Sunday, 1 May 2011

Хураамжийн мөнгийг байцаагчид ашиглах боломжгүй

Гаалийн байцаагчид аж ахуйн нэгж, иргэдээс авсан хураамжийг өөрсдөө ашиглах ямар ч боломжгүйг ГЕГ-ын Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга М. Өлзийбат хэвлэл мэдээллийнхэнтэй уулзахдаа хэлэв.

Учир нь гаалийн байгууллага татварын хураамжийн нэгдсэн онлайн программтай болж, бүгдийг ил тод харах боломжтой болсон тул бүх хураамж, торгуулийг ажиглаж, хянаж тулгадаг гэнэ. “Хэн гэдэг хүн, ямар аж ахуйн нэгж ямар бүрдүүлэлтээр хэчнээн хэмжээний хураамж төлснийг бид онлайнаар хардаг. Бүгдийг тулгаж, хянадаг тул бидэнд ямар нэг эргэлзээ гардаггүй” гэж Өлзийбат ярьсан. Тиймээс гаалийн байцаагчид, гаалийн байгууллага хураамжийг зориулалтын бусаар ашиглах үндэслэлгүй ажээ.

Гаалийн байцаагчид болон гаалийн байгууллага торгууль, хураамжийг өөрсдөдөө ашиглах боломжгүй байдгийн бас нэг шалтгаан нь тэд бэлэн мөнгө авдаггүйд оршино.

Хураамж, торгуулийг банкаар дамжуулан хийдэг байна. Жишээ нь нэг иргэн гаальд торгууллаа гэхэд түүнд гаалийн байцаагч шийтгэврийн хуудас өгнө. Түүнийг тухайн иргэн тэр өдрөө банканд тушаахад мөнгө нь шууд л улсын төсөвт орно.

Гаалийн байгууллагуудтай хамтарч ажилладаг зургаан арилжааны банк байдаг. Эдгээр арилжааны банкууд нь гаалийн нэрийн өмнөөс зохих аж ахуйн нэгж, хувь иргэдийн төсөвт төвлөрөх мөнгийг дамжуулан төрийн сан руу оруулдаг. Гаалийн байцаагч, гаалийн байгууллага үүнийг захиран зарцуулах эрхгүй гэж Өлзийбат мөн ярьсан.

Дашрамд сонирхуулахад, өнгөрсөн онд зөвхөн уул уурхайн салбарын хураамжаас 34.6 тэрбум төгрөг улсын төсөвт гаалийн байгууллага төвлөрүүлсэн байна. Харин энэ улирлын эхний улиралд 5.8 тэрбум төгрөг зөвхөн уул уурхайн чиглэлийн хураамжаас улсын төсөвт төвлөрүүлжээ.

Одоогийн байдлаар нүүрснээс бусад экспортод гарах уул уурхайн бүтээгдэхүүнд нэг тонн тутамд 1000 төгрөгийн хураамж авдаг. Нүүрснээс бол нэг тонн тутамд 1500 төгрөгийн хураамж авдаг юм байна. Ингэхдээ гаалийн мэдүүлэгт төлдөг хураамж болох 7000 төгрөг, 1200 төгрөгийг чөлөөлсөн ажээ.

Гаалийнхан хэрэг бүртгэдэггүй

“2010 онд гаалийн байгууллага 2875 захиргааны зөрчил илрүүлсэн. Үүнд: барааг мэдүүлэгт бичээгүй, худал мэдүүлсэн, татвараас зайлсхийсэн, гаалийн хяналтанд байгаа барааг зөвшөөрөлгүй хөдөлгөсөн гэх мэтчилэн захиргааны зөрчлүүд багтсан. Эдгээр захиргааны зөрчилд 265 сая гаруй төгрөгийн торгууль ноогдуулсан. Мөн 89 сая төгрөгийн барааг хурааж улсын орлого болгосон” гэж ГЕГ-ын Зөрчлийг урьдчилан сэргийлэх хэлтсийн гаалийн улсын ахлах байцаагч Ц.Гэндэнцэвээн хэлэв.

“Хураасан бараагаа яадаг вэ?” гэж Гэндэнцэвээнээс асуухад “Хураасан барааг хэрхэн шийдвэрлэх талаар тодорхой заасан журам байгаа. Тэр журмын дагуу эхлээд бид ялгадаг. Түүх соёлын хосгүй үнэт дурсгал, буу зэвсэг, химийн бодис зэргийг бол ГЕГ-аа авчирч асуудлыг шийднэ. Хариуцсан төрийн байгууллагуудад нь шилжүүлж өгдөг. Харин бусад барааг бол дуудлага худалдаагаар худалддаг журамтай” гэв.

2010 онд ГЕГ 85 эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Эрүүгийн хэргийн хэргийн улмаас 1 тэрбум 113 сая орчим төгрөгийн барааг саатуулжээ. Саатуулсан бараагаа ихэвчлэн цагдаагийн байгууллагад эрүүгийн хэрэгтэй нь дагуулж өгдөг байна. Хэрэв их том овор, хэмжээтэй эд зүйл байвал гаалийн байгууллагын агуулахад цагдаагийнхан лацдаад үлдээдэг гэнэ.

1996-2002 он хүртэл гаалийн байгууллага хэрэг бүртгэх эрхтэй байжээ. “Энэ нь аливаа зөрчлийг илрүүлсний дараа эрүү үүсгэх үү, үгүй юу гэдгийг хуулийн хүрээнд тодорхойлоод эрүү үүсгэхээр байвал хэрэг бүртгэлтийнхээ ажиллагааг эхлээд, мөрдөн байцаалтын шатанд нь цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгдөг байлаа. Харин одоо бид хэрэг бүртгэхээ больсон. Хэрэг бүртгэх эрх маань цагдаагийн байгууллагад шилжсэн” гэж Гэндэнцэвээн хэлсэн.

Одоо Зөрчлийг урьдчилан сэргийлэх хэлтэс нь зөрчлийг бүртгэж нийт тоо мэдээг гаргах, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн эрүүгийн хэргийн тоо мэдээг гаргах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчил гаргуулахгүй байх талаар ажиллах, зөрчилтэй холбоотой янз бүрийн мэдээллийн сувгаар олсон мэдээллээ нарийвчлан шалгах гэх мэт үүрэгтэй юм байна.

Өнгөрсөнд онд эрүү үүсгэсэн хэргүүдээс цухас дурдвал: Ангын гаралтай (Хөлдүү чонын 80 ширхэг мах, бугын эвэр гэх мэт) нийт 31 сая төгрөгийн эд зүйл хамрагдсан хэргүүд, бараатай холбоотой нийт 652 сая төгрөгийн эд зүйл хамрагдсан хэргүүд, Нийт 56 сая орчим төгрөгийн гурван төрлийн махтай холбоотой хэргүүд гэх зэрэг байна. Эдгээр бараа, эд зүйлсийн ихэнхийг зохих байгууллагын зөвшөөрөлгүй, нууцаар хилээр гаргах гэж оролдсон байна.

Мөн 44 сая төгрөгийн үнийн дүн бүхий 20 нэр төрлийн мансууруулах бодис, эмтэй холбоотой барааг саатуулж эрүүгийн хэрэг үүсгэж цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. 1.7 кг мансуурах бодисыг гаалийн байгууллага илчилж, одоо тус хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа ажээ. Ер нь манай улсад эм тариа ОХУ-аас орж ирдэг. Харин БНХАУ-аас эм бэлдэх бүтээгдэхүүн, түүхий эд орж ирдэг байна.

Харин Монголоос ардын уламжлалт эмнэлгийн эм тан гадагшаагаа гардаг гэнэ. Өнгөрсөн онд гэхэд л 21 кг зөвшөөрөлгүй гаргах гэж байсан уламжлалт эм тан гаальд хураагдсан байна.