Monday, 24 October 2011

ШАГНУУЛААД ШАРАА БОЛЖЭЭ

Хэд хоногийн өмнө Сүхбаатарын талбай дээр МУБИС-ын хэдэн таньдаг оюутнуудтай тааралдлаа. Хичээл нь тэр өдөр ороогүй гэнэ. Хичээл нь яагаад ороогүйн учрыг нь лавлатал сургууль нь 60 жилийн ойн баяраа тэмдэглэж баярын концерт тавьсныгаа оюутнууддаа үзүүлнэ гэсэн юм байх. Үүнийг нь сонсоод “Болж дээ” гэсэн чинь болоогүй юм байна. Оюутнууд гомдолж байна.

“Сарын өмнө ойн баярт зориулсан хандив гэж хүн бүрээс нэг мянган төгрөг хурааж авсан. Тэгээд одоо концертийн тасалбар гэж бас дахин 3000 төгрөг хурааж авлаа. Сургуулийн захиргаа бүх туслах ажилтнуудад бүх оюутны тоогоор билет тарааж өгөөд, оюутнууд үзсэн ч, үзээгүй ч мөнгийг нь олж ир гэж лүндэн буулгасан” гэлээ.

Цоо шинэ үзэгдэл биш л дээ. Саяхан хүртэл бас нэг дээд сургуулийн оюутнууд иймэрхүү гомдол хэлж зурагтаар гарч байсан. Ер нь жилийн жилд л багш, оюутнууддаа энэ маягаар “шахааны” бизнес хийдэг мэдээ цацагддаг. Үүнд бид бүр дөжиржээ. Харин би жаахан тооцоо хийж үзлээ. МУБИС нь энэ хичээлийн жилд 10 мянга гаруй оюутан сурагчидтай гэж сургуулийнхаа вебсайтанд бичсэн байгааг тооцвол ойн баярын хандив гэж 10 сая, концертын тасалбар гэж 30 сая, нийт 40 сая төгрөг цуглуулсан бололтой.

“60 жилийн ойн баяр гэсэн хүндэтгэлийн концертонд том том “одууд” орох юм байх гэсэн чинь СУИС, Хөгжим Бүжгийн Коллежийн хэсэг багш, оюутнууд дуулж хөгжимдөн дээрээс нь хайрт оюутнуудаа дайчилж нүсэр тоглолт хийсэн. Нийт гурван удаа тоглоход үзэгчдийн заалны тал нь л дүүрсэн” гэж нэг оюутан ховлож байна. Гэхдээ тэр хамаагүй. Нэгэнт л мөнгийг авчихсан юм чинь ирсэн ирээгүй нь хэнд хамаатай билээ гэж бас нэг оюутан хэлж байна.

Харин би 40 сая төгрөгөөр тус сургуулийн боссууд юу хийснийг таньдаг хэдэн МУБИС-ын багш, ажилтнуудаас тандаж асуулаа. Тэдний хэлж буйгаар бол бөх барилдуулж, багш ажилчдын хүндэтгэлийн зоог зохион байгуулжээ. Тус сургуулийн нэгэн багш эмэгтэй “Манай хамт олны 70 хувь нь эмэгтэйчүүд байхад бөх барилдуулж хэдэн нүцгэн эрчүүдийн ноцолдооныг үзүүлж, мөнгө үрэх шаардлага байгаагүй. Бид ямар эрчүүд хараагүй удсан хүмүүс байгаа биш. Тэгж Бөхийн өргөөг түрээслэж, бөхчүүдэд мөнгө тарааж байхаар хотын ойролцоох аль нэг уулын аманд сургуулийн өдөрлөг зохион байгуулвал хэдэн багш, ажилчид маань баярлах байсан. Үгүй ядахнаа хагас сайн, бүтэн сайнаар тохиолдуулж өдрийн амралтанд явуулахгүй. Өдрийн амралтын газрын зардлыг даадаггүй юмаа гэхэд ядаж замын зардлыг нь гаргачихаж болох л байсан юм” гэж гомдолж байсан.

Харин ойн баярын хүндэтгэлийн зоогондоо тус сургуулийн захиргаа нэлээн нухацтай бэлджээ. Гадна, дотны гийчид ирсэн гэнэ. Гэвч харамсалтай нь сургуулийнхаа үйлчилгээний албаны зарим хүмүүсийг мартаад цайлгандаа уриагүй байна. Тун тоогүй хэрэг болж. Уригдаагүй нэг нөхөр маш гомдолтой байна лээ. “60 жилийн турш өөрсдийн суудаг тансаг өрөө, хичээл ордог анги тасалгаануудаа цэвэрлүүлж, эвдэрч хэмхэлснээ засуулж хамаг хар бор ажлуудыг хийлгэдэг маниусыгаа яаж сургуулийн захиргаа мартаж чадав аа. Ханилж яваад нөхрөө, унаж яваад морио гэдэг шиг юм боллоо” гэж байна.

Харин нэг багш “Биднээс цайллаганы хагас зардал гэж 22 мянган төгрөг хурааж авсан. Тэгээд нэг хүний 44 мянган төгрөгөөр яаж тансаглах бол гэсэн чинь ёстой юу ч шалиагүй. Нэг ширээнд 12 хүн суухад 528 мянган төгрөгөөр ямар тансаг ширээ босох билээ. Гэтэл цөөн хэдэн чихэр, алим нь нэг тойроод алга болсон” гэж хошуугаа унжуулан гомдолж байна. За энэ ч яахав. Муу хүн идсэнээ сайн хүн явснаа гэдэг юм. Багшийн дээдийн хэдэн багш нар арай бага хундага дарс уугаа л биз. Харин ч бага ууж сайн үлгэр дууриалал үзүүлж.

"Гэхдээ цаадах эдийн засгийн тооцоо нь сонирхолтой. Нэг хүний 44 мянга төгрөг гэж багш нараа хуураад... Бид ямар хэмжээний юм идэж ууснаа мэдэхтэйгээ шүү дээ" гэж багш нар нь нэг нэгнээсээ өрсөн хариулцгааж байлаа.

Гэхдээ энэ идэж уусан ч яах вэ. Дээр хэлсэн. Хаа сайгүй байдаг үзэгдэл. Харин тус сургуулийн ойн баяраар олон багш нар нь есөн шидийн мэргэжилтэй болж медалиар шагнуулсан гэнэ. “Эгээтэй л гавьшгай слесарь, гарамгай хууль ч болсонгүй. Бүр огт спорт хөөцөлдөж байгаагүй хүн тамирчны медалиар шагнуулсан. Шагнаж урамшуулалгүй яах вэ. Гэхдээ юугаар? Шагнал гардуулах ёслол дээр захиргааны томчууд орж ирэн бие биенээ шагначихаад гараад явцгаасан. Харин үлдсэн хүмүүс нь хоорондоо төрөл бүрийн төрийн бус байгууллагуудын тэмдэг, медалиуд солилцсон. Ямар нэгэн баяр болохоор сургуулийн захирал нь янз бүрийн байгууллага руу утасдаж манай хэдэн багш нарт өгчих тэмдэг, медаль байна уу гэж гэдэг гуйдаг. Үгүй мөн их санаа тавьж байна аа?” гэж танил багш маань гомдоллоо.

Харин шагнуулсан бас нэг багш “Надад өгсөн тэмдэг нь Спортын төв ордны урдах дэлгүүрт 1500 төгрөг гэж байна лээ. Би нөхрөөсөө маш их ичсэн. Ёстой шараа болсон. Түүний оронд мөнгийг нь өгчихгүй дээ” гээд “Улсдаа багшлах боловсон хүчин бэлтгэдэг цорын ганц сургууль болох МУБИС нь захиргаадалтын үеийн хуучинсаг сэтгэлгээнээсээ салж чадаагүй байна. Захирал болон захиргааны албан тушаалуудыг ч гэсэн хуучин үеийн адил томилгоогоор буюу “үе залгамжлан” авдаг нь хэвээр юм чинь аргагүй ч юм уу” гэж халаглаж байлаа.

Эцэст нь, МУБИС-ийн захиргаа ойн арга хэмжээгээ хамт олон, оюутнууддаа өгөөж хүртээлтэйгээр зохион байгуулсансан бол дээрх гомдлууд гарах байсан гэж үү. Хамгийн гол нь өчнөөн сая төгрөгийг үргүй зарцуулсан нь ажилчдынх нь дургүйг хүргэжээ. Үүнээс хойш ойн арга хэмжээний мөнгө санхүүг юунд хэрхэн яаж захиран зарцуулснаа тодорхой тайлагнадаг байх нь чухал юм байна. Хэрэгтэй, хэрэггүй 1500 төгрөгний медалиар шагнаж багш нараа шараа байдалд оруулж байснаас мөнгөн шагнал нэмж өгч хүндэтгэлийн тоглолтондоо олны танил хамтлаг дуучдыг урьсан бол багш, ажилчид, оюутнууд сэтгэл хангалуун байх байж дээ.

No comments: