Tuesday, 17 May 2011

НИСДЭГ СҮРГИЙН ЭЗЭН

Нүүдэлчин гаралтай монголчууд зөгийн “сүргийг маллаж” эхлээд 60 жил ч болоогүй. Анх манай улс 1959 онд ОХУ-ын Буриадаас 20 бүл зөгий авчирч Шаамарт нутагшуулан зөгийн аж ахуйн үндэс суурийг тавьжээ. Социализмын үед хээрийн 20 гаруй газар 2000 гаруй бүл “нисдэг сүрэгтэй” болсон бөгөөд үүнээсээ жилд 400 гаруй бүл зөгий шинээр гаргаж, 10-18 тонн бал хураан авдаг байжээ.

Харин одоо зөгийн аж ахуйн салбарын ажил үйлсийг хувиар хөдөлмөр эрхлэгчид өдөөд нь татаж явна. Тэдний нэг нь “Лха-мөнх” зөгийн ферм юм. Эднийх Булган аймгийн Сэлэнгэ сумын Энхтолгой сангийн аж ахуйг түшиглэн үйл ажиллагаа явуулдаг. Тус зөгийн фермийн аж ахуйг эрхэлдэг Л.Мөнхбаяртай “Хоршоо – жижиг, дунд үйлдвэр – ажлын байр 2011” үзэсгэлэн худалдааны үеэр уулзаж ажил үйлсийг нь сонирхлоо.

-Та хэзээнээс эхэлж зөгийн аж ахуйг эрхлэв?
-Манай зөгийн аж ахуй үйл ажиллагаагаа эхлээд зургаан жил болж байна. Гэхдээ бүр социализмын үед манай аав Шаамараас зургаан бүл зөгий авч өөрийн сонирхлоор тэжээж байсан. Тэгэхээр 1992 оноос бид гэр бүлээрээ зөгий тэжээж өдий хүрлээ. Одоо манайх 250 бүл зөгийтэй. Карпат, итали гэсэн хоёр үүлдэр угсаатай зөгий тэжээдэг. Бид 3 дугаар сарын 20-хорьдоос зөгийнүүдээ өвөлжилтөөс гаргаад 4 дүгээр сарын эхээр буюу бургас гөлөглөх үеэс эхлэн зөгийнүүдээ балт ургамал дээр тавьж эхэлдэг юм. Тэгэхээр 4-9 дүгээр сар хүртэл Булган аймгийн Сэлэнгэ суманд үйл ажиллагаагаа явагддаг гэж ойлгож болно.

-Хэдэн хүн ажилладаг уу?
-Зөгийн аж ахуй улирлын чанартай учраас ид бал авах үед буюу 6 дугаар сарын 20-ноос 8 дугаар сарын 20 хүртэл гэрээгээр хүн нэмж ажиллуулдаг. Энэ үед балт ургамлууд хамгийн их ургаж, зөгийнүүд бал хураадаг ажилдаа ордог тул нэмэлт хүн хүч их хэрэгтэй болдог л доо. Ер нь бол бид үндсэндээ таван ажилтантай үйл ажиллагаа явуулдаг.

-Та түрүүн 4 дүгээр сард зөгийнүүдээ өвөлжилтөөс гаргадаг гэлээ. Тэгэхээр танай зөгийнүүд хаана өвөлждөг үү? Ер нь зөгийн аж ахуйн онцлог юу вэ?
-Манай зөгийнүүд Эрдэнэтэд өвөлжиж хаваржаад, оторлохдоо Булганы Сэлэнгэ суманд зун, намрыг өнгөрөөдөг. Манай бүх зөгийн бал тэнд ургадаг балт ургамлуудаас гардаг. Зөгийн аж ахуйн онцлог гэвэл маш их мэдлэг шаарддаг. Зарим талаар эрсдэлтэй ч гэж үздэг. Гэтэл зарим хүмүүс зөгийн аж ахуйг их энгийн, амар гэж төсөөлдөг л дөө. Зөгий худалдаж аваад уулын мухарт цэцэгтэй газар аваачаад тавьчихад л зөгийнүүд өөрсдөө балаа хурааж аваад балтай болчихно гэсэн ойлголттой хүмүүс их бий. Ингэж бодсон хүмүүс зөгийн ферм эрхлэх гэж байгаад бүтэлгүйтсэн тохиолдолд ч их гардаг. Энэ нь зөгий арчлах ажиллагаа асар их мэдлэг шаардагдана гэдгийг батлаад байгаа юм. Ерөөсөө зөгий арчлах бол тусдаа шинжлэх ухаан шүү дээ. Аливаа нэг асуудал үүслээ гэхэд шийдэх шийдэл нь таваас зургаан хувилбар байдаг юм.

-Хэдэн төрлийн зөгийн бал та нар гаргаж байна?
-Булганы Сэлэнгэ суманд их олон төрлийн балт ургамал ургадаг онцлогтой. Хамгийн наад захын жишээ нь монос, долоогоно, туплинцер, хөвөн толгойт гэх мэт олон төрлийн балт ургамал бол бий. Гэхдээ цэцэг болгон балт ургамал биш, цэцэг болгон бал гаргахгүй. Намар цагт манай нутагт гурвалжин будааг тариалдаг. Гурвалжин будаа маань өөрөө будаа болохоосоо өмнө цэцэглэдэг. Цэцэг нь балт ургамал юм. Бид жилийнхээ байдлаас шалтгаалаад 3-4 төрлийн зөгийн бал гаргаж байгаа.
Монос, долоогоно, туплинцер зэрэг олон төрлийн балт ургамлаас гардаг зөгийн балны нэг төрөл бий. Мөн хөвөн толгойд буюу иванчай гэж гадаадаар нэрлэдэг балт ургамлын бас нэг төрөл бий. Тэгээд донник, фацелия гэж (гадаадаар нэрлэдэг) балт ургамлуудын зөгийн бал бас нэг төрөл болно. Донник маань хоёр наст ургамал тул зарим жилд ургадаггүй. Харин манай хамгийн тэжээллэг бал бол гурвалжин будааны цэцгийн хар бал байгаа юм. Хамгийн эрдэс бодисоор баялаг бал тул гадаадынхан ч их хэрэглэдэг бал.

-Дөрвөн төрлийн бал дөрвөн өөр өнгөтэй байх уу?
-Өөр өөр өнгөтэй байна. Харин манай монголчууд зөгийн балыг ерөнхийд нь цайвар шаргал, цагаан байх ёстой ойлгодог л доо. Энэ бол хуучирсан ойлголт. Социализмын үед бол голцуу нэг төрлийн цэцэгнээс бал хурааж авдаг байсан учир тэр балт ургамлыг ялгаруулж байгаа амтат шүүс буюу зөгийн бал нь голцуу цайвар өнгөтэй байсан тул хүмүүс тэгж ойлгодог болсон байх.
Харин манай зөгийн аж ахуйгаас гарч байгаа бал цайвар шаргалаас гүн хар хүртэл өнгөтэй байдаг. Дэлхий дээр их олон төрлийн балт ургамлууд байдаг болохоор зөгийн бал ч их олон төрөл байдаг. Өнгөөрөө, амт, үнэр, ааг гээд бүх юмаараа өөр өөр шүү дээ. Ер нь бол хамгийн их тэжээллэг, эрдэс баялгаар баян бол зөгийн бал бол гурвалжин будааны цэцгийн бал байгаа юм даа.

-Зөгийн балныхаа төрлийг яаж ангилдаг вэ?
-Ихэнх хүмүүс та нар зөгийгөө ямар цэцгэн дээр сууж байгааг нь яаж мэддэг юм бэ? гэж асуудаг. Бид зөгийгөө оторлодог болохоор ямар балт ургамлын цэцгэн дээр аваачиж тавьж байгаагаа сайн мэддэг. Мөн балт ургамлын цэцгүүд цаг хугацааны хувьд ч зөрөөтэй дэлбээлдэг юм л даа. Нэг хэсэг нь 6 дугаар сард, нөгөө хэсэг нь 7 дугаар сард, зарим 8 дугаар сард цэцэглэдэг ургамал ч бий. Бас энэ дашрамд хэлэхэд зөгийн аж ахуйгаас зөвхөн зөгийн бал биш мөн олон төрлийн бүтээгдэхүүн гардаг юм шүү дээ. Жишээлбэл, хүний биед маш сайн, мөөгөнцөр, нянгаас хамгаалдаг, арьсны элдэв өвчин, шарх шархлаа анагаах онцгой чадвартай жилий буюу прополис гэдэг бүтээгдэхүүн гаргана. Энэ нь модны мөчир, зарим өвслөг ургамлаас хурааж цуглуулсан давирхайлаг бодисоо зөгий өөрийн шүүрэлтэй хольж боловсруулсан бүтээгдэхүүн юм. Мөн зөгийн сүүнцэр гэдэг бүтээгдэхүүн бий. Гэхдээ бүгд их хэмжээгээр биш л дээ. Бага хэмжээгээр гаргадаг.

-Зөгийн сүүнцэрийн тухай жаахан тодруулахгүй юу? Уншигчдад сонирхолтой байж магадгүй.
-Эх зөгийн сүүнцэр гэдэг маань зөвхөн эх зөгий буюу хатан зөгийн гол тэжээл байгаа юм. Ажилчин зөгий 40-45 хоног насалж байхад сүүнцэрээр хооллодог эх зөгий 7-8 жил хүртэл насалдаг. Зөгийн сүүнцэр бол ажилчин зөгийн дотоод шүүрлийн булчирхайгаас ялгардаг цөцгий маягийн маш уурагтай шүүрэл. Энэ бүтээгдэхүүнийг хүний бие организмд асар их тустай гэж үздэг. Цацрагт идэвхт бодис агуулсан учир хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй мөн зүрх судас, титэм судасны нарийслалтай хүмүүс хэрэглэвэл их ашигтай тустай. Сүүнцэрт бүх төрлийн амин хүчил байдаг тул дархлаа сайжруулах, эрүүлжүүлэх, залуужуулах байгалийн эх үүсвэр болдог.
-Та нар бүтээгдэхүүнээ хаана зардаг вэ?
-Бид бүтээгдэхүүнийхээ дийлэнхийг нийслэлийн дэлгүүрүүдээр зардаг. Мөн хөдөө орон нутагт ч борлуулж байгаа. Зөгийн бал маань цагаа агаарын байдлаас хамаарч жил бүр янз янз гардаг л даа. Балт ургамал хэр ургаснаас хамаардаг гэсэн үг. Ерөнхийдөө нэг бүл зөгийнөөс бол дунджаар 25-45 кг хүртэл зөгийн бал нэг улиралд бид хурааж авдаг. Манай бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчид маань ч сайн мэддэг болсон.

-Ямар үнэтэй байх уу?
-Бид зөгийн балаа кг-аар нь, эсвэл 500 граммаар зардаг. Ерөнхийдөө бол манай зах зээлийн жишиг үнэ нэг кг зөгийн бал 20 мянган төгрөгийн ханштай байгаа. Хагас кг нь 10 мянган төгрөг гэсэн үг.

-Монголд импортын зөгийн бал их байдаг шүү дээ. Эдгээр зөгийн балаас чанарын хувьд танайх илүү байж чадах уу?
-Чанарын хувьд бол бид илүү гарна уу гэхээс дутахгүй ээ. Нэгдүгээрт, бид цэвэр байгалийн бүтээгдэхүүн гаргаж чадаж байгаа. Хэдийгээр монголын зах зээл дээр маш олон төрлийн импортын зөгийн бал зарагдаж байгаа ч эдгээр зөгийн бал жинхэнэ гэдэг бас эргэлзээтэй шүү дээ. Яагаад гэвэл манай монголчуудын зөгийн балны тухай ойлголт хомс муу байдаг учраас чихэр амтагдсан болгоныг зөгийн бал гэж ойлгох нь их. Тэгэхээр манай иргэд мэдлэгтэй байх нь хэрэгтэй байна. Хоёрдугаарт, манай улсад одоогийн байдлаар жинхэнэ зөгийн бал мөн үү, биш үү гэдгийг тодорхойлдог диастазын шинжилгээг хийдэггүй. Уг нь бол диастазын тоо 7 гёто буюу түүнээс дээш бол зөгийн бал доош бол зөгийн бал биш гэж олон улсад тодорхойлдог юм л даа.

-Тэгэхээр танайхыг ч гэсэн зөгийн бал мөн эсэхийг тодорхойлоогүй байна гэсэн үг үү?
-Тиймээ. Гэхдээ манайх цэвэр байгалийн бүтээгдэхүүн тул эргэлзэх хэрэг байхгүй. Бид ямар нэг хольц зөгийн баландаа хийдэггүй юм. Бидний нэг хүсч байгаа зүйл бол манай зах зээл дээр зөгийн бал нэртэй янз бүрийн бүтээгдэхүүн зарагдаж байгаа тул үүнийг лабораторийн шинжилгээгээр нарийвчлан тодорхойлдог л болмоор байгаа юм. Хэрэв тэгэхгүй бол иргэд маань зөгийн бал гэж андуурч аваад эрүүл мэнд, санхүүгээрээ ч хохирох тохиолдол их байна шүү дээ...

Л.Мөнхбаяр бид хоёр ийнхүү ярилцав. Дашрамд сонирхуулахад, манай урд хөрш БНХАУ жилд 255 мянга орчим тонн зөгийн бал үйлдвэрлэдэг тул дэлхийд тэргүүлдэг. Харин АНУ жилд 84 мянга орчим тонн зөгийн бал үйлдвэрлэж Хятад улсын дараа ордог аж.

2 comments:

Anonymous said...

ANU-d mash ih hobbychin zogiin tejeegchid baidag. Ihenh amerik baliig hobbychid gargadag geegui baigaa daa. Youtubed haival asar ih medeelel yums baidagaa. Gehdee suuliin 5 jild amerikiin zogii 30% garui tsoorson baigaa gar utasnii tom antenii dolgionii bohirdoloos bolson bas eldev bakterees bolson gej uzeed baidag.

Barimalch

nomuka said...

very very very proud