Saturday, 22 October 2011

ХАРААЛ УУ, ЕРӨӨЛ ҮҮ?

Монголын Засгийн газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Улаанбаатарт зохион байгуулж буй “Олборлох үйлдвэрлэлийг хүний хөгжилд чиглүүлэн удирдах нь” олон улсын бага хурлыг нээж Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар үг хэлэхдээ бурханд талархав. “Ямар азаар уул уурхайн салбар эдийн засагт муугаар нөлөөлдөг үзэгдлийг "голланд өвчин" гэдэг юм бэ? Монгол биш "голланд өвчин" гэж нэрлэдэгт нь бурханд би баярлаж байна. Бид голланд өвчнийг монгол өвчин гэж хэлүүлэхгүйн тулд маш шургуу сайн ажиллах ёстой” гэж тэр хэлсэн.

Д.Цогтбаатар мөн “Уул уурхай бол өөрөө муу зүйл биш. Америк, Канад, Австрали, Европын улс орнууд үүнийг батална. Тэд сайн үлгэр дууриалал болж чадна. Дэлхийд хангалттай сайн туршлага байгаа. Бид нэг нэгнийхээ туршлага, мэдлэгээс суралцах гэж энд цугласан. Уул уурхайн баялгийг зөвхөн ‘ходоодны баялаг’ биш мөн ‘оюун ухааны баялаг’ болгох чухал” гэв.
Харин Монголд суугаа НҮБ-ын суурин зохицуулагч бөгөөд НҮБХХ-ийн суурин төлөөлөгч Сезин Синаноглу “Өнөөдөр бид баялгийн хараалаас хэрхэн зайлсхийж, олборлох үйлдвэрлэлээс олж байгаа орлогоо хэрхэн тогтвортой хүний хөгжилд чиглүүлэх үү гэдгийг хэлэлцэх гол зорилготой” гэж хэлж байлаа.

“Олборлох үйлдвэрлэлийг яаж ерөөл болгох вэ гэдгийг судалдаг хүмүүс Монголд цугларч байна. Монгол хэдийгээр урт удаан түүх соёлтой улс орон гэлээ ч олборлох үйлдвэрлэлийг хөгжүүлээд удаагүй. Тиймээс та нарын мэдлэг, туршлага Монголд маш хэрэгтэй. Энэ онд та бүхний нэгэн адил Монголд олон орны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч гэх мэт дээд хэмжээний төлөөлөгчид ирсэн. Монголын байр суурь, үүрэг дэлхийд хэрхэн нэмэгдэж байгааг энэ айлчлалууд харуулсан. Ялангуяа олборлох үйлдвэрлэлийн салбарт...” гэж хатагтай Сезин Синаноглу онцолсон.

Тэрбээр мөн, НҮБХХ-ийн захирагч Хелен Кларк олон түүхт ой, тэр тусмаа НҮБ элссэн 50 жилийн ойг тэмдэглэж байгаа 2011 онд Монголд ирсэнд их баяртай байна гээд НҮБХХ-ийн захирагч анх удаа Монголд айлчилж байгааг дурдав.

ЯАГААД ЗАРИМ УЛС БАЙГАЛИЙН БАЯЛАГ ҮР ӨГӨӨЖ ӨГДӨГ, ЗАРИМ НЬ ҮГҮЙ ВЭ?

Энэ асуултыг НҮБХХ-ийн захирагч Хелен Кларк илтгэлдээ тавьсан юм. Үүнд хариулахын тулд тэрбээр зарим улс орнуудын туршлагыг жишээ татсан. Жишээлбэл, алмааз олборлодог Африкийн далайд гарцгүй Ботсвана улс байгалийн баялгаа зөв ашиглаж чаджээ. Тэд эрүүл мэнд, боловсролын салбарт үлэмж хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн байна. Тэд ашигт малтмалын үнийн хэлбэлзлээс хамгаалахын тулд орлогынхоо тодорхой хэмжээг хадгалах сан байгуулсан байна. Мөн 1900 оны үед Европын хамгийн ядуу орон байсан Норвеги Улс байгалийн баялгаа зөв зохистой ашигласны хүчинд сүүлийн жилүүдэд НҮБХХ-ийн Хүний хөгжлийн индексийг тэргүүлэх болжээ.

Харин Нигери улс 1973-1983 оны хооронд олборлосон газрын тосныхоо орлогыг үр өгөөж муутай зарцуулжээ. Бас 1960-1970-аад оны үед ашигт фосфат олборлож нэг хүнд ноогдох орлого нь дэлхийд хоёрдугаарт байсан Номхон Далайн өмнөд хэсэгт оршдог Науру улсын фосфатын нөөц нь дуусч ард иргэд нь одоо нөхөн сэргээгдээгүй, эвдэрсэн газар нутагтай хоцорсон байна.

Тиймээс сайн засаглал, үр өгөөжтэй, урт хугацааны хөгжлийн төлөвлөгөө байгалийн баялгийн хараалыг зайлуулахад нэн чухал тул Засгийн газрыг байгалийн баялгийг хэрхэн зарцуулж байгааг ил болгоход авилгалын эсрэг хүчтэй хууль, иргэдийн идэвхтэй оролцоо хэрэгтэйг хатагтай Хелен Кларк онцолсон.
“Норвеги, Канад, Австрали, Ботсвана,Чили зэрэг улсууд ашигт малтмалын нөөцөө зөв зохистой ашиглаж, хүний хөгжлийг сайжруулж чадсан, үлгэр дууриалал болох улсууд. Ашигт малтмалын нөөцөө олборлох нь улс оронд маш их үр өгөөжөө өгөх боломжтойг тэд харуулсан” гэж тэрбээр бас хэлсэн.

Тэрбээр мөн эдийн засгийг төрөлжүүлэх нь баялгийн хараал хүрэхгүй байх бас чухал нөхцлийг бүрдүүлдэг гэв. Индонези, Малазиа зэрэг улс газрын тос экспортлохынхоо хажуугаар газар тариалан, аж үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлсэн нь амжилтад хүрчээ.
Манай улс голланд өвчний аюулыг анзаарч Төсвийн тогтвортой байдлын тухай хууль гаргаж Төсвийн тогтвортой байдлын сан байгуулсныг хатагтай Хэлэн Кларк сайшаасан. Харин Хүний хөгжлийн сан ойрын ирээдүйд нийгмийн эмзэг ядуу бүлгийг илүү онцолж, үйлчлэх байх гэж найдаж буйгаа тэр илэрхийлсэн.

“Байгалийн баялгаа хэрхэн ашиглах нь тухайн улсын эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжилд шууд нөлөөлнө. Хэдийгээр би олон улсын туршлагуудыг дурдсан ч бүгдэд таарсан бодлого гэж байхгүй. Бүгд өөр өөрийн онцлогтой.”
“Хэрэв байгалийн баялгийг ил тод, ард иргэдэд ашигтай, тэднийг хамарсан, тогтвортой байдлаар хөгжүүлвэл хүний хөгжлийг хурдасгаж чадна гэж зарчмын хувьд би үздэг” гэж хатагтай Хэлэн Кларк хэлж байлаа.

Байгалийн баялгийн орлогыг зарцуулах явц ил тод байх ёстой. Олборлосон компаниас Засгийн газарт өгч байгаа орлого, мөн Засгийн газрын болон орон нутгийн засаг захиргааны байгалийн баялгийн орлогыг зарцуулах явц ил тод байх учиртай.

Мөн байгалийн баялгийг ашиглахдаа иргэний нийгмийн оролцоо, тэр тусмаа орон нутгийн уугуул иргэдийн оролцоо маш чухлыг тэрбээр дурдсан. Ялангуяа олборлолт хийж байгаа орон нутгийн иргэдийн эрхийг зөрчихгүй байхад их анхаарах ёстой гэлээ.

НҮБ-ын тусгай судлаач Уугуул иргэдийн эрхийн талаар хийсэн судалгаандаа дэлхий дахинд ашигт малтмалын олборлолт хийж байгаа томоохон төслүүд уугуул иргэдийн эрхийг ноцтойгоор зөрчдөгийг илрүүлсэн байна. Тиймээс уугуул иргэд, Засгийн газар хоёр харилцан ашигтай яриа хэлэлцээр хийж, ойлголцох нь чухал ажээ.

Хатагтай Хелен Кларк мөн, “Тогтвортой хөгжлийг хангахын тулд ойрын хугацааны зорилтыг урт хугацааны зорилттой зохицуулж хэрэгжүүлэх ёстой” гээд урт хугацааны үр өгөөжийг бодолцох хэрэгтэйг онцолсон юм. Тиймээс байгалийн баялгийг олборлоход байгаль орчны асуудлыг орхиж болохгүй. Аливаа төсөл хэрэгжүүлэхдээ байгаль орчинд нөлөөлөх хор хөнөөлийг тооцон, нөхөн сэргээх төлөвлөгөөг гаргах ёстой аж.

Илтгэлийнхээ төгсгөлд тэрбээр олборлох үйлдвэрлэл дөнгөж хөгжиж байгаа Монгол шиг улс орнуудад ашигт малтмалаас их ашиг орлого урсан орж ирэхээс өмнө зөв удирдлага, менежменттэй болох боломж бий. Тиймээс зөв удирдлага, менежменттэй болж чадвал байгалийн баялгийг хараал биш ерөөл болгож чадна гэлээ.

ДНБ-ий 70 ХУВИЙГ ХУВИЙН ХЭВШЛИЙНХЭН ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тус бага хуралд тавьсан илтгэлдээ Монголын эдийн засаг, нийгмийн байдлыг танилцуулав.

Зах зээлийн эдийн засгийн замыг сонгоод бид хорин жил болж байна. 1992 онд ардчилсан хуультай болсон. Манай улс олон намын тогтолцоотой, иргэний нийгмийн олон байгууллагатай. Хувийн хэвшил манай эдийн засагт давамгайлж ДНБ 70 хувийг эзэлж байгаа. 2008 оны УИХ-ын сонгуулийн дараа улс төрийн тогтвортой байдлыг хангахын тулд хоёр улстөрийн нам хамтарч Засгийн газрыг байгуулсан. Энэ Засгийн газрын үед дэлхийн том санхүүгийн хямрал тохиолдсон. Манай улсын хувьд бол манай гол экспорт болох ашигт малтмалын үнэ дэлхийн зах зээл дээр унасан нь бид их нөлөөлсөн. Мөн өвөл зуд болж эдийн засаг, экологийн тэнцвэрт байдалд нөлөөлсөн. Үүнээс бид эдийн засгийг төрөлжүүлэх хэрэгтэйг ойлгосон.

Бид эдийн засгийн хямралаас харахын тулд гадаадын донор, түнш байгууллагууд хамтарч ажилласан. Үүний үр дүнд манай эдийн засаг ноднин жилийн сүүлээс эхэлж сайжирч байна. Цаашдаа эдийн засгийн хямралаас сэргийлэхийн тулд Засгийн газраас бодлогын чанартай хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Жишээлбэл, хүнсний аюулгүй байдал, хангамжийг анхаарч манай Засгийн газар Атрын III гэх мэт арга хэмжээг авсан. Гурван жилийн хугацаанд хэрэгжсэн энэ арга хэмжээний үр дүнд бид гол гол хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангах чадвартай болсон. Одоо бидний зорилго бол зөвхөн дотоодынхоо хэрэгцээг хангах биш мөн экспортлох зорилготой байгаа. Мөн миний Засгийн газар Хүн хөгжлийн санг байгуулсан. Уул уурхайгаас орж ирэх татварыг бид энэ санд оруулснаараа эрүүл мэнд, боловсрол болон бусад салбарыг санхүүжүүлэхэд ашиглана. Мөн бид Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталсан. Энэ хуулиараа бид уул уурхайгаас орж ирэх орлогыг ил тод, үр өгөөжтэй ашиглаж ядуурлыг бууруулах явцыг зохицуулна гэж Ерөнхий сайд С.Батболд хийсэн ажил үйлсийнхээ талаар бага хуралд оролцогчдод ярилаа.

Ерөнхий сайд мөн, байгалийн баялаг бол монголчуудын зөвхөн хэрэглээний эх сурвалж биш харин оюуны баялаг болгох ёстой баялаг. Хүний хөгжил бол бүх бодлогын цөмд байх ёстой гэж манай Засгийн газар үздэг. Зарим байгалийн баялагтай хөгжиж буй орнууд баялаггүй орнуудаасаа ч дор байдаг. Үүнийг бид байгалийн баялгийн хараал гэдэг. Улс орнууд баялгаа хэрхэн ашигласныг судлахад ялгаа их байна. Яагаад ялгаатай байна гэхээр засаглалтай холбоотой байна. Мөн хууль дээдлэх байдлаас болжээ. Тиймээс ардчилал, ил тод байдал, хууль дүрмийг сахих нь манай Засгийн газрын нэг чухал үүрэг байх болно гэж хэлсэн.

No comments: