Thursday, 21 April 2011

ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ МОНГОЛ АЖИЛЧИД ХИЙХ ЁСТОЙ

Ажлын байрыг нэмэгдүүлэхийн тулд Засгийн газар ажил олгогчидтой хамтран ажиллахын зэрэгцээ үйлдвэрчний эвлэлүүдтэй улам нягт хамтран ажилламаар байна. Саяхан Ерөнхий сайд С.Батболд барилгын салбарынхантай уулзаж байхад монгол ажилчдын тухай дуугарсан ганц хүн нь Монголын барилгачдын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дарга Д.Гомбо байсан. Тэрээр, үг хэлсэн хүмүүсийг сонсоход монгол хүмүүст ажлын байр бий болгох талаар нэг ч хүн ярьсангүй. Ерөнхий сайд та нараас хэдэн монгол хүнийг ажлын байртай болгох бол гэдгийг сонсох гэж ирсэн хэмээн барилгын салбарынхандаа сануулж байсан.

Хэдхэн хоногийн өмнө түүнтэй дахин уулзахад “Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийг монголын ажилчдыг ажилтай болгох, нийгмийн асуудлыг нь шийдэх гэж Ерөнхий сайд хэлсэн. Гэтэл барилгын салбарынхан Ерөнхий сайдтай уулзаж байх үед гадаадын барилгачдыг оруулж ирэх нь үү гэсэн хардлага төрсөн” гэж ярьсан билээ. Тиймээс надад хэрэв Засгийн газар олон монгол хүнийг ажилтай болгоё гэж байгаа бол үйлдвэрчний эвлэлүүдтэй илүү нягт хамтран ажиллах хэрэгтэй юм байна гэж бодогдсон.
Ер нь ямар ч улсын ҮЭ-үүд өөрсдийнхөө ажилчдыг ажилгүй суулгаад бусад улс орны ажилчдыг тэжээхийг дэмжихгүй. Тэр утгаараа хэрэв Засгийн газар монголчуудаа ажилтай болгоё гэвэл ҮЭ-үүдтэй “найзлах” нь илүү өгөөжтэй. Энүүхэндээ хэлэхэд манай олон ажил олгогч, бизнесмэнүүд монгол ажилчиддаа голж, гадаадын ажилчид оруулж ирэх шаардлагатай байна гэж ил тод ярьдгаас нь харахад Засгийн газар олон иргэдээ ажилтай болгох зорилгоо биелүүлье гэвэл ҮЭ-үүдийн үгийг сонсож баймаар.

ҮЭ-үүд тухайн салбарынхаа боловсон хүчин, хөгжил, бодит нөхцөл байдлыг сайн мэддэг. 1963 онд байгуулагдсан 7 мянга гаруй гишүүнтэй МБҮЭХ-ны хувьд ч мөн адилхан. Социализмын үед социалист уралдааныг өрнүүлэх, тэргүүн туршлагыг нэвтрүүлэх, шинэ санаачлага гаргах зэргээр тухайн үеийн нийгмийнхээ шаардлагаар ажиллаж, хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалж байсан уг байгууллага Ардчилсан хувьсгалын дараа шинэ нийгмийн харилцаанд орж бодлого баримтлалаа өөрчилсөн.

ЕРЭЭД ОНООС БАРИМТАЛЖ ИРСЭН БОДЛОГО
Зах зээлд шилжих үед монголын барилгын салбар “айхтар их хэлмэгдэж” төрийн өмчид 40 гаруй байгууллагын 40 гаруй мянган барилгачид ажилгүй болоход МБҮЭХ юуны түрүүнд барилгын салбарыг уналтаас босгож, хөл дээр нь зогсоохыг эрмэлзжээ. Яагаад гэвэл барилгын салбар хөл дээрээ зогссоны дараа л барилгачдын эрх ашгийг хамгаалах талаар ярих ёстой болохоор МБҮЭХ ерээд онд Засгийн газарт хандаж, тодорхой саналуудыг дэвшүүлж, жагсаал цуглаан хийж байж. Жишээлбэл, дуусгаагүй дутуу орхигдсон барилгуудыг судлаад, хэрэгцээ шаардлагатайд нь хөрөнгө оруулт хийж, өгөршиж, элэгдэхээс нь өмнө босгохыг сануулсан. Мөн орон сууцны барилга аль ч нийгэмд хэрэгтэй тул төр, барилгын компаниудад хөнгөлттэй зээл олгож, барилга бариулаачээ гэх зэрэг санал дэвшүүлжээ. “Чухам тэр үеэс л өнөөгийн орон сууцны барилгын хөгжлийн үндэс тавигдсан. Eрээд онд барилгын олон хувийн хэвшлийн компаниуд бий болсноос хойш одоо манай улсад 1500 гаруй барилга угсралтын байгууллага, 400 гаруй барилга материалын үйлдвэр, 200 гаруй зураг төслийн байгууллага байдаг” гэж Д.Гомбо хэлсэн.

Тэрээр мөн “2002 он хүртэл бид барилгын салбарын уналтыг зогсоож, хөгжүүлье гэсэн бодлого баримталсан. 2002 оноос хойш бол барилгын компаниудыг хөгжүүлэн бэхжүүлэх замаар барилгачдын амьдрал ахуйг дээшлүүлье. Харин 2008 оноос хойш барилгын компаниуд ерөнхийдөө ажилтай боллоо. Хөрөнгийн хувьд бололцоотой боллоо. Барилгын компаниудын эзэд барилгачдын нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх чадал тэнхээтэй боллоо гэж бид үзээд барилгачдын эрх ашгийг хамгаалах асуудал руу нэлээн түлхүү орсон. Өөрөөр хэлбэл барилгачдын цалин хөлсийг нэм, хөдөлмөр хамгааллыг сайжруул, барилга барьж байгаа газар түр байртай бол гэх зэргийг шаардаж эхэлсэн” гэв.

Энэ зорилгоо ойлгуулахын тулд ҮЭ-ийнхэн 2010 онд ЗТБХБЯ-ны Удирдах ажилчдын зөвлөгөөнд илтгэл тавьж, барилгачдын нийгмийн асуудлыг сайжруулах арга замыг онол бодлогын хувьд гаргаж өгч. “Үүнийг яам анзаарч 2010 онд барилгачдын нийгмийн байдлыг сайжруулах хөтөлбөр боловсруулахаар шийдвэр гарсан. Гэхдээ энэ жаахан удаан байгаа” гэж тэр хариулсан юм.

2009, 2010 оны дэлхийн эдийн засгийн хямрал барилгын салбарт хүндээр туссаныг тэр мөн дурсаж байлаа. Барилгачид ажилгүй, барилгын компаниуд өр зээлээ дийлэхгүй, ажилгүй зогсоход МБҮЭХ цуглаан хийж Засгийн газарт хандан: Их зээл авсан барилгын компаниудын зээлийн хүүг тодорхой хугацаанд харгалзаж, хүүгийн хүүг тооцохгүй, борлогдохгүй байгаа орон сууцуудыг нь борлуулахад туслаачээ гэх зэрэг шаардлага тавьж байжээ. Тиймээс ч төрийн албан хаагчдын 40 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг Засгийн газар батлахад тэд их талархан хүлээж авсан байна.

Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн хүрээнд хийгдэх 100 мянган айлын орон сууц барих ажлыг ч мөн МБҮЭХ талархан дэмжиж байна. “Үйлдвэрчний байгууллагууд энэ бүтээн байгуулалтад хамтран оролцое. Ялангуяа хөдөлмөр хамгаалалтыг сайжруулах, барилгачдыг татан оролцуулах, сайн ажиллахад нь уриалан дуудая гэсэн бодол өвөртөлж байгаа” хэмээн Д.Гомбо ярилаа.

ЭХ ОРОНЧ ЭЗЭД ЧУХАЛ
Энэ бүтээн байгуулалтад монгол ажилчид гар бие оролцож чадалгүй хоцрох вий гэж тэр санаа зовдог тул “Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийг монгол ажилчид л хэрэгжүүлэх ёстой. Яагаад гэвэл Монголын Засгийн газар энэ тогтоолыг гаргасан. Ийм сайхан тогтоол гаргаж, барилгачдыг ажилтай болгоно ярьчихаад гадаадын барилгачдыг ажиллуулвал утгагүй биз дээ. Тэгэхээр бид монгол барилгачдыг ажилтай болгоход туслана. Хяналт тавина” гэж хэлсэн билээ.

Гэхдээ гадаадын ажилчдыг огт оруулж ирж болохгүй гэдэг байр сууринаас тэр яриагүй. Харин монголчууд хийж чадах ажлаа өөрсдөө хийгээд, хийж чадахгүй ажлаа гадаадын ажилчдаар хийлгэхийг бодлогыг МБҮЭХ баримталж байгаа гэнэ. “Бид гадаадын хөрөнгө оруулалт, ажилчдаас татгалздаггүй. Яагаад гэвэл манай улс өндөр хөгжилтэй улс биш. Бид авах юмаа авахаас өөр аргагүй. Гэхдээ үндэсний эрх ашгийг бодолцох ёстой. Барилгын салбарын хувьд монгол хүн хийж чадах ажилд нэг ч гадаадын хүн авах ёсгүй гэсэн байр суурийг бид баримталдаг. Үүнийг 1994 онд ч гэсэн ярьж байсан. Засгийн газар ч анхаараад тогтоол могтоол гаргадаг. Төчнөөн хүнтэй байгууллага, тэдэн гадаадын ажилчин авна гээд… Гэвч энэ тогтоол хэрэгждэггүй муу талтай” Д.Гомбо шүүмжилсэн юм.

Түүний хэлснээр бол, гадаадын ажилчдыг оруулж ирэх зөвшөөрөл өгдөг Засгийн газар их хариуцлагатай байж “лоббидуулалгүй” хэчнээн гадаадын ажилчид ямар учраас оруулав гэдгийг ил тод байлгах хэрэгтэй. Мөн гадаадын ажилчид оруулж ирсэн эздэд “Яагаад монгол ажилчин авахгүй байна” гэдэг асуултыг хурц тавьж, үнэхээр монголчууд хийж чадахгүй ажил байвал зөвшөөрөл өгөөд, тэр мэргэжлээрээ нь хэдэн жилийн дараа зөвшөөрөл (яагаад гэвэл энэ хугацаанд монголчуудыг сургасан байх ёстой гэж үзээд) өгдөггүй байх зарчим мөрдөх ёстой гэнэ.

Гэхдээ хамгийн гол нь барилгын компанийн эзэд эх оронч ёстой аж. Нэг удаа тэрээр хурал дээр “Та нар эх оронч биш байна шүү, нөхөд минь” гэж барилгын компанийн эздийг шүүмжилжээ.
“Чухам яагаад монгол барилгачид хийж чадах ажлыг гадаадын барилгачид Монголд ирж хийгээд байна вэ?” гэж түүнээс асуухад “Монголын барилгын компанийн эздийн гол хөрөнгө оруулагчид нь гадаадын иргэд байдаг учраас тэгдэг болов уу гэсэн таамаг надад байдаг. Гэхдээ энэ бол ерөнхийдөө манай барилгын компанийн эздийн хийж байгаа холион бантан” гэж хариулав.

Хэдэн жилийн өмнө МБҮЭХ, БНХАУ-ын Элчин сайдын яаманд “Хамтран ажиллах тухай” гэсэн гарчигтай бичиг хүргүүлж, хятад, монгол ажилчдын хоорондын зөрчил, хятад ажилчдын ажлын нөхцөл байдлыг хамтран шалгая гэхэд Хятадын Элчин сайдын яамныхан “Бид Монголд ажилчид оруулах бодлого баримталдаггүй. Харин танай компанийн эзэд өөрсдөө очоод уриад авчирдаг” гэсэн утгатай хариу хэлсэн байна.

ЁС ЗҮЙТЭЙ ЭЗЭД ХЭРЭГТЭЙ
Эх оронч ажил олгогч эздээс гадна ёс зүйтэй эзэд их хэрэгтэй байгааг Д.Гомбо сануулсан. Ажил олгогч эзэд ажилчидтайгаа буруу харилцдаг учраас тогтвор суурьшилтай ажиллах барилгачид цөөрч, ажлын үр бүтээлд муугаар нөлөөлөх талтай гэнэ. “Ажилчиддаа зөвхөн харааж зүхээд байвал ажилчин хүний ажилдаа хандах хандлага төлөвшдөггүй. Тиймээс ажлын байранд зөв уур амьсгалыг бий болгохын тулд ажилчдаа урамшуулах, шагнах хэрэгтэй. Мөн эзэд ёс зүйтэй байх нь их чухал” гэж тэр хэлсэн юм.

Ер нь бол шаардах, халамжлах хоёрыг хослуулж, барилгачдын нийгэм ахуйн асуудлыг нь шийдэж байж л барилгын салбар өсч хөгжих жамтай ажээ. Манайд ийм үлгэр жишээч компаниуд ч байдаг гэнэ.

Урьд социализмын үед барилгачдын нийгмийн халамж харьцангуй сайн байсан бол харин одоо эрс муудсан. Ганцхан жишээ татахад барилга барьж байгаа талбайд барилгачдын түр байр социализмын үед байдаг байсан бол одоо ихэнх компаниуд түр байр барихаа огт больсон ажээ.

Харин барилгачид уртатгасан цагаар ажилладгыг МБҮЭХ шүүмжлэхгүй байлаа. Барилгын салбар улирлын чанараар ажилладаг тул заримдаа уртатгасан цагаараар ажиллахаас өөр аргагүй байдаг гэнэ. “Ажил их улиралд уртатгасан цагаар ажилласнаа жилийн ерөнхий ажлын цагт орууллаад ажил бага үед богино цагаар ажиллах боломж байдаг. Улирлаас хамаарч ажил ихсдэг байгууллагуудыг уртатгасан цагаар ажиллуулах Засгийн газрын шийдвэр заавар бий. Бид үүнийг зарчмын хувьд ерөнхийд нь зөвшөөрдөг” гэж Гомбо ярьсан. Хамгийн гол нь ажил олгогчид ажилчдаа уртатгасан цагаар ажиллуулах бол тэдэнд заавар журмыг танилцуулж, мөрдөх ёстой гэнэ.

“Гэхдээ ер нь илүү цагийн мөнгийг манай ажил олгогч эзэд бараг өгдөггүй. Үүнийг бид өгөх ёстой гэж шаарддаг. Манай гишүүн байгууллагуудын хувьд бол бид энэ асуудлыг тодорхой хэмжээгээр шийдэж өгдөг” гэж тэр бас хэлсэн.

Хөдөлмөр хамгааллын асуудал...

Барилгын салбарт хөдөлмөр хамгаалал тун хэцүү байгааг Д.Гомбо хэлж байлаа. Энэ асуудал гээндээ ч бий, гоондоо ч бий. Эзэд хөдөлмөр хамгааллыг анхаарддаггүй. Ажлын хувцас, багаж хэрэгслээр хангадаггүй. Хангасан ч чанар муу багаж хэрэгсэл өгдөг. Шаардлага муу тавьдаг.

Гэтэл барилгачид ч бас зааварчилгааг хайхарч мөрддөггүйгээс болж барилгын салбарт осол гэмтэл маш их гардаг. 2008 он хүртэл барилгын салбарт гарсан осол, гэмтлийн тоо бусад салбартай харьцуулахад эхний нэг хоёрт байсан. 2009-2010 онд осол гэмтэл багассан нь эдийн хямралаас болж ажил багассантай холбоотой. Хэрэв их бүтээн байгуулалтын ажил өрнөвөл осол гэмтэл эргээд ихсэнэ гэж МБҮЭХ-хон таамаглаж байна.

Эцэст нь тэрбээр монгол ажилчид ажил муу хийдэг гэж хэвлэл мэдээллээр “сурталчилж” байгаад сэтгэл эмзэглэж явдгаа хэлсэн юм. “Муу ажилладаг компани, муу ажилчид байгаа юу гэвэл байгаа. Гэхдээ дийлэнх нь биш. Барилгад зүрх сэтгэлээ зориулсан сайн ажилладаг компани, барилгачид олон. Хэвлэл мэдээллээр монголын барилгачдыг муулж байгааг бид гадаадын ажилчдыг оруулая гэсэн санаа цухалцаж байна гэж үзээд, эсэргүүцдэг. Монгол хүн бол монголдоо итгэх ёстой. Барилгачиддаа итгэх ёстой. Бид хамтаараа л эх орноо хөгжүүлнэ. Тэр нь муу энэ нь муу гэж өөрсдийгөө муулаад гадаадынхныг алга тосоод байж болохгүй. Цаашдаа ингэж байх юм бол Монгол орны тусгай тогтнолд ч аюултай” гэж МБҮЭХ-ны дарга Д.Гомбо хэлсэн юм.

No comments: