Saturday, 26 November 2011

Металлурги, гангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх бүрэн боломжтой

Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг сүүлийн жилүүдэд Монголд олон зохион байгуулах болсон. Шил дараалан болж буй эдгээр чуулга уулзалтад гадаад, дотоодын оролцогчдын тоо цөөрөхгүй, нэмэгдсээр буйг харахад уул уурхайн сэдвээр олон улсын чуулга уулзалтыг зохион байгуулах нь ашигтай бизнес болжээ. Ганцхан энэ жишээ л манай уул уурхай дэлхийн анхаарлын төвд байгааг батална. Арваадхан жилийн өмнө хойноос нь гүйгээд ч биднийг тоохооргүй дэлхийн том компани, үйлдвэрүүд өөрсдөө манайх руу хошуурах боллоо. Энэ бол сайн мэдээ.

Өнгөрсөн долоон хоногт хоёр өдөр Төрийн ордонд болсон “Metals Mongolia-2011” уул уурхай, металлургийн салбарт хөрөнгө оруулагчдын анхдугаар чуулга уулзалт бол манайд зохион байгуулагдсан олон чуулга уулзалтын нэг юм. Чухам яагаад анхдугаар гэж нэрлэснийг, зохион байгуулагчид нь тайлбарлахдаа, ашигт малтмалын асар их нөөцөө зөвхөн түүхийгээр нь гадагшаагаа гаргах биш, харин нэмүү өртөг шингээж боловсруулахыг илүү анхаарч буй тул энэ чуулга уулзалт бол анхных. Өмнө нь уул уурхайн олборлох үйлдвэрлэл хөгжөөгүй байхад боловсруулах үйлдвэрлэлийг ярих боломжгүй байсан. Гэтэл одоо уул уурхайн олборлох үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж дэлхийн анхаарлыг татаж байна. Ийм цаг үед олборлох үйлдвэрлэлийг түшиглэсэн металлургийн салбарыг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Манай чуулга уулзалт бол уул уурхайг дараагийн хөгжлийн шатанд гаргаж, Монголын эдийн засгийн хөгжилд шинэ эргэлт хийх зорилготой гэцгээж байсан.

Уул уурхайн хөгжлийг шинэ шатанд гаргах энэ чуулга уулзалтанд Монголд металлургийн үйлдвэр байгуулахад техник технологиос нь авахуулаад бүгдийг нь шийдээд өгчих дэлхийн бүх л том компани, аж ахуйн нэгжийн төлөөлөгчид оролцжээ. Хоёр зуу гаруй гадаадын боловсруулах үйлдвэрлэлийн аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчид ирсэн гэж зохион байгуулагчид нь хэлсэн. Жишээ нь, Казакстанаас “Тау-Кен Самрук”, Японоос “Кобе стийл”, Өмнөд Солонгосоос “Поско”, Австралиас “Экстрато технологи”, Финляндаас “Оутотек” гээд л дэлхийн металлургийн салбарт нэр хүндтэй том компаниуд Улаанбаатарт цуглажээ.

Чуулга уулзалтад нийт 800 гаруй төлөөлөгчид оролцсоноос 60 гаруй хувь нь дотоодын хөрөнгө оруулагчид байлаа. Мөн ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, ҮХШХ-ны дарга Ч.Хашчулуун, ЗТБХБ-ын Х.Баттулга нар илтгэл тавьж Монголын эдийн засаг, нийгмийн байдал, хар төмөрлөгийн болон зэс хайлуулах үйлдвэр байгуулах боломж гээд л хамаг бүхнээ хөрөнгө оруулагчдад тайлагналаа.

ЭБЭХ-ний сайд, “Монголын геологичид судалгаа хийж төмрийн хүдрийн ордын 14 гол бүс нутаг тогтоон, 11 тэрбум тонн төмрийн хүдрийн таамаг нөөц бий гэж тодорхойлсон. Үүнээс нөөц нь тогтоогдсон 33 ордын 660.8 сая тонн баталгаат төмрийн хүдрийн нөөц байгаа” гэж илтгээд Дарханд жилд 1 сая хүртэлх тоннын хүчин чадалтай ган бэлдэц, төмөр хийцийн үйлдвэр, Сайшандад жилд 4.5 сая хүртэлх тонн хүчин чадалтай хорголжин төмрийн үйлдвэр байгуулах төлөвлөгөө, хувилбар бий гэдгийг ч танилцуулсан.

Харин ЗТБХБ-ын Х.Баттулга, монголчуудын өвөг дээдэс хүрэл болон төмөр зэвсгийн үеэс хүрэл, төмөр зэр зэвсэг, эд эдлэлийг ахуй амьдралдаа өргөнөөр хэрэглэн, ган төмөр хайлж, төмрийг эзэмшиж ирснийг археологийн олдворууд нотолсон гэдгийг сануулаад Монголд металлурги, гангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх бүрэн бололцоотой гэж хэллээ. Мөн тэрбээр, хэдийгээр бид дэлхийн хамгийн том түүхий эдийн хэрэглэгч Хятад улстай хаяа нийлэн оршин буй нь эерэг талтай ч нөгөө талаас хоёрхон улстай хиллэлдэг далайд гарцгүй газар зүйн байршил нь сул тал болдог. Бид хоёрхон улстай бус харин бүс нутаг дахь бусад аж үйлдвэржсэн улсуудад уул уурхайн бүтээгдэхүүнээ худалдах бодлого баримталж байна. Энэ бодлогыг хэрэгжүүлэх үүднээс манай Засгийн газар эрдэс баялгийн олборлолт, боловсруулалт, тээвэрлэлтийг цогц байдлаар харж, эдийн засгийн болоод геополитикийн ашиг сонирхолоо хангахад чиглэгдсэн тээврийн дэд бүтцийн бодлогыг боловсруулаад хэрэгжүүлж эхлээд байна гэв.

Манай улс 2010 онд төмөр замаар БНХАУ руу 3.3 сая тонн төмрийн хүдрийг экспортолсон бөгөөд “Болдтөмөр Ерөө гол” ХХК дангаараа 2.3 сая тонныг гаргажээ. Цаашид 2011-2015 онуудад, Төмөртэйн ордыг ашиглахад 6 сая гаруй тонн төмрийн хүдэр экспортлох магадлалтай байгааг ч Х.Баттулга дурдсан.

Харин ҮХШХ-ны дарга Ч.Хашчулуун “Улаан, Цавын холимог металлын баяжмалыг боловсруулах үйлдвэрийг 2015 оноос барьж эхэлнэ... Сайншандад коксын, хар төмөрлөгийн, нүүрс хийжүүлэх, зэс хайлуулах, барилгын материалын, газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг барьж хүнд аж үйлдвэрийн цогцолборыг байгуулна... Цагаан суваргын зэс, молибдений ордын олборлолтыг 2012 оноос эхлүүлж, катодын зэсийн үйлдвэрийг 2013 оноос ашиглалтанд оруулна” гэх зэрэг олон бүтээн байгуулалтыг дурдав.

Гэхдээ боловсруулах үйлдвэрлэл, олборлох үйлдвэрлэлээс ялгаатай нэг онцлог нь хүссэн хэмжээгээрээ экспортлох боломжгүйд оршиж байгаа. Учир нь манайх одоохондоо баяжуулсан, хагас боловсруулсан бүтээгдэхүүнээ хямд үнээр урд хөрш рүүгээ гаргаж байгаа болохоор Хятадын зах зээлд өрсөлдөх чадвартай байгаа. Гэтэл, жишээ нь, боловсруулсан төмрийг их хэмжээгээр үйлдвэрлээд Хятад руу гаргахад бэрхшээл учирч болох юм гэж зарим мэргэжилтнүүд хэлж байсан.

Тухайлбал, манай улс боловсруулсан төмөр экспортолж ашиг олж чадахгүй гэж Өмнөд Солонгосын “Поско” компани Монголд судалгаа хийхдээ дүгнэсэн байна. Нэгэнт л боловсруулсан төмөр экспортлохгүйгээс хойш танай улс дотоодын хэрэгцээндээ зориулж уламжлалт технологиор биш шинэ технологиор бага оврын төмрийн үйлдвэр байгуулах л ашигтай. Бид багаар бодоход 5 сая тонн хүртэлх төмөр боловсруулдаг үйлдвэр байгуулж өгнө. Түүнээс доош үйлдвэр манай технологиор байгуулвал ашиггүй гэж "Поско" компанийнхан зөвлөжээ.

Манай дотоодын төмрийн хэрэгцээ 200 зуу гаруй тонн. Ойрын ирээдүйд 1 сая тонн хүрэх төлөвтэй байгаа. Ер нь бол 1 сая хэтрэхгүй. Тиймээс төмрийн хүдрээс эцсийн бүтээгдэхүүн гаргахдаа зөвхөн дотоодын хэрэгцээндээ л зориулж үйлдвэрлэх хэрэгтэй. Харин завсарын бүтээгдэхүүнийг (аргалж, хорголжийг) экспортонд гаргах боломжтой гэж зарим мэргэжилтнүүд тооцоолж байна.

Цайр боловсруулах үйлдвэр байгуулсан ч гэсэн хүчин чадлын хувьд том биш бага оврын байвал манай зах зээлд илүү тохиромжтой гэнэ. Зургаа дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа Монголын анхны цайрын уулын баяжуулах үйлдвэр “Цайрт Минералс” ХХК-ийн тэргүүн дэд захирал С.Батхүүгээс ямар хэмжээний хүчин чадалтай цайр боловсруулах үйлдвэр байгуулвал тохиромжтой вэ? гэж асуухад “Бага хүчин чадалтай үйлдвэр байгуулах тохиромжтой болов уу. Жилдээ 20 мянга ч юм уу, 100 орчим мянган тонн үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байвал зүгээр байх. Зүүн бүсэд бол 100 орчим мянган тоннын хүчин чадалтай үйлдвэр байгуулах тохиромжтой” гэж хариулсан.

Чуулга уулзалтанд мөн алт цэвэршүүлэх үйлдвэр барих талаар илтгэл тавьсан. "Гложекс" группын ерөнхий захирал Л.Наранбаатар тавьсан илтгэлдээ, Монгол алтны арвин нөөцтэй улс. Тиймээс алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулахад эхний ээлжинд 2012-2015 оны хооронд жилд 15 тонн, дараа нь үүнийгээ өргөжүүлж 2016 оноос 40 тонн цэвэршүүлсэн алт гаргах хүчин чадалтай үйлдвэр байвал тохиромжтой гэсэн судалгааг бид хийсэн. Мөн байршилын хувьд алт цэвэршүүлэх үйлдвэрийг, хэдийгээр одоогийн байдлаар Сайншандын аж үйлдвэрийн цогцолборт барина гэж байгаа ч, олон улсын туршлагаас харахад олон улсын онгоцны буудалтай ойрхон байлгах нь зүйтэй. Алт цэвэршүүлэх үйлдвэрийн барилга байгууламж нь том биш авсаархан, эрчим хүч, ус маш бага шаардана. Олон улсын онгоцны буудалд ойрхон байснаар аюулгүй байдлыг хангаж, тээвэрлэлтийн зардлыг багасгахад тустай гэлээ. Гэхдээ тэрбээр “урт нэртэй” хууль байгаа нөхцөлд алт цэвэршүүлэх үйлдвэрийг барих тухай ярих утгагүй зүйл гэж бас хэллээ.

Мөн зэс хайлуулах үйлдвэр байгуулахад тулгарах эрсдэлийн талаар "Монгол-999" үндэсний нэгдэл ХК-ийн зөвлөх С.Дамбадаржаа илтгэл тавьсан. Тэрбээр, Сайншандын аж үйлдвэрийн цогцолборт жилд 300 мянган тонн зэс хайлуулах үйлдвэр байгуулахад анхаарах зүйл бол хүхрийн хүчил юм. 1 тонн зэс үйлдвэрлэхэд 3-4 тонн хүхрийн хүчил гардаг. Хүхрийн хүчлийг яах вэ? гэдгийг шийдэж байж л зэс хайлуулах үйлдвэрийг ашигтай ажиллуулна. Хэрэв Монголд 300 мянган тонн зэс гаргах үйлдвэр барьвал сая гаруй тонн хүхрийн хүчил гарна. Тиймээс хүхрийн хүчлийг ашиглаж бордоо хийж зарвал зэс хайлуулах үйлдвэр зэснээсээ биш харин дагалдах хүхрийн хүчлийг ашиглаж бий болгосон бүтээгдэхүүнээсээ илүү ашиг олно гэлээ.

300 мянган тонн зэсийг нэг тонныг 350 ам.доллароор зарахад сая орчим ам.долларын ашиг олох аж. Харин 1 сая гаруй тонн хүхрийн хүчлийг нэг тонныг нь 60 ам.доллароор бодоход 60 сая гаруй ам.доллар олох боломжтой. Гэтэл энэ хүхрийн хүчлээ ашиглаад бордоо хийвэл 150 сая орчим ам.доллар олох боломжтой ажээ. Тиймээс Сайншандын аж үйлдвэрийн паркад химийн үйлдвэрийг байгуулвал илүү ашигтай гэж С.Дамбадаржаа санал болгов.

Иймэрхүү сонирхолтой саналууд “Metals Mongolia-2011” чуулга уулзалтын үеэр гарч байлаа. Ер нь Монголд металлургийн салбар олигтой хөгжөөгүй, бараг бараг үүсэх шатандаа л хөгжиж байгаа гэж олон хүмүүс дүгнэж байсан. Тэдний нэг нь ЭБЭХЯ-ны Уул уурхай, хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга Б.Батхүү. Түүнтэй уулзаж чуулга уулзалтын ач холбогдлыг асуухад “Монголд одоо төрийн өмчит Дархан төмөрлөгийн үйлдвэр л хаягдал төмрийг хайлуулж, цувиад барилгын салбарт ашиглах төмрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Мөн гадны хөрөнгө оруулалттай жижиг оврын хар төмөрлөгийн хэдэн үйлдвэр энэ аргаар бас төмөр үйлдвэрлэж байгаа. Эрдэнэт үйлдвэрийн хажууд хүдрийн хаягдлаар маш бага хүчин чадалтай бас нэг үйлдвэр бий. Харин хувийн өмчит “Хөх ган” үйлдвэр Архангай аймагт олборлосон төмрийн хүдрээ хагас боловсруулж гаргадаг. Зэсийн хувьд бол Эрдэнэт үйлдвэр л ганцхан зэсийг хагас боловсруулж, баяжуулаад гадагш гаргаж байгаа. Тиймээс үндсэндээ Монголд металлургийн салбар хөгжиж чадаагүй. Үүнийг хөгжүүлэхийн тулд л энэ чуулга уулзалтыг хийж байгаа” гэж хариулав.

Чуулга уулзалтын сүүлд Засгийн газар, хувийн бизнес эрхлэгчдийн төлөөлөгчид чөлөөтэй санал бодлоо солилцоход өнгөрсөн жил болсон “Goal Mongolia” чуулга уулзалт шиг халуун маргаан үүссэнгүй. Ямартаа ч Засгийн газар металлургийн салбарыг хөгжүүлэхэд тууштай дэмжинэ гэдгээ илэрхийлэв. Гэхдээ боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд зангилаа бодлого дутагдаж байгааг ЭБЭХ-ний сайд хэлэв.
2011.11.4-5

1 comment:

Насанбаатар said...

ерөнхий агуулга авлаа, тоонд нь итгэхэд хэцүү байна, Тэр 1 сая доллар гэж одоо юу бичээ вэ, естой бодлоггүй бичжээ, Эрдэнэт үйлдвэр 120 мянган тонн зэс гаргаад 1 тэрбумыг бараг олоод байхад чинь