Thursday, 19 May 2011

БҮТЭЭНЭ, БОСГОНО Л ГЭХ ЮМ...

Инфляцитай ч эдийн засаг маань өсч бид их бардам, итгэлтэй болж байна. Хавар болоод тэгсэн үү? Эсвэл сонгууль ойртсон уу. Ямартаа ч бүтээнэ, босгоно, байгуулна гэсэн үгс хаа сайгүй сонсогдоно. Амны бэлгээс ашдын бэлгэ гэдэг тул болж бүтэх ажил үйлсийн тухай сонсох таатай. Заримдаа Сүхбаатарын талбайгаас цуурайтах жагсаал цуглаанаас ч таатай...

Гэхдээ нэг зүйлийг бид умартаад байна. “Бид бүгдийг бүтээнэ! Бид бүгдийг сөнөөнө!” гэдэг Хар сарнай хамтлагын дуу шиг монголчууд бүтээдэг, бас сөнөөдөг л болжээ. Ерөөсөө энэ бол монголчуудын өвөрмөц онцлог байж мэднэ. Бүр манай жинхэнэ “бренд” гэж томъёолмоор ч санагдах юм. Өнөөгийн бидний “жинхэнэ бренд” бол “бүтээнэ, сөнөөнө”. Өнөөгийн шүү! Өвөг дээдэсдээ муугаа нялаад яах вэ. Тийм ээ?

Яагаад гэвэл эдийн засгийн ухаанаар бодоход бүтээгээд л сөнөөгөөд байх бол магтахаар сайн үйлс лав биш. Магадгүй тендерт оролцож, төслөөр хувьдаа хөрөнгө босгох нэгэнд нь бүтээгээд л сөнөөх ашигтай байж мэднэ. Бүтээлээ гэж мөнгө олно. Харин сөнөхөд нь мөнгө зарлагадахгүй, тэр бүү хэл дахиад бүтээгээд л, дахиад мөнгө босгоно. Үүний нэг жишээ бол мод тарих. Хавар мод тарина. Дараагийн хавар дахиж мод тарина. Дараагийн, дараагийн хавар дахиж мод тарина. Дараагийн, дараагийн, дараагийн...хавартаа дахиж мод тарьсаар л өдийд хүрсэн түүхтэй шүү дээ, бид чинь.

Өчигдөр Үндэсний телевизээр 1960-д онд Ю.Цэдэнбал агсан субботник хийж, мод тарьж байгаа нь гарлаа. Тэр сурвалжлагаар бол бид өнгөрсөн зууны тавиад оноос л мод тарьж, нийслэл хотоо чимэглэсэн байна. Гэхдээ өнөөгийн өндөрлөгөөс харахад гавьсангүй. Жил бүр бид нэг газартаа л мод тариад байж л дээ. Тэгэхээр бид тун бол олон модыг “гомдоосон” болж тарлаа. Харин одоо олон хүн үүнийг ухамсарлаад мод тариад, дараа нь арчлах шаардлагатай гэцгээж байна... Гэхдээ л дараа жил дахиад бахь байдгаараа л байна.

Учир нь зөвхөн мод ч биш ерөөсөө л бидний эргэн тойрон дахь бүх зүйлст арчилгаа дутаж байна. Байгаль орчин, гудамж, талбай, барилга гээд... Магадгүй баяжихаараа л бүх зүйлийг засч янзалж, арчилж торддог болох байх л даа. Гэвч юу л бол...

Яагаад гэвэл бидэнд их өвөрмөц гени бий. Нийслэлийн оршин суугчдыг харч байхад энэ генийг анзаарахгүй байхын аргагүй. Хэрэв саран дээр хүн төрлөхтөн амьдарвал монгол хүн хамгийн ганган, хамгийн ямбатай, хамгийн дэгжин, хамгийн эрхэмсэг нь байх болно. (Улаанбаатарт “сургууль” хийсний хэрэг юу билээ.) Эргэн тойрон нь бохирдоод, хүн амьдрахын аргагүй нөхцөлд монгол хүн хамгийн бардам, хамгийн эрхэмсэг байж чадна. Энэ бол яах аргагүй, тэнгэр заяатай холбоотой. Газар дээр ямар байх нь хамаагүй. Та тархиндаа л өөрийгөө хаан, хатан гэж бодсон бол болох нь тэр. Тэгсэн цагт хүн амьдарч буй орчин тойрноо анзааралгүй, тэнгэрийн амьтан болно. Тэнгэрийн амьтан болчихсон цагт ямар ч өмхий орчинд эрхэмсэг оршиж чадна.

Саяхан нэг ТВ-ийн сувгаар манай нэртэй хөгжмийн зохиолч танхим дүүрэн оюутан сурагчдыг суулгаж байгаад монгол хүн ямар гайхамшигтай байгалиас заяасан ухаантай. Тэнгэрлэг заяатай. Байгальтай харилцах өвөрмөц авьяастай гэдгийг нотлон ярьж байсан. Түүний хэлсэнд итгэх юм бол өдийд бид дэлхийн хамгийн цэвэрхэн хотод амьдарч, хамгийн цэвэрхэн ус уудаг болж таараад байгаа юм. Тэгж бодож явах сайхан ч даанч уушиг маань “боддоггүй” нь харамсалтай. Бодит амьдрал бодсоноор маань байдаггүй нь гутамшигтай.

Үнэндээ байгаль орчин бохирдсонд бусдыг буруутгаад хэрэггүй. Мөн хөгжлөөс л боллоо гэх шаардлагагүй. Угаасаа л монголчууд амьдарч буй орчин, эргэн тойрноо тордож, янзалдаггүй. Үүнийг нь бурхан мэдээд биднийг цөөхөн тоотой ч байлгадаг байж мэднэ.

2010 онд БОАЖЯ нөхөн сэргээлт хийгээгүй 15 аймгийн 3984.46 га талбай газар эвдрэлд орж орхигдсон байгааг тогтоов. Энэ 3984.46 га талбайн 60 орчим хувь нь 340 аж ахуйн нэгж байгууллагын (ихэнх нь монголын компаниуд), үлдсэн нь гар аргаар ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагаанаас болж эвдэрч гэмтсэн байна. Эндээс харахад л монголчууд өөрсдөө байгаль орчноо сүйтгэж, сөнөөж буй нь илт. Хэрэв бид өөрсдөө байгаль орчноо хамгаалж, зөвхөн хамгаалж биш мөн зүй зохистой хэрэглэж, асарч тордож сурсан бол яалаа гэж гадаадынхан байгаль орчныг маань мөн сүйтгэх билээ. Тэд ч гэсэн бидний тогтоосон жишгийг дагах л байсан. Гэтэл усыг нь уувал ёсыг дагана гэдэг шиг монголчууд ямар байна, бид ч тийм байна гэсэн хандлага гадаадын зарим уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчдад бас байдаг бололтой. Үнэндээ, гудамжиндаа мод тариад, зүлэгжүүлээд, хүн алхахад таатай болгоод засч янзалж чаддаггүй хүмүүс яаж олигтой үлгэр дууриалал үзүүлэх билээ. Байгаль орчноо ч яаж хайрлах юм бэ. Байгаль дэлхийгээ шүтэж байна гээд уул овоо тахиж хог новшоор булаад орхичихдог хүмүүсийн хайр шиг дэмий юм хаа байна.

Хэрэв монголчууд цаашдаа энэ янзаараа бүтээн байгуулалт хийвэл улам л байгалиа сүйтгэж, хүн амьтан амьдрахын аргагүй болгох нь дамжиггүй. Тиймээс зөвхөн бүтээгээд орхичих биш бас арчилж, тордож, янзалж, сайжруулж хэвших нь чухал. Эс тэгвээс, бүтээнэ гэдэг маань сөнөөнө гэдэгтэй адилсах вий.

1 comment:

Unur said...

Хүн төрөлхтөн Бурхнаас заяагдсан бүтээлч чадвар, оюун ухааныхаа ачаар өөрт оногдсон зүйлсийг хэд дахин үржүүлэх чадавхитай. Гэтэл тэд одоог хүртэл юу хийсэн юм бэ? Тэд юуг ч бүтээсэнгүй, харин устгаж байна. Ой мод улам цөөрч, гол мөрөн ширгэж, онгон байгаль гэж устаж, уур амьсгал дордож, өдрөөс өдөрт бидний дэлхийн ертөнц муухай болж байна.

"Авга Ваняа", 1-р үзэгдэл. Антон Чехов