Thursday, 11 August 2011

МОНГОЛЫН ИНФЛЯЦИ ХЯТАДЫНХААС ИХ БАЙНА

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад инфляци 10.1 хувиар өсчээ. Үндэсний статистикийн хороо 7 дугаар сарын нийгэм, эдийн засгийн байдлыг танилцуулахдаа ингэж мэдээллээ. Хэдийгээр манай эдийн засаг өсч байгаа ч энэ бол муу мэдээ. Монголын 10.1 хувийг, Хятадын 6.5 хувьтай харьцуулахад бүр ч таагүй. Учир нь монголын инфляци өмнөд хөршийн инфляциас өндөр байна.

Хятадын Үндэсний статистикийн хорооны гаргасан мэдээгээр бол тус улсын инфляци 7 дугаар сард өмнөх оны мөн үетэйгээ харьцуулахад 6.5 хувиар өсчээ. Хятадын Засгийн газар үнийн өсөлтийг тогтоохын тулд олон арга хэмжээ авсан боловч барьж дийлэхгүй байгаа аж. Тэд зээлийн хүүг нэмж, арилжааны банкнуудын дүрмийн санг өнгөрсөн 12 сард хэд хэдэн удаа нэмсэн байна.

Гэвч дэлхийн эдийн засгийн өнөөгийн байдал Хятадын эдийн засгийг улам хүнд байдал оруулж байна гэж шинжээчид үзэж байна. АНУ-ын зээлийн зэрэглэл буурч, Европын орнуудын өрийн асуудал өмнөд хөршийн эдийн засагт сөргөөр нөлөөлөх нь дамжиггүй. Оны эхний улиралд 9.7 хувьтай эдийн засгийн өсөлт хоёрдугаар улиралд 9.5 болж буурсан байна. Ер нь Хятадын эдийн засгийн өсөлт буурах хандлагатай болжээ.

Экспортоос хамаардаг Хятадын эдийн засаг АНУ, Европын улсуудад үүссэн нөхцөл байдлаас болж хүнд байдалд орж магадгүй гэж шинжээчид үзэж буй нь манай улсад ч мөн хамаатай. Хятадаас экспорт, импортын үлэмж хамааралтай байдаг манай улсын Хятадын эдийн засгийн байдал нөлөөлөх болно.

Монголын ДНБ (2005 оны зэрэгцүүлэх үнээр) 2011 оны эхний хагас жилд 2152.6 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 14.3 хувь буюу 269.1 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлтэй байгаа. ДНБ-ний бодит өсөлт 14.3 хувь болсон өндөр үзүүлэлт юм. Оны эхийн улиралд эдийн засгийн бодит өсөлт 9.9 хувь байсан бол хоёрдугаар улиралд ийнхүү 14.3 хувиар өсчээ.

Бүтцээр нь аваад үзвэл хөдөө аж ахуйн салбарт үлэмж өссөн байна. Өнгөрсөн жил 16 орчим хувийн бууралттай байсан ХАА салбар энэ жил 6 хувь өссөн байна. Мөн аж үйлдвэр, барилга, үйлчилгээний салбарын нийт бүтээгдэхүүний өсөлтийн хэмжээ өссөн нөлөөлжээ. Гэвч инфляци жилийн дотор 10.1 хувиар өссөн тул дээрх амжилтад тайвширч болохгүй.
Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл 2005 оны зэрэгцүүлэх үнээр 2011 оны эхний 7 сард 1083.9 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 69.3 тэрбум төгрөг буюу 6.8 хувиар өсжээ. Энэ өсөлтөд зэсийн баяжмал, металл агуулгаараа, газрын тос, нүүрс, төмрийн хүдэр зэрэг уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.1-78.2 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн гэж ҮСХ мэдээлсэн. Өөрөөр хэлбэл дийлэнх хувийг нь Хятадын зах зээлд гаргадаг манай улсын экспортын бүтээгдэхүүнүүд. Эндээс харахад л Хятадын эдийн засгийн өсөлт удаашрах нь, манай эдийн засагт нөлөөлөх нь гарцаагүй. Ямартаа ч инфляциараа бид Хятадыг “гүйцсэн” байна. Инфляци буурдаг улиралд инфляци өссөн нь энэ жилийн онцлог гэж ҮСХ онцолсон. Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө, мөн иргэдийн хэрэглээний зарлага нэмэгдсэн нь инфляци өсөх нэг шалтаг болсон бололтой.

ТӨРӨЛТ НЭМЭГДЖЭЭ
Улсын хэмжээнд 2011 оны эхний 7 сард 39846 эх амаржиж, 40036 хүүхэд амьд төрсөн байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 783 эхээр, 809 хүүхдээр илүү таатай үзүүлэлт юм. 2009 оноос хойш гарсан өндөр үзүүлэлт гэж мэргэжилтнүүд үзэж байна. Улсын хэмжээнд 2011 оны эхний 7 сард нэг хүртэлх насандаа 697 хүүхэд эндэж, өмнөх оны мөн үеийнхээс 94 хүүхэд буюу 11.9 хувиар буурсан байна. Харин 1-5 хүртэлх насны 149 хүүхэд эндэж, 66 хүүхэд буюу 30.7 хувиар буурчээ.
АЖИЛ ХАЙСАН ИРГЭД ИХСЭВ
40.6 мянган хүн ажил идэвхтэй хайж байна. Аймаг, нийслэлийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс (ХХҮХ)-т бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 1376 хүнээр буюу 3.5 хувиар өссөн байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс Улаанбаатар хот (2714 хүн), Өвөрхангай (1170), Ховд (1163 хүн), Дархан-Уул (276 хүн), Баян-Өлгий (94 хүн), Булган (76 хүн), Дундговь (65 хүн) аймагт өссөн нь ажилгүй нийт иргэдийн тооны өсөлтөд голлон нөлөөлжээ. 28.5 мянга гаруй хүн ХХҮХ-ээр зуучлуулан ажил орсон байна. 2010 онд 23.5 гаруй иргэн ХХҮХ-ээр зуучлуулан ажил орсонтой харьцуулахад энэ бол өссөн үзүүлэлт юм.
ГАДААД ХУДАЛДАА АЛДАГДАЛТАЙ ГАРАВ
Манай улс 2011 оны эхний 7 сард дэлхийн 116 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 5.8 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 2.3 тэрбум, импорт 3.4 тэрбум ам.долларт хүрч, гадаад худалдааны тэнцэл 1.1 тэрбум сая ам.долларын алдагдалтай гарчээ.
Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 2.5 тэрбум ам.доллар буюу 80.3 хувиар өссөн байна. Импортын хэмжээ 1.7 тэрбум ам.доллар, харин экспортын хэмжээ 803.1 сая ам.доллараар өсчээ. Гадаадад худалдааны тэнцэл алдагдалтай гарсан нь уул уурхайн салбарын машин техник, мөн иргэдийн хувийн тээврийн хэрэгсэл импортоор их хэмжээгээр орж ирсэн нь нөлөөлсөн гэж Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
НИЙГМИЙН ДААТГАЛ
Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2011 оны эхний 7 сард 56.2 мянган хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс 478 хүн буюу 0.9 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин олгосон тэтгэврийн хэмжээ 4.7 тэрбум төгрөг буюу 32.5 хувиар нэмэгджээ. “Хүний хөгжил” сангаас 2011 оны эхний 7 сард 413.7 тэрбум төгрөгийг давхардсан тоогоор 2.7 сая иргэнд олгосон байна.

No comments: