Sunday, 8 May 2011

МОНГОЛЧУУД МОНГОЛЧУУДДАА ХУУРАМЧ БАРАА ЗАРДАГ

БНХАУ-аас Монгол Улсад хуурамч бараа бүтээгдэхүүн их орж ирдгийг хүн бүхэн мэднэ. Энэ талаар монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалдаг төрийн ба төрийн бус байгууллагын төлөөлөгчид Хятадын Эрээн хотын мэргэжил нэгтнүүдтэйгээ уулзаж илэн далангүй ярилцжээ.
Хятадын мэргэжилтнүүд хэлэхдээ, ер нь хуурамч бараа бүтээгдэхүүнийг монголын худалдаачид өөрсдөө хятадын үйлдвэрлэгчдэд захиалж, ийм загварын, ийм сав боодолтой бараа бүтээгдэхүүн нийлүүлээч гэдэг хүсэлт тавьдаг байна. Өөрөөр хэлбэл монголын зах зээл дээр зарах бараа бүтээгдэхүүнийг сайн мэддэгээрээ монголчууд маань өөрсдөө урд хөршийн үйлдвэрлэгчдэд захиалга өгдөг.
Эдгээр хуурамч бараа бүтээгдэхүүнд нь импортоор орж ирдэг барааны бүтээгдэхүүн, дотоодын үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн ч байдаг гэнэ. Жишээлбэл, бид бүхний сайн мэдэх “Ариун” ариун цэврийн нойтон алчуурыг хүртэл хуурамчаар дуурайлгаад хийлгэсэн байдаг гэнэ. Түүнээс биш хятадууд Монголд ирж манай зах зээлийг судлаад хуурамч бараа зарвал ашиг олно гэж үйлдвэрлэдэггүй бололтой. Энэ нь ч үнэний хувьтай яагаад гэвэл ихэнхдээ монголчууд л өөрсдөө хятадын барааг эх орон руугаа зөөдөг билээ.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний хороо, мөн зарим хэвлэл мэдээллийнхэн Дорноговь аймгийн Замын-Үүд сум, БНХАУ-ын Эрээн хотод очиж бодит нөхцөл байдалтай танилцан Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хуулийн хүрээнд нийт 5 хоног ажиллаад ирсэн байна.
Тэд Эрээн хотод очиж Эрээн хотын Засгийн ордны Худалдаа аж үйлдвэрийн товчоо, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн удирдлага, мэргэжилтнүүдтэй нь уулзаж, 3 хоног бодит нөхцөл байдлыг үзэж, туршлага судалжээ.

Манай ШӨХТГ, ХЭАХНҮХ-ны мэргэжилтнүүдэд хятадын мэргэжил нөхөд нь чухам яагаад Монголд хятадын чанаргүй бараа бүтээгдэхүүн их орж ирдгийг тайлбарласан байна. Тэдний хэлж буйгаар бол манай наймаачид ерөөсөө бараа бүтээгдэхүүний чанарыг сонирхдоггүй, харин үнийг л сонирхдог. Мөн арилжааны соёл муутай аж. Монголын наймаачид хууль дүрэм тоодоггүй, хэнэггүй, хэнээр эрх ашгаа хамгаалуулахаа мэддэггүй, мөнгө төгрөг төлсөн баримт авдаггүй, тамга тэмдгийг нь шалгадаггүй гэх мэт арилжааны соёлд суралцаагүй байдаг байна.

Арилжааны соёлгүйгээсээ болж монголын наймаачид хохирох явдал байдаг гэнэ. Жишээ нь жинхэнэ хуурамчийг нь шалгалгүй бараа худалдаж авахдаа мөнгө төлсөн баримтаа аваагүйгээс болж хохирлоо нөхөн төлүүлэх боломжгүй болдог байна. “Хятадад барааны чанар маш олон дэс зэрэглэлтэй байдаг. Харин монголын наймаачид хамгийн хямд, чанаргүй барааг худалдаж авдаг. Тэгээд дараа нь гомдол гаргадаг” гэж хятадын мэргэжилтнүүд ярьжээ.

Монгол, Хятад хоёр улсын хооронд хийгдэж байгаа гадаад худалдааны 70 хувь нь Эрээний боомтоор дамждаг. Энэ хотын хүн амын 60 орчим хувь нь худалдаа арилжаа эрхэлдэг юм байна.

Манай мэргэжилтнүүдийн хэлж буйгаар бол Хятад хэрэглэгчийн эрх ашгийг сайн маш хамгаалдаг бөгөөд энэ талаар монголчууд суралцах зүйл их аж. Жишээ нь, Эрээн хотын ХЭАХН-ын байранд хэрэглэгчийн гомдлыг 12315 дугаарын утсаар хүлээн авч зөвлөгөө өгдөг 4-5 хүн байнга ажилладаг гэнэ. Тэр дунд нь монгол хэлтэй нэг хүн бас ажилладаг ажээ.
Дээрх утасны дугаарыг хаа сайгүй сурталчилж, томоохон зах, худалдааны төвүүдэд хүн байрлуулсан тул хохирсон хэрэглэгч уг утас руу залгаж хохирлоо барагдуулах бүрэн боломжтой байдаг байна. Өнгөрсөн хугацаанд Хятадын тал Монголын 35 хэрэглэгчийн 200.5 мянган юаний хохирлыг барагдуулжээ.

ШӨХТГ, ХЭАХНҮХ-ны мэргэжилтнүүдэд Замын-Үүдэд мөн очсоныг дээр дурдсан. Тэд хоёр өдөр Замын-Үүдэд ажиллахдаа холбогдох албаны хүмүүстэй уулзалт зохион байгуулснаас гадна Замын-Үүдийн боомт дахь хилийн мэргэжлийн хяналтын алба, гаалийн байгууллагын үйл ажиллагаатай танилцсан байна.
Өдөрт 500-600 гаруй УАЗ 469 машин, 200-300 гаруй том ачааны машин орж гардаг энэ боомт үнэхээр ачааллаа дийлэхээ байж байгаа тул зайлшгүй өргөтгөх, шинэ боомт барих шаардлагатай байна гэж тэд дүгнэсэн байна.

Харин хуурамч, чанаргүй бараа бүтээгдэхүүнийг Монгол руу оруулж ирэхийг багасгахын тулд эхний ээлжинд импортын бараа оруулж ирж байгаа иргэдийн ухамсарыг дээшлүүлэх, хоёрдугаарт хүнсний бараа бүтээгдэхүүнийг импортлох үйл ажиллагааг зөвхөн тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй гэж мэргэжилтнүүд үзэж байна.

No comments: