Sunday, 1 May 2011

Дэлхийн хүнсний үнийн өсөлтийг Монголд “хоргоож” байна

Ойрх Дорнод, Хойд Африкт болсон үйл явдлуудын улмаас шатахууны үнэ өссөнөөс ихээхэн хамаарч дэлхий нийтийн хоол хүнсний үнэ өмнөх онтой харьцуулвал 36 хувиас дээш нэмэгдсэн нь олон сая хүнийг ядууруулж байна гэж Дэлхийн банк саяхан мэдэгдсэн.

Хэрэв дэлхийн хоол хүнсний үнэ дахиад 10 хувь нэмэгдвэл дахиад 10 сая хүнийг өдрийн 1.25 ам.долларaaс доош өртгөөр амьдардаг ядуурлын доод түвшин рүү оруулах ажээ. Хэрэв тэгвэл тэд өнгөрсөн оны 6 дугаар сараас хойш хоол хүнсний үнийн өсөлтөөс болж ядуурсан 44 сая хүний тоон дээр нэмэгдэх юм. Дэлхийн банкны тооцоолж буйгаар бол өдөрт 1.25 ам.доллараас доош өртгөөр амьдардаг нийт 1.2 тэрбум хүн байдаг гэнэ.

Дэлхийн банкны хоол хүнсний индекс өмнөх оны түвшинээс 36 хувиар өсч, эдийн засгийн хямрал болсон 2008 оны оргил түвшинд хүрэхэд ойрхон байгаа гэнэ. Өмнөх онтойгоо харьцуулахад энэ жил эрдэнэ шиш (74 хувь), улаан буудай (69 хувь), шар буурцаг (36 хувь), элсэн чихэр (21 хувь) өссөн нь хоол хүнсний үнийн өсөлтөд голлон нөлөөлжээ. Харин цагаан будааны үнэ тогтвортой байгаа гэнэ. Олон оронд хүнсний ногоо, мах, жимс, хоолны тосны үнэ нэмэгдсээр байна.

Хоол хүнсний үнэ дэлхий нийтэд нэмэгдсэн нь үр тариа экспортолдог улс орнуудад байгалийн гамшиг болсны улмаас экспортоо хязгаарласан, мөн био шатахууны үйлдвэрлэл нэмэгдсэн, нөөц хангалтгүй байгаа зэргээс шалтгаалжээ. Мөн Ойрх Дорнод, Хойд Африкийн улсууд болсон үйл явдлын улмаас шатахууны үнэ өссөн нь нөлөөлсөн гэж Дэлхийн банк үзэж байна. 2011 оны эхний улиралд түүхий газрын тосны үнэ 21 хувиар нэмэгджээ.

Ядуу улс орнуудад хүнсний бүтээгдэхүүний инфляци их орлоготой улс орнуудаас их байгааг Дэлхийн банк судалсан байна. Жишээлбэл манай улстай ойрхон оршдог Киргистан Улсад 2010 онд хүнсний бүтээгдэхүүний үнэ 27 хувь өсчээ.
Монголд хонины махны үнэ өнгөрсөн онд 37 хувь өссөн бөгөөд өнгөрсөн оны 12 дугаар сараас 2011 оны 2 дугаар сар хүртэл махны үнэ 15 хувь өссөн гэж Дэлхийн банк мэдээлсэн байна.

МАХНЫ ҮНЭ ИНФЛЯЦИЙГ БУУЛГАВ
Харин манай улсын холбогдох албаны мэргэжилтнүүд яг одоогийн байдлаар Монголд хоол хүнсний үнэ харьцангуй тогтворжсон гэж хариулцгааж байна. Үүнд өнгөрсөн жил Атрын III аяны үр дүнд ургац сайн хурааж авсан, нөөцийн мах сайн бэлдсэн нь нөлөөлжээ.
Үндэсний статистикийн хорооны гаргасан мэдээгээр бол хэрэглээний үнийн улсын индекс (ХҮУИ) 2011 оны 3 дугаар сард өмнөх сараасаа 0.8 хувиар буурчээ. Гэхдээ энэ үзүүлэлтийг 2010 оны мөн үетэй харьцуулахад 8 хувиар өссөн байна.
Улаанбаатар хотын хувьд бол хэрэглээний үнийн индекс 3 дугаар сард өмнөх сараасаа 1.3 хувь буурсан бөгөөд мах махан бүтээгдэхүүн Улаанбаатар хотод 8.2 хувь, сүү сүүн бүтээгдэхүүний үнэ 1.7 хувь буурчээ. Гэхдээ үүнийг жилийн дүнгээр авч үзвэл ХҮУИ буурсан гэж үзэхгүй, харин улирлын чанартай үзэгдэл гэж ҮСХ-ны мэргэжилтнүүд хэлж байна.

Ер нь бол одоогийн байдлаар Монголд хоол хүнсний үнэ харьцангуй тогтвортой, бүр буурах янзтай байна. ХХААХҮЯ-ны гаргасан (4 дүгээр сарын 6-наас 13-ны хооронд) хоол хүнсний үнийн талаарх мэдээгээр бол ихэнх хүнсний бүтээгдэхүүний үнэ тогтвортой буюу буурсан үзүүлэлттэй байна. Жишээлбэл, “Алтан тариа” дээд гурил кг нь 911 төгрөг байсан бол 890 төгрөг болж буурсан байна. Хонины ястай мах кг нь 3440 төгрөг байсан бол 2 төгрөгөөр буурч 3388 төгрөг болжээ. Ямааны ястай мах 20 төгрөгөөр буурч кг нь 2800 төгрөг, үхрийн ястай мах 60 төгрөгөөр буурч кг нь 4050 болсон байна.

Харин хүнсний ногооны үнэ буураагүй зарим нэг хүнсний ногооны үнэ нэмэгджээ. Жишээ нь монгол лууван кг нь 1049 төгрөг байснаа 1060 төгрөг болжээ.

Хэдийгээр улирлын чанартай хоол хүнсний үнэ буурч байгаа ч дэлхийн нийтийн хоол хүнсний үнийн өсөлтийг дагаад манай улсад хүнсний хэрэглээний гол бүтээгдэхүүнүүдийн үнэ аажимдаа өсөхийг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ янзаараа байвал дараагийн ургацтай золгох бололцоотой гэж мэргэжилтнүүд бас найдаж байна.
Ямартаа ч махны үнийг 7 дугаар сар хүртэл өсгөхгүй гэж холбогдох албаныхан нь оны эхэнд мэдэгдэж байсан. Тэр амлалт биелэх янзтай. Манай улс сүүлийн жилүүдэд байгаагүй их хэмжээний мах нөөцөлсөн нь үүнд нөлөөлсөн. Өнгөрсөн намар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярын шийдвэрээр 12000 тонн нөөцийн мах бэлтгэх шийдвэр гаргасан бөгөөд махны үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагууд 12000 тонн махан дээр нэмж 3100 тонн мах бэлтгэнэ гэж амлаж байцгаасан билээ.

Тиймээс өнөөдөр махны үнийн огцом бууралт тодорхой хэмжээнд инфляцийг өсгөхгүй барьж байна. Улаанбаатар хотын инфляци 3 дугаар сарын байдлаар жилийн 7.4 хувь болсон нь зөвхөн махны үнийн бууралтаас шалтгаалжээ. Гэхдээ хэрэв махны үнийг тооцохгүй бол суурь инфляци 3 дугаар сарын байдлаар 7.9 хувьтай болж ерөнхий инфляцийн түвшингээс давж гарсан гэж Монголбанк саяхан мэдээлсэн. Тэд мөн ямар нэг арга хэмжээ авахгүй бол оны эцэст инфляци 15-20 хувь болох магадлалтай гэж мэдэгдсэн билээ.

ТАЛХ, БЕНЗИНИЙ ҮНЭ НЭМЭГДЭВ
5 дугаар сарын 1-нээс “Талх Чихэр”, “Атар Өргөө” компаниуд “Атар” талхныхаа үнийг 20 төгрөгөөр нэмлээ. Иймд үйлдвэрээс 610 төгрөгөөр гардаг байсан энэ талх 630 төгрөг болсноор хэрэглэгчдэд 660-700 төгрөгөөр худалдаалагдах бололтой. Үнээ нэмсэн шалтгаанаа үйлдвэрлэгчид цахилгаан, дулааны үнэ болон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнтэй холбож тайлбарлаж байна.

Мөн ОХУ-ын зах зээлд үүсээд байгаа бензиний хомсдолын улмаас 5 дугаар сарын 1-нээс эхлэн нефтийн бүтээгдэхүүний экспортоо зогсоох шийдвэр гаргасан тул дотоодынхоо шатахууны хэрэгцээг 100 хувь ОХУ-аас хангадаг Монголын нефть импортлогч компаниуд 4 дүгээр сарын 29-нд бүх төрлийн шатахуун, түлшний үнийг 80 төгрөгөөр нэмсэн байна.

Өнгөрсөн 7 хоногт болсон дээрх хоёр үйл явдлаас харахад хүнсний бүтээгдэхүүний үнэ улам нэмэгдэх магадлалтай байна. Ямартаа ч мах сайн нөөцөлсөн, ургац сайн хурааж авсан тулдаа манай улс дэлхийн нийтийг хамарсан хүнсний үнийн өсөлтийг “хоргоож” чадаж байна.

No comments: