Sunday, 1 May 2011

Тариа экспортлох болоогүй

2011 оны тариалалт 5 дугаар сарын 10-наас эхэлнэ. Энэ жил Монгол улс 388.1 мянга тонн үр тариа, 188 мянган тонн төмс, 94.8 мянган тонн хүнсний ногоо хураан авч улсын хэрэгцээт буудай, төмсийг зуун хувь, хүнсний ногооны 60 хувийг дотоодын ургацаар хангах зорилттой байгааг саяхан Дархан хотод болсон Тариаланчдын нэгдсэн зөвлөгөөнд ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай тавьсан илтгэлдээ дурдсан.
Хэрэв зорилт биелэгдвэл өнгөрсөн оныхоосоо илүү ургац, хүнсний ногоо хурааж авна гэсэн үг. Өнгөрсөн онд улсын хэмжээнд 366.3 мянган тонн үр тариа, 169 мянган тонн төмс, 90.3 мянган тонн хүнсний ногоо хурааж авсан байна. Хэрэв биелсэн, биелэгдэх гэж байгаа хоёрыг харьцуулвал газар тариаланг сэргэж, ахиц гарч байна.

Харин Тариалан, гурил үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгч Ш.Гунгаадорж хэдийгээр ахиц гарч буй ч Атрын III аяны эрч суларч байна уу даа хэмээн сэтгэл зовниж байна. “Атрын III аяны хүрсэн амжилт бол эцсийн үр дүн биш. Өнгөрсөн жил энэ аян дууссан юм биш. Цаашдаа ч төр засгийн анхаарал халамж, нийт тариаланчдын чармайлт зүтгэл хэрэгтэй. Гэтэл энэ жил улсын төсөвт газар тариаланд зориулсан мөнгө өмнөх гурван жилээсээ эрс буурсан. Тухайлвал услалтын системд зориулан төсөвлөсөн хөрөнгө бараг гурав дахин буурлаа. Өмнө нь 2 тэрбум гаруй төгрөг төсөвлөж байсан бол одоо 700 сая гаруй төгрөг төсөвлөжээ. Хуурайшилт, цөлжилт ихтэй манай улсад услалтын системгүй газар тариаланг сайн хөгжүүлж чадахгүй” гэж тэр хэлсэн юм.

Өнгөрсөн жил усалгаатай газар тариаланг хөгжүүлэхийн тулд 9959 га талбайг услах хүчин чадал бүхий 180 услалтын системийг шинээр болон сэргээн засварлаж, улсын төсвөөс санхүүжүүлсэн байна. Одоо манай улсад усалгаатай талбайн хэмжээ 43 мянган га-д хүрчээ. 2011 онд 281.2 га талбайд зөвхөн үр тариа тарина гэж бодвол энэ үнэхээр хангалтгүй билээ.

Тэмдэгтийн хураамжийн тухай “буруу” хууль

Гунгаадорж энэ хаврын тариалалтын тухай гэхээсээ газар тариаланд анхаарах ёстой асуудлуудын тухай ярилаа. Тэрбээр Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийг “их буруу хууль” гэж тодорхойлсон. Энэ хуулийг баталснаас хойш бордоо оруулж ирэхэд 75 сая төгрөгийн татвар төлөх шаардлагатай болжээ. Гэтэл ийм татвар төлж чадах компани цөөхөн гэнэ.
“Энэ талаар би УИХ-ын байнгын хороонд ярьсан. Их буруу хууль баталсан байна гэдгийг нь хэлсэн. Засгийн газар, УИХ-ын гишүүд ч үүнийг зөвшөөрч буруу хууль гэдгийг нь ярьж байгаа. Тэдэнтэй очоод уулзахаар анхааралгүй байж байгаад баталчихлаа гэж яриад байгаа. Яагаад анхааралгүй байж байгаад хууль гаргачихсан юм. Энэ бол УИХ яаж ажилладгыг харуулж байгаа юм. Хөдөө, аж ахуйн яам ч юу хийж байсан юм. Унтаж байсан юм уу? Гэхдээ одоо ярих биш маш яаралтай өөрчлөх хэрэгтэй байна. Үүнийг Засгийн газар, УИХ-ын гишүүд анхаараасай. Одоо хаврын тариалалт эхэлчихлээ. Хугацаа тулчихлаа. Хөдөө, аж ахуй бордоогүй бол ургац авах тухай ярих ч хэрэггүй. Газар тариалан бордоогүй бол амьгүй л гэсэн үг ” гэж Гунгаадорж ярилаа.

Техникийн шинэчлэл, хангамж чухал хэвээрээ

Мөн техникийн шинэчлэл, хангамжийн талаар тэр санаа зовж байв. Хэдийгээр техникийн шинэчлэлд төрөөс анхаарч Атрын III аяны хүрээнд гурван ангиллын трактор 501, үр тарианы комбайн 144, ХАА-н чиргүүл, дүүжин машин 620 ширхэгийг импортоор авч аж ахуйн нэгж, иргэдэд хөнгөлөлттэй нөхцлөөр олгож тракторын 80 хувь, ургац хураах техникийн 65 хувийг шинэчилсэн боловч үүнийг Гунгаадорж хангалтгүй гэж үзэж байна.
“Техникийн шинэчлэл, хангамж муу байгаа болохоор богино тариа хугацаанд тарих, хураах боломжгүй болдог. Нэгдүгээрт, хуучин техникийн чанар муу. Хоёрдугаарт, тоо цөөн байгаа болохоор ажлыг хугацаанд нь хийж хүчирдэггүй. Үүнээс болж тариа алагладаг, ногоордог, болц нь оройтдог. Тариалалтын хугацаа хэтэрч цасанд даруулдаг” гэж тэр хэлээд “Техникийн шинэчлэл, хангамжийг сайжруулахад Атрын III аяны үед үзүүлж байсан тусламжаа төр хэвээрээ үргэлжүүлэх хэрэгтэй. Дундаас нь хаяж болохгүй. Эхний үед энэ асуудалд төр оролцож, хөрөнгө оруулалт хийхгүйгээр дан хувийн хэвшлийнхэн хийж чадахгүй. Нэгэнт техник нь шинэчлэгдээд, хангамж нь сайжирсан нөхцөлд энэ салбарынхан цаашдаа бие даагаад явах ёстой. Харин одоо арай болоогүй байна” гэв.

Таваарын тарианы нөөц хэрэгтэй

“Одоо манайхан Атрын III аяны амжилтанд амтшаад улаан буудай экспортолно гээд яриад байх юм. Яах вэ. Сонсоход бол сайхан л даа. Гэхдээ бид тариа экспортлох хэмжээнд хүрэх болоогүй. Эхлээд ядахнаа нөөцтэй болмоор байна. Одоо бидэнд бол үрийн нөөц л гэж байгаа. Харин таваарын тарианы нөөц байхгүй. Илүү тариа гарвал улсын нөөцөндөө хадгалах хэрэгтэй байна. Ихэнх улс орнууд тав, таван жилээр таваарын тарианы нөөцөө сэлгээд солиод байдаг. Бид ийм болох хэрэгтэй. Гэтэл энэ талаар хэн ч дуугарахгүй юм. Жаахан илүү тариа гарахаар экспортолно гэж хөөрцөглөөд байх юм. Ингэхээсээ өмнө таваарын тарианы нөөцөө хэрхэн бэлдэх талаар яримаар байна.
Жил болгон ургац сайн авахгүй. Ургац алдах үе гарна. Тэгсэн цагт гаднаас гуйх болно. Экспортолсон орлогоосоо илүү үнээр л худалдаж авч таарах вий. Тиймээс энэ талаар нөөцөлчихөөд экспортолно уу гэхээс зүгээр л нэг жилийнхээ хэрэгцээг хангачихаад л үлдсэнийг нь гадаад гаргаад байх буруу” гэж Гунгаадорж ярьсан юм. Түүнээс:
-Таваарын тарианы нөөц гэж байдаггүй юм уу? гэж лавлаж асуухад:
-Ерөөсөө байхгүй. Үрийн нөөц гэж байгаа гэж хариулав.

No comments: