Thursday, 21 April 2011

МОД АСАРДАГ ӨДРҮҮД ХЭРЭГТЭЙ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж жилийн өмнө жил бүрийн 5,10 сарын хоёр дахь долоон хоногийн бямба гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан. Энэ сайхан уриалгыг монголчууд уухай тас хүлээж авсан. Тийм ч учраас мод тарих ажилд (Ерөнхийлөгчийн цахим хуудсанаас харахад) 2010 онд 220 мянга орчим иргэн оролцож 1 сая 754 мод тарьсан байх юм. Магадгүй бид 2010 онд сүүлийн 20 жил тариагүй их мод тарьсан байх. Хэрэв тийм бол, энэ үнэхээр бахархмаар амжилт. Яагаад гэвэл мод тарина гэдэг чинь ерөөсөө буян үйлдэж байгаа учраас олон хүн олон мод тарьж, олон буян үйлджээ.
Одоо удахгүй 5 дугаар сарын эхний бямба гараг болно. Дахиад бид мод тарина. Тарих ч ёстой! Харин хэчнээн модыг бид өнгөрсөн жил тарьсан модныхоо ухсан нүхэнд дахиж тарих бол. Дөрвөн замын Бөмбөгөр худалдааны төвийн хавьцаа ноднин жилийн намар тарьсан нарийнхан зулзган мододыг тоолж явахад бараг тэн хагас нь “хоосон нүх үлдээгээд хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ”. Үлдсэн хэд нь ч дахиад нэг өвлийг давна гэхэд үнэмшмээргүй л харагдаж байна лээ…
Ер нь Улаанбаатарын хавар жилийн жилд л ийм байдаг. Дээхэн үед субботник хийж мод тариад, субботникгүй болохоороо сугалаад, хугачаад хаячихдаг байсан. Одоо ч мөн адилхан л байна. Ерөнхийлөгчийнхөө зарлигаар мод тариад ч дээрдсэн зүйл алгаа…

Гэхдээ бид мод тарих ёстой. Харин энэ жил мод тарихаасаа өмнө “өнгөрсөн жил тариулаад өнөө жилийг үзэж чадаагүй” хөөрхий хэдэн модны хойноос нэг “ном уншчих хэрэгтэй”. Учир нь олон мод тариад олон мод устгана гэдэг нүгэл шүү дээ.
Тиймээс ч "UBS" телевизийн санаачлагаар, БОАЖЯ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Ойн газар хамтран "Ногоон ирээдүй" төслийг хэрэгжүүлж эхлэж байна. Тус төслийн нээлтэд Улаанбаатар хотын Захирагчийн албаны дарга бөгөөд Хотын ерөнхий менежер Ч.Бат “Бид жил бүр л мод тарьдаг. Харин одоо тарьсан модоо зөв тордож арчлах, хайрлаж хамгаалах нь нэн чухал” гэж хэлсэн. Түүний хэлснээр бол энэ жил нийслэлийн тохижуултад өмнөх жилийнхээсээ 2-3 дахин их хөрөнгө зарцуулна. Мөн БОАЖ-ын сайд Л.Гансүх мод тарих бол эх оронч сэтгэлтэй хүн бүрийн заавал хийх ёстой ажил. Монгол Улсын иргэн бүр насныхаа тоогоор мод тарьцгаая гэж сануулав. “Нэг мод тарьвал энэ насны буян, хоёр мод тарьвал хойд насны буян” гэж бидний өвөг дээдэс сургадаг байсныг тэр мөн дурслаа.

Ер нь өнгөрсөн жил тарьсан модны хэд нь эв эрүүл, сав саруул байна. Хэд нь гэмтэж бэртэж, өвчтэй болсон байна. Хэд нь “ор тас алга болсон” байна гэдгийг нь мод тарихаасаа өмнө бүгдээрээ тоолж гаргамаар байгаа юм. Ялангуяа Улаанбаатарт! Яагаад гэвэл Улаанбаатар хот маань өнөөгийн байдлаас нь харахад ургамал ногоо, модонд хамгийн ээлгүй хот болжээ. Энэ нь байгаль, цаг агаартаа ч, эзэн бидэнд ч байдаг байх…
Үнэнийг хэлэхэд Улаанбаатарт ургасан мод хамгийн азгүй мод. (Тиймд бид тэднийг улам асарч халамжлах ёстой.) Та нэг сайн ажиглаарай. Яг одоо навч нь нахиалгүй байгаа энэ үед тэднийг сайтар харах юм бол сэтгэл чинь эмзэглэнэ. Өвөл өнгөрч хавар болчихоод байхад зарим нь ноднин жилийн навчисаа ч гөвж чадалгүй угаартаад нурмайчихсан. Зарим нь машин тэргэнд дайруулаад доголон хүн шиг хазайчихсан. Мөн бүгдээрээ тохой, өвдгөөрөө тайруулсан тахир дутуу хүмүүс шиг хамаг мөчрөө хөрөөдүүлээд, оройгоосоо тайруулаад ял шийтгэл хүлээсэн одой хүн аятай ямар ч сүр жавхаагүй харагдах вий.

Үгүй тэр ургаж чадаж байхад нь тайраад, тайраад хаячихдаг нь ямар хэрэгтэй юм бэ? Би хоёр гурван удаа мод тайрч байгаа дүүргүүдийн хот тохижилтынхонтой таарлаа. “Яагаад тайрч байгаа юм бэ?” гэж асуухаар бараг бүгдээрээ л “Залуужуулж, бас засч янзалж байгаа юм. Зун болохоор бөөрөнхийлж ургаад гоё харагддаг” гэж хариулцгаасан. Тэр нь ч тэгдэг л байх л даа. Гэхдээ…

Улаанбаатар хэдэн модтой билээ. Цөөхөн хэдэн модоо тогжийлгоод тогжийлгоод хаявал бид тэднээс бага л хүчилтөрөгч авна шүү дээ. Хар ухаанаар бодоход том ургасан мод их нүүрстөрөгч “идэж”, бидэнд их хүчилтөрөгч бэлэглэнэ. Тайруулаад жижигхэн болчихсон мод бага нүүрстөрөгч “идэж”, бага хүчилтөрөгч ялгаруулах байх. Хоёрдугаарт, Монголд хэдэн сар мод навчтай, хэдэн сар навчгүй байдаг билээ. Навчгүй тайруулчихсан модод хүйтэн улирлуудад ямар өрөвдөлтэй харагдана бэ? Гуравдугаарт, хэдийгээр бусад улс оронд ч ингэж модыг засаж янзалдаг ч гэлээ арай ч манайхан шиг хэтэртэл нь “одойлгоод”, мөчиргүй болтол нь тайраад хаядаггүй. Тэгээд ч манайд дээрээс нь тайрах хэрэг байхгүй мэт.

Магадгүй хот тохижилтынхонд зориултын өндөр сунадаг машин техник байдаггүй болохоор чадлынхаа хэрээр авирч байгаад тайрдгаас болж ингэж хэтэрхий богинохон тайрдаг байх. Тэд ямар ч хамгаалалтгүй, өөрсдөө модонд авирч байгаад тайрдаг юм байна лээ. Тэгэхээр тэдний хөдөлмөр ч бас осол аюултай ажээ. Тиймээс наад зах нь модыг асардаг хүмүүсийнхээ ажлын аюулгүй байдлыг хангах шаардлагатай байна.

Товчхондоо, мод тарьдаг нэг өдөр байхад, мод асардаг жилийн 365 өдөр байх ёстойг бид мартмааргүй байна. Тарьсан модоо арчилж, хамгаалж чадахгүй бол жил бүр мод тариад ч нэмэргүй шүү дээ. Тиймээс тарьсан модоо зөнд нь хаялгүй, эзэнтэй байлгахад нийслэлийнхэн анхаарах хэрэгтэй. Ингэхийн тулд гэр хорооллын айлуудын хашаанд зулзган мод тарьж, харин хотын төвийн хөл хөдөлгөөнтэй газар мод үржүүлгийн газраас дорвитойхон ургасан, томоохон модыг шилжүүлэн суулгах маягаар тарих нь тохиромжтой. Өнгөрсөн жил том ургасан мододыг Улаанбаатарт шилжүүлэн суулгаж тарьсан нь сайн үр дүнтэй нь харагдаж байна. Дэлхийн бусад улс оронд ч энэ аргыг түгээмэл хэрэглэдэг билээ.

No comments: