Sunday, 4 September 2011

ГАЗРЫН ҮНЭ 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦНЫ ҮНЭД НӨЛӨӨЛӨХГҮЙ

Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатартай уулзаж, барилгын салбарын өнөөгийн байдал, тулгарч буй бэрхшээлүүд болон 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар ярилцлаа. Дашрамд дурдахад, Монголд барилгын салбар хөгжсөний 85 жилийн ой энэ өдрүүдэд болж байгаа билээ.

-85 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа барилгачдын хувьд энэ жил ямар онцлогтой жил болж байна вэ?
-Энэ жил тун чухал, онцлог жил болж байна. Засгийн газраас санаачилсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих 100 мянган айлын орон сууцны төслийг хэрэгжүүлэх арга механизмыг тодорхой болгож, хууль эрхзүйн орчныг нь бүрдүүлсэн он болж байна. Тухайлбал УИХ-аас 325 дугаар тогтоол гаргаж 100 мянган айлын орон сууцны бүтээн байгуулалтын гол гол эрхзүйн орчныг бүрдүүллээ. Энэ намрын чуулганаар бид Газрын тухай хууль, Газрыг эргүүлэн татах хууль зэрэг хуулинд өөрчлөлт оруулчих юм бол ер нь зарчмын хувьд хууль эрхзүйн орчин ерөнхийдөө бүрдэнэ. Мөн хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг бүрдүүлэхэд их анхаарлаа. Хөгжлийн банк байгуулагдлаа. Эхний ээлжинд Хөгжлийн банкаар дамжуулж 800 тэрбум төгрөгийн Засгийн газрын бонд гаргаж Улаанбаатар хотод баригдах 75 мянган айлын орон сууцны зарим хороодын дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх нөхцөл бүрдэж байна. Товчхондоо, ажиллах зарчим тодорхой болчихлоо.

-100 мянган айлын орон сууц хаана баригдаж эхэлж байна вэ?
-Ер нь эрчимтэй баригдаж эхлээгүй. Ганц хоёр газар барилгын ажил эхэлсэн. Ирэх жилээс эрчимтэй баригдаж эхэлнэ. Өнөөгийн байдлаар бол зах зээлд борлогдож байгаа орон сууцнууд голдуу 40 мянган айлын орон сууцны үлдэгдэл, мөн хувийн хөрөнгө оруулалтаар бариад зарч байгаа барилгууд юм. Тийм ч учраас байрны үнэ ханш өндөр байна.

-Байрны үнэ өссөн гол шалтгаан нь цөөхөн байгаагаас тэр үү?
-Нэгдүгээрт эрэлт их байна. Хоёрдугаарт 100 мянган айлын орон сууц төсөл бүрэн механизмаараа хэрэгжиж эхлээгүй байна. 100 мянган айлын орон сууцны төслийн үндсэн механизм бол 40 мянган айлын орон сууцны төслөөс үндсээрээ өөр. 100 мянган айлын орон сууц бол бага, дунд орлоготой иргэдийг орон сууцаар хангах төрийн орон сууцны төсөл юм.

-Бага, дунд орлоготой иргэдэд зориулсан байр хямдхан болохоор чанар сайн байж чадах уу?
-Байр хямдхан биш. Сангийн яамнаас гаргасан судалгаа байдаг. Монголд нэг метр квадратыг барилгачид дунджаар 450 мянган төгрөгөөр барьж байгаа судалгаа байдаг. Тэгэхээр 650 мянган төгрөгөөр нэг метр квадратыг барихад чанартай барилга босно. Тиймээс метр квадратыг нь 650 мянган төгрөгөөр барих гэж байгаа барилга чанаргүй байх ёсгүй. Энэ бол чанаргүй барих мөнгө биш. Засгийн газар үүнийг нь нэг метр квадратыг нь 700-800 мянган төгрөгт бодоод бага дунд орлоготой иргэддээ 50 метр квадрат хүртэлх орон сууцыг олгохоор зорьж байгаа.

-Тэгэхээр одоо зарагдаж байгаа байрны үнийг хөөрөгдөж байна гэсэн үг үү?
-Тийм. Яагаад гэхээр одоохондоо 100 мянган айлын орон сууц баригдаж, 6 хувийн зээл олгож эхлээгүй байна. Харин мөнгөтэй хүн өөрөө газар өндөр үнээр худалдаж аваад, барьсан байшингаа худалдаж байгаа юм. Үүнийг бид хорьж чадахгүй л дээ. Зах зээлийн зарчимд нийцэхгүй.

-Газрын үнэ 100 мянган айлын орон сууцны үнэд нөлөөлөх үү?
-Газрын үнэ байрны үнэд нөлөөлдөг гэхдээ 100 мянган айлын орон сууц барихад бараг нөлөөлөхгүй. Яагаад гэвэл, хийсвэрээр бодоход, 10 мянган айл байдаг 100 га газрыг худалдаж аваад аравхан га газар нь 10 мянган айлыг багтаах 16 юм уу, 9 давхар арван байшин барьчихад л цаана нь 90 га газар сул үлдэнэ. Үүнийг Засгийн газар дахиад байшин, цэцэрлэг, сургууль барихад эдийн засгийн хувьд ашигтай болно.

-100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд манай барилгачдын тоо хангалттай юу?
-Одоо Монголд 28 мянга гаруй барилгачид ажиллаж байна. Харин 100 мянган айлын орон сууцыг барихад 60 мянга орчим барилгачид хэрэгтэй. Тиймээс эдгээр ажилчдыг бэлтгэхэд одоо мэргэжлийн боловсрол олгодог 42 ТМС-ууд ажиллаж байна. Мөн мэргэжлийн сургалтын төвүүдэд боловсон хүчнийг бэлдэж байгаа. Ер нь бол жилдээ 10 мянга орчим барилгачин бэлтгэх шаардлагатай байгаа. Энэ зорилтыг хангахын тулд саяхан БСШУЯ, ЗТБХБЯ, Мэргэжлийн боловсролын үндэсний зөвлөл гурвалсан гэрээ байгуулсан.

-Барилгын салбарт боловсон хүчнээ бэлтгэхэд их анхаарах болжээ. Үүнээс өөр бас юуг онцлон анхаарах хэрэгтэй байна вэ?
-Мэргэжилтэй боловсон хүчнээ сургаж, боловсруулах, залуу халаагаа бэлтгэх нь үнэхээр тулгамдсан асуудал. Үүнээс гадна олон мянган залуусыг барилгын салбарт шинээр ажиллахаар ирэх тохиолдолд хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдалд нь маш их анхаарах хэрэгтэй. Ажлын дадлага туршлагатай алтан гартай барилгачин болтол нь гэмтээж бэртээчихгүй, шантаруулчихгүй ажиллуулах талаар барилгын салбарын удирдлагууд, барилгачид бүгдээрээ анхаарах цаг болжээ. Бас барилгын чанарыг илүү анхаарч, хянах хэрэгтэй байна. Барилгачид барилгаа чанартай барьдаг болохоос гадна төр засгаас барилгын чанарыг шалгах лабораторуудыг олноор нь байгуулах шаардлагатай. Аймгуудад, хилийн боомтод, Улаанбаатар хотод шалгах лабораторуудыг байгуулж гадаадаас импортолж байгаа, дотооддоо үйлдвэрлэж байгаа барилгын материалуудын чанарт хяналт тавихаас гадна барьсан барилгын чанарыг ч улам чанга хянах ёстой. Тэгж л байж бид энэ шинэ бүтээн байгуулалтыг хийж, барилгаа чанартай барина.

-Та түрүүн хэллээ. Хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдалд их анхаарах ёстой гэж. Үнэхээр монголын барилгачид осолтой орчинд ажиллаж байна. Мэргэжлийн хүний хувьд та энэ байдлыг юунаас шалтгаалж байна гэж үздэг вэ?
-Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа барилгын салбарт орхигдоод бараг хориод жил болж байна. Энэ нь барилгын салбарынхны үйл ажиллагаанаас хамааралтай ч хамгийн ноцтой зүйл нь барилгын талбайд ажиллаж байгаа ажилчдын түр байрлах байр, ажиллах орчныг бүрдүүлдэг тодорхой зардлуудыг төсөвт тусгадаггүйгээс болсон юм. Жишээлбэл, нэмэгдэл зардал, төлөвлөгөөт хуримтлал, өвлийн нэмэгдэл, түр байр гэх мэт зүйлсийн зардлыг барилгын төсөлд тусгахдаа жилээс жилд хассаар ирлээ. Гэхдээ одоо хандлага өөрчлөгдөж байна. Барилгын салбарын үнэ бүрдүүлэлтийн системийг шинэчилнэ гэж ярих болсон. Энэ бол ерөөсөө барилгын салбарын төсвийн механизмыг шинэчлэх тухай асуудал юм. Хэрэв барилгачин хүний хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэл, аюулгүй орчинд ажиллах түр байр, бие засах газар, гуанз гэх мэт зүйлийг барилгын төсөвт суулгаад өгчихвөл дараа нь барилгын салбарын удирдлагуудтай хариуцлага тооцох боломжтой. “Чи төсөвт чинь суулгаад өгсөн 10 хувийн зардлыг яагаад барилгачин хүнд зарцуулаагүй” гээд хариуцлага тооцож болно. Тэгэхээр үнэ бүрдүүлэлтийн систем буюу төсвийн аргачлалыг нь Сангийн яам, ЗТБХБЯ бүр анхаарч Шинэ бүтээн байгуулалтад цоо шинэ аргачлаар оролцох хэрэгтэй байна. Төсөвт нь суулгаад Сангийн яам баталдаг болчихвол хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал сайжирна.

-Энэ жил барилгын салбарт гарсан осол улам нэмэгдсэн байх юм.
-Тэр аргагүй. Энэ жил маш олон барилга баригдаж байна. Тэгээд дандаа өндөр өндөр барилгууд. Мөн хяналт муу байна. Тиймээс барилга дээрээс нисч үхэх, барилгын талбай дээр тог цахилгаанд цохиулах гэх мэт осол гэмтэл гарч байна. Одоо Монголд жилдээ ажлын байранд 400 гаруй осол гардаг. Үүнээс амь нас эрсэдсэн тохиолдол 160. Амь нас алдсан ослын 60 гаруй хувь нь барилга дээр ажиллаж байсан барилгачид гэсэн тооцоо, судалгаа бий. Энэ бол үнэхээр харамсалтай, маш сэтгэл эмзэглүүлсэн асуудал.

-Саяхан болсон Мянган барилгачдын зөвлөгөөн дээр энэ талаар их ярьсан. Ямар өөрчлөлт гарсан бэ?
-Хэд хоногийн өмнө болсон зөвлөгөөн дээр бид нэг зарчмын том өөрчлөлт хийхээр болсон. Тэр юу гэхээр барилгын талбай дээр барилгачин хүн өөрөө өөрийгөө аваар ослоос хамгаал гэсэн хуучин цагийн шаардлагыг шинэ хандлагаар өөрчлөхөөр болсон. Мэдээж барилгачин хүн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны шаардлагыг хангах ёстой. Гэхдээ барилгачин хүн барилгын талбай дээр ажиллаж байхад нь барилгын компаниуд аюулгүй ажиллах орчныг бүрдүүлж өгөх хэрэгтэй.

-Ялангуяа түр ажилчдын хөдөлмөр хамгааллын асуудал их хэцүү байдаг юм байна лээ. Тэд ажлын байран дээр гэмтэхэд барилгын компаниуд хариуцдаггүй гэж дуулсан.
-Энэ бас нэг сэтгэл эмзэглүүлсэн асуудал. Саяхан Улсын мэргэжлийн хяналтын газраас томоохон байгууллагуудыг шалгахад мянган ажилчинтай гэсэн байгууллага 17-30 үндсэн ажилчинтай, бусдыг нь дандаа гэрээгээр түр ажиллуулж байсан байгаа юм. Тэгээд түр ажилчдын хөдөлмөр хамгааллын асуудлыг гэрээнд тусгахдаа түр ажилчид өөрсдөө даана гэж заасан байдаг. Эндээс л хариуцлагагүй байдал бий болж байгаа юм. Тиймээс түр ажилчдыг аюул осолгүй орчинд ажиллуулахын тулд онцгой анхаарч үндсэн барилгын ажлыг хариуцаж байгаа нөхөдтэй хариуцлага тооцох механизм бий болгох хэрэгтэй. Тэгэхгүй бол зун болохоор Зуун Айлаас хэдэн хүн авчираад талыг нь гэмтээчихээд л “Бид хариуцахгүй. Өөрсдөө биеэ даах ёстой ” гээд явуулчихдаг байж болохгүй.

-Түр ажилчид гэлтгүй ер нь бүх барилгачид осолд ороход өөрсдөө бүх хариуцлагаа хүлээх үү?
-Тийм. Одоо манайд үйлчилж байгаа зарчмаар тэгээд байгаа. Харин бидний гаргаж ирж байгаа саналаар бол хэрвээ осолд орсон ажилчин өөрөөс шалтгаалах бүх хөдөлмөр хамгааллын шаардлагыг хангачихаад осолд орсон бол тэр хүнийг осолд оруулахгүй байх нөхцөл байдлыг хангаагүй тэр барилгыг бариулж байгаа ерөнхий гүйцэтгэгчийг нь хариуцлагад тооцох зарчмыг хэрэгжүүлнэ. Хүнийг аюулгүй ажиллах орчныг бүрдүүлж өгөөгүй бол хариуцлага тооцно. Түүнээс биш хамгаалалтын каска малгайтай, зориултын хувцас өмссөн ч гэлээ 16 давхараас лифтний нүх рүү уначихвал ямар ч нэмэр байхгүй шүү дээ. Хөдөлмөр хамгааллын эрсдэлийг багасгах урьдчилсан менежмэнт хийж байх ёстой. Үүнийг Барилгачдын холбоо төлөвшүүлэхэд их анхаарч ажиллана.

-Та түрүүн барилгын чанарыг сайжруулахад их анхаарах хэрэгтэй гэсэн. Манай барилгын салбар улирлын чанартай байдаг болохоор мэргэжилгүй түр ажилчид их ажилладаг. Тэд барилгын чанарт нөлөөлөх үү?
-Мэдээж нөлөөлнө шүү дээ. Гэхдээ мэргэжилгүй ажилчид бол голцуу шавар зөөх гэх мэт мэргэшил шаардахгүй ажлуудыг хийдэг. Энэ ажлууд бол чухал. Гэхдээ эдгээр ажилчдыг ингэж ажиллуулах хугацаандаа барилгын мэргэжилд дуртай болгох, осол авааргүй ажиллуулах нь барилга бариулж байгаа байгууллагын үүрэг. Манай залуучууд ихэвчлэн зуны улиралд барилга дээр ажиллаж хэдэн төгрөг олчихоод, орхиод явчихдаг. Цаашдаа бол ингэмээргүй байгаа юм. Тэд барилгын мэргэжилтэй болохыг чармайх хэрэгтэй. Үүнийг дэмжихийн тулд удахгүй мэргэжилгүй ажилчдыг барилгын талбай дээр мэргэжил сургавал үнэмлэх олгодог системийг нэвтрүүлэх гэж байгаа.

-Хэдийгээр барилгын салбарт боловсон хүчин дутмаг байгаа ч хятадын ажилчдыг оруулж ирж ажиллуулахыг олон хүн дургүйцдэг. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Орон сууцны эрэлт их байна. Барилгын салбарт ажиллах хүчний хомсдол бол бий. Энэ орон зайг хятад ажилчид нөхөж байна. Гэхдээ одоогийн байдлаас харч байхад хятад ажилчид барилгын салбарт монголчуудын зүрхшээгээд зугтаагаад байгаа хүнд ажлууд хийж байна. Хятад ажилчдыг болиулаад дан монголчуудаа ажиллуулна гэхээр болохгүй байна. Ер нь цаашдаа жилдээ 10 орчим мянган монгол залуучууд барилгын мэргэжил эзэмшээд барилгын салбарт ажиллавал хятад ажилчдын тоо цөөрөх нь гарцаагүй. Монголын барилгачдыг олшруулахын тулд төр засгаас олон арга хэмжээ авч байна. Жишээлбэл Хөдөлмөр, халамжийн үйлчилгээнийн газраас хятад ажилчин оруулж ирсэн компани болгоноос нэг хүний сарын 250 мянган төгрөг авдаг. Эндээс хуримтлагдсан тэрбумаар тоологдох их мөнгийг эргээд монгол залуучуудаа мэргэжилтэй болгоход зарцуулдаг. Залуучуудыг сард 480 мянган төгрөгөөр цалинжуулж барилгачин болгож байна. Сар болгон 50 мянган төгрөгийн хоол, ундны мөнгө өгч байна. Энэ бол төрөөс аль болохоор л залуучуудыг мэргэжилтэй болгохыг зорьж байгаагын нэг илрэл шүү дээ. Товчхондоо, гадаад ажилчдыг оруулж ирэхэд татсан мөнгөөрөө монгол ажилчнаа бэлтгэж байна.

No comments: