Sunday, 18 September 2011

СТАРБАКСИЙГ СӨРСӨН ИСКВИАРИС МОНГОЛД ИРЭХИЙГ ХҮСЧ БАЙНА

Гарчгийг уншаад олон хүн юун Старбакс, юун Исквиарис гэж магадгүй. Гэхдээ оноогдсон нэрийг орчуулж болдоггүй учир ингэж бичихээс өөр арга алга. Тэр дундаа дэлхийд нэр хүндтэй брэндийн нэрийг бол бүр орчуулж болохгүй. Тэр бүү хэл кириллээр ч бичихэд ч тохиромжгүй мэт... Яагаад гэвэл олон улсад алдартай брэндүүд бүгд л өвөрмөц лого, нэр бичих хэв маягтай байдаг шүү дээ. Манайд ч мөн ийм байгаа. Тиймээс Старбаксийг—Starbucks, Исквиарисийг—Esquires гэж бичсэн нь дээр.

Starbucks, Esquires гэж бичээд ч, уншсан олон хүн, энэ чинь юу билээ гэж эргэлзэх байх. Энэ бол мэдээж. Би ч сайн мэдэхгүй. Яагаад гэвэл Монголд Starbucks нь ч, Esquires нь ч байхгүй шүү дээ. Харин хааяа нэг америк кино үзэж байхад Starbucks гэсэн нэг хаяг харагдаад байдаг. Гадна нь хүртэл сүүдрэвчин доор тухалж суусан хүмүүс, кофе, цай уугаад сууж байдаг. Улаанбаатарын төвд цөөхөн байдаг кофены газруудтай төстэй газар.

Цахим сүлжээгээр шалгахад, Starbucks бол дэлхийн бүх өндөр хөгжилтэй улс оронд салбартай кофе, цайны газар ажээ. (Үнэндээ кофе цайны газар гэж хэлэхээр манай гуанз санагдаад жаахан тохиромжгүй л байна. Англиараа бол кофе хаус гэж хэлдэг юм байна лээ.) Гэхдээ алийн болгон бүх шинэ зүйлийг гадаадаар нэрлэх үү, зарим боломжтойг нь монголчилж байх зөв. Товчхондоо, Starbucks нь дэлхийд хамгийн олон салбартай кофе, цайны газар ажиллуулдаг компани юм. Дэлхийн 50 улсад 17009 кофе, цайны газартай. Үүнээс 11 мянга нь Америкт, мянга нь Канадад, 700 гаруй нь Англид, 150 нь Туркэд байдаг гэх мэт... Тэнд зөвхөн кофе, цай зардаггүй. Хүйтэн ус, халуун шоколад, зайрмаг, салад, боов боорцог, (хэрэв монголоор заавал бичнэ гэвэл)... Товчхондоо, аяга цай уугаад, хөнгөн зууш идээд гараад ирэх боломжтой газар юм байна.

Тэгэхээр дэлхийн хамгийн том Starbucks-ийг сөрсөн Esquires ямар зоригтой гэдэг нь ойлгомжтой болж байна уу. Esquires ч мөн адил кофе, цайны газар. Шинэ Зеландын компани. Англи, Шинэ Зеланд, Саудын Араб, Канад, Ирланд, Хятад, Фижи гэх зэрэг улсууд салбараа нээсэн, нийт 150 гаруй кофе, цайны газартай компани.

Starbucks-ийн 17009-ийг Esquires-ийн 150 кофе, цайны газартай харьцуулвал их ялгаатай л даа. Гэхдээ Esquires бол 1993 онд, харин Starbucks бол 1971 онд анх байгуулагдсан компани юм.

Анх 2002 онд Стивард Дийкс (одоо Шинэ Зеландын Esquires-ийн захирал) олон жил гадаадад ажиллаж байгаад эх орондоо буцаж ирэхдээ хоёр зүйлээс маш их залхсан байжээ. Нэгдүгээрт, хэн нэгний өмнөөс ажиллаж, сая сая долларын ашиг олж өгөхийг, хоёрдугаарт Starbucks төрсөн нутгийг нь “эзэлж” байгааг... Нэг удаа тэрбээр эх орондоо ирээд дөнгөж байгуулагдаж байсан Starbucks кофе, цайны газар орсон юм байна л даа. Тэгээд тэрбээр маш их сэтгэл нь хөдөлж, менежертэй нь уулзаж “Өө, энэ үнэхээр гайхамшигтай. Шинэ Зеландад үнэхээр хүчийг авах бизнес байна. Би яаж үүнд хамрагдаж болох уу?” гэж асууж л дээ. Гэтэл менежер нь түүнийг галзуу хүнийг харч байгаа мэт хараад “Юу яриад байгаагаа ч мэдэхгүй байж, чиний хэрэг гэж юу байх вэ?” хэмээн бараг хөөсөн гэнэ. Тэр цагаас хойш Стивард Дийкс Starbucks-ынханд үзүүлээд өгөх бодол төржээ.

2002 онд Стивард Дийкс өөрийн дүү Льюс Дийкстэй хамт Канадын Esquires кофе, цайны газрын франчайзийн эрхийг худалдаж авсан байна. Бараг хамаг юмаа зарч авсан эрх нь тун удалгүй ашгаа өгч, 15 сарын дотор гурван салбарыг нээжээ. Шинэ Зеландад богино хугацааны дотор Esquires хүчийг авч одоо өөрийн байр сууриа олсон брэнд болж чаджээ. Одоо Стивард, Льюс Дийкстэй Esquires-ийн мастер франчайзингийн эрхийг авч, дэлхийн бусад оронд ч Esquires-ийн франчайзинг хийх эрхтэй болжээ. Жижиг зах зээлд яаж ашиг олох талаар Шинэ Зеландын ах дүү хоёроос илүү мэдэх хүн байхгүй гэж Esquires компанийнхан үздэг гэнэ.

Товчхондоо, Стивард Дийкс Starbucks-д “үзүүлээд өгөх” амлалтаа биелүүлж чаджээ. Мөн тэрээр өнгөрсөн долоон хоногт Монголд ирээд буцлаа. Зорилго нь мэдээж ойлгомжтой. Боломж байвал салбараа нээх. МҮХАҮТ-ын болсон “Олон улсын Франчайз бизнесийн ганцаарчилсан уулзалт, үзэсгэлэн” тэрээр оролцсон юм. Монголд анх удаа франчайз бизнесийг сурталчлахаар ирсэн 11 компанийн төлөөлөгч дотор багтсан тэрээр “Олон хүн сонирхож ирж уулзсан. Франчайзингийн гэрээ байгуулах хүн байж ч магадгүй” хэмээн үзэсгэлэнгийн үеэр уулзахад хэлж байлаа.

Чухам Монголд Esquires-ийн франчайзингийн эрхийн авсан компани, хувь хүн ямар шаардлагыг хангасан байх ёстой вэ гэж асуухад “Бид бизнесийн туршлагатай түншийг хайж байна. Тэд гэрээгээ маш сайн судалсан байх хэрэгтэй. Арван жилийн дотор арваас доошгүй кофе, цайны газрыг нээх чадвартай байх ёстой. Анхны жилдээ гурвыг нээх шаардлагатай. Тиймээс тэд үүнийг хийх хөрөнгөтэй байх ёстой. Мөн бизнест сайн нэртэй байх хэрэгтэй” гэж хариулав.

Дэлхийн бараг бүх улс оронд кофены бизнес хурдан хөгжиж байгаа тул Монголд ч гэсэн кофе, цайны газар эрчийг нь авна гэж Стивард Дийкс үзэж байна. “Монголын эдийн засаг сайжирч байна. Мөн залуучууд их байдаг нь боломж их байгааг харуулж байна” гэж тэрбээр ярьсан.

Нэг кофе, цайны газарт 5 хүн ажиллана. Бүх кофены нунтаг, сироп, аяга, байрны дизайн бүх юмыг Esquires компанийнхан хангана. Харин сүү, зууш гэх мэт хоол хүнсний бүтээгдэхүүнийг орон нутгаас авах боломжтой ажээ. Стивард Дийкс ярихдаа “Бид бүх
юмыг нь хангана. Байрыг нь барьж, дизайныг нь хийнэ. Мөн ажилчдыг нь сургана” гэв.

Ойролцоогоор хэдэн долларын ашиг нэг салбараас олдог вэ? гэж асуухад “Олон улсын жишгээр хэлэхэд нэг салбар жилдээ дунджаар 700 мянган ам.долларын ашигтай ажилладаг” гэв. Монголын зах зээл жижигхэн гэж тэрээр огт голохгүй байлаа. Арван кофе, цайны газрыг Монголд “хөнгөхөөн” ажиллуулж дөнгөнө гэдэгт Стивард Дийкс итгэлтэй байв. “Хамгийн гол нь ажилдаа дуртай, бууж өгөхгүй л байх хэрэгтэй. Монголд олон боломж байна. Бид олон жижиг улсад бизнес хийж байсан. Арван кофе, цайны газрыг Монголд хөнгөхөөн ажиллуулна”.

Ер нь аливаа нэр хүндтэй брэндийг франчайз бизнес хийн эх орондоо оруулж ирэхэд мөнгөтэй байхаас гадна их хариуцлагатай байх шаардлагатай гэнэ. Тухайн брэндийн нэр хүндийг унагахгүй тулд олон улсад мөрдөгдөг шаардлагыг нь биелүүлж, бүх үйл ажиллагаагаа тухай франчайзингийн эрхийг өгсөн байгууллагатай уялдуулж явуулах ёстой байдаг юм байна. Энэ утгаараа ч франчайз бизнес нь өндөр
хөгжилтэй улсуудын стандартыг Монголд оруулж ирэхэд хамгийн төд зам байдаг бололтой.

“Ер нь манай франчайз бизнесийг хийж байгаа хүмүүс өмнө нь үйлчилгээний салбарт ажиллаж байсан бол илүү дөхөм байдаг. Гэхдээ зөвхөн үйлчилгээний салбарт ч биш бусад салбарт бизнес хийдэг байсан, ажилчидтайгаа зөв боловсон харьцаж чаддаг хүн манай франчайз бизнесийг эрхлэхэд алзахгүй. Хэрэв ажилчид чинь сэтгэл өндөр байвал үйлчлүүлэгчид ч сэтгэл өндөр байна. Олон үйлчлүүлэгчид дахин дахин ирснээр нэг найрсаг гэр бүлийн уур амьсгал бүрэлдэнэ. Манай Esquires-ийн гол зарчим энэ” хэмээн Стивард Дийкс ярьж байв.
Дашрамд сонирхуулахад, Шинэ Зеландад франчайзингийн эрхийг авч шинэ кофе, цайны газар нээхэд ойролцоогоор 300 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байдаг гэнэ. Дээрээс нь 75 мянган ам.долларын франчайзингийн хөлсийг төлдөг ажээ. Монголд франчайзингийн эрхийг авахад мөн энэ хавьцаа байх бололтой.

1 comment:

sunnymn said...

Үнэхээр сайхан мэдээлэл байна. Чамд амжилт хүсэе.