Monday, 25 April 2011

НУУЦЛАХААС ӨӨР САНАА ЗОВОХ ЗҮЙЛ БИЙ

Саяхан Сүхбаатарын талбай дээр цуглаан болж байлаа. Уучлаарай. Болж биш болох гэж байлаа. Болох гэж байхад нь тэнд очсон юм. Ойртох тусам морин дээр суусан жанжин Сүхбаатарын хөшөө шавааралдсан олны дундаас бүрэн харагдахаа байж, эгээтэй л усанд живж буй хүн шиг гараа өргөн амь авраарай гэж буй мэт “булталзана”.
Эхлээгүй мөртлөө ийм байгаа юм чинь, ид дундаа орвол улам олон хүн бужигнуулах цуглаан санагдаад захад нь зогссон хүнээс:
—Ямар цуглаан болж байна вэ? гэж асуулаа.
—Мэдэхгүй. Хүмүүс цуглахаар нь л ирлээ гэв. Надтай адилхан юу ч мэдэхгүй хүн таарлаа гэж бодоод тав алхамын цаана зогсоо буурал үстэй эрээс:
—Ахаа ямар цуглаан болж байгаа юм бэ? гэж лавлав.
—Мэдэхгүй гэж байна. Жаахан гайхаад цаашаагаа явж бор дээлтэй эмээгээс дахиад л дээрх асуултаа асуув.
—Өө, мэдэхгүй хүү минь. Эгч нь харч л зогсоно гэлээ. Мэдэхгүй хүнээс юу асуух билээ. Цаашаагаа алхлаа.

Ойр хавьд мэдчихмээр хүн хайж байгаад хар пальтотой, нүдний шилтэй, жар орчим насны хотын сэхээтэн байрын хүнийг нүдээрээ “олзолж”, очоод:
—Ахаа энд ямар учиртай цуглаан болж байна? гэж нас намбанд нь тааруулан намбалаг аажуу асуулаа. Гэтэл өнгө төрхөөр нь онцолж, найдсан хүн маань урам хугарлах хариу хэлэв. Хариу ч гэж дээ.
—Хм гэж хоолойгоо засч дуугараад толгойгоо сэгсэрч хөшөөний зүг рүү харсан хэвээрээ зогсов. Янз нь намайг асуусанд дурамжхан байгаа бололтой. Мэдэхгүй юм бол яах гэж зогсож байгаа юм гэж золтой л асуусангүй.

Тэгээд цугласан олныг сүлжиж мэдэх хүн хайн арваад минут алхаад нэг ч мэддэг хүн олсонгүй. Хэдийгээр жагсаал цуглааныг зохион байгууллагачид туг дарцгаа намируулан цагаан хоолойгоор ярьж эхэлсэн ч миний шалгаасан арваад хүн бүгд л “Мэдэхгүй. Нэг юм л болж байна” гэх маягаар хариулцгаав. Сүүлдээ бүр судлаач шиг нэг асуултаа асуугаад л явсан. Тэдний ихэнх нь дөчөөс дээш насны учир начрыг мэдэхээр хүмүүс ч цуглааны талаар мэдээлэлгүй байлаа. Бүр сүүлдээ гайхаад “Мэдэхгүй юм бол юугаа хийж зогсоо юм бэ?” гэж ганц нэг хүнээс асуув. Хариулт мөн л ижилхэн: “Хүмүүс цугласан байна. Би мэдэхгүй?”

Тэгээд бодлоо. Мэдэхгүй мөртлөө мэддэг царайлан зогсдог нь бидний гэм биш зан. Хэрэв монголчуудаас төрийн бодлого шийдвэрүүдийн талаар олон зүйлийн асуувал “Мэдэхгүй” гэж хариулах нь олон байх. Ерөнхийд нь бол бид мэддэг. Харин яг нарийн юу болж байна. Яах гэж байгаа юм. Ямар учиртай юм гэдгийг ихэнх маань мэддэггүй.
—536 хувьцааг нь эзэмшсэн “Эрдэнэс-Тавантолгой” компанид чинь юу болж байна?
—Мэдэхгүй.
—Хувьцаа гэж юу вэ?
—Мэдэхгүй.
—Газраа яаж өмчлөх вэ?
—Мэдэхгүй.

Чөлөөт хэвлэл мэдээлэлтэй, ардчилсан улс гэхэд бүр гайхмаар. Үнэндээ, бүгдийг мэдэх хүн байхгүй л дээ. Гэхдээ монголчууд бид өөрсдөд маань хамаатай төр засгийн шийдвэр бодлогын талаар үнэн зөв ойлголтгүй явдаг. Жишээ татвал олон зүйлийг дурдана. Газар өмчлөл, Тавантолгойн хувьцаа…

Ягаан, цэнхэр тасалбар бол мэдэхгүй байж “гар бие оролцсон” та бидний хамгийн сонгодог жишээ. Одооноос л нэг (бараг хорин жилийн дараа!) “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааны сургаар “цөөхөн хэдэн хувь маань” ягаан, цэнхэр тасалбарынхаа тухай эргэн санаж, Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвд үнэт цаасны данстайгаа мэдэцгээлээ. Яагаад ийм байна аа?

Яагаад гэвэл…яагаад гэвэл хэвлэл мэдээллийнхэн муу учраас гэж та хариулж магадгүй. Ганцхан та ч биш УИХ, Засгийн газрын гишүүд, төрийн байгууллагын дарга нар хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хариуцлагын тухай ярих болохоороо л юм л бол сэтгүүлчдийн ёс зүй, хариуцлагын талаар дурсаж, шүүмжлэх нь олон. Тэдний хэлж ярьж байгаа нь ортой л доо. Гэхдээ зөвхөн сэтгүүлчид л буруутай юу? Хэрэв сэтгүүлчид маш сайн хариуцлагатай, ёс зүйтэй болчихвол бүх юм ил тод болчих уу? Болохгүй!

Учир нь хэвлэл мэдээллийнхэнд ч мэдээлэл хэрэгтэй. Тэд ч гэсэн мэдээлэлгүй бол мэдэхгүй шүү дээ. Хүссэн мэдээллээ хүссэн төрийн байгууллагуудаас авч чаддаг байвал тэд буруу зөрүү мэдээлэх нь багасана. Ардчилал дөнгөж ялсны дараа хов живээр мэдээлэл хийдэг сонингууд их гарсан. Харин одоо харьцангуй багассан. Учир нь мэдээллийг дамжуулах цахим сүлжээ хөгжиж, олон хэвлэл мэдээллийн байгууллагууд өрсөлдөн, төрийн байгууллагууд ч мэдээлэл өгөх нь сайжирсан. Гэхдээ төрийн байгууллагууд мэдээлэл өгөх нь хангалтгүй байна.

Жишээ нь, Тавантолгойг тойрсон олон зүйл тодорхой биш байна (энэ Ерөнхийлөгчийн үг шүү!). Энгийн иргэн байтугай Монгол Улсын Ерөнхийлөгч хүртэл зарим зүйлийг мэдэж чадахгүй байна гээд бод доо. Хэний буруу вэ? Ерөнхийлөгч ард түмнээ төлөөлж Төрийн өмчийн хороо болон “Эрдэнэс МГЛ” ТӨК-ийн удирдлагуудтай хэдхэн хоногийн өмнө уулзаад “Тавантолгойг тойрсон олон зүйл тодорхой биш бүрхэг. Ард иргэдэд олон асуулт байгаа учраас би та бүхэнтэй өнөөдөр уулзаж мэдээлэл авъя гэж бодсон юм. Өнгөрсөн оны 5 дугаар сарын 18-ны өдөр Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөс Тавантолгойн нүүрсний ордыг ашиглахтай холбоотой зөвлөмж гарсан. Энэ зөвлөмж хэрхэн хэрэгжиж байна” гэж асуух вэ дээ. (Яг үнэндээ бол аргаа ядаад асуусан.)

Хэдийгээр тэд Ерөнхийлөгчийн асуултанд хариулж, зарим зүйлийг тодруулсан ч байдал дээрдсэн шинж алга. Наад захын жишээ нь “Эрдэнэс МГЛ”-ын цахим хуудсанд 1 дүгээр сарын 11-нээс хойш ямар ч мэдээ мэдээлэл тавиагүй байна. Хэрэв дээрх хоёр төрийн байгууллагын хэвлэл мэдээллийн албууд нь сайн ажиллаж, үйл явдлуудаа цаг тухайд нь бичгээр (хамгийн гол нь бичгээр!) товч бөгөөд тодорхой, ажил хэрэгч мэдээлэл хийгээд цахим хуудсандаа тавьдаг бол (зарим төрийн байгууллагуудаас үлгэр жишээ авсан ч болно) наад зах нь Ерөнхийлөгч тэднийг шалгаахгүй л байх байсан. Тиймээс энэ хоёр байгууллагын хэвлэл мэдээллийн албыг идэвхжүүлэх хэрэгтэй.
Хааяа нэг, дарга нар нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр (голцуу зурагтаар) ганц хоёр үг “ганхийдгийг” эс тооцвол ойрын ирээдүйд монголын ард түмэнд хамгийн хамаатай асуудлыг дээрх хоёр байгууллага “хэт нууцалж” байна. Зөвхөн дарга нарын амнаас ганц хоёр үг сонсох одоо хоцрогджээ. Мэдээж дарга нар бүгдийг мэддэг ч хэвлэл мэдээллийн алба нь зэрэгцээд ажлаа хийж байвал төрийн байгууллагуудын ажил үйлс олон түмэнд улам тодорхой болох билээ.

Ер нь төрийн байгууллагуудын мэдээлэл дамжуулах тогтолцоо доголдолтой байгаа учраас л зарим улстөрчид нь үүнийг ашиглаж цээжний пангаар хамаагүй юм бурдаг ч байж магадгүй. Тэднээсээ зарим улстөрчид ч залхаж, телевизийн дуран харахаараа л ажлаа ярихаа болиод хамаагүй “популист” тоглолт хийдэг хэмээн шүүжилцгээдэг. Ерөнхий сайд ч мөн “эмоциороо ярьдаг” улстөрчид ажил хийлгэхгүй байна гэсэн утгатай үг хэлж байсан.
Тиймээс төрийн байгууллагуудын мэдээллийг дамжуулах тогтолцоо манайд боловсронгуй болговол хэвлэл мэдээллийнхэн заавал дарга нарын үүдийг нь сахих шаардлагагүй. Үүнийг зөвхөн хэвлэл мэдээллийнхэн ч хэлдэг юм биш. “Төрийн байгууллагуудын мэдээлэл дамжуулах тогтолцоо, эрх зүйн орчныг бий болгох шаардлагатай. Төрийн байгууллагуудын мэдээлэл солилцох тогтолцоо шаардлага хангахгүй байна” гэж Гаалийн Ерөнхий Газар төрийн байгууллагууд дундаас анх удаа дуугарсан.

ГЕГ дэлхийн өндөр хөгжилтэй улсуудтай адил мэдээ мэдээлэлд суурилсан эрсдэлийг тооцох гаалийн хяналтыг хөгжүүлэх гэтэл энэ хяналтын “гол хоол хүнс” нь болсон мэдээллээ төрийн байгууллагуудаас түргэн шуурхай, хангалттай авч чаддаггүй ажээ. “Одоо л та нарын зовлонг ойлгож байна” гэсэн утгатай үгийг гаалийнхан сэтгүүлчидтэй уулзахдаа хэлж байсан.

Мөн төрийн байгууллагуудын өгч байгаа мэдээллийн хэл найрууллагыг энгийн бөгөөд товч тодорхой болгох их чухал байна. Зарим төрийн байгууллагуудын тараадаг мэдээ мэдээлэл маш ойлгомжгүй байдаг. Үүнийг л уул нь, болдогсон бол Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ хаврын УИХ-ын чуулганаар хэлэлцэхдээ хамт хэлэлцмээр байгаа юм.

Өнөө үед үл ойлгогдох мэдээллийг тайлж унших зав зай хүмүүст байхгүй гэж үзээд дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын төрийн байгууллагууд энгийн үг хэллэгээр бичиг хэргээ хөтлөхийг хуульчилж өгсөн байдаг. Жишээ нь Их Британи, АНУ-д төрийн байгууллагууд албаны харилцаанд энгийн, товч тодорхой үг хэллэг хэрэглэх (Plain English) олон жилийн туршлагатай.

Эдгээр улсын төрийн байгууллагууд нь энгийн, товч, тодорхой үг хэллэг хэрэглэх талаар дүрэм журмыг салбар салбартаа гаргасан байдаг аж. Тэд энгийн ойлгомжтой бичих нь төрийн байгууллагуудын үүрэг. Хэрэв төрийн байгууллагууд хүнд ойлгомжгүй бичиг хэргээ хөтөлвөл иргэдийнхээ хүний эрхийг зөрчиж байгаа хэрэг гэж үздэг ажээ.
Манай улсад ч мөн төрийн байгууллагууд энгийн, товч бичих хөдөлгөөнийг санаачлан эхлүүлэхэд эрдэмтэн мэргэд ч тусламаар байна. Мэдээлэл авах чөлөөтэй байлаа ч хэрэв мэдээлэл ойлгомжгүй, хүнд суртал ханхалсан, хэт албаны, орчуулгын хэл найрууллагатай байвал буруу ойлгогдож ямар ч тус нэмэр болохгүй.

Мэдээллийн хэл найруулга ойлгомжтой байвал Засгийн газар юу хийж, юунд зорьж байгааг иргэд илүү сайн ойлгож, дэмжлэг авах болно. Жишээ нь энэ жилийг Засгийн газар “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласан. Гэтэл ажилгүй олон иргэд хэрхэн ажилтай болох вэ гэдгээ ч сайн мэдэхгүй байгаа нь мэдээлэл ойлгомжгүй байгаагаас бас болсон байж мэднэ.

Тиймээс мэдээлэл ил тод байхын зэрэгцээ мэдээлэл ойлгомжтой байх нь чухал. (Үүнд Нууцын тухай хуульд санаа зовдог шигээ санаа зовмоор байна.) Хэрэв эс тэгвэл Засгийн газар “Бид ажил хийгээд мэдээлэл өгөөд л байдаг. Гэтэл та нар буруу ойлголттой байх юм” гэдэг үгээ давтсаар байх болно. Засгийн газар өөрийгөө буруу ойлгуулах нь хэнд ч ашиггүй. Магадгүй цуглаан жагсаал зохион байгуулж байгаа хүмүүст мэддэг мэддэггүй нь хамаагүй олон хүн л ирж байвал ашигтай байдаг байж мэднэ. Харин Засгийн газарт тийм шаардлага учир Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэхдээ энэ тухай бас бодолцмоор байна.