Thursday, 21 April 2011

Замын арчлалт зардал шаардана

Эрс тэс уур амьсгалтай манай улсын хувьд авто замын засвар арчлалт үнэхээр тулгамдсан асуудал. Хэдийгээр манай улсын авто замын сүлжээнд 49250 км зам байдаг гэж бүртгэгдсэн ч үүнээс зөвхөн 12613 км нь улсын чанартай авто зам байдаг. Энэ улсын чанартай 12613 км авто замын зөвхөн 2629 км нь л хатуу хучилттай, 2609.9 км нь хайрган болон сайжруулсан зам. Үлдсэн 7615.9 км нь ердийн шороон зам байдаг.

Улсын чанартай авто замыг 17 төрийн өмчит, 4 хувийн компани хариуцан ажилладаг ба жилд дунджаар 6-7 тэрбум гаруй төгрөгийг замын засвар арчлалтын ажилд зарцуулдаг. Гэхдээ энэ мөнгө үнэхээр хангалттгүй байдгыг холбогдох албаны хүмүүс хэлж байна.

“Монголын авто замын засвар арчлалтыг дөрвөн улирлын онцлогоос шалтгаалж дөрвөн аргаар хийдэг. Одоогоор жилд дунджаар 6 тэрбум гаруй төгрөг засвар арчлалтын ажилд төлөвлөгддөг. Энэ мөнгө хаана ч хүрдэггүй. Үүнийг хоёр дахин өсгөж байж замын засвар арчлалтын ажил хэвийн хийгдэнэ” гэж Авто замын дарга Б.Энхбат “Эрс тэс уур амьсгалтай орны өвлийн замын арчлалт” сэдэвт олон улсын семинарын үеэр сэтгүүлчдэд ярьж байсан.

Замын засвар арчлалтыг чанартай хийхэд орчин үеийн шинэ техник технологи их чухал хэрэгтэйг манай оронтой ижил төстэй уур амьсгалтай Канад, Финланд, Норвейг, Хятад, Швед, Орос гэх зэрэг улсуудын туршлагаас харахад тодорхой байлаа. Гэтэл бид хөрөнгө мөнгө дутуу учраас эдгээр орчин үеийн техник тоног төхөөрөмжийг ашиглах бололцоо муу байна.
“Манай төсвийн мөнгө зөвхөн замын арчлалт хийхэд л зориулагддаг. Гэтэл бидэнд засвар арчлалтын компаниудыг шинээр байгуулах, техник хэрэгслийг шинэчлэх хэрэг бий. Үүнд хөрөнгө мөнгө хэрэгтэй. Бас бидний идэвх чармайлт, төр засгийн дэмжлэг ч хэрэгтэй” гэж Б.Энхбат хэлсэн.

Үнэхээр манай улсад авто замын засвар арчлалтыг онцгой анхаарах ёстойг бодит байдал бэлхнээ харуулна. Зөвхөн Улаанбаатарын замыг жишээ татахад л өвлийн улиралд нийслэлийн авто зам хальтиргаа, гулгаатай, мөсөн гулгуурын талбай шиг байдгыг бүгд мэднэ. Тус салбарынхан ч замын засвар арчлалтыг сайн хийж гүйцэтгэхэд дэвшилт техник, тоног төхөөрөмж нэн чухал байгааг санал нэгтэй хэлцгээдэг.

Ер нь авто замыг арчлах манай арга барил ч ихээхэн хоцрогдсон. Жишээлбэл, Улаанбаатарт өвлийн цагт машины тэвшин дээрээс хүрзээр элс, давс цацдаг аргаас салаагүй байхад зарим улсад доороосоо халдаг цас тогтоохгүй зам тавьчихсан байна. Хэдийгээр өвлийн цагт дэлхий нийтэд элс, давс цацдаг аргыг өргөн хэрэглэдэг ч хэрэглэж байгаа арга технологи, техник төхөөрөмж нь улс орнуудад өөр өөр байдаг ажээ. Үүнд цаг агаарын байдалд ч их нөлөөлдөг.

Тухайлбал, манайд цас хайлуулах давсыг хасах 15 хэмээс доош үед л хэрэглэхээс өөр аргагүй гэнэ. Яагаад гэвэл хасах 15-аас дээш хэмийн хүйтэнд хэрэглэхээр шөнө хөдөлгөөн багассан үед давс эргээд барзайгаад хөлдчихдөг болохоор ид хүйтний улиралд хэрэглэх тохиромж муутай. Харин хальтиргаа гулгааг багасгахын тулд элс цацах нь ид хүйтний улиралд хэрэглэх гол арга болдог.
Өөр бусад орнуудад ч гэсэн элс цацдаг. Гэхдээ цацдаг арга нь өөр. Манайхантай адил машины тэвшин дээр зогсож байгаад гараар цацдаггүй. Машин техник нь ч дэвшиттэй, хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн байна. Энэ талаар манай улс үнэхээр хоцрогдсон нь Дэлхийн авто замын нийгэмлэгтэй хамтран Авто замын газрын зохион байгуулсан “Эрс тэс уур амьсгалтай орны өвлийн замын арчлалт” сэдэвт олон улсын семинарын үеэр харагдаж байлаа.
Засгийн газар “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөр баталж, 2010-2016 онд 24 чиглэлд 5572 км хатуу хучилттай авто зам барих зорилт дэвшүүлсэн. Энэ бол одоо байгаа 2629 км хатуу хучилттай замаасаа бараг хоёр дахин их зам барина гэсэн үг. Тэгэхээр үүнийг дагаад зам засвар арчлалтын ажлыг хэрхэн хийх үү гэдэг маш чухал. “Өнөөдрөөс эхлээд л бид зам засвар арчлалтын ажлыг ярих хэрэгтэй. Тэрбум тэрбум төгрөгөөр хийсэн замаа яаж арчлах уу? Хэр удаан ашиглах уу гэдэг их чухал. Тиймээс бид энэ жилээс эхлэж зам засварын арчлалтын ажилдаа их анхаарч байгаа” гэж Б.Энхбат мөн ярьсан.

Тиймээс ч Авто замын газар Улаанбаатар хотод өвлийн замын арчлалтыг хэрхэн хийх талаар олон улсын семинар зохион байгуулж, бусад улс орны туршлагаас суралцахыг зорьжээ.

Ер нь одоо байгаа шороон замыг хатуу хучилттай болох нь манай улсын нэн тэргүүний зорилт болсон гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа. Манай авто замын сүлжээний бараг 90 хувь нь шороон зам байдаг. Хөдөө орон нутагт замбараагүй гаргасан эдгээр замыг холбогдох албаныхан судлаад, гол чухал замуудыг нь сонгон, саад бэрхшээлийг арилган, гол мөрөн давах гүүр барин авто замын сүлжээндээ хамруулсан байдаг. Гэтэл одоо эдгээр зам үнэхээр шаардлага хангахгүй болсныг мэргэжилтнүүд хэлж байна.

Урьд авто машин цөөн, даац нь бага, эргэлтийн хурд нь удаа байхад байгаль орчин бага бохирддог байсан бол харин одоо маш хүнд даацын хурдан машин техникүүд олширсон тул байгаль орчин маш их сөрөг нөлөөлтэй болсон. Хөдөөний малчид хүртэл өвөлжөө, хаваржааныхаа хооронд машинаар нүүдэг болсон нь энэ асуудалд улам нэрмээс болж байна.
Тиймээс ч Авто замын газар олон шороон зам гаргахыг багасган замын маршрут чиглэлийг тогтоохыг зорихын хажуугаар орон нутгийн эдгээр замыг хатуу хучилттай биш юмаа гэхэд засаж сайруулах бодлого баримтлаж байна.

“Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрт хэрэгжихэд боловсон хүчний асуудал мөн их чухал байгааг ч мэргэжилтнүүд сануулдаг. “Инженер, механик, замчин, операторууд гээд ажилчдыг бэлдэх асуудал нэн чухал байна. Инженерүүдийг бэлтгэхийн тулд Техникийн их сургуульд шинэ анги нээсэн. Мөн Техник, технологийн коллежэд нэг анги нээсэн байгаа. Бас Батлан хамгаалах яамны цэргийн ангиуд зам барих ажилд оролцоё гэсэн тул Батлан хамгаалахын дээд сургуульд авто замын инженерийн анги нээхэд бид туслаж, хамтран ажиллах гэж байгаа” гэж Б.Энхбат ярьж байсан юм.

Тэрээр мөн “Энэ том үйлсийг бүтээхэд мөнгө бол шийдэгдэнэ. Олон улсын төсөл, уул уурхайн салбараас мөнгө олдоно. Харин хийдэг хүмүүс нь дутагдана. Тэгэхээр боловсон хүчнээ бэлтгэх маш чухал байна. Энэ жил гэхэд л зөвхөн инженер техникийн ажилчид зуу зуугаараа, замчид мянга мянгаараа хэрэгтэй” гэж хэлсэн.

Ямартаа ч хатуу хучилттай зам бариад зөнд орхихгүйн тулд замын засвар арчлалтыг сайжруулж, өндөр түвшинд хөгжүүлэхийн тулд зардал мөнгө их шаардагдах нь ойлгомжтой байна. Тиймээс шинээр хатуу хучилттай авто зам тавихын зэрэгцээ засвар арчлалтын ажлын зардлыг тооцоолж гаргаж байх нь чухал ажээ.

No comments: