Sunday, 4 September 2011

БАРИЛГАЧИН ЗАЛУУСАА НИСГЭСЭЭР БАЙХ УУ?

Монголын барилгачдын ид ажлын үе болж байна. Өвөлдөө хасах 40 хэм хүрдэг Монголд оронд барилгын ажил улирлын чанартай. Тиймээс ч барилгачид өдөр шөнөгүй ажиллаж богино хугацаанд хэдэн төгрөг хийхээр чармайж байна.

Улаанбаатар хотод хаа сайгүй л байшин барилга баригдана. Хэрэв та жаахан анхааралтай ажих юм бол өндөр өндөр барилга дээр ямар ч хамгаалалтын хэрэгсэлгүй ажиллах залуучуудыг харах л байх. Ямар ч уяа бэхлээсгүй өндөр барилга дээр ажиллах эдгээр залуусыг харахад нэгэн бодлын бахармаар, нөгөө бодлын хайхрамж, хэнэггүйд нь гайхмаар.

Энэ нэгэн бодлын баатарлаг, нэгэн бодлын хэнэггүй залуучууд маань өөрсдийгөө Монголын хамгийн их осол гардаг салбарын нэгт ажиллаж байгаагаа ухаарахгүй л байх шнг. Монголын барилгын салбар, уул уурхайн салбар хоёрт хамгийн их осол аваар гардаг гэж мэргэжилтнүүд хэлдэг билээ. Үүний баталгааг баригдаж байгаа барилгуудыг гаднаас хэсэг харахад л хангалттай олж чадна. Хөдөлмөрийн аюулгүй байдалд хяналт тавьдаг газрууд заавал дарга цэрэгтэй нь уулзаж тэдний шалгалгүй, нууцаар холоос ажихад л хангалттай баталгааг олох боломжтой. Ийм ажлын арга барилыг түргэн хэрэглмээр байгаа юм. Хэрэв тэгвэл сайхан залуучуудаа барилга дээрээс нисч унахыг багасгах болно.
Сүүлийн үед барилгын салбарт гарах осол гэмтэл эрс нэмэгджээ. 2009-2010 оны хооронд үйлдвэрийн осол эрс буурсан ч энэ нь сүүлийн үед эргээд нэмэгдсэн байна. 2009-2010 оны хооронд барилгын салбарт осол буурсан нь сайндаа ч биш, харин эдийн засгийн хямралаас болж барилга байшин бага баригдсантай холбоотой гэж мэргэжилтнүүд үздэг. Тэгэхээр Засгийн газрын хэрэгжүүлж буй “100 мянган айлын орон сууц” төсөл ид эрчээ авбал яахыг бүү мэд. Барилгын салбарынхан 2010 онд УИХ “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “100 мянган айлын орон сууц” төсөл батлахад яаж хамрагдах уу хэмээн нэг нэгнээсээ уралдан зүтгэж байсан болохоос барилгачдын аюулгүй байдал, хөдөлмөр хамгаалалтын талаар дурдсан нь маш цөөхөн.

Ер нь зөвхөн Улаанбаатар хотод баригдаж байгаа барилга, хот тохижуулалтын ажлыг гүйцэтгэж байгаа байдлыг харахад л хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм журмыг мөрдөж байгаа нь харагдахгүй юм. Зориулалтын хувцас хунаргүй, мэргэжлийн багаж хэрэгсэлгүй бараг нүцгэн гараараа хүнд хүчир ажлыг монгол ажилчид хийцгээдэг.

Өнгөрсөн 3 жилд барилгын салбарт 219 үйлдвэрийн осол бүртгэгдэж 256 хүн осолд орсноос 96 хүн амь насаа алдаж, 103 хүн хүнд, 57 хүн хөнгөн зэргийн гэмтэл авчээ. Энэ тоог үүнээс ч их гарна гэж үздэг хүмүүс бий. Тэдний хэлж буйгаар цагийн ажил хийж, хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүмүүс гэмтэж бэртснээ тэр мэдэгдээд байдаггүй ажээ. Нээрээ ч үнэн байх. Саяхан нэг танил маань цагийн ажил хийж байгаад 2 давхар дээрээс унасан гэнэ лээ. Гэхдээ “Эмнэлэгээр явалгүй. Зүгээр л орхисон” гэж байсан. Түүнд аз таарсан ч байж магадгүй, үгүй ч байж магадгүй. Өөрт нь мэдэгдэхгүй байж байгаад авсан гэмтэл нь хожим илрэхийг хэн мэдлээ. Хөдөлмөрийн харилцаа өндөр хөгжсөн газар ажлын байран дээрээ хальтараад уначихад ч том асуудал болгодог.

2010 оны гарсан ослын шалтгаанаас авч үзвэл 54.7 хувь нь уналт, нуралтаас, 21.4 хувь нь аюулгүй ажиллагааны арга барилд суралцаагүй зэрэг шалтгаанаас гарсан байна.
Өнгөрсөн хавар барилгын салбарынхан Ерөнхий сайдтай уулзаж байхад барилгын салбарт үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй 1548 аж ахуйн нэгж бий. Харин “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “100 мянган айлын орон сууц” төсөл хэрэгжихээр 54600 гаруй ажлын байр бий болно гэж ярьцгааж байсан. Эндээс л барилгын салбарт боловсон хүчнээ бэлтгэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад илүү анхаарах нь хэр чухал болох нь харагдана.

“Барилгын салбарт хамгийн санаа зовоож байгаа асуудал бол хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдахгүй байгаа байдал. Аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал өнөөгийн шаардлагаас хоцорч байгаа. Барилгын салбарт гарч байгаа осол уул уурхайн салбарт гарч байгаа осолтой нэг хэмжээнд байна” гэж Монголын Барилгачдын Үйлдвэрчний Эвлэлүүдийн Холбооны дарга Б.Батцогт хэлж байсан юм.

Өнөөгийн манай мөрдөж буй хөдөлмөр хамгааллын стандартууд хоцрогдсон тул шинэчлэх хэрэгтэй. Олон улсын мөрдөж буй стандартуудыг Монголд нэвтрүүлэх нь чухал болохыг Б.Батцогт онцолж байлаа. “Аюулгүй ажиллагааны дүрэм журмаа мөрддөг гайгүй сайн компаниуд бий. Гэвч ихэнх компаниуд аюулгүй ажиллагааны дүрэм журмыг сайн сахин биелүүлэхгүй байгаа” гэж тэр хэлсэн. Түүнийхээр бол хамгийн гол нь ажил олгогч эзэд хариуцлагаа маш сайн ухамсарлаж хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн хуулийг чандлан мөрдөн, ажилчиддаа ч хууль дүрмийг мөрдөхөд нь хяналт тавих хэрэгтэй аж.

Барилгын салбарын хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулж, мэргэжлийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, барилгачдын идэвх, санаачлагыг дэмжин ослын тэглэх зорилгоор МБҮЭХ “Өндөр бүтээмжтэй, үйлдвэрлэлийн осолгүй ажиллацгаая” сэдэвт 3 сарын аяныг энэ сарын 26-аас эхлүүлэх ажээ.

Энэ аянаар уулзалт, үзлэг шалгалт, сургалт, сурталчилгаа хийж, ҮЭ-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орон тооны бус итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг чадваржуулах гарын авлага боловсруулах зэрэг ажлуудыг зохион байгуулах юм байна.

Ирээдүйд баригдах олон олон барилга монголын барилгачдын гараар сүндэрлэнэ босох нь гарцаагүй. Гэхдээ их бүтээн байгуулалтын золиос болж байгаа мэт барилгачин залуус маань өндөр дээрээс нисч унасаар байвал ямар олигтой байх билээ. Тиймээс барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлыг асуудал бол жижиг биш том асуудлаа.

No comments: