Sunday, 18 September 2011

ТЭД БИДНИЙ ОЛЖ ХАРААГҮЙ БОЛОМЖУУДЫГ НЭЭЖ БАЙНА

"Discover Mongolia-2011” олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт өчигдөр Улаанбаатар хотод эхэллээ. "Монголын уул уурхайн салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх" уриан доор болж байгаа уг чуулга уулзалт өнөөдөр дуусна.

2003 онд анх монголын хэсэг бизнесменүүд анх зохион байгуулсан уг арга хэмжээ одоо олон улсын уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчдын анхаарлыг зүй ёсоор татаж, бүс нутагтаа нэр хүндтэй болсныг энэ жилийн чуулга уулзалт баталж байна хэмээн зохион байгуулагчид нь төдийгүй, оролцогчид нь санал нэгтэй хэлж байв.

“9 жилийн өмнө бид гадны хөрөнгө оруулагчдыг “Манайд ирээч, хөрөнгө оруулалт хийгээ ч” гэж гуйдаг байсан бол харин одоо гадныхан биднийг гуйдаг болж байна. Тэд “Танайд хөрөнгө оруулъя, хамтарч ажиллая” гэж санал их тавих болсон” хэмээн чуулга уулзалтын зохион байгуулах хорооны тэргүүн, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч байсан П.Очирбат хэлж байлаа.

1200 гаруй гадаад дотоодын төлөөлөгчид ирж, 90 гаруй компани үзэсгэлэнгийн танхимд бараа бүтээгдэхүүн, үйл ажиллагаа танилцуулж байна. Төрийн байгууллагуудын дарга нар; дотоод гадаадын уул уурхай, санхүүгийн компани, банкуудын төлөөлөгчид чуулга уулзалтад оролцож илтгэл тавилаа.

“Эрдэс баялгийн салбарын зангилаа асуудлуудыг хөндөж, дэлхийд нэр хүндтэй судлаачдын үнэлэлт дүгнэлтээр чуулганыг эхэллээ. Ер нь дэлхийн эрдэс баялгийн эрэлт хэрэгцээ ойрын ирээдүйд ямар байна. Энд Монголын эзлэх орон зай ямар байх уу гэдэг асуултад хариулж байж л бид дэлхийн зах зээлийн баримжааг авч байж л эрдэс баялгийн салбараа хөгжүүлнэ шүү дээ. Түүнээс биш эрэлтгүй, зах зээлгүй бол хөгжихгүй. Бид уул уурхайн салбарын хөгжлийн хандлагыг мэдэх хэрэгтэй. Тиймээс бид гадаадын шинжээчдийг урьж илтгэл тавиулсан” гэж П.Очирбат ярилаа.

Тэрбээр мөн уул уурхайн салбарын хөгжлийг дагаад бусад салбар яаж хөгжиж байна гэдгийг анхаарах цаг болсныг дурдаж байсан. Үнэхээр энэ удаагийн чуулга уулзалтад зөвхөн уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчид гэлтгүй банк, санхүүгийн төлөөлөгчид өмнөх чуулга уулзалтуудаас их ирсэн байв. Тэдний нэг нь Бээжинд төвтэй америкийн “Stratos Mongolia Fund” хөрөнгө оруулалтын сангийн төлөөлөгч Омарио С.Канжи юм. “Манайх хувийн Хөрөнгө оруулалтын сан. Бид монголын уул уурхай, газар тариалан, үл хөдлөх хөрөнгийн бизнест хөрөнгө оруулах боломжийг хайж байгаа. Ер нь бид олон боломжуудыг судлахыг хүсч байна” хэмээн тэрээр яриагаа эхэлсэн.

“Уул уурхайгаас бусад салбарт Монголд хөрөнгө оруулах боломж бий гэж та үзэж байна уу” хэмээн түүнээс асуухад “Мэдээж бий. Газар тариалан, үл хөдлөх хөрөнгийн салбарт боломж их байна гэж бид үзэж байгаа. Мөн уул уурхайн хангамжийн салбарт бид ажиллах сонирхолтой байгаа” гэв.

Тэрбээр мөн “Үл хөдлөх хөрөнгийн үнэ Монголд өснө. Харин хэр хурдан гэдгийг бол мэдэхгүй байна. Ямартаа ч бид бизнесээ бага багаар өргөжүүлэхийг зорьж байгаа. Манай сан Бээжин, Хонконгт төвүүдтэй. Удахгүй төвөө Монголд байгуулна” гэж байлаа.

"Discover Mongolia-2011” олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтад хариуцлагатай уул уурхайг байгуулахад нэлээн анхаарч зургаан илтгэл тавигдах юм байна. Ер нь одоо уул уурхайн салбарт байгаль орчин, нийгмийн бодлогыг их анхаарах хэрэгтэй байгааг чуулга уулзалтыг зохион байгуулагчид ярьж байв.

“Бид нийгмийн бодлого руу их анхаардаг болцгооё гэж ярих боллоо. Мөн нэг чухал асуудал бол байгаль хамгаалах асуудалд анхаарч, хөрөнгө заръя. Тэгэхгүй бол бага зардлаар их орлого олох гээд байгаль орчинд халтай үйл ажиллагаа явуулдаг байсан. Одоо үүнийг таслан зогсоож, чанарын өөр түвшинд шилжье гэх болсон. Энэ бол том дэвшил” гэж П.Очирбат бас ярьсан. Тэрбээр мөн уул уурхай, эрдэс баялгийн салбарт зөвхөн нөхөн сэргээлтийг гэж ярих нь учир дутагдалтай, энэ бол “хагас ойлголт”. Асуудлыг өргөн цар хүрээтэй авч үзэх хэрэгтэй. Уул уурхайн үйл ажиллагаанаас хамааралгүй байгаль дэлхийн уур амьсгал өөрчлөгдөж, доройтож байгаа. Дэлхийн дулаарал, цөлжилт гээд асуудлууд бий . Тэгэхээр уул уурхайн салбарынхан зөвхөн үйлдвэрлэл явуулсан хүрээнд биш ерөөсөө бүс нутаг, эргэн тойрныхоо орчныхоо байгалийн тэнцвэрт байдлыг хадгалахад бид юу хийх ёстой вэ гэдэг өнцгөөс хандах хэрэгтэй гэж байв.

Монгол Улсын зөвлөх инженер Г.Жамсрандорж, П.Очирбаттай санал нэг байв. “Үнэхээр уул уурхайн салбарын нэр хүндийг унагасан. Байгаль орчныг нөхөн сэргээдэггүй. Зам харилцааг засдаггүй. Орон нутагт үр өгөөж өгдөггүй компаниудыг нэрлээд хариуцлага хүлээлгэх хэрэгтэй” гэж Г.Жамсрандорж хэлсэн. Гэхдээ харин сайн уул уурхайн компаниудыг муу компаниудтай адилтгаж үзэж болохгүй гэж сануулахдаа “Энэ хоёрыг ялгаж, зааглах хэрэгтэй” гэв.
Г.Жамсрандорж мөн уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт хийхэд хоёр хууль чөдөр болж байна гэж хэлж байлаа. “Урт нэртэй” хуулийг эсвэл хэрэгжүүлэх, эсвэл болиод уул уурхайн компаниудыг сайн, муугаар нь ялгаж, ажил төрлийг нь явуулах хэрэгтэй. Харин Цөмийн энергийн тухай хуулинд хөрөнгө оруулалтыг зарим дээр нь 34 хувь, зарим дээр 51 хувь гээд хөрөнгө оруулагчдыг будилуулж байна. Үүнийгээ тодорхой шийдэхгүй байна. Манай тал энэ хоёр хуулиа л илэн далангүй яримаар санагдах юм” гэж тэрбээр хэлсэн.

Монголын компаниудын байгаль орчны нөхөн сэргээлтийг дэлхийн түвшинд хүргэхийг зорьж байгаа өөр нэг компани бол Их Британийн “Isochurchill’s” компани юм. “Манай зорилго бол Монголын компаниудыг бараа бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуй, хоол хүнсний аюулгүй байдал, байгаль орчны нөхөн сэргээлт хийх үйл ажиллагааг дэлхийн түвшинд хүргэхэд туслахад оршино” хэмээн тус компанийн захирал Барри Еванс хэлж байлаа. Манай улсад анх 1997 онд байгуулагдсан уг компани монголын уул уурхайн хоёр компанитай хамтран ажиллаж, байгаль орчны менежмэнтийнх нь хөтөлбөрийг боловсруулж өгчээ. Тэрбээр бас, Монголд бий болж байгаа эдийн засгийн шинэ боломжууд гадаадын хөрөнгө оруулагчдыг ихээр татах болсон нь энэ чуулга уулзалтаас харагдаж байна. Энэ удаагийн чуулга уулзалт маш олон гадаадын хөрөнгө оруулагчдыг цуглуулж чадаж байгааг харахад бахархмаар байна гэж байлаа.

Ер нь уул уурхайн салбарын хөгжлийг дагаад Монголын бусад салбар ч хөгжиж байгааг "Discover Mongolia” буюу “Монголыг нээх” чуулга уулзалтын үеэр харч болохоор байна. Зөвхөн уул уурхайн салбарт биш бас үл хөдлөх хөрөнгө, хөдөө аж ахуй, харилцаа холбоо, дэд бүтцэд гээд хөрөнгө оруулалт хийх сонирхолтой гадаадын олон хөрөнгө оруулагчид Монголыг шинээр нээж байна. Тэд монголчуудын ч олж харахгүй байгаа боломжуудыг олж харч чадаж байгаа нь чуулга уулзалтын үеэр мэдрэгдэж байлаа. Эдийн засгаа нээлттэй болгож гадны хөрөнгө оруулагчдыг татаж чадаж байгаа манай улс одоо тэдний нээсэн, өөрсдөө бий болгож байгаа боломжуудыг ашиглаж улс орондоо хэрхэн үр өгөөжтэй бүтээн байгуулалт хийх вэ гэдэг чухал байна.

No comments: