Sunday, 23 October 2011

НҮҮРСНИЙ ЭРИН БОГИНОХОН

Монголыг зорьсон хоёр америк онгоцонд зэрэгцэж суугаад нисч явжээ. Нэг америк нь Монголд уул уурхайн томоохон компанид ажилладаг. Нөгөөх нь америкийн нэгэн төрийн бус байгууллагын тэргүүн. Тэр хоёр Монголын уул уурхайн хөгжлийн талаар ярилцаж, санал бодлоо солилцож байтал уул уурхайн компанид ажилладаг америк нь:
-Монгол, Хятадыг нүүрсээр 300 жил хангах нөөцтэй гэж хэлэхэд нөгөөх нь:
-Монгол, Хятадыг өөр эрчим хүчний хямд үүсвэр бий болтол нүүрсээр хангах нөөц бий гэж хариулсан гэнэ.

Монгол, Хятадыг өөр эрчим хүчний хямд үүсвэр бий болтол хангах нөөцтэй гэж учир битүүлэг хариулсан эрийг Стив Фриш гэнэ. Тэрбээр АНУ-ын Калифорни мужийн “Сьерра Бизнес Зөвлөл” ТББ-ын тэргүүн. Түүний Монголд ирсэн нэг зорилгыг нь товчоор хэлбэл, Америкийн уул уурхайн туршлага, алдаа оноог монголчуудад танилцуулах, мөн Монголын уул уурхайн зөв зүйтэй бодлогоос суралцаж Америкт нэвтрүүлэх...

Тэрбээр хоёр орон уул уурхайн салбарт харилцан бие биенээсээ суралцах зүйл их байна гэж үздэг. Гэхдээ хэрэв уул уурхайн салбар хөгжсөн хугацаа, хоёр улсын хөгжлийн түвшинг харьцуулвал хэн нь багш, хэн нь шавь байх нь ойлгомжтой. Стив Фриш “Өнөөдөр уул уурхайн салбарт гаргасан шийдвэр ирээдүйн Монголын олон зүйлд нөлөөлөх болно” гэж хэлэхэд үнэмшихгүй гээд ч яахав. Америкчууд, биднийг газартаа гадас шаахаас ч цээрлэдэг үед “нинжатай” байсан улс шүү дээ.

Бидний нинжа гэж нэрлэдэг хувиараа алт олборлогчдыг Америкт зэрлэг муур (wild cat) гэж нэрлэдэг байсан байна. Тэдний хийсэн зуун тавин жилийн өмнөх “үйлийн үрийг” одоо хүртэл америкийн татвар төлөгч нар төлсөөр л байдаг гэнэ.

Зэрлэг муурнуудын орхиод явсан олон уурхайн байгаль орчныг АНУ-ын Засгийн газар татвар төлөгчдийн мөнгөөр нөхөн сэргээсээр байгаа гэнэ. “Бүр 150 жилийн дараа сая сая долларыг жил бүр байгаль орчны нөхөн сэргээлтэд зарцуулж байна. Гэтэл энэ нь бас хангалтгүй. Бид сая сая долларыг жил бүр зарцуулсаар атал миний амьдардаг Калифорни мужийн Сьерра Невадад гэхэд л 47 мянган нөхөн сэргээлгүй орхисон уурхай бий. Тиймээс танай Засгийн газар уул уурхайг одоо л зөв зохицуулж зуун жил, хоёр зуун жилийн дараа байгаль орчны нөхөн сэргээлтэд ямар их хэмжээний зардал гарч болохыг бодолцох хэрэгтэй” гэж Стив Фриш хэлсэн юм.

150 жилийн дараа зөвхөн төсөв хохироогүй харин хүний эрүүл мэнд ч хохирсоор байгаа гэнэ. “Манай гол мөрөнд мөнгөн ус байсаар л байна. Мөнгөн усыг бид 150 жилийн дараа ч бүрмөсөн цэвэрлэж чадаагүй. Манай мужийн оршин суугчдын биед мөнгөн ус байсаар байна” гэж тэр ярьсан.

Америкийн Калифорни муж бол газар доорх болон газар дээрх байгалийн баялаг ихтэй муж ажээ. Мод, ус, алт гэх мэт байгалийн баялагтаа тулгуурлаж уг муж хөгжсөн байна. 1850-1900 оны хооронд дэлхийд хамгийн их алтыг Калифорни мужид олборлож байжээ.

“Тэр үед одоогийн Монгол шиг нинжа нар ч их байсан. Эхлээд ямар ч хууль дүрэм, зохицуулалт байгаагүй. Байгаагүй учраас хэдэн сая тонн мөнгөн ус манай мужийн гол мөрөнд орсон. Маш ч их хор хөнөөл учруулсан. Гол мөрөн мөнгөн ус, хүнцэл гэх мэт химийн хорт бодисуудаар хордсон. Тухайн үед алт олборлох хамгийн зохимжтой аргыг хайж ус ашиглаж олборлох болсон. Үүнээс болж Калифорнийн тал нутаг голоор урсан ирэх сая сая тонн шорооны улмаас 6 см өндөрссөн. Мөн мөнгөн усыг зохицуулах гэж үзсэн. Ер нь өнөөгийн хууль дүрэм зохицуулалттай болтол 50-75 жилийн хугацаа шаардагдсан.”

“Тиймээс бид байгаль орчны бодлогыг хэрхэн зөв хэрэгжүүлэх вэ гэдэг асуудалтай бодиттойгоор тулгарч байлаа. Байгалийн баялгийг хэрхэн зөв зохистой ашиглаж орон нутгийн оршин суугчдад болон улс орны хөгжилд хэрхэн үр өгөөжтэй болгох вэ гэдгийг олон жил хэлэлцсэн” гэж Стив Фриш мөн ярьж байсан.

“Сьерра Бизнес Зөвлөл” ТББ нь орон нутгийн тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд анхаарч ажилладаг гэнэ. Орон нутгийнхаа оршин суугчдад болон америкийн нийт ард иргэдэд үр өгөөжтэй, байгаль орчинд ээлтэй бодлогыг хэрэгжүүлэхэд тэд бас анхаардаг байна. Мөн төр, хувийн бизнес, төр бус байгууллагын уялдаа холбоог сайжруулах үүргийг ч гүйцэтгэдэг ажээ.

Стив Фриш Монголд ирж холбогдох албаны хүмүүс болон МУИС-ын оюутнуудтай уулзаж ярилцжээ. Тэрээр тэдэнтэй олон зүйлийн талаар санал бодлоо солилцсоны нэг нь Монголыг хүлэмжийн хийг бууруулахын тулд хөгжилтэй улс орнуудад бий болсон “нүүрсхүчил, хүлэмжийн хийн зах зээл”-ийн сүлжээнд орохыг санал болгосон явдал юм.

“Нүүрсхүчил, хүлэмжийн хийн зах зээл”-ийн сүлжээг энгийнээр тайлбарлавал хүлэмжийн хийгээ бууруулж чадахгүй, зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү ялгаруулж байгаа үйлдвэр, компаниуд хүлэмжийн хийг бага ялгаруулдаг үйлдвэр, компани, улс оронд тодорхой хэмжээний төлбөр төлж “оноо авах” боломжтой байдаг юм байна. Тэд мөн хүлэмжийн хийг бууруулах төслийг санхүүжүүлж “гэмээ цайруулж” болох ажээ. “Сьерра Бизнес Зөвлөл” ч хүлэмжийн хийг бууруулах олон төслийг хэрэгжүүлдэг ажээ.

Хэрэв манай улс нүүрсхүчил, хүлэмжийн хийг бууруулж цэвэр агаартай улс болж чадвал “нүүрсхүчил, хүлэмжийн хийн зах зээл”-ийн сүлжээнд орох ашигтай мэт надад санагдаж байлаа. Жишээлбэл, гэр хороололд амьдардаг иргэн Бат утаагүй зуух ашигласныхаа төлөө тодорхой хэмжээний мөнгийг Америкийн нэгэн компаниас авах боломжтой болно.

Түүнээс мөн би Калифорни мужид уурхайн нөхөн сэргээлтийг яаж зохицуулдгыг лавлаж асуусан юм. Түүний хэлснээр бол Калифорнид уурхайн олборлолт эхлэхээс өмнө нөхөн сэргээлт хийх нийт хөрөнгийг тогтоогоод, төлөвлөгөө хийсэн байхыг шаарддаг гэнэ. Түүний дараа олборлолт эхлэхэд тодорхой хэмжээний мөнгийг орлогоосоо нөхөн сэргээлтийн санд тогтмол хуримтлуулж байхыг бас шаарддаг ажээ.

Калифорнид харин нүүрсний уурхай байдаггүй гэнэ. Гэхдээ энэ нь Стив Фришийг Монголын нүүрсний талаар өвөрмөц санал дэвшүүлэхэд садаа болсонгүй. Түүний хэлсэн санаа бол шинэлэг бөгөөд бодууштай. Тэрбээр хэдийгээр Монголд маш их нүүрсний нөөц байгаа ч энэ нөөцөө бид дуусгаж амжаагүй байтал дэлхий нийтэд сэргээгдэх эрчим хүчний үнэ өртөг нүүрснээс ч хямд болж нүүрс олборлож ашиг олох боломжгүй болно гэж үзэж байна.

“Монголын нүүрсийг би их сонирхсон. Одоохондоо нүүрс олборлож, Хятадад зарах их ашигтай байна. Учир нь хямд. Харин нар, салхиар ажилладаг сэргээгдэх эрчим хүч үнэтэй байгаа. Гэхдээ ирээдүйд шинэ технологи, санаачилга сэргээгдэх эрчим хүчний үнийг бууруулна. Харин нүүрсний хувьд бол зах зээлийн өрсөлдөөний улмаас үнэ нь улам өснө. Тодорхой хугацааны дараа нүүрс, сэргээгдэх эрчим хүчний үнэ солигдож, нүүрс үнэтэй, сэргээгдэх эрчим хүч хямдрах нь гарцаагүй. Тэгсэн цагт Монголд гурван зуун жил ашиглах нүүрсний нөөц байлаа ч ашиггүй болно. Тиймээс монголчуудын нүүрсэнд тулгуурлаж улс орноо хөгжүүлэх хугацаа богинохон байж мэдэх юм. 300 жил биш 30 жил ч байж мэднэ” гэж тэрбээр сануулаад уул уурхайгаас олж байгаа ашиг орлогоороо ирээдүйд хэрэгтэй сэргээгдэх эрчим хүч, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаанд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй гэж байлаа.

Гэхдээ нүүрсний эрин богино гээд дэвшилт техник технологи ашиглалгүй, нөхөн сэргээлт хийлгүй хамаа замбараагүй ухаад байхгүй байлгүй гэж тэр бас найдаж байгаагаа илэрхийлсэн.

“Ирээдүй бол сэргээгдэх эрчим хүч. Сэргээгдэх эрчим хүчинд маш их хөрөнгө оруулалт хийгдэж хурдан хөгжиж байгаа. Монголын нүүрсний орлого сэргээгдэх эрчим хүчний хөгжлөөс шалтгаалж татарч мэднэ. Сэргээгдэх эрчим хүч хямдрахад Монголын нүүрсээ зарах зах зээл хумигдана” гэж Стив Фриш дахин дахин хэлж байлаа. Америк сэргээгдэх эрчим хүчинд тэрбум тэрбумаар доллар зарцуулж байгаа гэнэ.

Тэрбээр мөн уул уурхайгаас олсон орлого тухайн орон нутгийнхаа хөгжилд үр шимээ өгч байх чухал. Хэрэв уул уурхайн компаниуд орон нутгийн хөгжилд тус дэм болохгүй байгаа бол оршин суугчид нь асуулт асуух нь мэдээжийн хэрэг. Бид орон нутгийнхаа томоохон үйлдвэрүүдэд нутгийн иргэдийг ажиллуулахад их цаг зарцуулдаг. Ур чадвар шаардсан, өндөр цалинтай ажилд орон нутгийн иргэдийг сургаж, бэлдэж авахыг бид том компаниудаас шаарддаг. Тэгж байж л цалин, ур чадвар тухайн газартаа шингэнэ гэж ярьж байсан.

Мөн түүнээс Америкт олон нийтийн хяналт уул уурхайн салбарт хэр байдаг вэ? гэж асуухад, харин өөдөөс “Би нэг зүйлийг асуумаар байна. Хэрэв Засгийн газар хуулиа хэрэгжүүлж чадахгүй байгаа бол иргэд хуулийн хэрэгжилтийг хянах хууль эрхзүйн тогтолцоо Монголд бүрдсэн үү?” гэж асуусан юм. Байдаг л байх. Гэхдээ байнга л орон нутгийн иргэд, төрийн бус байгууллагууд уул уурхайн компаниудыг эсэргүүцэж, жагсдаг гэж би түүнд хариулсан...

No comments: