Thursday, 21 April 2011

ИРГЭДЭЭ АЖИЛТАЙ БОЛГОХООР ИДЭВХТЭЙ АЖИЛЛАЖ БАЙНА

Засгийн газар, хувийн хэвшлийн ажил олгогчид “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” ажилгүй иргэдийг ажилтай болгохын тулд санаа нэгтэй хамтран ажиллаж байгааг Монголын ажил олгогч эздийн холбооны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар хэлсэн юм.

Засгийн газар маш идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчимд тулгуурлан хувийн хэвшил, иргэдтэйгээ хамтран 70 мянга гаруй ажлын байрыг шинээр бий болгохоор үнэн сэтгэлээсээ зүтгэж буй гэнэ. “Засгийн газар энэ ажлыг бодитойгоор хэрэгжүүлэх эрмэлзэлтэй. Үүнийг хувийн хэвшлийнхэн мэдэрч байна. Засгийн газрын эрмэлзлийг хувийн хэвшлийнхэн дэмжинэ. Хэрэв үүнийг ард иргэд мөн дэмжээд, өөрсөддөө ашигтайгаар ашиглавал энэ жилийн хамгийн гол үр дүн гарна” гэж тэр хэлсэн. Ганбаатар мөн “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлыг зохион байгуулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга, сурталчилгааны асуудал хариуцсан салбар хорооны ахлагч билээ.

Ерөнхий сайдаар ахлуулсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлыг зохион байгуулах Үндэсний хорооны нарийн бичгийн даргаар хувийн хэвшлийн төлөөлөл томилогдон ажиллаж буй нь Засгийн газрын ажлыг хувийн хэвшлийнхэн хийж, төрийн халаасанд орж байгаа асуудал биш. Харин “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлыг үр дүнтэй болгоход хувийн хэвшлийн байр суурь, санал санаачилга, иргэдийн хүсэлтийг төр засагт шуурхай хүргэх зорилготой ажээ.

Энэ жил иргэдээ ажилтай болгохын тулд Засгийн газар ганцаараа ажиллаад, хэдэн хурал хийгээд өнгөрөхгүй бөгөөд ажилгүй хүнд хүрч ажиллахын тулд бодит судалгаанд тулгуурлан ажиллах тул хөдөлмөр эрхлээгүй хүмүүсийг хамгийн сайн мэддэг хороо, сум, багийн Засаг дарга нартай нягт хамтран ажиллах ёстой аж. Мөн Засаг дарга нар өөрсдөө идэвхтэй оролцох учиртайг тэр сануулж байлаа.

70 мянган иргэнээ ажилтай болгоход Засгийн газар хөрөнгө хүч зарна
Улсын төсвийн хөрөнгө, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл тусламж, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Орон нутгийг хөгжүүлэх сан гэх мэт олон хөрөнгө, бололцоо, төсөл хөтөлбөр бүрийг тооцож 70 мянга орчим ажлын байрыг бодитой бий болгож чадна гэдэг тооцоог гаргажээ.

“Өнгөрсөн онд хийсэн Хүн ам, орон сууцны тооллогоор 106 мянга орчим иргэн ажилгүй гэж бүртгэсэн. Харин Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст (ХХҮХ) бүртгэлтэй 40 гаруй мянган ажилгүй иргэн бий. Энэ нь 60 гаруй мянган иргэн ХХҮХ-т бүртгэлгүй байна гэсэн үг. Үүнээс бид 100 гаруй мянган хүнд хүрч ажиллах ёстой юм байна гэж үзээд төрийн байгууллага, хувийн хэвшлийн ажлын байрыг бий болгох боломжийг судалж 70 мянга орчим хүнийг ажилтай болгоно гэж тооцсон” гэж Ганбаатар хэлсэн.

Гэхдээ “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажилд зориулж чухам нийт хэдэн тэрбум төгрөг зарцуулахыг тэр хэлсэнгүй. Ямартаа ч ажилгүй иргэдээ ажилтай болгохын тулд Засгийн газар “гар татаагүйг” дурдлаа.
“Энэ жил зөвхөн жижиг, дунд үйлдвэрийг дэмжихэд 130 тэрбум төгрөг зарцуулна. Хуучин 30 тэрбум орчим төгрөг зарцуулдаг байсан бол энэ удаа 4 дахин илүү зарцуулна гэсэн үг. Энэ асуудлыг 5 дугаар сард багтаагаад нэг мөр шийдвэрлэнэ. Ингэснээр ажлын байр ч олноор бий болно гэж бид найдаж байгаа. Мөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн дэмжлэгээр ажилтай болоё, мэргэжил эзэмшье гэсэн хүмүүст олгодог зээл тусламж, тэтгэлэг 2.5 дахин нэмэгдэнэ. ХЭДС-нд 22 тэрбум гаруй төгрөг байсан бол одоо үүнийг 28 тэрбумаар нэмэгдүүлэх гэж байгаа” гэж тэр ярив. Мэргэжилтэй боловсон хүчин их хэрэгцээтэй тул мэргэжлийн сургалтын төвүүдэд хөнгөлтөөр сурах хүмүүсийг улам нэмэгдүүлэх бодлогыг Засгийн газар барьж байгаа ажээ. Мөн ажлын байр бий болгосон ажил олгогчийг урамшуулах талаар Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу санал боловсруулж байгаа гэнэ.
Энэ бүх арга хэмжээний үр дүнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд зарцуулах хөрөнгийн хэмжээ урьд урьдаасаа илүү өсөх тул ажил хийе, хувиараа бизнес эрхэлье гэсэн иргэдэд их боломж олдох аж. “Сум хөгжүүлэх сан, Жижиг дунд үйлдвэрийн сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, арилжааны банкуудаар дамжуулан асар их хөрөнгийг бид орон нутаг руу дамжуулж байгаа. Энэ хөрөнгөөр орон нутгийн иргэд өөртөө хэрэгтэй бизнесээ хийх хэрэгтэй” гэж Ганбаатар хэлсэн.

Хамгийн гол нь хөдөө орон нутагт бизнес эрхлэгчид шинийг санаачилж, нэг нэгнээсээ хуулахгүй байх хэрэгтэй. Нэг суманд дөрвөн талхны цех барьж нэг нэгнийхээ орлогыг багасгахын оронд нөгөө гурав нь өөр бизнес хийвэл үлдсэн талхны цехийн орлого дахин өснө. Хэрэв тэгвэл ажилчдынх нь цалин ч нэмэгдэх бололцоотой болно. Гэтэл харамсалтай нь ийм сэтгэлгээтэй жижиг, дунд бизнес эрхлэгчид цөөхөн байдаг гэнэ. Нэг нь ашигтай ажиллаад эхлэнгүүт нөгөөх нь дагаад яг адилхан машин оруулж ирээд үйлдвэрлэл эхэлдэг. Тэгээд хоёулаа дампуурдаг тохиолдол их байдаг ажээ.

Цалингийн доод хэмжээг салбар салбарт янз бүр байна
Хэрэв үндэсний үйлдвэрүүдийн эдийн засгийн чадавх сайжирч, үр ашигтай ажиллан, борлуулалт нь өсөж, хуримтлал бий болгож чадвал ажилчид нь ч их цалин авах бололцоотойг Ганбаатар цалингийн доод хэмжээний талаар ярихдаа дурсав. Саяхан гурван талт шийдвэрээр цалингийн доод хэмжээг 30 хувиар нэмж, нэг цагт 835.71 мөнгө буюу сард 140.400 төгрөгөөр тогтоосон билээ. Энэ цалинг мэргэжил, ур чадвар, мэдлэг шаардахгүй дөнгөж ажилд орж байгаа ажилчид авах учиртай гэнэ. “Гэхдээ салбар салбар харилцан адилгүй байдаг тул шинээр батлагдсан хуулиар бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг салбар салбартаа өөр өөрөөр тогтооно гэж заасан. Энэ оны 5 дугаар сард салбарын тарифийн хэлэлцээр хийгдэх ёстой. Өөрөөр хэлбэл уул уурхайн салбар эдийн засгийн хувьд бол арай өгөөжтэй байгаа учраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өсөх ёстой. Хэд дахин гэдгийг нь бид биш уул уурхайн салбарын үйлдвэрчний эвлэл, уул уурхайн салбарын эздийн байгууллага, ЭХЭБЯ хамтарч шийднэ. Бас цагийн 835 төгрөгийг өгч чадахгүй салбар ч бий. Тухайлбал ХАА, жижигхэн худалдаа үйлчилгээний салбарууд гээд... Тэд энэ асуудлыг тухайн ажилчдын төлөөллийн байгууллагуудтайгаа ярьж тохиролцох ёстой гэдэг байр суурийг бид баримталж байгаа” гэж Ганбаатар ярьсан.

Мэдээллийн сүлжээ чухал
“Ер нь ажилгүй иргэдээ ажилтай болгоход Засгийн газар бодит судалгаанд тулгуурлан ажиллахыг зорьж байна. Энэ оны 1 дүгээр улиралд аймаг орон нутгийн ажилгүй иргэдийн бүх судалгааг авсан. Үүнд тулгуурлан арга хэмжээ авна. Жишээ нь хуучин Жижиг дунд үйлдвэрийн сангийн шугамаар нэг аймагт 800 сая төгрөг хувиарлахад энэ хөрөнгөөр 12 мянган хүн ажилтай болголоо гэсэн тайлан ирүүлдэг байсан бол одоо ямар ажлын байранд хэн гэдэг, ямар регистрийн дугаартай хүн байгааг албан ёсоор бүртгэж, нарийн гаргаж ирнэ. Тэгж ажлын байр, иргэн хоёрыг холбосон нэгдсэн цогц бодлого хэрэгжинэ. Тиймд мэдээллийн нэгдсэн сүлжээтэй болох шаардлагатай. Жишээлбэл, одоо ажил олгогч эзэд 21 мянган ажлын байранд ажилчин авъя гэхэд олдохгүй байгаа мөртлөө 40 мянга гаруй бүртгэлтэй ажилгүй иргэд ажил хайж байгаа. Ажил олгогчид, ажилгүй иргэд нэг нэгнээ олохгүй байгаа нь мэдээллийн сүлжээ муугаас болсон. Тиймээс Хөдөлмөрийн бирж, ХХҮХ-т тулгуурласан мэдээллийн нэгдсэн сүлжээг бий болговол ажил олгогч, ажил хайгч хоёр бие биенээ чөлөөтэй хайж олдог тогтолцоо бүрдэнэ” гэж Ганбаатар ярьлаа.

Ажил олгогч, ажилчдын харилцаа...
“Хувийн хэвшлийн ажил олгогчид монгол ажилчдаа голж, гадаадын ажилчдыг оруулж ирэх сонирхолтой байдаг уу?” Ганбаатараас асуухад “Иймэрхүү чиг хандлага байсан. Бие биенээ шүүмжилдэг байсан. Харин одоо энэ харилцааг өөрчилнө. Мэргэжилтэй боловсон хүчнийг ажил олгогчдын захиалгаар бэлтгэх тогтолцоонд шилжье гээд сая Засгийн газар шийдвэр гаргасан. Үүнийг ХААХҮЯ дээр туршихын тулд ШУБЯ, НХХЯ, ХААХҮЯ-ны гурван сайд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан” гэлээ.

Өмнө нь ажлын байрнаас үл хамааран боловсон хүчнийг бэлддэг байсан бол харин одоо ажлын байрны захиалгатай, гэрээтэй хүмүүсийг сургаснаар мэргэжил эзэмшсэн хүн ажлын байртай болох бололцоо ихсэх ажээ. Ер нь сургалт, ажлын байрны уялдаа холбоог бэхжүүлснээр ажил олгогч эзэд, ажилчдын харилцаа сайжирна гэж Ганбаатар үзэж байна. Хэрэгцээтэй боловсон хүчнийг нь бэлдээд өгөхөд ажил олгогчид монгол ажилчдаа голохоо байх ажээ.
Гадаадын ажилчид Монголд ажиллаж байгаа нь манай ажилчдын мэргэжлийн ур чадвараас шалтгаалдаг гэнэ. “Манайхан ажил хөдөлмөр хийх сэтгэхүйгүй. Өнгөрсөн 20 жил баахан улс төр ярьж гудманд гарч жагссаар байгаад хөдөлмөр хийх ёстой гэсэн ойлголтыг иргэддээ төлөвшүүлээгүй. Тиймээс манай иргэд бэлэн юм шаардаад байдаг. Ажил оронгуутаа шууд л сая төгрөг нэхдэг” гэж тэр ярьсан.

Тэрбээр мөн “Оюутолгойн ордыг ашиглаж байгаа компани 7900 хятад ажилчин оруулж ирэх нь гэж ҮЭ-ийнхэн шүүмжилж байна. Энэ бол зөв. Тиймээс ч ойрын үед Засгийн газар, ҮЭ, Эздийн холбоо Оюутолгой компанийнхантай уулзана. Энэ оруулж ирж байгаа 7900 гаруй ажилчид чухам ямар, ямар мэргэжилтэй юм. Үнэхээр монгол хүн хийж чадахгүй юм уу? гэдгийг нь тодруулна.
Нөгөө бодлын хэрэв үнэхээр Монголчууд хийж чадахгүй, нарийн мэргэжил шаардсан ажил байвал Оюутолгойд хөрөнгө оруулагчид, ажил олгогчид 7900 Монгол хүнийг хоёр жил бэлдээд дараа нь үйлдвэрээ барих уу? Эсвэл бэлэн мэргэжилтэй ажилчдыг авчирч ажиллуулаад үйлдвэрээ хурдан эхлэх үү? гэдэг асуудал тавина.
Ер нь 2013 онд хувийн хэвшилд 113 мянга орчим ажлын байр хэрэгтэй гэсэн тооцоо бий. 2016 онд 160 мянга орчим ажлын байр гарна. Энэ нөхцөлд бид бүх Монгол хүнээ ажилттай болголоо гэхэд цаана нь 35-40 мянган ажиллах хүч дутаж байгаа. 2016 онд манай улс 40 мянга гаруй ажиллах хүч гаднаас авахаас өөр аргагүй болно” гэв. Энэ асуудал бид их ухаалаг хандах ёстой гэдгийг Ганбаатар бас хэлсэн.

Бид жүжиг тоглоогүй
Хөдөлмөр эрхэлье гэсэн хүнд олон сайхан боломж, бололцоо энэ жил нээгдэж байгааг Ганбаатар ярианыхаа төгсгөлд бас дахин хэлсэн юм. Амьдралаа дээшлүүлье, ажил хийе гэсэн хүн дүүрэг, хороо, сум, багийнхаа хариуцсан дарга, албан тушаалтнуудтай уулзаж асуух хэрэгтэй. Засгийн газраас хөрөнгө мөнгө гаргаад иргэдээ дэмжин ажилтай болгох гэж байхад иргэд маань өөрсдөө зүтгэхгүй бол энэ зорилго бүтэхгүй. Бид ямар нэг жүжиг тавиагүй. Үнэхээр Засгийн газар, хувийн хэвшлийнхэн хамтран иргэдээ ажилтай болгохоор зүтгэж байна гэж тэр ярьсан юм.

No comments: