Thursday, 11 August 2011

НУМАН ТУЛГУУРТ” ХИЙСЭН ГЭРЭЭ

“Эрдэнэс Тавантолгой” компани Тавантолгойн ордын Цанхийн зүүн хэсгээс олборлосон нүүрсээ өмнөд хөрш рүү экспортолж эхэлснээс хойш долоо хонолоо.
Хэдийгээр гэрээт олборлогчийг сонгож хараахан амжаагүй ч БНХАУ-ын төрийн өмчит “Chalco” компани Монгол Улсад 250 сая ам.долларын урьдчилгаа төлбөр өгч Тавантолгойн нүүрсийг таван жилийн турш ганцаар борлуулах эрхтэй болсон.
250 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийг манай улс 1-1.5 жилийн хугацаанд төлж дуусгана. “Урьдчилгаа төлбөрөө барагдуулж дууссаны дараа 20-30 хувийг бид мэдэлдээ аваад үлдсэнийг нь таван жилээ дуустал БНХАУ-д нийлүүлнэ. Бид хүнээс мөнгө зээлчихсэн байгаа учраас тодорхой хэмжээний квотыг БНХАУ-ын талд давуу байдлаар өгч байна” гэж Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар хэлсэн. Тэрээр мөн Цанхийн зүүн хэсгээс олборлосон нүүрснийхээ 30 хүртэл хувийг “Chalco”-ooр дамжуулж БНСУ, Японы компанид нийлүүлнэ гэж хэлсэн.

Энэ жил Тавантолгойн Цанхийн зүүн хэсгээс 1.3 сая тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэй. Ирэх жилд 3 сая орчим тонн нүүрс олборлоно. Харин 2015 онд Цанхийн зүүн хэсгээс олборлох нүүрсийг 15 сая тонн хүргэж бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх билээ.

Хятадын “Chalco” компаниас урьдчилгаа төлбөр авч таван жилийн хугацаатай Тавантолгойн нүүрсийг нийлүүлэх болсон нь энэ жилийн улсын төсвийг батлахад сануулж байсан сэрэмжлүүлэг биелэв гэж олон ажиглагчид дүгнэж байна.

Монгол Улсын түүхэнд урьд өмнө нь тохиож байгаагүй хамгийн том зардал ихтэй, ДНБ-ий 9.9 хувьтай тэнцэх алдагдалтай 2011 төсвийг инфляцийн дарамтыг гааруулж, Засгийн газрыг гадаадын компаниудтай Тавантолгойн ордыг ашиглах гэрээ хэлэлцээр хийхэд хүнд байдалд орно гэж тэд сануулж байсан билээ.

Хүний хөгжил сангаас иргэдэд хишиг хүртээх 805.2 тэрбум төгрөгийг энэ жилийн төсөвт тусгасан. Нийт зардлын 301.2 тэрбум төгрөгийг сангийн орлогоор, 504 тэрбум төгрөгийг нь ашигт малтмалын ордын урьдчилгаа төлбөрөөс санхүүжүүлнэ гэж тооцоолсон. Энэ мөнгийг нүүрсээ өмнөд хөршид таван жилийн хугацаанд зах зээлийн үнээс хямд зарж олох боллоо.

“Эрдэнэс Тавантолгой” компани “Хүний хөгжил сан”-д тодорхой хэмжээний мөнгө бэлдэж өгөх ёстой. Энэ гэрээг байгуулаад, урьдчилгаа төлбөр авснаар бид “Хүний хөгжил сан”-д мөнгөө байршуулах юм” гэж ТӨХ-ны дарга хэлсэн. Тэрээр үүнээс илүү борлуулалтын гэрээг хийх боломж байсан. Мөнгө олж өгөх Засгийн газрын шахалтанд орж урьдчилгаа төлбөр авахын тулд борлуулалтын гэрээ хийсэн гэдгийг нуухгүй байгаа.

Дэлхийн банк, Олон улсын валютын сангаас авахуулаад бүгд л ашигт малтмалын ордын урьдчилгаа төлбөрөөс төсвөө бүрдүүлвэл хэлэлцээрийн ширээний ард суухад манай тал “нуман тулгуурт” орно гэж сэрэмжлүүлж байсныг санавал “нуман тулгуурт” орсон байдалтай манай улс “Chalco”-той гэрээ байгуулав.

Гэхдээ улс төрийн популист амлалтуудаас үүссэн өнөөгийн нөхцөл байдалд “Chalco”-той байгуулсан гэрээг дан хараар будаж болохгүй. Ямартаа ч хамтарсан Засгийн газар уул уурхайн салбараас урьдчилгаа төлбөр авч, урд хормойгоо хойд хормойгоороо нөхсөөр иргэддээ сар бүр 21 мянган төгрөг, их дээд сургуулийн оюутанд 500 мянган төгрөг гэх мэт бусад “Хүний хөгжил сан”-аас гарах мөнгийг олох янзтай.

Харин “зах зээлийн бус зарчмаар” зарч байгаа нүүрсний үнэ яг хэдээр үнэлэгдэх нь “Chalco”-той анх экспортын гэрээ байгуулахад тодорхой биш байлаа. Хэвлэл мэдээллийнхэн зөвхөн таамаглаж байсан. Албан ёсны мэдээлэлгүй байв.Үндэсний статистикийн хорооны гаргасан судалгаараа энэ жил манай улс нэг тонн нүүрсийг дунджаар 100 ам.доллараар экспортолсон. Энэ нь өнгөрсөн оны дундаж үнэлгээ буюу 52 ам.доллароос бараг нэг дахин өссөн. Тэгэхээр “зах зээлийн бус зарчмаар” өмнөд хөршид Тавантолгойн нүүрсийг нийлүүлэхдээ тонныг нь 100 ам.доллараас бууруулахгүй байх гэж хэвлэл мэдээллээр таамаглаж байсан. Гэвч тонныг нь 70 ам.доллараар зарах болсныг нүүрс экспортолсон анхны өдөр тодорхой болсон. Гэхдээ нүүрсээ угаагаагаад экспортолж эхлэхэд 150 ам.доллараар тонн нүүрснийг зарах боломжтой болох юм байна.

Таван жилийн дараа “Эрдэнэс Тавантолгой” компани дуртай зах зээлдээ, дуртай үнээрээ өөрийн нөхцлөө тулгаж нүүрсээ нийлүүлнэ гэж албаны хүмүүс мэдэгдсэн. Гэвч өнөөгийн байдлаас харахад дуртай үнээрээ, дуртай зах зээлдээ нүүрсээ зарах тийм ч амархан бүтэхгүй бололтой. Наад зах нь Хятадын зах зээлд нүүрсээ зарч байгаа манай компаниуд нэгдсэн бодлогогүй, маркетингаа зөв боловсруулаагүй. Ихэнх нь нүүрсээ борлуулагчаар дамжуулан арилжаалдаг гэдгийг шинжээчид бичсэн. Тэгэхээр төрийн өмчид “Эрдэнэс Тавантолгой” компани нүүрсээ дэлхийн зах зээлийн үнээр зарахын тулд монголын хувийн компаниуд болон улс төрийн бүлэглэлүүд нүүрсний үнийг унаган бие биенээсээ уралдан зардгыг болиулах шаардлагатай. Өөрөөр хэлбэл шинжээчдийн хэлээд байгаа зохиуцуулалтыг хийх учиртай.

Тавантолгойд толгой эргүүлсэн олон зүйл бий гэж олон ажиглагч, шинжээчид үзэж байна. Саяхан Монгол Улсад суугаа Япон Улсын Элчин сайд Такүо Кидокоро Цанхийн баруун баруун хэсэгт хөрөнгө оруулах тендерт Японы компани шалгараагүйд гайхан сонинд ярилцлага өгсөн. Тэрээр Тавантолгойн тендер эргэлзээтэй болсон. Ойлгомжгүй зүйл байна гэсэн.
Мөн зарим хэвлэл мэдээллээр нь Цанхийн баруун хэсэгт үйл ажиллагаа явуулах стратегийн хөрөнгө оруулагчдыг тодруулсан байдлыг Монголыг барьцаалсан улсуудын компаниудад өгсөн. Хүссэн хүсээгүй хоёр хөршийн нутаг дэвсгэрээр дамжиж нүүрсээ дэлхийн зах зээлд гаргах тул ОХУ, БНХАУ-ын ашиг сонирхол Тавантолгой ордын хэлэлцээрийг “атгалаа” гэцгээсэн.

Цанхийн баруун хэсэгт БНХАУ-ын Шинхуа групп 40, АНУ-ын Пибоди 24, Орос-Монголын хамтарсан консерциум 36 хувийн хөрөнгө оруулалт хийхээр одоогийн байдлаар шалгараад байгаа. Эдгээрээс ганцхан “Пибоди” цэвэр арилжааны сонирхлоор орж ирсэн. Бусад бүх компани тухайн улсынхаа улс төрийн ашиг сонирхлыг давхар илэрхийлж байгаа гэж нэрээ хэлэхийг хүсээгүй нэгэн төрийн түшээ хэлжээ. Тавантолгой толгой эргүүлж байгаагын нэг шалтгаан нь энэ. Улс төрийн ашиг сонирхол байдлыг улам л бүрхэг болгож байна.

ЯПОН, СОЛОНГОСЫН КОМПАНИУД ХАСАГДСАН УУ, ХАСАГДААГҮЙ ЮУ
ТӨХ-ны дарга Д.Сугар “Mongolian Mining Journal” сэтгүүлд Тавантолгойн ордын талаар өгсөн ярилцлага тун сонирхол татлаа. Тавантолгойн Цанхийн баруун хэсэгт стратегийн хөрөнгө оруулагчийг тодруулахтай холбоотой үл ойлголцлыг арилгахаар ярихдаа тэрээр “Япон, Өмнөд Солонгосын компаниудыг шалгаруулалтаас хасах үндэслэл байхгүй. Цаашид хамтран ажиллах шаардлагатай” гэж хэлсэн байна. Тэрээр мөн “Япон, Өмнөд Солонгосын хөрөнгө оруулагчид яагаад хасагдав гэдгийг тайлбарлая. АНУ-ын “Пибоди”, Хятадын “Шинхуа”, Японы “Мицуи” хоёрын нэгдэл болон “Оросын төмөр зам”, Япон, Өмнөд Солонгосын компаниуд багтсан том консорциум байгаа. Манай ажил зохион байгуулж байсан хүмүүс эдгээр консорциумд урилга өгөхдөө гол үүрэгтэй газрууд руу нь явуулчихсан юм билээ… Үүнээс болж Япон, Өмнөд Солонгосын хөрөнгө оруулагчид өөрсдийгөө хасагдсан хэмээн ойлгохоор нөхцөл үүссэн” гэв. Өөрөөр хэлбэл Япон, Өмнөд Солонгосын компаниуд Цанхийн баруун хэсэгт стратегийн хөрөнгө оруулагчийг тодруулах тендерээс бүрмөсөн хасагдаагүй гэсэн ойлголтыг Д.Сугарын ярианаас авахаар байна. Хэрэв эгзэг нь таарвал Япон, Өмнөд Солонгосын компаниуд тендерийн сонгон шалгаруултад эргээд тодроод гараад ирэх боломжтой мэт горьдлогыг тэр төрүүлсэн.

“Стратегийн хөрөнгө оруулагчийг тодруулах албан ёсны шийдвэр гараагүй. Ойлголтын зөрүүг арилгаж, цаашид алдаа дутагдлаа засах бололцоо бүрэн бий” гэж ТӨХ-ны дарга сануулжээ. Тэрээр мөн Япон, Солонгосын талууд өндөр технологи ярьдаг ч үүнийгээ бодит амьдралд биелүүлээгүй гэв. Ний нуугүй хэлэхэд тэд бидний итгэл найдварыг хугалсан. Албан ёсны түвшний уулзалтуудад энэ хоёр улсын хөрөнгө оруулагчид “Монголд ашигт малтмалын асар их нөөц бий. Бид өндөр технологитой. Ингээд нийлбэл үр дүнд хүрнэ” гэж ярьдаг. Гэвч тэднийг яг уриад санал авахаар Япон, Солонгосоос өндөр технологи хүлээгээд бүтээгүй гэж Д.Сугар ярьсан байна.

Түүний хэлснээр бол япон, солонгосчууд зөвхөн коксжих нүүрс худалдаж авах сонирхолтой. Харин өндөр технологио нэвтрүүлэх хүсэлгүй байгаа бололтой. Уг нь манай тал гангийн үйлдвэр, нүүрс шингэрүүлэх технологио өгөөч ээ гэсэн хүсэлтийг тавьсан байна. Гэвч үүнийх нь хариуд тэд тодорхой санал хэлээгүй ажээ.

Мөн Цанхийн баруун хэсэгт БНХАУ-ын Шинхуа групп, АНУ-ын Пибоди, Орос-Монголын хамтарсан консерциумын хөрөнгө оруулах хувь яаж ч өөрчлөгдөж мэдэх бололтой. Хятад, Орос, АНУ-ын Пибоди гурав бүгд л 51 хувийг эзэмшинэ гэж зүтгэж байгаа гэнэ. Бас Японы тал Оростой хамтрахгүйгээр 10 хувь эзэмших хүслээ Д.Сугарт хэлжээ. Ямартаа ч геополитик, эдийн засаг, Монголын эрх ашигт нийцүүлсэн гэрээ, хэлэлцээр, шийдвэр гарган жинхэнэ утгаараа “эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг болох”-ын тулд нэлээн хугацаа шаардах бололтой. Дэлхийн зах зээлд гарахад хоёр хөршийн “зөвшөөрөл” хэрэгтэйг Тавантолгойн өнөөгийн байдал харуулж байна.

No comments: