Monday, 25 April 2011

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ БОЛ СОЁЛЫН ГҮҮР

Монголд ирдэг нийт жуулчдын 80 хувь нь дулааны улиралд ирдэг. Тиймээс одоо аялал жуулчдын салбарынхны хувьд ажил нь эхэлж байна. Өнгөрсөн онд манай улсад гадаадын 557 мянга гаруй иргэд ирснээс 456 мянга гаруй нь жуулчид гэсэн тооцоо байдаг. Харин энэ жилийн хувьд үүнээс ч илүү жуулчид ирэх магадлалтай гэж аялал жуулчлалын салбарынхан үзэж байгаа.

Аялал жуулчлалыг эдийн засгийг төрөлжүүлэх нэг салбар болгохын тулд аялал жуулчлалын салбарынхан хамтран ажиллаж олон арга хэмжээ авч байна. Үүний нэг нь Дорнод аймгийн Чойбалсан хотод энэ сарын 27-30-ны хооронд болох “Хөрш зэргэлдээ гурван улсын аялал жуулчлалын өдөр-2011” олон улсын уулзалт зөвлөгөөн юм. Энэхүү уулзалт зөвлөгөөнийг Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар, Зүүн бүсийн зөвлөл, БОАЖЯ, Аялал жуулчлалын багш судлаачдын нийгэмлэг хамтран зохион байгуулна.

Тус уулзалт зөвлөгөөний үеэр Аялал жуулчлалын багш судлаачдын нийгэмлэг “Зүүн бүсийн аялал жуулчлалын хөгжлийн өнөөгийн байдал, чиг хандлага” олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг удирдан зохион байгуулах юм.

“Бид олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, мөн Улаанбаатарын болон орон нутгийн аялал жуулчлалын байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах зорилготой бизнес эрхлэгчдийн форумыг зохион байгуулна. Бас зочид буудлын үйлчилгээ, зоогийн газрын халуун хоолны арга технологийн тухай практик сургалт хийнэ” гэж МУБИС-ын аялал жуулчлалын багш Ө.Амгалан ярилаа.
Аялал жуулчлалын багш судлаачдын нийгэмлэг нь 40 орчим их дээд сургуулийн 50 орчим багш гишүүнтэй байгууллага юм. Тэдний гол зорилго нь аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд тус дэм болох судалгаа шинжилгээ хийх, багш нарынхаа мэдлэг чадварыг дээшлүүлэхэд оршдог аж.

Аялал жуулчлалын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлагын талаар Ө.Амгалантай ярилцав.

Статистикийн тооцоог улам нарийн гаргах хэрэгтэй
Өнгөрсөн жил манай улсад 456 мянга гаруй гадаадын жуулчид иржээ. БНХАУ (193 мянга орчим), ОХУ (121 мянга орчим) хоёр улсын иргэд хамгийн их манайд жуулчилсан байна. Гэхдээ энэ тооцоог улам нарийн гаргах чухал. Статистикийн тоо баримт нийт жуулчдын хэв шинжийг үзүүлж чадахгүй эргэлзээтэй, өрөөсгөл байдаг. Жишээ нь БНХАУ-аас өнгөрсөн жил ирсэн 193.700 жуулчин, чухам яг жуулчлах гэж ирсэн үү, эсвэл ажил хийх гэж ирсэн үү гэдгийг ялгаж салгахад бэрх.

“Манай улс Хятад Улсаас ирэх жуулчдыг дэмжихийн тулд визэндээ хөнгөлт үзүүлж, визний хугацааг гурван сар хүртэл хугацаатай дардаг болсон. Гэтэл хятадын жуулчдын хамгийн их ирдэг үе нь барилгын салбарынхны ажил ид өрнөдөг улиралтай давхцаад байдаг. Тэгэхээр жуулчин ирээд байна уу, барилгачин ирээд байна уу гэдгийг сайн ялгах ёстой” гэж Амгалан ярьсан.

Тиймээс олон улсын аялал жуулчлалын туршлагыг судалж, дагалдах статистикийг хөгжүүлэх шаардлагатай гэнэ. Жишээлбэл, гадаадын иргэний ямар зочид буудал буусан, ямар газруудаар явсан зэрэг нь бүрэн бүртгэгдэж, судлагдсан байвал жуулчдын зарлага, өртөгийг нарийн гаргах боломж бүрдэх ажээ. “Энэ мэтчилэн бид тооцож чадвал орлого зарлага, статистик энэ бүх зүйл үнэн бодиттой болно. Манай Аялал жуулчлалын багш судлаачдын нийгэмлэгийн аялал жуулчлалыг зөв судалгааны үндсэн дээр хөгжүүлэхэд тус дэм болох бас нэг зорилготой.”

Тэрээр мөн, “Ер нь манай улсын аялал жуулчлал ямар нэг суурь судалгаанд түшиглэн хөгжөөгүй. 1990 оноос хойш хар туршлагад тулгуурлан хөгжиж ирсэн. 1990 оноос өмнө Жуулчин компанид хөтөч хийж байсан хүмүүс өөрсдийн туршлагад суурилаад л аялал жуулчлалыг хөгжүүлсэн. Харин одоо аялал жуулчлалын салбар цаашаа хөгжихдөө ямар хөгжлийн бодлого барих уу. Өнөө хүртэл баримталсан бодлого маань зөв байж уу? Үгүй юу гэдгийг эргэж харах цаг болсон. Тийм ч учраас Засгийн газрын хэмжээнд хэлэлцэж Аялал жуулчлалын үндэсний цогц бодлогоо дахин шинэчилж байна. Мөн Аялал жуулчлалын тухай хуулийг шинэчлэн найруулж байгаа. Үнэндээ 2000 онд баталсан хууль маань аялал жуулчлалынхаа хурдацтай хөгжлийг гүйцэхээ болиод олон зүйлийн харилцааг зохицуулж чадахгүй, заримдаа зөрчилдөх хандлага бий болчихсон байдаг” гэв.

Аялал жуулчлал ардын уламжлалыг сэргээдэг
Өнгөрсөн жил манай улсын аялал жуулчлалын салбарын орлого 222 сая гаруй ам.долларт хүрсэн. Энэ нь 2009 оноосоо 9 сая гаруй ам.доллараар нэмэгдсэн тоо. Эндээс харахад аялал жуулчлал манай эдийн засагт хувь оруулж байгаа нь илт. Аялал жуучлалын эдийн засагт оруулж буй хувь нэмэр нь шууд бус харин тойруу замаар орж ирдгийг мэргэжилтнүүд онцолдог. Жишээ нь аялал жуулчлал хөгжихийн хэрээр ардын уламжлал сэргэж байна.
Амгалангийн хэлснээр бол, аялал жуулчлал эрчимтэй хөгжихөөр улс орнуудын уламжлалт урлаг, соёл их идэвхждэг гэнэ. “Ерээд онд ардын урлаг байхгүй боллоо. Бүгд зах дээр зогслоо гэж ярьдаг байсан. Тэгтэл одоо аялал жуулчлалаар дамжаад ардын урлаг сэргэж байна. Урьд нь ардын урлагийн тоглолт хийдэг ганцхан “Түмний эх” чуулга байсан бол одоо олон хамтлаг бий боллоо. Ардын урлаг хөгжихөөр орчин цагийн урлагт ч мөн ардын урлагийн хэв шинж аажим аажмаар шингэж байна. Энэ бол аялал жуулчлалын нэг давуу тал” гэж тэр ярьсан билээ.

Зөвхөн урлаг ч биш мөн уламжлалт ахуйн соёл ч гэсэн аялал жуулчлал хөгжихийн хэрээр сэргэдэг. Уламжлалт хэв шинжээ хадгалж үлдэх сонирхол ихсэж, хөдөөгийн малчид жуулчдыг ирэхэд уламжлалт ахуй соёлоо сурталчилдаг. Тэд аялал жуулчлалын байгууллагуудтай тохиролцоод жуулчдыг гэртээ хүлээж авдаг. Үүнийхээ төлөө бага хэмжээний мөнгө авдаг. Тиймээс жуулчдыг ирэхэд хөдөөний малчин айл “хэт орчин үеийн болоод” сууж байх тохиромжгүй тул уламжлалт соёлын хэв шинжийг хадгалах сонирхол тэдэнд бий болдог ажээ.

Мөн аялал жуулчлалыг дагаад олон салбар хөгждөгийн нэг нь жижиг, дунд үйлдвэрлэл гэдгийг Амгалан хэлж байв. Бэлэг дурсгалын үйлдвэрлэл сайн хөгжиж байгаа нь үүний нэг тод жишээ гэдгийг тэр дурдаад “Энэ бүхэн бол аялал жуулчлал асар холоос улс орныг хөгжүүлдэг, нөлөөлдөг болохыг харуулж байгаа юм. Аялал жуулчлалыг дагаж өндийдөг олон салбар бий” гэж гэлээ.

Ер нь орчин үед аялал жуулчлал өндөр хөгжсөн улс орнуудыг найрамдлын бэлэг тэмдэг гэж үздэг бөгөөд аялал жуулчлалыг бол соёлын гүүр гэж тодорхойлдог болжээ.

Дахин ирэх жуулчид бага байдаг
“Мэдээж аялал жуулчлалыг дагаж хөгжих нэг салбар бол нийтийн хоолны салбар. Харин манай улсад хоол хүнсээрээ жуулчдыг татаж чадах болов уу?” гэж Амгалангаас асуухад “Хэрэв бид хаана ч харьцуулах боломжгүй, өвөрмөц амттай хоол хүнсээр жуулчдыг дайлж чадвал тэдний сонирхлыг улам их татаж чадна. Жишээлбэл, хонины толгой дэлхийн өвөрмөц хоолнуудын жагсаалтад нэлээн дээгүүр орсон байдаг. Хамгийн гол нь бид гадаадын жуулчдын өөрсдийнх нь иддэг хоолыг дуурайж хийгээд сэтгэлд нь хүрэхгүй болохоор монголын хоолны талаар таагүй сэтгэлтэй тэд хоцордог” тэр хариулсан.

Мөн “Бид стандарт гаргаад түүнээ мөрдөөд явахаар яг нэг загварын үйлчилгээг бий болгочихдог муу талтай. Хөдөө орон нутагт байдаг жуулчны баазууд нэг хэвийн, ав адилхан байдаг. Бид уул нь өвөрмөц олон үйлчилгээг хийдэг бол жуулчдын дахин ирэлт ихсэнэ” гэж Амгалан хэлсэн. Тиймээс манай улсын жуулчны баазууд үнээр өрсөлдөхгүй, өвөрмөц хэв шинжээрээ өрсөлдөх ёстой гэнэ. Хэрэв тэгж чадвал нэгэнт ирсэн жуулчдаа аль болох удаан байлгаж, дахин ирэх хүслийг төрүүлж чадах ажээ.

Ер нь манай улсад ирж байгаа жуулчид дахин ирэх нь тун бага байдаг. Үүний нэг шалтгаан нь Монголд ирж байгаа жуулчдын ихэнх нь адал явдалт аялалд дуртай “өвөрмөц сэдэл сонирхолтой” аялагчид байдаг бөгөөд тэд нэг үзсэн газраа дахиж үзэх сонирхолгүй байдаг гэнэ. Мөн үзэх үзмэр, жуулчдыг сатааруулах, цэнгээх зүйл ховор байдгаас болдог гэнэ.

Тиймээс аялал жуулчлалыг улам хөгжүүлэхийн тулд хөрөнгө оруулалт хийж Хархорин төсөл шиг олон төсөл хэрэгжүүлэх хэрэгтэйг Амгалан хэлж байлаа. Гэхдээ аялал жуулчлалд хөрөнгө оруулалт хийхдээ эрсдэлийг тооцох нь чухал гэдгийг ч тэр мөн дурдсан. “Бид эдийн засгийн хувьд эрсдэлийг нь тооцож үзэх хэрэгтэй. Мөн манайд ирж байгаа жуулчид дахин ирэх нь бага байдаг учраас ийм зах зээл рүү их хэмжээний хөрөнгө оруулалт хийх бас эрсдэлтэй” гэж хэлсэн.
Гэхдээ, монголын аялал жуулчлалын салбарт их хэмжээний хөрөнгө оруулалт хийх эрсдэлтэй ч манай улсад нь аялах нь аюулгүй гэдгийг тэр дурдахдаа “Дэлхийн аялал жуулчлалын зах зээлд Монгол аюулгүй бүс нутагт тооцогддог. Жуулчдыг барьцаалах, дээрэмдэх, зүй бусаар доромжлох үзэгдэл байдаггүй. Харин хамгийн их анхаарах зүйл бол халаасны хулгай байдаг. Бичиг баримтаа алдсан жуулчид их байдаг шүү” гэв.

Хурал зөвлөгөөн аялал жуулчлалын салбарт тустай
Аялал жуулчлалыг Монголд хөгжүүлэхэд хурал зөвлөгөөн их тус нэмэртэйг Амгалан хэлэхдээ “Жуулчдын улирлаас хамаардаггүй олон улсын олон арга хэмжээнүүдийг эх орондоо зохион байгуулвал гадаадын иргэд манайд ирэх нь ихсэнэ. Олон янзын олон улсын чуулга зөвлөгөөнийг Монголд тогтмол зохион байгуулвал албаны хүмүүс, хэвлэл мэдээллийнхэн гээд олон хүн ирэх болно. Үүнийг дагаад наад зах нь зочид буудлуудад орлого орно. Дэлгүүр хоршооны худалдаа нэмэгдэнэ. Магадгүй цагийн ажилчдын орон зай бий болно. Сингапур гэхэд л долоон хоногт бараг хоёр удаа төрийн дээд хэмжээний олон улсын уулзалт зөвлөгөөнүүд хийдэг” гэв.

Энэ нь цаад утгаараа аялал жуулчлалынхаа салбарыг дэмжиж байгаа хэрэг ажээ. Тийм ч учраас Аялал жуулчлалын багш судлаачдын нийгэмлэг Зүүн бүсийн аялал жуулчлалд өөрсдийнхөө хувь нэмрийг оруулахын тулд “Хөрш зэргэлдээ гурван улсын аялал жуулчлалын өдөр-2011” чуулга уулзалтыг зохион байгуулахад оролцож байгаа ажээ. Энэ олон улсын чуулга уулзалтаа тэд жил бүр тогтмол зохион байгуулахаар зорьж байна.

No comments: