Sunday, 9 October 2011

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖСЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ИНФЛЯЦИ ҮҮСГЭХГҮЙ

“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” дуусахад хоёр сар үлдлээ. Энэ жил 70 мянган ажлын байр шинээр бий болгоно гэсэн амлалтаа баттай биелүүлнэ гэж “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлыг зохион байгуулах Үндэсний хороо мэдэгдэж байна. Үндэсний хорооны нарийн бичгийн даргаар Монголын ажил олгогч эздийн холбооны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар ажиллаж байгаа билээ. Түүнтэй уулзаж Үндэсний хорооны ажил үйлсийн талаар тодрууллаа.

-Энэ жил хэчнээн хүн шинээр ажилтай болсон вэ? Үндэсний хорооны ажлын төлөвлөгөө хэр биелж байна вэ?
-Энэ жилийн эхний гурван улирлын байдлаар 54 мянга гаруй хүн шинээр тогтвортой ажилд орсон. Барилга, хөдөө аж ахуй, бөөний худалдаа, үйлчилгээний салбаруудад хамгийн их ажлын байр шинээр бий болсон. Тодруулвал, шинээр ажилтай болсон нийт хүний 19 хувь нь барилгын салбарт, 17 хувь нь хөдөө аж ахуйн салбарт, 13 хувь нь бөөний болон жижиглэн худалдаа, засвар үйлчилгээний салбарт ажилд орсон байна. Үндэсний хорооны жилийн ажлын төлөвлөгөө 80 орчим хувьтай хэрэгжсэн дүн гарсан. Энэ жил урьд жилүүдтэй харьцуулахад иж бүрэн цогц арга хэмжээг хэрэгжүүлсэн. Үүнд Ерөнхий сайд С.Батболд их анхаарч, идэвхтэй ажиллаж байгаа.

Энэ онд 70 гаруй мянган ажлын байр шинээр бий болгоно гэсэн. Энэ төлөвлөгөө биелэгдэнэ. “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд үндсэндээ бодлого, амьдрал дээр хэрэгжих үйл ажиллагаа, санхүү хөрөнгө мөнгөний байдал, хууль эрхзүй гээд дөрвөн бүлэг арга хэмжээг авч байгаа.

Шинээр ажлын байр бий болгох чиглэлээр шийдвэрлэх ёстой байсан хөрөнгө мөнгөний асуудалд үндсэндээ бүрэн шийдэгдсэн. Тодруулвал, Үндэсний хороо ажлын байрыг бий болгох үндсэн салбарыг жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид гэж үзээд жижиг, дунд үйлдвэрийг дэмжих 100 тэрбум төгрөгийн бондыг Засгийн газар, УИХ-ын дэмжлэгтэйгээр шийдвэрлүүлээд 8 дугаар сард гаргаж эхэлсэн. Одоо энэ бондын санхүүжилт жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд олгогдож эхэлсэн. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид 14, 15 мянган ажлын байрыг бий болгоно гэж үзэж байгаа. Мөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн шугамаар 5 мянга гаруй ажлын байр бий болгоно. Ингээд нийт 70 гаруй мянган ажлын байр энэ жилдээ багтааж бий болгоно гэж үзэж байна.

-МҮЭ мөн танай байгууллага “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлыг зохион байгуулах Үндэсний хороонд орсон. Засгийн газартай хэр хамтран ажиллаж байна вэ?
-Үндэсний хороо МАОЭНХ, МҮЭ-ийн төлөөллийг оролцуулан 14 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Ерөнхий сайд С.Батболд Үндэсний хороог ахлаж, маш их анхаарч байгаа. Үндэсний хороог байгуулсан нь Засгийн газар, яамдуудын ажлыг орлож хийх гэсэн хэрэг биш. Хамгийн гол нь яам, орон нутгийн засаг захиргааны хоорондын ажлын уялдааг илүү сайжруулъя, мэдээллийг ил тод болгоё, төр засгаас тавьсан зорилтыг иргэн хүнд хүргэж, орлогыг нь нэмэгдүүлж, ажилтай болгоход нь тусалцаа дэмжлэг үзүүлэх гэж байгуулсан. Би ч мөн нарын бичгийн даргын хувьд төрийн байгууллагууд, нийслэл орон нутгийн захиргаадын зохион байгуулж буй ажлын хэрэгжилт, уялдаа холбоо, хувийн хэвшилтэй хэрхэн хамтран ажиллаж байгаа байдал, энэ жилийн ажлыг илүү үр дүн сайтай болгоход анхаарч ажиллаж байгаа. Энэ чиглэлээр ажилла гэдэг үүргийг ч Ерөнхий сайд надад даалгасан.

-Ажил хайсан иргэдийн идэвх оролцоо хэр байна. Ажилгүй иргэдийн тоо сүүлд гарсан статистикийн мэдээнээс харахад нэмэгдсэн байх юм.
-Иргэдийн идэвх оролцоо маш идэвхжсэн. Үүнийг тогтвортой ажлын байр нэмэгдэхийн хэрээр ажил хайж байгаа хүмүүс цөөрөхгүй байгаагаас харж болно. Сүүлийн саруудад бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өссөн үзүүлэлт гарсан. Үүнийг бид ажилтай болоё гэсэн иргэдийн идэвх, оролцоо нэмэгдсэн тул бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо буурахгүй байна гэж дүгнэж байгаа. Мөн өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ жил хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн сүлжээг бий болгосон. Хүн ам, орон сууцны тооллогын үеэр бүх иргэдээ бүртгэхэд ажилгүй иргэд тодорхой болсон. Бас сум, хороо, дүүрэг, багаар дамжуулан НХХЯ, ХХҮГ-ууд ажилгүй иргэдээ бүртгэсэн. Тиймээс хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн сүлжээг сайжруулснаар ажилгүй иргэдийн тоо баталгаатай гарч байгаа. Жишээ нь, ажилд орсон бүх хүний нэрийн ард талд регистрийн дугаар, ямар ажилд орсон гээд бүх баримт нь бүртгэлтэй байгаа. Урьд нь бол ХХҮГ-ын шугамаар тэдэн хүн ажилд орлоо гэсэн бүдүүн тойм мэдээлэл гардаг байсан. Харин одоо бид илүү бодит тоо, мэдээлэлтэй болсон.

-Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжиж Засгийн газар 100 тэрбум төгрөгийн бонд гаргасныг та сая дурдсан. Олон үйлдвэрлэгчид зээл авахыг сонирхдог учраас та үүнийг улам тодруулахгүй юу?

-Ерөөсөө олон улсын хөгжлийн хандлагыг үзэхээр ажлын байрыг бий болгодог гол салбар бол жижиг, дунд үйлдвэрлэл байдаг. Хувиараа хөдөлмөр эрхлэлт, өрхийн үйлдвэрлэл, хоршоо, нөхөрлөлүүд бол үндсэндээ өрхийн орлогыг нэмэгдүүлж, ядуурлаас гаргах гол арга хэмжээнүүд болж байна. Бид ч гэсэн энэ чиглэлийг баримталсан.

Иймээс Засгийн газар бонд гаргаж, олсон мөнгөө арилжааны банкуудаар дамжуулан жилийн 7 хувийн хүүтэйгээр олгож эхэллээ. Сүүлийн хорин жилд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжиж жилийн 7 хувийн хүүтэй зээл олгосон түүх байхгүй. Үүнийг жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид ажлын байраа нэмэгдүүлэх, үйлдвэрлэлээ тогтвортой ажиллуулахад ашиглах бүрэн боломжтой.
Гэхдээ зарим сонин хэвлэлээс үзэхэд зээл олгогдохгүй байна гэсэн санал гомдол гардаг. Янз бүрийн шалтгаан байгаа байх. Засгийн газрын хувьд бол жижиг, дунд үйлдвэрлэгчдэд зээл олго гэж тогтоол шийдвэрээ гаргаад, нөхцлийг нь бүрдүүлсэн. Тиймээс энэ зээлийг авахад иргэд өөрсдөө идэвхтэй, шаардлага хангах ёстой. Засгийн газрын баримталж байгаа чиг хандлага бол жижиг дунд, үйлдвэрлэл эрхэлж байгаа бүх хүмүүсийг хамруулахыг зорьж байгаа. Улаанбаатар хотод 100 сая хүртэлх төгрөг, хөдөө орон нутагт 50 сая хүртэлх төгрөгийн зээлийг нийслэл, орон нутгийн захиргаад өөрсдөө мэдээд, хуваарилах эрхтэй. Мэдээж энэ зээлийг арилжааны банкуудаар дамжуулж байгаа болохоор эцсийн шийдвэрийг тэд гаргана. Арилжааны банкууд төлбөрийн чадвар, тогтвортой үйл ажиллагаа, мэргэжлийн боловсон хүчинтэй эсэхийг харгалзан зээл олгож байгаа байх.

Мөн энд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж, ажлын байрыг бий болгох зорилгоор ХХААҮЯ, Сангийн яам хамтран Сум хөгжүүлэх сан байгуулаад 24 тэрбум төгрөгийг байрлуулсныг дурдах нь зүйтэй байх. Сум болгонд ойролцоогоор далаас дээш сая төгрөгийн хөрөнгө хуваарилагдсан. Ер нь Монгол Улс анх удаа ажлын байрыг нэмэгдүүлэхийн тулд Сум хөгжүүлэх, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих гэх мэт сан байгуулж олон төрлийн санхүүжилтийн суваг, механизмыг бий болголоо шүү дээ.

-Арилжааны банкуудын зээлийн хүү хамаагүй өндөр байхад Засгийн газрын бондоор санхүүжүүлж байгаа зээлийн хүүг 7 хувьд тогтмол байлгах боломжтой юу?
-Ямартаа ч Засгийн газрын бондоор санхүүжүүлж байгаа зээлийн хүүг 7 хувь байлгана. Үүнийг Засгийн газар хатуу шийдсэн. Ерөнхий сайд, хэрэв бид жижиг, дунд үйлдвэрлэлээ дэмжих гэж байгаа бол 18 хувийн хүүтэй зээлийг хэн төлж барагдуулах юм бэ. Тиймээс тэднийг дэмжих зээлийг 7 хувийн хүүтэй болгоё. Зөрүүг нь тодорхой түвшинд Монголбанк, Засгийн газар хариуцая гэж хэлсэн шүү дээ. Хэрэв жижиг, дунд үйлдвэрлэгчид маань зээл аваад амалсан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэвэл Засгийн газар энэ хэлбэрийн дэмжих механизмаа улам өргөжүүлнэ.

-Сүүлийн үед бэлэн мөнгө тарааснаас болж инфляци өслөө гэх болсон. 7 хувийн хүүтэй зээл инфляци өсөхөд нөлөөлөх байх даа?
-Иргэдэд бэлэн мөнгө тарааснаар инфляци өслөө гэдэгтэй санал нийлнэ. Гэхдээ жижиг, дунд үйлдвэрлэлд олгож буй 7 хувийн хүүтэй зээл бол зүгээр хүний гар дээр тавьж байгаа бэлэн мөнгө биш. Харин зах зээлд хэрэгтэй бараа, үйлчилгээг та нар яаралтай гаргачээ. Энэ мөнгөндөө дүйцэхүйц хэмжээний үйлдвэрлэл эрхлээч ээ гэж л инфляцийг бууруулах зорилгоор Засгийн газраас авч байгаа арга хэмжээ. Бодит үйлдвэрлэлийг дэмжсэн хөрөнгө инфляци үүсгэхгүй гэж би ойлгож байгаа.

-Эдийн засаг хурдан өслөө гэх боловч инфляци өсч, хэрэглээний үнэ өссөөр байгааг та юу гэж үзэж байна вэ?
-Статистикийн тооноос харахад манай эдийн засаг өсч байгаа. Дэлхийн хамгийн хурдан өсч буй улс орны тоонд орох төлөвтэй байна. Гэхдээ нэг зүйлийг л бид ойлгох хэрэгтэй. Ирэх жил Оюутолгойн орд ашиглалтанд ороод ДНБ 25 хувиар өснө ч гэдэг юм уу, 2013 онд 20 хувиар ярих бол бас өөр хэрэг. Хамгийн гол энэ эдийн засгийн өндөр өсөлт эргээд Засгийн газар ард түмэндээ дахиж хуваарилаж болох бидний мэдлийн өсөлт мөн үү, биш үү гэдгийг л тодорхойлох ёстой. Өөрөөр хэлбэл эдийн засгийн 20 хувийн өсөлтийн дотор манай дотоодын үйлдвэрлэгчдийн өсөлт хэдэн хувь байна. Үүнээс татвар болгож аваад ард түмэндээ дахиж хуваарилах хувь нь хэдэн вэ гэдгийг ялгахгүй бол гадны хөрөнгө оруулалттай өсөлт асар өндөр болчихоод татварт болж буцаагаад хуваарилдаг хувь нь бага байвал эдийн засгийн өсөлт өндөр боловч энгийн иргэнд хүртээлгүй өсөлт болно. Яг ийм өсөлт хоёр, гурван жилийн өмнө байсан. Эдийн засаг 10 хувь өсөхөд ядуурал ерөөсөө буураагүй. Энэ байдал хадгалагдаж магадгүй бид санаа зовж байгаа. Гэхдээ энэ давтагдахгүй гэж ганц найдаж байгаа зүйл бол ажлын байр нэмэгдэж, үйлдвэрүүд шинээр бий болж байгаад бий.

-Энэ жил өрх бүрээс нэг хүнийг ажилтай болгож чадаж байна уу?
-Энэ бол Засгийн газрын гол тавьсан зорилт шүү дээ. Зах зээлийн нийгэмд төрийн үүрэг бол зөв бодлого гаргах. Харин тэр бодлогыг хэрэгжүүлэх бол иргэний үүрэг. Мөн иргэнд хамгийн ойрхон байгаа нэгжийн үүрэг. Тэгэхээр одоо хороо, хэсэг, сум, баг, иргэн хоорондын хамтын ажиллагаар энэ төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд улам анхаарах хэрэгтэй болж байна. Засгийн газар бодлогыг нь боловсруулж хөрөнгийг нь гаргалаа. Энэ хөрөнгөөр ажлын байр бий болго, иргэдэд мэргэжил эзэмшүүл гээд төрийн байгууллагуудад үүрэг өгчихлөө. Ер нь одоо иргэд ажилтай болоход ажилгүй байгаа иргэд болон сум, дүүрэг, хороо, багийн засаг дарга нарын ажил үлдэж байна гэж хэлж болно. Засгийн газраас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого гарлаа. Үйл ажиллагааны төлөвлөгөө гарлаа. Үндэсний хороо байгуулагдлаа. Шаардлагатай хөрөнгө мөнгийг бүрэн шийдвэрлэлээ. Одоо үүнийг иргэд өөртөө ашигтайгаар хэрэгжүүлэх хэрэгтэй. Үүнийг л иргэд сайн ойлгоосой. Үгүй яах вэ? Бас дутуу дулимаг зүйл байж магадгүй. Гэхдээ ажилгүй иргэд улам идэвхтэй байвал ажилтай болох бүрэн боломж бүрдэж байна шүү.

No comments: