Wednesday, 28 September 2011

Хойч үеийнхээ хоолыг бэлдэж яваа хүн

Тун сонирхолтой хүнтэй Төв цэнгэлдэх хүрээлэнд болж байгаа “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдааны үеэр тааралдлаа. Хоёр цацагт хяруул, хоёр галуу торонд хийж өмнө тавьсан хүнтэй ярилцахдаа буруу сонсихов уу гэж эргэлзээд нэг зүйлийг дахин дахин асуусан. Дөрвөн шувуу гуагалж байхад нэг иймэрхүү яриа болов.

-Та хэзээнээс цацагт хяруул, галуу тэжээж байна вэ?
-Ноднин таван сараас
-Анх хэдэн цацагт хяруул, галуутай байсан бэ?
-Гурван цацагт хяруул, гурван галуу анх авч байлаа. Одоо 200 галуутай, 100 цацагт хяруутай.
-Аан... Анх хэдэн цацагт хяруул, галуутай байсан гэнээ?
-Гурван цацагт хяруул, гурван галуу авсан.
-Тэгээд түүнээс хойш нэмж аваад л байсан хэрэг үү?
-Үгүй. Гурван цацагт хяруул, гурван галуу л авсан.
-Тэгээд...
-Тэгээд одоо 200 галуутай, 100 цацагт хяруултай болсон.
-Пөөх... Үржээд л байсан хэрэг үү?
-Тийм үржээд л байсан гэж хэлээд ярилцагч маань над руу хяламхийлж харснаа. Их л нухацтай:
-Гурван цацагт хяруул, гурван галуу ноднин 5 дугаар сард авахад одоогийн байдлаар жил гаруйн хугацаанд 100 цацагт хяруул, 200 галуутай болчихоод байна гэлээ.
Би ч үнэнээ хэллээ. Нэмээд л худалдаад аваад байж гэж саналаа гэв. Гэтэл тийм биш гэнэ. Цацагт хяруул, галуу жилдээ 90 хоног өндөглөдөг гэнэ. 90 хоног өндөглөхдөө ойролцоогоор 45 өндөг гаргадаг. 45 өндөгнөөс тавин хувийг нь бойжууллаа гэхэд 23 дэгдээхэйтэй болдог байна.
-Тэгэхээр их ашигтай байгаа биз. Бага зардлаар өндөр ашиг олох боломжтой. Тэжээлийн зардал нь ч бага. Өсөлт түргэн галуу бол гурван сар болоод нядалгааны жинд хүрдэг. Зургаан сарын дотор нас биеэнд хүрдэг гэж тавь гаран насны эр ярьж байлаа. Түүнийг Л.Баатар гэдэг. Булган аймгийн Сэлэнгэ суманд цацагт хяруул, галуу, загас үржүүлдэг Жарамгай цөөрөм гэдэг нөхөрлөл ажиллуулдаг хүн.

Анх цацагт хяруулын өндгийг хойд хөршөөс оруулж ирэн инкубаторт дарж гаргасан байна. Харин галуугаа нутгаасаа 170 мянган төгрөгөөр авч байжээ. Одоо харин тэр 150 мянган төгрөгөөр цацагт хяруул, галуу хоёроо борлуулахаар хотод ирсэн аж. Цацагт хяруул, галуугаа мах, өндөгний чиглэлээр тэжээж байгаа гэнэ. Цацагт хяруулын хувьд бол мөн байгалийн амьд инкубатор болдог онцлогтой тул тахиа, нугас, галууны өндгийг ч даруулж болох ажээ.

Цацагт хяруул, галууны махыг монголчууд хүнсэндээ өргөн хэрэглэдэггүй учир Л.Баатар одоохондоо амьдаар зарч байгаа юм байна. Гэхдээ Монголоос бусад улс оронд өргөн хэрэглэдэг дээрх хоёр шувууны махыг тун удахгүй монголчууд ч гэсэн өргөн хэрэглэнэ гэж тэрээр итгэж байгаа бололтой. Үнэхээр цацагт хяруул, галууны махыг манай хоёр хөршөөс авахуулаад маш олон орон хүнсэндээ өргөн хэрэглэдэг билээ. Жишээ нь, америкчууд гэхэд жилдээ нэг удаа заавал, монголчууд хонины ууц иддэг шиг, хүндэтгэлийн журмаар цацагт хяруулын махыг иддэг билээ.

-Дан нүүдлийн мал аж ахуйгаар манай улс хэрэв хөгждөг бол хөгжих цаг нь болсон. Хэчнээн зуун жил нүүдлийн мал аж ахуйг дагнаж ирэв. Гэтэл нүүдлийн мал аж ахуй хөгжлийн өндөр түвшинд хүргэж чадахгүй нь харууллаа шүү дээ. Байнга байгалийн бэрхшээлтэй тулгарч өдий хүрлээ. Одоо бэлчээрийн мал ихсэхээр хөрс муудаж, бэлчээр цөлжиж байна. Тиймээс бид ондоо бага зардалтай аж ахуй руу шилжих цаг болсон гэж Л.Баатар бас ярьж байлаа.

НАЙМАН САЯ ЗАГАС СЭЛЭНГЭ МӨРӨНД НИЙЛҮҮЛСЭН!
Баатар гуай дахиад л ам ангайлгав. Энэ жил найман сая загас Сэлэнгэ мөрөнд нийлүүлсэн гэж хэлэхийг сонсоод эгээтэй л нийлүүлсэн биш барьсан юм биш үү гэж асуусангүй биеэ барив. Тэрбээр гурван жилийн өмнө Булган аймгийн Сэлэнгэ суманд далан барьж 500 метрийн урттай, 40 метрийн өргөнтэй, дунджаар таван метрийн гүнтэй, нийтдээ 50 мянган куб устай хиймэл цөөрөм байгуулаад загас үржүүлж байгаа гэнэ. Тиймээс ч нөхөрлөлөө Жарамгайн цөөрөм гэж нэрлэсэн аж. Намайг ярианд нь нэг л итгэхгүй байгаад дургүйцсэн шинжтэй:
-Монголчууд загасны төлийг жарамгай гэдгийг чи мэдэх үү? Хониноос гарсныг хурга, үхрээс гарсныг тугал гэдэгтэй адил гэж тэр асуув. Би:
-Мэднэ л гэлээ. Үнэндээ бол жараахай гэж сонссноос жарамгай гэж сонсоогүй.
-Тэгвэл Жарамгайн цөөрөм гэж бид яагаад нөхөрлөлөө нэрлэсэн гэхээр загасны төл бойжуулдаг болохоороо тэгж нэрлэсэн юм гэв.

Гурван жилийн өмнө тэрбээр бас Баянхонгор аймагт 27 метрийн гүнтэй нууранд загас үржүүлж байсан аж. Харин одоо ирээдүй хойчийн хүүхдүүд хоолтой байг гээд Жарамгай цөөрөмдөө загас үржүүлээд Сэлэнгэ мөрөнд тавьдаг гэнэ. Үнэхээр ховор хүн байгаа биз. Ихэнх хүмүүс ирээдүй хойч үе гэж ярьдаг ч, ирээдүй хойч маань юу идэж уух, яаж амьдрахыг үнэн сэтгэлээсээ санаа зовж, бодит ажил хийдэггүй шүү дээ. Бүгд л шахам яаж газрын баялгаа түргэн ашиглах уу гэж санаа зовж энэ үед ийм хүмүүс байдаг л юм байна.

Тэрбээр бас, 90 оноос хойш бид байгальтай их ширүүн хандлаа. Байгалийн баялгийг ашиглана гээд байгалиа сүйтгэж байна. Бидэнд манай өвөг дээдэс асар их байгалийн баялгийг үлдээсэн. Үүнийг нь бид олигтой ашиглаж ч чадахгүй байж үрэн таран хийчихвэл ирээдүй хойч маань юу идэж уух болж байна. Тиймээс би ирээдүй хойч үеийн хүүхдүүддээ хоол бэлдэе гээд загас үржүүлж байгаа. Загас үржүүлнэ гэхээр жижигхэн шилэнд загас хийчихээд харч суугаад кайф авдаг биш, харин идэх загасыг нь үржүүлж байна. Манай Жарамгайн цөөрөм нөхөрлөл нондин нэг сая таван зуун загас Сэлэнгэ мөрөнд нийлүүлсэн бол энэ жил найман сая загас нийлүүлсэн. Цурхай, улаан нүдэн, хадран, зэвэг, алгана гэсэн таван төрлийн загасыг Орхон, Бухын гол гэх мэт голуудаас барьж цөөрөмдөө тэжээн Сэлэнгэ мөрөнд тавьсан гэв.
-Анхны жил 250 гаруй эх загас цөөрөмдөө тавьсан. Загас чинь их төлөлдөг амьтан шүү дээ. Манай оронд байгаа загас нэг жил хамгийн дээд тал нь сая хоёр зуун мянган дүрс шахдаг. Улаан номонд орсон хилэм загас 850 мянгаас 1 сая 200 мянган дүрс шахна. Хамгийн цөөхөн төл гаргадаг загас гэвэл зэвэг, тул. 7500-15000 дүрс шахдаг. Тэгэхээр загас хурдан үржиж байгаа биз. Малаас их үржинэ. Нэг шувуунаас би дөчөөд өндөг гаргана гэхэд чи гайхаж байсан. Сая бас 8 сая загасыг голдоо нийлүүлсэн гэхээр чи гайхах янзтай болж байна хэмээн Баатар гуай намайг ширүүн харав.

Үнэхээр гайхсан маань үнэн. Гэхдээ бас бахархаж байлаа. Тиймээс очиж үзмээр санагдаад, асуухад минь:
-Очиж үзээрэй. Очиж үзсэн хүн зах зээлийн нийгэмд яаж бага зардлаар их ашиг олж болохыг харж болно. Амьдралдаа хэрэгтэй юмыг тэндээс олж хараад, амьдралаа дээшлүүлэхгүй юу гэж хариулсан. Жарамгайн цөөрөм 500 метрийн урттай, 40 метрийн өргөнтэй. Дунджаар таван метрийн гүнтэй. Нийтдээ 50 мянган куб устай нуур аж.
Ийм нэгэн ховор хүнтэй “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдааг сонирхож яваад таарлаа. Энэ баасан гарагт дуусах уг үзэсгэлэн худалдаа дуусч, Улаанбаатарын дүүрэг бүрт тодорхой цэгт шинэ ногооны цэг ажиллана. Гэхдээ Баатар гуай шиг хүмүүс дүүргийн шинэ ногооны цэгт очихгүй. Тиймээс хэрэв завтай бол Төв цэнгэлдэх хүрээлэнд болж байгаа үзэсгэлэн худалдаанг очиж сонирхвол ахуй амьдралаа дээшлүүлэх шинэ олж болно. Дашрамд хэлэхэд тэнд хүнсний ногоо харьцангуй хямд зарагдаж байна. Төмс, байцаа, лууван, манжинг кг-ийг нь 500 төгрөгөөр ч авах боломжтой байна.

No comments: