Saturday, 26 November 2011

Хөвсгөл нуур төрсөн нутгийн минь санагдуулсан

Вашингтоны гудамжаар бороотой өдөр алхаж явах үедээ Монголд хоёр жил ажилласан Олон улсын валютын сангийн суурин төлөөлөгч Пармершвар Рамлоган эрс тэс уур амьсгалтай манай орны нартай өдрүүдийг үгүйлэх нь гарцаагүй.

Өнгөрсөн бямба гарагт тэр гэр бүлийн хамт нутаг буцсан билээ. Нутаг буцахаас нь нэг өдрийн өмнө намрын шаргал наран цонхоор нь туссан ажлынх өрөөнд түүнтэй уулзахад тэрбээр Монголын нартай өдрүүдэд дуртай гэж байсан.

“Монголын зун сайхан. Би Карибын тэнгисийн Тринидад, Тобагогийн арлууд дээр төрсөн болохоор зуны улиралд дуртай. Миний төрсөн нутагт борооны, хуурай гэж хоёр л улирал байдаг. Ер нь Монголд нартай өдрүүд их болох юм. Өвөл ч гэсэн нартай сайхан өдрүүд олон. Гэтэл Вашингтонд өвөл жиндүү хүйтэн, бороотой өдрүүд их болдог. Хэдийгээр Монголд богинохон хугацаанд ажиллаж, амьдарсан ч би өөрийн гэр бүлийнхэнтэй хамт дурсамжтай сайхан олон мөчийг өнгөрөөлөө. Монголд ирж ажиллаж, амьдарсан энэ хугацаандаа Монголын ард түмний соёл, аж амьдралтай танилцлаа. Монголын байгаль үнэхээр үзэсгэлэнтэй. Би дэлхийн олон орноор явахдаа ийм үзэсгэлэнтэй байгальтай газар үзээгүй” гэж тэр ярьсан юм.

Түүнээс Монголд хийсэн ажлынх нь талаар болон Монголын эдийн засгийн өнөөгийн байдлыг асуув.

СТАНД-БАЙ ХӨТӨЛБӨР БҮТЭЛГҮЙТЭХ ВИЙ ГЭЖ САНАА ЗОВЖ БАЙСАН ҮЕ БИЙ

Засгийн газартай хамтран Станд-бай хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэндээ Пармершвар Рамлоган сэтгэл хангалуун явдгаа илэрхийлэхдээ “ОУВС-гийн Монголд амжилттай хэрэгжсэн анхны хөтөлбөр миний ажиллах хугацаанд таарсанд би их баяртай байдаг. Монголын Засгийн газар, ОУВС хоёр үнэхээр сайн хамтран ажилласан. Бидний харилцаа нэг нэгнээ хүндэтгэсэн, халуун дотно уур амьсгалтай байсан” гэж хэлэв.

Гэхдээ санал зөрөх асуудал байсныг тэр нуусангүй. Хөтөлбөр бүтэлгүйтэх вий гэж заримдаа санаа зовдог байж. Хөтөлбөр хэрэгжих үед суурин төлөөлөгч нойргүй хонох ч тохиолдол гардаг байсан байна. Вашингтон, Улаанбаатарын цагийн зөрөөнөөс болж, өдөр нь ажлаа хийсний дараа шөнө дөл болтол төвтэйгээ харилцаж гэртээ ажилладаг байж.

Чухам ямар асуудлаар санал зөрөлддөг байсныг түүнээс асуухад “Төсвийн бодлогыг хэрэгжүүлэхэд их санал зөрсөн. Бид Засгийн газрыг илүү чанга төсвийн бодлого хэрэгжүүлж, зарлагыг багасгахыг шаардсан. Одоо ч гэсэн бид энэ оны төсвийн тодотгол хийх шаардлагагүй гэж үзэж байгаа. Учир нь төсвийн зарлага ихэссэн нь инфляци өсөхөд нөлөөлсөн” гэж хариулав.

ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХИЙВЭЛ БОДЛОГЫН ХҮҮГ НЭМЭХЭЭС ӨӨР АРГАГҮЙ

Хэрэв Засгийн газар 2011 оны төсөвт тодотгол хийн, зарлагаа нэмбэл Монголбанк бодлогын хүүгээ одоо байгаагаасаа улам нэмэх шаардлагатай болно гэж Пармершвар Рамлоган үзэж байна.

“Засгийн газрын зарлага дахин нэмэгдвэл инфляцийн дарамтыг улам ихэсгэнэ. Одоо ч гэсэн инфляцийн дарамт их байна. Эдийн засаг хурдан тэлж, хэт халж байна. Энэ үед Засгийн газрын зарлага нэмэгдвэл дотоодын үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, хэрэгцээг хангаж чадахгүй инфляцийг өсгөнө. Энэ нь ядуу, эмзэг бүлгийнхэнд л илүү хүндээр тусна. Тиймээс л бид төсвийн тодотгол хийхийг дэмжихгүй байгаа. Хэрэв Засгийн газар инфляцийг үл хайхран зарлагаа нэмэгдүүлвэл Монголбанк мөнгөний бодлогын байр сууриа хатууруулж, бодлогын хүүгээ өсгөх шаардлагатай болно. Засгийн газрын зарлага нэмэгдэхэд хувийн салбарынхан агших шаардлагатай нөхцөл байдал үүснэ. Энэ бол төсвийн тодотгол хийсний нэг үр дагавар... Мэдээж мөнгөний бодлогыг чангалвал зээлийн хүү өсөх нь ойлгомжтой. Зээлийн хүүг нэмвэл бизнес эрхлэгчдэд сөргөөр нөлөөлнө. Харамсалтай нь үүнээс өөр арга байхгүй. Хэрэв инфляцийн эсрэг арга хэмжээ авахгүй бол байдал улам дордож мэднэ. Гэхдээ төсвийн тодотгол хийгээгүй байлаа ч инфляцийн дарамт их байгаа болохоор Монголбанк мөнгөний бодлогоо сулруулж болохгүй.”

“Инфляци бууруулахад мөнгөний бодлогыг чангалахаас өөр арга байхгүй юу?” гэж түүнээс асуухад “Инфляци өсч, буурах гол шалтгаан нь Засгийн газрын зарлага. Тиймээс инфляцитэй тэмцэнэ гэвэл төсвийн зарлагыг л хянах ёстой. Монголын эдийн засагт төсвийн бодлогоос л бүх юм хамаарч байна. Мөнгөний бодлого ч мөн төсвийн бодлогод хариу арга хэмжээ авсан байдалтай байгаа тул инфляцийг бууруулахад төсвийн бодлогыг л хумих ёстой. Монголд мөнгөний бодлого олон зүйлийг хийж чадах боловч ганцаараа инфляцийг бууруулж чадахгүй. Инфляцийн эсрэг хамгийн түрүүнд төсвийг бодлогыг хумиж тэмцэх ёстой” гэж хариулав.

Тэрбээр мөн, эрдэс баялгийн дэлхийн зах зээлийн үнээс шууд хамаарч төсвийн бодлого тодорхойлогдож байсныг болиулахын тулд УИХ Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталсан. Энэ хуулийн гол санаа бол дэлхийн зах зээл дээр эрдэс баялгийн үнэ өндөр байхад Засгийн газар зарлагаа нэмэлгүй, хуримтлал үүсгэнэ. Харин эрдэс баялгийн үнэ унаж, улсын төсвийн орлого багасахад, хуримтлуулсан хөрөнгөө ашиглаж, төсвөө танах шаардлагагүй байхад оршино гээд “Гэтэл энэ жил Засгийн газар тэртэй тэргүй алдагдалтай баталсан төсөвтөө тодотгол хийх гээд байгаа нь 2008 хямралын өмнөх үеийг санагдуулж байна” гэв.

ХУУЛЬ ТОГТООХ, ГҮЙЦЭТГЭХ ЗАСАГЛАЛЫН ЗААГ БҮДЭГ
Пармершвар Рамлоган Монголын улс төр, эдийн засаг хоёр салшгүй холбоотой байдгийг сайтар ойлгосон байна. Түүний ажиллаж байсан олон улсад улс төр, эдийн засаг хоёр нь манайх шиг нягт холбоотой байгаагүй гэнэ.

“Монголд улс төр, эдийн засгийг ялгаж салгах боломжгүй. Яагаад гэвэл Монгол хүчтэй парламенттай орон. Монголын парламент бусад орныхтой харьцуулахад эдийн засагт их нөлөөтэй. Тиймээс бид Монголын парламентийн гишүүдтэй их ойр ажиллах шаардлага гарсан. Зөвхөн Засгийн газар, мэргэжилтнүүдтэй ярилцаад асуудлыг шийдэх боломжгүй. Заавал ч үгүй, УИХ-ын гишүүдтэй уулзаж, бодлогын зөвлөмжөө тайлбарлах шаардлагатай байсан. Өмнө нь миний ажиллаж байсан улс орнуудад ингэх шаардлага гарч байгаагүй. Харин Монголд л би улс төрчидтэй уулзаж ажлаа танилцуулж, итгүүлэхэд их цаг зарцуулсан. Монголд хууль тогтоох, гүйцэтгэх засаглал хоёрын зааг ялгаа их бүдэг байна” гэж тэр хэлж байлаа. Дашрамд дурдахад, Пармершвар Рамлоган Латин Америк, Өмнөд Африк, Карибын тэнгисийн улс орнууд гээд олон улсад ажиллаж байжээ.

ХӨГЖЛИЙН БАНК ТӨСВИЙН ЗАРЛАГЫГ НУУХ ХЭРЭГСЭЛ БОЛОХ ВИЙ
Хөгжлийн банкыг улсын төсвөөс гадуур зарлага нэмэгдүүлэх нэг хэрэгсэл болох вий гэж ОУВС сэрэмжүүлэх болсон. Үүнийг Пармершвар Рамлоганаас тодруулж асуухад тэрбээр ингэж хариуллаа.

“Хөгжлийн банк бол арилжааны банк байх ёстой. Үйл ажиллагаагаа санхүүжүүлэх чадвартай арилжааны банк байхын тулд зарлагаа нөхөх боломжтой, ашиг олох төслүүдийг санхүүжүүлэх учиртай. Гэтэл Хөгжлийн банкны төлөвлөгөөнд одоогоор ийм зүйл байхгүй байна. Хөгжлийн банк дэд бүтэц, барилга, төмөр зам гэх мэт шууд орлого олох боломжгүй төслүүдийг санхүүжүүлэхээр яригдаж байна. Хэрэв Хөгжлийн банк зээл авч эдгээр төслүүдийг санхүүжүүлсний дараа ямар ч ашиггүй байвал зээлийн эргэн төлөлтийг төсөвт л найдахаас өөр аргагүй болно. Эндээс харахад эцсийн эцэст улсын төсөв л дээрх төслүүдийг хэрэгжүүлж байгаа санхүүгийн эх үүсвэр гэдэг нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын төслүүд эцсийн эцэст төсвөөс санхүүжих атлаа төсөвт тусгагдаагүй Хөгжлийн банканд харьяалагдаж байдаг. Тиймээс л бид Хөгжлийн банк, Засгийн газрын төсвөөс гадуурх зарлагын хэрэгсэл болж байна гэж үзэж байгаа юм. Засгийн газар зарим зарлагаа Хөгжлийн банк руу шилжүүлснээр цаасан дээр харьцангуй зарлага багатай мэт харагдах болно. Гэвч яг бодит байдал дээрээ бол энэ бол Засгийн газрын зарлага.”

СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ СҮҮНД ОРООД БУЦЖЭЭ
Хэдийгээр нүүдэл суудал хийгээд завгүй байсан ч тэрбээр цааргалж түдгэлзсэнгүй ийнхүү ярилцлага өгсөн. Ер нь их энгийн хүн. Тэрбээр зургаан хүүхэдтэй өнөр өтгөн айлын дөрөв дэх хүүхэд. Гурван ахтай, эмэгтэй, эрэгтэй нэг дүүтэй. Харин өөрөө дөрвөн хүүхэдтэй. Нэг хүү, гурван охинтой. Том хүү нь 30-тай бол том охин нь 28 настай. Түүний дараах нь 20 настай одоо их сургуульд сурдаг. Бага охин маань Монголд эцэг эхтэйгээ хамт амьдарч энэ хавар дунд сургууль төгссөн. Одоо Канадад суралцаж байгаа гэнэ. Тэрбээр Монголын байгаль, зуны улиралд дуртай. Ноднин зун Хөвсгөл нуурыг очиж үзээд төрсөн нутгаа санасан гэнэ. Цэвэр тунгалаг Хөвсгөл нуурын ус түүнд төрсөн нутаг дахь Карибын тэнгисийг нь санагдуулжээ.

Хоёр жил гаруй Монголд ажиллахад нэг бэрхшээл нь Вашингтон, Улаанбаатарын цагийн ялгаа. Нөгөө бэрхшээл нь мах байсан гэнэ. Монгол дахь ажил нь дуусахад Вашингтонд ажлын цаг эхэлж байдаг болохоор зарим үед гэртээ очоод үүр цайтал төвтэйгээ холбогдож ажилладаг байж. Харин махны хувьд гэвэл тэрбээр угаасаа мах иддэггүй ногоон хоолтон учир монгол найз нөхдийнхөөрөө зочилохоос авахуулаад ажлаар хөдөө гадаа явахад нь хоол ундны асуудал байнга тулгардаг байсан байна.

Анх Монголд ирэхдээ тэр мах байтугай сүү, сүүн бүтээгдэхүүн ч хэрэглэдэггүй, ер нь малын гаралтай ямар хоол хүнс хэрэглэдэггүй жинхэнэ ногоон хүнстэн байжээ. Харин Монголоос буцахдаа сүү, айраг уудаг болж цагаан хоолтон болсон байна.

Мэдээж зунд дуртай хүн, өвөлд дургүй байх нь ойлгомжтой. Өвөл түүний хамгийн дургүй зүйл нь олон хувцас давхарлаж өмсөх. “Олон хувцас давхарлаж өмсөхөөр биед эвгүй байдаг юм. Гэртээ очоод бараг арван минут хувцсаа тайлах гэж зүдэрдэг” гэж хошигнон хэлж байсан. Гэхдээ Монголын өвөл санасныг нь бодоход харин ч гайгүй байсан гэнэ. Монголд ирэхээс нь өмнө хүмүүс Монголын өвлийн тухай ярихыг сонсоод тэр эмээж байжээ. Харин ирээд хуурай уур амьсгалтай Монголд өвлийн нартай өдрүүд олон болдгийг тэр мэджээ.

Вашингтонд очоод ОУВС-ийн удирдах дээд байгууллагын ажлын албанд ажиллах юм байна. Энэ удирдах дээд байгууллага нь ОУВС-ын үйл ажиллагааг ерөнхийд нь удирдаж, шийдвэр гаргадаг байгууллага тул Монголд хийж байсан ажлаас нь арай ондоо гэнэ.

Ийнхүү хоёр жилийн өмнө Монголын эдийн засаг хямарч байхад ирсэн ОУВС-гийн суурин төлөөлөгч Монголын эдийн засаг сэргэж байх үед нутаг буцлаа.

2011.10

No comments: