Sunday, 8 May 2011

ХЭРЭГЛЭГЧДЭЭ БҮҮ ХУЛХИД

Хүнсний барааны дэлгүүрээс хоол хүнсээ та яаж худалдаж авдгаа нэг анзаараарай. Ихэвчлэн өнгөцхөн хараад л нарийн шалгалгүй авч байна уу. Эсвэл орц жор, баталгаат хугацааг нь харж авдаг уу гэдгээ нэг мэдчих хэрэгтэй.

Хэрэв та худалдаж авах гэж буй бүх хүнсний барааныхаа хугацаа, орц жорыг уншиж, мэдээд авдаг бол та ховор, цөөхөн хүмүүсийн нэг байна. Нэгдүгээрт, та их олон гадаад хэл мэддэг байж таараа. Хятад, орос, солонгос, тайланд, польш, вьетнам, англи, энэтхэг, төвд гээд л... За арай ч Төвдөөс хоол хүнс бид импортолдоггүй байх аа. Гэхдээ л...манай хүнсний барааны дэлгүүрт ороход муухан номын сангаас илүү гадаад хэлнийхээ мэдлэгийг дээшлүүлэх боломжтой. Ходоод руугаа юу хийснээс мэддэггүйг эс тооцвол энэ бол хөгжил дэвшил юм. Хоёрдугаарт, ер нь та их эрүүл мэндээ их анхаардаг хүн байна. Бас Монгол руу импортын хүнсний бүтээгдэхүүн зөөвөл илтгэл даах хүн байна.
Яагаад гэвэл Хятадаас бараа зөөдөг манай наймаачид анхан шатны арилжааны соёлгүй, худалдаж авч буй барааныхаа хугацаа, чанар зэргийг шалгадаггүй. Аль болох л хямдхан, хуурамч бараа бүтээгдэхүүн авах хүсэлтэйг Хятадын Эрээн хотын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагынхан Монголын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооны (ХЭАХНҮХ) гүйцэтгэх захирал Г.Нанзадад “ховлосон” байна.

Ховлох ч биш бүр анхааруулж, "ийм байдлыг цаашид үргэлжлүүлэхгүй таслан зогсоогооч ээ!" гэж шаарджээ. Манай наймаачид хууль дүрэм тоодоггүй, хэнэггүй, бүдүүлэг, худалдаа наймаа хийчихээд мөнгө төлсөн баримт бичгээ авдаггүй, тамга тэмдгийг нь шалгадаггүй тул заримдаа өөрсдөө хохирсон тохиолдолд хохирлоо ч нөхөн төлүүлж чаддаггүй ажээ.

Гэхдээ үүнд урд хөршийнхөн нэг их санаа зовоогүй харин тэднийг хамгийн их зовоодог зүйл бол Монголын наймаачдын “хулхины” наймаа панз үсэргэх “хобби”. Манайхан албан ёсны баталгаатай үйл ажиллагаа явуулдаг улсын бүртгэлтэй байгууллага, ААН-тэй худалдаа хийхээсээ илүү ихэвчлэн хувиараа үйлдвэрлэгч нартай хамтардаг гэнэ. Тэгээд тэд Монголын зах зээлд дээр зардаг бараа бүтээгдэхүүнүүдийн хуурамч шошгыг Хятадад очиж үйлдвэрлүүлэхээс өгсүүлээд, хуурамч хүнсний бүтээгдэхүүн, эд барааг захиалгаар хийлгэж нутаг руугаа импортолдог байна.

“Үүнийг Хятадын тал манай улсад анхааруулсан. Танай хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллагууд, худалдаа хариуцсан байгууллагууд, шударга өрсөлдөөний газар чинь ганцхан зүйлийг анхаараач ээ! Танай улсын бүртгэлтэй аж ахуйн нэгжүүд биш харин хувь хүмүүс чинь ихэвчлэн импорт эрхлэх юм аа. Эдгээр иргэд чинь манай хувь хүмүүстэй тохиролцоод хуурамч шошготой бараа бүтээгдэхүүн захиалгаар үйлдвэрлүүлээд, зах зээлдээ зарж байна. Жишээ нь ОХУ-д үйлдвэрлэдэг бүтээгдэхүүний шошгыг хуурамчаар үйлдвэрлүүлэх юм. Үүнийгээ та нар таслан зогсоогооч ээ!” гэж Эрээн хотын холбогдох албаны хүмүүс манайханд хэлжээ.

“Энэ бүгд үнэн. Манай наймаачдын буруугаас болж Монголд хуурамч бараа бүтээгдэхүүнүүд их нийлүүлэгддэг. Тухайлбал, ОХУ-д үйлдвэрлэсэн хаяг шошготой дарсан өргөст хэмхийг Хятадад хуурамчаар үйлдвэрлэсэн байдаг. Үүнийг би хэрэглэгчдээ сэрэмжлүүлэхийн тулд хэлж байна. Манай наймаачдын буруу учраас бид Хятадаас бараа бүтээгдэхүүн импортолж байгаа нөхдүүдтэй уулзаж сургалт явуулна” хэмээн Г.Нанзад хэлж байсан юм.

Саяхан тэрбээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газартай (ШӨХТГ) хамт Замын-Үүд, БНХАУ-ын Эрээн хотод очиж, үнэхээр хятадын барааны чанар муу байна уу? Энэ нь ямар учиртай юм бэ? гэдгийг хэрэглэгчдийнхээ эрх ашгийн үүднээс бодит байдал дээр нь очиж үзсэн байна.

Тийшээгээ Г.Нанзад “Бодит байдлыг иргэддээ ил тод мэдээлье. Сурталчилъя цаашдаа ямар арга хэмжээ авбал зохилтой вэ гэдгийг төрдөө хэлье. Энэ үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллагууддаа зөвлөе. Сэрэмжлүүлье гэсэн зорилготой явсан. Мөн Эрээнд очиж хятадын Шударга өрсөлдөөний болоод Хэрэглэгчдийн газар хэрхэн ажилладаг юм бэ. Туршлага судлая” гэсэн зорилготой явжээ.

Манай мэргэжилтнүүд Эрээн хотод очоод хүнсний бүтээгдэхүүний экспорт, импорт эрхэлдэг компани, хүнсний ба гэр ахуйн өргөн хэрэглээний барааны том зах, төвүүд, мөн барилгын материалын зах гээд олон газраар нь явж үзсэн байна. Тэд бүгд нэг дуугаар “Хятадын барааны чанар бол үнэхээр дэлхийн зах зээлд ноёлж байна. Ноёлохоос ч өөр аргагүй байна. Тэнд чанарын баталгаатай бараа бүтээгдэхүүн үнэхээр байна” хэлж байсан.

Чанартай бүтээгдэхүүн байгаа учраас л бусад хөгжилтэй улс орнууд Хятадын экспорт эрхэлдэг албан ёсны бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдтэй нь худалдаа наймаа хийдэг аж. Манайхан ч мөн аажимдаа ийм замаар Хятадтай худалдаа хийх ёстойг Г.Нанзад ярьсан. Түүний хэлснээр бол Монгол ийм болохын тулд хуулийн зохицуулалт хийх хэрэгтэй гэнэ.
“Монгол Улс өдий болтол Худалдааны зохицуулалтын хуульгүй байгаа. Хэрэв манайх олон улсын зах зээлд орж чадаж байгаа юм бол худалдааныхаа хуулийг гаргаж, экспорт, импортыг мэргэжлийн, албан ёсны бүртгэлтэй аж ахуйн нэгжүүд хийх юм бол чанаргүй, хуурамч барааг Монголд оруулж ирдгийг таслан зогсоох боломжтой” гэж Нанзад хэлээд Хүнсний тухай хуульд экспорт, импортыг мэргэжсэн, улсын бүртгэлтэй эрх бүхий аж ахуйн нэгж эрхлэх эрхтэй гэдгийг шинээр оруулах шаардлагатай байгааг дурдсан.

Гэхдээ хэдийгээр хуурамч бараа оруулж ирлээ хэмээн хувиараа наймаа эрхлэгчид шүүмжлүүлдэг ч тэд л сүүлийн 20 жил монголчуудыг хувцаслаж, хоол хүнсээр хангасан гэдгийг мартаж болохгүй. Тэд зөвхөн Монголыг ч биш мөн ОХУ-ын Сибирийн ард түмнийг нэг хэсэгтээ хямд хувцсаар хангахад багагүй үүрэг гүйцэтгэж байсан билээ. Энэ үеийг монголчууд “наймааны алтан үе” гэж нэрлэдэг.

Үнэндээ хуурамч бараа бүтээгдэхүүн оруулж ирдэг хүмүүс нь цөөхөн гэдгийг гаалийн байгууллагынхан ч хэлдэг билээ. Монгол улсын нийт барааны урсгалын 10-20 хувь нь л эрсдэлтэй гэсэн тооцоо байдаг юм байна. Тиймээс өнөө маргаашгүй хувиараа наймаа хийж, импорт эрхэлж буй хүмүүсийг шууд болиулж, үйл ажиллагааг нь хориглохгүй. Тэгээд ч эрхзүйн зохицуулалт байхгүй байгаа билээ. Нэгэнт л эрхзүйн зохицуулалт байхгүй нөхцөлд наймаа эрхэлдэг иргэдийнхээ ухамсрыг дээшлүүлэх хэрэгтэй гэж Г.Нанзад үзэж байна. Тэрбээр “Та ашгийн төлөө хэт улайрч ард түмнээ битгий хохироогооч ээ. Хуурамч шошготой бараа бүтээгдэхүүн битгий захиалж хийлгээч ээ. Магадгүй төлбөрийн чадвар чинь хүрэхгүй бол сайн бараа оруулж ирээд байгаа тэр бөөний компаниасаа аваад худалдаа наймаа хийгээч ээ” гэж хэлсэн юм.

Ер нь бол “Ямар ард түмэн байна. Тийм төр байна” гэдэг шиг “Ямар ард түмэн байна. Тийм наймаачид байдаг” байх. Худалдан авагчид нь өөрсдөө эх орондоо амьдарч байж, хүнсний дэлгүүрээсээ “дандаа гадаад шошготой” бараа худалдаж авна. Монголынхоо хүнсний бүтээгдэхүүнийг аваад үзлээ баглаа боодол дээрээ хугацаа, орцоо тодорхой бичсэн нь ховор байдаг. Тэр бүү хэл хугацаа нь хэтэрсэн хүнсний бараа лангуу дээр байж л байдаг. Үүнийг үйлчлүүлэгчид ч, үйлчлэгч нь тоож үздэггүй. Тиймээс ядахнаа чанартай хоол хүнс хэрэглэе гэвэл хэрэглэгчид маань өөрсдөө арилжааны соёлд суралцах бас шаардлагатай байгаа. Тэгсэн цагт чанаргүй, хуурамч хүнсний бүтээгдэхүүн импортолдог хувь хүмүүс ч багасна.

Нэгэнт л монголчууд өөрийнхөө зах зээлийг дотоодынхоо бараа, бүтээгдэхүүнээр бүрэн хангаж чадахгүйгээс хойш импортын бараа бүтээгдэхүүндээ их анхаарч, хяналт тавьж байх нь чухал. Тиймээс урд хөршөөс баталгаатай хүнс ногоо оруулж ирдэг ААН-ын үлгэр дууриаллыг авах хэрэгтэй билээ. Жишээ нь, Барс худалдааны төв Хятадаас оруулж ирдэг хүнсний ногоо, жимс жимсгэнээ улсын бүртгэлтэй, найдвартай газраас авдаг гэнэ.

ХЯТАДЫН ТУРШЛАГА

Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалдаг төрийн бус байгууллагыг төлөөлж явсныхаа хувьд Г.Нанзад Эрээн хотод хэрэглэгчдийн эрх ашгийг хэрхэн хамгаалдгыг нь судалж явжээ. Түүний хэлснээр бол, Хятадын төр засаг иргэний нийгмийн байгууллагуудаа төлөвшүүлэхэд их анхаарч, тэднийхээ боломж чадварыг бүрэн ашигладаг байна. Иргэний нийгмийн байгууллагуудыг хэрэглэгч төлөөлдөг гэж үзээд хэрэглэгчээ соёлтой хэрэгцээнд суралцуулж, боловсруулдаг, барааг зөв сонгох мэдлэгтэй болгодог, эрх ашгаа хамгаалж нэгдэж ажиллахыг нь хүртэл сургадаг гэнэ. Үүнд төрөөс нь мөнгө харамлалгүй зарцуулдаг аж. “Жишээлбэл, Эрээн хотын ХЭАХН-ИЙГ-ыг нь Ардын Засгийн ордноос нь санхүүжүүлдэг. Тэгж байж хэрэглэгчдийн байгууллагын хүчийг, өөрөө хэлбэл иргэний нийгмийн оролцоог төрийнхөө үйл ажиллагаанд оруулж өгдөг юм байна. Хэрэглэгчдийнхээ хүчээр хянадаг юм байна”.

Мөн ХЭАХН нь худалдааныхаа шударга өрсөлдөөний байгууллагуудтай нягт хамтран ажилладаг гэнэ. Хэрэв хэрэглэгч чанаргүй бараа бүтээгдэхүүн худалдан аваад хохирсон бол ХЭАХН-ийн утас руу (монгол хэлтэй хүн ажилладаг учраас 12315 гэсэн утас руу монголчууд ч гэсэн залгах боломжтой) залгаад мэдэгддэг. Үүний дараа ХЭАХН-ийнхэн ирж үнэн эсэхийг нь шалгадаг байна. Хэрэв үнэхээр хэрэглэгч хохирсон байвал төрийн эрх бүхий хянах байгууллагын ажилчид очдог ажээ. Үүнийг яагаад Монгол хэрэгжүүлж болохгүй гэж хэмээн Г.Нанзад асуусан.

Манай улсад дээрх туршлага нэвтрээгүй байна. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад төрийн байгууллагуудын хяналт сул байдаг гэнэ. “Тэдний хүч нь хүрдэггүй, дийлдэггүй. Үүнийг засах гол арга нь бол хэрэглэгчдийн байгууллага, олон түмнийхээ хүчийг ашиглах хэрэгтэй. Хэрэглэгчдийн байгууллагын өгсөн мэдээлэл, санал гомдлыг үндэслээд төрийн байгууллага нь шалгаж асуудлыг шийддэг болмоор байна. Хятадын туршлагыг манайд нэвтрүүлэх хэрэгтэй. Яг энэ туршлагыг нэвтрүүлээч гэж хүсмээр байна” гэж Монголын ХЭАХНҮХ-ны гүйцэтгэх захирал хэлсэн юм.

No comments: