшүүлжээ.

Шинэ онд Засгийн газар гэр хороололд хуралдaя

Улаанбаатарын утаа улиг болтлоо бичигджээ. Сүүлийн хэдэн жилийн сонин хэвлэлд бичигдсэн утааны тухай бичлэгүүдийг уншвал “угаартахаар” болж. Хэрэв утаагаар улсын нийслэлээ дүүргэхийг хөгжил гэдэгсэн бол бид аль хэдийн “тасарсан”. Даанч тийм хөгжил байхгүй. Гэхдээ Улаанбаатар хэрээсээ хэтэрсэн утаатай, агаарын бохирдолтой болсон нь манай хөгжлийн сөрөг үр дагавар. Тиймээс ч үе үеийн Засгийн газар, улстөрчид, эдийн засагчид, эмч нар, эрдэмтэн судлаачид, гадаад дотоодын сайхан сэтгэлтэй иргэд, олон янзын байгууллага нийслэлийн агаарын бохирдолтыг бууруулах талаар төрөл бүрийн санал дэвшүүлж, төсөл хэрэгжүүлж чадах ядахаараа л зүтгэж. Гэвч тэсгэм хүйтэн өвлийн өглөө Дэнжийн мянгаас Богд уулын оройг харна гэдэг мөрөөдөл хэвээрээ л байна.
Хэдийгээр энэ жил урт намар болж өвөл хожуу эхэлсэн ч утаа ахиад л анхаарлын тэмдэг шиг анзаарагдаж хэвлэл мэдээллийн бай болов. Арга ч үгүй юм. Амьсгалах агаар амьдрах баталгаа болохоор энэ тухай бичлээ гээд илүүдэхгүй.
Зөвхөн монголчууд Улаанбаатарынхаа агаарыг бичсэн юм биш гадаадынхан ч мөн бичжээ. Тэд “дэлхийн хамгийн сийрэг хүн амтай улс ийм агаараар амьсгалах ч гэж дээ” хэмээн гайхаж, халаглаж байх юм. Нийслэлийн маань агаарыг бохирдуулагч 3 хорт бодисын хэмжээг харьцуулж шалгараад л дэлхийн хамгийн агаарын бохирдолтой хотуудаас айргын тавд оруулжээ. Үүнд хүхэрлэг хий; азотын исэл; мөн тоос, хөө тортог, шивтэрийн хий, хар тугалга гэх мэт хорт бодисуудийн нийлбэр багтаж. Хүхэрлэг хий бол нүүрснээс ялгардаг, хүчиллэг бороо оруулдаг, нүд өрөвсүүлж, ханиалгуулж, амьсгалын замаар халдварлах өвчин, астмаг сэдрээдэг. Азотын исэл бол автомашин, цахилгаан станц, цахилгаан үүсгүүрээс ялгардаг бөгөөд бронхит ба уушигны бусад өвчний шалтгаан болдог. Харин тоос, хөө тортог, шивтэрийн хий, хар тугалга зэрэг хорт бодисуудын нийлбэр нь уушигны хорт хавдар тусгадаг бөгөөд эдгээр хорт бодисуудын хэмжээ нь Улаанбаатарт Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын баталсан хэмжээнээс 14 дахин их байдаг гээд бодохоор үнэхээр бид цэвэр агаар импортлохдоо тулчихсан бололтой.

Тун удахгүй бид хорт утааны баг углаад гудамжаар явж мэдэх нь. Хэрэв үнэхээр эрүүл мэндээ анхаардаг бол хорт утааны баг углах цаг аль хэдийн ирсэн бололтой. Дэлхийн банкны Улаанбаатар дахь салбарт ажилладаг австралын иргэн нэгэн эмэгтэй хорт утааны маск өмссөж гадуур явдаг байсан. Өнөөдөр мэдэгдэхгүй ч, хожим хойно эрүүл мэндэнд нөлөөлнө гэж тэр эмээгээд хүмүүсийн элэг доог болохыг үл хайхран хорт утааны маск өмсдөг байсан гэнэ. Гэтэл хэдхэн жилийн өмнө л харийнхан манайд л ирж цэвэр агаар амьсгалдаг бид гэж эх орноороо бахархдаг байсан биш билүү. Байдал ингэж орвонгоороо эргэх гэж... Шальтай ч хөгжиж чадаагүй байж агаараа бохирдуулж, уушгаа хордуулах нь нэг бодлын ичмээр ч юм шиг.
Бодоод үз л дээ, Бээжин, Нью Дели, Сантиаго, Мехико сити гэсэн хүн амынхаа тоогоор дэлхийд толгой цохих хотуудын дараа—зааны хажууд зогсох шоргоолж шиг—Улаанбаатар гозойж байна шүү дээ. Манай дараа Египтийн Кайро, Хятадын Чонквинг, Гуанжоу, Хонконг, Афганистаны Кабул орсон гээд бодохоор манай агаарын бохирдолд үнэхээр “аймшгийн” байгаа нь ойлгомжтой. Дайн тулаантай Кабул хот хүртэл манайхаас “доогуур” агаарын бохирдолтой байх даа ч яахав дээ. 5 сая гаруй оршин суугчидтай Кабул манай доор жагсана гэдэг сэтгэшгүй мэт... Гэвч “сэтгэшгүйг” бид хийжээ.
Мэдээж биднээр хийлгэсэн хүчин зүйлс ч бий. Монголын өвөл бол Улаанбаатарыг дэлхийн хамгийн хүйтэн хот болгосон “гавьяатан”. Энэ өвлийг л давж туулахын тулд нүүрс түлж, мод шатааж, бүр зарим маань машины дугуй, бас бусад зүйлсийг шатаан амь зогоодог билээ. Гэхдээ нийслэлд хүйтний есөн сард нийт 5.2 сая тонн нүүрс шатаадгын 3.5 тонн буюу хамгийн их хувийг нь гурван дулааны цахилгаан станц шатаадаг юм байна. Ингэхээр гэр хорооллынхон биш харин орон сууцанд суугчид илүү их нүүрс хэрэглэдэг болж таарна. Гэтэл ганцхан гэр хорооллын утаа агаар бохирдуулдаг гэх өрөөсгөл ойлголт нийтэд түгжээ. Тиймээс хамгийн их нүүрс хэрэглэдгийнхээ хувьд орон сууцанд суугчид Улаанбаатарын утааг багасгахад хувь нэмрээ оруулж, гар хумхин суумааргүй байна.
Засгийн газар 2010 онд баахан том оврын суудлын тэргүүдээр замтай, замгүй газраар тоос манаруулан давхиж, Өмнөговь аймгийн Баяндалай сумын Гашууны хоолой гэдэг газар хуралдсан нь оны онцлох 10 үйл явдлын нэг болсон. “Засгийн газар говьд хуралдсанаараа дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөнд санаа зовж байгаа дэлхийн тэргүүлэх орнуудын нэг...том сэтгэдэг улс гэдгээ дахин баталсан юм” гэж оны шилдэг сонин бичжээ. Тэгвэл одоо хамтарсан Засгийн газар хөхөө өвлийн хүйтэнд гэр хороололд хуралдаж ард иргэдийнхээ амьсгалах агаар ба дэлхийн цаг уурын эрс өөрчлөлтөнд санаа зовдгоо дахин баталвал НҮБ-ын даргаар дахин магтуулах нь баараагүй. (Энүүхэндээ хэлэхэд нийслэлийнхээ агаарыг бохирдуулчихаад дэлхийн уур амьсгалд санаа зовох арай л “ахадсан асуудал” биш гэж үү?)
Зөвхөн Засгийн газар ч биш Улаанбаатарын бүх иргэд өөрсдөөсөө шалтгаалах зүйлсийг хийцгээе. Тэр тусмаа гэр хороололд амьдардаггүй, гал түлдэггүй нийслэлийн оршин суугчид илүү их чармайн бүх боломжуудаа дайчлах учиртай. Ихэвчлэн гадаадын тусламжаар хэрэгждэг том том төслүүдэд найдаж суумааргүй. (Гэхдээ мэдээж сайн төслүүд хэрэгжиж, үр дүнгээ өгөж буйг үгүйсгээгүй.)
Наад зах нь гэр ахуйн хог, хаягдлаа хаяхдаа түлж болох цаас, мод зэргийг ангилж ялган гэр хорооллынхонд өгч байя. Гэрт нь хүргээд өгдөггүй юм аа гэхэд ангилаад тусгай газар хаячихад өөрсдөө ирээд авчихна. Уг нь дөхүүлээд өгдөг байгууллага, тусгай хүмүүс байдаг бол бүр ч сайн. Хүйтний улирлуудад гэр хорооллынхонд “түлээ түлшээ” бэлтгэхэд орон сууцны оршин суугчдын тусалцаа багадана уу гэхээс илүүдэхгүй. Үнэндээ хотын утаа гаарахад нэг нэгнээ хайхардаггүй хэнэггүй зан дэм болж. Хэрэв бид гэр хорооллынхныг дугуй битгий шатаа гэхийн хажуугаар үүнийг шатаа гээд хаягдал сонин, цаасаа цуглаад өгч заншвал утааг багасгахад, “арай ариусгахад” тустай. Гэр хорооллын зарим иргэд сонголтгүй болохоороо л хорт бодис ялгаруулдаг хуванцар, дугуй шатаадаг. Гэтэл нэг өдөр нэг албан байгууллага хичнээн кг сонин цаас хог дээр хаядаг билээ. Ядарсан нэгнээ заавал хог ухуулж байхаас хэрэг болох зүйлсийг (зөвхөн сонин цаас ч биш мөн архи ундааны шилэн ба хуванцар савыг) нь ялгаад хаявал илүү соёлтой, бас тус дэмтэй.
Хүйтний улиралд нэг нэгнээ гэсэн хүнлэг сэтгэл юу юунаас чухал. Хог хаягдлаа ялгаж хаяхаас гадна хэт хүйтэрсэн цагт эдгээр иргэдийг хонож, өнжүүлэх дулаан байр сав олж өгмөөр байна. Хүйтэнд орон гэргүй, эсвэл нүүрс түлээ түлэх мөнгөгүй иргэдийг зөвхөн траншей, орцонд хоног төөрүүл гэж зөнд нь орхилгүй дулаан байранд зохион байгуулалттай хонуулж, ундалж байх нь хэн хэндээ ашигтай. Наад зах нь есөн шидийн зүйлс шатааж биднийг хордуулахгүй, мөн иргэд эргээд нийгэмшихэд тус дэм болно. Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам, “Өөрчлөгдсөн амьдрал” ТББ хоёр хамтарч орон гэргүй иргэдэд халуун хоол өгч байгаа нь өвлийн өвгөн ааваас ч илүү тэднийг баярлуулж байгаа гэнэ. Тэр газар бүр ачааллаа даахаа байгаад гадаа нь хэдэн цагаар зогссон хүмүүсийн дугаарлал үүсдэг болжээ.

Шинэ жил хийхгүй айлд зочлов

10 дугаар хорооллын нэгэн байрны хог самран зогссон хоёр шуудайтай дөчөөд насны нэгэн эрээс чухам юу түүдгийг нь асуув. Архи, ундааны шилэн ба хуванцар сав хайхаас гадна “гэр дулаацуулчих галд түлэхээр зүйл” хайдаг гэж тэр хариулав. Тэр 10 дугаар хорооллоос 3 цаг орчим алхаж очдог “ууланд гэр барьж одоогоор толгой” хорогдож байгаа аж. Хөдөөнөөс бараг жилийн өмнө хотод орж ирсэн ч ажил олдохгүй, олдсон ч түр зуурынх байдаг учир хоногийн хоолоо арай ядан залгуулдаг гэнэ. Түүнээс галд машины дугуй шатаадаг уу гэж асуухад “Шатаадаггүй. Арай ч тэгж доошоо ороогүй байгаа. Гэхдээ манай тэр хавьд дугуй, хуванцар шатаадаг айлууд байдаг. Дандаа ажилгүй хүмүүс” гэж хариулсан юм. Би түүнээр гэрээ барьсан газрыг нь заалгаж аваад ес эхэлсэн хүйтэн өдөр тийшээ очив.
Гадаа хасах 27 хүрч, хүйтний эрч чангарсан өдөр автобусны эцсийн буудлаас цааш хориод минут алхаж байж намхан уулын энгэрт барьсан хашаагүй, хоорондоо нэлээн зайтай хэдэн гэр үзэв. Жаварт хайруулан цастай уулын өөд мазаж явахдаа өмнө харагдах яндангаар нь утаа сулхан суунаглах гэрийн эзэд намай оруулдаг болов уу гэж санаа зовж байв. Хашаагүй, хонхгүй айлд шууд орох эвгүй аж. Айлын том өрөө, унтлаганы өрөө, гал тогоо руу орж буй эсэх нь эс ялгагдах монгол гэрт орох бүр ч эвгүй юм. Гэвч зорьсон хэрэг юу билээ...
Санаснаас намайг гэрийн эзэд уриалагхан, бүр хүлцэнгүй ч гэмээр хүлээж авав. Тооноор орсон бүрхэг тэнгэрийн гэгээнээс өөр гэрэлгүй харанхуйвтар таван ханатай гэрт гуч, дөчөөд насны эр, эм хоёр байв. Тэд бараг гадуур хувцастайгаа сууцгааж байлаа. Үстэй дээл сугалдарлаж өмссөн туранхайвтар эр гэрийн баруун талд ширдгэн дээр сууж, шөнө дэвсэж унтдаг бололтой хуйлсан дэвсгэр гудас тохойлдон хойш налж dvd тоглуулагчтай жижгэвтэр зурагтаар, сүүлд хийсэн Чингис хаантай кино үзэж сууна. Хээр талд хөхөө өвлийн хүйтэнд байлдаж, алалцсан XIII зууны баатар эрчүүд энэ гэрт ахадсан гэмээр сүртэй ярьж, өнгө золбоотой харагдана. Энэ айлын хогшил цөөхөн. Зурагт, dvd тоглуулагч, нэг модон ор, зуух, хоёр жижиг модон сандал, нэг ширээ, мөн аяга таваг хийдэг эргэнэг шүүгээ гээд л бараг болно.
Эд цахилгаанаа сард 15 мянган төгрөгөөр айлаас татдаг гэнэ. Хөдөөнөөс гурван сарын өмнө “Охиноо их сургуульд орохоос нь өмнө хот бараадаж сууршъя гээд” иржээ. Охин нь одоо наймдугаар ангид сурдаг 16 настай, эмээтэйгээ хөдөө байдаг гэнэ. Хажуу айл нь нярай хүүхэдтэй залуухан хос. Тэд Налайх руу явж нүүрсэн дээр ажиллаж “түлэх, шатаах” юм олж ирэхээр гурвуулаа явсан аж. Дөнгөж төрсөн хоёр сартай хүүхэд энэ уулын энгэрт яаж амьдрахыг төсөөлөхөд бэрх. Цай, боорцгоор дайлуулж суухдаа гадуур хувцсаа би тайлсангүй. Хэдийгээр зуух галтай байсан ч гэрийг пүгхийтэл дулаацуулахгүй, хүйтэн өдөр автобусанд суусан аятай л бие халууцахгүй байлаа. Эд 20 шуудай нүүрс долоон хоногийн өмнө худалдаж аваад одоо бараг дуусч байгаа гэнэ. Тэвэрт багтах нэг жижигхэн мяндсан ногоон шуудай нүүрс 1000 төгрөг, мод 1200 төгрөг гэнэ. Гэрийн эзэгтэй хэлснээр бол “сүүлийн үеийн гэр нимгэн гэж чигтэйхэн болсон” аж. Эд таньдаг айлынхаа илүү шинэ гэрийг гуйж амьдарч байгаа гэнэ. Өөрсдийнхөө гэрийг буулгаад нутагтаа айлын хашаанд орхичихсон боловч 250 мянган төгрөг байхгүй тул очиж авч чадахгүй байгаа юм байна. Энэ хоёр байнгын ажилгүй, алдаг оног ажил хийдэг. Хотод хамаатан садангүй тул найзынхаа хажууд бууж. Эдний ярианаас ойлгоход хүйтэнд осгоод хөлдөөд үхчихгүйхэн шиг өвлийг давах нь гол зорилго бололтой. “Байрныхан галд түлэх цаас, модоо тусгай баглаад тавьчихдаг бол амар л байна” хэмээн “Хэрэв хотын байшинд суудаг хүмүүс галд түлэх цаас, мод тусгай газар тавьдаг бол ямар уу?” гэж асуухад хариулав. Энэ эхнэр, нөхөр хоёроос шинэ жилээ яаж тэмдэглэх гэж байна гэж асуусангүй. Өвлийн хүйтнийг яаж давья даа гэж байгаа хүмүүсээс тэгж асуух нэг л зохимжгүй санагдсан. Олон зүйлийг ч асууж шалгаасангүй. Эднийд суухад л бүх л ойлгомжтой. Засгийн газар гэр хороололд хуралдвал их үр дүнтэй юм байна даа. Харанхуй болохоос урьдаж тэднийхээс гарлаа.
Тэднийхээс гараад нусаа хацартаа наан доош алхаж явтал жалганд хөлдсөн мөсийг цоолон ундааны ус авах бүсгүйг хараад уусан цайныхаа амтыг мэдрэв. Тэнд хүмүүс муу усаа асгаж байх нь бас харагдсан. Чухам юуны ус хөлдөөд ийм болсныг тааж мэдэхэд бэрх. Ямартаа ч ус авч байгаа бүсгүй өөрөө мэдэж байгаа биз дээ. Буянаараа болог. Хэдэн алхмын цаана худаг байхад ингэж байгаа нь ус худалдаж авах мөнгөгүй болсных биз... Харин тэр айхтар хүйтэнд шилэн торкоотой өндөр өсгийтэй гутал өмссөн залуу бүсгүйг хараад гайхахын ихээр гайхав. Цасан охин бэлгээ тараахаар явж байгаа нь энэ юм болов уу? Түүний хойноос өвлийн өвгөн шиг том шуудай үүрсэн нэг эр алхаж явах нь таамгыг маань бүр батлах шиг. Гэвч сайтар ажиглавал тэр эр “ажлаа тараад” гэртээ ирж яваа нь хараажийн... “Хэрэв өвлийн өвгөн байдаг бол гацуур модгүй гэр хорооллын айлуудад л бэлэг тараагаасай даа” гэж бодон автобусны буудал руу би улам хурдан алхлав.

ТОДРОН ТОДОРСООР БУСДЫГ БҮДГЭРҮҮЛЭХ ОЙ

Өнөөдөр үндэсний эрх чөлөөний өдөр, тусгаар тогтнолын өдөр, Монголын үндэсний хувьсгалын 99 жилийн ойн өдөр... Хэдийгээр нэр томъёоны хувьд нэг мөр болоогүй ч энэ өдөр хорьдугаар зууны Монголын түүхэнд 1921 оны Ардын хувьсгалаас ч дутахааргүй чухал болох нь.
99 жилийн тэртээ 200 гаруй жил Манж Чин гүрний эрхшээлд байсан монголчууд 1911 оны 12 дугаар сарын 29-ны өдөр VIII Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын шашин төрийг хослон барьсан хаан эзнээр өргөмжилж, хааны зарлигаар төрийн 5 яамыг байгуулан тусгаар тогносноо зарлажээ.
Энэ үйл явдал Ардын хувьсгалын сүрэнд дарагдаж өнгөрсөн зууны ерээд он хүрээд, Ардчилсан хувьсгалын сэмхийгээр мэр сэр яригдаж, монголын түүхчдийн няхуур, нямбай судалгаагаар баталгаажин ач холбогдол нь улам тодрон томорсоор байна. Хэрэв хазгай хэлэхээс айхгүй гэвэл хорьдугаар зуунд гарсан Монголын хувьсгалуудаас хамгийн агуу нь 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгал гэж хэлж болох нь. Тэр утгаараа түүхч О.Батсайханы хэлсэн “1911 оны Монголын үндэсний хувьсгалын удирдагч Богд Жавзандамба хутагт” Ардын хувьсгалын удирдагч Д.Сүхбаатараас дутахааргүй, бараг илүү гэж хэлэхэд болмоор түүхэн үүрэг гүйцэтгэжээ.
Хэрэв урьд нь үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн гэж түүхийн номонд бичдэг байсан дээрх үйл явдлыг үндэсний хувьсгал гэж үзвэл бид хорьдугаар зуунд гурван хувьсгал хийжээ: 1911 оны Үндэсний хувьсгал, 1921 оны Ардын хувьсгал, 1990 оны Ардчилсан хувьсгал.
Хэдийгээр энэ өдрийг 2007 оноос үндэсний эрх чөлөөний өдөр болгож нийтээр тэмдэглэхээр болсон ч ач холбогдлыг нь олон нийт төдийлөн ойшоохгүй байна. Бүр будилаантай байдал ч бий болоод байх шиг. Жишээ нь, зөвлөлтийн түүхчид Хаант засгийг халж, Бүгд найрамдах улсыг тунхагласан хэмээн 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийг манай түүх бичигт томъёолж өгсөн нь нэг будилаан болжээ. Өдий хүртэл бид энэ өдрийг Улс тунхагласны баяр хэмээн тэмдэглэж байна. Мөн манай олон иргэд Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг Тусгаар тогтнолын өдөр хэмээн будилж байна. Тиймээс энэ баярыг хийхээ болиод харин өнөөдөр буюу 12 дугаар сарын 29 өдрийг Тусгаар тогтнолын баяраа тэмдэглэвэл илүү зохимжтой мэт санагдана. Угаасаа ч бид улсаа БНМАУ гэхээ байгаад Монгол Улс гэж нэрлэх болсон тул энэ асуудлыг нэг мөр болгон цэгцлэж болмоор мэт…
Ер нь сүүлийн үед манай түүхчдийн бичиж байгаагаас харахад 1911 оны Үндэсний хувьсгалын ач холбогдол улам тодрон томрох янзтай. Энэ үйл явдлын түүхэн бодит байдлыг, урьд нь бичигдэж байгаагүй, ил гаргаснаар бид бусад түүхэн үйл явдлуудыг ч арай өөрөөр харах шаардлагатай боллоо. Жишээ нь Ардын хувьсгалыг юу гэж үзэх вэ гэдэг ч тодорхой бус боллоо. Хэдийгээр манай түүхчид 1921 оны хувьсгалыг үндэсний ардчилсан хувьсгал гэж үзэж байгаа ч 1911, 1921 оны хувьсгал хоёрыг хоёуланг нь тэмдэглэх нь хэр таарамж, зохимжтой вэ? гэдэг асуулт урган гарах нь гарцаагүй. 1921 оны хувьсгалыг—эхэндээ Богд хаан дэмждэг байсан ч гэсэн—хар шар феодлуудын эсрэг хийсэн тэмцэл гэж бид ойлгосоор ирсэн. Гэтэл одоо 1911 оны ноёд, түшмэл, том лам нар хийсэн хувьсгалыг Үндэсний хувьсгал хэмээн нэрлэн өргөмжлөх нь болсон нь “нэлээн том зөрчлийг” бий болгосон мэт. Угаасаа 1911, 1921 оны 2 хувьсгал “үзэл суртлын хувьд зөрчилдөж” байсан биздээ. 1921 оны хувьсгалыг тодотгохын тулд социализмын үеийн түүх бичигт 1911 оны хувьсгалыг үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн гэж ач холбогдлыг нь бүдгэрүүлж байсан нь ч нэгийг өгүүлнэ. Тэгээд ч Ардын хувьсгал хэр ардчилсан байсан билээ… 1921 оны үйл явдлыг үндэсний ардчилсан хувьсгал гэж нэрлэх нь нэг л эргэлзээтэй.
Ямартаа ч Монгол Улсыг хорьдугаар зууны бие даасан анхны улсуудын нэг болгож, тусгаар тогтнолоо зарласан 1911 оны Үндэсний хувьсгал манай түүхэнд том гавьяа байгуулжээ. Өнөөдөр Монголын сүүлчийн хаан VIII Богд Жавзандамба хутагтаар удирдуулсан Үндэсний хувьсгалын 99 жилийн ой тохиож байна. Монгол хүн бүхэн энэ өдрийг хүндэтгэж, тэмдэглэж заншъя.