Wednesday, 26 October 2011

НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ МОНГОЛ УЛС

Тавин жилийн өмнө, 1961 оны 10 дугаар сарын 27-нд Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болов.

НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 16 чуулганы 1043 дахь бүгд хурлаар гаргасан 1630 дахь тогтоолд: 1961 оны 10 дугаар сарын 25-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүнээр элсүүлэхийг шийдсэн Аюулгүйн Зөвлөлийн зөвлөмжийг хүлээн авч, мөн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын гишүүнээр элсэхийг хүссэн өргөдлийг харгалзан үзсэний үндсэн дээр Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн болохыг зөвшөөрөв гэжээ.

15 жил уйгагүй тэмцэлдэж байж манай улс НҮБ-ын 101 дэхь бүрэн эрхт гишүүн болжээ. Манай улстай хамт нэг өдөр Исламын Бүгд Найрамдах Мавритани Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсон байна.

Анх 1946 онд манай улс НҮБ-д элсэх өргөдлөө өгснөөс хойш бараг жил бүр элсэх өргөдлөө шинэчилжээ. Монгол Улсыг НҮБ-ын гишүүнээр элсүүлэх асуудлыг 1946-1961 оны хооронд Ерөнхий Ассемблейн чуулганаар нийт 13 удаа ямар нэг хэлбэрээр хэлэлцсэн байна.

Дэлхийн II дайны дараа НҮБ дэлхийд шинэ дэглэм тогтоож, хүчний харилцааг зохицуулахад хамгийн чухал нөлөөтэй байгууллага болон хувирсан. Хэрэв дэлхийн улс орнуудад хүлээн зөвшөөрөгдөж, олон улсын харилцаанд идэвхтэй оролцох гэвэл НҮБ-д элсэн орох зайлшгүй шаардлагатай болсон. Энэ шаардлагыг монголчууд мэдэрч тус байгууллагад элсэхийг зорьсон боловч тухай үеийн хоёр том үзэл суртлын сөргөлдөөний улмаас хүсэл нь биелэхгүй удаан хүлээжээ.

Тавин жилийн өмнөх энэ өдрийг орчин үеийн Монголын түүхийн эргэлтийн үе гэж түүхчид үздэг. Манай улс тухайн үеийн зөвхөн социалист улс орнууд биш мөн капиталист улс орнуудыг багтаасан олон улсын хамтын нийгэмлэгт элсэн орсон нь дуу хоолойгоо дэлхий нийтэд хүргэж, “цөлөгдмөл” байдлаасаа гарах түүхэн боломжтой болсон юм.

Хамгийн гол нь тухайн үеийн НҮБ-ын гишүүн 100 тусгаар улсаар тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлж, баталгаажуулсан нь үнэлж баршгүй үр өгөөжийг өгсөн. 1961 оноос өмнө манай улс нийт 19 социалист болон хөгжиж буй улс орнуудад дипломат харилцаатай байсан байна. Харин НҮБ-д элссэнээс хойш олон улс оронтой дипломат харилцаа тогтоох боломжтой болсон бөгөөд 1963 онд өрнөдийн орнуудаас хамгийн түрүүнд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улстай дипломат харилцаа тогтоожээ.
Мөн НҮБ-д элссэн нэг чухал үр өгөөж бол, олон улсын хамтын нийгэмлэгийн гишүүн улсын хувьд НҮБ-ын тусламж дэмжлэгийг авах эрхтэй болсон юм. 1963 оноос хойш манай улс НҮБ-аас 200 сая гаруй ам.долларын тусламж тэтгэлэг, техникийн тусалцаа авсан гэж Монгол дахь НҮБ-ын вебсайт дээр мэдээлсэн байна.

Монгол Улс НҮБ-д элссэн ач холбогдлыг Монгол Улсын ГХЯ-ны сайд асан Ц.Гомбосүрэн ингэж дүгнэсэн байна: Монгол Улс тусгаар тогтнолоо зарласнаас хойш гол тэмцсэн асуудал бол тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх байлаа. Хятадаар хүлээн зөвшөөрүүлэх гэж 25 жил болсон. ЗХУ 1921 онд Ардын засгийн газрыг хүлээн зөвшөөрсөн. 1924 оны 11 дүгээр сарын 26-нд Бүгд Найрамдах Монгол Улсыг тунхагласан. Гэтэл 1924 оны 5 дугаар сард байгуулсан Орос, Хятадын харилцааны зарчмын тухай гэрээнд Монгол бол Хятадын салшгүй хэсэг гэж бичсэн байдаг. Энэ гэрээ 1946 он хүртэл хүчин төгөлдөр байлаа. Тэгэхээр ЗХУ, Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн нь олон улсын эрх зүйн үүднээс үзэхэд тодорхой биш байсан юм. Харин Дэлхийн II дайны дараа 1945 онд дэлхий дахины байдал өөр болсон… НҮБ-д элсэж тусгаар тогтнолоо дэлхийн хэмжээнд баталгаажуулна гэдэг үнэхээр чухал үйл явдал байсан гэжээ.

НҮБ-ЫН ТОВЧ ТҮҮХ
“Нэгдсэн үндэстнүүд” (United Nations) гэдэг үгийг анх АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельт 1941 онд хэрэглэжээ. Дэлхийн II дайны үед, 1942 онд, дэлхийн 26 үндэстний Засгийн газар фашизмтай хамтран тэмцэхээ амлаж “Нэгдсэн Үндэстний тунхаглал”-ыг гаргажээ.

НҮБ-аас өмнө, Дэлхийн I дайны үед байгуулагдсан, олон улсын хамтын ажиллагаа, аюулгүй байдал, энх тайвныг хөхиүлэн дэмжих Үндэсний Лиг гэж байсан байна. Гэвч тус байгууллага үүргээ гүйцэтгэж чадалгүй Дэлхийн II дайныг гаргасан тул 1945 онд дайнд ялагч холбоотнууд голлон НҮБ-ыг байгуулжээ.

1945 онд холбоотны 50 орны төлөөлөгчид АНУ-ын Сан-Франциско хотод чуулж НҮБ-ын дүрмийн төслийг боловсруулсан байна. Эдгээр 50 орны төлөөлөгчид ЗХУ, Хятад, Их Британи, АНУ-ын гаргасан саналуудад тулгуурлан дүрмийн төслийг боловсруулжээ. Энэхүү дүрмийн төсөлд, хожим нэгдсэн Польш улстай нийлээд 51 улс 1945 оны 6 дугаар сарын 26-наас гарын үсэг зуржээ.

1945 оны 10 дугаар сарын 24-нд Хятад, Франц, ЗХУ, Их Британи, АНУ зэрэг их гүрнүүд 51 улсын гарын үсэг зурсан дүрмийн төслийг баталгаажуулснаар НҮБ албан ёсоор мэндэлсэн гэж үздэг. Тиймээс жил бүрийн 10 дугаар сарын 24-нийг НҮБ-ын өдөр гэж дэлхий нийтэд тэмдэглэдэг билээ.

МАВРИТАНИД ТАВИН ЖИЛИЙН ОЙН МЭНД ХҮРГЭЕ
Тавин жилийн өмнө энэ өдөр америкийн дипломатч Алберт Хенсинг албаны машинтайгаа Баруун, Зүүн Германыг тусгаарласан Берлиний хананд дөхөж очсоноос болж Зөвлөлт, Америкийн танкууд өөдөө өөдөөсөө хошуугаа чиглүүлэн, тусгаарлах зурвасын наана цаана 16 цаг зогсчээ. Энэ үйл явдлыг түүхэнд Берлиний хямрал гэж нэрлэжээ.

Мөн америкчууд саранд хүрэхэд чухал бэлтгэл ажил болсон Сатурн пуужинг огторгуйд хөөргөсөн бол ЗХУ Новая Земля, Сары-Шаганд цөмийн бөмбөгийн туршилтыг хийсэн байна.

Дээрх гурван үйл явдал тухайн үеийн уур амьсгалыг юунаас ч илүү тод харуулна. Социалист, капиталист нийгэм сөргөлдөж, цөмийн зэвсгээр өрсөлдөж байсан үе. 1961 оны 4 дүгээр сарын 12-нд ЗХУ сансарт анхны хүнийг нисгэсэн тул АНУ түрүүлж саран дээр хүн буулгахаар зорьж байжээ.

Мөн онд болсон нэгэн эмгэнэлт явдал бол НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Даг Ха́ммаршельд 9 дүгээр сарын 18-нд Конго руу энхийг сахиулах үйлсээр очиж байгаад онгоцны осолд орж зуурдаар нас барсан явдал юм. Тэрбээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албыг 1953 оноос хойш хашжээ. 1961 онд Ха́ммаршельд социалист улс орнуудын зүгээс нэлээн зэмлэлийг хүртсэн бөгөөд тэр жил НҮБ-ын эдийн засгийн байдал хүндхэн байсан байна.

1961 онд НҮБ-д Монгол, Мавритани, Сьерра Леон, Танганьи́ка гэсэн дөрвөн улс элссэн байна. Өмнөд Африкт оршдог Танганьика тусгаар тогтноод тавхан хоноод л НҮБ-ын гишүүн болсон байх юм. Тус улс 1961 оны 12 дугаар сарын 9-нд тусгаар улс болсон бөгөөд 12 дугаар сарын 14-нд НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсон байна. Гэтэл бид 15 жил хүлээж байж бүрэн эрхт гишүүн болсон билээ. Энэ нь манай тусгаар тогтнол, том гүрнүүдийн сөргөлдөөнөөс болж ямар эгзэгтэй байдалд орсон байсныг батална.

Танганьика Улс сүүлд нь мөн НҮБ-ын гишүүн Занзибар улстай 1964 онд нэгдэж Бүгд Найрамдах Нэгдсэн Танзани Улсыг байгуулж, НҮБ-д шинэ нэрээр бүртгэгдсэн байна. Занзибар Улс 1963 оны 12 дугаар сард Их Британийн колончлолоос суларч, тусгаар тогтноод л тэр сардаа багтан, тодруулбал 12 дугаар сарын 16-нд НҮБ-ын гишүүн болсон ажээ.

Дээрх хоёр улс Монголтой харьцуулахад гэрлийн хурдаар НҮБ-ын гишүүн болжээ. Ер нь, хэрэв түүхийг нь жаахан үзвэл, Африкийн улсуудыг НҮБ-д оруулахын тулд тусгаар тогтносон улс болгож байгаад л бөөндөөд байсан мэт сэтгэгдэл төрнө. Манай улс бол НҮБ-ын гишүүн болох гэж хамгийн удаан хүлээсэн улс биш юмаа гэхэд удаан хүлээсэн улсуудын нэг мөн. Энэ бүгдээс бас нэг дүгнэлтийг хийж болно. Тухайн үед их гүрнүүд жижиг улс орнуудын хувь заяаг бүрэн атгаж байжээ... Мөн өөрийн талын улс орнуудыг НҮБ-д гишүүнээр оруулах нь Аюулгүйн Зөвлөлд багтсан их гүрнүүдэд ашигтай ч байж. Үүнээс гадна манай улсыг НҮБ элсүүлэх асуудалд Аюулгүйн Зөвлөлд багтсан хоёр том гүрэн Орос, Хятад эсрэг тэсрэг байр суурьтай байсан нь нөлөөлсөн нь мэдээж. Мөн ЗХУ бол хэдийгээр дайнд ялсан хүчирхэг гүрэн байсан ч тухайн үеийн капиталист их гүрнүүдэд “гадуурхагдаж” байсан байж болох юм. Ямар сайндаа 1960 онд уурлаж бухимдсан ЗХУ-ын удирдагч Никита Хрушев НҮБ-ын индрийг гутлаараа нүдэх билээ дээ.

1961 онд НҮБ-ын гишүүдийн тоо 100 гарсан байна. Гэхдээ 1961 он биш 1960 онд НҮБ нэг жилд хамгийн орон гишүүнтэй болжээ. Шинээр тусгаар тогтносон Африкийн 16 улс 1960 онд бөөнөөрөө НҮБ гишүүн болсон байна.

Өнөөдөр харахад хэтэрхий гэнэн, хийсвэр ч гэмээр асуултууд 1961 онд НҮБ-д гарч байсан байна. Шинээр элсэн орсон Ази, Африкийн улс орнууд нэгдээд их гүрнүүдийн эсрэг санал өгөх болов уу? Барууны ертөнцийг сөрөх болов уу? Урьд нь дипломат харилцааны туршлагагүй улс орнууд дэлхийн энх тайвныг бэхжүүлэх НҮБ-ын гол үүргийг гүйцэтгэж чадах уу гэх мэт...

Манай улсын хувьд бол 50 жилийн хугацаанд дайн дэгдээхээр нэг ч үйлдэл, үг хэлээгүй. Харин ч энхийн үйлсэд их чармайж, энх тайвны төлөө үргэлж “За” гэдэг байсан. Сүүлийн үед бид байгаль дэлхийгээ илүү анхаарч, цөлжилттэй тэмцэхэд бүгдийг уриалдаг болсон. Мөн энэ жил Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалж ардчиллын боловсролыг дэмжих, авилгыг үл тэвчих, иргэний нийгмийн байгууллагуудыг дэмжих, бүс нутгийн үйл ажиллагааг идэвхжүүлэх зэрэг чиглэлээр идэвхтэй ажиллахаар төлөвлөж байгаа... Ямартаа ч одоо 193 гишүүн улс оронтой болсон НҮБ-д Ази, Африкийн жижиг улс орнууд гай тариагүй нь ойлгомжтой.

Эцэст нь, хамт нэг өдөр НҮБ-ын гишүүн болсон Мавритани Улсдаа мэнд хүргэе. Монгол дөнгөж НҮБ-ын гишүүн болоод анхныхаа саналыг өгөхдөө Мавританийг НҮБ-ын гишүүн болоход татгалзсан товчлуурыг дарж тэднийг гомдоосон гэдэг. Гэхдээ тусгаар тогтноод 50 жил болсон (1911 оноос тооцвол), 15 жил НҮБ-ын гишүүн болох гэж зүтгэсэн монголын төлөөлөгч, ганцхан жил тусгаар тогтноод НҮБ-ын гишүүн болох гэсэн Мавритани улсыг (Францаас 1960 оны 11 дүгээр сард тусгаар тогтносон) “Бидэн шиг жаахан зовлон амс” гэж бодсон ч юм билүү. Гэхдээ ингэж бодоогүй нь мэдээж. Тухайн үед Монголыг ЗХУ л дэмжиж НҮБ-ын гишүүн болгосон. Тиймээс гишүүн болонгуутаа л тэднийг зөрөх хэцүү байсан байх... Үүнийг мавританичууд ч сайн ойлгож байгаа. Цаг тийм байсан юм шүү дээ... Баярын мэнд хүргэе.

1 comment:

free-liver said...

Saihan medeelel bn